6 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Антихристүүдийн ёс жудаг, тэдний зан чанар-мөн чанарыг нэгтгэн дүгнэх нь (III хэсэг)
III. Антихристүүдийн зан чанар-мөн чанар
А. Хорон муу байдал
2. Антихристүүд Бурханд юу хийдэг вэ
Өнгөрсөн цуглаанаар бид антихристийн зан чанар-мөн чанарыг голчлон нөхөрлөж, нэгтгэн дүгнэж, завхарсан хүн чанарын зургаан зан чанараас гурван шинж чанарыг сонгон авч задлан шинжилсэн. Энэ гурван шинж чанар нь үнэнийг зэвүүцэх, харгис байдал болон хорон муу байдал юм. Өнгөрсөн удаа бид хорон муу байдлын талаар нөхөрлөсөн бөгөөд антихристүүдийн хорон муу илрэл буюу тэдний бодол санаа өдөржин ёрын муугаар дүүрэн байдгийг задлан шинжилснээрээ антихристүүдийг ялган таньж, эдгээр илрэлээр дамжуулан тэдний хорон муу зан чанар-мөн чанарыг баталсан. Тэдний бодол санаа өдөржин ёрын муугаар дүүрэн байдаг гэдэг баримтыг бид хоёр талаас нь задлан шинжилж байгаа: нэгдүгээрт, бусадтай харьцах үед тэдний бодолд юу байдаг, завхарсан мөн чанартаа тэд ямар арга барил, илрэл харуулдаг; хоёрдугаарт, Бурханы талаарх тэдний бодолд юу байдаг. Тэд хүмүүстэй хэрхэн харьцдаг талаар бид нөхөрлөөд дууссан. Антихристүүд Бурханд хандахдаа ямар санаа, үзэл, үзэл бодол, сэдэлтэй байдаг, тэр ч байтугай тэдний оюун ухаанд урьдчилан тогтсон ямар үйлдэл байдаг талаар бид өнгөрсөн удаа хэсэгчлэн нөхөрлөсөн: жишээлбэл, эргэлзээ, шинжилт, өөр юу билээ? (Сэжиг, сэрэмжлэл.) Эргэлзээ, шинжилт, сэжиг, сэрэмжлэл. Одоо, антихристүүд Бурханыг сорьдог талаар нөхөрлөцгөөе.
д. Сорилт
Сорилтын илрэлүүд юу вэ? Ямар арга барил юм уу бодол санаа нь сорилтын байдал, эсвэл мөн чанарыг харуулдаг вэ? (Хэрвээ би гэм буруу үйлдэж, эсвэл ямар нэг муу зүйл хийсэн бол үргэлж Бурханыг тандаж, тодорхой хариулт шаардаж, надад сайн төгсгөл юм уу хүрэх газар байх эсэхийг харахыг хүсдэг.) Энэ нь бодол санаатай холбоотой; тэгвэл ерөнхийдөө хүн ярих, үйлдэх үедээ, эсвэл ямар нэг зүйлтэй тулгарах үед тэдний ямар илрэл нь сорилт байдаг вэ? Хэрвээ хэн нэгэн нь гэм буруу үйлдэж, Бурхан тэдний гэм бурууг санах юм уу яллаж магадгүй гэж мэдэрдэг бөгөөд Бурхан тэднийг үнэхээр яллах үгүй эсэхийг мэдэхгүй, өөрсдөө ч эргэлздэг бол Бурханы хандлага яг ямар байгааг харахын тулд тэд үүнийг сорих арга сэдэж олдог. Тэд залбирч эхэлдэг бөгөөд хэрвээ гэрэлтүүлэлт, эсвэл гэгээрэл байхгүй бол өмнөх эрэлхийллийн арга барилаа бүрмөсөн болих талаар боддог. Өмнө нь тэд үргэлж аливааг хааш яаш хийдэг байсан, 50 хувийн хүчин чармайлт гаргаж болох газарт ердөө 30 хувийг, 30 хувийг гаргаж болох газарт 10 хувийг л гаргадаг байв. Одоо, хэрвээ тэд 50 хувийн хүчин чармайлт гаргаж чадахаар бол түүнийгээ гаргана. Тэд бусдын зайлсхийдэг бохир, эсвэл ядаргаатай ажлыг барьж авч, үргэлж бусдаас түрүүлж хийдэг бөгөөд үүнийгээ ах эгч нарын олонход заавал харуулдаг. Хамгийн чухал нь, Бурхан энэ хэргийг хэрхэн үзэх болон тэдний гэм буруу цайрч болох эсэхийг харахыг хүсдэг. Ихэнх хүний давж гарч чаддаггүй бэрхшээл, эсвэл зүйлтэй тулгарах үедээ тэд Бурхан юу хийхийг, Тэрээр тэднийг гэгээрүүлж, залж чиглүүлэх эсэхийг харахыг хүсдэг. Хэрвээ тэд Бурханы оршихуй болон Түүний онцгой ивээлийг мэдэрч чадвал Бурхан тэдний гэм бурууг санаагүй, эсвэл яллаагүй гэж итгэдэг бөгөөд энэ нь уучлагдаж болно гэдгийг баталдаг. Хэрвээ тэд өөрсдийгөө ингэж зарлагадаж, ийм төлөөс төлөөд, хандлага нь ихээхэн өөрчлөгдсөн ч Бурханы оршихуйг мэдрэхгүй хэвээр байвал, мөн өмнөхөөсөө ялгарах ямар ч өөрчлөлт мэдрэхгүй байвал Бурхан тэдний өмнөх гэм бурууг ялласан бөгөөд тэднийг цаашид хүсэхгүй байх магадлалтай. Бурхан тэднийг хүсэхгүй байгаа учраас цаашид үүргээ гүйцэтгэхдээ тэд тийм их хүчин чармайлт гаргахгүй. Хэрвээ Бурхан тэднийг хүссээр байвал, тэднийг яллахгүй байвал, мөн тэдэнд ерөөл хүртэх найдвар байсаар байвал тэд үүргээ гүйцэтгэхдээ бага зэрэг чин сэтгэл гаргана. Эдгээр илрэл, санаа нь сорилтын нэг хэлбэр мөн үү? Энэ нь тодорхой арга барил мөн үү? (Мөн.) Сая та нар зөвхөн нэг онолын талыг л дурдлаа, харин Бурханыг сорьдгийн нарийн илрэл болон энэ хэргийн тухайд тэдний зүрх сэтгэлд ямар бодит хандлага, төлөвлөгөө байдгийг дэлгэрэнгүй яриагүй, эсвэл энэ үйл ажиллагааг явуулах үеийн антихристүүдийн үзэл бодол, байдал нь юу болохыг ил болгосонгүй.
Зарим хүн Бурханы төгс хүчин болон хүний зүрх сэтгэлийн гүнийг шинждэг Түүний шинжилтийн талаарх ямар ч мэдлэг юм уу туршлагаар байнга дутмаг байдаг. Тэд мөн Бурхан хүний зүрх сэтгэлийг шинждэг гэх жинхэнээсээ итгэдэггүй тул энэ хэргийн тухайд эргэлзээгээр мэдээж дүүрэн байдаг. Хэдийгээр тэд субьектив хүсэлдээ Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинждэг гэдэгт итгэхийг хүсдэг ч тэдэнд баттай нотолгоо дутагддаг. Үүний үр дүнд тэд зүрх сэтгэлдээ зарим зүйлсийг төлөвлөж, түүнийгээ нэгэн зэрэг гүйцэтгэж, хэрэгжүүлж эхэлдэг. Тэдгээрийг хэрэгжүүлэхдээ тэд, Бурхан эдгээрийн талаар үнэхээр мэддэг эсэх, энэ хэрэг ил болох эсэх, мөн хэрвээ тэд чимээгүй байвал хэн нэгэн үүнийг мэдэж чадах эсэх, эсвэл Бурхан үүнийг тодорхой нөхцөл байдлаар дамжуулан илчилж чадах эсэхийг тасралтгүй ажигладаг. Мэдээж, жирийн хүмүүст Бурханы төгс хүчин болон хүний зүрх сэтгэлийн гүнийг шинждэг Түүний шинжилтийн талаар их бага хэмжээгээр тодорхойгүй зүйлс байж болох ч антихристүүд зүгээр нэг тодорхойгүй байдаг төдий биш—тэд эргэлзээгээр дүүрэн байдаг бөгөөд үүний зэрэгцээ Бурханаас байнга сэрэмжилдэг. Тиймээс тэд Бурханыг сорих олон арга боловсруулдаг. Бурхан хүний зүрх сэтгэлийг шинждэгт тэд эргэлздэг, бүр цаашлаад Бурхан шинждэг гэх баримтыг үгүйсгэдэг учраас тэд ихэвчлэн тодорхой хэргүүдийн талаар боддог. Тэгээд бага зэргийн айдас, эсвэл ямар нэгэн тайлбарлашгүй айдас хүйдсийн мэдрэмжтэйгээр тэд эдгээр бодлоо хувийн хүрээнд нууцаар тарааж, зарим хүмүүсийг төөрөлдүүлдэг. Энэ зуур тэд өөрсдийн үндэслэл, санааг бага багаар тасралтгүй ил болгодог. Тэдгээрийг ил болгохдоо Бурхан тэдний энэ зан авирт саад болох уу, эсвэл ил болгох уу гэдгийг хардаг. Хэрвээ Тэр үүнийг ил болгож, эсвэл тодорхойлбол тэд хурдан ухарч, өөр арга барил руу шилждэг. Хэрвээ энэ талаар хэн ч мэдэхгүй, хэн ч тэднийг нэвт, доторхыг нь харж чадахгүй мэт санагдвал тэд зөн совин нь зөв бөгөөд Бурханы талаарх мэдлэг нь зөв гэдэгт зүрх сэтгэлдээ бүр ч бүрэн итгэлтэй болдог. Тэдний үзэж байгаагаар Бурхан хүний зүрх сэтгэлийг шинждэг явдал үндсэндээ оршин байдаггүй. Энэ нь ямархуу арга барил вэ? Энэ бол сорилтын арга барил юм.
Антихристүүд угаасаа хорон муу зан чанартай учраас хэзээ ч шулуухан ярьж, үйлддэггүй. Тэд үнэнч хандлага, чин сэтгэлээр аливааг зохицуулдаггүй, эсвэл үнэнч үг хэлж, чин сэтгэлийн хандлагаар үйлддэггүй. Тэдний хэлдэг, хийдэг юу ч илэн далангүй байдаггүй, харин ч тойруу, нууцлаг байдаг бөгөөд тэд бодол, сэдлээ хэзээ ч шууд илэрхийлдэггүй. Учир нь тэдгээрийг илэрхийлбэл бүрэн ойлгогдож, нэвт харагдана, амбиц, хүсэл нь гэрэлд ил болно, бусад хүмүүсийн дунд өндөр дээд, эрхэмсэг харагдахгүй, эсвэл бусад хүн өөрийг нь хүндэлж, шүтэхгүй гэж тэд боддог; тиймээс тэд өөрсдийн шившигтэй сэдэл, хүслийг үргэлж нууж хаахыг хичээдэг. Тэгвэл тэд хэрхэн ярьж, үйлддэг вэ? Тэд янз бүрийн арга хэрэглэдэг. Шүтлэггүй хүмүүсийн дунд “нөхцөл байдлыг тандах” гэдэг үг байдаг шиг антихристүүд үүнтэй төстэй арга барил хэрэглэдэг. Тэд ямар нэг зүйл хийхийг хүсэхдээ, мөн тодорхой үзэл бодол, хандлагатай байхдаа хэзээ ч түүнийгээ шууд илэрхийлдэггүй; харин эрж хайж буй мэдээллээ цуглуулахын тулд тойруулах, эсвэл сониучирхах, хүмүүсээс үг унагах гэх мэт зарим аргуудыг ашигладаг. Хорон муу зан чанараасаа болоод антихристүүд хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Тэдний цорын ганц санаа зовдог зүйл бол өөрсдийнх нь алдар нэр, ашиг хонжоо, байр суурь юм. Тэд өөрсдөд нь алдар нэр, ашиг хонжоо, байр суурь өгч чадах үйл ажиллагаанд оролцож, тийм зүйл өгдөггүйгээс нь зайлсхийдэг. Тэд нэр хүнд, байр суурь, онцгойрох, алдаршихтай холбоотой үйл ажиллагааг урамтайгаар гүйцэтгэдэг бол чуулганы ажлыг хамгаалах, эсвэл бусдыг гомдоож болзошгүй зүйлсээс зайлсхийдэг. Тиймээс антихристүүд юунд ч эрж хайх хандлагаар ханддаггүй; харин аливааг тандахын тулд сорих аргыг ашиглаж, дараа нь цааш үргэлжлүүлэх эсэхээ шийддэг—антихристүүд яг л ийм ов мэхтэй, хорон муу байдаг. Жишээлбэл, Бурханы нүдээр өөрсдийгөө ямархуу хүн болохоо мэдэхийг хүсэх үедээ тэд Бурханы үгээр дамжуулан өөрсдийгөө үнэлж, өөрсдийгөө танин мэддэггүй. Оронд нь тэд эргэн тойрноосоо сураглаж, битүү үг сонсож, удирдагчид болон Дээрхийн өнгө аяс, хандлагыг ажиглаж, Бурхан өөрсөд шиг нь хүмүүсийн төгсгөлийг хэрхэн тогтоодгийг харахаар Бурханы үгээс хайдаг. Тэд Бурханы гэр дотор хаана харьяалагдаж байгаагаа харж, ирээдүйн төгсгөл нь ямар байхыг олж мэдэхийн тулд эдгээр зам, аргыг ашигладаг. Энэ нь сорилтын зарим уг чанарыг агуулж байгаа биш үү? Жишээлбэл, зарим хүн засуулсныхаа дараа яагаад засуулснаа, үйлдэл хийх явцдаа ямар завхарсан зан чанар, алдаа харуулснаа, мөн өөрсдийгөө танин мэдэж, өмнөх алдаагаа засахын тулд үнэний ямар талыг эрж хайх ёстойгоо шинжлэхийн оронд Дээрх өөрсдөд нь ямар хандлагатай байгааг олж мэдэхийн тулд шууд бус арга хэрэглэж, бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлдэг. Жишээлбэл, тэд засуулсныхаа дараа Дээрхийн өнгө аяс ямар байгааг, тэвчээртэй байгаа эсэхийг, эрж хайж буй асуултад нь нухацтай хариулах эсэхийг, өөрсдөд нь илүү зөөлөн хандах эсэхийг, даалгавар өгөх эсэхийг, өөрсдийг нь өндрөөр үнэлсээр байх эсэхийг, өмнө нь гаргасан алдааных нь талаар Дээрх үнэхээр юу гэж бодож байгааг харахын тулд Дээрхээс эрж хайх шалихгүй асуудлыг хурдан гаргаж ирдэг. Эдгээр арга барил бүгд нэг төрлийн сорилт юм. Товчхондоо, ийм нөхцөл байдалтай тулгарч, эдгээр илрэлийг үзүүлэх үедээ хүмүүс зүрх сэтгэлдээ ингэж байгаагаа мэддэг үү? (Тийм ээ, мэддэг.) Тэгвэл та нар мэдсэн хэрнээ эдгээр зүйлийг хийхийг хүсэх үедээ үүнийг хэрхэн зохицуулдаг вэ? Нэгдүгээрт, хамгийн энгийн түвшинд, чи өөрөөсөө урваж чадах уу? Зарим хүнд цаг нь ирэхэд өөрөөсөө урвах хэцүү санагддаг; тэд “Болъё доо, энэ удаа энэ нь миний ерөөл, төгсгөлтэй холбоотой байна. Би өөрөөсөө урваж чадахгүй. Дараагийн удаа” гэж боддог. Дараагийн удаа болоход, тэд ерөөл, төгсгөлтэй нь холбоотой асуудалтай дахин тулгарах үедээ өөрөөсөө урваж чадахгүй хэвээр байдаг. Ийм хүмүүст мөс чанарын мэдрэмж байдаг бөгөөд хэдийгээр тэдэнд антихристийн зан чанар-мөн чанар байхгүй ч байдал тэдний хувьд нэлээд төвөгтэй, аюултай хэвээр байдаг. Нөгөөтээгүүр, антихристүүд ихэвчлэн ийм бодол тээж, ийм байдалд амьдардаг боловч тэд хэзээ ч өөрөөсөө урвадаггүй, учир нь тэдэнд мөс чанарын мэдрэмж байдаггүй. Хэн нэгэн тэднийг ил болгож, засаж, байдлыг нь хэлж өгсөн ч тэд зөрүүдэлж, өөрөөсөө яавч урвахгүй, үүнээс болж өөрсдийгөө үзэн ядахгүй, эсвэл энэ байдлаа орхиж, шийдвэрлэхгүй. Зарим антихрист чөлөөлөгдсөнийхөө дараа “Чөлөөлөгдөх нь хэвийн зүйл мэт санагдавч бага зэрэг шившигтэй санагдаж байна. Энэ нь тийм ч чухал асуудал биш боловч миний орхиж чадахгүй нэг чухал зүйл байна. Хэрвээ би чөлөөлөгдвөл бурхны гэр намайг цаашид хөгжүүлэхгүй гэсэн үг үү? Тэгвэл бурхны нүдээр би ямархуу хүн байх вэ? Надад найдвар байх уу? Би бурхны гэрт ямар нэгэн байдлаар хэрэгтэй байх уу?” гэж боддог. Тэд үүнийг эргэцүүлэн бодож, нэг төлөвлөгөө гаргадаг: “Надад арван мянган юань гар дээр минь байна, одоо үүнийг ашиглах цаг нь болж. Би энэ арван мянган юанийг өргөл болгон өргөөд, дээрхийн надад хандах хандлага бага ч гэсэн өөрчлөгдөх эсэхийг, мөн тэд надад бага зэрэг тааламжтай хандах эсэхийг харъя. Хэрвээ бурхны гэр мөнгийг хүлээж авбал надад найдвар байсаар байна гэсэн үг. Хэрвээ мөнгийг хүлээж авахгүй бол надад ямар ч найдвар байхгүй гэдгийг баталж байгаа хэрэг бөгөөд би өөр төлөвлөгөө гаргана.” Энэ ямар төрлийн арга барил вэ? Энэ бол сорилт юм. Товчхондоо, сорилт бол хорон муу зан чанар-мөн чанарын харьцангуй илэрхий илрэл юм. Хүмүүс хүссэн мэдээллээ олж авах, баттай мэдэж авах, улмаар сэтгэлийн амар амгаланд хүрэхийн тулд янз бүрийн арга хэрэгсэл ашигладаг. Бурханаас үг унагахын тулд үг ашиглах, Түүнийг сорихын тулд эд зүйл ашиглах, оюун ухаандаа аливааг бодож, эргэцүүлэх гэх мэт сорих олон арга байдаг. Та нар Бурханыг сорихдоо хамгийн түгээмэл хэрэглэдэг арга юу вэ? (Заримдаа Бурханд залбирах үедээ би Бурханы надад хандах хандлагыг шалгаж, зүрх сэтгэлд минь амар амгалан байгаа эсэхийг хардаг. Би Бурханыг сорихын тулд энэ аргыг ашигладаг.) Энэ аргыг нэлээд түгээмэл ашигладаг. Өөр нэг арга нь, цуглаан дээр нөхөрлөлийн үед хэлэх зүйл байгаа эсэхээ, Бурхан гэгээрэл юм уу гэрэлтүүлэлтээр хангаж байгаа эсэхийг харах юм, Бурхан өөртэй нь хамт байсаар байгаа эсэхийг, Тэр өөрийг нь хайрласаар байгаа эсэхийг сорихын тулд энэ аргыг ашигладаг. Мөн үүргээ гүйцэтгэх явцдаа Бурхан өөрийг нь гэгээрүүлж, залж чиглүүлж байгаа эсэхийг, өөрт нь ямар нэгэн онцгой бодол, санаа, эсвэл ойлголт байгаа эсэхийг харж—Бурхан өөрт нь ямархуу хандлагатай байгааг сорихын тулд эдгээрийг ашигладаг. Эдгээр арга бүгд нэлээд түгээмэл байдаг. Өөр зүйл байна уу? (Хэрвээ би залбирахдаа Бурханд амлалт өгсөн ч түүнийгээ биелүүлж чадахгүй бол Бурхан миний өгсөн тангаргийн дагуу надад хандах эсэхийг ажигладаг.) Энэ бас нэг төрөл нь юм. Хүмүүс Бурханд хандахдаа ямар ч арга ашигласан бай, хэрвээ тэд үүнийхээ төлөө мөс чанартаа гэмшиж, улмаар эдгээр үйлдэл, зан чанарынхаа талаар мэдлэгтэй болж, даруй өөрсдийгөө нааштайгаар эргүүлж чадвал асуудал тийм ч ноцтой биш—энэ нь хэвийн завхарсан зан чанарт хамаарна. Гэсэн хэдий ч хэрвээ хэн нэгэн Бурханд жигшигддэг, буруу гэдгийг нь мэдсээр байж үүнийг байнга, зөрүүдлэн хийж чаддаг бөгөөд үүндээ тууштай байж, хэзээ ч өөрөөсөө урваж, үүнийг орхидоггүй бол энэ нь антихристийн мөн чанар юм. Антихристийн зан чанар-мөн чанар нь жирийн хүмүүсийнхээс өөр байдаг бөгөөд тэд хэзээ ч өөрсдийгөө эргэцүүлдэггүй, үнэнийг эрж хайдаггүй, харин Бурханыг, хүмүүст хандах Түүний хандлагыг, хувь хүний талаарх Түүний дүгнэлтийг, мөн хүний өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар Түүний бодол санаа юу болохыг сорихын тулд янз бүрийн аргыг байнга, зөрүүдлэн ашигладаг. Тэд хэзээ ч Бурханы санаа зорилго, үнэнийг эрж хайдаггүй, ялангуяа зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд үнэнийг хэрхэн дуулгавартай дагахыг бүр ч эрж хайдаггүй. Тэдний бүх үйлдлийн цаад зорилго нь Бурханы бодол санааг тандах явдал юм—энэ бол антихрист. Антихристүүдийн энэ зан чанар нь илт хорон муу юм. Тэд эдгээр үйлдлийг хийж, эдгээр илрэлийг гаргах үедээ өчүүхэн төдий ч гэм буруу, эсвэл гэмшлийг мэдэрдэггүй. Тэд өөрсдийгөө эдгээр зүйлтэй холбож үзсэн ч гэмших, эсвэл зогсох санаа зорилго огт харуулдаггүй, харин өөрсдийнхөөрөө зүтгэсээр байдаг. Тэдний Бурханд хандах хандлага, арга барилаас тэд Бурханыг дайснаа гэж үздэг нь илэрхий байдаг. Тэдний бодол санаа, үзэл бодолд Бурханыг танин мэдэх, Бурханыг хайрлах, Бурханыг дуулгавартай дагах, Бурханаас эмээх ямар ч санаа, хандлага байдаггүй; тэд зүгээр л Бурханаас хүссэн мэдээллээ олж авахыг хүсдэг бөгөөд Бурханы өөрсдөд нь хандах яг таг хандлага, өөрсдийнх нь талаарх тодорхойлолтыг баттай мэдэхийн тулд өөрсдийн арга хэрэгслийг ашигладаг. Бүр ноцтой нь, тэд өөрсдийнхөө арга барилыг Бурханы ил болгодог үгтэй харьцуулж үзэж, энэ зан авир нь Бурханд жигшигддэг, хүний хийх ёстой зүйл биш гэдгийг өчүүхэн төдий ч гэсэн ухамсарласан ч үүнийгээ хэзээ ч орхихгүй.
