Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой

Одоо Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэг хүмүүс үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэхэд анхаарч байгаа бөгөөд үүргээ сайн гүйцэтгэхийг хүсдэг. Гэсэн хэдий ч хүн бүр завхарсан зан чанартай, өөрсдийн гэсэн бэрхшээл, дутагдалтай байдаг учраас үүргээ хангалттай гүйцэтгэхэд хэцүү байдаг—энэ нь хүмүүсээс үнэнийг эрэлхийлж, үнэний төлөө шаргуу ажиллахыг шаарддаг. Бэрхшээл тулгарах үед асуудлаа хамтран шийдвэрлэхийн тулд хүн бүр хамтдаа залбирч, үнэнийг эрж хайх ёстой. Энэ бол хүн бүрийн хариуцлага, үүрэг юм. Хүн бүр үүргээ сайн гүйцэтгэх үүрэг хариуцлага хүлээдэг. Энэ нь тодорхой нэг хүний хариуцлага биш; харин ч хүн бүрийн хамтын хариуцлага билээ. Тиймээс хүн бүр хамтдаа шаргуу ажиллаж, эв найртай хамтран ажиллаж сурах ёстой. Өөрсдийгөө үнэнээр зэвсэглэхээс гадна хүн бүр бас мэргэжлийн мэдлэгээр зэвсэглэж, давуу талаа ашиглаж, зарим бодитой зүйлийг сурч, бие биеэсээ суралцаж, нэг нэгэндээ тусалснаар сул талаа сайжруулах ёстой. Ингэснээр тэд үүргээ гүйцэтгэхдээ улам сайн үр дүнд хүрнэ.

Шүтлэггүй хүмүүсийн хувьд ямар нэг зүйлийг хийх нь яагаад маш хэцүү байдаг, яагаад тэдний саад бэрхшээл тийм их байдаг гэж та нар бодож байна? Учир нь хүмүүс сатанлаг уг чанартай; бүгд завхарсан зан чанарынхаа дагуу амьдардаг, онгирохыг хүсэж, эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг бөгөөд эв найртай хамтран ажиллах аргагүй байдаг. Тиймээс ямар нэг зүйлийг амжилттай хийхэд маш хэцүү. Тэд ямар нэг зүйлийг талд нь оруулаад, эв нэгдэлгүйгээсээ болоод салж, замаа хөөцгөөдөг. Хүн чанар сайтай хүмүүс арай хол явж чаддаг. Үнэнгүй хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүдэрнэ. Хэрвээ та нар үүнийг тодорхой харж чадаж байгаа бол үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагаж, бусадтай эв найртай хамтран ажиллаж сурах учиртай. Хүмүүс яагаад эв найртай хамтран ажилладаггүй вэ? (Учир нь хүмүүс биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зантай. Тэд үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог, бусдын саналыг хүлээн авахыг хүсдэггүй.) Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан нь хоёулаа завхарсан зан чанарын нэг хэсэг юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд амархан уу? Шийдвэрлэж чадах хүн байна уу? Шүтлэггүй хүмүүс иймэрхүү асуудлыг яавч шийдвэрлэж чадахгүй. Яагаад? Учир нь тэд үнэнийг хүлээн авдаггүй. Тэд сатанлаг гүн ухаан, хүсэл, заль мэх, явуулга, ов мэх, сатанлаг зан чанарынхаа дагуу амьдардаг. Тэд үнэнийг хэрэгжүүлэх нь бүү хэл, хүлээн авдаггүй, өөрсдийгөө мэдэж авахаар эрэлхийлдэггүй, өөрсдийгөө хаядаггүй, үнэнийг дуулгавартай дагадаггүй. Тэд эдгээр эерэг зүйл, зөв замын талаар ерөөсөө ярьдаггүй. Бурхан бол үнэн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, Бурханд хэзээ ч итгэхгүй, тиймээс ямар ч ажил мэргэжилтэй боллоо гэсэн, юу ч хийлээ гэсэн, эцэст нь үргэлж бүтэлгүйтэж, өөрсдийгөө сүйрүүлдэг. Бурханы гэрт бол өөр. Бурханы гэрт Бурхан л захирдаг; Бурханы үг болон үнэн захирдаг. Бурханы сонгосон хүмүүс өдөр бүр Бурханы үгийг идэж ууж, үнэний талаар нөхөрлөдөг. Тэдний зүрх сэтгэл улам гэрэлтэж, тэд үнэнийг эрмэлзэж, үнэнийг олж авахад бэлэн байдаг. Ах эгч нар хамтран ажиллах үедээ яагаад шүтлэггүй хүмүүсээс илүү үр дүнтэй байдаг вэ? Ядаж л тэдэнд суурь бий: Тэд бүгдээрээ Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс бөгөөд Бурханы гэрт тэд үүргээ гүйцэтгэхдээ бодол санаа, хичээл зүтгэлээрээ нэгдмэл байдаг. Үүнээс гадна тэд нийтлэг итгэл үнэмшилтэй, нийтлэг зорилготой бөгөөд тэдний сүнс хоорондоо холбоотой. Тэд хойд, өмнөд, эсвэл Төвийн нутгийн хаанаас ч ирсэн, аялга нь өөр хэдий ч итгэлийн талаар нөхөрлөж, туршлагаа ярилцах үедээ бие биетэйгээ хурдан танилцаж, яг л эртний танилууд мэт болдог. Тэдэнд нэг гэр