Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ГУРВАЛ ОРШИН БАЙДАГ УУ?

Есүс махбод болсон тухай үнэн ил болсны дараа хүн үүнд итгэсэн: Тэнгэрт Эцэг байгаад зогсохгүй, мөн түүнчлэн Хүү, тэр ч бүү хэл Сүнс байдаг. Өөрөөр хэлбэл, хүний уламжлалт үзэлд баримталдаг ийм Бурхан тэнгэрт байдаг: Гурвал буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс нь бүгд нэг. Бүх хүн төрөлхтөнд ийм үзэл байдаг: Бурхан бол нэг Бурхан боловч гурван хэсгээс бүрддэг ба уламжлалт үзэлд ноцтойгоор заншиж тогтсон зүйлс нь Эцэг, Хүү, Ариун Сүнс юм. Зөвхөн Энэ гурван хэсгийг нийлүүлбэл Бурхан бүхэлдээ юм. Ариун Эцэггүйгээр Бурхан бүрэн гүйцэд байж чадахгүй. Үүнтэй адилаар Хүү, эсвэл Ариун Сүнсгүйгээр Бурхан мөн л бүрэн гүйцэд байхгүй. Өөрсдийн үзэлдээ тэд Эцгийг ганцааранг нь, мөн Хүүг ганцааранг нь Бурхан гэж үзэж болохгүй хэмээн итгэдэг. Зөвхөн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг хамтад нь Бурхан Өөрөө гэж үзэж болно. Одоо та нарын дунд байгаа дагалдагч болгоныг оролцуулаад шашны бүх итгэгч энэ итгэлийг баримталдаг. Гэсэн ч энэхүү итгэл зөв эсэх талаар хэн ч тайлбарлаж чадахгүй, учир нь та нар Бурханы Өөрийн хэрэг явдлын талаар үргэлж төөрөгдлийн манан дунд байдаг. Хэдий эдгээр нь үзэл боловч та нар зөв, буруу эсэхийг нь мэддэггүй, учир нь шашны үзэл та нарт хэтэрхий ноцтойгоор халдварласан. Та нар шашны эдгээр уламжлалт үзлийг хэтэрхий гүнзгий хүлээн зөвшөөрсөн ба энэхүү хор дотор чинь хэтэрхий гүн нэвчсэн. Тиймээс энэ асуудлын хувьд ч та нар энэ хортой нөлөөнд автсан, учир нь Гурвал ердөө оршин байдаггүй. Өөрөөр хэлбэл, Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал ердөө оршин байдаггүй. Эдгээр нь бүгд хүний уламжлалт үзэл бөгөөд хүний андуу ташаа ойлголт билээ. Олон зууны туршид, хүний оюун санаан дахь үзлээс бий болсон, хүний зохиосон, өмнө нь хэзээ ч хүнд үзэгдэж байгаагүй энэхүү Гурвалд хүн итгэсэн. Энэ олон жилийн туршид Гурвалын “жинхэнэ утгыг” тайлбарласан олон сүнслэг агуу хүн байсан боловч Гурвалыг гурван өөр нэгдмэл бие хэмээсэн тайлбар нь тодорхой бус, ойлгомжгүй байсан ба хүмүүс бүгд Бурханы “бүтцийн” талаар будилдаг. Ямар ч агуу хүн бүрэн төгс тайлбар өгч чадаагүй; ихэнх тайлбар нь учир шалтгааны хувьд болон цаасан дээр шаардлага хангадаг боловч нэг ч хүн үүний утга учрын талаар бүрэн тодорхой ойлголттой байдаггүй. Яагаад гэвэл, хүний зүрх сэтгэлдээ хадгалдаг агуу Гурвал ердөө оршдоггүй. Учир нь хэн ч Бурханы жинхэнэ төрхийг харж байгаагүй, эсвэл Бурханы оршдог газарт ямар зүйл байдгийг шинжлэхийн тулд, “Бурханы гэр”-т яг хэдэн олон арван мянга, хэдэн зуун сая үе удам байгааг тодорхойлохын тулд, мөн Бурханы төрөлхийн бүтцийг яг хэдэн хэсэг бүрдүүлдгийг шалгахын тулд Бурханы оршин байгаа газарт зочлохоор дээш гарах хувьтай хүн нэг ч байгаагүй. Үндсэндээ юуг шинжлэх хэрэгтэй вэ гэвэл: Эцэг, Хүү, түүнчлэн Ариун Сүнсний нас сүүдэр; бие тус бүрийн харагдах байдал; Тэд яг хэрхэн хуваагдаж байгаа болон хэрхэн нэг болж байгаа явдал юм. Харамсалтай нь, энэ бүх жилүүдэд нэг ч хүн энэ хэрэг явдлын үнэнийг тодорхойлж чадаагүй. Тэд бүгдээрээ зүгээр л таамагладаг, учир нь Гурвалын талаар анхаардаг, шашны тэр бүх үнэнч, цогтой итгэгчдэд хэрэг явдлын үнэнийг тайлагнахын тулд хэн ч, хэзээ ч тэнгэр лүү зочлохоор дээш гарч, бүх хүн төрөлхтөнд зориулсан “эрэн сурвалжлах тайлантайгаар” буцаж ирээгүй юм. Мэдээж ийм үзлийг бий болгосонд нь хүнийг буруушааж болохгүй, тэгвэл яагаад Эцэг Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ Хүү Есүсээр Өөрийгөө дагалдуулаагүй юм бэ? Хэрвээ эхэндээ бүгд Еховагийн нэрээр явсан бол энэ нь илүү дээр байх байсан. Хэрвээ буруушаах ёстой бол, бүтээлийн цаг үед Хүү болон Ариун Сүнсийг Өөрийнхөө өмнө дуудалгүй, харин ч Өөрийн ажлыг ганцаараа хийсэн Ехова Бурханы түр зуурын ташаарлыг л буруутга. Хэрвээ Тэд бүгд нэгэн зэрэг ажилласан бол нэг болохгүй байсан гэж үү? Хэрвээ бүр эхнээсээ эцсээ хүртэл зөвхөн Ехова гэх нэр байсан бөгөөд Нигүүлслийн эрин үеийн Есүсийн нэр байгаагүй бол, эсвэл тухайн үед Тэрээр