Өмнө нь Бурханы гэрт нэг дүрэм журам байсан: Хөөгдсөн, эсвэл зайлуулагдсан хүмүүсийн тухайд, хэрвээ тэд дараа нь жинхэнэ гэмшил харуулж, Бурханы үгийг уншиж, сайн мэдээ номлож, Бурханыг гэрчилсээр байвал, мөн үнэхээр гэмшсэн бол тэднийг чуулганд буцаан оруулж болдог байв. Зайлуулагдсаныхаа дараа эдгээр шалгуурыг хангасан нэг хүн байж таарсан бөгөөд чуулган түүнийг олж, түүнтэй нөхөрлөж, чуулганд буцаж орсон гэдгийг нь хэлүүлэхээр хүн явуулжээ. Үүнийг сонсоод тэр ихэд баярласан боловч “Энэ хүлээн зөвшөөрөлт нь жинхэнэ үү, эсвэл цаана нь ямар нэг санаа байна уу? Миний гэмшлийг бурхан үнэхээр харсан уу? Надад тэр үнэхээр өршөөл үзүүлж, намайг уучилсан уу? Миний өнгөрсөн үйлдэл үнэхээр үл хэрэгсэгдсэн үү?” гэж эргэцүүлжээ. Тэр үүнд итгэсэнгүй, тэгээд “Тэд намайг буцааж авахыг хүсэж байгаа ч би биеэ барьж, шууд зөвшөөрөхгүй байх ёстой, хөөгдсөнийхөө дараах энэ жилүүдэд маш их зовж шаналсан, өрөвдөлтэй байсан мэт аашилж болохгүй. Би бага зэрэг биеэ барьж, буцаж орсон даруйдаа чуулганы амьдралд хаана оролцож болох, эсвэл ямар үүрэг гүйцэтгэж болох талаар асуухгүй байх хэрэгтэй. Би хэтэрхий урам зоригтой харагдаж болохгүй. Хэдийгээр би дотроо маш их баяртай байгаа ч тайван байж, намайг бурхны гэр үнэхээр буцааж авахыг хүсэж байна уу, эсвэл зүгээр л тодорхой ажилд намайг ашиглахын тулд хуурамч загнаж байна уу гэдгийг харах хэрэгтэй” гэж боджээ. Ингэж бодоод тэр: “Хөөгдсөнийхөө дараах хугацаанд би эргэцүүлж, гаргасан алдаа минь хэтэрхий ноцтой байсныг ухаарсан. Миний бурхны гэрийн ашиг сонирхолд учруулсан хохирол асар их бөгөөд би үүнийг хэзээ ч нөхөж чадахгүй. Би үнэхээр бурханд хараагдсан диавол, Сатан юм. Гэсэн хэдий ч би өөрийгөө бүрэн гүйцэд эргэцүүлж дуусаагүй хэвээр байна. Намайг бурхны гэр буцааж авахыг хүсэж байгаа учраас би бурхны үгийг бүр ч их идэж, ууж, эргэцүүлж, өөрийгөө илүү их танин мэдэх хэрэгтэй. Одоогоор би бурхны гэрт буцаж очих эрхгүй, бурхны гэрт үүргээ гүйцэтгэх эрхгүй, ах эгч нартайгаа уулзах эрхгүй бөгөөд бурхны өмнө очихоос маш их ичиж байна. Өөрийнхөө талаарх мэдлэг, эргэцүүлэл хангалттай болсон гэж мэдэрсэн үедээ л би чуулганд буцаж очно, ингэснээр хүн бүр надад үнэмшинэ” гэж хэлэв. Ингэж хэлэх зуураа тэр бас л түгшиж, “Би зүгээр л ингэж хэлж дүр эсгэж байна. Хэрвээ удирдагчид намайг чуулганд буцааж оруулахгүй гэж санал нийлбэл яах вэ? Би сүйрэх биш үү?” гэж бодож байв. Үнэн хэрэгтээ тэр ихэд санаа зовж байсан ч ингэж ярьж, чуулганд буцаж очихыг тийм ч их хүсэхгүй байгаа мэт дүр эсгэх хэрэгтэй байжээ. Тэр эдгээр зүйлийг хэлснээрээ юу гэх гэсэн бэ? (Чуулган түүнийг үнэхээр буцааж хүлээж авах эсэхийг тэр сорьж байсан.) Энэ шаардлагатай юу? Энэ нь Сатанууд, диаволуудын хийх зүйл биш гэж үү? Хэвийн хүн ингэж авирлах уу? (Үгүй, тэгэхгүй.) Хэвийн хүн тэгэхгүй. Ийм гайхалтай боломж олдсон байхад тэр ийм алхам хийж чадсан нь хорон муу юм. Чуулганд буцаж орох нь Бурханы хайр, өршөөлийн илэрхийлэл бөгөөд тэр өөрийн завхрал, дутагдлыг эргэцүүлж, танин мэдэж, өнгөрсөн өрөө төлөх арга замыг эрж хайх ёстой байв. Хэрвээ хэн нэгэн Бурханыг ийм маягаар сорьж, Бурханы өршөөлд ийм байдлаар хандсаар байж чадаж байгаа бол тэд Түүний сайхан сэтгэлийг үнэхээр үнэлж чадахгүй байна! Хүмүүст ийм санаа, арга барил бий болдог нь тэдний хорон муу мөн чанараас үүдэлтэй. Үндсэндээ хүмүүс Бурханыг сорих үед тэдний харуулдаг, илчилдэг зүйл нь онолын хувьд үргэлж Бурханы бодол санааг, түүнчлэн хүмүүсийн талаарх Түүний үзэл бодол, тодорхойлолт зэргийг сорихтой холбоотой байдаг. Хэрвээ хүмүүс үнэнийг эрж хайвал, ийм хэрэгжүүлэлтээс урваж, тэдгээрийг орхиж, үнэн-зарчмын дагуу үйлдэж, биеэ авч явах болно. Гэсэн хэдий ч антихристийн зан чанар-мөн чанартай хүмүүс ийм хэрэгжүүлэлтээс татгалзаж чаддаггүй, тэдгээрийг жигшүүртэй гэж үздэггүйгээр барам, ийм арга хэрэгсэл, аргатай байгаадаа өөрсдийгөө ихэвчлэн үнэлдэг. Тэд “Би ямар ухаантайг хараач. Би бурхан болон үнэнд дуулгавартай байж, дагахыг л мэддэг та нар шиг тэнэгүүдтэй адилгүй—би та нараас тэс өөр! Би эдгээр зүйлийг олж мэдэхийн тулд арга хэрэгсэл, арга ашиглахыг хичээдэг. Хэдий би дуулгавартай байж, дуулгавартай дагах ёстой байсан ч аливаа зүйлийн цаад учрыг олох л болно. Надаас ямар нэг зүйл нууж, эсвэл намайг мэхэлж, хуурч чадна гэж бүү бод” гэж бодож магадгүй. Энэ бол тэдний бодол, үзэл бодол юм. Антихристүүд бие махбодтой болсон Бурханд хандахдаа хэзээ ч дуулгавартай байдал, эмээх сэтгэл, чин сэтгэл харуулдаггүй, үнэнч байдлыг бүр ч харуулдаггүй. Үүгээр сорилттой холбоотой илрэлийн талаарх бидний хэлэлцүүлэг өндөрлөж байна.
е. Шаардлага тавих
Дараагийн зүйл бол антихристүүд Бурханд шаардлага тавьдаг явдал бөгөөд үүний илүү тодорхой илрэлүүд байдаг. Антихристүүдийг шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр “ашиггүй бол нэг хуруугаа ч хөдөлгөхгүй” гэж тодорхойлж болно. Өөр юу гэж тодорхойлж болох вэ? (Тэд “туулай хараагүй цагт шонхроо тавьдаггүй”.) Тэд туулай хараагүй цагт шонхроо тавьдаггүй—хэрвээ ашигтай бол тэд хийнэ, харин ашиггүй бол хийхгүй. Ямар ч нөхцөл байдал байсан бай, тэд оюун ухаандаа цэгнэж үзэн, “Үүнийг хийснээр би хэр их давуу тал олж авах вэ? Хэр их ашиг хонжоо олж чадах вэ? Үүний төлөө ийм өндөр төлөөс төлөх хэрэг байна уу? Хэрвээ би их төлөөс төлөөд, эцэст нь бусад хүн давуу талыг нь олж авбал, мөн би өөрийгөө дөвийлгөж чадахгүй бол би үүнийг яавч хийхгүй!” гэж боддог. Энэ нь Бурханы даалгавар, шаардлагад хандах антихристүүдийн хандлага биш гэж үү? Хэрвээ үүргээ гүйцэтгэхдээ бага зэрэг хүчин чармайлт гаргасан ч ямар нэгэн ашиг тус олж аваагүй бол, мөн нигүүлсэл хүртэлгүй бага зэрэг зовлон туулбал тэд дотроо шууд л хариу үйлдэл үзүүлж, “Би маш их хүчин чармайлт гаргасан байхад—яагаад ямар ч ашиг тус олж авсангүй вэ? Манай гэр бүлийн бизнес ер нь ашигтай байна уу?” гэж хэлдэг. Хэрвээ тэд тооцоолж үзээд, орлого нь өмнөх сарынхаас их байгааг мэдвэл эрсдэлтэй байсан ч айлгүйгээр үргэлжлүүлэн гарч, сайн мэдээ номлодог. Харин гэр бүлийнх нь бизнест асуудал гарч, ашиг нь өмнөх сарынхаас мэдэгдэхүйц багасвал тэд зүрх сэтгэлдээ шууд л Бурханд гомдоллож, эргэлзэж, “Би үүргээ залхууралгүй, ов мэх гаргалгүй, хааш яаш хийлгүй гүйцэтгэсэн шүү дээ, бурхан минь. Энэ сард би өмнөх сараас илүү их явж, илүү их ажил хийсэн. Та яагаад манай гэр бүлийг ерөөхгүй байгаа юм бэ? Манай гэр бүлийн бизнес яагаад муу байна вэ?” гэж боддог. Бурханд болон Бурханы даалгаварт хандах тэдний хандлага шууд өөрчлөгддөг бөгөөд тэд “Хэрвээ та манай гэр бүлийг ерөөхгүй бол үүргээ хааш яаш гүйцэтгэлээ гэж намайг битгий буруутгаарай. Дараа сард би тийм их хүчин чармайлт гаргахгүй. Хэрвээ би таван цагт босох ёстой бол зургаан цагт босно. Хэрвээ найман цагт гарах ёстой бол арван цагт гарна. Өмнө нь би сард сайн мэдээний таван байг элсүүлж чаддаг байсан; энэ удаа би хоёрыг л элсүүлнэ. Тэр хангалттай байх ёстой!” гэж боддог. Тэд юуг тооцоолж байна вэ? Тэдний оруулсан хувь нэмэр, зориулсан зүйл нь Бурханы тэдэнд өгдөг зүйлтэй тэнцүү эсэхийг тооцоолж байгаа юм. Түүгээр ч барахгүй, Бурханы тэдэнд өгдөг зүйл нь гуйж, хүсэж байгаагаас нь хэд дахин их байсан цагт л тэд үүнийг ашигтай, зовлон туулж, төлөөс төлөх үнэ цэнтэй гэж үздэг. Эс бөгөөс, Бурханы гэр тэдэнд ямар ч ажил, үүрэг даалгасан бай, тэд бүгдэд нь ижилхэн ханддаг—хааш яаш авирлаж, аргацааж болох үедээ аргацааж, хэлбэрдэж болох үедээ хэлбэрддэг бөгөөд өчүүхэн төдий ч чин сэтгэл хэрхэвч хэзээ ч гаргадаггүй. Энэ илрэл нь шаардлага тавих болон наймаалцахын аль аль нь юм; хүмүүс наймаалцах боломжтой үед л шаардлага тавьдаг бөгөөд наймаа байхгүй бол тэдэнд ямар ч шаардлага байхгүй.
Антихристүүд Бурханы даалгавар, Бурханы гэрийн ажил, эсвэл өөрсдийн үүрэгт хандах өчүүхэн төдий ч чин сэтгэл, эсвэл үнэнч байдлыг зүрх сэтгэлдээ хэзээ ч тээж байгаагүй. Тэд ердөө л өөрсдийн оюун ухаан, эрч хүч, цаг хугацаа болон махан биеийн зовлон, төлсөн төлөөсөө ерөөл хүртэх хүслээ хангах, авахыг хүсэж буй шагнал, мэдээж хэрэг махан биеийн амар амгалан, баяр баясгалан, дотоод тогтвортой байдал, энэ насны гэр бүлийн аз жаргал, тэр ч байтугай эргэн тойрныхоо нөхцөл байдлын саадгүй байдал, түүнчлэн бусад хүмүүсийн хүндлэл, бишрэл, эерэг үнэлгээгээр солиход ашигладаг. Товчхондоо, антихристүүд Бурханы гэрт хэзээ ч үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэггүй бөгөөд тэд өчүүхэн төдий ч үнэнч байдал яавч гаргахгүй. Бэрхшээл туулж, төлөөс төлөх, эсвэл хааш яаш аргацаахын аль нь ч бай тэдний эцсийн зорилго бол өөрсдийн хүслийг хангахын тулд хүссэн зүйлээ Бурханаас шаардах явдал юм. Тиймээс тэд гай зовлон, засалт, эсвэл өөрсдөд нь тааламжгүй санагддаг хүмүүс, үйл явдал, зүйлстэй тулгарах бүрдээ шууд л “Эдгээр зүйл тохиолдсон нь миний ашиг сонирхолд нөлөөлж байна уу? Эдгээр нь миний нэр хүндэд нөлөөлөх үү? Эдгээр нь миний ирээдүй болон цаашдын хөгжилд нөлөөлөх үү?” гэж боддог. Үүргээ гүйцэтгэх явцад тэдний илрэл эерэг, эсвэл сөрөг байхаас үл хамааран ямар ч тохиолдолд тэд хэзээ ч үнэн-зарчмын дагуу ажилладаггүй. Тэдний оюун ухаан наймаагаар дүүрэн байдаг, тэд бизнесмен хүн шиг төлж, өргөж буй зүйлийнхээ үнэ цэнийг үнэлж, өөрсдийнх нь зардал хэр их ашиг авчрахыг тооцоолдог. Зарим хүн “Бид авралд хүрэхийн тулд үнэн, амийг олж авахаар Бурханд итгэдэг” гэж хэлж магадгүй. Гэвч антихристүүд “Аврал ямар үнэ цэнтэй юм бэ? Үнэнийг ойлгох нь ямар үнэ цэнтэй юм бэ? Энэ зүйлс ямар ч үнэ цэнгүй. Энэ амьдралд зуу дахин ихийг, ирэх ертөнцөд мөнх амийг хүртэх нь л жинхэнэ үнэ цэнтэй зүйл юм. Энэ амьдралд бусдад өргөмжлүүлж, хүндлүүлэх, бурхны гэрт мундаг гэж дээдлүүлэх, мөн ирэх ертөнцөд үй олон үндэстнийг захирах эрх мэдэлтэй байх—энэ бол жинхэнэ бодитой ашиг хонжоо юм” гэж боддог. Энэ бол антихристүүдийн амбиц бөгөөд үүргээ гүйцэтгэхийн цаана зүрх сэтгэлийнхээ гүнд хийдэг тэдний тооцоо юм. Энэ тооцоо нь наймаа болон шаардлагаар дүүрэн байдаг. Үүрэгтээ болон Бурханд хандах тэдний өчүүхэн “чин сэтгэл” нь Бурхан тэдэнд мөнх амь хайрлаж, тэднийг сүйрлээс хамгаалж, тэдэнд ерөөл, нигүүлсэл өгч, бүх хүслийг нь хангана гэдгийг баталгаажуулахын төлөө гагцхүү байдаг. Тиймээс антихристүүдийн зүрх сэтгэл Бурханд тавих янз бүрийн шаардлагаар дүүрэн байдаг бөгөөд үүнийг нийтэд нь шаардлага тавих гэж нэрлэдэг. Үнэнийг хүсдэггүйг эс тооцвол антихристүүд бусад бүх зүйлийг—материаллаг болон материаллаг бус зүйлсийн аль алиныг нь хүсдэг.
Зарим антихрист ах эгч нарт, эсвэл чуулганд өмнө нь бага зэрэг хувь нэмэр оруулсан байдаг. Жишээлбэл, тэд чуулганд тодорхой эрсдэлтэй ажил хариуцаж авсан, эсвэл гэртээ харьж чадахгүй байсан ах эгч нарыг гэртээ хүлээн авсан байж магадгүй. Бурханд итгэсэн харьцангуй урт хугацааг нь нэмбэл ихэнх хүн тэднийг гавьяатай, шалгуур хангасан хүмүүс гэж үздэг. Үүний зэрэгцээ, тэд өөрсдөө ч өөрсдийгөө давуу, илүү гэж санадаг. Тэд ахмад насандаа найдаж, үүгээрээ гайхуулан “Би бурханд олон жил итгэж, бурхны гэрт багагүй хувь нэмэр оруулсан. Надад бурхан онцгой хандах ёстой биш үү? Жишээлбэл, гадаадад явах нь хүмүүсийн эдэлдэг ерөөл юм. Хүмүүсийн ахмад насыг бодолцон үзвэл би давуу эрхтэй байх ёстой биш үү? Би бурхны гэрт хувь нэмэр оруулсан учраас надад давуу эрх олгож, онцгой анхаарал халамж тавих ёстой бөгөөд намайг зарчимд үндэслэн үнэлэх ёсгүй” гэж хэлдэг. Зарим хүн бүр шоронд орж, суллагдсаныхаа дараа орон гэргүй болчхоод, Бурханы гэр өөрсдөд нь онцгой анхаарал халамж тавих ёстой гэж боддог: Жишээлбэл, байшин худалдаж авахад нь туслахын тулд хэсэг мөнгө хуваарилж, амьдралынх нь сүүлийн хагаст амьжиргааг нь хариуцах ёстой, эсвэл тэдний шаардсан бүх материаллаг хэрэгцээг хангах ёстой гэдэг. Хэрвээ тэдэнд хэрэгцээ гарвал Бурханы гэр тэднийг машинаар хангах ёстой. Хэрвээ тэдэнд эрүүл мэндийн асуудал гарвал Бурханы гэр эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн авч өгөх ёстой. Тэд ахмад настайгаараа далимдуулж, шалгуур хангаснаа гайхуулж байгаа хэрэг биш үү? Энэ хүмүүс өөрсдийгөө хувь нэмэр оруулсан гэж боддог учраас Бурханд ичгүүргүйгээр, ил тод шаардлага тавьдаг. Тэд машин, байшин, тансаг амьдралын хэв маяг шаарддаг. Тэр ч байтугай ах эгч нараас ажил хэргийг нь зохицуулж, өөрсдөд нь үнэгүй зарагдаж, зарц, боол нь болохыг шаарддаг. Тэд чуулганыг шулж амьдардаг хүн болж хувираагүй гэж үү? Чиний Бурханд итгэх итгэл үнэндээ өөрийн чинь төлөө байдаг бөгөөд чи өөрийнхөө төлөө шоронд ордог. Чи ямар ч үүрэг гүйцэтгэсэн тэр бол чиний хариуцлага. Чи өөрөө өөрийнхөө төлөө л үүргээ гүйцэтгэж, үнэнийг олж авах гэж байгаа. Бурханд итгэх итгэл чинь сайн дурынх бөгөөд хэн ч чамайг албадаагүй. Чи бусдын төлөө биш өөрөө өөрийнхөө төлөө л амийг олж авах гэж байгаа. Хэдийгээр чи Бурханы гэр, эсвэл чуулганы төлөө зарим нэг эрсдэлтэй ажил хариуцаж авсан ч энэ нь гавьяанд тооцогдох уу? Энэ бол гавьяа биш; энэ бол чиний хийх ёстой зүйл. Энэ нь Бурхан чамайг өргөж, чамд ийм боломж олгож байгаа хэрэг; энэ бол Бурханы ерөөл юм. Энэ нь чуулганыг шулж амьдрах хөрөнгө болгон ашиглах зүйл чинь биш. Тэгвэл энэ хүмүүс антихристүүд мөн үү? Тэр тусмаа, энэ хүмүүс ямар ч үнэн-бодит байдлыг нөхөрлөж чаддаггүй бөгөөд итгээд удаагүй, залуу ах эгч нартай хамт байхдаа зөвхөн хуучин туршлагаа нөхөрлөж, шалгуур хангаснаа гайхуулдаг; тэд үнэ цэнтэй амьдралын туршлагын талаар ямар ч нөхөрлөл, эсвэл мэдлэггүй байдаг. Тэд бусдыг босгон байгуулдаггүй, харин оронд нь их зан гаргаж, ихэмсэг, дээрэнгүй авирладаг. Тэд Бурханы гэрт ямар ч дорвитой ажил хариуцаж чаддаггүй, ямар ч бодит үүргийг зохих ёсоор гүйцэтгэж чаддаггүй. Гэсэн ч тэд чуулганыг шулж амьдарсаар байдаг бөгөөд гараа сунган Бурханд шаардлага тавьдаг. Энэ ичгүүргүй хэрэг биш үү? Хэрвээ шалгуур хангасан байдлын талаар ярих юм бол би та нараас илүү шалгуур хангасан биш үү? Би та нарт их зан гаргасан уу? Би та нараас ямар нэг зүйл шаардсан уу? (Үгүй.) Тэгвэл антихристүүд яагаад ийм зүйл хийж чаддаг юм бэ? Учир нь тэд ичгүүргүй. Үүргээ хүлээж авах үедээ тэдний оюун ухаан наймаагаар дүүрэн байдаг. Үүргээ гүйцэтгэх үедээ тэдэнд зөв үзэл бодол байдаггүй бөгөөд үүнийг өөрсдийн үүрэг хариуцлага, эсвэл бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл гэж үздэггүй. Хэдийгээр тэд зарим нэг үүрэг гүйцэтгэж, бага зэрэг зовлон туулж, төлөөс төлж болох ч зүрх сэтгэлдээ юу бодож байдаг вэ? “Энэ ажлыг өөр хэн ч хийж чадахгүй. Хэрвээ би үүнийг хийвэл бурхны гэрт алдаршиж, хаа ч очсон хүндлүүлж, хаа сайгүй хамгийн сайныг эдлэх шалгуур хангана. Би бурхны гэрт мундаг хүн болж, хүссэн бүхнээ авч чадна, би шалгуур хангасан учраас хэн ч юу ч хэлж зүрхлэхгүй!” гэж боддог. Зан араншинд нь үндэслэн үзвэл антихристүүд Бурханд, Түүний даалгаварт, эсвэл Бурханы гэрийн ажилд өчүүхэн төдий ч чин сэтгэл, эсвэл хүсэл эрмэлзэлтэй хандах боломжгүй. Хэдийгээр тэд гаднаа зовлон туулж, төлөөс төлөхөд бэлэн, чадвартай мэт харагдавч үүнийхээ дараахан гараа сунган Бурханд шаардлага тавьж, шагнал гуйхад бэлэн байдаг бөгөөд чуулганыг шулж амьдарч, хаа сайгүй давуу тал олж авахыг хичээдэг. Тиймээс арга барилаас нь дүгнэвэл тэдний антихрист зан чанар-мөн чанарыг хорон муу гэж тодорхойлох нь хамгийн оновчтой юм. Үүрэг болон Бурханы даалгавартай холбоотой тэдний тээдэг бодол санаа, үзэл бодол нь хорон муу бөгөөд үнэнд нийцдэггүй, мөс чанарын стандартад бүр ч нийцдэггүй.
Антихристүүд ямар ч үүрэг гүйцэтгэсэн өөрсдийн хүслийг дагаж, хувийн алдар нэр, байр суурийг эрж хайдаг. Тэд хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй, өөрсдийгөө ч эргэцүүлдэггүй. Ажилд нь ямар нэгэн гажилт, эсвэл асуудал гарах үед үнэнийг эрэлхийлдэггүй, хүлээн авдаггүй хандлага гаргадаг. Харин ч тэд баримтыг нуун дарагдуулж, нүүр царай, хоосон алдар хүндээ хадгалж, бүх талаар өөрсдийгөө дөвийлгөж, хүмүүсийн хүндлэлийг хүлээх гэж үргэлж зүтгэдэг. Товчхондоо, тэдний зүрх сэтгэл хорон муу байдал, Сатаны гүн ухаан болон хүний үзэл, төсөөллөөр дүүрэн байдаг бөгөөд үнэнд нийцэх юу ч байдаггүй. Антихристүүд ямар ч үүрэг гүйцэтгэсэн хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй бөгөөд Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг дуулгавартай дагахыг хэзээ ч зорьдоггүй. Тэд үргэлж өөрсдийнхөө арга барилаар аливааг хийхээс зуурч, өөрсдийнхөө дур сонирхлын дагуу үйлддэг. Ямар ч ажил хийж байсан, тэд өөрсдөдөө хэрхэн ашигтай байж болохыг зүрх сэтгэлдээ тооцоолдог. Тэд өөрсдөд нь алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, бусад хүмүүсийн хүндлэл, бага зэрэг нэр төр авчирч чадах ямар үүрэг гүйцэтгэхээ л хэмждэг. Тэд үүргээ гүйцэтгэмэгцээ ололт амжилтаа Бурханы бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлж, тэдгээрийг оюун ухаандаа тооцож, хувь нэмэр бүрээ сайн тэмдэглэж, юуг ч орхигдуулахгүй байхыг хүсдэг. Тэд хэдий чинээ илүү их ажил хийж, хувь нэмэр нь агуу байх тусам хаанчлалд орж, шагнал, титэм хүртэх найдвар нь төдий чинээ их байна гэж боддог. Үүрэгтээ хандах антихристүүдийн хандлага, үзэл бодол яг ийм байдаг. Тэдний оюун ухаан наймаа, шаардлагаар дүүрэн байдаг—энэ нь тэдний уг чанар-мөн чанарыг харуулж байгаа биш үү? Тэдний оюун ухаан яагаад Бурхантай наймаалцах, Түүнд шаардлага тавихаар дүүрэн байдаг вэ? Шалтгаан нь тэдний зан чанар-мөн чанар хорон муу байдаг—энэ бол туйлын үнэн. Үүнийг антихристүүдийн үүрэгтэйгээ холбоотой тээдэг санаа, үзэл бодлоос харж болно—эдгээр нь тэдний зан чанар-мөн чанар хорон муу гэдгийг бүрэн баталдаг. Үнэнийг хэчнээн их нөхөрлөж, хүмүүсийн завхарсан зан чанарыг яаж ч ил болгож, задлан шинжилсэн ч антихристүүд зан чанар-мөн чанарынхаа талаар ямар ч мэдлэггүй байдгаа харуулдаг. Тэд үнэнийг хүлээн авахаас татгалзаад зогсохгүй, зүрх сэтгэлдээ дургүйцэл тээдэг. Ерөөл, шагнал хүртэх найдвар нь тасарсан мэт санагдах үед тэд Бурхан мэхэлж байна гэж боддог бөгөөд Бурханы ил болгож, задлан шинжилж байгаа нь шагналыг өгөхгүй байх гэсэн санаатай оролдлого бөгөөд хүмүүсийг Бурханы төлөө дэмий зарлагадуулж, эцэст нь юу ч олж авахгүй байхад хүргэж байна гэж боддог. Тэдний зүрх сэтгэл Бурханы ажил болон үнэнийг эергээр ухамсарлаж чаддаггүйгээр барам, тэд бүр үзэл, буруу ойлголт тээж, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлээ эрчимжүүлдэг. Тиймээс завхарсан хүн төрөлхтний сатанлаг зан чанар, мөн чанарыг хэдий чинээ их задлан шинжилж, Сатаны явуулга, сэдэл, зорилгыг хэдий чинээ их ил болгох тусам антихристүүд үнэнийг төдий чинээ их зэвүүцэж, үзэн яддаг. Яагаад ийм зүйл тохиолддог вэ? Үнэнийг хэдий чинээ их нөхөрлөнө, ерөөл хүртэх найдвар нь төдий чинээ бүдгэрнэ гэж тэд итгэдэг. Үнэнийг хэдий чинээ их нөхөрлөх тусам зовлон туулж, төлөөс төлснийхөө хариуд шагнал, титэм авах зам бүтэшгүй гэдгийг тэд төдий чинээ их мэдэрч, улмаар өөрсдөд нь ерөөл хүртэх найдвар байхгүй гэж итгэхэд хүрдэг. Ийм маягаар үнэнийг хэдий чинээ их нөхөрлөж, ийм төрлийн ил болгох явдал хэдий чинээ их явагдах тусам антихристүүд Бурханд итгэх итгэлдээ төдий чинээ сонирхолгүй болдог. Бурханы хэлсэн зүйлийн алинд нь ч хэр их зовлон туулж, төлөөс төлснөөр түүнтэй тэнцэхүйц шагнал авч болох талаар дурдаагүйг, мөн зөвхөн шаргуу хөдөлмөрлөснөөр тэнгэрийн хаанчлалд орох талаар Тэр юу ч хэлээгүйг хараад Бурхантай наймаа хийх зам нь мухардалд орсон мэт тэдэнд санагддаг. Тэд өөрсдийгөө Бурханы шийтгэхээр шийдсэн бай мөн гэдгийг сэтгэлийнхээ гүнд мэдэрч, түгшүүртэй айдас мэдэрч, дуусах цаг нь ирж байгаа мэт, амьд явах өдрүүд нь тоотой үлдсэн мэт санагддаг. Антихристүүдийг ил болгосон номлолуудыг ар араас нь сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Та нар бүгд толгой гудайлгаж байгааг би харж байна; та нарт бага зэрэг зүрх мохсон мэдрэмж төрж байна уу? Та нар антихристүүдийн замаар явж байгаагаа ухаарсан уу? Та нарын бодол санаа бас Бурхантай наймаалцах ийм хорон муу санаагаар дүүрэн байна уу? Та нар одоо ямар нэгэн ойлголттой болсон уу? Та нар нөхцөл байдлыг хурдан эргүүлж чадах уу? (Би бас нөхцөл байдлыг хурдан эргүүлэх хэрэгтэй гэж бодож байна; би антихристийн эдгээр зан чанартай цаашид амьдарч болохгүй.) Хэдийгээр та нарт бүгдэд нь антихристүүдийн зан чанар, Бурхантай наймаалцаж, ерөөл хүртэх санаа зорилго байгаа ч та нар хараахан антихристүүд биш юм. Тиймээс та нар асуудлыг шийдвэрлэхийн тулд даруй үнэнийг эрж хайж, ангалын ирмэгээс өөрсдийгөө татаж, үнэнийг эрэлхийлэх замд орох ёстой. Тэгвэл асуудал шийдэгдэх биш үү? Антихристүүдийн зан чанартай байж, тэдний замаар явах нь амархан шийдвэрлэж болох асуудал юм. Чи үнэнийг хүлээн авч, өөрийгөө эргэцүүлж, доторх завхарсан зан чанараа мэдэж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлэх асуудлын мөн чанарыг ойлгож, улмаар энэхүү буруу эрэлхийллийн арга барилаа орхиж, Бурханд итгэх итгэлийнхээ буруу үзэл бодлыг хаяж, ерөөл хүртэх санаа зорилгоо гээж, зөвхөн үнэнийг эрэлхийлэхийн тулд, шинэ хүн болох зорилгоор Бурханд итгэж, зөвхөн Бурханд дуулгавартай хүн болохыг эрэлхийлж, хүмүүсийг шүтэж, дагалгүйгээр зөвхөн Бурханыг шүтэн мөргөж чадвал байдал чинь аажмаар хэвийн болно. Чи үнэнийг эрэлхийлэх замд орох болно—үүнд эргэлзэх зүйлгүй. Харин чи үнэнийг хүлээн авахгүй, үнэнийг зэвүүцэж, Бурхантай наймаалцах, мөн алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлэх нь буруу гэдгийг мэдсээр байж зөрүүдэлж, хэзээ ч гэмшихгүй байх вий гэдгээс айх хэрэгтэй. Ийм тохиолдолд чи антихристийн уг чанар-мөн чанартай бөгөөд таягдан хаягдах ёстой. Хэрвээ чи олон муу зүйл хийвэл шийтгэлтэй нүүр тулна.
Антихристүүд болон жирийн завхарсан хүмүүсийн ялгаа нь, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, ерөөл эрэлхийлж, Бурхантай наймаа хийх нь антихристүүдийн хувьд зүгээр нэг түр зуурын, эсвэл хааяа нэг байдаг илрэл биш—тэд эдгээр зүйлээр амьдардагт оршдог. Тэд антихристүүдийн зам гэх ганцхан замыг сонгож, антихристүүдийн уг чанар болон сатанлаг гүн ухааны дагуу амьдардаг. Жирийн завхарсан хүмүүс хоёр дахь сонголтод хүрч, үнэнийг эрэлхийлэх замаар явж чаддаг бол антихристүүд үнэнд дургүй бөгөөд тэдэнд ийм хэрэгцээ байдаггүй. Тэдний уг чанар сатанлаг гүн ухаанаар дүүрэн байдаг бөгөөд тэд зөв сонголт хийхгүй. Антихристүүд хэзээ ч үнэнийг хүлээн авахгүй; тэд буруу зүйлдээ эцсээ хүртэл тууштай байж, хэзээ ч замаасаа буцаж, гэмшихгүй. Тэд Бурхантай хийх наймаагаар дүүрэн байж, алхам тутамдаа Түүнийг сорьж, Түүнтэй дайсагналцдаг гэдгээ мэддэг. Гэсэн хэдий ч тэдэнд өөрсдийн гэсэн шалтгаан байдаг бөгөөд тэд “Үүнд буруу юм юу байгаа юм бэ? Зарим нэг материаллаг ерөөлийг бурхнаас шаардаж, байр суурийн зарим ашиг туст шунах нь шившигтэй үйлдэл биш. Би хүн алж, хүрээ талаагүй, бурхныг ил тод эсэргүүцээгүй. Мэдээж, би бие даасан хаанчлал байгуулахаар ажиллаж, бага зэрэг дур мэдэн авирласан ч хэнд ч хор хөнөөл учруулж, хэнийг ч гомдоогоогүй, мөн бурхны гэрийн ажилд нөлөөлж, хохирол учруулаагүй” гэж боддог. Энэ бол авралгүй хэрэг биш гэж үү? Бурханы гэр үнэний талаар хэчнээн их нөхөрлөж, тэднийг ил болгож, зассан ч тэд алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг—энэ бол авралгүй хэрэг юм. Энэ бол антихристүүдийн мөн чанар юм. Хэрвээ чи тэднийг ёрын муу, эсвэл хорон муу гэж хэлбэл тэд тоохгүй бөгөөд ёрын муу, хорон муу байдалдаа тууштай байх болно. Энэ нь антихристүүдийн хэрхэвч гэмшдэггүй хүмүүс гэдгийг харуулдаг. Чи ийм хүмүүстэй үнэний талаар нөхөрлөсөөр байх уу? Тэд ямар зүйл эерэг, ямар нь сөрөг болохыг ч мэддэггүй; чи тэдэнд юу хэлж чадах вэ? Хэлэх зүйл юу ч байхгүй. Антихристүүд хорон муу зан чанар-мөн чанараар дүүрэн байдаг бөгөөд энэ зан чанар дотроо амьдардаг. Бурханыг сорьж, Түүнтэй наймаалцах нь тэдний төрөлх уг чанар бөгөөд хэн ч тэднийг өөрчилж чадахгүй—тэд ямар ч нөхцөл байдалд өөрчлөгддөггүй. Яагаад тэд өөрчлөгддөггүй вэ? Тэдэнд үнэнийг хэчнээн их нөхөрлөсөн ч, үг нь хэчнээн ойлгомжтой, бүрэн ил болгосон байсан ч тэд жинхэнэ асуудлыг ухамсарладаггүй учраас өөрчлөгддөггүй. Тэд үнэнийг ойлгож чаддаггүй бөгөөд юу нь үнэн, юу нь сөрөг зүйл болохыг мэддэггүй; шалтгаан нь энэ юм.
Антихристүүд янз бүрийн асуудлаар Бурхантай наймаалцаж, Түүнд шаардлага тавьдаг. Мэдээж, тэд баригдахуйц болон үл баригдахуйц, материаллаг болон материаллаг бус, өнөөгийн болон ирээдүйн гээд олон зүйлийг шаарддаг. Тэд төсөөлж чадаж л байвал, хүртэх эрхтэй гэж итгэж л байвал, мөн энэ нь тэдний хүсэж буй зүйл л байвал тэд Бурхан өөрсдөд нь өгнө гэж найдан Түүнд ичгүүргүйгээр шаардлага тавьдаг. Жишээлбэл, тэд тодорхой нэг үүрэг гүйцэтгэх үедээ онцгойрч, гарамгай хүн болохын тулд, олны анхаарлын төвд байх боломжтой болж, хүссэн байр сууриа илүү олон хүний хүндлэлийн хамт олж авахын тулд Бурханыг өөрсдөд нь зарим нэг онцгой чадвар өгөөсэй гэж найддаг. Тэд Түүнд залбиран, “Үүргээ үнэнчээр гүйцэтгэхэд би бэлэн байна, бурхан минь. Энэ үүргийг танаас хүлээж авсныхаа дараа үүнийг хэрхэн сайн гүйцэтгэх талаар би өдөр бүр боддог. Би бүх насаараа эрч хүчээ үүнд зориулж, танд залуу насаа, өөрт байгаа бүхнээ өргөхөд бэлэн байна; үүний төлөө би бэрхшээл туулахад бэлэн байна. Надад хэлэх үг, оюун ухаан, мэргэн ухаан хайрлаж, энэ үүргийг гүйцэтгэх явцад мэргэжлийн ур чадвар, чадамжаа сайжруулах боломжийг надад олгооч” хэмээдэг. Үнэнч байдлаа илэрхийлж, үзэл бодлоо хэлснийхээ дараа антихристүүд эдгээр зүйлийг гуйхаар Бурхан руу шууд л гар сунгадаг. Хэдийгээр эдгээр зүйл нь үл баригдахуйц бөгөөд хүмүүсийн хувьд Бурханаас эдгээрийг гуйх нь үндэслэлтэй гэж боддог ч энэ нь наймаалцаж, шаардлага тавих нэг хэлбэр биш гэж үү? (Тийм, мөн.) Энэ наймааны гол зүйл нь юу вэ? Бидний задлан шинжилж буй мөн чанар юу вэ? Антихристүүдэд Бурханы даалгасан үүрэгт хандах ямар ч чин сэтгэл байдаггүй бөгөөд тэд энэ хэрэгт үнэнч байхыг ч зорьдоггүй. Үүнийг хийхээсээ өмнө тэдний бодол санаа энэ боломжийг ашиглан үүргээ сайн гүйцэтгэж, ойлгох ёстой үнэнийг эрж хайж, эрж хайх ёстой зарчмыг эрж хайхын оронд авьяас чадвараа харуулж, хүмүүсийн дунд алдар нэр олж авахын тулд энэ боломжийг хэрхэн ашиглах талаар эргэлдэж байдаг. Тиймээс антихристүүд Бурханы өмнө ирж залбирахдаа юун түрүүнд оюун ухаан, мэргэн ухаан, өвөрмөц ойлголт, гарамгай ур чадвар, сүнслэг нүд нь нээгдэх гэх мэт өөрсдийнх нь нэр хүнд, байр сууринд ашигтай зүйлсийг авах гэж гараа сунган, хүсдэг. Тэд үнэнийг ойлгохын тулд, эсвэл чин сэтгэлээ зориулж, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд эдгээр зүйлийг хүсдэггүй. Эдгээр хүсэлт нь наймаа, шаардлагаар дүүрэн байдаг нь мэдээж бөгөөд тэд өөрсдийнхөө зөв гэж санасаар байдаг. Хүмүүсийн хийдэг ийм төрлийн залбирал, ийм төрлийн наймааны тухайд, хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ зовлон туулж, төлөөс төлсөн ч, тодорхой хэмжээний цаг хугацаа, эрч хүч зарцуулсан ч Бурхан үүнийг хүлээн авах уу? Бурханы өнцгөөс үзвэл Тэр үүргээ ийнхүү гүйцэтгэхийг яавч хүлээн авахгүй, учир нь ийм хүмүүсийн дотор чин сэтгэл, үнэнч байдал, жинхэнэ дуулгавартай байдал мэдээж байдаггүй. Энэ тал дээр үндэслэн үзвэл тэдний субьектив байдлаар эрэлхийлэхийг хүсдэг зүйл нь байр суурь, алдар нэр болон бусдын хүндлэл, бишрэл бөгөөд үүргээ гүйцэтгэх явцад тэдний амь-оролт, эсвэл зан чанарын өөрчлөлтөд ямар ч ахиц дэвшил гардаггүй.
Тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед антихристүүд зүрх сэтгэлдээ шууд л явуулга хийж, тооцоолж, төлөвлөж эхэлдэг. Тэд нягтлан бодогч шиг бүх зүйл дээр Бурхантай наймаа хийж, олон зүйл хүсэж, Бурханд олон шаардлага тавьдаг. Товчхондоо, Бурханы нүдээр эдгээр шаардлага бүгд үндэслэлгүй юм; эдгээр нь Бурханы хүмүүст өгөхийг зорьдог зүйл биш, хүмүүсийн авах ёстой зүйл ч биш, учир нь эдгээр зүйл хүмүүс зан чанарын өөрчлөлт эрэлхийлэх, эсвэл авралд хүрэх явдалд өчүүхэн төдий ч ашиг тус авчирдаггүй. Үүргээ гүйцэтгэх явцад чинь Бурхан чамд мэргэжилтэй чинь холбоотой бага зэрэг гэрэл, эсвэл шинэ санаа өгсөн ч энэ нь Бурханд шаардлага тавих хүслийг чинь хангахын тулд биш, хүмүүсийн дундах алдар нэр, эсвэл нэр хүндийг чинь өсгөх зорилготой бүр ч биш юм. Бурханаас ийм гэрэл, гэгээрэл авсныхаа дараа хэвийн хүн тэдгээрийг үүрэгтээ хэрэгжүүлж, үүргээ илүү сайн гүйцэтгэж, зарчмыг илүү нарийн ухамсарлаж, үүргээ гүйцэтгэх явцдаа Бурханаас хэрхэн их гэгээрэл, гэрэлтүүлэлт, нигүүлсэл хүртдэгээ аажмаар биечлэн мэдэрдэг—энэ бүхнийг Бурхан хийдэг. Тэд хэдий чинээ их туулах тусам Бурханы хийдэг зүйл агуу гэдгийг төдий чинээ их мэдэрч, өөрсдөд нь сайрхах зүйл юу ч байхгүй, бүгд Бурханы нигүүлсэл, удирдамж гэдгийг төдий чинээ их ухаардаг. Энэ бол хэвийн хүний мэдэрч, ухамсарлаж чадах зүйл юм. Гэвч антихристүүд өөр байдаг бөгөөд Бурхан тэдэнд хэчнээн их гэгээрэл, гэрэлтүүлэлт өгсөн ч тэд бүгдийг нь өөрсөдтэйгөө холбон тайлбарладаг. Нэг л өдөр тэд хувь нэмрээ тооцож, Бурханаас шагнал шаардахаар гараа сунган, Бурхантай тооцоо бодох үед Бурхан гэгээрэл, гэрэлтүүлэлтээ буцаан авч, антихристүүд илчлэгддэг. Өмнө нь тэдний хийж чадсан бүхэн Ариун Сүнсний ажил болон Бурханы удирдамжаас үүдэлтэй байсан. Тэд бусад хүнээс ялгаагүй: Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлтгүйгээр тэд билиг авьяас, оюун ухаан, мэргэн ухаан, сайн санаа, сайн бодлоо алддаг—тэд ямар ч хэрэггүй амьтад, тэнэгүүд болдог. Антихристүүд ийм зүйлтэй тулгарч, ийм хол явах үедээ зам нь буруу байгааг, мөн Бурхантай наймаалцаж, Түүнд үндэслэлгүйгээр шаардлага тавьж байгаагаа мэддэггүй хэвээр байдаг. Тэд өөрсдийгөө чадварлаг, юуг ч хийж чадна, бусдаар өндрөөр үнэлүүлж, бишрүүлж, хүндлүүлж, дэмжүүлж, өргөмжлүүлэх эрхтэй гэж бодсоор байдаг. Хэрвээ тэд эдгээр зүйлийг авахгүй бол нөхцөл байдлыг найдваргүй гэж үзэн, бүр ч бодлогогүй үйлдэж, Бурханд болон ах эгч нарт дургүйцэх дургүйцлээр дүүрдэг. Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг харааж, гомдоллон, Бурханыг зөвт бус гэж хэлж, ах эгч нарыг мөс чанаргүй, ачийг бачаар хариулдаг гэж харааж, тэр ч байтугай Бурханы гэрийг ашиглаж дууссаныхаа дараа өөрсдөөс нь салах гэж хичээж байна гэж буруутгадаг. Энэ юу вэ? Ичгүүргүй хүн! Бүх антихрист ийм байдаггүй гэж үү? Тэд байнга ийм зүйл хэлдэггүй гэж үү? Тэд “Намайг хэрэгтэй байж, чухал байр сууринд тавигдах үед хүн бүр намайг тойрон эргэлддэг байсан. Одоо би чухал байр сууринд байхаа болиход хэн ч намайг тоохгүй, хүн бүр намайг дорд үздэг, бас та нар бүгд надтай ярихдаа муухай харьцаж байна” гэж хэлдэг. Эдгээр үг хаанаас гардаг вэ? Эдгээр нь антихристүүдийн хорон муу зан чанараас улбаатай биш гэж үү? Тэдний хорон муу зан чанар нь хүмүүс болон Бурхантай хийх наймаагаар дүүрэн байдаг бөгөөд Бурханд хийгээд хүмүүст шаардлага тавьж, “Би та нарын өмнөөс аливааг зохицуулж, өөрийгөө зарлагадаж, төлөөс төлж, та нарын өмнөөс санаа зовдог учраас та нар надад хүндэтгэлтэй хандаж, надтай эелдэг ярих ёстой. Надад байр суурь байгаа эсэхээс үл хамааран та нар миний хийсэн бүхнийг үргэлж санаж, намайг үүрд оюун бодолдоо хадгалж, хэзээ ч мартах ёсгүй—намайг мартвал та нар мөс чанаргүй гэсэн үг. Та нар сайн зүйл идэж, хэрэглэх үедээ намайг бодох ёстой бөгөөд би үргэлж давуу эрхтэй байх ёстой” гэж хэлж байгаа мэт байдаг. Антихристүүд байнга ийм шаардлага тавьдаггүй гэж үү? (Тийм, тавьдаг.) “Та нарын уншдаг бурхны үгийн номуудыг хэн хэвлэсэн бэ? Хэн тэдгээрийг гарт чинь хүргэж өгсөн бэ? Хэрвээ би эрсдэл үүрч, баривчлагдах, шоронд хоригдох, эсвэл цаазын ял сонсох аюултай нүүр тулаагүй бол та нар эдгээр номыг уншиж чадах байсан уу? Хэрвээ би та нарыг услахын тулд бэрхшээл туулж, төлөөс төлөөгүй бол та нар чуулганы амьдралтай байж чадах байсан уу? Хэрвээ би сайн мэдээ номлохын тулд зовлон туулж, төлөөс төлөөгүй бол чуулган ийм олон хүнийг олж авч чадах байсан уу? Хэрвээ би та нарт өдөржин бурхны үгийг нөхөрлөөгүй бол та нарт ийм агуу итгэл байх байсан уу? Хэрвээ би та нарт арын албаны дэмжлэг үзүүлэхээр гүйгээгүй бол та нар одоо үүргээ тайван гүйцэтгэж чадах байсан уу? Хэрвээ би манлайлаагүй бол чуулганы ажил одоогийнх шигээ хэмжээнд хөгжиж чадах байсан уу?” гэж хэлдэг хүмүүс байдаг. Та нар ийм хүмүүстэй таарч байсан уу? Тэдний үгийг сонсоход тэдэнгүйгээр Бурханы гэрийн ажил урагшлах боломжгүй, дэлхий эргэхээ болих юм шиг санагддаг. Энэ нь антихристүүдийн сэтгэлгээ биш гэж үү? Эдгээр үгийг хашхирах тэдний зорилго юу вэ? Тэд өөрсдийгөө аливаад гавьяатай гэж байна уу, эсвэл гашуудаж, гомдоллож байна уу? Тэд Бурханы гэрт одоо өөрсдийгөө хэрэггүй болсон, ах эгч нар өөрсдийг нь үл тоомсорлосон, Бурханы гэр хүмүүст шударга бус ханддаг, Бурханы гэр өөрсдийг нь хангаж, хүндэлж, тэнд хөгшрөх боломж олгохгүй байна гэж боддог. Тэдний хашхираанд бас хараалын шинж чанар байхгүй гэж үү? Тэд бусдыг харааж, мөс чанаргүй гэж хэлдэг. Антихристүүд үнэндээ ямар үйлчлэл үзүүлдэг вэ? Тэдний хийдэг бүхэн үймүүлж, саад болдог бөгөөд хэлдэг бүхэн нь төөрөлдүүлдэг. Тэдэнд хүн чанар байдаггүй; тэд бол диаволууд. Яагаад хэн нэгэн тэдэнд мөс чанартай хандах ёстой гэж? Ингэх нь хэрэгтэй юу? (Үгүй.) Яагаад хэрэггүй гэж? Тэднийг дагаснаар хүн үнэнийг ойлгож чадах уу? (Үгүй.) Антихристүүдийг шүтэн мөргөж, дагадаг хүн бүр юу олж авдаг вэ? Тэд бүгд эдгээр антихристтэй хамт Бурханаас урваж, тэднээр там руу хөтлүүлдэг. Антихристүүд өөрсдийгөө юу гэж үздэг вэ? (Тэд өөрсдийгөө Бурхан гэж үздэг.) Энэ бол ичгүүргүй бодол юм. Хүмүүс Бурханд мөс чанартай хандах ёстой боловч Бурхан хүмүүсээс хэзээ ч тэгэхийг шаарддаггүй; Тэр хүмүүсээс зөвхөн үнэнийг ойлгож, үнэнийг хэрэгжүүлж, авралд хүрч чаддаг байхыг, мөн шалгуур хангасан бүтээгдсэн зүйл байхыг л шаарддаг. Та нарыг сайн хоол идэж байхдаа Намайг бодож, Надад бага зэрэг үлдээгээч, эсвэл сайхан газар байхдаа Намайг бодооч гэж би хэзээ та нараас ер нь гуйж байсан бэ? Та нарыг сайн идэж, сайн амьдарч, аз жаргалтай байх үед би хэзээ ер нь атаархаж байсан бэ? Би ер нь хэзээ та нарыг мөс чанаргүй гэж хэлж байсан бэ? Гэтэл антихристүүд ийм зүйл хэлж, хүмүүсийг мөс чанаргүй гэж харааж чаддаг—энэ нь ичгүүргүй хэрэг биш үү? Бурханы гэр тэднийг чөлөөлөх үед, ах эгч нар тэдэнд өмнөх шигээ урам зоригтой хандахаа болих үед тэд ийм зүйл хэлж, гомдоллон уйлж, хүмүүсийг болон Бурханыг харааж чаддаг. Тэдний амнаас янз бүрийн зүйл гарч болох бөгөөд чөтгөрлөг уг чанар нь бүрэн ил болдог. Эдгээр нь антихристүүдийн хорон муу зан чанарын харуулдаг янз бүрийн илрэл юм. Тэдний зүрх сэтгэл Бурхантай хийх наймаагаар дүүрэн байдаг учраас энэ нь Бурханд янз бүрийн шаардлага тавихад хүргэдэг. Антихристүүд дэвших, эсвэл чөлөөлөгдөх үед, Бурханы гэр тэднийг чухал байр сууринд тавих, эсвэл тавихгүй байх үед тэднээс гарч ирдэг янз бүрийн илрэл бүхэн тэдний хорон муу мөн чанартай холбоотой байдаг—энэ бол зуун хувь үнэн юм.
ё. Үгүйсгэл, яллалт, шүүлт, доромжлол
Одоо үгүйсгэл, яллалт, шүүлт, доромжлол гэсэн нэр томьёоны талаар нөхөрлөцгөөе. Бурханы талаарх эргэлзээгээр дүүрэн байдгаас болоод антихристүүд Бурханы илэрхийлсэн ямар ч үнэнийг сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэл зэвүүцэл, үзэн ядалтаар дүүрэн байдаг бөгөөд Христ бол үнэн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, дуулгавартай байхын тухай бол ярих ч хэрэггүй. Тэд зүрх сэтгэлдээ Бурханд байнга эргэлзэж, сэжиглэж, Бурханы үйл хэргийн талаар үзэл, янз бүрийн санаа үргэлж бий болгодог учраас үргэлж, өөрийн эрхгүй дүгнэлт хийж, “Бурхан үнэхээр оршин байдаг уу? Хэлж байгаа зүйлээрээ тэр юуг хэлэх гэсэн бэ? Хэрвээ мэдлэг, хоосон сургаалын үүднээс дүгнэвэл эдгээр үгийг хэрхэн ойлгох ёстой вэ? Эдгээр зүйлийг хэлснээрээ бурхан юу гэх гэсэн бэ? Энэ нэр томьёог ашигласнаараа юуг хэлэх гэсэн бэ? Хэнд хандаж байна вэ?” гэж боддог. Тэд судалсаар, судалсаар, олон жил ингэж судалсныхаа дараа ч Бурханы илэрхийлдэг үг болон Түүний хийдэг ажил дахь хамгийн чухал үнэнийг харж чаддаггүй: Бурхан бол үнэн, амь, зам гэдгийг тэд ойлгож, эсвэл харж чаддаггүй. Бурханы бүх үг бол үнэн гэж хүмүүсийг хэлэх үед антихристүүд эргэцүүлж, “Түүний бүх үг үнэн гэж үү? Зүгээр л нэг жирийн үгс биш гэж үү? Зүгээр л хэдэн уламжлалт үгс биз дээ? Тэдгээрт гүн гүнзгий зүйл юу ч алга” гэж боддог. Бурханы ажлыг хараад тэд: “Чуулганд, эсвэл өөрийнхөө сонгосон хүмүүсийн дунд түүний хийдэг зүйлээс би бурхны увдисыг олж харахгүй байна. Бүхнийг бурхан захирдаг гэж тэд хэлдэг ч би үүнийг харж чадахгүй байна. Би томруулдаг шил, эсвэл одон орны дурангаар харсан ч бурхны дүрийг харж чадахгүй, яаж ч харсан түүний үйл хэргийг олж харж чадахгүй. Тиймээс одоогоор би бурхан үнэхээр оршин байдаг эсэхийг 100 хувь баталж чадахгүй. Гэхдээ бурхан оршин байдаггүй гэж хэлбэл, дэлхий дээр зарим нэг хачин жигтэй, ер бусын зүйлс оршин байдаг талаар би сонсож байсан; тийм тохиолдолд бурхан оршин байх учиртай. Гэхдээ яг үнэндээ бурхан ямархуу харагддаг вэ? Бурхан хэрхэн үйлддэг вэ? Би мэдэхгүй. Хамгийн энгийн арга бол өөрийг нь дагадаг хүмүүст бурхан юу хийж, юу хэлдгийг харах явдал юм” гэж боддог. Ажиглалтаараа тэд, Бурханы гэр хүмүүсийг байнга засдаг, хүмүүсийг байнга дэвшүүлж, чөлөөлдөг, мөн төрөл бүрийн үүрэг болон янз бүрийн мэргэжилтэй холбоотой ажлын талаар хүмүүстэй байнга нөхөрлөж, хэлэлцэж, санал солилцдог болон бусад зүйлийг хийдэг болохыг хардаг. Тэд “Энэ бүхэн чинь хүмүүсийн хийдэг зүйл биш гэж үү? Тэдгээрийн аль нь ч ер бусын биш байна; бүгд маш хэвийн зүйл бөгөөд бурхны сүнс хэрхэн ажиллаж байгааг би харж, мэдэрч чадахгүй байна. Хэрвээ би үүнийг мэдэрч чадахгүй бол ариун сүнсний ажил оршин байдаггүй гэж хэлж болохгүй гэж үү? Энэ бүхэн хүмүүсийн ухамсар, оюун ухаанд төсөөлөгдсөн зүйл биш гэж үү? Хэрвээ ариун сүнсний ажил оршин байдаггүй юм бол бурхны сүнс үнэхээр оршин байдаг уу? Энэ ч бас эргэлзээтэй мэт санагдаж байна. Хэрвээ бурхны сүнс оршин байдаггүй бол бурхан үнэхээр оршин байдаг уу? Хэлэхэд хэцүү юм” гэж боддог. Таван жилийн туршлагын дараа тэд баталгаанд хүрч чаддаггүй бөгөөд арван жил, бүр арван таван жилийн туршлагын дараа ч чаддаггүй. Эд ямар төрлийн хүмүүс вэ? Тэд илчлэгдсэн—тэд бол үл итгэгч. Эдгээр үл итгэгч Бурханы гэрт ингэж аргацааж, зүгээр л урсгалаараа явдаг. Хэрвээ бусад хүн сайн мэдээ номлож байвал тэд ч бас тэгдэг; хэрвээ бусад хүн үүргээ гүйцэтгэж байвал тэд ч бас тэгдэг. Хэрвээ дэвших боломж олдвол тэд өөрсдийгөө Бурханы гэрт “албан тушаал хашиж” чадна гэж боддог бөгөөд байр суурийн төлөө бага зэрэг хүчин чармайлт гаргаж чаддаг. Үүний зэрэгцээ тэд бас бодлогогүйгээр муу үйл хийж, саад, үймээн учруулж чаддаг; хэрвээ тэд ямар ч байр суурьгүй жирийн чуулганы гишүүн байвал хүнд харуулахын тулд бага сага ажил хийж, аргалах арга замыг олж чаддаг. Аргацаана гэдэг нь энэ юм. Би яагаад “аргацаах” гэж хэлж байна вэ? Тэд зүрх сэтгэлдээ Бурханд эргэлзэж, үгүйсгэдэг бөгөөд Бурханы оршин тогтнол, мөн чанарт үгүйсгэсэн хандлагатай байдаг нь тэднийг Бурханы гэрт үүргээ дурамжхан гүйцэтгэхэд хүргэдэг. Тэд ухамсарладаггүй бөгөөд үргэлж дотроо “Ингэж би үүрэг гүйцэтгэж, бурхныг дагах нь ямар учиртай юм бэ? Би ажил хийж мөнгө олж байгаа ч биш эсвэл хэвийн амьдралаар амьдарч байгаа ч биш. Зарим залуус бүр бүх насаа бурхны төлөө өөрсдийгөө зарлагадахад зориулдаг, гэхдээ тэд юу олж авах вэ? Тиймээс би эхлээд ажиглая. Хэрвээ би үнэхээр учрыг нь олж, ерөөл хүртэх найдварыг харж чадвал хүчин чармайлт гаргаж, өөрийгөө зарлагадах нь дэмий зүйл биш байх болно. Хэрвээ би бурхны яг таг үгийг олж авч чадахгүй, эсвэл учрыг нь олж чадахгүй бол аргацаах нь гарз биш. Эцсийн эцэст би туйлдахгүй, бас хэтэрхий ихийг өгөхгүй” гэж боддог. Энэ чинь зүгээр л аргацааж байгаа хэрэг биш гэж үү? Тэд хийдэг юундаа ч чин сэтгэлээсээ ханддаггүй, юуг ч тогтвортой, эсвэл сайн хийж чаддаггүй бөгөөд жинхэнэ ёсоор төлөөс төлж чаддаггүй. Аргацаана гэдэг нь энэ юм. Хэдийгээр тэд аргацааж байгаа ч бодол санаа нь зүгээр байдаггүй—тэд маш завгүй байдаг. Тэд Бурханы хийдэг олон зүйлийн талаар үзэл, санаагаар дүүрэн байдаг бөгөөд өөрсдийнх нь үзэлтэй нийцдэггүй олон зүйлийг зүрх сэтгэлдээ мэдлэг, хууль, нийгмийн ёс суртахуун, уламжлалт соёл гэх мэтийг ашиглан дүгнэдэг. Ингэж их дүгнэдэг ч тэд үнэлэлт дүгнэлтээр дамжуулан үнэнийг харж, эсвэл үнэнийг хэрэгжүүлэх зарчмыг олж чаддаггүйгээр барам, эцэст нь Бурхан болон Түүний ажлын эсрэг бүх төрлийн яллалт, шүүлт, тэр ч байтугай доромжлол гаргаж ирдэг. Антихристүүд хамгийн түрүүнд юуг шүүдэг вэ? Тэд “Хүмүүс л бурхны гэрийн ажлыг бүгдийг нь шийддэг; бүгдийг нь хүн хийдэг. Бурхан ажиллаж, эсвэл ариун сүнс удирдаж, залж чиглүүлж байгааг би огт харж чадахгүй байна” гэж хэлдэг. Энэ нь үл итгэгчдийн үг биш гэж үү? Бүх зүйлийг хүмүүс хийдэг гэж хэлэх нь олон асуудлыг илчилдэг. Жишээлбэл, хэрвээ Бурханы гэр тэдний таалалд нийцэхгүй хүнийг сонгож, хөгжүүлбэл тэдний зүрх сэтгэл гөжүүд болдог. Антихристүүд үнэхээр дуулгавартай дагаж чадах уу? (Үгүй, тэд чадахгүй.) Тэгвэл тэд юу хийх вэ? Тэд үүнийг нураахыг оролдоно. Хэрвээ нураах оролдлого нь бүтэлгүйтэж, ах эгч нарын хэн нь ч тэднийг сонсохгүй, эсвэл дэмжихгүй бол тэд “Бурханы гэр хүмүүстэй харьцахдаа шударга бус, зарчимгүй ханддаг. Дэлхий дээр олон хурдан морь байдаг ч тэднийг таних хүн байдаггүй” гэж хэлэн үүнийг яллаж эхэлнэ. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэд бол хурдан морь боловч харамсалтай нь Бурханы гэрт тэднийг таних хүн байхгүй гэсэн үг. Бурханы гэрийн хийсэн, өөрсдийнх нь үзэлтэй нийцэхгүй байгаа энэ хэргийг ялласныхаа дараа тэд үндэслэлгүй цуу яриа, үзэл, сөрөг байдал зэрэг зүйлсийг тарааж эхэлнэ. Мэдээж, тэдний бүх үг хатуу ширүүн байх болно. Зарим нь бүр “Энэ хүмүүс боловсролтой, царайлаг, ганган хувцастай, бас хотынх; бид хөдөөний хүмүүс, бидэнд авьяас бий ч бид өөрсдийгөө илэрхийлж, эсвэл дээрхтэй харилцаж чаддаггүй—бидний хувьд дэвших амар биш. Бурхны гэрт дэвшдэг хүмүүс бүгд уран цэцэн, бялдуучлахдаа сайн, бас стратегитай байдаг. Харин би цэцэн цэлмэг, уран үгтэй биш, зөвхөн дотоод авьяастай байх нь ямар ч хэрэггүй. Тиймээс бурхны гэрт ‘Хурдан морь олон ч таньдаг хүн цөөн’ гэдэг үг яг л дэлхий дээрхтэй адил үйлчилдэг” гэж хэлж магадгүй. Энэ үг юу гэсэн үг вэ? Энэ чинь шүүж байгаа хэрэг биш гэж үү? Тэд Бурханы гэрийн ажлыг шүүж, хөшигний ардуур шүүлтээ тараадаг. Бурханд, Түүний ажилд, Түүний илэрхийлэлд, Түүний үгэнд, Түүний зан чанарт, мөн Түүний ажиллах янз бүрийн арга барилд хандах хандлагадаа антихристүүд мэдлэг, гүн ухаан ашиглан тэдгээрийг үнэлж, судалж, учир шалтгааныг нь тайлбарладаг. Эцэст нь тэд алдаатай дүгнэлтэд хүрдэг. Тиймээс тэд Бурханы хэлсэн ямар ч үгийг зүрх сэтгэлдээ хэзээ ч нухацтай хүлээн авч, ухамсарлаж, эсвэл эргэцүүлдэггүй. Оронд нь тэд Бурханы үгэнд ердөө л нэг төрлийн онол, эсвэл нэг төрлийн чихэнд чимэгтэй үг мэт ханддаг. Асуудал гарах үед тэд хэрэг явдал бүрийг хэрхэн харж, тодорхойлж, хэмжих үндэс суурь, зарчим болгон Бурханы үгийг ашигладаггүй. Оронд нь тэд эдгээр асуудлыг шүүхийн тулд хүний үзэл бодол болон Сатаны гүн ухаан, онолыг ашигладаг. Тэдний гаргасан дүгнэлт гэвэл юу ч өөрсдийнх нь үзэлтэй нийцдэггүй бөгөөд Бурханы илэрхийлдэг үг бүр, Түүний хийдэг үйлдэл бүр тэдний таалалд нийцдэггүй явдал юм. Эцэст нь, антихристүүдийн өнцгөөс харвал Бурханы хийдэг бүхэн яллагддаг.
Зарим антихрист Бурханы гэрт эрх мэдэлтэй байхыг үргэлж хүсдэг боловч тэдэнд хэв чанар, онцгой ур чадвар дутагддаг тул Бурханы гэрт цэвэрлэгээ хийх, эд зүйл тараах болон бусад энгийн, өдөр тутмын ажил гэх мэт ойр зуурын ажил хийхэд хүрдэг. Товчхондоо, ийм төрлийн хүмүүс чуулганы удирдагч, номлогч гэх мэт хүн яавч болж чадахгүй. Гэсэн хэдий ч тэд жирийн дагагч байхдаа, эсвэл өөрсдийнхөө дундаж гэж үздэг ажлыг хийхдээ сэтгэл хангалуун байдаггүй, учир нь тэд амбицаар дүүрэн байдаг. Амбицаар дүүрэн байх нь хэрхэн илэрдэг вэ? Тэд Бурханы гэрийн том, жижиг асуудал бүрийн талаар лавлаж, асууж, мэдэж байхыг, нэн ялангуяа хөндлөнгөөс оролцохыг хүсдэг. Хэрвээ тэднээс хөдөлмөр шаардсан ямар нэг ажил байвал тэд үргэлж “Манай бурхны гэрийн ном хэвлэх ажил ямархуу явж байна? Манай чуулганы кино найруулагчийн сонгон шалгаруулалт ямархуу байна? Одоогийн найруулагч нь хэн бэ? Хэн зохиол бичиж байгаа вэ? Эндхийн дүүргийн удирдагч хэн бэ, тэр ямархуу хүн бэ?” гэж асууж лавладаг. Тэд эдгээр зүйлийг асууснаараа юуг хэлэх гэсэн бэ? Тэд эдгээр асуудлыг асууж лавлаж, эсвэл эдгээрт оролцох ёстой юу? (Үгүй, тэгэх ёсгүй.) Эдгээр нь бүгд үнэнтэй ямар ч хамаагүй арын албаны ажил юм. Эдгээр “сайн санаат хүмүүс” яагаад үргэлж асууж лавладаг вэ? Энэ нь жинхэнээсээ санаа тавьсных уу, эсвэл тэдэнд үүнээс өөр хийх дээр зүйл байхгүй юм уу? Аль нь ч биш—учир нь тэдэнд амбиц байдаг бөгөөд зэрэг зиндаа ахиж, эрх мэдэлд хүрэхийг хүсдэг. Энэ бол амбиц, эрх мэдэлд хүрэх гэсэн хүсэл гэдгийг тэд ухаарч чадах уу? Үгүй, тэд чадахгүй; тэдэнд тийм эрүүл ухаан байдаггүй. Өөрсдийнхөө жигшүүртэй хүн чанар, муу хэв чанараас болоод тэд юунд ч хүрч чаддаггүй, эсвэл хамгийн энгийн үүргийг ч сайн гүйцэтгэж чаддаггүй. Үүргээ гүйцэтгэх бүхий л хугацаандаа тэд байнга тааруухан авирлаж, залхуурч, амарч байхыг эрмэлзэж, тэр ч байтугай янз бүрийн асуудлын талаар асууж лавладаг. Эцэст нь тэд эдгээр илрэлээсээ болоод зайлуулагддаг. Бурханы гэр тэднийг зайлуулсан нь зөв үү? (Зөв.) Тэд хэтэрхий их санаа тавьж, сониуч байснаасаа болоод зайлуулагдсан уу? (Үгүй.) Тэд зөв зүйтэй асуудалд анхаарал хандуулаагүй бөгөөд Бурханы гэрт байнга бусдыг шулж амьдрахыг хүссэн учраас тэднийг явуулж, аргацаахыг зөвшөөрөөгүй. Тэд юуг ч сайн хийж чаддаггүй байсан тул тэднийг байлгах нь дэмий төвөг удахаар зүйл байв—тэд үл итгэгчид биш гэж үү? Тэднийг зайлуулах ёстой биш үү? Тэднийг зайлуулах цаг болоход тэд санаа зовж, тэгэхэд л үнэн-зарчмыг эрж хайж, “Бурханы гэр хүмүүсийг зайлуулж, хөөх зарчим нь яг юу болохыг би эрж хайх ёстой: Ямар үндэслэлээр намайг зайлуулж байгаа юм бэ?” гэж асуудаг. Чи тэдэнд: “Чөлөөт цагт дуртай, ажилд дургүй, хийдэг бүхэндээ үймээн, сүйрэл учруулдаг чам шиг хүн зайлуулах зарчимд бүрэн нийцдэг” гэж хариулах ёстой. Тэд өөрсдийгөө ямар хүн болохоо ойлгохгүйгээр маш олон муу зүйл хийснийхээ дараа хүмүүсийг зайлуулах зарчмыг эрж хайх нь дэндүү утгагүй санагдахгүй байна уу? (Тийм, тэгж санагдаж байна.) Ийм зарим хүнийг зайлуулж, харин бусдыг нь жирийн чуулган руу явуулсан. Тэд Бурханы гэрт үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй бөгөөд үүргээ гүйцэтгэх нөхцөлгүй байдаг. Бурханы хийсэн зүйл үнэнд нийцэж байгааг ийм төрлийн хүмүүс ухаарч чадах уу? Антихристүүд үүнийг хэзээ ч ухаарахгүй гэж Би зоригтой хэлж чадна, учир нь тэд үл итгэгчид бөгөөд үнэнтэй нийцдэг ямар ч эерэг зүйлийг яллаж, шүүдэг. Үргэлж асууж лавлах хүсэлтэй, амбицаар дүүрэн, үргэлж илүү дээшээ мацахыг эрмэлздэг, атлаа өөрсдийн үүргийг гүйцэтгэхдээ ямар ч чин сэтгэл, үнэнч байдалгүй антихристийг явуулах үед тэр газар суугаад чангаар уйлдаг. Тэр “Миний сайн санаат зүрх сэтгэл, чин сэтгэл, үнэнч байдлыг хэн ч ойлгохгүй байна. Намайг яагаад явуулж байгаа юм бэ? Надад шударга бус хандсан, би хүсэхгүй байна! Хэн ч бурханд ингэж санаа тавьдаггүй, хэн ч бурхны гэрт над шиг үнэнч байдаггүй. Миний агуу хичээл зүтгэл, агуу сайхан сэтгэлийг муу санаа гэж үзэж байна—бурхан үнэхээр шударга бус юм байна!” гэж хэлдэг. Энэ нь гэмгүйгээ өчиж байгаа хэрэг биш гэж үү? Түүний үгсийн аль нэг нь хүмүүсийн хэлэх ёстой зүйл мөн үү? Тэдгээрийн аль нэг нь бодит баримттай нийцэж байна уу? (Үгүй.) Тэдгээр нь бүгд эрүүл ухаангүй, утгагүй, үл итгэгчдийн үгс бөгөөд гомдол, зарга, яллалтаар дүүрэн байдаг. Энэ бол тэд илчлэгдэж байгаа хэрэг юм. Хэрвээ тэднийг явуулаагүй бол тэд дүр эсгэсээр байх бөгөөд Бурханы гэрийн эзэн болохыг эрмэлзэх байв. Эзэн хүн ингэж авирлах уу? Эзэн хүн ингэж муухай аашлах уу? Эзэн хүн Бурханы гэрийг ингэж удирдах уу? Тэднээс цэвэрлэгээ хийхийг хүссэн боловч тэд хаа сайгүй дэмий сэлгүүцэж, ямар ч ажил хийгээгүй. Тэднээс хоол хийхийг хүссэн боловч тэд хоёрхон хүнд ч хоол хийж өгөхийг хүсээгүй. Тэд ядрахаас айж, үүнийг дорд ажил гэж бодсон—тэгвэл тэд өөр юу хийж чадах вэ? Удирдагч болж, тушаал буулгахаас өөр ямар нэг юм хийж чадах уу? Бурханы гэр тэднийг зайлуулсан нь үндэслэлтэй биш гэж үү? (Үндэслэлтэй.) Энэ нь бүрэн үндэслэлтэй боловч тэд хөшигний ардуур хараасаар, муухай аашилж, цадиггүй эмэгтэйчүүд шиг авирладаг. Эд антихристүүд биш гэж үү? Энэ бол антихристийн зан чанар-мөн чанарын илрэл юм. Өөрсдийнх нь ашиг сонирхол, эсвэл таалалд нийцэхгүй асуудалтай тулгарах үедээ, хүсэл, эсвэл дур хүслийг нь хангахгүй зүйлтэй нүүр тулах үедээ тэд өчүүхэн төдий ч дуулгавартай байдаг уу? Тэд үнэнийг эрж хайж чадах уу? Тэд тайвширч, нүглээ улайж, гэмшиж чадах уу? Үгүй, тэд чадахгүй. Тэдний шууд хариу үйлдэл бол босож, Бурханы эсрэг шуугиан дэгдээх явдал бөгөөд яллалт, шүүлт, доромжлол, хараалын үгээр дүүрэн байдаг. Тэд “Хэрвээ бурхны гэр намайг хүсэхгүй байгаа бол тэр л биз. Чи өршөөл үзүүлэхгүй байгаа юм чинь намайг харгис байна гэж бүү буруутгаарай. Үнэн нүүр царайгаа харуулж, хэн нь илүү хэрцгий болохыг харцгаая!” гэж боддог. Энэ нь үнэнийг эрж хайж буйн илрэл мөн үү? Энэ нь хэвийн бүтээгдсэн зүйлд байх ёстой илрэл мөн үү? (Үгүй, биш.) Тэгвэл энэ ямар төрлийн илрэл вэ? Бурханд чин сэтгэлээсээ итгэж, дагадаг хүмүүс Бурханд хэрхэн хандах ёстой вэ? Тэд Бурханыг үнэхээр, болзолгүйгээр дуулгавартай дагах ёстой. Зөвхөн Бурханы дайснууд болох Сатан, диаволууд л Бурханыг үгүйсгэж, яллаж, шүүж, доромжилж, харааж, бүр Түүний эсрэг шуугиан дэгдээж, эсэргүүцэхдээ тулна. Хэдийгээр чи энэ баримтыг одоохондоо хүлээн авч чадахгүй, Бурханы гэр чамд шударга бус хандсан гэх зуун шалтгаан гаргаж ирж чадах байлаа ч хэрэв чамд эрүүл ухаан, хүн чанар, Бурханаас эмээх өчүүхэн төдий ч гэсэн сэтгэл байгаа бол чи Бурханд ингэж хандаж чадах уу? Яавч үгүй! Хэрвээ хэн нэгэн тэгж чаддаг бол тэдэнд хумсын чинээ ч мөс чанар байна уу? Тэдэнд ямар нэгэн хүн чанар байна уу? Тэдэнд Бурханаас эмээх сэтгэл байна уу? (Үгүй, байхгүй.) Тэд Бурханы хонины нэг биш гэдэг нь мэдээж юм. Тэд хэзээ ч Бурханд Эзэнээ гэж хандаж байгаагүй; тэд хэзээ ч Бурханыг өөрсдийнхөө Бурхан гэж үзэж байгаагүй. Тэдний зүрх сэтгэлд Бурхан бол тэдний Бурхан биш, дайсан нь юм. Бурханы дайснууд нь антихристүүд болон Сатан юм; эсрэгээрээ, антихристүүд бол Бурханы дайснууд—тэд бол Сатанууд, диаволууд юм. Антихристүүд Бурханы хийдэг юуг ч хэзээ ч хүлээн авахгүй, Бурханы хэлсэн ямар ч үгэнд хэзээ ч амен гэж хэлэхгүй. Энэ бол Бурханы дайсан болох Сатаны мөн чанар, энэ бол антихристүүдийн төрөлх мөн чанар юм. Тэд ямар ч шалтгаангүйгээр Бурханд дайсагнадаг бөгөөд ямар ч шалтгаангүйгээр Бурханыг яллаж чаддаг. Энэ чинь хорон муу байдал биш гэж үү? Энэ бол цагаандаа гарсан муу байдал юм.
Антихристийн эдгээр зан чанар хүн бүрд янз бүрийн хэмжээгээр байдаг боловч эдгээр зан чанарын илрэл болон хүмүүсийн итгэх үедээ сонгодог замаар дамжуулан хэн нь антихрист, хэн нь хөдөлмөрчин, хэн нь аврагдаж чадах Бурханы сонгосон хүн болохыг та нар шүүж чадах уу? (Тэд бүгд антихристийн зан чанар харуулдаг ч зарим хүн завхарсан зан чанараа харуулсныхаа дараа мөс чанарын мэдрэмжтэй болж, гэм буруугаа мэдэрч, гэмшиж, үнэнийг хэрэгжүүлж чаддаг— тэдгээр нь аврагдаж чадах хүмүүс юм. Харин мөс чанарын мэдрэмжгүй, алдаа гаргасныхаа дараа ч өөрсдийнхөө зөв гэж боддог, гэмшихээс зөрүүдлэн татгалздаг, үнэнийг бүрмөсөн үгүйсгэдэг хүмүүс бол антихристүүд бөгөөд аврагдах боломжгүй.) Энэ хоёр мэдэгдэл зөв үү? (Зөв.) Сая хэлсэн зүйл үндсэндээ зөв боловч хангалттай тодорхой биш байна. Хэдийгээр зарим хүнд бас антихристийн зан чанар байдаг ч нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд үнэнийг эрж хайж, махан биеэсээ урваж, завхарсан зан чанараа хүлээн зөвшөөрснийхөө дараа харамсаж, өртэй мэт мэдэрч, буцаж эргэж, үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлж, зөв замыг сонгож, үнэнийг хэрэгжүүлэхээр сонгож, эцэст нь үнэний талаарх ойлголт олж авч, үнэн-бодит байдалд орж, Бурханд дуулгавартай байдалд хүрч чаддаг. Ийм хүмүүс аврагдаж чадах бөгөөд Бурханы сонгосон хүмүүс юм. Өөрсдөд нь антихристийн зан чанар байгааг мэддэг боловч нөхцөл байдалтай тулгарах үедээ өөрсдийгөө шинжилдэггүй өөр нэг төрлийн хүмүүс байдаг. Тэд буруу зүйл хийснээ олж мэдэх үедээ ямар ч жинхэнэ ойлголтгүй байдаг, дотроо өртэй байдлын хүчтэй мэдрэмж бий болгож чаддаггүй, ямар ч гэмших, эсвэл буцаж эргэх чадваргүй байдаг бөгөөд үнэн болон авралын талаар мунгинасан байдаг. Бурханы гэрт тэд хөдөлмөрлөхөд бэлэн, дуртай байдаг, өөрсдөөс нь хүссэн юуг ч хийж чаддаг ч үүнийг нухацтай авч үздэггүй; заримдаа тэд саад, үймээн учруулж магадгүй ч тэд ёрын муу хүмүүс биш юм. Тэд засалтыг хүлээн авч чаддаг боловч аливааг хийхдээ үнэнийг хэзээ ч санаачилгаараа эрж хайдаггүй, эсвэл асуудлыг зохицуулахдаа үнэн-зарчмыг дагадаггүй. Тэд Бурханы үгийг идэж, уухыг болон үнэнийг огт сонирхдоггүй. Хэдийгээр тэд үүргээ гүйцэтгэхдээ боломжийн хэрээр хүчин чармайлт гаргаж чаддаг ч үнэнийг эрэлхийлэх тал дээр урам зориггүй байдаг бөгөөд үүнийг хийх ямар ч сонирхолгүй байдаг. Тэд үүргээ гүйцэтгэхдээ ямар ч үнэнч байдал харуулдаггүй; харьцангуй бага зэрэг бэлэн байдал, чин сэтгэл харуулдаг. Тэд янз бүрийн завхарсан зан чанарыг мэдэж чаддаг боловч нөхцөл байдалтай тулгарах үедээ хэзээ ч өөрсөд дээрээ эргэцүүлэн боддоггүй бөгөөд үнэнийг ойлгож, хэрэгжүүлж чаддаг хүн болохыг эрэлхийлдэггүй. Эд бол хөдөлмөрчид юм. Сүүлийн ангилалд антихристүүд багтдаг. Тэд бол Бурхан, үнэн болон эерэг зүйлсийн дайснууд юм. Тэдний зүрх сэтгэл хорон муу байдал, Бурханы эсрэг шуугиан, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл, мөн шударга ёс, эерэг зүйлс болон үнэний эсрэг яллалт, шүүлт, доромжлолоор дүүрэн байдаг. Тэд Бурханы оршин тогтнол, бүх зүйлийг захирдаг Түүний дээд эрхэд итгэдэггүй бөгөөд Бурханаар хүн төрөлхтний хувь заяаг захируулахыг бүр ч хүсдэггүй. Тэд хэзээ ч өөрсдийгөө ойлгодоггүй, хэчнээн их алдаа, эсвэл гэм буруу үйлдсэн ч тэдгээрийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, гэмшдэггүй, эсвэл эргэдэггүй. Тэдний зүрх сэтгэлд ямар ч гэмшил байдаггүй бөгөөд тэд үнэнийг бүрэн үгүйсгэдэг. Эд бол антихристүүд юм. Хэн нэгэнд үнэнийг хүлээн авах хандлага байгаа эсэхийг үнэлснээр тэднийг ямар ангиллын хүн болохыг ерөнхийд нь үнэн зөв тогтоодог. Та нар аль ангилалд нь багтдаг вэ? Та нар аврагдаж чадах Бурханы сонгосон хүмүүсийн дунд байна уу, эсвэл антихрист үү, эсвэл хөдөлмөрчин үү? Та нар эхний ангилал руу шилжиж байна уу, эсвэл эдгээр ангиллын алинд нь ч багтахгүй байна уу? Эдгээр ангиллын алинд нь ч багтдаггүй хүн гэж байхгүй: Хүн бүр энэ гурвын аль нэгэнд харьяалагддаг. Хүн чанаргүй ёрын муу хүмүүс бол антихристийн мөн чанартай хүмүүс юм; хүн чанартай, мөс чанар, эрүүл ухаантай, түүнчлэн харьцангуй сайн зан араншинтай, үнэнийг эрэлхийлж чаддаг, эерэг зүйлсийг хайрладаг, үнэнийг хайрладаг, мөн Бурханаас эмээж, Түүнийг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс аврагдаж чадна—тэд бол Бурханы сонгосон хүмүүс юм. Онцгой сайн ч биш, онцгой муу ч биш дундаж зан араншинтай, үнэнийг огт сонирхдоггүй, үнэнийг эрэлхийлэх огт хүсэлгүй боловч үүргээ бага зэрэг чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг хүмүүс бол хөдөлмөрчид юм. Энэ бол үнэлгээний стандарт. Антихрист хүн хөдөлмөрчин болж чадах уу? (Үгүй.) Тэгвэл хөдөлмөрчдийн дунд Бурханы сонгосон хүмүүс болж чадах ангиллын хүмүүс бий юу? (Бий.) Энд өөрчлөгдөх ямар орон зай байна вэ? (Тэд үнэнийг эрэлхийлэх хэрэгтэй.) Магадгүй, илүү олон жил итгэж, илүү их туршлага хуримтлуулж, туулж, илүү олон үнэнийг ойлгосноор тэд хөдөлмөрлөх үе шатнаас Бурханы сонгосон хүмүүс байх үе шат руу аажмаар шилждэг. Яг одоо тэдний үнэний талаарх ойлголт өчүүхэн, Бурханд итгэх итгэл нь онцгой бага байгаа учраас үүргээ гүйцэтгэж, үнэнийг хэрэгжүүлэх сонирхол багатай байдаг. Тэдэнд үнэнийг эрэлхийлэх биеийн хэмжээ дутагддаг бөгөөд махан биеийн бусад янз бүрийн хэрэгцээнээс гадна амбиц, хүслээ орхиж чаддаггүй. Тиймээс тэд одоогоор хөдөлмөрлөх үе шатанд л үлдэж чадна. Гэсэн хэдий ч энэ хүмүүс харьцангуй мөс чанартай бөгөөд эерэг зүйлсийг хайрладаг; тэд аажмаар үнэнийг ойлгож, орчин нь өөрчлөгдөж, Бурханд илүү удаан итгэж, илүү гүнзгий туршлагатай болж, Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй болохын хэрээр үнэн болон эерэг зүйлсийг аажмаар илүү тодорхой харж, эрэлхийлэх ёстой зам нь илүү тодорхой болж, үнэнийг сонирхдог болж, үнэнийг улам бүр хайрладаг. Ийм хүмүүс аажмаар авралын замд орж, Бурханы сонгосон хүмүүс болж чадна; тэдэнд сайжрах, өөрчлөгдөх орон зай бий. Нөгөөтээгүүр, антихристийн мөн чанартай хүмүүс Бурханы сонгосон хүмүүс болж, аврагдаж чадна гэж хэлэх нь үндэслэлгүй, учир нь антихристүүдийн мөн чанар бол диаволуудынх болон Бурханы дайснуудынх юм—антихристүүд хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй.
Бид сая тэдний Бурханд болон Түүний ажилд хандах хандлагадаа харуулдаг хорон муу зан чанар-мөн чанараас нь үүдсэн үгүйсгэл, яллалт, шүүлт, доромжлолын талаар нөхөрлөж байлаа. Ямар нэгэн зүйл тэдний үзэлтэй зөрчилдөх, эсвэл ашиг сонирхолд нь хохирол учруулах болгонд антихристүүдийн шууд хариу үйлдэл бол босож, эсэргүүцэж, түүнийг яллах бөгөөд тэд: “Энэ буруу, үүнийг хүмүүс хийсэн, би үүнд буулт хийхгүй. Би гомдол гаргаж, энэ асуудлыг тодруулах нотлох баримт олно. Би байр сууриа тунхаглаж, өөрийгөө хамгаалж, энэ хэргийн нарийн ширийнийг олж, дунд нь хэн асуудал тарьж, миний сайн нэр хүнд болон миний эхлүүлсэн сайн зүйлсийг сүйтгэж байгааг олж мэднэ” гэж хэлдэг. “Бурханы сайн санаа зорилго бүх зүйлд байдаг” гэх үг антихристүүдийн зүрх сэтгэлд хоосон мэдэгдэл болж, тэдний үйлдэх арга хэрэгсэл, арга барил, зарчмыг залж чиглүүлж, эсвэл өөрчилж чаддаггүй. Эсрэгээрээ, тэд ямар ч нөхцөл байдалтай тулгарах үедээ өөрсдөдөө төрөлхийн байдаг зүйлд найдаж, бүхий л аргыг бодож олж, бүх чадвар, стратегиа ашиглан үйлддэг. Тэдний хийдэг зүйл Бурханы эсрэг яллалт, шүүлт, доромжлол гэдэг нь эргэлзээгүй юм. Хүмүүсийн бодол санаа Сатаны логик, санаагаар пиг дүүрэн байдаг бөгөөд ярих ямар ч үнэн байдаггүй. Тиймээс ийм асуудалтай тулгарах үед антихристүүдийн илрэл Сатаныхтай адилхан байдаг: Сатан Бурханд яаж ханддаг, антихристүүд Түүнд яг тэгж ханддаг бөгөөд Сатан Бурханы эсрэг ямар арга, эсвэл үг ашигладаг, антихристүүд мөн адилхныг ашигладаг. Ийм байдлаар Бурханы дайсан болох антихристүүдийн хорон муу мөн чанар нь ойлгомжтой байдаг. Бурханд итгээд ганц, хоёрхон өдөр болж байгаа хүн байлаа ч тэд хэвийн хүний сэтгэлгээ, эрүүл ухаандаа хүн болон Бурханы хоорондох ялгааг ойлгодог уу? (Тийм ээ, тэд ойлгодог.) Хэвийн хүн чанартай насанд хүрсэн хүний хувьд тэд Бурханд хэрхэн хандахаа зүрх сэтгэлдээ мэддэг үү? (Мэддэг.) Хүний эрүүл ухаанд шүтэн биширдэг хүндээ хандах хамгийн тохиромжтой, хамгийн сайн арга барилын стандарт байдаг уу? (Байдаг.) Хүмүүс бөхөлзөж, зусардаж, чихэнд нь чимэгтэй үг хэлж, бялдуучлах хандлагатай байдаг; тэр хүн өөрсдийг нь зодож, хараасан ч тэд уян хатан, дуулгавартай байх арга замыг олдог. Тэгвэл эцэг эхийнхээ тухайд хүмүүс хэрхэн хүндэлж, хайрлахаа, ямар зан авир нь хор хөнөөл, үзэн ядалт болохыг мэддэг үү? Үүнийг үнэлэх стандарт байдаг уу? (Байдаг.) Энэ нь хүний арьс нөмөрсөн амьд амьтад болох хүмүүс амьтдаас ялгаатай, тэднээс илүү дээд гэдгийг баталдаг. Чи эцэг эхээ хэрхэн хүндэлж, хайрлахаа мэддэг атлаа яагаад Бурханд хайр, хүндэтгэлтэй хандахаа мэддэггүй юм бэ? Чи яаж Бурханд ингэж хандаж чадаж байна аа? Хайхрамжгүйгээр яллаж, шүүж, хайхрамжгүйгээр доромжилж, харааж зүрхлэх нь хэвийн хүмүүсийн хийдэг зүйл мөн үү? (Биш.) Амьтад ч ингэж авирладаггүй. Хэрвээ хүн амьтан тэжээвэл, бүр зэрлэг амьтан байсан ч түүнтэй хэсэг хугацааг өнгөрөөвөл эзнээ хэн болохыг таньдаг л бол тэр эзнээ үргэлж хүндэлж, эзэндээ бусад амьтан, эсвэл хүмүүст ханддагаас өөрөөр, хамаатан садан, гэр бүлийн гишүүн мэт ханддаг. Чамайг өмнө нь түүний эзэн байсан гэж бодъё: Хоёр, гурван айл дамжсаныхаа дараа чамтай дахин уулзах үедээ тэр зөвхөн чиний үнэрийг үнэрлээд л чамд шууд энхрий дотно хандах болно. Догшин амьтан байсан ч чамайг идэхгүй. Түүний догшин ширүүн байдал нь төрөлхийн бөгөөд Бурханы бүтээл, урьдчилан тогтоолтоос үүдэлтэй. Энэ нь харгис, эсвэл хорон муу зан чанар биш, Бурханаас түүнд өгсөн амьд үлдэх зөн совин юм—энэ нь антихристүүдийн ёрын муугаас ялгаатай. Арслангийн бамбар үрчилж авсан хоёр хүн байжээ. Арслан өсөж томрохын хэрээр маханд суурилсан хоол хүнсийг нь дийлэхэд хэцүү болсон тул нэг ой хүрэхэд нь тэд түүнийг байгалийн орчинд нь буцааж тавьжээ. Гурван жилийн дараа тэд өнөө арслантайгаа дахин тааралдав. Арслан тэднийг холоос хараад, тэдэн рүү баяртайгаар гүйж иржээ. Тэд эхлээд санаа зовж, “Энэ чинь биднийг идэхгүй гэж үү? Энэ чинь арслан шүү дээ” гэж бодов. Гэтэл арслан ойртож ирээд, тэднийг найз нөхөд шигээ тэвэрч, тэд ч хариуд нь арсланг тэвэрч, илжээ. Дараа нь арслан гэр бүлийнхнээ тэдэнд танилцуулсан бөгөөд тэднийг явах болоход салах дургүй байв. Хамгийн догшин зэрлэг, махчин амьтан хүмүүстэй харилцах үед чи ийм дүр зургийг харж болно. Энэ их сэтгэл хөдөлгөм биш гэж үү? (Тийм ээ, сэтгэл хөдөлгөм.) Хүмүүс догшин амьтдаас ч нөхөрсөг талыг нь харж чаддаг боловч антихристүүдэд энэ байдаггүй. Антихристүүд Сатаны зан чанартай бөгөөд сатанлаг зан чанар-мөн чанартай хүмүүс байдаг учраас тэд Бурханыг шүүж, яллаж, доромжилж чаддаг. Ийм хандлага нь үүнтэй дүйцэхүйц илрэл, ялангуяа арга барилд хүргэдэг. Антихристүүд амьтдаас дор биш гэж үү? Хүмүүс шүтдэг хүмүүстээ болон хамгийн ойр дотнын хамаатан садан, эцэг эхдээ хэрхэн хүндэтгэл үзүүлж, хайрлан халамжлахаа мэддэг бөгөөд ямар үйлдэл нь тэднийг гомдоож, хорлож болохыг мэддэг. Тэд эдгээр зүйлийг үнэлж чаддаг. Гэсэн хэдий ч антихристүүд Бурханд ийм зан авир гаргаж чаддаг нь үнэхээр уур хүрмээр. Энэ нь ийм хүмүүсийн төрөлх уг чанар бол антихристүүдийн мөн чанар гэдгийг харуулдаг. Нарийн яривал, эдгээр хүмүүс бол Сатаны биелэл, тэд бол амьд Сатанууд, тэд бол диаволууд юм—тэд Бурханы хонь биш. Бурханы хонь Бурханыг хараах уу? Бурханы хонь Бурханыг яллах уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Учир нь тэд Бурханыг сонсож, Түүнийг дуулгавартай дагадаг.) Тэд сонсож, дуулгавартай дагадаг—энэ бол нэг тал нь. Гол зүйл нь Бурханд итгэх тэдний жинхэнэ итгэл юм. Хэрвээ чи Бурханы ялгамж чанар, байр суурь, мөн чанарт үнэхээр итгэдэг бол Бурхан юу ч хийсэн, эсвэл үүнийг хэрхэн хийснээс үл хамааран, энэ нь хор хөнөөл учруулсан ч чи Түүнийг яллахгүй. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, Түүнд жинхэнэ итгэлтэй хүмүүс л өөрсдийгөө бүтээгдсэн зүйлийн байр сууринд тавьж, Бурханд үргэлж Бурхан мэт ханддаг. Энэ бол баримт юм.
Антихристүүд Бурханыг харааж, эсэргүүцэж, Түүний эсрэг шуугиан дэгдээдэг талаар бид аль хэдийн нөхөрлөсөн. Зарим нь Түүнийг ил тод эсэргүүцэж, бүлэглэл байгуулж, холбоотон болж, бие даасан хаанчлал байгуулдаг. Бусад нь хаалттай хаалганы цаана Түүнийг нууцаар хараадаг, зарим нь зүрх сэтгэлдээ Түүнийг харааж, зүрх сэтгэлдээ Түүний эсрэг шуугиан дэгдээж, эсэргүүцдэг. Тэд Бурханыг ил тод, эсвэл нууцаар хараадаг эсэхээс үл хамааран бүгд антихристүүд юм; тэд Бурханы хонь биш. Тэд Сатаны төрлийнх бөгөөд стандартын шаардлага хангасан хэвийн хүмүүс, эсвэл бүтээгдсэн зүйлс биш гэдэг нь эргэлзээгүй. Ихэнх хүн өөрсдийнх нь үзэлтэй нийцэхгүй нөхцөл байдалтай тулгарах, эсвэл Бурханы шүүлт, гэсгээлттэй нүүр тулах үедээ ердөө л бухимдаж, эргэлзэж, үүнийг хүлээн авч чаддаггүй. Тэд гомдоллож, эсвэл гөжүүд байдал харуулдаг; тэд бүр сөрөг болж, эсвэл хойргошиж магадгүй ч эсэргүүцэж, шуугиан дэгдээх хэмжээнд хүрдэггүй. Цаг хугацаа өнгөрөхөд залбирал, Бурханы үгийг унших, ах эгч нарын тусламж, мөн Ариун Сүнсний гэгээрэл, удирдамж, сахилгажуулалтаар дамжуулан тэд аажмаар нааштай эргэж чаддаг. Энэ бол жирийн завхарсан хүмүүст аливаа зүйл тохиолдох үеийн илрэл юм. Нөгөөтээгүүр, антихристүүдэд эдгээр эерэг илрэл байдаггүй бөгөөд тэд чиг хандлагаа өөрчилдөггүй. Хэрвээ нөхцөл байдал хүсэлтэй нь нийцэхгүй бол тэд хараадаг. Хэрвээ дараагийн нөхцөл байдал хүсэлтэй нь бас л нийцэхгүй бол тэд мөн л хараадаг. Хараах нь эсэргүүцэл, шуугиан дэгдээхтэй зэрэгцэн явдаг. Зарим антихрист бүр “Над шиг хүмүүс аврагдаж чадахгүй юм бол өөр хэн аврагдаж чадах юм бэ?” гэж хэлдэг. Энэ чинь шуугиан дэгдээж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь эсэргүүцэл биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Энэ бол эсэргүүцэл. Тэдэнд дуулгавартай байдлын ул мөр байдаггүй бөгөөд тэд Бурханы эсрэг шуугиан дэгдээж, Бурханыг эсэргүүцэж зүрхэлдэг—эд бол Сатанууд юм. Хорон муу зан чанарын янз бүрийн илрэлийн талаарх нөхөрлөлөө энд хүргээд өндөрлөцгөөе.
Б. Үнэнийг зэвүүцэх
Одоо бид антихристүүдийн зан чанар-мөн чанарын хоёр дахь зүйл болох үнэнийг зэвүүцэх талаар нөхөрлөнө. Бид өмнө нь үнэнийг зэвүүцэх энэ зүйлийн талаар нэлээд дэлгэрэнгүй нөхөрлөсөн боловч энд бид голчлон үнэнийг зэвүүцдэг зан чанар-мөн чанарыг нь задлан шинжлэх замаар антихристүүдийг тодорхойлох болно. Антихристүүд үнэнд хэрхэн ханддаг зан чанарын гол онцлог нь ердөө нэг сонирхохгүй байх бус, харин зэвүүцэх явдал юм. Сонирхохгүй байх нь үнэнд хандах харьцангуй хөнгөн хандлага бөгөөд дайсагнал, яллалт, эсэргүүцлийн түвшинд хүрч даамжраагүй байдаг. Ийм хандлагатай хүмүүс үнэнийг зүгээр л сонирхдоггүй, үүнд анхаарал хандуулахыг хүсдэггүй ба “Ямар эерэг зүйл, ямар үнэн гэж? Би эдгээр зүйлийг олж авлаа ч тэгээд яах юм бэ? Эд миний амьдралыг сайжруулах уу, эсвэл чадварыг минь нэмэгдүүлэх үү?” гэж хэлдэг. Тэд эдгээр зүйлийг сонирхдоггүй, тиймээс тэдгээрийг тоодоггүй боловч энэ нь зэвүүцэхэд хүрдэггүй. Зэвүүцэл нь тодорхой хандлагыг илтгэдэг. Ямар хандлагыг? Тэд аливаа эерэг зүйл болон үнэнтэй холбоотой ямар нэг зүйлийн талаар сонсмогцоо үзэн ядалт, дургүйцэл, эсэргүүцэл мэдэрч, сонсохыг хүсдэггүй. Тэд бүр үнэнийг яллаж, гутаах нотлох баримт олохыг ч оролдож магадгүй. Энэ бол тэдний үнэнийг зэвүүцдэг зан чанар-мөн чанар юм.
Бусад хүний нэгэн адил антихристүүд Бурханы үгийг уншиж, Бурханы хэлэхийг сонсож, Бурханы ажлыг туулж чаддаг. Өнгөн дээрээ тэд Бурханы үгийн шууд утгыг ойлгож, Бурхан юу хэлснийг мэдэж, эдгээр үг нь хүмүүсийг зөв замаар явж, сайн хүн байх боломжийг олгодгийг мэддэг мэт санагддаг. Гэвч эдгээр зүйл тэдний хувьд зөвхөн онол төдий хэвээр байдаг. Онол төдий хэвээр байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь зарим хүн ном дээрх тодорхой онолыг сайн гэж итгэж болох ч түүнийгээ бодит амьдралтай харьцуулж, ёрын муу чиг хандлага, хүний завхрал болон бүх хүн төрөлхтний янз бүрийн хэрэгцээний талаар бодох үедээ уг онолыг бодит бус, бодит амьдралаас тасархай гэж үзэж, энэ нь хүмүүст эдгээр ёрын муу чиг хандлага, энэ ёрын муу нийгэмд дасан зохицож, эсвэл дагахад нь тусалж чадахгүй гэдгийг ухаардагтай төстэй юм. Тиймээс тэд энэ онолыг сайн боловч ердөө л хүн төрөлхтний сайн сайхан зүйлийн талаарх хүсэл, уран зөгнөлийг хангахын тулд ярих төдий зүйл гэж мэдэрдэг. Жишээлбэл, хэрвээ хэн нэгэн байр сууринд дуртай, албан тушаалтан болж, хүмүүсийн дунд өргөмжлөгдөж, шүтүүлэхийг хүсдэг бол энэ зорилгодоо хүрэхийн тулд худал хэлэх, өөрийгөө гайхуулах, бусдыг гишгэлэх гэх мэт хэвийн бус аргад найдах ёстой болдог. Гэвч эдгээр нь чухамдаа үнэний ялладаг зүйлс юм. Үнэн нь хүмүүсийн эдгээр хүсэл, амбицыг яллаж, үгүйсгэдэг. Бодит амьдрал дээр хүмүүс өөрсдийгөө онцгойруулах нь хийхэд зүй ёсны зүйл гэж боддог боловч ийм шаардлагыг Бурхан болон үнэн ялладаг. Тиймээс эдгээр шаардлагыг Бурханы гэрт хүлээн авдаггүй, тэдгээрийг хэрэгжүүлэх орон зай байхгүй, биелүүлэх зай ч байхгүй. Гэвч антихристүүд тэдгээрээс татгалзах уу? (Тэд татгалзахгүй.) Тийм ээ, тэд татгалзахгүй. Антихристүүд үүнийг хармагцаа “Би одоо ойлголоо. Тэгэхээр үнэн хүмүүсээс аминч бус байхыг, өөрсдийгөө золиослохыг, хүлээцтэй, өгөөмөр байхыг, эгогоо гээж, бусдын төлөө амьдрахыг шаарддаг юм байна. Энэ бол үнэн юм байна” гэж боддог. Үнэнийг ингэж тодорхойлмогцоо тэд үнэнийг сонирхдог уу, эсвэл эгдүүцдэг үү? Тэд үүнд эгдүүцэж, Бурханыг эгдүүцдэг: “Бурхан үргэлж үнэнийг хэлдэг, үргэлж хүний хүсэл, амбиц зэрэг бохир зүйлсийг ил болгодог, мөн хүний сэтгэлийн ёроолд байдаг зүйлийг үргэлж ил болгодог. Хүмүүсийн байр суурийн төлөөх эрэлхийлэл, хүсэл, амбицыг нь үгүй хийх зорилгоор бурхан үнэний талаар нөхөрлөдөг бололтой. Бурхан хүмүүсийн хүслийг хангаж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлж, хүмүүст хүссэн зүйлийг нь өгч чадна гэж эхлээд би бодсон. Би бурхныг ийм бурхан байна гэж бодоогүй. Тэр тийм ч агуу санагдахгүй байна. Би амбиц, хүслээр дүүрэн: над шиг хүнд бурхан дуртай байж чадах уу? Бурхны үргэлж хэлдэг зүйлээс дүгнэж, түүний үгийн цаад утгыг уншихад бурхан над шиг хүмүүст дургүй, над шиг хүнтэй таарч тохирч чадахгүй бололтой. Би ийм бодит бурхантай таарч тохирч чадахгүй бололтой. Хэлдэг үг, хийдэг ажил, үйл хэргийнх нь зарчим, зан чанар нь—яагаад надад тийм тааламжгүй санагддаг юм бэ? Бурхан хүмүүсээс үнэнч шударга, мөс чанартай байхыг, аливаа зүйл тохиолдох үед бурхныг эрж хайж, дуулгавартай дагаж, бурхнаас эмээж, амбиц, хүслээ орхихыг шаарддаг—эд бол миний хийж чадахгүй зүйлс! Бурхны шаарддаг зүйл хүний үзэлтэй нийцдэггүйгээр үл барам хүний мэдрэмжийг эс ойшоосон. Би яаж түүнд итгэх юм бэ?” гэж хэлдэг. Ингэж толгойдоо эргэцүүлэн бодсоныхоо дараа тэдэнд Бурханыг гэх сайн мэдрэмж төрдөг үү, эсвэл Түүнээс холддог уу? (Тэд холддог.) Хэсэг хугацаанд туулсныхаа дараа антихристүүд амбиц, хүсэлтэй, эрмэлзлээр дүүрэн өөрсөд шиг нь хүмүүсийг Бурханы гэрт таатай хүлээж авахгүй, энд тэдэнд ур чадвараа ашиглах газар байхгүй, энд тэд эрмэлзлээ чөлөөтэй хэрэгжүүлж чадахгүй гэдгийг улам бүр мэдэрдэг. Тэд: “Би бурхны гэрт онцгой авьяас чадвараа харуулж чадахгүй нь. Надад онцгойрох боломж хэзээ ч гарахгүй. Тэд намайг сүнслэг ойлголтгүй, үнэнийг ойлгодоггүй, антихристийн зан чанартай гэж хэлдэг. Би тушаал дэвшиж, чухал байр сууринд очоогүйгээр үл барам яллагдсан. Өөрийн гэсэн бие даасан хаанчлал байгуулахын юу нь буруу гэж? Би бусдыг тарчлаахын юу нь буруу гэж? Надад эрх мэдэл байгаа юм чинь би ингэж авирлах ёстой! Эрх мэдэлтэй байсан бол хэн ингэж авирлахгүй байх юм бэ? Тэгэхээр би сонгуулийн үеэр жаахан бохир тоглож, булхайцахын юу нь буруу гэж? Шүтлэггүй хүмүүс бүгд л тэгдэг биз дээ? Яагаад бурхны гэрт үүнийг зөвшөөрдөггүй юм бэ? Тэд бүр үүнийг ичгүүргүй хэрэг гэж хэлдэг. Энэ яаж ичгүүргүй хэрэг байх юм бэ? Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг. Энэ бол зүй ёсны хэрэг! Бурхны гэр сонирхолгүй. Гэхдээ энэ ертөнцийн хүмүүс нэлээд харгис, бас таарч тохироход амаргүй. Харьцуулахад, бурхны гэрийн хүмүүс арай илүү хүмүүжилтэй. Хэрвээ бурхан байхгүй байсан бол үүгээр эргэлдэх нь гоё байхгүй юу; хэрвээ хүмүүсийг захирдаг бурхан, үнэн байхгүй байсан бол би бурханы гэрт дарга, эзэн, бас хаан байхгүй юу” гэж боддог. Тэд Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхдээ янз бүрийн зүйлийг байнга туулж, тасралтгүй засуулж, янз бүрийн өөр үүрэг рүү шилжсээр эцэст нь нэг зүйлийг ухаарч: “Бурхны гэрт тохиолдсон бүхнийг үнэнээр хэмжиж, шийдвэрлэдэг юм байна. Үнэнийг үргэлж чухалчилж, мөн бурхан үргэлж үүний талаар ярьдаг. Би энд эрмэлзлээ чөлөөтэй хэрэгжүүлж чадахгүй нь!” гэж хэлдэг. Туршлага нь ийм түвшинд хүрэх үедээ тэд үнэнийг, үнэн ноёрхохыг, Бурханы хийдэг бүхэн үнэн байхыг, мөн үнэнийг эрж хайхыг улам бүр зэвүүцдэг. Тэд эдгээр зүйлийг ямар хэмжээнд зэвүүцдэг вэ? Тэд бүр анх хүлээн зөвшөөрч байсан үнэнийхээ хоосон сургаалыг ч хүлээн зөвшөөрөхийг, эсвэл хүлээж авахыг хүсдэггүй бөгөөд зүрх сэтгэлдээ туйлын их дургүйцэл мэдэрдэг. Тиймээс цуглаан болох цаг болмогц тэд нойрмоглож, санаа зовдог. Яагаад санаа зовдог вэ? Тэд: “Эдгээр цуглаан нэг дор гурав, дөрвөн цаг үргэлжлэх юм—энэ хэзээ дуусах вэ? Би цаашид сонсмооргүй байна!” гэж боддог. Тэдний сэтгэл санааны байдлыг дүрсэлж болох нэг хэлц бол “зүүний үзүүр дээр сууж байгаа мэт” юм. Бурханы гэрт үнэн ноёрхож байгаа цагт өөрсдөд нь онцгойрох боломж хэзээ ч гарахгүй, харин үргэлж хязгаарлагдаж, яллагдаж, хүн бүрд гологдох ба хэчнээн чадвартай байсан ч өөрсдөд нь чухал үүрэг өгөхгүй гэдгийг тэд ухаардаг. Үүний үр дүнд үнэн болон Бурханыг гэх тэдний жигшилт эрчимждэг. Хэн нэгэн “Яагаад тэд анхнаасаа жигшилтийг мэдрээгүй юм бэ?” гэж асууж магадгүй. Үнэндээ тэд анхнаасаа л жигшилтийг мэдэрсэн боловч тэр үед Бурханы гэрийн бүх зүйл тэдэнд танил бус байсан. Тэдэнд энэ талаар ямар ч ойлголт байгаагүй боловч энэ нь тэд жигшил, эсвэл зэвүүцлийг мэдрээгүй гэсэн үг биш юм. Яг үнэндээ тэд уг чанар-мөн чанартаа үнэнийг зэвүүцэж байсан, гагцхүү өөрсдөө үүнийгээ ухаараагүй байв. Энэ хүмүүсийн уг чанар-мөн чанар үнэнийг зэвүүцдэг нь эргэлзээгүй юм. Би яагаад ингэж хэлж байна вэ? Тэд төрөлхийн шударга бус байдал, хорон муу байдал, эрх мэдэл, ёрын муу чиг хандлага, удирдах, хүмүүсийг хянах болон иймэрхүү бүх сөрөг зүйлд дуртай байдаг. Тэдний дуртай эдгээр зүйлээс дүгнэхэд антихристүүд үнэнийг зэвүүцдэг нь эргэлзээгүй юм. Түүнчлэн, эрэлхийллийнх нь хувьд тэд байр суурь, өөрсдийгөө онцгойруулах, толгой дээрээ гэрлэн титэм зүүх, хүмүүсийн дунд удирдагч байх, сүрлэг, хүчирхэг байх, ярьж, үйлдэх газар бүрдээ нэр хүнд, хүч чадалтай байх, хүмүүсийг хянах чадварыг эрэлхийлдэг—тэд эдгээр зүйлийг эрэлхийлдэг. Энэ нь ч бас үнэнийг зэвүүцдэгийн илрэл юм. Түүнчлэн, үнэнд хандах хандлагаас нь дүгнэхэд энэ хүмүүс үүнийг хэчнээн их сонссон ч ямар ч нэмэргүй байх болно. Зарим хүн “Энэ нь тэдний ой санамж муутай холбоотой юу?” гэж асууж магадгүй. Үгүй, тийм биш. Зарим антихрист онц ой санамжтай, онцгой уран цэцэн үгтэй байдаг, сурсан зүйлээ тэр даруй хэрэгжүүлж, гайхуулж чаддаг. Үүний үр дүнд ялган таних чадваргүй хүмүүс энэ хүмүүсийг сайн хэв чанартай, Ариун Сүнс тэдний дотор ажиллаж байна гэж боддог. Гэвч ялган таних чадвартай хүмүүс тэдний ярьж байгаа зүйл нь бүгд хоосон сургаал, хоосон үг, ямар ч үнэн-бодит байдалгүй, хүмүүсийг төөрөлдүүлэх зорилготой гэдгийг шууд таньж чадна. Антихристүүд бол ийм хүмүүс юм: Тэд сүрлэг номлол айлдаж, сүнслэг онолыг хоосон байдлаар хэлэлцэж, үгэн бороо оруулах онцгой дуртай ба энэ нь нэгэнт эхэлбэл сэдвээсээ хазайж, нуршдаг. Олон хүн тэднийг ойлгодоггүй бөгөөд антихристүүд “Энэ бол гурав дахь тэнгэрийн хэл; та нар яаж үүнийг ойлгох юм бэ?” гэж хэлдэг. Антихристүүд үнэнийг зэвүүцдэгийн гол илрэл нь үнэнд хандах хандлагаас нь харагддаг, мөн мэдээж энэ нь тэдний өдөр тутмын хэвийн амьдрал, үйл ажиллагаа, ялангуяа үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаагаас илэрдэг. Тэд хэд хэдэн илрэл харуулдаг. Нэгдүгээрт, тэд эрж хайх ёстой гэдгээ тодорхой мэдэж байсан ч үнэнийг хэзээ ч эрж хайдаггүй. Хоёрдугаарт, тэд үнэнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Тэд үнэнийг эрж хайдаггүй юм чинь яаж хэрэгжүүлж чадах юм бэ? Зөвхөн эрж хайснаар л ойлголт бий болж, зөвхөн ойлголт л хэрэгжүүлэлтэд хөтөлж чадна; тэд эрж хайдаггүй, үнэн-зарчмыг ч зүрх сэтгэлдээ огтхон ч хүлээж авдаггүй. Тэд бүр үнэн-зарчмыг үл тоомсорлож, зэвүүцэж, дайсагнасан үздэг. Үүний үр дүнд тэд үнэнийг хэрэгжүүлэх талаар хэзээ ч дурддаггүй, заримдаа үнэнийг ойлголоо ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Жишээлбэл, бусад хүн ямар нэг хэргийн талаар сайн арга хэмжээ санал болгох үед тэд “Үүний юу нь сайн байгаа юм бэ? Хэрвээ би тэгж хийвэл миний өөрийн санаа талаар болох биш үү?” гэж сөргүүлэн хэлж магадгүй. Зарим хүн “Хэрвээ бид чиний аргаар хийвэл Бурханы гэр хохирол амсана; бид зарчмын дагуу үйлдэх ёстой” гэж хэлж магадгүй. Тэд “Ямар зарчим! Миний арга бол зарчим; миний бодсон бүхэн зарчим!” гэж хариулдаг. Энэ нь үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа хэрэг биш үү? (Тийм ээ.) Тэдний өөр нэг гол илрэл бол тэд Бурханы үгийг хэзээ ч уншдаггүй, сүнслэг үйл ажиллагаанд хэзээ ч оролцдоггүй явдал юм. Зарим хүн ажил ихтэй завгүй, Бурханы үгийг унших цаг олдохгүй байх үедээ чимээгүйхэн эргэцүүлэн бодож, эсвэл хэдэн магтан дуу дуулдаг бөгөөд хэрвээ Бурханы үгийг уншихгүй олон хоновол тэдэнд хоосон мэдрэмж төрдөг. Завгүй байх үедээ тэд Бурханы үгээс нэг хэсгийг уншиж, өөрсдийгөө сэлбэх багахан цаг гарган, Бурханы оршихуйг мэдэрч, зүрх сэтгэл нь тогтворжих хүртэл эргэцүүлдэг. Ийм хүмүүс Бурханаас тийм ч хол биш байдаг. Эсрэгээрээ, антихристүүд Бурханы үгийг уншихгүй нэг өдөр өнжлөө гээд шаналдаггүй. Тэд Бурханы үгийг арван өдөр уншихгүй байсан ч юу ч мэдэрдэггүй. Тэд Бурханы үгийг нэг жил уншихгүй байсан ч нэлээд сайн амьдарч чаддаг ба бүр гурван жил Бурханы үгийг уншихгүй байсан ч юу ч мэдэрдэггүй—тэд айдаггүй, эсвэл зүрх сэтгэлдээ хоосон оргидоггүй, ая тухтай амьдарсаар байдаг. Тэд Бурханы үгийг маш их зэвүүцдэг байж таар нь! Хүн завгүй байдлаасаа болоод Бурханы үгийг уншихгүй нэг өдөр, эсвэл ижил шалтгаанаар арван өдөр болж магадгүй. Гэвч хэрвээ хэн нэгэн Бурханы үгийг уншихгүй бүтэн сар болсон хэрнээ юу ч мэдрэхгүй байвал асуудал байна гэсэн үг. Хэрвээ хүн Бурханы үгийг уншихгүй нэг жил болбол тэдэнд Бурханы үгийг хүсэх хүсэл байхгүйгээр зогсохгүй—тэд үнэнийг зэвүүцдэг.