бүлийнхэн шиг л санагддаг. Үүнээс гадна, асуудлыг бодитоор шийдвэрлэдэггүй, үргэлж арга сүвэгчилж, хууран мэхэлдэг, заль гаргадаг, үргэлж биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг, өөрийнхөө хүслийг дагадаг, өчүүхэн төдий ч үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс Бурханы гэрт бат зогсож чадахгүй. Тэд аяндаа таягдан хаягдаж, цэвэрлэгдэнэ, учир нь Бурханы гэрт үнэн захирдаг билээ. Энэ нь бүгд илэрхий, аль хэдийн нотлогдсон зүйл юм. Чиний нас, хүйс, бүр ур чадварын түвшин ямар ч бай, хэрвээ чи “Би өөрийнхөө мэргэшсэн салбарыг ойлгодог учраас миний хэлсэн зүйл зөв. Би та нарыг сонсохгүй!” гэдэг бол хүн бүр чиний талаар ямар үзэл бодолтой байх вэ? Тэд ийм хүнийг магтах уу? (Үгүй, магтахгүй.) Ийм хүн үүргээ сайн биелүүлж, бат зогсож чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тэдний хувьд таягдан хаягдахад амархан. Зарим хүн сайхан ярьдаг бөгөөд яриаг нь сонсоход тун таатай байдаг ч ямар нэг бодитой зүйл хийдэггүй. Эхэндээ хүмүүс тэдний талаар сайхан сэтгэгдэлтэй байдаг ч дараа нь яадаг вэ? Хүн бүр тэдний үнэн мөнийг харах бөгөөд “Энэ хүн гаднаа сайхан ярьдаг ч ямар нэг бодитой зүйл хийдэггүй. Түүнийг ганц хараад л үнэнийг хайрладаггүй гэдгийг нь мэдэж болно. Тэр дүр эсгэж, өөрийгөө нуун далдлахад л анхаарлаа төвлөрүүлдэг, хэзээ ч үнэний талаар нөхөрлөөгүй, өөрийгөө эргэцүүлээгүй. Тэр бол шүтлэггүй хүмүүстэй адилхан, үл итгэгч юм” гэж хэлнэ. Үүнийг харсныхаа дараа хүмүүс түүнээс залхаж эхлэн, түүнтэй ярилцах юм уу хамт ажиллах нь босгон байгуулдаггүй, тус нэмэртэй биш гэж бодно. Ийм хүн бусдыг аз жаргалгүй болгож, сүнсийг нь эрх чөлөөгүй болгодог бөгөөд бусад нь аажмаар энэ хүнээс зай барьж эхэлнэ. Бусад хүнд хаягдаж, бүрмөсөн ганцаардмал болсноо харах үедээ энэ хүн өөрийгөө эргэцүүлж эхэлнэ. Тэр үед л тэд “Хүн үнэнийг эрэлхийлэхгүй байх нь хүлээн зөвшөөрөгдөшгүй. Ялихгүй заль мэх, чадвар, авьяас билиг юм уу өөрийн туршлага, сургамж, амьдралын гүн ухаан, тактикт найдах нь Бурханы гэрт ердөө нэмэргүй. Би таягдан хаягдахгүйн тулд үнэнийг хүлээн авч, эрэлхийлэх ёстой!” хэмээн ухаарна. Хэрвээ ийм хүн үнэхээр гэмшиж, өөрчлөгдөх юм бол аврагдах боломжтой гэсэн найдвар байсаар байгаа.

Бурханы гэрт ихэнх хүмүүс ямар хүнд дуртай байдаг вэ? (Тэд үнэнийг эрэлхийлдэг, хүлээн авч чаддаг, үнэн-бодит байдалтай хүмүүст дуртай.) Үнэн-бодит байдалтай хүмүүс үүнийгээ хэрхэн харуулдаг вэ? (Тэд илүү үнэнч шударга байдаг.) Тэд үнэнч шударга хүн чанартай. Өөр ямар вэ? (Тэд илүү сүсэгтэй.) Гаднаа тэд илүү сүсэгтэй байж, зөв зохистой амьдралыг амьдран харуулдаг, тэднийг хараад бусад хүн ашиг тус хүртдэг. Өөр? (Тэд үнэнийг хэрэгжүүлж чаддаг, зарчимтай үйлддэг.) Эдгээр нь тэдний харуулдаг зарим бодитой арга зам юм. Зарчимтай үйлдэх нь ямар зүйлсийг агуулдаг вэ? Ямар нарийн ширийн зүйл байдаг вэ? Жишээлбэл, байр суурьтай эсэхээс үл хамааран, эсвэл ах эгч, удирдагч, ажилчид эсэхээс үл хамааран, хүмүүст хандахдаа ямар зарчмыг баримтлах ёстой вэ? Тэдэнд Бурханы үг болон үнэний дагуу хандах нь л шударга, үндэслэлтэй гэдэг нь эргэлзээгүй. Чи сэтгэл хөдлөл юм уу хувийн дур сонирхолд найдаж, нэгд нь ойртсон ч нөгөөгөөс нь зай барьж, гэм зэмгүй хүмүүсийг далимдуулан ашигладаг хэр нь нэр нөлөөтэй хүмүүст зусардаж, эсвэл фракцуудын зөрчилдөөн үүсгэхийн тулд бүлэглэл байгуулж яасан ч болохгүй. Түүнчлэн үнэнийг эрэлхийлж, үүргээ гүйцэтгэдэг хүмүүс рүү дайрч давшилж, тэднийг ялгаварлаж болохгүй. Чи хүмүүст үнэн-зарчмын дагуу хандах ёстой. Тэр нь хүмүүст хэрхэн хандах тухай зарчим, бас бусадтай хэрхэн эвтэй байх тухай зарчим юм. Бурханд итгэдэг хүмүүс бүх хүнд шударгаар хандах ёстой. Ашиг тустай байх үед нь хүмүүсийг өөртөө татаж, ашиггүй хүмүүсийг ялгаварлах нь хүмүүст хандах ёстой зарчим мөн үү? Энэ нь шүтлэггүй хүмүүсийн ертөнцийн гүн ухаан, сатанлаг зан чанар, сатанлаг логик юм. Хүмүүст