Ехова гэж нэрлэгдсээр л байсан бол Бурхан, хүн төрөлхтний үүсгэсэн энэхүү хуваагдлын зовлонгоос хэлтрэх байсан биш гэж үү? Мэдээж, энэ бүхний төлөө Еховад гомдоллож болохгүй; хэрвээ буруушаах ёстой бол мянга мянган жилийн туршид Ехова, Есүс, тэр ч бүү хэл Ариун Сүнсний нэрээр Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийж, Бурхан гэж яг юу вэ гэдгийг мэдэхээ больтол нь хүнийг будилуулж, төөрөгдүүлсэн Ариун Сүнсийг л буруутга. Хэрвээ Ариун Сүнс Өөрөө хэлбэр дүрс, дүр төрхгүйгээр, цаашлаад Есүс гэх мэт нэргүйгээр ажилласан бол хүн Түүнд хүрч ч, харж ч чадахгүй зөвхөн аянгын дууг сонсох байлаа, тэгвэл ийм төрлийн ажил нь хүн төрөлхтөнд илүү их ач тустай байх байсан биш гэж үү? Тэгвэл одоо юу хийж болох вэ? Хүний үзэл нь уул шиг өндөр, далай шиг өргөн уудам зүйлсийг цуглуулсан ба өнөөгийн Бурхан цаашид тэдгээрийг тэвчиж чадахгүй, яахаа мэдэхээ байх хүртэл хэмжээнд очсон. Өнгөрсөн үед Ехова, Есүс болон энэ хоёрын дундах Ариун Сүнс байх үед хүн хэрхэн учрыг нь олохоо аль хэдийн мэдэхээ больсон байсан ба одоо үүн дээр нэмээд мөн л Бурханы нэг хэсэг гэж хэлэгддэг Төгс Хүчит байгаа. Тэр хэн бэ гэдгийг болон Гурвалын аль биетэй Тэр холилдсон, эсвэл хэчнээн олон жилийн турш дотор нь нуугдсан гэдгийг хэн мэдэх билээ? Хүн үүнийг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Хүн бүх амьдралаараа тайлбарлахад Гурвал дангаараа хангалттай байсан, гэвч одоо “дөрвөн бие дэх нэг Бурхан” байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Чи тайлбарлаж чадах уу? Ах, эгч нар аа! Өнөөдрийг хүртэл та нар ийм Бурханд яаж итгэж байсан юм бэ? Би та нарыг биширч байна. Гурвалыг тэвчих нь аль хэдийн хангалттай байсан атал та нар дөрвөн бие дэх энэ нэг Бурханд ийм тууштай итгэлтэй байсаар байна. Та нараас явахыг шаардсан ч та нар татгалздаг. Хэчнээн санаанд багтамгүй вэ! Та нар үнэхээр гайхалтай юм! Хүн үнэндээ дөрвөн Бурханд ч гэсэн итгэж чаддаг ба үүнийгээ тоодоггүй; энэ нь гайхамшиг гэж та нар бодохгүй байна уу? Та нар тийм агуу гайхамшиг үзүүлж чадна гэдгийг Би мэдээгүй! Үнэндээ энэ орчлон ертөнцийн хаа ч Гурвал оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг Хүүгийн хамтдаа хэрэглэдэг хэрэгсэл болох Ариун Сүнсний тухай онол ч байдаггүй. Энэ бүхэн нь хамгийн том тэрс үзэл бөгөөд энэ ертөнц дээр огт оршдоггүй! Гэхдээ ийм тэрс үзэл ч гэсэн эх сурвалж байдаг бөгөөд огт үндэслэлгүй байдаггүй, учир нь та нарын оюун санаа тийм ч энгийн биш, мөн та нарын бодол эрүүл ухаангүй биш билээ. Харин ч тэдгээр нь нэлээд зохистой, чадварлаг, бүр ямар ч Сатан нэвтэршгүй байдаг. Харамсалтай нь эдгээр бодол бүгд тэрс үзэл бөгөөд зүгээр л оршин байдаггүй! Та нар жинхэнэ үнэнийг огтхон ч хараагүй; та нар бусдын итгэлийг хуурамчаар олж, оюуны чадамжгүй буюу эрүүл ухаангүй хамгийн тэнэг хүмүүст нөлөөлөхийн тулд зүгээр л таамаглал, үзэл бий болгож, үүнийгээ янз бүрийн түүх болгон зохиодог, ингэснээр тэд агуу цуутай “мэргэжилтний сургаалд” чинь итгэдэг. Энэ нь үнэн үү? Энэ нь хүний хүлээн авах ёстой амийн зам уу? Энэ бүхэн ямар ч утгагүй! Нэг ч үг нь зүй зохистой биш! Энэ олон жилийн туршид Бурханыг та нар ийм маягаар хуваасан, үе удам бүрд илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болж илт хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаан нийлүүлэх ердөө боломжгүй, учир нь та нар Түүнийг хэтэрхий нарийн хуваасан! Хэтэрхий оройтохоос нь өмнө Миний шуурхай ажил хийгдээгүй бол, та нар хэр удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсныг хэлэхэд хэцүү юм! Бурханыг ийм байдлаар хуваасаар байвал Тэр яаж та нарын Бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар Бурханыг таньж чадна гэж үү? Та нар Түүн рүү буцан очиж чадна гэж үү? Хэрвээ Би арай оройтож ирсэн бол “Эцэг, Хүү” Ехова Есүс хоёрыг Израиль руу илгээчихээд та нар өөрсдийгөө Бурханы нэг хэсэг гэж хэлэх байлаа. Азаар одоо бол эцсийн өдрүүд. Эцэстээ Миний удаан хүлээсэн энэ өдөр ирсэн ба Би ажлын энэ үе шатыг Өөрийн гараар хэрэгжүүлсний дараа л Бурханыг Өөрийг нь хуваадаг явдлыг чинь хориглосон. Хэрвээ тэгээгүй бол та нар нөхцөл байдлыг хурцатгаж, тэр ч бүү хэл бишрэн шүтэхийн тулд өөрсдийн дунд байгаа бүх Сатаныг тахилын ширээн дээр тавих байлаа. Энэ бол та нарын арга чарга юм! Бурханыг хуваах та нарын арга барил! Та нар одоо ч ингэсээр л байх уу? Би та нараас асууя: Хэдэн Бурхан байдаг вэ? Аль Бурхан нь та нарт аврал авчрах вэ? Та нарын үргэлж залбирдаг Бурхан чинь эхнийх нь үү, хоёр дахь нь, эсвэл гурав дахь нь уу? Тэдний алинд нь та нар үргэлж итгэдэг вэ? Эцэг нь үү? Эсвэл Хүү нь үү? Эсвэл Сүнс үү? Чи хэнд нь итгэдгээ Надад хэл. Чи үг хэлэх бүрдээ Бурханд итгэдэг гэж хэлдэг хэдий ч, үнэхээр итгэдэг зүйл чинь та нарын уураг тархи юм! Та нарын зүрх сэтгэлд Бурхан ердөө байхгүй! Гэсэн ч та нарын оюун санаанд өдий төдий тийм “Гурвалууд” байдаг! Та нар санал нийлэхгүй байна гэж үү?

Хэрвээ ажлын гурван үе шатыг энэхүү Гурвалын тухай хэллэгийн дагуу үнэлбэл тус бүрийнх нь хийсэн ажил ижил байгаагүйн улмаас гурван Бурхан байх учиртай. Хэрвээ та нарын дундаас хэн нэгэн Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл гурван бие дэх энэ нэг Бурхан яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун Эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс гэж юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тэр үеийн Еховагийн ажил ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнсээр хийгдээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбарын дагуу бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бие нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг, тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм төрлийн Бурхан яаж Бурханы төрөлх мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи зөвхөн нэг Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр хэрхэн хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Зөвхөн ганц Бурхан байдаг, энэ Бурханд ганц л үнэн бие байдаг, ганц л Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.” Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр махбодод болон орчлон ертөнц даяар нэгэн зэрэг оршиж чадна. Нэгэнт бүх хүн, Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц үнэн бие; тэр нь Бурханы Сүнс юм. Хэрвээ энэ нь чиний хэлдэг шигээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол Тэд гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэд өөр өөр мөн чанартай ялгаатай биес, иймээс Тэд яаж ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч Сүнс юм. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй ба хэзээ ч махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд бас гарцаагүй Сүнс юм. Тэгвэл Ариун Сүнс, Тэр хоёрын хоорондох харилцаа юу вэ? Энэ нь Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа юу? Эсвэл Ариун Сүнс болоод Эцгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар нь адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцгийн хэрэгсэл үү? Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондын харилцаа юу, эсвэл хүн болон Сүнсний хоорондын харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван биеийн тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр биес байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй. Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай ойлголт хамгийн утгагүй юм! Энэ нь Бурханыг хэсэглэж, тус бүрдээ байр суурьтай, Сүнстэй гурван бие болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ? Тэнгэр, газар болоод үүн доторх бүх зүйлийг Эцэг бүтээсэн үү, Хүү бүтээсэн үү, эсвэл Ариун Сүнс бүтээсэн үү, Надад хэл дээ? Тэд бүгдээрээ хамт бүтээсэн гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг хэн золин аварсан бэ? Ариун Сүнс, Хүү юу, эсвэл Эцэг үү? Хүү хүн төрөлхтнийг золин аварсан гэж зарим нь хэлдэг. Тэгвэл мөн чанартаа Хүү нь хэн юм бэ? Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс биш гэж үү? Бие махбодтой болсон Бурхан нь, бүтээгдсэн хүний өнцгөөс тэнгэр дэх Бурханыг Эцэг гэж дуудаж байсан. Есүс Ариун Сүнснээс олдож төрсөн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Түүний дотор Ариун Сүнс байдаг; чи юу ч хэлсэн бай, Тэрээр тэнгэр дэх Бурхантай нэг юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс билээ. Хүүгийн талаарх энэхүү хэллэг огт байдаггүй. Ганц Сүнс бүх ажлыг хэрэгжүүлсэн; зөвхөн Бурхан Өөрөө буюу Бурханы Сүнс л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Бурханы Сүнс гэж хэн бэ? Энэ нь Ариун Сүнс биш гэж үү? Энэ нь Есүст ажилладаг Ариун Сүнс биш гэж үү? Хэрвээ ажлыг Ариун Сүнс (өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс) хэрэгжүүлээгүй бол Түүний ажил Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах байсан уу? Тэр үед Есүс залбирахдаа тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудаж байсан, энэ нь зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс энгийн, хэвийн махбод өмсөж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй байсан учраас л ингэсэн юм. Түүний дотор Бурханы Сүнс байсан ч гэсэн Түүний гадаад байдал нь энгийн хүн байсан; өөрөөр хэлбэл, Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон байлаа. Хүний Хүү гэж дуудагдаж байсныг нь харгалзан үзвэл, Тэрээр энгийн хүмүүсийн жирийн гэр бүлд төрсөн (эрэгтэй, эсвэл эмэгтэй ч бай, ямар ч тохиолдолд хүний гадаад төрхтэй) хүн байсан юм. Тиймээс тэнгэр дэх Бурханыг Есүс Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг Эцэг гэж дуудсантай адил; Тэр бүтээлийн хүний өнцгөөс ингэсэн. Есүсийн та нарт заасан Эзэний Залбирлыг та нар санаж байна уу? “Тэнгэр дэх бидний Аав аа …” Тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс шаардсан. Тэр ч гэсэн Түүнийг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил байр сууринд зогсож байгаа хүний өнцгөөс ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дууддаг учраас, Есүс Өөрийгөө та нартай адил сууринд байгаагаар, мөн Бурханы сонгосон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзсэн гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ та нар Бурханыг “Эцэг” хэмээн дуудвал, энэ нь та нар бүтээгдсэн зүйл учраас биш гэж үү? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч, цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурханаар) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр Өөрийн ажлыг хараахан биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдал байлаа. Тэрээр Бурханд (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсэнд) ийм байдлаар хандаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг баталдаггүй. Харин ч Тэр өөр өөр бие байсан юм биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр бие гэдэг нь огт оршдоггүй гажууд онол юм! Цовдлогдохоосоо өмнө Есүс махан биеийн хязгаарлалтад баригдсан хүний Хүү байсан бөгөөд Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй байв. Тийм учраас Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайж л чадсан юм. Тэрээр Гетсеманид: “Миний хүслээр биш, харин Таныхаар болог” хэмээн гурвантаа залбирсантай адил. Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр иудейчүүдын Хаан байсан; Тэр бол алдрын бие биш, харин Христ, хүний Хүү байлаа. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэрээр Бурханыг Эцэг гэж дуудсан юм. Одоо чи, Бурханыг Эцэг хэмээн дууддаг бүхэн нь Хүү юм гэж хэлж болохгүй. Хэрвээ тийм байсан бол Есүс та нарт Эзэний Залбирлыг заасны дараа та нар бүгдээрээ Хүү болохгүй гэж үү? Хэрвээ та нар одоо ч итгэхгүй байвал та нарын Эцэг гэж дууддаг нэгэн чинь хэн бэ? гэдгийг Надад хэл. Хэрвээ та нар Есүсийг хэлж байгаа бол Есүсийн Эцэг та нарын хувьд хэн бэ? Есүсийг явж одсоны дараа Эцэг, Хүү гэсэн энэхүү хэллэг байхаа больсон. Энэхүү хэллэг нь Есүс махбод болсон тэр жилүүдэд л тохиромжтой байв; бусад бүх нөхцөл байдалд та нар Бурханыг Эцэг хэмээн дуудах үед, энэ нь бүтээлийн Эзэн болон бүтээгдсэн зүйлийн хоорондын харилцаа байдаг. Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвалын энэхүү хэллэг хэзээ ч байж болохгүй; энэ нь эрин үеүдэд ховорхон харагддаг гажууд онол бөгөөд оршин байдаггүй!

Эхлэл дэх Бурханы үг ихэнх хүмүүст санагдаж магад: “Бид өөрсөдтэйгээ адилаар, өөрсдийн дүр төрхөөр хүнийг бүтээцгээе.” “Бид” хүнийг “өөрсдийнхөө” дүрээр бүтээе гэж Бурханы хэлснийг авч үзвэл, “бид” гэдэг нь хоёр буюу түүнээс олон гэдгийг илэрхийлж байна; нэгэнт Тэр “бид” гэж хэлсэн учраас зөвхөн ганц Бурхан байдаггүй. Ийм маягаар хүн өөр өөр биеийг хийсвэрээр бодож эхэлсэн бөгөөд эдгээр үгээс Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай хэллэг бий болсон. Тэгвэл Эцэг ямархуу вэ? Хүү ямархуу вэ? Мөн Ариун Сүнс ямархуу вэ? Өнөөдрийн хүн төрөлхтөн энэ гурвыг нийлүүлсэн нэгний дүр төрхөөр бүтээгдсэн байж болох уу? Тэгвэл хүний дүр төрх Эцэг, Хүү эсвэл Ариун Сүнснийхтэй адилхан уу? Бурханы эдгээр биеийн алиных нь дүрээр хүн бүтээгдсэн бэ? Хүний энэ хэллэг нь зүгээр л буруу бөгөөд ямар ч утгагүй! Энэ нь ердөө, ганц Бурханыг хэд хэдэн Бурхан болгон хувааж л чадна. Мосе Эхлэлийг бичсэн үе нь, дэлхийн бүтээлийн дараагаар хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа байсан. Хамгийн анх дэлхий ертөнц бий болох үед Мосе байгаагүй. Мосе Библийг их сүүлд бичсэн юм, тэгвэл тэнгэр дэх Бурханы хэлсэн зүйл юу байсныг тэр яаж мэдсэн байх юм бэ? Бурхан энэ дэлхийг хэрхэн бүтээсэн талаар тэр огт мэдэхгүй. Библийн Хуучин Гэрээнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаар огт дурддаггүй, зөвхөн цорын ганц жинхэнэ Бурхан, Ехова Өөрийн ажлыг Израильд хийж буйг дурддаг. Эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Тэр янз бүрийн нэрээр нэрлэгдсэн, гэхдээ нэр бүхэн нь өөр биед хамаатай гэдгийг энэ нь баталж чадахгүй. Хэрвээ тийм байсан бол Бурханд тоо томшгүй олон бие байх байсан биш гэж үү? Хуучин Гэрээнд бичигдсэн зүйл бол Еховагийн ажил, Хуулийн эрин үед эхлүүлсэн Бурханы Өөрийн ажлын үе шат юм. Энэ нь Бурханы ажил байсан, Түүнийг ярих үед тэр нь бий болж, Түүнийг тушаах үед энэ нь биелж байсан. Тэр бол ажлаа гүйцэтгэхээр ирсэн Эцэг гэж Ехова хэзээ ч хэлээгүй, эсвэл хүн төрөлхтнийг золин аврахын тулд Хүү ирэх тухай хэзээ ч зөгнөөгүй. Есүсийн цаг үеийн тухайд гэвэл, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан махбод болсон гэж л хэлсэн байдаг, харин Хүү ирсэн гэж хэлээгүй. Эрин үеүд адилхан биш бөгөөд Бурханы Өөрийн хийдэг ажил ч бас ялгаатай байдаг учраас Тэр Өөрийн ажлыг өөр өөр хүрээнд хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Ийм маягаар, Түүний төлөөлдөг ялгамж чанар мөн ялгаатай байдаг. Ехова бол Есүсийн Эцэг гэж хүн итгэдэг, гэхдээ үнэндээ үүнийг Есүс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Бид Эцэг, Хүү хэмээн хэзээ ч ялгардаггүй; Би болон тэнгэр дэх Эцэг нэг юм. Эцэг Миний дотор, Би Эцгийн дотор байдаг; Хүүг харах үедээ хүн тэнгэрлэг Эцгийг харж байгаа юм” хэмээн хэлсэн. Эцсийн эцэст, Эцэг ч бай, эсвэл Хүү ч бай Тэд нэг Сүнс бөгөөд тусдаа бие болон хуваагддаггүй. Хүн тайлбарлахаар оролдмогц, өөр өөр биеийн ялгаа, мөн түүнчлэн Эцэг, Хүү, Ариун Сүнсний хоорондын харилцаа нь асуудлыг төвөгтэй болгодог. Хүн тусдаа биесийн тухай ярих үед, энэ нь Бурханыг материаллаг болгочих биш үү? Хүн биеийг нь нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэж ч эрэмбэлдэг; эдгээр нь бүгд хүний үзэл, лавлагаа болох ямар ч үнэ цэнгүй бөгөөд туйлын бодит бус! Хэрвээ чи түүнээс: “Хэдэн Бурхан байдаг вэ?” гэж асуувал тэр, Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал буюу ганц жинхэнэ Бурхан юм гэж хэлэх болно. Хэрвээ чи дахин: “Эцэг хэн бэ?” гэж асуувал тэрээр: “Эцэг бол тэнгэр дэх Бурханы Сүнс; Тэр бүхнийг хариуцдаг ба тэнгэрийн Эзэн юм” гэж хэлнэ. “Тэгвэл Ехова Сүнс мөн үү?” Тэрээр “Тийм!” гэж