Антихристүүд үнэнийг зэвүүцдэгийн өөр нэг илрэл бол Христийг үл хүндлэх явдал юм. Тэд Христийг хэрхэн үл хүндэлдэг талаар өмнө нь бид нөхөрлөсөн. Тэгвэл Христ тэд Өөрийг нь үл хүндлэхэд хүргэх ямар зүйл хийсэн бэ? Тэр тэднийг гомдоож, хорлосон уу, эсвэл хүслийнх нь эсрэг ямар нэг зүйл хийсэн үү? Тэр тэдний ямар нэгэн ашиг сонирхолд хохирол учруулсан уу? Үгүй. Христэд тэдний эсрэг хувийн хорсол байхгүй, тэд Түүнтэй уулзаж ч үзээгүй. Тэгвэл тэд яаж Түүнийг үл хүндэлж чадаж байна вэ? Үүний үндсэн шалтгаан нь антихристүүдийн үнэнийг зэвүүцдэг мөн чанарт оршдог. Антихристүүд үнэнийг зэвүүцдэгийн өөр нэг илрэл бол бүх эерэг зүйлийн бодит байдлыг үл хүндлэх явдал юм. Бүх эерэг зүйлийн бодит байдал нь Бурханы бүтээсэн бүх зүйл болон тэдгээрийн хууль, төрөл бүрийн амьд зүйлс болон тэдний амьдралыг захирдаг хууль, голчлон хүн гэгддэг эдгээр амьд оршихуйн амьдралыг захирдаг төрөл бүрийн хууль зэрэг өргөн хүрээний зүйлсийг хамардаг. Жишээлбэл, хүний амьдралтай хамгийн ойр байдаг төрөлт, хөгшрөлт, өвчин эмгэг, үхлийн асуудал—хэвийн хүмүүс нас ахих тусам тамир нь муудаж, эрүүл мэнд нь доройтож, нүд нь бүрэлзэж, сонсгол нь муудаж, шүд нь суларч, хөгшрөлттэйгөө эвлэрэх ёстой гэж боддог. Бурхан энэ бүхнийг захирдаг бөгөөд хэн ч энэ байгалийн хуулийг сөрж чадахгүй—хэвийн хүмүүс энэ бүх зүйлийг хүлээн зөвшөөрч, хүлээн авч чаддаг. Гэвч хүн хэр удаан амьдрах, биеийн эрүүл мэнд нь ямар байхаас үл хамааран зарим зүйл өөрчлөгддөггүй, тухайлбал, тэд үүргээ хэрхэн гүйцэтгэх, ямар байр суурь эзлэх, ямар хандлагаар үүргээ гүйцэтгэх зэрэг нь өөрчлөгддөггүй. Нөгөөтээгүүр, антихристүүд буулт хийхээс татгалздаг. Тэд “Би хэн билээ? Би хөгширч болохгүй. Би үргэлж жирийн хүмүүсээс өөр байх ёстой. Би чамд хөгшин харагдаж байна уу? Та нарын энэ насандаа хийж чадахгүй зарим зүйлийг би хийж чадна. Тавиад насанд чинь та нарын хөл муудаж магадгүй ч минийх шаламгай хэвээр байна. Би бүр дээврээс дээвэр рүү үсрэх сургуулилалт хийдэг!” гэж хэлдэг. Тэд Бурханы тогтоосон эдгээр хэвийн хуулийг үргэлж эсэргүүцэхийг хүсдэг, тэдгээрийг зөрчиж, бусдаас өөр, ер бусын, жирийн хүмүүсээс илүү гэдгээ харуулахыг байнга хичээдэг. Тэд яагаад ингэдэг вэ? Тэд Бурханы үгийг эсэргүүцэж, Түүний үг бол үнэн гэдгийг үгүйсгэхийг хүсдэг. Энэ нь антихристүүдийн үнэнийг зэвүүцдэг мөн чанарын илрэл биш гэж үү? (Мөн.) Өөр нэг тал нь, антихристүүд ёрын муу чиг хандлага, харанхуйн нөлөөг дээдэлдэг; энэ нь тэд үнэний дайсан гэдгийг улам баталдаг. Антихристүүд Сатаны дэглэм, домогт гардаг муу ёрын сүнснүүдийн янз бүрийн чадвар, ур чадвар, үйл хэрэг, түүнчлэн ёрын муу чиг хандлага, харанхуйн нөлөөг гүнээ биширч, дээдэлдэг. Эдгээр зүйлд итгэх тэдний итгэл гуйвшгүй тул тэд эдгээрт хэзээ ч эргэлздэггүй. Тэдний зүрх сэтгэл зэвүүцлээс ангид байгаад зогсохгүй, эдгээр зүйлийг хүндэтгэх, дээдлэх, бишрэх сэтгэлээр дүүрэн байдаг. Бүр зүрх сэтгэлийнхээ гүнд тэд эдгээр зүйлийг нягт дагадаг. Антихристүүд зүрх сэтгэлийнхээ гүнд эдгээр ёрын муу, харанхуй зүйлд ийм хандлагатай байдаг—энэ нь тэд үнэнийг зэвүүцдэг гэсэн үг биш үү? Яг тийм! Эдгээр хорон муу, харанхуй зүйлд дуртай хүн яаж үнэнийг хайрлаж чадах юм бэ? Эд бол ёрын муу хүчнүүд болон Сатаны бүлэглэлд харьяалагддаг хүмүүс юм. Мэдээж тэд Сатаны зүйлст гуйвшгүйгээр итгэдэг бол зүрх сэтгэл нь үнэн болон эерэг зүйлсийг зэвүүцэх, үл тоомсорлох сэтгэлээр дүүрэн байдаг. Бид үнэнийг зэвүүцэх зүйлийн талаарх дүгнэлтээ үүгээр ерөнхийд нь өндөрлөе.
В. Харгис байдал
Антихристүүдийн зан чанар-мөн чанарын өөр нэг хэсэг бол харгис байдал юм. Антихристүүдийг нэг хэллэгээр дүгнэж болно: Антихристүүд бол ёрын муу хүмүүс. Тэд байр суурьтай байх үедээ антихрист гэдэг нь илэрхий байдаг. Тэд байр суурьгүй байх үед антихрист мөн эсэхийг нь яаж дүгнэж болох вэ? Чи тэдний хүн чанарыг харах ёстой. Хэрвээ хүн чанар нь хорлонтой, дотуур тамиртай, хортой бол тэд зуун хувь антихристүүд юм. Хэрвээ хэн нэгэн хэзээ ч байр суурьтай байгаагүй, хэзээ ч удирдагч байгаагүй бөгөөд хүн чанар нь сайн биш бол антихрист мөн эсэхийг нь яаж тогтоож болох вэ? Тэдний хүн чанар хортой эсэх, тэд ёрын муу хүн мөн эсэхийг чи харах ёстой. Хэрвээ тэд ёрын муу хүн бол байр суурьгүй байсан ч зуун хувь антихрист юм. Тиймээс антихристүүдийн зан чанар-мөн чанарын өөр нэг нийтлэг тал бол харгис байдал юм. Антихристүүдийн харгис зан чанар нь арслан, барын олзоо агнадаг харгис байдалтай адилхан уу? (Үгүй.) Махчин амьтад өлссөнөөсөө болж агнадаг; энэ нь бие махбодын хэрэгцээ, зөн совин юм. Гэвч тэд өлсөөгүй үедээ агнадаггүй. Энэ нь антихристүүдийн харгис байдлаас юугаараа ялгаатай вэ? Антихристүүд өдөөн хатгахгүй бол догширдоггүй, харин өдөөн хатгах үед л догширдог хэрэг үү? Эсвэл чи үгэнд нь орохгүй бол чамайг хянахгүй, харин үгэнд нь орвол чамайг хянана гэсэн үг үү? Эсвэл чи үгэнд нь орж л байвал чамайг тарчлаахгүй, харин үгэнд нь орохгүй бол чамайг тарчлаана гэсэн үг үү? (Үгүй.) Антихристүүдийн харгис байдал бол зан чанар, мөн чанар—энэ бол Сатаны жинхэнэ мөн чанар юм. Энэ нь зөн совин, эсвэл махан биеийн хэрэгцээ биш, харин антихристүүдийн зан чанарын илрэл, онцлог юм. Тэгвэл антихристүүдийн харгис зан чанарын илрэл, илчлэл, арга барил юу вэ? Тэдний ямар үйлдэл нь зан чанар нь харгис, ёрын муу хүмүүсийн мөн чанартай болохыг төлөөлдөг вэ? Бодлоо хуваалцаарай. (Тэд бусдыг тарчлаадаг.) (Өөрсдөөсөө өөр хүмүүсийг дарлаж, гадуурхдаг.) (Бусдыг гүтгэж, тэдэнд урхи тавьдаг.) (Хүмүүсийг хянаж, явуулга хийдэг.) (Бүлэглэл үүсгэж, хагалан бутаргадаг.) Бүлэглэл үүсгэж, хагалан бутаргах нь бага зэрэг дотуур тамиртай; эдгээр нь хорон муу зан чанарын илрэл боловч харгис байдалд хүрдэггүй. Үзэл тараах, бие даасан хаанчлал байгуулах—эдгээр нь харгис уу? (Тийм.) Ажлын зохицуулалтыг эсэргүүцэх, Бурханы гэрийн ажлыг үймүүлэх, Бурханы өргөлийг булаах, Бурханыг шууд эсэргүүцэх—эдгээр нь харгис уу? (Тийм.) Өргөлийг булаах нь зөвхөн шунахай хэрэг биш; энэ нь бас харгис зан чанарын илрэл юм. Антихристүүд өргөлийг булааж чаддаг нь дээрэмчдийнхтэй тэнцэхүйц туйлын харгис зан чанартайг нь илтгэдэг. Бидний сая авч үзсэн зүйлсийг дахин хэл дээ. (Тэд бусдыг тарчлаадаг, өөрсдөөсөө өөр хүмүүсийг дарлаж, гадуурхдаг, бусдыг гүтгэж, тэдэнд урхи тавьдаг, хүмүүсийг хянаж, явуулга хийдэг, үзэл тарааж, бие даасан хаанчлал байгуулдаг, ажлын зохицуулалтыг эсэргүүцэж, Бурхан руу дайрч, өргөлийг булаадаг.) Нийт есөн зүйл. Эдгээр нь ерөнхийдөө антихристүүдийн харгис зан чанарын илрэлүүд юм. Үнэндээ өөр зарим тодорхой илрэл байдаг боловч эдгээртэй бараг ижилхэн тул Би тэдгээрийг дэлгэрэнгүй жагсаахгүй. Товчхондоо, эдгээр арга барил, стратегийг ашигладаг хүмүүс бол ёрын муу хүмүүс юм. Нэг талаараа, тэдний арга барил нь дотуур тамиртай, жишээлбэл, гүтгэх, урхи тавих, үзэл тараах нь бүгд харьцангуй дотуур тамиртай байдаг. Нөгөө талаараа, тэдний стратеги нь нэлээд хортой, догшин байдаг нь тэднийг харгис зан чанартай болгодог.
Антихристүүдийн зан чанар-мөн чанарын энэ гурван талаас дүгнэхэд тэд аврагдаж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тэд Бурханы гэрт хөдөлмөрлөх хүсэлтэй юу? (Үгүй, хүсдэггүй.) Тэд үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг хайрладаггүй, зүрх сэтгэл нь Бурхан болон эерэг зүйлсэд дайсагнах сэтгэлээр дүүрэн байдаг. Тэд бүр Бурханы гэрт хөдөлмөрлөж, үүргээ биелүүлэх зэрэг хамгийн наад захын зүйлийг ч хийхийг хүсдэггүй—өөрөөр хэлбэл, хүний ерөнхийдөө хийх ёстой зүйлийг ч хийж чаддаггүй. Тэд үүнийг хийж чаддаггүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ ах эгч нарын үүргээ гүйцэтгэх хэвийн дэг журам, түүнчлэн чуулганы хэвийн амьдралыг үймүүлж, саад болж, сүйтгэдэг. Үүний зэрэгцээ тэд Бурханы гэрийн ажил, хүмүүсийн хэвийн амь-оролт болон хүмүүс дэх Бурханы хэвийн ажилд саад болдог. Үүгээр ч зогсохгүй, тэд бас Бурханы гэрт захирч, эрх мэдлийг атгахыг хүсдэг; эрх мэдэл, нөлөөтэй болох, Бурханы сонгосон хүмүүсийг хянах, Бурхантай өрсөлдөх амбиц, хүсэлдээ хүрэхийн тулд хүмүүсийг төөрөлдүүлж, татаж, хянаж, Бурханы гэрт өөрсдийн бие даасан хаанчлал, бүлэглэлийг байгуулж, Бурханыг дагадаг хүмүүсийг бүхэлд нь өөрсдийн дагалдагч болгохыг хүсдэг. Тэгвэл антихристүүдийг Бурханы гэрт ашиглах ямар нэгэн үнэ цэн бий юу? Тэд Бурханы гэрт ямар нэгэн сайн үүрэг гүйцэтгэж чадах уу? (Үгүй.) Тэдний хүн чанараас эрэлхийлэл хүртэл, амбиц, хүслээс нь алхдаг зам хүртэл, мөн үнэн болон Бурханд хандах хандлагаас нь дүгнэхэд ийм хүмүүс Бурханы гэрт зөвхөн Бурханы ажлыг үймүүлэх, саад болох, сүйтгэх үүрэг л гүйцэтгэж чадна. Тэд өчүүхэн төдий ч эерэг үүрэг гүйцэтгэж чадахгүй, учир нь тэд хэзээ ч үнэнийг эрэлхийлдэггүй бөгөөд уг чанар-мөн чанартаа тэд үнэнийг зэвүүцдэг, үнэн болон Бурханд дайсагнах сэтгэлээр дүүрэн байдаг. Энэ бол антихристүүдийн мөн чанар юм.
Одоогоор бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн талаар нөхөрлөж бүрэн дууслаа. Өнөөдрийн бидний нөхөрлөсөн зүйлсээр дамжуулан та нар одоо антихристүүдийг ялган таньж чадах уу? Хамгийн энгийн хэллэгээр нэгтгэн дүгнэвэл: Ёрын муу хүмүүс бол антихристүүд ба антихристүүд бүгд ёрын муу хүмүүс юм. Ингэж хэлснээр та нарт бүх зүйл хамаагүй тодорхой болсон биш үү? Одоо ойлгоход илүү хялбар болоогүй гэж үү? Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид антихристүүдийн уг чанар-мөн чанарыг тасралтгүй задлан шинжилж, та нар өөрсдийгөө антихрист байж магадгүй гэж санаа зовж, маш их цэвэршүүлэлт туулсан. Одоо эцэст нь үр дүн гарлаа. Уг үйл явц нэлээд хэцүү байсан ч эцсийн үр дүн нь сайн байна: Та нарт антихристийн зан чанар байдаг боловч та нар антихрист биш. Та нар яаж ийм ойлголтод хүрсэн бэ? Миний нөхөрлөлийн аль мөр нь та нарт үүнийг ухааруулсан бэ? (Өнгөрсөн удаа, антихристүүдийн ёс жудаг, зан чанар-мөн чанар болон бусад хүний хоорондын ялгааны талаарх Бурханы нөхөрлөлөөр дамжуулан, бид бага зэрэг ойлгож эхэлсэн. Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс мууг үйлдсэнийхээ дараа гэмшиж, өөрчлөгдөж чаддаг бол антихристийн зан чанар-мөн чанартай хүмүүс ерөөс гэмшдэггүй, хэчнээн их мууг үйлдсэн ч юу ч мэдэрдэггүй.) Хүмүүс антихристийн зан чанарын зарим илрэлийг харуулдаг боловч эдгээр нь өөрийн мэдэлгүй байдаг, тэдний идэвхтэй хүсэл зоригоос гардаггүй; эдгээр илрэл илэрхий болох үед хүмүүс таагүй байдал, өвдөлт, гэмшил, өртэй мэт мэдрэмж мэдэрдэг, тэгээд тэд аажмаар замаа өөрчилж чаддаг. Хүмүүс энэ санааг ойлгох үедээ хамаагүй илүү тайвширч, аврагдах орон зай байсаар байгааг, мөн өөрсдийгөө антихристүүд биш гэдгийг олж хардаг. Хэдийгээр тэд антихристийн зан чанартай ямар нэгэн байдлаар холбоотой боловч азаар антихристийн зан чанар-мөн чанартай ямар ч холбоогүй байдаг. Чи ёрын муу хүн биш л бол антихрист биш. Гэвч энэ нь чамд антихристүүдийн зан чанар байхгүй гэсэн үг үү? (Үгүй, тийм биш.) Одоо Намайг хүн бүрд антихристүүдийн зан чанар байдаг гэж хэлэхэд та нар зүрх сэтгэлдээ эсэргүүцэл мэдэрч байна уу? (Би мэдрэхгүй байна.) Та нар эсэргүүцэл мэдрэхгүй байна; та нар одоо энэ баримтыг хүлээн авч чадна. Антихристүүдийн зан чанар-мөн чанарын илрэлийг нэгтгэн дүгнэ дээ. (Антихристүүд үнэнийг зэвүүцдэг, үнэнийг үзэн яддаг тул үнэнийг хэзээ ч хүлээн авахгүй.) Энэ нь мөн чанарыг нь хөндөж байна; антихристүүд үнэнийг хэзээ ч хүлээн авахгүй; тэд үнэнийг зэвүүцэж, дайсагнадаг. Зарим хүн үнэнийг эрэлхийлдэггүй боловч үнэнд дайсагнадаггүй, мөн Бурханы хэлсэн бүхэн зөв, сайн гэж боддог, иймээс үүнийг биширч, эрэлхийлэхийг хүсдэг ч хэв чанар муутай, замгүй байдаг. Бусад нь үнэнийг сонирхдоггүй боловч үнэнд дайсагнадаггүй; тэд бүлээн төрлийн хүмүүс юм. Гэвч антихристүүд өөр; тэд үнэнийг зэвүүцэж, дайсагнадаг. Үнэн, эсвэл Бурханыг дурдах төдийд тэд үзэн ядалт мэдэрдэг тул тэднээр үнэнийг хүлээн авахуулахаар оролдох нь тэднийг хэвийн бус болгодог, тэд зүрх сэтгэлдээ эгдүүцэл мэдэрч, хэзээ ч үүнийг хүлээн авдаггүй—энэ бол антихристүүдийн мөн чанар юм. Өөр юу байна? (Антихристүүд юу ч буруу хийсэн ерөөсөө гэмшдэггүй учраас үнэнийг хэзээ ч хэрэгжүүлэхгүй.) Тэд өөрсдийн алдааг хүлээн зөвшөөрөхгүй, хэзээ ч гэмшдэггүй, олон жилийн турш өөрчлөгдөхгүй. Тэд Бурхан бол үнэн, Бурханы үг бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй юм чинь яаж үнэнийг хэрэгжүүлэх юм бэ? Тэдэнд хүн чанар байдаггүй, тэд хүн биш, тэд бол диаволууд, Сатанууд, Бурханы дайснууд, тиймээс тэд үнэнийг яавч хэрэгжүүлэхгүй.
2020 оны 12 дугаар сарын 26