хандах ямар зарчим Бурханы гэрт байдаг вэ? Чи хүн болгонд үнэн-зарчмын дагуу хандаж, ах эгч болгондоо шударга хандах ёстой. Тэдэнд хэрхэн шударга хандах вэ? Энэ нь Бурханы үгэнд үндэслэж, ямар хүмүүсийг Бурхан авардаг, ямрыг нь таягдан хаядаг, ямар хүмүүст Бурхан дуртай, ямрыг нь үзэн яддагт үндэслэх ёстой; эдгээр нь үнэн-зарчим юм. Ах эгч нарт хайраар тусалж, харилцан хүлээцтэй байж, тэвчээртэй хандах ёстой. Мууг үйлдэгч, үл итгэгч нарыг ялган таньж, тусгаарлаж, хол байлгах ёстой. Ингэж байж л хүмүүст зарчимтай хандана. Ах эгч болгонд давуу тал, дутагдал байдаг, тэд бүгд завхарсан зан чанартай учраас хамтдаа байхдаа бие биедээ хайраар тусалж, хүлээн авч, тэвчээртэй байх ёстой бөгөөд өө эрж, хэтэрхий хатуу хандаж болохгүй. Ялангуяа Бурханд итгээд удаагүй, залуухан ах, эгч нарыг ихээхэн халамжилж, тэвчээртэйгээр дэмжих ёстой. Хэрвээ тэд завхрал харуулдаг бол үнэний талаар тэдэнтэй нөхөрлөж, тэвчээртэйгээр сургамжил. Тэднийг хайнга буруутгаж, асуудлыг нь дэгсдүүлж яасан ч болохгүй, учир нь ингэх нь хатуу ширүүн байдаг. Чи ёрын муу үйл үйлдэж байгаа хуурамч удирдагч юм уу антихристийн талаар олж мэдээд айж, нуугдаж, илчилж зүрхэлдэггүй; харин ах, эгч нар чинь завхрал харуулахыг олж мэдэх үедээ тэдэнтэй зууралдаж, бөөн сүр болдог бол энэ нь ямар зан авир вэ? Ингэдэг хүмүүс зэвүүн бөгөөд бусдыг далимдуулдаг. Энэ нь бусдад шударга хандах арга зам биш; харин ч хувийн дур сонирхлынхоо дагуу үйлдэж буй хэрэг. Энэ нь завхарсан, сатанлаг зан чанар буюу гэм буруу юм! Бурхан хүмүүсийн хийж буй юм бүхнийг хардаг. Чи яаж ч үйлдэж, зүрх сэтгэлдээ юу ч бодсон, Бурхан харж байгаа! Чи юу ч хийлээ гэсэн зарчмыг ухамсарлах шаардлагатай. Юун түрүүнд үнэнийг ойлгох ёстой. Үнэнийг ойлгомогц Бурханы хүслийг ойлгоход амархан байх бөгөөд хүмүүсээс Бурханы шаарддаг бусадтай харьцах зарчмуудыг мэдэж авна. Чи хүмүүст хэрхэн хандахаа мэдэж, Бурханы хүсэлд нийцүүлэн бусдад хандаж чаддаг болно. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол Бурханы хүслийг ойлгож чадахгүй, зарчимч байдлаар бусдад хандахгүй нь лавтай. Бусдад хэрхэн хандах вэ гэдгийг чинь Бурханы үгэнд тодорхой харуулж, эсвэл битүүхэн сануулдаг; хүн төрөлхтөнд ханддаг Бурханы хандлага бол хүмүүс нэг нэгэндээ хандахдаа баримтлах ёстой хандлага юм. Бурхан хүн нэг бүрд хэрхэн ханддаг вэ? Зарим хүн боловсорч гүйцээгүй биеийн хэмжээтэй; бага залуу; эсвэл богино хугацаанд л Бурханд итгэсэн; эсвэл уг чанар-мөн чанартаа муу биш, хорлонтой биш, харин зүгээр л бага зэрэг мэдлэггүй, хэв чанар муутай байдаг. Эсвэл тэд хэтэрхий олон хязгаарлалтад баригдаж, үнэнийг хараахан ойлгоогүй, амь руу хараахан ороогүй байдаг тул мунхаг юм хийхгүй, мэдлэггүй үйл үйлдэхгүй байх нь тэдэнд хэцүү байдаг. Гэхдээ Бурхан хүмүүсийн түр зуурын мунхаглалыг анхаардаггүй; зөвхөн зүрх сэтгэлийг нь л хардаг. Хэрвээ тэд үнэнийг эрэлхийлэхээр шийдсэн бол тэдний зөв бөгөөд ийм зорилготой байвал Бурхан тэднийг ажиглаж, тэднийг хүлээж, тэдэнд орох цаг хугацаа, боломж олгож байдаг. Ганцхан гэм буруугаас нь болж Бурхан тэднийг үгүй хийдэг юм биш. Тэр нь хүмүүсийн ихэвчлэн хийдэг зүйл; Бурхан хүмүүст хэзээ ч тэгж ханддаггүй. Бурхан хүмүүст тэгж ханддаггүй байхад хүмүүс яагаад бусдад тэгж ханддаг юм бэ? Энэ нь тэдний завхарсан зан чанарыг харуулж буй бус уу? Энэ бол тэдний завхарсан зан чанар яриангүй мөн. Бурхан мэдлэггүй, мунхаг хүмүүст хэрхэн ханддаг, боловсроогүй биеийн хэмжээтэй хүмүүст хэрхэн ханддаг, хүний завхарсан зан чанарын хэвийн илрэлд хэрхэн ханддаг, мөн хорлонтой хүмүүст хэрхэн ханддагийг чи харах учиртай. Бурхан өөр өөр хүмүүст ялгаатай байдлаар ханддаг бөгөөд өөр өөр хүмүүсийн тоймгүй олон нөхцөл байдлыг зохицуулах төрөл бүрийн арга байдаг. Чи эдгээр үнэнийг ойлгох ёстой. Эдгээр үнэнийг ойлгомогцоо чи хэрхэн зарчмын дагуу асуудлыг туулж, хүмүүст хандахаа мэдэх болно.