хариулна. Хэрвээ дараа нь чи түүнээс “Хүү хэн бэ?” гэж асуувал тэр, мэдээж Есүс бол Хүү гэх болно. “Тэгвэл Есүсийн түүх юу вэ? Тэр хаанаас ирсэн бэ?” Тэр ингэж хэлнэ: “Есүс Ариун Сүнснээс олдож Мариагаас төрсөн.” Тэгвэл Түүний мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Түүний ажил ч бас Ариун Сүнсний ажлын төлөөлөл биш гэж үү? Ехова бол Сүнс, Есүсийн мөн чанар ч бас адилхан. Одоо эцсийн өдрүүдэд, Сүнс бас л ажиллаж байгааг[а] хэлэх нь илүүц юм; Тэд яаж өөр өөр бие байх юм бэ? Энэ нь ердөө л Бурханы Сүнс, өөр өөр өнцгөөс Сүнсний ажлыг хэрэгжүүлж байгаа хэрэг биш гэж үү? Тийм болохоор биеүдийн хооронд ялгаа байдаггүй. Есүс Ариун Сүнснээс олдсон ба Түүний ажил яг тэр Ариун Сүнснийх байсан нь маргаангүй. Еховагийн гүйцэтгэсэн ажлын эхний үе шатанд Тэр махбод болоогүй, бас хүнд ч харагдаагүй. Иймээс хүн хэзээ ч Түүний гадаад төрхийг хараагүй. Тэр хэчнээн агуу, хэчнээн өндөр байсан нь хамаагүй, хүнийг анх бүтээсэн Бурхан Өөрөө буюу Сүнс хэвээр байсан. Өөрөөр хэлбэл, Тэр Бурханы Сүнс байлаа. Үүлэн дундаас хүнтэй ярих үедээ Тэр ердөө л Сүнс байв. Түүний гадаад төрхийг хэн ч нүдээр үзээгүй; зөвхөн Нигүүлслийн эрин үед Бурханы Сүнс махбодод ирж, Иудейд бие махбодтой болоход л хүн бие махбодтой болсон Бурханы дүр төрхийг Иудей хүн хэмээн анх удаа харсан юм. Еховагийн амтыг мэдэрч чадахгүй байв. Гэсэн хэдий ч Тэр Ариун Сүнснээс олдсон, өөрөөр хэлбэл, Еховагийн Өөрийн Сүнснээс олдсон бөгөөд Есүс Бурханы Сүнсний биелэл болон төрсөн билээ. Хүний анх харсан зүйл нь Ариун Сүнс Есүс дээр тагтаа мэт буусан явдал байсан; энэ нь ганцхан Есүсийн Сүнс байгаагүй, харин ч Ариун Сүнс байсан юм. Тэгвэл Есүсийн Сүнсийг Ариун Сүнснээс салгаж болох уу? Хэрвээ Есүс нь Есүс буюу Хүү бөгөөд Ариун Сүнс нь Ариун Сүнс юм бол Тэд яаж нэг байж чадах юм бэ? Хэрвээ тийм байсан бол ажлыг хэрэгжүүлж чадахгүй байх байв. Есүсийн доторх Сүнс, тэнгэр дэх Сүнс болон Еховагийн Сүнс бүгд нэг юм. Үүнийг Ариун Сүнс, Бурханы Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүгдийг хамарсан Сүнс гэж нэрлэж болно. Бурханы Сүнс их ажлыг гүйцэтгэж чадна. Тэр дэлхийг бүтээж, бас үерээр дамжуулан газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварч чадна, цаашлаад бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бас устгаж чадна. Энэ ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийсэн бөгөөд Түүний оронд Бурханы өөр ямар ч бие хийж чадахгүй байх байсан юм. Түүний Сүнсийг Ехова, Есүс түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр бас хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, мөн түүнчлэн газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээр өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Захирагч билээ! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажлыг Бурханы Өөрийн Сүнс хийсээр ирсэн. Тэнгэр дэх ажил ч бай, эсвэл махбод дахь ажил бай бүгдийг нь Түүний Сүнс хийдэг. Тэнгэр дэх ч бай, эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс, мөн түүнчлэн Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр бол махбод, гэхдээ Бурхан Өөрөө хэвээр үлддэг. Тэр хэдэн зуун мянган нэрээр дуудагдаж болох хэдий ч Өөрөө хэвээр бөгөөд бүх ажил[б] нь Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтний золин аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглал ч бас Түүний Сүнснй шууд ажил юм. Бурханыг цаг ямагт төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж л нэрлэж болно. Тусдаа биес оршдоггүй, тэр ч бүү хэл Эцэг, Хүү, Ариун Сүнс хэмээх хэллэг бүр ч оршдоггүй. Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг!

Бурханы удирдлагын төлөвлөгөө зургаан мянган жилийг туулсан бөгөөд Түүний ажлын ялгаан дээр суурилж гурван эрин үед хуваагддаг: Эхний эрин үе нь Хуучин Гэрээний Хуулийн эрин үе; хоёр дахь нь Нигүүлслийн эрин үе; гурав дахь нь эцсийн өдрүүдэд хамаарах Хаанчлалын эрин үе билээ. Эрин үе болгонд өөр өөр ялгамж чанарыг төлөөлдөг. Энэ нь зөвхөн ажлын ялгаанаас, өөрөөр хэлбэл, ажлын шаардлагаас болдог. Эхний үе шат болох хуулийн эрин үеийн ажлийг Израильд хэрэгжсэн ба золин аврах ажлыг төгсгөсөн хоёр дахь үе шат нь Иудейд хийгдсэн. Золин аврах ажлын төлөө Есүс Ариун Сүнснээс олдож, цорын ганц Хүү болон төрсөн. Энэ бүхэн нь ажлын шаардлагын улмаас болсон юм. Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд өргөжүүлж, тэнд байгаа хүмүүсийг байлдан дагуулахыг хүсдэг, ингэснээр Түүний нэр тэдний дунд агуу болж болох юм. Тэрээр бүх үнэнийг болон амийн замыг ойлгоход нь хүнийг залж чиглүүлэхийг хүсдэг. Энэ бүх ажлыг нэг Сүнс хийдэг. Хэдий Тэр өөр өөр өнцгөөс ингэж хийдэг боловч ажлын шинж чанар болон зарчим нь адилхан байдаг. Тэдний гүйцэтгэсэн ажлын зарчим болоод шинж чанарыг ажигламагц энэ бүхнийг ганц Сүнс хийсэн гэдгийг чи мэдэх болно. Гэсэн ч зарим хүмүүс одоо хүртэл: “Эцэг бол Эцэг; Хүү бол Хүү; Ариун Сүнс бол Ариун Сүнс бөгөөд эцэстээ Тэд нэг болох болно” хэмээн хэлдэг. Тэгвэл чи Тэднийг хэрхэн нэг болгох ёстой вэ? Эцэг, Ариун Сүнс хоёрыг яаж нэг болгож чадах вэ? Хэрвээ Тэд угаасаа хоёр байсан бол Тэднийг яаж ч нийлүүлсэн хамаагүй Тэд хоёр хэсэг хэвээр үлдэхгүй гэж үү? Тэднийг нэг болгоно гэж хэлэх үед энэ нь, нэг бүхэл болгохын тулд хоёр тусдаа хэсгийг нийлүүлэх явдал биш гэж үү? Гэхдээ бүхэл болгуулахаасаа өмнө Тэд хоёр хэсэг байгаагүй гэж үү? Сүнс бүрд өөр өөр мөн чанар байдаг бөгөөд хоёр Сүнсийг ганц болгож болохгүй. Сүнс бол материаллаг зүйл биш бөгөөд материаллаг ертөнц дээрх юутай ч адилгүй. Хүмүүсийн үздэгээр, Эцэг нь нэг Сүнс, Хүү өөр Сүнс, мөн Ариун Сүнс бас нэг Сүнс, тэгээд нэг бүхэл болгохын тулд гурван Сүнсийг гурван аягатай ус шиг хольж болно. Тэгвэл энэ гурав нь нэг болохгүй гэж үү? Энэ бол гарцаагүй эндүү ташаа тайлбар юм! Энэ нь Бурханыг хувааж байгаа хэрэг биш гэж үү? Яаж Эцэг, Хүү, Ариун Сүнсийг нэг болгож болох юм бэ? Тэд бол тус бүрдээ өөр шинж чанартай гурван хэсэг биш гэж үү? “Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү?” хэмээн хэлдэг хүмүүс одоо ч байдаг. Есүс бол Бурханы хайртай Хүү, Түүнийг Тэр ихэд таалдаг гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгэдэггүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээр байгаа; ямар ч байсан энэ нь Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилж байгаа хэрэг. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон Түүний удирдлагын төлөвлөгөөний ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр ч бас өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л израильчуудын хоньчин, Ехова гэж нэрлэгддэг байсан. Хоёр дахь үе шатанд бие махбодтой болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байв. Гэхдээ тухайн үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж огт дурдаагүй. Энэ нь ердөө тохиолдоогүй. Бурхан яаж ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болчихгүй гэж үү? Тэр бие махбодтой болсон байсан учраас Түүнийг Бурханы хайртай Хүү гэж дуудсан бөгөөд эндээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтаас болсон юм. Есүс махбодын өнцгөөс залбирсан. Тэр тийм хэвийн хүн чанартай махбод байсан учраас, махбодын өнцгөөс Тэрээр: “Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Би махбод болж энэ дэлхий дээр ирсэн учраас тэнгэрээс холын хол байна” гэж хэлсэн юм. Энэ шалтгааны улмаас Тэр зөвхөн махбодын өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байсан. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд Бурханы Сүнс бие махбодтой болохдоо эзэмших ёстой зүйл байлаа. Тэр махбодын өнцгөөс Эцэгт залбирч байсан учраас Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Сүнс бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм. Хүн үүнийг хараад, хэрвээ Тэр Бурхан Өөрөө юм бол яагаад залбирч байсныг гайхдаг. Үүний учир нь, Тэр бол бие махбодтой болсон Бурхан, махбод дотор амьдарч байгаа Бурхан бөгөөд тэнгэр дэх Сүнс биш билээ. Хүний харж байгаагаар, Эцэг, Хүү, Ариун Сүнс нь бүгд Бурхан. Зөвхөн энэ гурвыг нэг болгосон үед л нэг жинхэнэ Бурхан гэж үзэж болох ба ийм маягаар Түүний хүч чадал ер бусын агуу юм. Зөвхөн ийм байдлаар л Тэр бол долоо дахин эрчимжсэн Сүнс мөн гэж хэлдэг хүмүүс одоо ч байдаг. Ирснийхээ дараа Хүү залбирах үед Түүний залбирсан зүйл нь тэрхүү Сүнс байсан. Үнэндээ Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс л залбирч байлаа. Махбод бүрэн төгс биш учраас Тэр махбодод ирэх үедээ бүрэн төгс байгаагүй бөгөөд олон сул талтай байсан, мөн Өөрийн ажлыг махбодоор гүйцэтгэхэд Түүнд ихээхэн төвөг учирсан. Тийм учраас Тэр цовдлогдохоосоо өмнө Эцэг Бурханд гурвантаа залбирсан, түүнчлэн тэрнээс өмнө ч олон удаа залбирсан. Тэр шавь нарынхаа дунд залбирсан; уулан дээр ганцаараа залбирсан; загасчны завин дээр залбирсан; үй олон хүмүүсийн дунд залбирсан; талх хувааж байхдаа залбирсан; мөн бусдыг ерөөхдөө залбирсан билээ. Тэр яагаад тэгсэн бэ? Тэрээр Сүнсэнд хандаж залбирсан; Тэр махбодын өнцгөөс Сүнсэнд, тэнгэр дэх Бурханд залбирч байлаа. Тиймээс хүний үзэл бодлоор бол, ажлын тэрхүү үе шатанд Есүс Хүү болсон юм. Гэхдээ энэ үе шатанд Тэр залбирдаггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Түүний авчирдаг зүйл нь үгийн ажил бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт юм. Тэр залбирах хэрэггүй, учир нь Түүний үйлчлэл бол үг хэлэх явдал билээ. Тэр загалмайд цовдлогдохгүй бөгөөд хүн Түүнийг эрх мэдэлтнүүдэд барьж өгөхгүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг ба тэгээд л тэр. Есүс залбирч байх үедээ, тэнгэрийн хаанчлал бууж ирэхийн төлөө, Эцгийн хүсэл биелэгдэхийн төлөө болон хожмын ажлын төлөө Эцэг Бурханд залбирсан. Энэ үе шатанд тэнгэрийн хаанчлал аль хэдийн бууж ирсэн, иймд залбирах хэрэг Түүнд байгаа гэж үү? Түүний ажил бол эрин үеийг төгсгөх бөгөөд цаашид шинэ эрин үе гэж байхгүй, иймд дараагийн үе шатны төлөө залбирах хэрэг байгаа юу? Үгүй байх аа!

Хүний хэллэгэд олон зөрчилдөөн байдаг. Үнэндээ, эдгээр нь бүгд хүний үзэл; цааш нь нарийвчлан судлалгүйгээр та нар бүгд тэдгээрийг зөв хэмээн итгэдэг. Бурханыг Гурвал гэж үздэг энэ хэллэг нь хүний үзэл гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Хүний ямар ч мэдлэг бүрэн гүйцэд биш. Үүнд үргэлж хольц байдаг ба хүний санаа хэтэрхий олон байдаг; бүтээгдсэн зүйл Бурханы ажлыг тайлбарлаж огт чадахгүй гэдгийг л энэ нь харуулдаг. Хүний оюун санаанд хэтэрхий их зүйл байдаг, бүгд логик болон бодлоос үүсдэг ба үнэнтэй зөрчилддөг. Чиний логик Бурханы ажлыг бүрэн гүйцэд задлан шинжилж чадах уу? Еховагийн бүх ажлыг нэвт харж чадах уу? Энэ бүхнийг нэвт шувт хардаг нь хүн чи юу, эсвэл мөнхөөс мөнхөд харах чадвартай нэгэн нь Бурхан Өөрөө юу? Эртний мөнхөөс ирээдүйн мөнхийг хүртэл харж чаддаг нь чи юу, эсвэл ингэж чаддаг нь Бурхан уу? Чи юу гэх вэ? Бурханыг тайлбарлахад чи яаж тохирох юм бэ? Чиний тайлбар юун дээр үндэслэдэг вэ? Чи Бурхан уу? Тэнгэр газар болоод үүн дэх бүх зүйлийг Бурхан Өөрөө бүтээсэн. Чи үүнийг хийгээгүй, тэгвэл чи яагаад дур зоргоороо тайлбарлаж байгаа юм бэ? Одоо чи Гурвалд итгэсээр байна уу? Ингэх нь хэтэрхий ядраатай гэж чи бодохгүй байна уу? Гурав биш ганц Бурханд итгэх нь чиний хувьд хавьгүй дээр байх болно. Хөнгөн байх нь хавьгүй дээр, учир нь Эзэний ачаа хөнгөн билээ.

Тайлбар:

а. Эх бичвэрт “ажиллаж байгааг” гэж байдаггүй.

б. Эх бичвэрт “ажил” гэдэг үг байдаггүй.

Өмнөх:ХОЁР УДАА БИЕ МАХБОДТОЙ БОЛОХ НЬ БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН АЧ ХОЛБОГДЛЫГ ГҮЙЦЭЭДЭГ

Дараах:ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ

Холбогдох агуулга