Библийн тухай нууцууд
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 265
Олон жилийн турш хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван гол шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших явдал байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь буруу ном, тэрс үзэл бөгөөд хүмүүс өөр ном уншиж байхад ч гэсэн, эдгээр номын үндэс суурь нь Библийн тайлбар байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг бол Библийг унших ёстой бөгөөд Библиэс гадна Библитэй холбоогүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүс Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр. Ийм маягаар хүмүүс Библийг Бурхан мэт, мөн өөрсдийнх нь амийн эх булаг шиг шүтсэн ба үүнийг алдах нь амиа алдахтай адил байв. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд гэж үздэг ба Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч бий. Хүмүүс Ариун Сүнсний ажилгүй бол, Бурханыг мэдэрч чаддаггүй бол амьдарсаар байж чадах боловч Библийг алдах юм уу Библийн алдартай бүлэг болон үгийг алдмагцаа амиа алдсантай адил болдог. Иймээс хүмүүс Эзэнд итгэж эхэлмэгцээ Библийг уншиж, Библийг цээжилж эхэлдэг бөгөөд Библийг хэдий чинээ их цээжилж чадна, энэ нь Эзэнийг хайрладаг, агуу итгэлтэй гэдгийг нь төдий чинээ их нотолдог. Библийг уншсан, мөн үүний талаар бусдад ярьж чаддаг хүмүүс бол бүгд сайн ах эгч нар юм. Энэ бүх жилүүдэд хүмүүсийн Эзэнд итгэх итгэл, үнэнч байдал Библийг хэр ойлгодгоор нь хэмжигдсээр ирсэн. Ихэнх хүмүүс Бурханд яагаад итгэх ёстойгоо, эсвэл Бурханд хэрхэн итгэх ёстойгоо ч ер ойлгодоггүй бөгөөд Библийн бүлгүүдийг тайлж унших сэжүүрийг сохроор хайхаас өөрийг хийдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын чиглэлийг хэзээ ч эрэлхийлж байгаагүй; бүр анхнаасаа л тэд Библийг цөхрөнгөө баран судалж, шинжилсэн ба Библийн гаднах Ариун Сүнсний илүү шинэлэг ажлыг хэн ч, хэзээ ч олоогүй. Хэн ч, хэзээ ч Библиэс холдоогүй, хэзээ ч тэгж зүрхлээгүй. Хүмүүс энэ бүх жилүүдэд Библийг судалж, маш олон тайлбаруудыг гарган ирж, маш их чармайлт гаргасан; бас тэдэнд Библийн талаар олон өөр санал бодол байдаг бөгөөд тэд тасралтгүй мэтгэлцдэг болохоор өнөөдөр хоёр мянга гаруй өөр урсгал бий болсон юм. Тэд бүгдээрээ ямар нэг онцгой тайлбарыг, эсвэл Библи дэх илүү гүн гүнзгий нууцуудыг олохыг хүсдэг, мөн үүнийг судалж шинжлэн, Израиль дахь Еховагийн ажлын цаад учир, Иудей дэх Есүсийн ажлын цаад учир, эсвэл хэний ч мэддэггүй илүү олон нууцыг олохыг хүсдэг. Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай байдаг бөгөөд Библийн дотоод түүх юм уу мөн чанарын талаар хэн ч бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Иймээс Библийн тухайд гэвэл, өнөөдөр ч хүмүүс дүрслэн хэлэхийн аргагүй гайхсан мэдрэмжтэй байдаг бөгөөд үүнд улам их донтож, улам их итгэдэг. Өнөөдөр хүн бүхэн Библиэс эцсийн өдрүүдийн ажлын тухай зөгнөлүүдийг олохыг хүсдэг, мөн эцсийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон эцсийн өдрүүдийн ямар тэмдгүүд байдгийг олж мэдэхийг хүсдэг. Ийм маягаар Библийг шүтэх нь илүү оргилуун болдог ба эцсийн өдрүүд ойртох тусам тэд ялангуяа эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ сохроор итгэдэг. Библид ийнхүү сохроор итгэснээр, Библид ингэж их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийнхөө үзлээр хүмүүс Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; мөн Библиэс л Бурханы мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном юм уу хүмүүс биш, зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүхэлд нь тодруулж чадна; Библи тэнгэрийн ажлыг газарт авчирч чадна; Библи нь эрин үеүдийг эхлүүлж, бас төгсгөж чадна гэж боддог. Ийм үзэлтэй болохоор хүмүүст Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур сонирхол байдаггүй. Иймээс урьд нь Библи хүмүүст хэр их тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд саад тотгор болсон юм. Библигүй бол хүмүүс Бурханы мөрийг өөр хаа нэгтэйгээс хайх байсан атал өнөөдөр Түүний мөр Библиэр хязгаарлагдаж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг өргөжүүлэх нь хоёр дахин их хэцүү, бэрхшээлтэй тэмцэл болсон билээ. Энэ нь бүхэлдээ Библийн алдартай бүлэг болон үгсээс, түүнчлэн Библийн олон янзын зөгнөлүүдээс болдог. Библи хүмүүсийн сэтгэл дэх шүтээн болж, тэдний уураг тархин дахь таавар болсон бөгөөд тэд ердөө Бурхан Библиэс гадна ажиллаж чадна гэж итгэх чадваргүй, хүмүүс Бурханыг Библийн гаднаас олж чадна гэж итгэх чадваргүй, тэр ч бүү хэл сүүлчийн ажлын үеэр Бурхан Библийг орхиж, шинээр эхэлж чадна гэдэгт ч итгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн хувьд санаанд оромгүй зүйл; тэд үүнд итгэж чадахгүй, үүнийг төсөөлж ч чадахгүй. Хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд Библи томоохон саад тотгор болсон бөгөөд Бурхан энэ шинэ ажлыг өргөжүүлэхэд бэрхшээл учруулсан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 266
Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг хийсны дараа Хуучин Гэрээ бий болсон бөгөөд тэр үед хүмүүс Библийг уншиж эхэлсэн юм. Есүс ирснийхээ дараа Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийж, элч нар нь Шинэ Гэрээг бичжээ. Тийнхүү Библийн Хуучин болон Шинэ Гэрээ бий болсон бөгөөд бүр өнөөг хүртэл, Бурханд итгэдэг бүх хүн Библийг уншсаар ирсэн. Библи бол түүхийн ном юм. Мэдээж энэ нь бас эш үзүүлэгчдийн зарим зөгнөлийг агуулдаг бөгөөд эдгээр зөгнөл яавч түүх биш. Библи хэд хэдэн хэсгийг агуулдаг—үүнд зөвхөн зөгнөл байдаггүй, эсвэл зөвхөн Еховагийн ажил, бас зөвхөн Паулын захидлууд байдаггүй. Библи хэдэн хэсгийг агуулдгийг чи мэдэх ёстой; Хуучин Гэрээ нь Эхлэл, Гэтлэл… зэргийг багтаадаг ба бас эш үзүүлэгчдийн бичсэн зөгнөлийн номууд байдаг. Эцэстээ Хуучин Гэрээ нь Малахийн Номоор төгсдөг. Энэ нь Еховагийн удирдсан Хуулийн эрин үеийн ажлыг тэмдэглэсэн байдаг; Эхлэлээс эхлээд Малахийн Ном хүртэл энэ нь Хуулийн эрин үеийн бүх ажлын иж бүрэн тэмдэглэл юм. Өөрөөр хэлбэл, Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үед Еховагаар удирдуулж байсан хүмүүсийн туулсан бүхнийг тэмдэглэсэн байдаг. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Еховагийн өргөсөн асар олон тооны эш үзүүлэгч Түүний зөгнөлийг хэлж, янз бүрийн овог аймаг, улс үндэстэнд заавар өгч, Еховагийн хийх ажлыг зөгнөсөн юм. Өргөгдсөн энэ хүмүүст бүгдэд нь Ехова зөгнөлийн Сүнсийг өгчээ: Тэд Еховагаас ирсэн үзэгдлүүдийг харж, Түүний дуу хоолойг сонсож чаддаг байсан ба ийнхүү тэд Түүний онгодыг хүртэж, зөгнөл бичсэн. Тэдний хийсэн ажил Еховагийн дуу хоолойн илэрхийлэл, Еховагийн зөгнөлийн илэрхийлэл байсан бөгөөд тухайн үеийн Еховагийн ажил нь ердөө Сүнсийг ашиглан хүмүүсийг залж чиглүүлэх явдал байв; Тэрээр махбод болоогүй ба хүмүүс Түүний царайг огт хараагүй юм. Тиймээс Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд олон эш үзүүлэгчийг өргөж, тэдэнд зөн билгүүдийг өгснөөр тэд үүнийг Израилийн бүх овог, урагт дамжуулжээ. Тэдний ажил нь зөгнөл хэлэх явдал байсан ба тэдний зарим нь бусдад харуулахын тулд өөрсдөд нь өгсөн Еховагийн удирдамжуудыг бичиж тэмдэглэсэн. Ехова, зөгнөл хэлж, ирээдүйн ажил юм уу тухайн үед хийгдэх учиртай байсан ажлыг зөгнөг гэж энэ хүмүүсийг өргөсөн, ингэснээр хүмүүс Еховагийн гайхалтай байдал болон мэргэн ухааныг харж чадах байсан юм. Зөгнөлийн эдгээр ном нь Библийн бусад номоос нэлээд өөр; тэдгээр нь зөгнөлийн Сүнс өгөгдсөн хүмүүсийн буюу Еховагаас үзэгдэл юм уу дуу хоолой олж авсан хүмүүсийн ярьсан, бичсэн үгс байв. Зөгнөлийн номуудаас гадна Хуучин Гэрээн дэх бусад бүх зүйл нь Еховаг ажлаа дуусгасны дараа хүмүүсийн хийсэн тэмдэглэл юм. Эхлэл болон Гэтлэлийг Исаиагийн Ном болон Даниелийн Номтой харьцуулж болохгүйн адилаар эдгээр ном нь Еховагийн өргөсөн эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг орлож чадахгүй. Ажил хийгдэхээс өмнө зөгнөлүүд хэлэгдсэн; харин бусад ном нь ажил дууссаны дараа бичигдсэн бөгөөд хүмүүс үүнийг хийх чадвартай байлаа. Тухайн үеийн эш үзүүлэгчдэд Еховагийн онгод өгөгдөж, зарим зөгнөлийг хэлсэн ба тэд олон үг хэлж, Нигүүлслийн эрин үеийн зүйлсийг болон Еховагийн хийхээр төлөвлөсөн ажил буюу эцсийн өдрүүд дэх дэлхийн сүйрлийг зөгнөсөн. Үлдсэн ном нь бүгд Израильд Еховагийн хийсэн ажлыг тэмдэглэсэн байдаг. Тиймээс Библийг унших үедээ чи ерөнхийдөө Израильд хийсэн Еховагийн ажлын тухай уншиж байгаа юм; Библийн Хуучин Гэрээ нь үндсэндээ Израилийг удирдан чиглүүлсэн Еховагийн ажил болон израильчуудыг Египетээс удирдан гаргахад Мосег хэрэглэснийг нь тэмдэглэсэн байдаг бөгөөд Мосе израильчуудыг Фараоны дөнгөнөөс чөлөөлж, цөлд аваачин, улмаар тэд Канаанд орсноор үүний дараа болсон бүхэн нь Канаан дахь тэдний амьдрал байсан. Үүнээс бусад бүх зүйл нь Израиль даяарх Еховагийн ажлын тэмдэглэлүүд юм. Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израиль дахь Еховагийн ажил, Адам Еваг бүтээсэн газар нутагт хийсэн Еховагийн ажил билээ. Ноагийн дараа Бурхан албан ёсоор газар дээрх хүмүүсийг удирдаж эхэлсэн үеэс эхлээд Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израилийн ажил билээ. Тэгвэл яагаад Израилийн гаднах өөр ямар нэг ажил тэмдэглэгдээгүй вэ? Учир нь Израилийн газар нутаг бол хүн төрөлхтний өлгий юм. Эхэндээ Израилиас өөр ямар ч улс орон байгаагүй ба Ехова өөр ямар нэгэн газарт ажиллаагүй. Ийм маягаар, Библийн Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь гагцхүү тухайн үеийн Израиль дахь Бурханы ажил юм. Эш үзүүлэгчид, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үг … тэдний үг газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номоос гадна бусад бүх зүйл нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн тэмдэглэл юм.
Бүтээлийн ажил нь хүн төрөлхтөн бий болохоос өмнө тохиолдсон, харин Эхлэлийн Ном нь хүн төрөлхтөн бий болсны дараа л гарч ирсэн; энэ нь Хуулийн эрин үед Мосегийн бичсэн ном байлаа. Энэ нь өнөөдөр та нарын дунд тохиолдож буй зүйлстэй адилхан: Тэдгээрийг тохиолдсоны дараа та нар хойч үеийн хүмүүст харуулахын тулд бичиж тэмдэглэдэг, та нарын тэмдэглэсэн зүйлс бол өнгөрсөн үед тохиолдсон зүйл—тэдгээр нь түүхээс цаашгүй. Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн зүйлс нь Израиль дахь Еховагийн ажил бөгөөд Шинэ Гэрээнд тэмдэглэгдсэн байдаг зүйл нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил юм; тэдгээр нь хоёр өөр эрин үед Бурханы хийсэн ажлыг баримтжуулдаг. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажлыг баримтжуулдаг, тиймээс Хуучин Гэрээ нь түүхэн ном, харин Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын үр дүн юм. Шинэ ажил эхлэх үед Шинэ Гэрээ ч бас хуучирсан—тиймээс Шинэ Гэрээ ч бас түүхэн ном юм. Мэдээж Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээ шиг эмх цэгцтэй биш, мөн үүн шиг олон зүйлийг ч бичээгүй. Еховагийн хэлсэн олон үг бүгдээрээ Библийн Хуучин Гэрээнд бичигдсэн байхад Есүсийн үгийн зарим нь л Дөрвөн Сайн Мэдээнд тэмдэглэгдсэн. Мэдээж Есүс бас маш их ажил хийсэн боловч үүнийг дэлгэрэнгүй бичээгүй. Шинэ Гэрээнд тийм бага зүйл бичигдсэн нь Есүсийн хийсэн ажлын хэмжээнээс болсон; газар дээрх гурван жил хагасын хугацаандаа Түүний хийсэн ажлын хэмжээ болон элчүүдийн ажил Еховагийн ажлаас хамаагүй бага байсан юм. Тиймээс Шинэ Гэрээнд Хуучин Гэрээнээс цөөхөн ном байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 267
Библи чухамдаа ямар ном бэ? Хуучин Гэрээ бол Хуулийн эрин үе дэх Бурханы ажил юм. Библийн Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Еховагийн бүх ажил болон Түүний бүтээлийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Энэ нь бүхэлдээ Еховагийн хийсэн ажлыг бичсэн байдаг ба эцэст нь Малахийн Номоор Еховагийн ажлын тухай тэмдэглэлийг төгсгөдөг. Хуучин Гэрээ нь Бурханы хийсэн ажлын хоёр хэсгийг тэмдэглэсэн байдаг: Нэг нь бүтээлийн ажил, нөгөө нь хууль гаргах явдал юм. Аль аль нь Еховагийн хийсэн ажил байсан. Хуулийн эрин үе нь Ехова Бурханы нэрийн доорх ажлыг төлөөлдөг; энэ нь үндсэндээ Еховагийн нэрийн дор хийгдсэн ажил бүхэлдээ юм. Тиймээс Хуучин Гэрээ нь Еховагийн ажлыг тэмдэглэсэн ба Шинэ Гэрээ нь Есүсийн ажлыг буюу голчлон Есүсийн нэрийн дор хийгдсэн ажлыг бичсэн. Есүсийн нэрийн ач холбогдол болон Түүний хийсэн ажил ихэвчлэн Шинэ Гэрээнд бичигдсэн. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Ехова Израильд ариун сүм болон тахилын ширээ барьж, газар дээрх израильчуудын амьдралыг залж чиглүүлж, тэд бол Түүний сонгосон хүмүүс, газар дээр Түүний сонгосон, Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг эхний бүлэг хүмүүс, Түүний биечлэн удирдсан эхний бүлэг хүмүүс гэдгийг нотолсон юм. Израилийн арван хоёр овог нь Еховагийн анх сонгосон хүмүүс байсан тул Хуулийн эрин үеийн ажил нь төгсөх хүртэл Ехова үргэлж тэдний дунд ажилласан. Ажлын хоёр дахь үе шат нь Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үеийн ажил байсан ба энэ нь Израилийн арван хоёр овгийн нэг болох иудей хүмүүсийн дунд хийгджээ. Есүс махбодтой болсон Бурхан байсан учраас ажлын цар хүрээ нь илүү бага байсан юм. Есүс Иудейн газар нутаг даяар л ажилласан ба гурван жил хагасын л ажил хийсэн; тиймээс Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн ажлын хэмжээг давж ер чадахааргүй байв.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 268
Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдамжийг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ бол шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махбод болж, Хятад дахь өөр сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажиллаж, газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлаас үргэлжлүүлэн хийдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам, хэн ч өмнө нь хараагүй зам билээ. Энэ нь урьд нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил—газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг, мөн энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс даван гарсан ба зөгнөлүүдийн гаднах шинэ, гайхамшигтай ажил, Израилиас давсан илүү шинэлэг ажил, хүмүүсийн ойлгож ч, төсөөлж ч чадахгүй ажил юм гэдгийг хүмүүс мэддэггүй. Ийм ажлын тухай илэн далангүй тэмдэглэлийг Библи яаж агуулж чадах билээ? Хэн өнөөгийн ажлыг нэг бүрчлэн, юу ч үлдээлгүйгээр урьдчилан тэмдэглэж чадах билээ? Тогтсон ёсыг зөрчдөг, энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн салбайсан хуучин номд тэмдэглэж чадах вэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библийг орхих ёстой, мөн зөгнөлийн ном, эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадна, тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадна. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг шаардаж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библиэс илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг хайдаггүйг, яагаад Библийн гаднах илүү хүчирхэг ажил байдгийг чи ойлгох ёстой. Та нарын ойлгох ёстой бүхэн энэ юм. Чи хуучин, шинэ ажлын хоорондох ялгааг мэдэх ёстой бөгөөд Библийг уншдаггүй байсан ч үүнийг задлан шинжилж чаддаг байх ёстой; тэгэхгүй бол чи Библийг шүтсээр л байх болно, улмаар шинэ ажилд орж, шинэ өөрчлөлтүүдийг туулахад хэцүү байх болно. Илүү өндөр зам байхад яагаад тэр хуучирсан, дорд замыг судална гэж? Илүү шинэлэг айлдвар, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучны түүхэн тэмдэглэл дунд амьдарна гэж? Шинэ айлдарууд чамайг хангадаг ба шинэ ажил мөн гэдгийг энэ нь баталдаг; хуучин тэмдэглэлүүд сэтгэлийг чинь хангаж чадахгүй, эсвэл одоогийн хэрэгцээг чинь хангаж чадахгүй бөгөөд тэдгээр нь одоо энд хийгдэж байгаа ажил биш, харин түүх гэдгийг энэ нь баталдаг. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил юм, мөн шинэ ажил байгаа болохоор өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байлаа ч, хүмүүсийн эргэцүүллийн түүх хэвээр бөгөөд лавлах үнэ цэн нь ямар ч байлаа гэсэн, энэ нь мөн л хуучин зам юм. Хэдийгээр энэ нь “ариун номд” бичигдсэн ч хуучин зам бол түүх; харин үүний талаарх тэмдэглэл “ариун номд” байхгүй ч шинэ зам бол одоо үеийнх. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 269
Библи бол түүхэн ном бөгөөд хэрвээ чи Нигүүлслийн эрин үед Хуучин Гэрээг идэж, уусан бол—хэрвээ чи Хуучин Гэрээний үед шаардагдаж байсан зүйлсийг Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлсэн бол—Есүс чамайг голж, яллах байлаа; хэрвээ чи Есүсийн ажилд Хуучин Гэрээг хэрэглэсэн бол фарисай байх байсан. Хэрвээ өнөөдөр Хуучин ба Шинэ Гэрээг хамтад нь идэж ууж, хэрэгжүүлбэл өнөөдрийн Бурхан чамайг яллана; чи Ариун Сүнсний өнөөдрийн ажлаас хоцорсон байх болно! Хэрвээ чи Хуучин болон Шинэ Гэрээг идэж уудаг бол Ариун Сүнсний урсгалын гадна байна! Есүсийн цаг үед, Есүс Өөрт нь байсан Ариун Сүнсний ажлын дагуу иудейчүүд болон Өөрийг нь дагаж байсан хүмүүсийг удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийсэн зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид хэлсэн байдаг зүйлд Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, дагалдагчдаа удирдах замыг ч Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй, мөн шинэ замаар замнаж, шинэ ажил хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библиэс лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэж чадаагүй. Иймээс Түүний ажил, Түүний сургаал болон Түүний үгийн эрх мэдэл, хүч чадалд Хуулийн эрин үеийн ямар ч хүн хүршгүй байлаа. Есүс ердөө л илүү шинэлэг ажлаа хийсэн ба олон хүн Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, бүр Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг ашиглаж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар, мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадварынх нь талаар юу ч хэлээгүйгээс болоогүй гэж үү? Түүний ажил шинэ замаар хөтлөхийн тулд хийгдсэн, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд, эсвэл Хуучин Гэрээнээс зориуд ангижрахын тулд байгаагүй. Тэр зүгээр л үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд, Өөрийг нь хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахын тулд ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар, эсвэл Хуучин Гэрээний ажлыг баримтлахаар ирээгүй. Түүний ажил Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагүй, учир нь Түүний ажил Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс зүгээр л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. Тиймээс Тэр Хуучин Гэрээний зөгнөлүүдийг тайлбарлаагүй, мөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн үгийн дагуу ч ажиллаагүй. Тэрээр Хуучин Гэрээнд хэлсэн зүйлийг үл ойшоож, энэ нь Түүний ажилтай санал нийлж байгаа эсэхэд анхаарал хандуулаагүй ба бусад хүмүүс Түүний ажлын талаар юу мэдэж байгааг, эсвэл үүнийг хэрхэн яллаж байгааг анхаараагүй. Хэдийгээр олон хүн Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашиглан Түүнийг яллаж байсан ч Тэр зүгээр л хийх учиртай ажлаа хийсээр байсан юм. Хүмүүст Түүний ажил үндэс суурьгүй мэт харагдсан, мөн Хуучин Гэрээний тэмдэглэлүүдтэй тохирохгүй зүйл их байсан. Энэ нь хүний алдаа бус уу? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Бурханы ажил эш үзүүлэгчдийн зөгнөлийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг харгалзан үзэж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?
Шинэ Гэрээний цаг үед Есүсийн хийсэн ажил шинэ ажлыг эхлүүлсэн юм: Тэр Хуучин Гэрээний ажлын дагуу ажиллаагүй, Хуучин Гэрээний Еховагийн хэлсэн үгийг ч мөрдөөгүй. Тэр Өөрийн ажлыг хийж, илүү шинэлэг ажил хийсэн бөгөөд тэрхүү ажил нь хуулиас дээгүүр байв. Тиймээс Тэр: “Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг үгүй болгохын тулд Намайг ирсэн гэж бүү бод. Би үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн билээ” гэж хэлсэн. Тиймээс Түүний гүйцэлдүүлсэн зүйлсийн дагуу ихээхэн ёс заншил эвдэгдсэн. Амралтын өдөр Түүнийг шавь нараа дагуулан тариан талбайгаар явахад шавь нар нь тариан түрүү түүж, идсэн; Тэрээр Амралтын өдрийг сахиагүй бөгөөд “хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэж хэлсэн билээ. Тухайн үед, израильчуудын дүрмийн дагуу Амралтын өдрийг сахиагүй хэн боловч чулуугаар цохиулж үхэх ёстой байсан юм. Гэвч Есүс ариун сүмд ч ороогүй, Амралтын өдрийг ч сахиагүй бөгөөд Түүний ажлыг Хуучин Гэрээний үед Ехова хийж байгаагүй. Тиймээс Есүсийн хийсэн ажил Хуучин Гэрээний хуулиас давсан, энэ нь үүнээс илүү өндөр байсан ба үүний дагуу байгаагүй. Нигүүлслийн эрин үед Есүс Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй бөгөөд тэдгээр ёс заншлыг аль хэдийн зөрчсөн. Харин израильчууд Библитэй улайран зууралдаж, Есүсийг ялласан—энэ нь Есүсийн ажлыг үгүйсгэж байгаа хэрэг бус уу? Өнөөдөр шашны ертөнц ч бас Библитэй улайран зууралддаг ба “Библи бол ариун ном бөгөөд үүнийг унших ёстой” гэж зарим хүн хэлдэг. Зарим нь: “Бурханы ажлыг үүрд баримтлах ёстой, Хуучин Гэрээ бол израильчуудтай хийсэн Бурханы гэрээ, үүнээс салж болохгүй ба Амралтын өдрийг үргэлж сахих ёстой!” гэж хэлдэг. Тэд инээдтэй биш гэж үү? Яагаад Есүс Амралтын өдрийг сахиагүй вэ? Тэр нүгэл үйлдэж байсан уу? Хэн ийм зүйлийг нэгд нэггүй ойлгож чадах вэ? Хүмүүс Библийг хэрхэн унших нь хамаагүй, ойлгохуйн хүчээ ашиглан Бурханы ажлыг мэдэх боломжгүй. Тэд Бурханы талаарх цэвэр мэдлэгийг олж авч чадахгүйгээр үл барам, үзэл нь бүр илүү жигшмээр болж, улмаар Бурханыг эсэргүүцэж эхэлнэ. Хэрвээ бие махбодтой болсон өнөөдрийн Бурхан байгаагүй бол хүмүүс үзлийнхээ улмаас сүйрч, Бурханы гэсгээлт дунд үхэх байлаа.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 270
Библийг бас Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэдэг. “Гэрээ” гэж юуг хэлдгийг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова египетчүүдийг хөнөөж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байв. Үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба үүнд, хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд израильчууд буюу Бурханы сонгосон хүмүүс бөгөөд бүгдийг нь Ехова өршөөнө гэж бичсэн байлаа (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг хөнөөх гэж байсан юм). Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай. Египетийн ямар ч хүн, эсвэл малыг Ехова аврахгүй байх байсан; Тэрээр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг хөнөөх гэж байв. Тиймээс Еховагийн гэрээний үр дүнд египетчүүд хатуу чанд гэсгээгдэнэ гэж зөгнөлийн олон номд урьдчилан хэлсэн байлаа. Энэ бол гэрээний эхний түвшний утга учир юм. Ехова Египетийн ууган хөвгүүд болон бүх ууган төлийг алж, израильчуудыг бүгдийг нь өршөөсөн нь Израиль нутгийн бүх хүнийг Ехова нандигнан хайрлаж, бүгдийг нь өршөөх байсан гэх утгатай байсан юм; Тэр тэдэн дээр урт хугацааны ажил хийхийг хүсэж, хурганы цус ашиглан тэдэнтэй гэрээ байгуулжээ. Тэр үеэс эхлээд Ехова израильчуудыг хөнөөхгүй бөгөөд тэд үүрд Түүний сонгосон хүмүүс байх болно гэж хэлсэн юм. Израилийн арван хоёр овгийн дунд Тэр бүхий л Хуулийн эрин үеийн ажлаа эхлүүлж, Өөрийн бүх хуулийг израильчуудад илчилж, тэдний дундаас эш үзүүлэгчид, шүүгчдийг сонгох байсан ба тэд Түүний ажлын төвд байх байлаа. Эрин үе өөрчлөгдөхгүй л бол зөвхөн сонгогдсон хүмүүсийн дунд ажиллана гэсэн гэрээг Ехова тэдэнтэй байгуулжээ. Еховагийн гэрээ нь хувиршгүй байсан, учир нь энэ нь цусаар хийгдсэн бөгөөд Түүний сонгосон хүмүүстэй байгуулагдсан. Илүү чухал нь, Тэр тохиромжтой цар хүрээ болон байг сонгож, үүгээр дамжуулан бүх эрин үеийн төлөөх Өөрийн ажлаа эхлэх байсан тул хүмүүс гэрээг нэн чухал хэмээн үзсэн. Энэ бол гэрээний утга учрын хоёр дахь түвшин юм. Гэрээ байгуулагдахаас өмнө байсан Эхлэлийг оруулахгүй бол Хуучин Гэрээний бусад бүх ном нь гэрээ байгуулагдсаны дараах израильчуудын дундах Бурханы ажлыг тэмдэглэсэн байдаг. Мэдээж Харь үндэстнүүдийн талаарх бүртгэл хааяа байдаг боловч ерөнхийдөө Хуучин Гэрээ нь Израиль дахь Бурханы ажлыг баримтжуулдаг. Израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээний улмаас Хуулийн эрин үед бичигдсэн номуудыг Хуучин Гэрээ гэж нэрлэдэг. Тэдгээр нь израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээгээр нэрлэгдсэн.
Шинэ Гэрээ нь, Есүсийн загалмай дээр асгаруулсан цус болон Түүнд итгэсэн бүхэнтэй байгуулсан гэрээгээр нь нэрлэгдсэн. Есүсийн гэрээ ийм байв: Түүний урсгасан цусаар гэм нүглээ уучлуулахын тулд хүмүүс Түүнд итгэх ёстой байсан ба тэгснээр тэд аврагдаж, Түүгээр дамжуулан дахин төрж, нүгэлтнүүд байхаа болих байсан; хүмүүс Түүнд итгэж байж л Түүний нигүүлслийг хүлээн авах бөгөөд үхсэнийхээ дараа тамд зовохгүй байх байсан юм. Нигүүлслийн эрин үед бичигдсэн бүх ном энэ гэрээний дараа бий болсон бөгөөд тэдгээр нь бүгд энэ үед агуулагдсан ажил болон айлдварыг баримтжуулдаг. Тэдгээр нь Эзэн Есүсийн цовдлолын аврал, эсвэл гэрээнээс цааш хэтэрдэггүй; тэдгээр нь бүгд Эзэн доторх, туршлагатай ахан дүүсийн бичсэн ном. Тиймээс эдгээр ном ч бас гэрээний нэрээр нэрлэгдсэн: Тэдгээрийг Шинэ Гэрээ гэж нэрлэдэг. Энэ хоёр гэрээ нь зөвхөн Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг агуулдаг бөгөөд төгсгөлийн эрин үетэй ямар ч холбоогүй. Тиймээс Библи нь эцсийн өдрүүдийн өнөөгийн хүмүүст тийм ч их хэрэггүй. Энэ нь, хамгийн ихдээ л түр зуурын лавлагаа болж болох ч үндсэндээ хэрэглээний үнэ цэн тун багатай. Гэсэн ч шашны хүмүүс үүнийг ихэд эрхэмлэсээр байдаг. Тэд Библийг мэддэггүй; зөвхөн Библийг яаж тайлбарлах тухай л мэддэг бөгөөд үүний эх сурвалжийн талаар үндсэндээ мэддэггүй. Библид хандах тэдний хандлага ийм байдаг: Библи дэх бүх зүйл зөв, ямар ч алдаа мадаг байхгүй. Библи бол зөв бөгөөд алдаагүй гэж эхлээд тодорхойлсон учраас тэд үүнийг асар их сонирхон судалж, шинжилдэг. Өнөөдрийн ажлын үе шатыг Библид зөгнөөгүй. Бүх газрын дундаас хамгийн харанхуйд нь явагдах байлдан дагуулалтын ажлын талаар хэзээ ч дурдаагүй, учир нь энэ нь хамгийн сүүлийн үеийн ажил билээ. Ажлын эрин үе өөр учраас, ажлын энэ үе шат эцсийн өдрүүдэд явагдана гэдгийг Есүс Өөрөө ч мэдэхгүй байсан, тэгвэл эцсийн өдрүүдийн хүмүүс Библийг судалснаар ажлын энэ үе шатыг Библиэс яаж олж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (2)”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 271
Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгийн тэмдэглэл биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулдаг бөгөөд үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн тэмдэглэл, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханы ашиглаж байсан хүмүүсийн бичсэн туршлага, мэдлэг юм. Хүний туршлагад хүний санаа бодол, мэдлэг холилддог ба үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номд хүний үзэл, хүний өрөөсгөл хандлага, утгагүй ойлголт байдаг. Мэдээж үгийн ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв ойлголт юм—гэхдээ тэдгээрийг үнэний зөв зүйтэй илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн туршлагаас гарсан мэдлэг, эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс цаашгүй. Эш үзүүлэгчдийн зөгнөлийг Бурхан биечлэн зааварчилсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиа, Езекиел гэх мэт хүмүүсийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, энэ хүмүүс зөнчид байсан ба зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, мөн бүгд Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан юм. Хуулийн эрин үед, Еховагийн онгодыг хүртсэн энэ хүмүүс олон зөгнөл хэлж, үүнийг нь Ехова шууд зааварчилж байв. Яагаад Ехова тэдэн дээр ажилласан бэ? Израилийн ард түмэн нь Бурханы сонгосон хүмүүс байсан учраас эш үзүүлэгчдийн ажил тэдний дунд хийгдэх ёстой байсан; тийм учраас эш үзүүлэгчид ийм илчлэл хүлээн авч чаддаг байлаа. Үнэндээ, өөрсдөд нь өгсөн Бурханы илчлэлийг тэд өөрсдөө ч ойлгоогүй. Тэдний амаар дамжуулан Ариун Сүнс тэдгээр үгийг хэлсэн болохоор хожмын хүмүүс тэдгээр зүйлийг ойлгож, энэ нь үнэхээр Бурханы Сүнсний, Ариун Сүнсний ажил бөгөөд хүнээс ирээгүй гэдгийг нь харж, Ариун Сүнсний ажлын баталгааг тэдэнд өгөх байсан юм. Нигүүлслийн эрин үед Есүс Өөрөө энэ бүх ажлыг тэдний оронд хийсэн тул хүмүүс дахин зөгнөл хэлээгүй. Тэгвэл Есүс эш үзүүлэгч байсан уу? Есүс мэдээж эш үзүүлэгч байсан, гэхдээ Тэр бас элчүүдийн ажлыг ч хийж чаддаг байсан—Тэрээр газар нутаг даяар зөгнөл хэлж, тунхаглаж, хүмүүст зааж сургахын аль алийг чаддаг байв. Гэсэн ч Түүний хийсэн ажил болон төлөөлж байсан ялгамж чанар нь адилхан байгаагүй. Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварч, хүнийг нүглээс золин аврахаар ирсэн; Тэр эш үзүүлэгч, элч байсан боловч түүнээс ч илүүгээр Тэр бол Христ байсан. Эш үзүүлэгч зөгнөл хэлж болох боловч тийм эш үзүүлэгчийг Христ гэж хэлж болохгүй. Тухайн үед Есүс маш их зөгнөл хэлсэн тул Түүнийг эш үзүүлэгч гэж хэлж болно, гэхдээ Тэр эш үзүүлэгч тул Христ биш гэж болохгүй. Яагаад гэвэл, ажлын нэг үе шатыг биелүүлэхдээ Тэрээр Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан бөгөөд ялгамж чанар нь Исаиагийнхаас өөр байсан: Тэр золин авралын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирж, бас хүний амийг хангасан бөгөөд Бурханы Сүнс Түүнд шууд ирсэн. Түүний хийсэн ажилд Бурханы Сүнсний онгод юм уу Еховагийн заавар байгаагүй. Харин ч Сүнс шууд ажилласан ба Есүс эш үзүүлэгчтэй адил байгаагүйг батлахад энэ нь хангалттай. Түүний хийсэн ажил нь золин авралын ажил байсан бөгөөд зөгнөл хэлэх нь үүний дараагийн зүйл юм. Тэр эш үзүүлэгч, элч байсан, гэхдээ түүнээс ч илүүтэйгээр Золин аврагч байсан билээ. Харин зөнчид зөвхөн зөгнөл хэлж л чаддаг ба өөр ажил хийхэд Бурханы Сүнсийг төлөөлж чаддаггүй байв. Өмнө нь хүний хэзээ ч хийж байгаагүй ихээхэн ажлыг Есүс хийж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийсэн учраас Исаиа мэтийн хүмүүсээс өөр байлаа.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 272
Өнөөдөр, Библи бол Бурхан, Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс ч тэд Библийн бүх үг бол зөвхөн Бурханы хэлсэн үг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан номыг бүгдийг нь хүмүүс бичсэн боловч тэдгээрт бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын тэмдэглэл байсан гэж ч Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүний эндүү ташаа ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн тэмдэглэл юм. Шинэ Гэрээний зарим захидал хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; жишээлбэл, Паулын захидлууд хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарт зориулсан сургамж, зоригжуулалтын үгс байсан юм. Тэдгээр нь Ариун Сүнсний хэлсэн үг биш—Паул Ариун Сүнсний өмнөөс ярьж чадахгүй, тэрээр эш үзүүлэгч ч байгаагүй, тэр ч бүү хэл, Иоханы харсан үзэгдлийг хараагүй. Түүний захидлууд Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулганд зориулан бичигдсэн. Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л ажлынхаа явцад чуулгануудад бичсэн Паулын сургамж, тайтгаруулалт, зоригжуулалтын үгс байв. Иймээс тэдгээр нь ч бас тухайн үеийн Паулын ихэнх ажлын тэмдэглэл юм. Тэдгээрийг Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичсэн, ингэснээр тухайн үеийн чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн гэмшлийн замыг даган мөрдөх байлаа. Тухайн үеийн, эсвэл хожмын чуулганууд бүгд өөрийнх нь бичсэн зүйлийг идэж уух ёстой гэж Паул яавч хэлээгүй, мөн түүний үг бүгд Бурханаас ирсэн гэж ч хэлээгүй. Тэр үеийн чуулганы нөхцөл байдлын дагуу тэрээр зүгээр л ах эгч нартай ярилцаж, тэдэнд сургамжилж, итгэлийг нь зоригжуулсан бөгөөд зүгээр л хүмүүст номлож, эсвэл сануулж, сургамжилжээ. Түүний үг өөрийнх нь ачаанд үндэслэсэн бөгөөд эдгээр үгээр дамжуулан хүмүүст тусалж дэмжсэн. Тэрээр тухайн үеийн чуулгануудын элчийн ажлыг хийсэн, Эзэн Есүсийн ашигладаг ажилчин байсан тул чуулгануудын төлөө хариуцлага үүрч, чуулгануудын ажлыг өөртөө авч, ах эгч нарын байдлыг мэдэж авах ёстой байсан—үүнээс болж тэрээр Эзэн доторх бүх ах эгч нарт захидал бичжээ. Түүний хэлсэн, хүмүүсийг босгон байгуулж, тэдэнд эерэг нөлөө үзүүлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба энэ нь Бурханыг төлөөлж чадахгүй. Хүмүүс хүний туршлагын тэмдэглэл болон хүний захидлуудыг чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг гэж үзэх нь эндүү ташаа ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! Ялангуяа чуулгануудад бичсэн Паулын захидлын тухайд ийм байдаг, учир нь түүний захидлууд тухайн үеийн чуулган бүрийн нөхцөл байдал, төлөв байдалд үндэслэн, ах эгч нарт зориулан бичигдсэн бөгөөд Эзэн дотор ах эгч нарт сургамжлахын төлөө байсан, ингэснээр тэд Эзэн Есүсийн нигүүлслийг хүртэж чадах байлаа. Түүний захидлууд тухайн үеийн ах эгч нарыг сэргээхийн төлөө байсан. Энэ нь түүний өөрийн ачаа байсан бөгөөд түүнд Ариун Сүнсний өгсөн ачаа байсан гэж хэлж болно; эцсийн эцэст тэр бол тухайн үеийн чуулгануудыг залж чиглүүлж, чуулгануудад захидал бичиж, тэдэнд сургамжилж байсан элч юм, энэ нь түүний үүрэг хариуцлага байлаа. Түүний ялгамж чанар ердөө ажлаа хийж буй элчийнх байсан бөгөөд тэр бол ердөө Бурханы илгээсэн элч байсан юм; тэр эш үзүүлэгч, эсвэл зөнч байгаагүй. Түүний хувьд өөрийнх нь ажил болон ах эгч нарын амь хамгийн чухал байв. Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс цаашгүй бөгөөд мэдээж бие махбодтой болсон Бурхан биш байсан. Түүний ялгамж чанар Есүсийнхтэй адил байгаагүй. Есүсийн үг нь Ариун Сүнсний үг байсан, мөн Бурханы үг байсан, учир нь Түүний ялгамж чанар Христийнх, Бурханы Хүүгийнх байсан юм. Паул яаж Түүнтэй адил байж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидал юм уу үгийг Ариун Сүнсний айлдвар хэмээн үзэж, Бурхан мэт шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй гэж хэлж болно. Хатуухан хэлэх юм бол, энэ нь зүгээр л доромжлол биш гэж үү? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлууд болон түүний хэлсэн үгийн тэмдэглэлд мэхийж, тэдгээрийг ариун ном, эсвэл тэнгэрлэг ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үгийг хүн санаандгүй хэлж болох уу? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Иймээс чуулгануудад бичсэн захидлуудад нь түүний өөрийн санаа бодол холилдоогүй гэж чи яаж хэлж болох юм бэ? Тэдгээрт яаж хүний санаа бодол холилдоогүй байх юм бэ? Тэрээр хувийн туршлага болон өөрийнхөө мэдлэгт үндэслэн чуулгануудад захидал бичсэн. Тухайлбал, тодорхой нэг санал агуулсан захидлыг Паул Галатын чуулгануудад бичсэн ба Петр өөр өнцгөөс өөр захиа бичсэн. Аль нь Ариун Сүнснээс ирсэн бэ? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тиймээс тэд хоёулаа чуулгануудын төлөө ачаа үүрсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний захиа биеийн хэмжээг нь төлөөлдөг, мөн ах эгч нарын төлөө гэсэн тэдний хангалт, дэмжлэг болон чуулганы төлөөх тэдний ачааг төлөөлдөг, тэдгээр нь зөвхөн хүний ажлыг л төлөөлдөг; тэдгээр нь тэр чигтээ Ариун Сүнснийх байгаагүй. Хэрвээ түүний захидлуудыг Ариун Сүнсний үг гэх юм бол чи мунхаг бөгөөд доромжлол үйлдэж байна! Паулын захидлууд болон Шинэ Гэрээний бусад захидал нь орчин үеийн сүнслэг хүмүүсийн дурсамжтай адилхан: Тэдгээр нь Вотчман Нигийн ном, эсвэл Лауренсийн туршлага гэх мэттэй адилхан. Ердөө л орчин үеийн сүнслэг хүмүүсийн ном Шинэ Гэрээнд эмхэтгэгдээгүй, харин энэ хүмүүсийн мөн чанар адилхан: Тэд бол тодорхой хугацаанд Ариун Сүнсний ашиглаж байсан хүмүүс бөгөөд Бурханыг шууд төлөөлж чадаагүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 273
Шинэ Гэрээний Матайн Сайн Мэдээ нь Есүсийн угийн бичгийг тэмдэглэсэн байдаг. Эхэндээ энэ нь Есүс бол Абрахам болон Давидын удам, Иосефийн хүү байсан гэдэг; дараа нь Есүс Ариун Сүнснээс олдсон бөгөөд онгон эмэгтэйгээс төрсөн гэж байдаг, энэ нь, Тэр бол Иосефийн хүү ч биш, эсвэл Абрахам, Давид хоёрын үр удам ч биш байсан гэсэн үг юм. Гэхдээ угийн бичигт Есүсийг Иосефтэй холбохоор зүтгэдэг. Дараа нь, угийн бичигт Есүсийн төрсөн үйл явцыг тэмдэглэж эхэлдэг. Есүс Ариун Сүнснээс олдож, онгон эмэгтэйгээс төрсөн, Иосефийн хүү биш гэж хэлсэн байдаг. Гэсэн ч Есүс бол Иосефийн хүү байсан гэж угийн бичигт тодорхой бичсэн бөгөөд угийн бичгийг Есүст зориулж бичсэн учраас дөчин хоёр үе удмыг нь бичсэн. Иосефийн үед очиход Иосеф бол Мариагийн нөхөр байсан гэж зэрвэс хэлдэг бөгөөд энэ нь Есүс бол Абрахамын удам гэдгийг батлахын тулд хэлсэн үг юм. Энэ нь зөрчилдөөн бус уу? Угийн бичигт Иосефийн өвөг дээдсийг тодорхой баримтжуулсан байдаг, энэ нь илт Иосефийн угийн бичиг боловч Есүсийн угийн бичиг гэж Матай зүтгэдэг. Энэ нь Есүс Ариун Сүнснээс олдсон гэдэг баримтыг үгүйсгэдэг бус уу? Тиймээс Матайн бичсэн угийн бичиг нь хүний санаа биш үү? Утгагүй юм! Ийнхүү чи энэ ном нь тэр чигтээ Ариун Сүнснээс ирээгүй гэдгийг мэдэж болно. Бурхан газар дээр угийн бичигтэй байх ёстой гэж боддог зарим хүн байж магадгүй бөгөөд үүний үр дүнд тэд Есүсийг Абрахамын дөчин хоёр дахь удам болгосон. Энэ нь үнэхээр утгагүй! Газар дээр ирсний дараа Бурхан яаж угийн бичигтэй байх юм бэ? Хэрвээ чи Бурханд угийн бичиг байдаг гэвэл Түүнийг Бурханы бүтээлүүдийн дунд эрэмбэлж байгаа бус уу? Учир нь Бурхан бол газар дэлхийнх биш, харин бүтээлийн Эзэн бөгөөд махбодтой хэдий ч хүнтэй адил мөн чанартай биш. Чи Бурханыг, Бурханы бүтээлтэй адил төрөл зүйл болгон тооцож яаж чадаж байна вэ? Абрахам Бурханыг төлөөлж чадахгүй; тэрээр тухайн үеийн Еховагийн ажлын бай байсан, мөн ердөө л Еховагийн сайшаасан итгэлт зарц байсан бөгөөд Израилийн ард түмний нэг байсан. Тэр яаж Есүсийн өвөг дээдэс байж чадах юм бэ?
Есүсийн угийн бичгийг хэн бичсэн бэ? Есүс Өөрөө бичсэн үү? Есүс тэдэнд “Миний угийн бичгийг бич” гэж биечлэн хэлсэн үү? Есүсийг загалмайд цовдлогдсоны дараа Матай үүнийг тэмдэглэсэн юм. Тухайн үед шавь нарт нь ойлгомжгүй байсан олон ажлыг Есүс хийгээд, ямар ч тайлбар хийгээгүй. Түүнийг явсны дараа шавь нар нь хаа сайгүй номлож, ажиллаж эхэлсэн бөгөөд ажлын тэрхүү үе шатны төлөө захидал болон сайн мэдээний номууд бичиж эхэлжээ. Шинэ Гэрээний сайн мэдээний номууд нь Есүсийг цовдлогдсоноос хориос гучин жилийн дараа бичигдсэн юм. Урьд нь, Израилийн ард түмэн Хуучин Гэрээг л уншдаг байв. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн эхэнд хүмүүс Хуучин Гэрээг уншдаг байлаа. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үед л гарч ирсэн юм. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж, тэнгэр өөд гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичиж тэмдэглэсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд Паул, Петр хоёрын захидлууд, түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүсийг тэнгэр өөд гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн эдгээр бичиг баримтыг сонгож цэгцэлсэн бөгөөд тэр үед л Библийн Шинэ Гэрээ бий болсон билээ. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; энэ нь өмнө нь байгаагүй юм. Бурхан тэр бүх ажлыг хийж, Паул болон бусад элч нар янз бүрийн газрууд дахь чуулгануудад маш олон захидал бичсэн. Тэдний дараагийн хүмүүс захидлуудыг нь нэгтгэж, Патм арал дээр Иоханы тэмдэглэсэн хамгийн агуу үзэгдлийг хавсаргасан бөгөөд үүнд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн байдаг. Хүмүүс ийм дарааллыг бий болгосон нь өнөөдрийн айлдваруудаас өөр юм. Өнөөдөр бичиж тэмдэглэдэг зүйл Бурханы ажлын алхмуудын дагуу байдаг; өнөөдөр хүмүүсийн оролцдог зүйл нь Бурханы биечлэн хийсэн ажил, биечлэн айлдсан үг юм. Чи—хүн төрөлхтөн—хөндлөнгөөс оролцох хэрэггүй; Сүнснээс шууд ирдэг үг нь алхам алхмаар зохицуулагддаг бөгөөд хүний тэмдэглэлийг зохицуулахаас өөр. Тэдний бичсэн зүйл боловсрол болон хэв чанарынх нь түвшний дагуу байсан гэж хэлж болно. Тэдний бичиж тэмдэглэсэн зүйл хүмүүсийн туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн бичих, мэдэх арга барилтай байсан бөгөөд тэмдэглэл бүхэн өөр байв. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтдэг бол хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм! Яагаад чи өнөөдрийн Бурханы ажлыг эрж хайдаггүй вэ? Бурханы ажил л хүнийг аварч чадна. Библи хүнийг аварч чадахгүй, хүмүүс үүнийг хэдэн мянган жилийн турш уншлаа гээд өчүүхэн төдий ч өөрчлөлт гарахгүй бөгөөд хэрвээ Библийг шүтвэл чи хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 274
Библийг ойлгож, тайлж чадна гэдэг үнэн замыг олохтой адил гэж олон хүн итгэдэг ч үнэн хэрэгтээ юмс үнэхээр ийм энгийн гэж үү? Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг тэмдэглэсэн гэдгийг Библи уншсан хүн бүр мэднэ. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу? Өнгөрсөн үеийн зүйлс өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ, бодитой байх нь хамаагүй, түүх хэвээр бөгөөд түүх нь өнөөдөрт чиглэж чадахгүй, учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийхээр зорьдог ажлын юуг ч ойлгодоггүй бол, мөн Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол Бурханыг эрж хайна гэдэг юу гэсэн утгатайг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Израилийн түүхийг судлахын тулд, Бурхан бүх тэнгэр газрыг бүтээсэн тухай түүхийг шинжлэхийн тулд Библи уншдаг бол Бурханд итгэдэггүй юм байна. Гэвч өнөөдөр чи Бурханд итгэж, амийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрэлхийлэн, үхмэл бичиг үсэг, хоосон сургаал, эсвэл түүхийг ойлгохоор эрэлхийлдэггүй тул өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм—гэтэл тийм биш, харин Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайсан чинь дээр. Библийг уншаад хамгийн ихдээ л чи Израилийн түүхийн багахныг ойлгож, Абрахам, Давид болон Мосегийн амьдралын талаар мэдэж авч, тэд Еховаг хэрхэн хүндэлж байсныг, Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг Ехова хэрхэн шатаасныг болон тухайн үеийн хүмүүстэй хэрхэн ярьж байсныг олж мэднэ. Чи өнгөрсөн үе дэх Бурханы ажлын талаар л олж мэднэ. Библийн тэмдэглэлүүд нь эртний Израилийн хүмүүс хэрхэн Бурханыг хүндэлж, Еховагийн удирдамж дор амьдарч байсантай холбоотой. Израильчууд Бурханы сонгосон хүмүүс байсан учраас, Хуучин Гэрээнээс чи Израилийн бүх ард түмэн Еховад үнэнч байсныг, Еховаг дуулгавартай дагаж байсан хүмүүс Түүгээр хэрхэн халамжлуулж, ерөөгдөж байсныг харж чадна; Бурхан Израильд ажиллах үедээ өршөөл, хайраар дүүрэн байсан, түүнчлэн бүхнийг залгигч галыг эзэмшиж байсан бөгөөд израильчууд бүгд ядуу дордоосоо эхлээд хүчтэйгээ хүртэл Еховаг хүндэлж байсан тул улс орон нь бүхэлдээ Бурханаар ерөөгдсөн гэдгийг чи мэдэж авч чадна. Энэ нь Хуучин Гэрээнд бичигдсэн Израилийн түүх билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 275
Библи бол Израиль дахь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл бөгөөд эртний эш үзүүлэгчдийн олон зөгнөл, түүнчлэн тухайн үеийн Еховагийн ажил дахь зарим айлдварыг баримтжуулдаг. Тиймээс хүмүүс бүгд энэ номыг ариун (Бурхан ариун, агуу учраас) гэж үздэг. Мэдээж энэ нь бүгд Еховаг гэх тэдний хүндлэл, Бурханыг гэх тэдний бишрэлийн үр дүн билээ. Бурханы бүтээлүүд Бүтээгчээ маш их хүндэлж, биширдэг учраас л хүмүүс энэ номыг ингэж хэлдэг бөгөөд энэ номыг тэнгэрлэг ном гэж нэрлэдэг хүмүүс ч бий. Үнэндээ энэ нь ердөө л хүний тэмдэглэл юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, биечлэн залж чиглүүлж бүтээгээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номын зохиолч нь Бурхан биш, харин хүмүүс юм. Ариун Библи гэдэг нь зөвхөн хүний өгсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр өөр хоорондоо хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас цаашгүй. Учир нь энэ номыг Ехова бичээгүй, Есүс бүр ч бичээгүй. Харин ч энэ нь эртний олон эш үзүүлэгч, элч, болон зөнчдийн өгсөн тайлан бөгөөд дараагийн үеийнхэн нь эртний бичвэрийн ном болгон цэгцэлж, улмаар хүмүүст нэн ариун, хожмын үеийнхний нээхийг хүлээж буй ойлгогдошгүй, гүн гүнзгий нууц агуулсан ном мэт санагддаг. Иймээс хүмүүс энэ ном бол тэнгэрлэг ном мөн гэж бүр ч их итгэх болсон. Дөрвөн Сайн мэдээ болон Илчлэлийн Ном нэмэгдсэнээр үүнд хандах хүмүүсийн хандлага өөр ямар ч номоос тун өөр байдаг бөгөөд улмаар энэ ном дэндүү “ариун” учраас хэн ч энэхүү “тэнгэрлэг номыг” задлан шинжилж зүрхэлдэггүй.
Библийг дөнгөж уншингуутаа хүмүүс яагаад үүн дотроос хэрэгжүүлэх замыг олж чаддаг вэ? Хүмүүсийн ойлгодоггүй ихээхэн зүйлийг тэд яагаад олж авч чаддаг вэ? Өнөөдөр Би ийм маягаар Библийг задлан шинжилж байгаа бөгөөд үүнийг үзэн яддаг, эсвэл лавлагаа болох үнэ цэнийг нь үгүйсгэдэг гэсэн үг биш юм. Мэдэхгүй байгааг чинь болиулахын тулд Би Библийн угийн үнэ цэн болон эх сурвалжийг чамд тайлбарлаж, тодруулж өгч байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзэл байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу юм; Библийг ингэж унших нь олж авах ёстой зүйлдээ хүрэхэд нь тэдэнд саад хийгээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр Миний хийхээр зорьдог ажилд саад учруулдаг. Энэ нь хожмын ажлыг асар их үймүүлж, давуу тал бус, зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар, дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж, эсвэл энэ нь ямар ч үнэ цэнгүй гэдгийг энд тэндгүй тунхагла гэж шаардаж байгаа юм биш, харин Библийн талаар зөв мэдлэг, зөв үзэл бодолтой байхыг л шаардаж байна. Хэтэрхий өрөөсгөл бүү бай! Хэдийгээр Библи нь хүмүүсийн бичсэн түүхийн ном боловч энэ нь бас эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчим болон сүүлийн үеийн элчүүдийн Бурханд үйлчилсэн туршлагуудыг тэмдэглэдэг—энэ бүхнийг энэ хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрэлхийлж байгаа энэхүү эрин үеийн хүмүүс лавлагаа болгон ашиглаж болно. Тиймээс Библийг уншихдаа хүмүүс өөр номоос олдохгүй амийн олон замыг ч бас олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгч, элч нарын туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үг нь үнэ цэнтэйн зэрэгцээ хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан байдаг учраас үүнд хандах хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ эрин үед Ехова, Есүс хоёрт үйлчилж байсан хүмүүсийн туршлага, мэдлэгийн тэмдэглэл, эмхэтгэл тул дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэлт, хэрэгжүүлэх замыг олж авч чадсан билээ. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэр хүмүүсийн бүх бичвэр Библиэс гардаг, мөн тэдний туршлага бүгд Библиэс бий болдог бөгөөд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс, хүмүүс аливаа агуу сүнслэг хүний номоос хангалт олж авч чаддаг хэдий ч Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Библи нь Паулын захидал, Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн хэдий ч, мөн хүмүүс эдгээр номын хангалт, дэмжлэгийг хүртдэг ч эдгээр ном хоцрогдсон хэвээр, хуучин эрин үед харьяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хэчнээн сайн байх нь хамаагүй, үүрд мөнхөд биш, зөвхөн нэг цаг үед л тохиромжтой байдаг. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба Паул, Петр хоёрын цаг үед зүгээр л зогсчихож болохгүй, эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед үргэлж үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүс биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдийг л хангаж чадах бөгөөд хэчнээн сайн байлаа ч, хоцрогдсон хэвээр юм. Еховагийн бүтээлийн ажил, эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хэчнээн агуу байсан ч, мөн л хоцрогдсон байх бөгөөд энэ бүхэн өнгөрөх одох цаг мөн л ирнэ. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирнэ; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд, эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хэчнээн үнэмшилтэй байсан ч, Сатаныг ялахад хэчнээн үр нөлөөтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эрин үе бол эрин үе юм; ажил үргэлж нэг суурин дээрээ байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж ч чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй! Тиймээс өнөөдөр Шинэ Гэрээн дэх амийн үг буюу элчүүдийн захидлууд болон Дөрвөн Сайн мэдээ нь түүхэн ном болсон, тэдгээр нь хуучин он дарааллын бичиг болсон, тэгвэл хуучин он дарааллын бичиг хүмүүсийг яаж шинэ эрин үед аваачиж чадах билээ? Эдгээр он дарааллын бичиг хүмүүсийг амиар хангах чадвартай байх нь хамаагүй, хүмүүсийг загалмай руу хөтлөх чадвартай байх нь хамаагүй, тэдгээр нь хуучирсан бус уу? Үнэ цэнгүй бус уу? Тиймээс Би, эдгээр он дарааллын бичигт сохроор бүү итгэ гэж чамд хэлье. Тэдгээр нь хэтэрхий хуучин, чамайг шинэ ажил руу аваачиж чадахгүй бөгөөд чамд зөвхөн ачаа л болно. Тэгээд чамайг шинэ ажил, шинэ оролт руу аваачиж чадахгүйгээр үл барам, шашны хуучин чуулганууд руу аваачна—тэгэх юм бол чи Бурханд итгэх итгэлдээ ухарч байгаа хэрэг бус уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 276
Ариун Сүнсний ашиглаж байсан хүмүүсийн хэлсэн бүх үг Ариун Сүнснээс ирсэн гэж өнөөдөр та нараас хэн чинь хэлж зүрхлэх вэ? Тийм зүйл хэлж зүрхлэх хүн байна уу? Хэрвээ чи тийм зүйл хэлдэг бол яагаад Езрагийн зөгнөлийн ном хаягдсан бэ, мөн яагаад эртний ариун хүмүүс болон эш үзүүлэгчдийн номуудад ч мөн адил зүйл тохиолдсон бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад та нар тийм дураараа сонголт хийж зүрхэлдэг юм бэ? Чи Ариун Сүнсний ажлыг сонгох эрхтэй юу? Израилийн олон түүх мөн хаягдсан. Хэрвээ чи өнгөрсөн үеийн энэ бүх бичвэр Ариун Сүнснээс ирсэн гэж итгэдэг юм бол яагаад зарим ном хаягдсан бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгдийг нь хадгалж, чуулгануудын ах, эгч нарт уншуулахын тулд илгээх ёстой байсан. Тэдгээрийг хүний хүслээр сонгож, эсвэл хаях ёсгүй; тэгэх нь буруу юм. Паул, Иохан нарын туршлага хувийн хэрсүү ухаантай нь холилдсон гэж хэлдэг нь тэдний туршлага болон мэдлэг Сатанаас ирсэн гэсэн үг биш, харин тэдэнд өөрсдийнх нь туршлага, хэрсүү ухаанаас гарсан зүйл байсан л гэсэн үг юм. Тэдний мэдлэг тухайн үеийн бодит туршлагынх нь дагуу байсан ба энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг хэн итгэлтэйгээр хэлж зүрхлэх юм бэ? Хэрвээ Дөрвөн Сайн Мэдээ нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад Матай, Марк, Лук, Иохан нар дор бүрнээ Есүсийн ажлын талаар өөр өөр зүйл хэлсэн юм бэ? Хэрвээ та нар үүнд итгэхгүй бол Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн тухай Библийн тэмдэглэлийг аваад үз: Тэдгээр нь бүгд өөр бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Олон мунхаг хүн: “Бие махбодтой болсон Бурхан ч бас хүн, иймээс Түүний хэлдэг үг бүхэлдээ Ариун Сүнснээс ирж чадах уу? Хэрвээ Паул, Иохан хоёрын үг хүний хүсэлтэй холилдсон байсан юм бол Түүний хэлдэг үг үнэхээр хүний хүсэлтэй холилдоогүй гэж үү?” хэмээн асуудаг. Ийм зүйл хэлдэг хүмүүс харалган бөгөөд мэдлэггүй юм! Дөрвөн Сайн Мэдээг анхааралтай уншаад үз; Есүсийн хийсэн зүйл, хэлсэн үгийн талаар юу бичсэнийг унш. Тэмдэглэл бүр нь нэлээд өөр байдаг ба тус бүрдээ өөрсдийн гэсэн харах өнцөгтэй байдаг. Хэрвээ эдгээр номын зохиогчдын бичсэн зүйл бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгд адилхан, нэг янз байх ёстой байлаа. Тэгвэл яагаад ялгаатай байдаг вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 277
Тухайн үеийн Есүсийн айлдвар болон ажил хоосон сургаал баримтлаагүй ба Тэрээр Хуучин Гэрээний хуулийн ажлын дагуу Өөрийн ажлыг гүйцэтгээгүй. Энэ нь Нигүүлслийн эрин үед хийгдэх ёстой ажлын дагуу хийгдсэн юм. Тэрээр Өөрийн авчирсан ажлын дагуу, Өөрийн хувийн төлөвлөгөөний дагуу, мөн Өөрийн үйлчлэлийн дагуу хөдөлмөрлөсөн; Тэр Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй. Түүний хийсэн юу ч Хуучин Гэрээний хуулийн дагуу байгаагүй ба Тэрээр эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд ажиллахаар ирээгүй. Бурханы ажлын үе шат болгон нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлэх зорилгоор хийгддэггүй бөгөөд Тэр хоосон сургаалыг мөрдөхийн тулд, эсвэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг зориуд биелүүлэхийн тулд ирээгүй. Гэсэн ч Түүний үйлдэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг нураагаагүй, өмнө нь Түүний хийсэн ажилд ч саад учруулаагүй. Түүний ажлын өвөрмөц шинж нь ямар ч сургаал мөрдөхгүйгээр Өөрийн хийх ёстой ажлыг хийх явдал байв. Тэр эш үзүүлэгч, эсвэл зөнч байгаагүй, харин Өөрийн хийх ёстой ажлыг бодитоор хийхээр ирсэн гүйцэтгэгч байсан бөгөөд Өөрийн шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг хэрэгжүүлэхээр ирсэн юм. Мэдээж Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхдээ Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн хэлсэн олон үгийг ч бас биелүүлсэн. Иймээс өнөөдрийн ажил ч гэсэн Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийг биелүүлсэн юм. Би зүгээр л “шарласан хуучин хуанлийг” барихаа больсон төдий, тэгээд л тэр. Учир нь Миний хийх ёстой ажил илүү их байгаа, Миний та нарт хэлэх ёстой үг олон байгаа, энэхүү ажил болон үг Библийн эшлэлүүдийг тайлбарлахаас хавьгүй илүү ач холбогдолтой, яагаад гэвэл, тиймэрхүү ажил та нарт ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнгүй бөгөөд та нарт тусалж, эсвэл та нарыг өөрчилж чадахгүй. Би шинэ ажил хийхээр зорьсон болохоос Библийн ямар нэг эшлэлийг биелүүлэх гээгүй. Хэрвээ Бурхан Библийн эртний эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд л газар дэлхий дээр ирсэн бол бие махбодтой болсон Бурхан болон тэдгээр эртний эш үзүүлэгчийн хэн нь илүү агуу байх вэ? Эцсийн эцэст эртний эш үзүүлэгчид Бурханыг захирдаг уу, эсвэл Бурхан эртний эш үзүүлэгчдийг захирдаг уу? Чи эдгээр үгийг хэрхэн тайлбарлах вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 278
Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэх Исаиагийн зөгнөлийг мэддэг байсан. Тэгвэл энэ зөгнөлийг бүрэн мэддэг байсан мөртөө тэд яагаад Есүсийг мөн л хяхаж хавчсан юм бэ? Энэ нь тэдний тэрслүү уг чанар болон Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед фарисайчууд, зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар өөрсдийнх нь мэддэг зүйлээс Есүсийн ажил өөр байна гэж бодсон; харин бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас өнөөдрийн хүмүүс Бурханыг голдог. Бурханд хандах тэдний тэрслүү байдлын мөн чанар адилхан биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг эргэлзээгүй хүлээн зөвшөөрч чадах уу? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил бол зөв урсгал мөн бөгөөд чи ямар ч болгоомжлолгүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой; чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгох ёсгүй. Хэрвээ чи Бурханыг илүү гүнзгий ойлгож, Түүнд илүү болгоомжтой ханддаг бол ингэх чинь шаардлагагүй бус уу? Чи Библиэс нэмэлт баталгаа хайх хэрэггүй; хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил мөн бол хүлээн зөвшөөрөх ёстой, учир нь чи дагахын тулд Бурханд итгэдэг бөгөөд Түүнийг судалж шинжлэх ёсгүй. Би бол чиний Бурхан мөн гэдгийг нотлох нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй, харин Би чамд ашиг тустай эсэхийг ялган таньж чаддаг байх учиртай—хамгийн чухал зүйл бол энэ юм. Чи Библийн дотроос маргашгүй нотолгоо ихийг оллоо ч гэсэн энэ нь чамайг Миний өмнө бүрэн дүүрэн авчирч чадахгүй. Чи Миний өмнө биш, ердөө Библийн хязгаарлалт дотор л амьдардаг; Библи Намайг мэдэхэд чинь тусалж чадахгүй, Намайг гэх хайрыг чинь ч гүнзгийрүүлж чадахгүй. Эрэгтэй хүүхэд төрнө гэж Библид зөгнөсөн ч Бурханы ажлыг хүн мэддэггүй тул уг зөгнөл хэн дээр биелэхийг хэн ч ухан ойлгож чадаагүй, үүнээс үүдэн фарисайчууд Есүсийн эсрэг зогссон юм. Миний ажил хүний ашиг сонирхлын төлөө байдаг гэдгийг зарим нь мэддэг атлаа Есүс бид хоёрыг харилцан үл нийцэх, бүрмөсөн салангид хоёр оршихуй гэж бодсоор байдаг. Тухайн үед Есүс хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, залбирлаараа хэрхэн гуйх, бусдад хэрхэн хандах гэх мэт сэдэвтэй хэдэн цуврал сургаалыг л Нигүүлслийн эрин үед шавь нартаа айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Өөрийг нь дагадаг хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэрээр Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн ба эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийгээгүй юм. Ехова Хуулийн эрин үед Хуучин Гэрээний хуулийг тогтоох үедээ яагаад Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийгээгүй юм бэ? Яагаад Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан тодорхой болгоогүй юм бэ? Хүн хүлээн зөвшөөрөхөд энэ нь тус болох байсан биш үү? Тэрээр эрэгтэй хүүхэд төрж, эрх мэдэлд хүрнэ гэдгийг л зөгнөсөн болохоос Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан гүйцэтгээгүй юм. Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой хил хязгаартай байдаг; Тэр тухайн эрин үеийнхээ ажлыг л хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Энэ маягаар л эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү товойн гарч чаддаг. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмай үүрч, зовлонг тэвчих талаар л ярьсан; Тэрээр, эцсийн өдрүүдийн хүн хэрхэн орох ёстой, Бурханы хүслийг хангахын тулд хэрхэн эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй. Ийм байхад Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг Библиэс хайх нь утгагүй биш үү? Зүгээр л Библитэй зууралдсанаар чи юу харж чадах юм бэ? Библи тайлбарлагч ч бай, номлогч ч бай, өнөөдрийн ажлыг хэн урьдчилан харж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 279
Библи хэдэн мянган жилийн турш хүний түүхийн нэг хэсэг байсаар ирсэн. Түүнчлэн, хүмүүс Библид Бурхан мэт хандаж, эцсийн өдрүүдэд энэ нь Бурханы орыг эзлэхдээ тулсан бөгөөд Бурхан энийг нь үзэн яддаг. Тиймээс цаг гарах үед, Библийн дотоод түүх болон эх үүсвэрийг тодруулах ёстой гэж Бурханд санагджээ; тэгэхгүй бол Библи хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг эзэлсээр байх бөгөөд хүмүүс Библийн үгийг ашиглан Бурханы үйл хэргийг хэмжиж, яллах байв. Библийн мөн чанар, бүтэц, өө сэвийг тайлбарласнаараа Бурхан Библийн оршин тогтнолыг яавч үгүйсгээгүй, мөн үүнийг яллаа ч үгүй; харин ч Тэрээр Библийн анхдагч дүр төрхийг сэргээсэн зохистой, тохиромжтой тодорхойлолтыг өгч, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтыг хөндөж, Библийн талаарх үнэн зөв үзэл бодлыг өгсөн, ингэснээр тэд Библийг шүтэхээ больж, төөрөлдөхөө больсон; өөрөөр хэлбэл, тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөж байгаа хэрэг хэмээн андуурахаа болиод, Библийн цаад үнэн түүх болон ташаарлуудтай нүүр тулахаас ч айдаг болсон. Хүмүүс Библийн талаар хольцгүй ойлголттой болмогцоо ямар ч гэмшилгүйгээр үүнийг хөсөр хаяж, Бурханы шинэ үгийг зоригтойгоор хүлээн авч чаддаг. Энэ бол энэхүү хэдэн бүлэг дэх Бурханы зорилго билээ. Бурханы өнөөдрийн ажил болон үгийг ямар ч онол юм уу баримт орлож чадахгүй, Бурханы орыг юу ч эзэлж чадахгүй хэмээх үнэнийг Бурхан энд хүмүүст хэлэхийг хүсдэг. Хэрвээ хүмүүс Библийн урхинаас зугтаж чадахгүй бол Бурханы өмнө очиж хэзээ ч чадахгүй. Хэрвээ тэд Бурханы өмнө очихыг хүсвэл Түүнийг орлож чадах аливаа зүйлээс зүрх сэтгэлээ эхлээд цэвэрлэх ёстой; тэгвэл тэд Бурханы сэтгэлд нийцнэ. Хэдийгээр Бурхан энд Библийг л тайлбарласан боловч Библиэс гадна хүмүүсийн үнэн сэтгэлээсээ шүтдэг өөр олон эндүү ташаа зүйл байдаг гэдгийг бүү март; жинхэнээсээ Бурханаас ирдэг зүйлсийг л тэд шүтдэггүй юм. Бурхан хүмүүст буруу замаар бүү яв, Бурханд итгэж, Түүний үгийг хүлээн зөвшөөрөхдөө битгий дахин туйлшир, бүү төөрөлдөж будил гэж сануулахын тулд л Библийг жишээ болгон ашигладаг төдий юм.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үгийн Оршил-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 280
Би хүмүүсийн дунд их ажил хийсэн бөгөөд энэ хугацаандаа бас олон ч үг илэрхийлсэн. Эдгээр үг нь бүгд хүний авралын төлөө бөгөөд хүнийг Надтай нийцэлтэй болгохын тулд илэрхийлэгдсэн юм. Гэвч Би газар дээр Өөртэй минь нийцэлтэй байдаг хүн цөөн хэдийг л олж авсан, иймээс Миний үгийг хүн нандигнадаггүй гэж Би хэлнэ, учир нь хүн Надтай нийцдэггүй билээ. Энэ мэтчилэн, Миний хийдэг ажил хүнийг ердөө л Надад шүтэн мөргүүлэхийн төлөө байдаггүй; хамгийн гол нь, хүнийг Надтай нийцэлтэй байж чаддаг болгохын төлөө байдаг. Завхарсан хүн бүхэн Сатаны урхинд амьдардаг, мөн махан биед, аминчхан хүсэлд автан амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлачхаад, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?
Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирчхээд байхад тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд Христийг энэ ертөнцөөс хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь ийм хорлонтой, Надад тийм их дайсагнадаг уг чанартай байж хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөр дээр нь буулгах үед хүн Миний оршин тогтнолыг бүр ч эрс үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхээр эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайхаар нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атлаа хүмүүсийн дунд амьдардаг Би бол ердөө л тун өчүүхэн нэгэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй л, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг, бас өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй дорд юм. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?
Миний эсрэг байдаг хүмүүс бол Надтай нийцэлгүй хүмүүс юм. Мөн үнэнийг хайрладаггүй хүмүүс ч Надтай нийцэлгүй хүмүүс. Миний эсрэг тэрсэлдэг хүмүүс бол бүр ч Миний эсрэг байдаг, Надтай нийцдэггүй хүмүүс билээ. Надтай нийцэлгүй бүх хүнийг Би муу ёрын нэгний гарт өгч, муу ёрын нэгний ялзралд орхиж, хорон муу үйлийг нь илчлэхийн тулд зөнгөөр нь орхиж, эцэст нь муу ёрын нэгэнд залгиулахаар шилжүүлнэ. Хэчнээн хүн Намайг шүтэн мөргөдөг нь Надад хамаагүй, өөрөөр хэлбэл, хэчнээн хүн Надад итгэдэг нь хамаагүй. Хэчнээн хүн Надтай нийцэлтэй вэ гэдэг л санааг минь чилээдэг ганц зүйл юм. Учир нь Надтай нийцэлгүй бүх хүн бол Надаас урвадаг муу ёрын хүмүүс билээ; тэд Миний дайсан бөгөөд дайснуудаа Би Өөрийн гэрт “тахихгүй.” Надтай нийцэлтэй хүмүүс Миний гэрт үүрд Надад үйлчилнэ, харин Надтай дайсагнадаг хүмүүс Миний шийтгэлийг үүрд амсана. Библийн үгийг л анхаарч, үнэний талаар юм уу Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс бүгд Миний эсрэг байдаг, учир нь тэд Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг хорьдог, тэд ийм байдлаар үйлдэх нь миний хувьд туйлын их доромжлол юм. Ийм хүмүүс яаж Миний өмнө ирж чадах юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин ч хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос эш татав