Хүн аврагдах эсэхийг Бурхан завхралынх нь түвшинд үндэслэн тодорхойлдог уу? Гэм буруугийнх нь хэмжээнд, эсвэл завхралынх нь хэр хэмжээнд үндэслэн, тэднийг шүүж, гэсгээх эсэхийг тодорхойлдог уу? Царай төрх, гэр бүлийн байдал, хэв чанарынх нь түвшин, эсвэл хэр их зовсонд нь үндэслэн Бурхан тэдний хүрэх газар, эцсийн үр дүнг тодорхойлдог уу? Бурхан эдгээр зүйлд үндэслэн шийдвэр гаргадаггүй; эдгээр зүйлийг бүр хардаг ч үгүй. Тиймээс нэгэнт Бурхан эдгээр зүйлд үндэслэн хүмүүсийг хэмждэггүй юм чинь чи ч бас эдгээр зүйлд үндэслэн хүмүүсийг хэмжих ёсгүй гэдгээ ойлгох ёстой. Чи царайлаг, сайн хүн мэт санагдах хүнийг харах үедээ түүнтэй илүү их ярьж, харилцаж, дотносож эхлэн, сайн найзууд боллоо гэе. Дараа нь чи царайлаг бус, үгийг нь сонсоход таагүй, бусадтай хэрхэн харилцахаа мэддэггүй, таарч тохирдоггүй хүнийг хараад түүнийг үл хүлээн зөвшөөрч, заримдаа бүр дээрэлхэхийг хүсэж, эсвэл түүнийг дарангуйлахын тулд муухай үг хэллээ гэе—энэ нь хүмүүст хандах ямар гээчийн арга зам бэ? Энэ бүх зүйл завхарсан, сатанлаг зан чанараас үүдэн гардаг. Та нар тийм завхарсан, сатанлаг зан чанараар амьдрахад бэлэн үү? Завхарсан, сатанлаг зан чанартаа хязгаарлагдаж, хүлэгдэж, үйлдлээ захируулахад бэлэн үү? (Үгүй.) Хүмүүсийн субьектив хүслийн дагуу бол Сатаны завхарсан зан чанар дотор амьдрангаа ямар нэг зүйл хийх юм уу үүргээ биелүүлэхийг хэн ч хүсдэггүй. Хүмүүсийн субьектив хүслээр бол тэд сайн зүйлийг зорьж, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ч хэрвээ үнэнийг ойлгодоггүй, үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнд нухацтай ханддаггүй, ямар ч хичээл чармайлт гаргадаггүй бол үнэн-бодит байдалд орж чадахгүй. Хэрвээ чи үнэн-бодит байдалд орж чадахгүй бол чиний амьдран харуулдаг зүйл, хийдэг бүхэндээ баримталдаг зарчим, чиний хэлдэг үг үнэнд нийцэхгүй бөгөөд эдгээр зүйл ямар ч үнэнгүй байх болно. Чиний ойлгодоггүй үнэний ямар нэг тал байгаа бол чи үнэн-бодит байдалд орж яавч чадахгүй бөгөөд үнэн-бодит байдалд орж чадахгүй бол ямар ч үнэнгүй байх болно. Үнэнгүй хүмүүст хүн чанар бий юу? (Үгүй.) Ийм хүмүүсийн амьдран харуулдаг бүхэн Сатаны завхарсан зан чанар юм. Хүмүүс үүргээ гүйцэтгэж эхлэнгүүтээ л үнэн-бодит байдалтай хүн болчихдоггүй. Үүргээ гүйцэтгэнэ гэдэг нь нэг арга барил, нэг суваг төдий юм. Үүргээ гүйцэтгэхдээ хүмүүс Бурханы ажлыг туулахын тулд үнэний эрэл хайгуулыг ашиглаж, үнэнийг аажмаар ойлгож, хүлээн авч, дараа нь үнэнийг хэрэгжүүлдэг. Дараа нь тэд завхарсан зан чанараасаа ангижирч, Сатаны завхарсан зан чанарын хүлээс, хяналтаас ангижрах байдалд хүрдэг учраас үнэн-бодит байдалтай, хэвийн хүн чанартай хүн болдог. Чи хэвийн хүн чанартай байх үед л үүргийн чинь гүйцэтгэл болон үйлдэл чинь хүмүүсийг босгон байгуулж, Бурханыг сэтгэл хангалуун болгоно. Үүргээ гүйцэтгэсний төлөө Бурханаар магтуулах үедээ л хүмүүс Бурханы боломжийн бүтээл болж чадна. Тиймээс үүргээ биелүүлэхдээ одоо зарлагадаж, зориулдаг зүйл чинь та нарын эзэмшсэн янз бүрийн ур чадвар, эрдэм, мэдлэг хэдий ч яг энэ сувгаар л дамжуулан үүргээ биелүүлэх явцдаа үнэнийг ойлгож, үүргээ биелүүлэх гэж юу болох, Бурханы өмнө очих гэж юу болох, Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагадах гэж юу болохыг мэдэж, энэ сувгаар дамжуулан хэрхэн завхарсан зан чанараасаа ангижирч, биеэ тоож, өөрийгөө зөвтгөлгүйгээр өөрсдийгөө орхиж, үнэнийг дуулгавартай дагаж, Бурханыг дуулгавартай дагахаа мэднэ. Тэгж байж л авралд хүрч чадна.

Яг одоо үүргээ гүйцэтгэхийн хамгийн чухал хэсэг нь дуулгавартай байж сурах—үнэнийг болон Бурханаас ирдэг зүйлсийг дуулгавартай дагаж сурах явдал. Ийм маягаар та нар Бурханыг дагангаа сургамж авч чадна, мөн аажмаар үнэн-бодит байдалд орж чадна. Надад хэл дээ, хүн үнэнийг хэрэгжүүлэх, үнэнийг дуулгавартай дагах гэдгийг огт ойлгодоггүй бол, эсвэл үүргээ гүйцэтгэхдээ ямар зарчим баримтлах ёстойгоо ойлгодоггүй бол үүргээ сайн биелүүлж чадах уу? Энэ нь хэцүү байх нь гарцаагүй. Бурханы гэрт үүргээ гүйцэтгэх үедээ өчүүхэн ч болов үнэн-бодит байдлыг эзэмшээгүй, үүнд ороогүй бол үүргээ сайн гүйцэтгэхэд маш хэцүү байх болно гэдгийг та бүхэн ойлгосон байх. Хүлээн зөвшөөрөгдөхүйц стандартаар үүргээ гүйцэтгэж, бат зогсоход маш хэцүү байдаг. Үнэнгүйгээр ганц алхам алхахад ч хэцүү болохыг одоо та нар бүгд туулж мэдэрсэн үү? (Тийм ээ.) Юу та нарыг хамгийн гүн гүнзгий туршлагатай болгосон бэ? (Үнэнийг ойлгоогүйгээс, мөн үүргээ гүйцэтгэхдээ завхарсан зан чанарт найдсанаасаа болоод үргэлж засалт, харьцалт туулж, бүтэлгүйтэж, бүдрэх.) Та нар хэчнээн олон удаа бүтэлгүйтсэн бэ? (Цөөн хэдэн удаа.) Бурханы ажлыг туулах явцдаа хэчнээн удаа бүтэлгүйтэж, унаж, засалт, харьцалт туулж, илчлэгдсэн чинь хамаагүй, эдгээр нь муу зүйл биш. Чамайг яаж засаж, харьцсан, удирдагч, ажилчин, эсвэл ах, эгч нарын хэн тэгсэн нь хамаагүй, эдгээр нь бүгд сайн зүйл юм. Чи үүнийг санах ёстой: Чи хэчнээн их зовсон ч үнэндээ үр шимийг нь хүртэж байгаа. Туршлагатай хэн боловч үүнийг баталж чадна. Юу ч боллоо гэсэн засалт, харьцалт туулж, илчлэгдэх нь үргэлж сайн зүйл юм. Энэ нь яллалт биш. Энэ бол Бурханы аврал бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно. Хэрвээ чи үнэнийг үнэхээр ойлгодог, зүрх сэтгэлийнхээ гүнд нуугдсан завхарсан зүйлсийг ухан гаргаж чаддаг, тэдгээрийг тодорхой ялган салгаж чаддаг бол энэ нь сайн зүйл, энэ нь амийн оролтын томоохон асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд зан чанарын өөрчлөлтөд асар их ашиг тустай юм. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж мөн; энэ нь чиний хувьд шинэ амийг олж авах хамгийн сайхан боломж билээ. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, үнэнийг хэрэгжүүлж, бодит байдалд орно. Энэ нь үнэхээр сайн зүйл! Хэрвээ чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэгтэй болж чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэн-бодит байдалд орж чадна.

