4. Жинхэнэ болон хуурамч зам, жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгаа
Холбогдох Бурханы үг:
Үнэн замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Энэ замд Ариун Сүнсний ажил бий эсэх, эдгээр үг нь үнэний илэрхийлэл мөн эсэх, хэнийг гэрчилдэг болох, мөн энэ нь чамд юу авчирч чадах вэ гэдгийг чи харах учиртай. Үнэн зам, хуурамч зам хоёрыг ялгаж салгахад үндсэн мэдлэгийн хэд хэдэн тал шаардлагатай ба үүнээс хамгийн гол нь Ариун Сүнсний ажил бий эсэхийг харах явдал юм. Учир нь, Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх хүний итгэл ч гэсэн энэхүү махбод нь Бурханы Сүнсний биелэл гэдгээс үүдэлтэй, өөрөөр хэлбэл, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл билээ. Сүнс, махбод хоёр хоорондоо ялгаатай боловч энэхүү махбод нь Сүнснээс ирдэг агаад махбод болсон Үг учраас хүний итгэж байгаа зүйл бас л Бурханы төрөлх мөн чанар юм. Тэгэхээр, үнэн зам мөн эсэхийг ялгахдаа чи юун түрүүнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг харж, дараа нь энэ замд үнэн байгаа эсэхийг харах ёстой. Үнэн бол хэвийн хүн чанарын амь зан чанар, өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг анх бүтээх үедээ хүнд тавьсан шаардлага буюу бүх хэвийн хүн чанар юм (үүнд хүний эрүүл ухаан, мэдлэг, мэргэн ухаан, хүн байхын үндсэн мэдлэг багтана). Ѳөрөөр хэлбэл, энэ зам хүнийг хэвийн хүн чанарын амьдрал руу хөтөлж чадах эсэх, ярьсан үнэн нь хэвийн хүн чанарын бодит байдлын дагуу шаардлагатай эсэх, энэ үнэн нь бодитой, жинхэнэ эсэх, цагаа олсон эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг хэвийн, бодит туршлага руу аваачиж чадна; түүнчлэн хүн улам хэвийн болж, хүний эрүүл ухаан улам бүрэн төгс болж, хүний махан бие дэх амьдрал болон сүнслэг амьдрал улам эмх цэгцтэй болж, хүний мэдрэмж улам хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Бас нэгэн өөр зарчим байдаг нь, хүний Бурханы талаарх мэдлэг нь өсөн нэмэгддэг эсэх, тийм ажил болон үнэнийг туулах нь хүний дотор Бурханыг хайрлах хайрыг бадрааж, Бурхантай улам ойртуулж чаддаг эсэх юм. Үүнээс энэхүү зам нь үнэн зам мөн эсэхийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам ер бусын биш, бодит эсэх, мөн энэ нь хүний амийг хангаж чаддаг эсэх юм. Эдгээр зарчимд нийцэж байвал энэ замыг үнэн зам хэмээн дүгнэж болно. Ирээдүйн туршлагын чинь явцад та нараар өөр замыг хүлээн зөвшөөрүүлж, эсвэл ирээдүйд бас нэгэн шинэ эрин үеийн ажил байх болно гэж зөгнөх гэсэндээ ч Би эдгээр үгийг хэлж байгаа юм биш. Харин өнөөдрийн зам бол үнэн зам мөн гэдэгт та нарыг итгэлтэй байг гэсэндээ, мөн та нарыг өнөөдрийн ажилд зөвхөн хагас хугас итгэж, мэдлэг олж авч чадахгүй бүү байг гэсэндээ Би ингэж хэлдэг. Итгэлтэй байгаа хэр нь будилан дагадаг хүмүүс ч олон байдаг; ийм итгэлтэй байдал нь ямар ч зарчимгүй байдаг ба эрт орой хэзээ нэгэн цагт тэд таягдан хаягдах болно. Дагахдаа маш гал цогтой хүмүүс ч гэсэн гурван хэсэгт нь итгэлтэй, таван хэсэгт нь эргэлзээтэй байдаг ба энэ нь тэдний ямар ч ул суурьгүйг харуулдаг. Та нарын хэв чанар хэтэрхий ядмаг, суурь чинь хэтэрхий өнгөц учраас ялган салгах талаар ямар ч ойлголтгүй байна. Бурхан Өөрийн ажлыг давтдаггүй, бодитой бус ажил хийдэггүй, хүнд хэрээс хэтэрсэн шаардлага тавьдаггүй, бас хүний эрүүл ухаанаас давсан ажил хийдэггүй. Түүний хийдэг бүх ажил хүний хэвийн ухааны хүрээнд байж, хэвийн хүн чанарын эрүүл ухаанаас давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагын дагуу байдаг. Хэрвээ Ариун Сүнсний ажил мөн бол хүн улам хэвийн болж, хүн чанар улам хэвийн болдог. Хүн өөрийн ялзарсан сатанлаг зан чанар болон хүний мөн чанарын талаар улам их мэдлэгтэй болж, үнэнийг улам ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь улам өсөж, хүний завхарсан зан чанар улам их өөрчлөгдөж чадна—энэ бүхэн нь Бурхан хүний амь болохын уг утга учир юм. Хэрвээ тухайн зам нь хүний мөн чанар болох зүйлсийг илчилж, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй, түүнчлэн хүнийг Бурханы өмнө аваачиж, Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг хүнд өгч чадахгүй, тэр ч байтугай хүн чанарыг нь улам дорд болгож, эрүүл ухааныг нь улам хэвийн бус болгож байвал энэ зам үнэн зам байх учиргүй бөгөөд энэ нь муу ёрын сүнсний ажил юм уу хуучин зам байж болох юм. Товчхондоо гэвэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж таарахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна
Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал доторх бүх хүн Ариун Сүнстэй хамт, Ариун Сүнсний сахилгажуулалттай байдаг, харин Ариун Сүнсний урсгалын гаднах хүмүүс Сатаны захиргаан дор, Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн авч, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал доторх хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол сахилгажуулагдан, цаанадаж Ариун Сүнсэнд хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүсийг Ариун Сүнс гэгээрүүлдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүсийг Ариун Сүнс сахилгажуулж, бүр шийтгэж ч болох юм. Ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд л байгаа цагт, Өөрийнх нь нэрийн төлөө шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүний хувьд Бурхан хариуцлага үүрэх болно. Түүний нэрийг алдаршуулдаг, үгийг нь хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй байж, Түүний үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүнээс шийтгэл хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бөгөөд шинэ ажлыг хүлээн зөвшөөрсѳн тул Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой, мөн үүргээ биелүүлдэггүй босогчид болж болохгүй. Энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүсийн хувьд бол өөр: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг, Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэл тэдэнд хамаагүй байдаг. Энэ хүмүүс бүхий л өдөржингөө махан бие, оюун санаан дотроо амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас үүссэн хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаарддаг зүйл биш, Бурхантай хийх хамтын ажиллагаа бүр ч биш. Бурханы шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Энэ хүмүүсийн цугларалт нь шашин төдийхөн юм гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол сонгогдсон хүмүүс ч биш, Бурханы ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байдаггүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулдаг зүйл нь шашнаар бялхдаг мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байдаггүй, ажлыг нь эзэмшдэггүй, тэр ч бүү хэл, Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгдээрээ мэдлэггүй, олиггүй хүмүүс, мөн итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг ба Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж бүр ч чаддаггүй. Тэдний үг, үйлдэл хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд зүгээр л дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд байдаггүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй байдаг. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт байдаггүй, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэд махан биеэр алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд зориуд өсөрхөж, Түүний эсрэг зүгт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чаддаггүй нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг тэр хүмүүс тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэхгүй гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:
Хэрвээ бүхий л шашны нийгэмлэг эсэргүүцэж, дайсагнаагүй бол тэр нь үнэн зам биш байх байсан юм. Санаж яв: Үнэн замыг ихэнх хүн, бүр дэлхий ертөнц ч гэсэн эсэргүүцэх нь лавтай. Эзэн Есүсийг анх ажиллаж, номлохоор ирэхэд Иудейн шашин бүхэлдээ эсэргүүцсэн бус уу? Бурханыг шинэ ажил эхлүүлэх бүрд үүнийг хүлээн зөвшөөрөх нь завхарсан хүн төрөлхтөнд хамгаас хэцүү байдаг, учир нь Бурханы ажил хүмүүсийн үзэлтэй нийцдэггүй ба үзлийг нь няцаадаг; хүмүүс ойлгох чадвараар дулимаг, мөн сүнсний ертөнцөд нэвтрэх чадваргүй байдаг бөгөөд Ариун Сүнсний ажил байгаагүй бол үнэн замыг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан юм. Хэрэв Бурханы ажил гэж итгэгддэг зүйлийг шашны нийгэмлэг эсэргүүцдэггүй, мөн үүнд дэлхий ертөнцийн эсэргүүцэл, дайсагнал дутмаг байдаг бол Бурханы ажил хуурамч гэдгийг энэ нь нотолдог. Хүн төрөлхтөн яагаад үнэнийг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг вэ? Нэгдүгээрт, хүн бол махан биетэй, материаллаг зүйл юм. Материаллаг зүйл нь сүнсний ертөнцөд нэвтрэх чадваргүй байдаг. “Сүнсний ертөнцөд нэвтрэх чадваргүй” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь сүнснүүд болон сүнснүүдийн үйл ажиллагаа, сүнсний ертөнцийг үйл ажиллагаа харах чадваргүй, мөн Бурханы хийж, хэлж байгаа зүйлийг харахгүй байхыг хэлдэг. Хүмүүс сүнсний ертөнцөд юу болдог тухайд сохор байдаг. Биет ертөнцөд хүмүүс зөвхөн материаллаг зүйлсийг харж чаддаг. Аль сүнс нь хүмүүст ямар ажил хийдэг болох, Бурханы Сүнс юу хийж, хэлэхээр ирсэн болохыг чи харж чаддаггүй. Заримдаа чи Түүний дуу хоолойг сонсож чадах ч хаанаас гарч байгааг нь мэддэггүй; мөн Бурханы үгийг номоос уншдаг ч Бурхан эдгээр үгийг хэзээ, яаж хэлсэн, эдгээр нь юу гэсэн утгатай болохыг мэдэхгүй хэвээр байдаг. Хүмүүс сүнсний ертөнцөд нэвтэрч, Бурханы үгийн эх сурвалжийг ухаарч чаддаггүй тул үнэнийг ойлгохын тулд тэдэнд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт болон Ариун Сүнсний ажил шаардлагатай байдаг. Хоёрдугаарт, хүн төрөлхтөн хэтэрхий гүн гүнзгий завхарч, дотроо Сатаны элдэв янзын хор, хэмжээлшгүй их мэдлэгээр дүүрсэн; хэрэв хүн янз бүрийн сатанлаг гүн ухаан, мэдлэг ашиглан бүх зүйлийг үнэлдэг бол үнэн гэж юу болохыг хэзээ ч тодорхойлж чадахгүй. Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтгүйгээр хүн үнэнийг ойлгож чадахгүй юм. Иймээс үнэн зам нь хүний хавчлага, гололтод зайлшгүй өртдөг. Сатаны мэдлэг, гүн ухааныг хүлээн зөвшөөрөх нь хүмүүст яагаад амархан байдаг вэ? Нэгдүгээрт, энэ нь тэдний үзэл болон махан биеийн ашиг сонирхолтой нийцэлтэй, мөн махан биед нь ашиг тустай байдаг. Тэд, “Ийм мэдлэгийг хүлээн зөвшөөрөх нь надад тустай: Үүгээр би тушаал дэвшиж, амжилттай болж, аливаа зүйлд хүрэх боломжтой болно. Ийм мэдлэгтэй бол намайг хүмүүс хүндлэх болно” гэж өөрсдөдөө хэлдэг. Хүмүүст ашиг тусаа өгдөг зүйлс тэдний үзэлтэй нийцэлтэй байдаг… Ийм түвшинд хүртлээ завхарч, сүнсний ертөнцөд нэвтрэх чадваргүй байгаа хүмүүс Бурханыг эсэргүүцэж л чаддаг бөгөөд Бурханы ажил ийнхүү хүний гололт, эсэргүүцэл, яллалттай тулгарсан билээ. Энэ бол хэвийн юм. Хэрэв Бурханы ажил нь дэлхий ертөнц болон хүн төрөлхтний яллалт, эсэргүүцэлтэй тулгараагүй бол энэ нь үнэн биш гэдгийг нотлох байсан юм. Бурханы хэлсэн бүхэн хүмүүсийн үзэлтэй нийцэлтэй байсан бол хүмүүс үүнийг яллана гэж үү? Эсэргүүцнэ гэж үү? Тэгэхгүй нь лавтай юм.
Дээрхийн нөхөрлөл
Чуулган нь Бурханы үнэхээр урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс буюу үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг, Ариун Сүнсний ажилтай хүмүүсээс бүрддэг. Энэ хүмүүс цуглан Бурханы үгийг идэж ууж, чуулганы амьдралаар амьдарч, Бурханы ажлыг туулж, Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүлэх үед л энэ нь чуулган байж чадна. Хэрвээ эрээвэр хураавар амьтад Бурханд үнэхээр итгэдэг гэж хэлэн, залбирч, Бурханы үгийг уншдаг боловч үнэнийг хайрлаж, эрэлхийлдэггүй, Ариун Сүнсний ажилгүй байж, шашны зан үйл үйлддэг бол энэ нь чуулган биш билээ. Илүү нарийн яривал, Ариун Сүнсний ажилгүй чуулганууд нь чуулган биш юм; тэдгээр нь шашны газар, мөн шашны зан үйл үйлддэг хүмүүсээс цаашгүй билээ. Тэд бол Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, Бурханы ажлыг туулдаг хүмүүс биш юм…
………………………
…Чуулган бол Бурханд үнэхээр итгэж, үнэнийг эрэлхийлдэг, ямар ч хорон мууг агуулаагүй хүмүүсийн цугларалт юм. Хорон муу хүмүүс чуулганд харьяалагддаггүй. Хэрэв үнэнийг эрэлхийлээгүй, үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө юу ч хийгээгүй бүлэг хүмүүс цугласан бол энэ нь чуулган биш. Харин шашны газар, эсвэл эрээвэр хураавар амьтдын цугларал байх болно. Чуулган нь Бурханд үнэхээр итгэж, үнэнийг эрэлхийлдэг, Бурханы үгийг идэж уун, Бурханыг шүтэн мөргөдөг, үүргээ биелүүлж, Бурханы ажлыг туулдаг, мөн Ариун Сүнсний ажлыг олж авсан хүмүүсээс бүрдсэн байх ёстой. Энэ л чуулган билээ. Иймээс жинхэнэ чуулган мөн эсэхийг үнэлэхдээ чи нэн түрүүнд ямар төрлийн хүмүүстэй байгааг нь харах хэрэгтэй. Хоёрдугаарт, тэдэнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг харах ёстой; хэрэв цугларалт нь Ариун Сүнсний ажилгүй бол энэ нь чуулган биш, мөн үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн цугларалт биш бол энэ нь чуулган биш юм. Хэрэв үнэнийг үнэхээр эрэлхийлдэг нэг ч хүн чуулганд байхгүй бол энэ чуулган нь Ариун Сүнсний ажилгүй байдаг; хэрэв үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг нэг хүн ийм чуулганд үлдэх юм бол аврагдаж чадахгүй. Тухайн хүн тэр эрээвэр хураавар амьтдын цугларлыг орхиод, аль болох даруйхан чуулганыг хайх хэрэгтэй. Хэрэв чуулганы дотор үнэнийг эрэлхийлдэг гурваас таван хүн байгаад, эрээвэр хураавар амьтдаас цаашгүй 30-50 хүн байвал Бурханд үнэхээр итгэж, үнэнийг эрэлхийлдэг тэрхүү гурваас таван хүн нэгдэх хэрэгтэй; тэд нэгдэх юм бол тэдний цугларалт нь мөн л чуулган бөгөөд хамгийн цөөхөн гишүүнтэй боловч ариун чуулган байх юм.
Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл
Шашны ертөнцийн удирдагч, пасторууд Бурханы ажлыг туулж, Ариун Сүнсээр төгс болгуулж, байгуулагдахын оронд шашны сургууль төгсөн, диплом авсныхаа дараа шашны нийгэмлэг дэх удирдагч, пасторууд болсон байдаг. Тэдэнд Ариун Сүнсний ажил, батламж байдаггүй бөгөөд Бурханы талаар өчүүхэн ч жинхэнэ мэдлэггүй, мөн амаараа шашны мэдлэг, онолоос өөр зүйл ярьж чаддаггүй. Тэд үнэндээ юу ч туулаагүй байдаг. Ийм хүмүүс Бурханаар ашиглуулахад огт тэнцэхгүй; тэд яаж хүмүүсийг Бурханы өмнө аваачиж чадах юм бэ? Тэд шашны сургууль төгссөн гэдгээ өөрсдийн эрх дархын нотолгоо болгон барьж, Библийн мэдлэгээ гайхуулахын тулд чадах бүхнээ хийдэг агаад асар их биеэ тоосон зантай тул Бурханаар яллагдаж, жигшүүлдэг бөгөөд Ариун Сүнсний ажлыг алдсан байдаг. Үүнд ямар ч эргэлзээ үгүй юм. Шашны нийгэмлэг яагаад Христийн заналт дайсан болсон бэ гэдэг бол тун их зүйл бодогдуулам асуулт юм. Нигүүлслийн эрин үед Иудейн шашин Эзэн Есүс Христийг загалмайд цовдолсон нь юуг харуулдаг вэ? Эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед шашны нийгэмлэг нь Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж шүүхийн тулд нэгдэн, бүхий л хүчин чармайлтаа зориулсан бөгөөд эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Христийг үгүйсгэж, голдог, мөн бие махбодтой болсон Бурхан болон Бурханы чуулганы эсрэг янз бүрийн цуу яриа зохион, дайрч давшилж, гутааж, доромжилж, эргэн ирсэн Есүс буюу эцсийн өдрүүдийн Христийг аль эрт загалмайд цовдлоод байна. Шашны нийгэмлэг нь аль хэдийн Бурханыг эсэргүүцэж, тэрсэлдэг Сатаны хүчин болон доройтсон гэдгийг энэ нь нотолдог. Шашны нийгэмлэгийг Бурхан захирдаггүй, үнэн бүр ч захирдаггүй; харин завхарсан хүмүүс төдийгүй антихристүүд бүрэн захирдаг билээ.
Сатанд харьяалагддаг, чөтгөрүүд болон антихристүүдэд захирагддаг энэ мэт шашны газарт хүмүүс Бурханд итгэх үедээ шашны хоосон сургаалыг ойлгож, шашны зан үйл, дүрэм журмыг л дагаж чаддаг бөгөөд үнэнийг хэзээ ч ойлгохгүй, Бурханы ажлыг хэзээ ч туулахгүй, мөн огт аврагдах чадваргүй байдаг. Учир нь шашны газруудад Ариун Сүнсний ажил огтхон ч байдаггүй бөгөөд эдгээр нь Бурханы ой гутдаг, жигшиж, яллаж, хараадаг газрууд юм. Бурхан шашныг магтах нь байтугай хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Эзэн Есүсийн цаг үеэс хойш шашны нийгэмлэгийг Бурхан ялласаар ирсэн билээ. Иймээс чи Бурханд итгэхдээ Ариун Сүнсний ажлыг агуулдаг газрыг олох ёстой; энэ нь л жинхэнэ чуулган бөгөөд жинхэнэ чуулганд л чи Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлын мөрийг илрүүлж чадах болно. Бурханыг эрж хайдаг арга нь ийм байдаг билээ.
Дээрхийн нөхөрлөл