Хэрэв чи Бурханы дээд эрхэд итгэдэг бол өдөр тутмын сайн, муу аль ч тохиолдол санаандгүй тохиолддоггүй гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чамд зориуд хатуу хандаж, чамайг онилж байгаа юм биш; үүнийг бүгдийг нь Бурхан зохицуулж, зохион байгуулдаг. Бурхан яагаад энэ бүх зүйлийг зохион байгуулдаг вэ? Хэн болохыг чинь харуулах, эсвэл чамайг илчилж, таягдан хаяхын төлөө ингэдэг юм биш; чамайг илчлэх нь эцсийн зорилго биш. Харин энэ нь чамайг төгс болгож, аврах зорилготой. Бурхан яаж чамайг төгс болгодог вэ? Тэр чамайг яаж авардаг вэ? Тэр эхлээд чамд өөрийн чинь завхарсан зан чанарыг ухамсарлуулж, уг чанар-мөн чанар, дутагдал, дутагддаг зүйлийг чинь мэдүүлдэг. Чи эдгээр зүйлийг мэдэж, тодорхой ойлгосноор л үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа аажмаар хаяж чадна. Энэ нь Бурхан чамд боломж олгож байгаа хэрэг юм. Энэ бол Бурханы өршөөл энэрэл. Чи энэ боломжийг хэрхэн ашиглахаа мэдэх ёстой. Чи Бурханыг эсэргүүцэж, Бурхантай тэрсэлдэж, эсвэл Түүнийг буруу ойлгох ёсгүй. Ялангуяа эргэн тойронд чинь Бурханы зохицуулсан хүмүүс, хэрэг явдал, зүйлстэй тулгарах үедээ юмс хүссэнээр чинь болохгүй байна гэж үргэлж бүү бод; байнга зугтахыг хүсэж, Бурханыг үргэлж буруутган, буруугаар ойлгож болохгүй. Хэрвээ чи байнга ийм зүйлс хийдэг бол Бурханы ажлыг туулж байгаа хэрэг биш бөгөөд ингэснээр үнэн-бодит байдал руу ороход маш хэцүү болно. Чи ямар нэг зүйлтэй тулгараад бүрэн ойлгож чадахгүй байсан ч, бэрхшээл үүсэх үед ч дуулгавартай байж сурах ёстой. Эхлээд Бурханы өмнө очиж, илүү их залбирах ёстой. Ингэснээр, нэг л мэдэхэд дотоод байр байдалд чинь өөрчлөлт гарна, асуудлаа шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрж хайж чадна. Ийнхүү чи Бурханы ажлыг туулж чадна. Ийм зүйл тохиолдоход үнэн-бодит байдал чиний дотор шингэж, улмаар чи ийнхүү ахин дэвшиж, амийн байдалд чинь өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлтийг туулж, үнэн-бодит байдалтай болмогцоо чи бас биеийн хэмжээтэй болох бөгөөд биеийн хэмжээний хамтаар амь ирнэ. Хэрэв хүн үргэлж завхарсан сатанлаг зан чанарт үндэслэн амьдардаг бол хэчнээн их урам зориг, эрч хүчтэй байсан ч тэднийг биеийн хэмжээтэй, амьтай гэж тооцож болохгүй. Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, Өөртөө үйлчлэл хийлгэхээр ямар төрлийн хүн, хэрэг явдал, зүйлсийг ашигладаг ч бай, үг нь ямар ч өнгө аястай бай хамаагүй, чамайг аврах гэсэн эцсийн ганц л зорилготой байдаг. Тэгвэл Бурхан чамайг яаж авардаг вэ? Тэр чамайг өөрчилдөг. Тэгэхээр чи жаахан зовохоос өөр яалтай билээ? Чи зовох ёстой болно. Энэ зовлонд олон зүйл багтаж болох юм. Нэгдүгээрт, хүмүүс Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах үедээ зовох ёстой. Бурханы үг дэндүү хатуу, шулуухан байх үед хүмүүс Бурханыг буруугаар ойлгож—бүр үзэлтэй болдог—тэр нь ч бас шаналгаатай байж болно. Заримдаа Бурхан хүмүүсийн завхралыг илчилж, өөрсдийгөө эргэцүүлж, мэдэхэд тэднийг хүргэхийн тулд эргэн тойронд нь аливаа нэг орчныг бүрдүүлдэг бөгөөд тэр үед ч бас хүмүүс бага зэрэг зовно. Заримдаа шууд засалт, харьцалт туулж, илчлэгдэх үедээ хүмүүс зовох ёстой. Энэ нь мэс засалд орж буй мэт байдаг—зовлон байхгүй бол үр дүн гарахгүй. Засалт, харьцалт туулах болгонд, аливаа нэг орчин чамайг илчлэх бүрд, энэ нь сэтгэлийг чинь хөдөлгөж, чамд түлхэц өгдөг бол энэ үйл явцаар дамжуулан чи үнэн-бодит байдалд орж, биеийн хэмжээтэй болно. Хэрэв чи засуулж, харьцуулж, аливаа нэг орчинд ичлэгдэх бүрдээ огтхон ч шаналж, тавгүйтдэггүй, юу ч мэдэрдэггүй, мөн Бурханы хүслийг эрж хайхаар Түүний өмнө очдоггүй, залбирч, үнэнийг эрж хайдаггүй бол үнэхээр тун хөшүүн юм! Сүнс чинь юу ч мэдрэхгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байх үед Бурхан чам дээр ажилладаггүй. “Энэ хүн дэндүү хөшүүн, хэтэрхий гүн гүнзгий завхарсан байна. Би түүнийг яаж ч сахилгажуулж, түүнтэй харьцаж, хяналтдаа байлгах гэж хичээсэн, зүрх сэтгэлийг нь хөдөлгөж чадахгүй, сүнсийг нь сэрээж чадахгүй хэвээр л байна. Энэ хүн асуудалд орно; түүнийг аврахад амаргүй юм” гэж Бурхан хэлнэ. Хэрвээ Бурхан чиний төлөө тодорхой орчин, хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг зохицуулбал, Тэрээр чамайг засаж, харьцан, чи үүнээс сургамж авдаг бол, Бурханы өмнө ирж, үнэнийг эрж хайж сураад, өөрийн мэдэлгүй гэгээрч, гэрэлтэж, үнэнийг олж авч, эдгээр орчинд өөрчлөлт туулж, ололттой болж, ахиц гаргасан бол, хэрэв чи Бурханы хүслийг бага зэрэг ойлгож эхлэн, гомдоллохоо боливол энэ бүхэн нь чи эдгээр орчны шалгалт дунд бат зогсож, туршилтыг даван туулсан гэсэн үг болно. Ийнхүү чи энэ сорилтыг туулсан байх болно. Туршилтыг тэсвэрлэдэг хүмүүсийг Бурхан хэрхэн авч үзэх вэ? Тэд үнэн зүрх сэтгэлтэй, ийм төрлийн зовлонг тэсвэрлэж чаддаг, зүрх сэтгэлийнхээ гүнд үнэнийг хайрлаж, үнэнийг олж авахыг хүсдэг гэж Бурхан хэлнэ. Бурхан чамайг ийнхүү үнэлбэл чи биеийн хэмжээтэй хүн байх бус уу? Тэгвэл чи амьтай байх бус уу? Ийм амийг яаж олж авдаг вэ? Үүнийг Бурхан өгдөг үү? Бурхан янз бүрийн арга замаар чамайг хангаж, төрөл бүрийн хүмүүс, зүйлс, эд юмыг ашиглан чамайг сургадаг. Энэ бол Бурхан чамд хоол унд биечлэн өгч, чамайг цадтал идүүлж, таашаалгахын тулд биечлэн чамд янз бүрийн хүнсний бүтээгдэхүүн яг өмнө чинь барьж буйтай адилхан хэрэг юм; зөвхөн тэгж байж л чи өсөж, бат зогсож чадна. Эдгээр зүйлийг чи ингэж туулж, ойлгох ёстой; ингэх нь Бурханаас ирдэг бүх зүйлд дуулгавартай байх явдал юм. Чи ийм сэтгэлгээ, ийм хандлагатай байх ёстой бөгөөд үнэнийг эрж хайж сурах ёстой. Чи хүндрэл бэрхшээлдээ байнга гаднын шалтгаан хайж, бусдыг буруутгаж, эсвэл хүмүүсээс алдаа олох ёсгүй; Бурханы санаа зорилгыг тодорхой ойлгох ёстой. Гаднаа зарим хүн чиний тухай үзэл бодолтой, чамайг алагчилдаг мэт санагдаж болох ч аливааг чи ингэж харах ёсгүй. Хэрэв чи аливааг иймэрхүү өнцгөөс харвал шалтаг тоочихоос өөр зүйл хийхгүй бөгөөд юу ч олж авч чадахгүй. Чи аливааг бодитоор харж, юм бүхнийг Бурханаас хүлээн авах ёстой. Юмыг ийм маягаар харах үед Бурханы ажлыг дуулгавартай дагахад амархан байх бөгөөд чи үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ухамсарлаж чадна. Үзэл бодол, сэтгэл санааны байдлаа залруулсан цагт үнэнийг олж авч чадна. Тэгвэл яагаад үүнийг хийж болдоггүй юм бэ? Чи яагаад эсэргүүцдэг юм бэ? Хэрэв эсэргүүцэхээ боливол чи үнэнийг олж авах болно. Эсэргүүцвэл чи юу ч олж авахгүйн дээр Бурханы сэтгэлийг өвтгөж, урмыг нь хугална. Яагаад Бурханы урам хугардаг вэ? Учир нь чи үнэнийг хүлээн авдаггүй, аврагдах найдлагагүй, Бурхан чамайг олж авч чадахгүй юм чинь Тэр яаж урам хугарахгүй байж чадах юм бэ? Үнэнийг хүлээн авахгүй байгаа чинь Бурханы биечлэн өөрт чинь өгсөн хоолыг цааш түлхэхтэй адилхан. Чи өлсөхгүй байна, надад хэрэггүй гэж хэлж байна; Бурхан чамайг ид гэж ахин дахин ятгах боловч чи идэхийг хүсэхгүй байсаар байна. Чи өлсгөлөн байхыг илүүд үзнэ. Үнэндээ юу ч үгүй хоосон байгаа хэр нь чи өөрийгөө цатгалан байна гэж боддог. Ийм хүмүүс үнэхээр эрүүл ухаангүй, өөрийгөө маш их зөвтгөдөг; үнэндээ сайн зүйлийг хараад ч мэддэггүй, хамгийн ядуу хоосон, өрөвдөлтэй хүмүүс билээ.

Үнэн-бодит байдалд орохын тулд чи эхлээд амьдралаа нэг бүрчлэн эргэцүүлж, эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, зүйлсээс сургамж авч эхлэх ёстой. Хэрвээ чи эргэн тойрныхоо хүмүүсийн чамд хандах байдлаас, эсвэл өдөр бүрд чамд тохиолддог хэрэг явдал, орчин нөхцөлөөс сургамж авч чаддаг бол, өөрөөр хэлбэл, үнэнийг эрж хайж, зарчмын дагуу хэрхэн үйлдэхээ сурч чаддаг бол үнэнийг ойлгож чадна, амь чинь өснө, үүргээ хэвийн гүйцэтгэж чадна. Зарим хүн засалт, харьцалт туулахдаа үргэлж маргалдаж, өөрийгөө хамгаалахаар оролддог. Тэд үргэлж асуудлын уг шалтгааныг онцолж, өөрсдийнхөө бүтэлгүйтэлд шалтаг тоочдог нь маш төвөгтэй. Тэдэнд дуулгавартай хандлага буюу үнэнийг эрж хайх хандлага байдаггүй. Ийм хүмүүс хэв чанар муутай, бас маш зөрүүд байдаг. Тэд бусад хүмүүсийн үгийг ойлгодоггүй, үнэнд хүрч чаддаггүй, ахиц дэвшил нь маш удаан байдаг. Яагаад ахиц дэвшил нь удаан байдаг вэ? Учир нь тэд үнэнийг эрж хайдаггүй, ямар ч асуудал гарсан үргэлж бусад хүнийг асуудлын шалтгаан гэж харж, хариуцлагыг тэр чигт нь бусдад тохдог. Тэд ертөнцийн гүн ухаанаар амьдардаг бөгөөд аюулгүй, эрүүл саруул амьдарч л байвал өөрсдөдөө тун сэтгэл ханамжтай байдаг. Тэд үнэнийг огт эрэлхийлдэггүй, үүнийгээ Бурханд итгэх дажгүй сайн арга зам гэж боддог. “Үнэнийг эрэлхийлэх, сургамж авах талаар үргэлж маш их ярьдаг ч үнэндээ сурах сургамж тийм их байдаг гэж үү? Бурханд ингэж итгэх үнэхээр ядаргаатай!” гэж боддог хүмүүс ч бий. Бусад хүмүүс асуудал тулгарахад үнэнийг эрж хайж, сургамж авч байгааг харах үедээ тэд: “Та нар яаж бүх зүйлээс сургамж авдаг юм бэ? Надад яагаад сураад байх сургамж тийм их байдаггүй юм бэ? Та нар бүгдээрээ тийм мэдлэггүй юм гэж үү? Зүгээр л дүрэм журмыг сохроор дагаж байгаа юм уу?” гэж хэлдэг. Энэ санааг та нар юу гэж бодож байна? Энэ нь үл итгэгчдийн үзэл бодол юм. Үл итгэгч хүн үнэнийг олж авч чадах уу? Ийм хүнд үнэнийг олж авах нь маш хэцүү байдаг. Зарим хүн: “Би том асуудал дээр Бурханаас гуйдаг ч жижиг асуудал дээр Бурханд төвөг уддаггүй. Бурхан өдөр бүр орчлон ертөнц дээрх бүх зүйлийг удирдаж, хүн бүрийг удирдаад маш завгүй байгаа. Хэчнээн ядаргаатай гээч! Би Бурханд төвөг удахгүй, энэ асуудлыг өөрөө л шийдвэрлэнэ. Бурхан сэтгэл хангалуун байгаа л бол тэр нь хангалттай. Би Бурханы санааг зовоохыг хүсэхгүй байна” гэж хэлдэг. Энэ үгийг юу гэж бодож байна? Энэ нь ч бас үл итгэгчдийн үзэл бодол, хүмүүсийн төсөөлөл юм. Хүмүүс бол бүр шоргоолжноос ч долоон дор бүтээгдсэн зүйлс. Тэд яаж Бүтээгчийг тодорхой харж чадах юм бэ? Бурхан өчнөөн сая, тэрбум жилийн турш орчлон ертөнц дээрх бүх зүйлийг удирдсан. Бурхан Өөрийгөө ядарч байна гэж хэлсэн үү? Хэтэрхий завгүй байна гэж хэлсэн үү? Үгүй, тэгж хэлээгүй. Хүмүүс Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг тодорхой харж хэзээ ч чадахгүй бөгөөд өөрсдийн үзэл, төсөөллөөр ярих нь маш мунхаг хэрэг юм. Бүтээгчийн хэлснээр бол, Бурханы сонгосон хүн нэг бүр, тэдний эргэн тойронд тохиолддог бүх зүйл Бурханы дээд эрхээр зохицуулагддаг. Бурханд итгэгчийн хувиар чи Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдаж, үнэнийг эрж хайж, бүх зүйлээс сургамж авах учиртай. Үнэнийг олж авах нь хамгийн чухал зүйл. Хэрвээ чи Бурханы хүслийг бодолцон үзэж чаддаг бол Бурханд найдаж, үнэний зүг тэмүүлэх ёстой, учир нь энэ нь Бурханд таалагддаг. Чамайг үнэнийг олж авч, зарчмын дагуу үйлдэх үед Бурхан илүү их баярлана, харин чамайг Өөрөөс нь холдох тусам Бурхан улам гуниглана. Бурханыг юу гуниглуулдаг вэ? (Бурхан хүмүүст Бурханы үгийг туулж, үнэнийг олж авах боломж олгохын тулд орчин нөхцөлийг бүрдүүлсэн ч хүмүүс Бурханы сэтгэлийг ойлгодоггүй; тэд Бурханыг буруугаар ойлгодог бөгөөд энэ нь Бурханыг гуниглуулдаг.) Зөв. Бурхан хүн нэг бүрийн төлөө уйгагүй төлөөс төлсөн бөгөөд хүн бүрд зориулсан хүсэл Түүнд байдаг. Мөн Бурхан хүн бүрд хүлээлт, найдлага тавьдаг. Уйгагүй хүчин чармайлтаа хүн бүрд үнэ төлбөргүй, дуртайяа өгдөг. Бас Бурханы амийн болон үнэний хангалт хүн бүрд бэлхнээ өгөгддөг. Хэрвээ хүмүүс үүнийг хийдэг Бурханы шалтгааныг ойлгож чадвал Бурхан баярлана. Бурхан чамд ямар ч орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн бай, чи үүнийг Бурханаас хүлээн авч, Бурханд дуулгавартай байж, энэ бүхний дундаас үнэнийг эрж хайж, сургамж авч чадвал Бурхан уйгагүй төлсөн төлөөс нь дэмий өнгөрлөө гэж бодохгүй. Чи Бурханы зориулсан бүх бодол санаа, хичээл зүтгэл, чамаас хүлээсэн Бурханы хүлээлтийг биелүүлж чадсан байх болно. Өөртөө тохиолдсон орчин нөхцөл бүрээс чи сургамж авч, үр шимийг нь хүртэж чадна. Ийм маягаар чам дээр хийсэн Бурханы ажил хүлээсэн үр дүндээ хүрч, Бурханы сэтгэл ханана. Хэрвээ чи Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаггүй бол, үргэлж Бурханыг эсэргүүцэж, голж, тэмцдэг бол Бурханы сэтгэл түгшинэ гэж бодохгүй байна уу? Бурхан сэтгэл зовж, түгшиж, “Би сургамж авах маш олон орчин нөхцөлийг чамд бүрдүүлж өгсөн. Яахаараа нэг нь ч үр дүнд хүрээгүй байдаг байна аа?” гэж хэлнэ. Бурхан гашуудан шанална. Чи хөшүүн, мэдлэггүй, удаан, гөжүүд байгаа учраас, Өөрийнх нь хүслийг ойлгохгүй, үнэнийг хүлээн авахгүй, чиний амийг хариуцахын тулд Өөрийнх нь хийсээр ирсэн бүх зүйлийг харж чадахгүй, чиний амийн төлөө санаа зовж, түгшдэг гэдгийг нь ойлгохгүй байгаа учраас, мөн Өөрийг нь дуулгавартай дагахгүй, гомдоллодог учраас Бурхан гунигладаг. Хүмүүстэй холбоотой юм бүхэн хаанаас үүдэлтэйг Надад хэл дээ? Хүний амийн төлөө хэн хамгийн хүнд ачаа үүрдэг вэ? (Бурхан.) Бурхан ганцаараа хүмүүсийг хамгийн их хайрладаг. Эцэг эх, хамаатан садан нь хүнийг үнэхээр хайрладаг уу? Тэдний өгдөг хайр жинхэнэ хайр мөн үү? Энэ нь хүмүүсийг Сатаны нөлөөнөөс аварч чадах уу? Чадахгүй. Хүмүүс хөшүүн, мулгуу, эдгээр зүйлийг нэвт харж чаддаггүй бөгөөд “Бурхан намайг яаж хайрладаг юм бэ? Би үүнийг мэдэрдэггүй. Ямартай ч ээж, аав хоёр минь намайг хамгийн их хайрладаг. Тэд миний сургалтын төлбөрийг төлж, намайг техникийн ур чадварт сургасан болохоор би өсөж том болоод чадвараа ашиглаж, амжилтад хүрч, од болж, алдартай болж чадна. Аав ээж хоёр намайг хөгжүүлж, боловсролтой болгохын тулд маш их мөнгө зарцуулж, хоол хүнсэндээ нарийлж, хэмнэдэг. Энэ ямар агуу хайр вэ! Би хэзээ ч ачийг нь хариулж чадахгүй!” гэж үргэлж хэлдэг. Та нар үүнийг хайр гэж бодож байна уу? Эцэг эх чинь чамд амжилтад хүрч, дэлхий ертөнцөд алдартай болж, сайн ажилтай болж, дэлхий ертөнцөд уусах боломж олгосны үр дагавар юу вэ? Тэд чамайг эцэс төгсгөлгүй амжилтын араас хөөцөлдөж, гэр бүлдээ нэр хүнд авчирч, дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагад уусаж, эцэст нь нүглийн эргүүлэгт унаж, мөхөлд нэрвэгдэж, сүйрч, Сатанд залгиулахад хүргэдэг. Энэ хайр мөн үү? Энэ нь чамайг хайрлаж байгаа биш, харин хорлож, устгаж байгаа хэрэг юм. Нэг л өдөр чи гэмшиж чадахааргүй болтлоо, мултран гарч чадахааргүй болтлоо доош живж, тамд очно. Тэр үед л чи “Өө, эцэг эхийн хайр бол махан биеийн хайр юм байна, энэ нь Бурханд итгэхэд, эсвэл үнэнийг олж авахад ямар ч нэмэр болохгүй—жинхэнэ хайр биш юм байна!” хэмээн ухаарна. Та нар үүнийг хараахан ухаараагүй байж магад. Зарим хүн: “Бурхан намайг хэчнээн их хайрладаг ч би мэдэрч чаддаггүй. Ээж намайг хамгийн их хайрладаг гэдгийг л мэдэрдэг. Ээж минь хорвоо дээрх хамгийн дотнын хүн. ‘Ээж бол хорвоогийн хамгийн сайн хүн’ гэдэг дуу бий. Тэр гарчиг бодит байдалтай нийцдэг; энэ нь туйлын үнэн!” гэж хэлдэг. Нэг л өдөр үнэхээр амийн оролттой болох үедээ, үнэнийг олж авсан үедээ чи: “Намайг хамгийн их хайрладаг хүн бол ээж ч биш, аав ч биш. Бурхан намайг хамгийн их хайрладаг. Тэрээр миний хамгийн эрхэм хайртай хүн, учир нь Бурхан надад амь өгсөн, мөн намайг үргэлж залж чиглүүлж, намайг хангаж, Сатаны нөлөөнөөс намайг авардаг. Бурхан л ганцаараа хүмүүст амь өгч чадах, хүмүүсийг удирдаж чадах, бүх зүйлийг захирч чадах Нэгэн” гэж хэлнэ. Үнэнийг ойлгож, үнэнийг бүрэн олж авсан үедээ л чи эдгээр үгийг гүн гүнзгий ойлгож чадна.

Үнэнийг олж авахыг хүсвэл хаанаас эхлэх вэ? Эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, зүйлсээс эхэлж, сургамж авах, үнэнийг эрж хайхад суралц. Эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, зүйлсээс үнэн болон Бурханы хүслийг эрж хайснаар л үнэнийг олж авч чадна. Зарим хүн жижиг зүйлд анхаарал хандуулдаггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Тэд үргэлж “Би яагаад ерөөсөө томоохон зүйлтэй тулгардаггүй юм бэ? Газар чичрүүлэм зүйл яагаад надад хэзээ ч тохиолддоггүй юм бэ? Хэрвээ газар чичрүүлэм, томоохон зүйл тохиолдвол би том сургамж авч, зарим агуу үнэнийг олж авч чадна шүү дээ. Тэгвэл хэчнээн гайхалтай байх билээ дээ!” гэж боддог. Энэ бодол бодитой юу? Энэ үг дэндүү сүртэй. Жижиг зүйлс тохиолдох үед чи Бурханд дуулгавартай байдаг уу? Чи сургамж авсан уу? Томоохон шалгалт чамд тохиолдвол чи гэрчлэлдээ бат зогсож чадах уу? Агуу улаан луу чамайг бариад авбал чи цангинасан гэрчлэл хийж чадах уу? Ийм үг хэлдэг хүмүүс бага зэрэг биеэ тоосон биш үү? Эрэл хайгуулын ийм арга барилыг ашиглаад чи үнэнийг олж авч чадах уу? (Үгүй.) Болгоомжтой алхахгүй бол бүдрэх боломжтой—гэсэн ч чи өөрийгөө нисэхэд бэлэн гэж боддог! Чи өөрт тулгарсан жижиг зүйлсээс үнэнийг эрж хайж, сургамж авч сурах ёстой. Жижиг зүйлээс сургамж авч чадахгүй бол том зүйлээс ч сургамж авч чадахгүй. Сургамж авч чадахгүй бол амь чинь өсөхгүй. Бүх зүйлээс сургамж авснаар л амийн өсөлтөд хүрдэг.

2015 оны 8 дугаар сарын 5

Өмнөх: Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна

Дараах: Амийн оролт нь үүргээ биелүүлэхээс эхэлдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх