Бурханд итгэх итгэл дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харснаар эхлэх ёстой

Хэдийгээр зарим залуус Бурханд итгэдэг ч компьютер тоглоом тоглох дуртай муу зуршлаасаа ангижрах нь тэдэнд маш хэцүү байдаг. Компьютерын тоглоом ямар төрлийн зүйлс багтаах хандлагатай байдаг вэ? Тэдгээр нь маш их хүчирхийлэл агуулдаг. Тоглоом тоглох нь диаволын ертөнц юм. Ихэнх хүн ийм тоглоомуудыг урт хугацаанд тоглосны дараа ямар ч бодитой ажил хийж чадахаа больдог; тэд сургууль, ажилдаа явах, ирээдүйгээ бодох хүсэлгүй болж, амьдралынхаа талаар бүр ч боддоггүй. Нийгэм дэх залуусын зүрх сэтгэл одоо юугаар дүүрэн байдаг вэ? Идэж, ууж, зугаацахаас гадна, зүрх сэтгэл нь тоглоом тоглох явдлаар дүүрэн байдаг. Тэдний хэлдэг, боддог юм бүхэн утгагүй, хүн-бус. Тэдний боддог зүйлийг дүрслэхэд “бохир”, “ёрын муу” гэдэг үг хэрэглэхэд ч багадна; тэдгээр нь хэвийн хүн чанартай хүмүүст байх учиртай зүйл биш, бүгд утгагүй, хүний үнэргүй зүйл юм. Хэрвээ чи хэвийн хүн чанартай холбоотой асуудал юм уу сэдвийн талаар яривал тэд үүнийг сонсож тэвчдэггүй; тэд сонирхдоггүй, сонсохыг ч хүсдэггүй, тэр ч байтугай чамд дургүйцнэ. Хэвийн хүмүүстэй адилхан нийтлэг хэл, нийтлэг сэдэв тэдэнд байдаггүй. Тэдний бүх сэдэв нь идэх, уух, хөгжилдөхтэй холбоотой. Зүрх сэтгэл нь дэлхийн чиг хандлагаар дүүрэн байдаг. Тэдэнд ямар хэтийн ирээдүй байна вэ? Тэд ирээдүйтэй юу? (Байхгүй, энэ хүмүүс хог хаягдал болно.) “Хог хаягдал” гэдэг нь маш тохиромжтой үг юм. Энэ юу гэсэн үг вэ? Хэвийн хүн чанарын оролцох ёстой үйл ажиллагаанд тэд оролцож чадах уу? (Үгүй.) Энэ хүмүүс хичээл сурлагадаа хүчин чармайлт гаргадаггүй бөгөөд тэднийг хүн ажилд нь шамдуулах гэвэл тэд тэгэхийг хүсэх үү? (Үгүй.) Тэд юу гэж бодох вэ? Тэд “Ажиллах ямар хэрэг байна? Энэ ажил их ядаргаатай юм. Би үүнээс юу олж авч чадах вэ? Ядарч, зовохоос өөр юу ч биш. Тоглоом тоглох нь маш зугаатай, тайвшруулж, баярлуулдаг! Компьютерийн ард сууж, виртуал ертөнцөд амьдрах үед надад бүх зүйл байдаг” гэж боддог. Хэрвээ тэднийг есөөс тав хүртэл ажиллуулж, ажилдаа цагтаа ирж, тогтсон цагаар ажилладаг болговол тэдэнд ямар санагдах вэ? Тэд тэр хуваарийг мөрдөж, үүнд хүлэгдэхийг хүсэх үү? (Хүсэхгүй.) Хүмүүс байнга тоглоом тоглож, компьютер дээр цагаа үрэхэд хэсэг хугацааны дараа хүсэл зориг нь үгүй болж, доройтдог. Шүтлэггүй хүмүүс чиг хандлагыг дагах дуртай бөгөөд моод хөөх дуртай, ялангуяа залуучууд, тэдний ихэнх нь зохих ажилдаа анхаарал хандуулдаггүй, зөв замаар явдаггүй; эцэг эх нь тэднийг удирдаж чадахгүй, багш нар тэднийг яаж ч чадахгүй, аль ч улсын боловсролын тогтолцоо энэ чиг хандлагын талаар юу ч хийж чадахгүй. Диаволууд болон Сатан хүмүүсийг уруу татаж, самууралд хүргэхийн тулд аливааг хийдэг. Виртуал ертөнцөд амьдардаг хүмүүс хэвийн хүн чанарын амьдралтай холбоотой ямар ч зүйлийг сонирхдоггүй; тэд зүгээр л ажиллаж, сурах хүсэлгүй байдаг. Тэд ямар нэгэн зүйлд уруу татагдсан мэт тоглоом тоглоход л анхаардаг. Тоглоом тоглодог хүмүүс тоглоомын дүрд ормогц тархи нь тэдний сэтгэлийг хөөргөх, бүр зарим талаар хий юм харах зүйлийг ялгаруулж эхэлдэг бөгөөд улмаар тоглоом тоглохдоо донтож, тоглох талаар үргэлж боддог гэж эрдэмтэд нотолсон. Тэд уйдах үедээ юм уу зарим нэг жинхэнэ ажил хийхийн оронд тоглоом тоглохыг хүсдэг бөгөөд яваандаа тоглоом тоглох нь тэдний бүхэл амьдрал болдог. Тоглоом тоглох нь нэг төрлийн мансууруулах бодис хэрэглэхтэй адилхан: Хүн үүнд донтсон л бол үүнийг болиход хэцүү болж, хаяхад маш бэрх болж, энэ нь тэднийг сүйрүүлдэг. Залуу ч бай, хөгшин ч бай, хүмүүс ийм муу зуршилтай болсон бол хаях гэж хэцүүддэг. Зарим хүүхэд шөнөжин унтахгүй, хэдэн шөнө дараалан тоглоом тоглодог бөгөөд эх, эцэг нь тэднийг хянаж ч чаддаггүй, ажигладаг ч үгүй учраас эцэст нь хүүхдүүд тоглоом тоглосоор компьютерын өмнө нас бардаг. Тэд яаж үхсэн бэ? Шинжлэх ухааны нотолгоогоор бол тэдний тархи гэмтсэн—тэд үхтлээ тоглоом тоглосон. Тоглоом тоглох нь хэвийн хүмүүсийн хийх ёстой зүйл гэж та нар хэлэх үү? Хэрвээ энэ нь хүмүүсийн хэвийн хүн чанарт хэрэгтэй байсан бол—зөв зам байсан бол хүмүүс яагаад тоглохоо больж чаддаггүй юм бэ? Тэд яаж ийм хэмжээнд хүртлээ татагдаж чадна вэ? Тоглоом тоглох нь сайн зам биш гэдгийг энэ нь нотолдог. Өдөржингөө интернэтэд умбаж, интернэтээр энэ, тэрийг ухаж, эрүүл бус зүйл үзэж, тоглоом тоглох нь—өдөржингөө ийм зүйл тоглох нь хүмүүсийг утга учиргүй зүйлээр өөрийгөө доройтуулахад л хүргэдэг бөгөөд хүмүүсийг хорлож, хохироодог. Эдгээрийн аль нь ч зөв зам биш. Өнөө үед өсвөр насныхан, залуучууд, бүр дунд болон ахмад насныхан бүгд видео тоглоом тоглож байна. Тэрийг тоглож байгаа хүн улам олон болж байна. Энэ нь сайн зүйл биш гэдгийг ихэнх хүн мэддэг ч яаж ч чаддаггүй. Энэ тоглоом нь залуу үеийнхэнд хор хөнөөл учруулж, маш олон хүнийг хохироосон. Тэгвэл тоглоом яаж үүсдэг вэ? Сатанаас ирдэггүй гэж үү? “Видео тоглоом нь орчин үеийн шинжлэх ухааны дэвшлийн бэлгэдэл, шинжлэх ухааны ололт” гэж хэлдэг утгагүй хүмүүс байдаг. Энэ тайлбарыг юу гэж хэлэх вэ? Дотор муухайрч байна! Тоглоом тоглох нь сайн зам биш, бас зөв зам биш! Энэ тоглоом тоглох нь зүгээр нэг нийгмийн чиг хандлагыг дагах асуудал биш, тэр байтугай шүтлэггүй хүмүүс хүртэл тоглоом тоглох нь зорилгын мэдрэмжийг устгадаг гэж хэлдэг. Хэрэв чи ийм энгийн зүйлийг орхиж чадахгүй, энэ зүйлд өөрийгөө хянаж чадахгүй бол аюулд орно. Орчин үед хөгшин залуу гэлтгүй видео тоглоом тоглох, хар тамхи хэрэглэх явдал түгээмэл болж, дэлхий нийт ийм болчихоод байна. Чи Бурханд хэчнээн удаан итгэсэн ч видео тоглоом тоглох гэх мэт зүйлийг хяналтандаа байлгаж чадахгүй бол нэг л өдөр Бурханд итгэх нь утгагүй, уйтгартай, тэнэг мэт санагдах үед шүтлэггүй хүмүүс шиг хар тамхи хэрэглэж, бүх төрлийн өдөөгч бодис хэрэглэж эхлэхгүй гэж үү? Энэ бол үнэхээр аюултай! Чи Бурханд итгэдэг байж болох ч ямар ч үндэс суурь байхгүй, үнэнийг олж аваагүй тул тэр чигтээ Бурханаас урвах аюулд байна. Чамд тохиолдсон аливаа зүйлийн өмнө чи тэр чигтээ унаж магадгүй юм. Энэ ёрын муу ертөнцөд маш олон уруу таталтууд байдаг бөгөөд Бурханд итгэдэг ч үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийг уруу татахын тулд Сатан бүх төрлийн арга замыг ашигладаг. Хэрэв чи Бурханы үгийг байнга идэж, уудаггүй, зүрх сэтгэл, оюун ухаан чинь ихэвчлэн хоосон байдаг бол маш их аюулд орно. Та нарын зүрх сэтгэл ихэнхдээ хоосон байдаг уу? Залуу хүмүүс ихэнхдээ хоосон байдаг! Энэ асуудлыг шийдэхгүй орхих нь маш аюултай. Чи Бурханд итгэдэг учраас Бурханы үгийг илүү их унших ёстой бөгөөд зарим үнэнийг хүлээн авч чадах үед энэ нь эргэлтийн цэг болж, энэ аюултай цаг үеэс зугтаж, чуулганд бат зогсож чадна.

Залуучууд улам олноор Бурханы гэрт нэгдэж байгаа бөгөөд цөөнгүй нь хориод насныхан байна. Тэд амьдралынхаа оргил үе дээр байгаа бөгөөд амьдралын зорилгоо хараахан тодорхойлоогүй, ямар ч хүсэл тэмүүлэлгүй, амьдрал гэж юу байдгийг хараахан ойлгоогүй байна. Энэ хүмүүст юу илэрдэг вэ? Надад та нарт зориулсан хоёр илэрхийлэмж байна. залуу насны бардам зан, ялган таних чадваргүй байдал. Би яагаад ингэж хэлж байна вэ? Эхлээд “залуу насны бардам зан” гэж юу болохыг ярилцъя. Та нар “залуу насны бардам зан” гэж юу болохыг тайлбарлаж чадах уу? Энэ нь ямар зан чанар вэ? Үүнд ямар төрлийн илрэлүүд байдаг вэ? (Энэ нь хүмүүс өөрт таалагдсан зүйлээ хамгийн сайн, өөрийнхөө төсөөлж байгаа зүйлийг зөв гэж бодож, хэнийг ч сонсохыг хүсэхгүй байх юм.) Нэг үгээр хэлбэл ийм зан чанар нь “биеэ тоосон зан” юм. Энэ бол энэ насны хүмүүсийн түгээмэл зан чанар. Амьдарч буй орчин, гарал үүсэл, аль үеийнх гэдгээс үл хамааран энэ насны хүн бүр залуу насны бардам зантай байдаг. Би яагаад ингэж хэлээд байна вэ? Энэ нь тэдэнд өрөөсгөлөөр хандаж, дорд үзсэндээ бус харин энэ насны хүмүүс туйлын биеэ тоосон, хөнгөмсөг, бардам төрлийн зан чанартай байдаг. Тэд хорвоо ертөнцийн туршлага багатай, амьдралын талаар маш бага ойлголттой тул хорвоо ертөнц, амьдрал дээр зарим зүйлтэй тулгарах мөчид “Би ойлгож байна, учрыг нь олчихсон, би одоо бүгдийг мэддэг! Би хөгшин хүмүүсийн хэлж байгаа зүйлийг ойлгож, нийгэмд алдаршсан зүйлд хөл нийлүүлж чаддаг. Одоо гар утас ямар хурдацтай хөгжиж, функцууд нь ямар нарийн цогц болсныг хар л даа. Би бүгдийг мэднэ, юу ч ойлгодоггүй хөгшин та нар шиг биш” гэж боддог. Ахимаг насны хүн ямар нэгэн зүйлд тусламж хүсэхэд тэд бүр “Хүмүүс хөгшрөхөрөө ямар ч хэрэггүй. Компьютер ч ашиглаж чадахгүй, амьд байх хэрэг байна уу?” гэж хэлдэг. Энэ юу вэ? Энэ бол залуу насны бардам зангийн илрэл. Залуучууд ой санамж сайтай, шинэ санааг илүү хурдан хүлээж авдаг бөгөөд шинэ зүйл сурах бүрдээ настай хүмүүсийг дорд үздэг. Энэ бол завхарсан зан чанар. Ийм зан чанар нь хэвийн хүний зан чанар мөн үү? Үүнийг хэвийн хүний илэрхийлэл гэж үзэх үү? (Үгүй.) Ийм учраас үүнийг залуу насны бардам зан гэж хэлдэг. Тэгвэл яагаад үүнийг “биеэ тоосон зан” биш “бардам зан” гэж хэлдэг юм бэ? Учир нь энэ бол зөвхөн залуу хүмүүст байдаг зан чанар—тэд жаахан юм сураад л хамраа сөхдөг, энэ орчлон ертөнц дэх өөрсдийн байрыг мэддэггүй, сурсан зүйлээ хөрөнгө гэж үздэг. Хүмүүс залуу байхдаа, жаахан нас ахиж, илүү ихийг ойлгож, амьдралын сайн мууг илүү их мэдрэх хүртлээ бүгд ийм байдаг. Дараа нь тэд илүү төлөвшиж, тогтвортой болж, даруу байхыг илүүд үздэг—ямар нэг зүйл хийж сурах үедээ нэг их ач холбогдол өгдөггүй, хийж чадахгүй үедээ гонсойдоггүй. Залуу хүмүүс үнэхээр их зантай байдаг: ямар нэг зүйл хийж сурах болгондоо түүнийгээ заавал гайхуулж, хамраа сөхдөг. Заримдаа догдлох үедээ өөрийгөө хэнээс ч илүү гэж мэдэрч, дэлхий хангалттай том биш санагдаж, өөр гараг дээр амьдрахыг хүсэж эхэлдэг. Энэ бол бардам зан юм. Залуу насны бардам зангийн гол шинж нь орчлон ертөнц дэх өөрийн байрыг мэддэггүй, хүмүүст юу хэрэгтэй, тэд амьдралд ямар замаар явах ёстой, ямар нөхцөлд амьдрах нь аюултай, юу хийх ёстойгоо мэддэггүй явдал юм. Хүмүүсийн байнга хэлдэг шиг “Тэд ялган таних чадваргүй бөгөөд амьдралын талаар мэддэггүй.” Энэ насны хүмүүс бардам зан чанартай тул эдгээр зүйлийг илчилдэг. Хүн болгоныг өөрөөсөө доогуур гэж боддог залуу хүмүүс байдаг бөгөөд тэдэнд таалагдахгүй зүйл хэлэхэд тэд зүгээр л чамайг үл тоомсорлох болно. Эцэг эхчүүд залуу хүмүүсийн юу бодож байгааг ойлгоход хэцүү байдаг—нэг буруу үг хэлэхэд тэд уурлаж, уцаарладаг. Тэдэнтэй харилцах хэцүү. Өнөө үед эцэг эхчүүдэд хүүхдээ удирдаж, сургахад яагаад хэцүү байдаг вэ? Эцэг эх нь боловсрол муутай, залуучуудын сэтгэхүйг ойлгодоггүйгээс бус харин залуучуудын сэтгэхүй хэвийн бус болсонд байгаа юм. Залуу хүмүүс бүгд дэлхийн чиг хандлагад дурлаж, автдаг; тэд бүгдээрээ Сатаны золиос болж, маш хурдан доройтож байгаа бөгөөд тэдний хувьд сэрэх нь хэцүү. Тийм ч учраас эцэг эх байх амаргүй—зарим эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд хүүхдийн сэтгэлзүйд хүртэл суралцдаг. Өнөө үед олон хүүхэд аутизм, сэтгэл гутрал зэрэг хачирхалтай өвчнөөр шаналж байгаа нь тэднийг удирдахад хэцүү болгож байна. Хүмүүст эдгээр асуудлыг шийдэх арга зам, тодорхой тайлбар байдаггүй бөгөөд сургууль, нийгмийн сэхээтнүүд “тэрслүү сэтгэлгээ” эсвэл “тэрслүү үе шат” гэх мэт хэллэгүүдийг зохион бүтээжээ. Эдгээр нэр томьёо яагаад өмнөх үеийнхэнд байгаагүй юм бэ? Өнөөдөр шинжлэх ухаан маш өндөр хөгжиж, янз бүрийн хачин хэллэг гарч ирэв; энэ хүн төрөлхтөн улам бүр доройтож, хэвийн хүний зүйлс цөөрсөөр байна—энэ нь нийгмийн ёрын муу чиг хандлагаас үүдэлтэй биш гэж үү? (Тийм.) Тэгэхээр залуучууд та нар одоо энд Миний ярихыг сонсох чин хүсэлтэй, Миний нөхөрлөлийг сонсоод сууж чадаж байгаа нь та нар агуу бөгөөд үнэнийг эрэлхийлэх замыг сонгоход бэлэн байгаадаа бус—харин энэ нь Бурханы нигүүлсэл бөгөөд Бурхан та нарыг хорвоо ертөнцөд эсвэл Сатанд өгөөгүй учраас юм. Хэн ч ятгах гэж оролдсон Бурханд итгэдэггүй залуу хүмүүсийг та нар нийгмээс харж байгаа. Тэдэнтэй Би ярьсан ч нэмэргүй. Энэ зөвхөн залуу насны бардам зангийн асуудал мөн үү? Тэд ямар хүмүүс вэ? Хэрэв мөс чанар, эрүүл ухаангүй бол тэд гагцхүү араатан, чөтгөр юм! Та нар тэдэнтэй хүний үгээр ярьвал тэд ойлгох болов уу? Асуудал одоо харилцахад хэцүү байхаа больж, тэд огт сонсохгүй байна. Бурханы нигүүлсэл, хамгаалалтын ачаар та нар одоо Түүний ажлыг хүлээн авч, Түүний үгийг ойлгож, үнэний замыг сонирхох боломжтой болсон! Тиймээс та нар үүргээ гүйцэтгэх энэ боломжийг нандигнан, энэ хугацаанд Бурханд итгэх итгэлийнхээ суурийг баттай суулгахыг хичээх ёстой. Тэгвэл та нар аюулгүй байж, эдгээр ёрын муу чиг хандлагад амархан автахгүй. Хүмүүс эдгээр ёрын муу чиг хандлагад баригдмагц тэдгээрт амархан автдаг бөгөөд тэдгээрт дахин автах үед Бурхан та нарыг хүсэх болов уу? Үгүй, хүсэхгүй! Бурхан та нарт хэдийн боломж өгсөн бөгөөд цаашид та нарыг огт хүсэхгүй. Бурхан чамайг хүсээгүй үед та нар аюулд орох бөгөөд юу ч хийж чадахгүй.

“Залуу насны бардам зан”-ийн талаар ярилцсан болохоор одоо “ялган таних чадваргүй байдал”-ын талаар ярилцъя. “Ялган таних чадваргүй байдал” гэдэг нь нэг талаар албан ёсны нэр томьёо юм. Энэ нь яг ямар утгатай болохыг тайлбарла даа. (Хүн сайн мууг ялгаж чадахгүй, сайн гэж үзсэн зүйлээ үргэлж сайн, муу гэж үзсэн зүйлээ үргэлж муу гэж бодож, аливаа зүйлийг яаж ч тайлбарласан сонсохгүй байх.) (Зөв бурууг ялгаж мэдэхгүй, ялган таних чадваргүй байх.) Энэ бол шууд утга нь—зөв, бурууг ялган хэлж чадахгүй, аль нь эерэг, аль нь сөрөг болохыг мэдэхгүй байх. Залуу насны бардам зангаасаа болоод тэд хүмүүсийн хэлсэн юуг ч сонсохгүй, “Бусдын хэлсэн бүхэн буруу, миний хэлсэн зөв. Надад юм хэлэх гэж хэн ч оролдох хэрэггүй, би тэдний үгэнд орохгүй. Би үнэхээр зөрүүдлэх болно, миний буруу байсан ч би зөрүүдэлж, үзэл санаандаа тууштай байх болно” гэж боддог. Энэ бол тэдний зан чанар бөгөөд тэд ялган таних чадваргүй. Өнгөн дээрээ тэд хоосон сургаалын араас хоосон сургаал урсгаж, тэрийг хэнээс ч илүү тодорхой, ойлгомжтой ярьж чаддаг хэр нь яагаад үйлдэх болоход байнга мунгинаж, будилдаг юм бэ? Тэд юу зөв болохыг маш сайн мэддэг ч зүгээр л сонсохгүй—тэд хүссэнээрээ хийж, хүссэнээрээ үйлддэг. Энэ бол дураараа, утгагүй байдал юм. Дэлхийн чиг хандлагыг дагадаг хүмүүс үнэхээр утгагүй. Тэд паркур, банги харайлтад дуртай, бүх төрлийн экстрим спортод дуртай. Энэ утгагүй хэрэг биш үү? Та нар бас бүгдээрээ паркурт дуртай юу? (Би дуртай байсан.) Яагаад дуртай байсан бэ? Паркур аюултай гэдгийг мэддэггүй байсан уу? Паркур хийж байхдаа амиа эрсдэлд оруулж байгаагаа мэддэггүй байсан уу? Хүмүүс аалз, геккон биш. Хэрвээ тэд хананд авирвал унах нь гарцаагүй. Хүмүүст ийм чадвар байдаггүй бөгөөд энэ нь хэвийн хүн чанартай хүмүүст байдаг зүйл биш. Та нар яаж дуртай байдаг юм бэ? Эдгээр нь хүмүүст нэг төрлийн харааны болон сэтгэл хөдлөлийн өдөөлтийг өгдөг учраас хүмүүс паркур хийхийг хүсдэг. Энэ сэтгэлгээг юу удирддаг вэ? Энэ нь “Хүн аалз” киноноос үүсэлтэй юу? Хүний дотор дэлхийг аврах, супер баатар болохыг хүсдэг сэтгэлзүй, хүсэл байдаггүй гэж үү? Олон кино, телевизийн шоун дээр дээврээс дээвэр дамжиж, нисдэг баатрууд байдаг, хүмүүс тэднийг үнэхээр биширдэг. Ингэж л эдгээр зүйл залуучуудын оюун санаанд суудаг. Тэднийг яаж ингэж хордуулж чаддаг вэ? Энэ нь хүмүүсийн дур сонирхол, эрэл хайгуултай холбоотой. Хүн бүр баатар болохыг, супермэн болохыг, онцгой хүч чадалтай болохыг хүсдэг учраас Сатаныг шүтдэг. Надад хэл дээ, жирийн хүмүүс ийм утгагүй зүйлд дуртай байдаг уу? Жирийн хүмүүс эдгээр онцгой хүч чадлыг эзэмшдэг үү? Мэдээж үгүй. Энэ бүгдийг хүмүүс төсөөлж, зохиосон бус уу? Ийм хачирхалтай зүйлс үнэхээр оршдог байсан бол тэр хүмүүс муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлсэн хэрэг бус уу? Адам Евагийн үед паркур байсан уу? Библид паркурын талаар бичсэн зүйл байдаг уу? (Байхгүй.) Паркур бол орчин үеийн бузар муу нийгмийн бүтээгдэхүүн; хүмүүсийг төөрөгдүүлж, завхруулдаг Сатаны нэг арга юм. Сатан залуу хүмүүсийн хачирхалтай, сэтгэл хөдөлгөм зүйлд дурладгийг нь далимдуулж, зарим түүхийг зохиож, санаанаасаа ургуулж, тоглодог. Ялган таних чадваргүй өсвөр насныхныг ингэж төөрөлдүүлж, Сатаны хачин чигтэй, сэтгэл хөдөлгөсөн онцгой хүч чадлын араас хөөцөлдөхөд хүргэдэг. Энэ нь хүмүүсийг хордуулж байгаа хэрэг биш үү? Эдгээр зүйл хүмүүсийн оюун санаанд орох мөчид хор болдог. Хэрэв чи энэ хорыг таньж чадахгүй бол үүнээс бүрэн татгалзаж чадахгүй бөгөөд үүний нөлөө, үймээн самуун, хяналтаас хэзээ ч ангижрахгүй. Энэ хорноос амархан салж болох уу? (Амархан биш.) Энэ асуудлыг яаж шийдвэрлэж болох вэ? Зарим хүн эдгээр зүйлээс салах дургүй байдаг. Эдгээр зүйлийг хор биш, сайхан гэж боддог бөгөөд ингэж бодох үедээ тэдгээрээс салж чаддаггүй. Иймээс Сатаны уруу таталтанд автахгүйн тулд биеийн хэмжээ чинь жижиг байх үед сэтгэл зүрхийг чинь зэврүүлж, хордуулж чадах зүйлээс хол байхын тулд чадах бүхнээ хийх ёстой, учир нь чи ялган таних чадваргүй, тэнэг, бардам зан ихтэй. Чи өөрийгөө эерэг зүйлээр хангалттай тоноглоогүй бөгөөд ямар ч үнэн-бодит байдал байхгүй. Итгэлийн үгээр ярих юм бол чамд амь ч байхгүй, биеийн хэмжээ ч байхгүй. Чамд байгаа зүйл бол зөвхөн багахан хэмжээний бэлэн байдал, Бурханд итгэх хүсэл юм. Та нар Бурханд итгэх нь сайн, явах зөв зам, сайн хүн байх зам мөн гэж боддог ч “Би шүтлэггүй хүмүүсийн дунд муу хүн биш, би паркурт дуртай, гэхдээ би ямар ч буруу зүйл хийгээгүй, би сайн хүн хэвээрээ байгаа” гэж сэтгэдэг. Энэ нь үнэнтэй нийцэж байна уу? Чи ямар ч буруу зүйл хийгээгүй учраас завхарсан зан чанар байхгүй гэж бодож байна уу? Чи ёрын муу чиг хандлага дотор амьдардаг бөгөөд энэ нь зүрх сэтгэл чинь муу зүйлээр дүүрэн байгааг харуулахад хангалттай.

Надад хэл дээ, хүрээлэн буй орчин хүнд их нөлөөлдөг үү? Чи одоо чуулганд үүргээ гүйцэтгэж байна, энэ бол та нарын байгаа орчин юм; та нар өдөр бүр ах эгч нартайгаа хамт байж, Бурханд итгэдэг хүмүүсээр хүрээлэгдэж, Бурханд итгэх итгэлдээ бас тууштай байдаг. Хэрэв чи шүтлэггүй хүмүүсийн дунд байж, чамайг тэдний дунд байлгавал зүрх сэтгэлд чинь Бурхан байсаар байх байсан уу? Хэрэв чи тэдэнтэй харьцаж, тэдний дунд амьдарч байсан бол тэдэн шиг чиг хандлагыг дагахгүй байсан гэж үү? Зарим нь “Зүгээр дээ, намайг харж, хамгаалдаг Бурхан байгаа болохоор би хэзээ ч тийм замаар явахгүй” гэж хэлдэг. Чи тийм амлалт өгч зүрхэлж байна уу? Эдгээр зүйлийг хайрлаж, араас нь хөөцөлдөж байгаа цагт чи чиг хандлагыг санаатайгаар дагах боломжтой. Зүрх сэтгэлдээ буруу гэдгийг мэдэж байгаа ч гэсэн чи “Бурхан минь, намайг уучлаач, энэ миний буруу байсан” гэж зүгээр л өөртөө хэлэх болно. Цаг хугацааны явцад чи гэм бурууг эсвэл өөр юуг ч огт мэдрэхээ больж, “Бурхан хаана байна? Би яагаад Түүнийг хараагүй юм?” гэж тунгаах болно. Бурханд байнга эргэлзэж, урьд өмнө байсан итгэл чинь бага багаар алга болно. Зүрх сэтгэл чинь Бурханыг бүрмөсөн үгүйсгэх үед чи Түүнийг дагахыг эсвэл үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больж, эхлээд үүргээ гүйцэтгэхээр сонгосондоо харамсах болно. Хүмүүс яагаад ийм амархан өөрчлөгдөж чаддаг юм бэ? Үнэндээ чи өөрчлөгдсөн юм биш, харин чамд анхнаасаа үнэн-бодит байдал байгаагүй юм. Хэдийгээр өнгөн дээрээ чи Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэж байгаа ч чиний доторх дэлхийн болон сатанлаг бодол санаа, үзэл бодол, хүмүүстэй харилцах арга зам, завхарсан зан чанар хэзээ ч арилаагүй бөгөөд чи сатаны зүйлсээр дүүрэн хэвээр байна. Чи эдгээр зүйлээр амьдарсаар байгаа тул биеийн хэмжээ чинь жижиг хэвээр байна. Чи аюултай үе шатандаа байна; чи хараахан найдвартай, аюулгүй биш байна. Чи сатанлаг зан чанартай байгаа л бол Бурханыг эсэргүүцэж, урвасаар байх болно. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд чи эхлээд ямар зүйл ёрын муу бөгөөд Сатаных, тэдгээрийн хор хөнөөл, Сатан яагаад тэдгээр зүйлийг хийдэг, хүмүүс тэдгээрийг хүлээж авах үед ямар хор амсдаг, тэр хүмүүс ямар хүмүүс болох, түүнчлэн Бурхан хүмүүсээс ямар хүн байхыг хүсдэг, ямар зүйлс хэвийн хүн чанарынх, ямар зүйл эерэг, ямар зүйл сөрөг болохыг ойлгох ёстой. Чи эдгээр зүйлийг тодорхой харж, ялган таньж чадах л юм бол чамд зам бий болно. Түүнээс гадна, эерэг талаасаа чи үүргээ гүйцэтгэхдээ чин сэтгэлтэй, үнэнч байхын зэрэгцээ идэвх санаачилгатай байх ёстой. Заль мэхтэй, хайнга бүү бай, үүрэгтээ эсвэл Бурханы чамд даатгасан зүйлд шүтлэггүй хүмүүсийн байр сууринаас эсвэл Сатаны гүн ухаанаар бүү ханд. Чи Бурханы үгийг илүү их идэж, ууж, үнэний бүх талыг ойлгохыг эрж хайж, үүргээ гүйцэтгэхийн ач холбогдлыг тодорхой ойлгож, дараа нь үүргээ гүйцэтгэх явцдаа үнэний бүх талыг хэрэгжүүлж, орж, Бурханыг, Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг аажмаар мэдэж авах ёстой. Ингэж өөрөө ч мэдээгүй байхад дотоод байдал чинь өөрчлөгдөж, чиний дотор илүү эерэг, идэвхтэй зүйл нэмэгдэж, сөрөг, идэвхгүй зүйл цөөрч, аливаа зүйлийг ялган таних чадвар тань өмнөхөөсөө илүү хүчтэй болно. Биеийн хэмжээ чинь ийм хэмжээнд өсөх үед энэ ертөнцийн янз бүрийн хүмүүс, хэрэг явдал, юмсыг ялган таних чадвартай болж, асуудлын мөн чанарыг олж харж чадна. Хэрэв чи шүтлэггүй хүмүүсийн хийсэн киног үзсэн бол түүнийг үзсэнийхээ дараа хүмүүс ямар хор авч болохыг, түүнчлэн Сатан эдгээр арга хэрэгсэл, чиг хандлагаар дамжуулан хүмүүст юу суулгаж, тарихаар зорьж байгааг, хүмүүсийн юуг элэгдэлд оруулахаар зорьж байгааг ойлгох болно. Чи эдгээр зүйлийг аажмаар харж чадна. Чи кино үзсэнийхээ дараа хордохгүй, харин ялган танина—тэр үед л үнэхээр биеийн хэмжээтэй болно.

Супер баатрын болон уран зөгнөлт хэд хэдэн кино үзсэнийхээ дараа зарим залуус гол дүрүүд шиг ер бусын чадвартай болох гэсэн хүсэлд автдаг. Тэд ингэж хорддоггүй гэж үү? Хэрэв чи тийм кино үзээгүй бол тэр хороор хорлогдох уу? Хорлогдохгүй. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл чи ёрын муу нийгэмд амьдардаг, тиймээс биеийн хэмжээ чинь жижиг, ялган таних чадваргүй үедээ тийм зүйлстэй хамгийн түрүүнд учрахаараа ёрын муу чиг хандлагад хамаарах зүйлсэд захируулж, тэдгээрийг эерэг, хэвийн, зөв зүйл гэж үзэх болно. Энэ бол хүмүүсийг хордуулдаг Сатаны нэг арга юм. Надад хэл дээ, Сатан ёрын муу биш гэж үү? Сатанд хүмүүсийг завхруулах маш олон арга бий! Ийм төрлийн кино үзсэн хүн бүр ийм хүсэлтэй байдаг гэж хэлж болно. Уран зөгнөлт кино үзээд цаг гарах бүрд шүүр бариад хашаагаа тойрон гүйдэг нэгэн хүүхэд байв. Эхлээд тэр хэчнээн хичээсэн ч нисэж чадаагүй, тэгээд нэг өдөр үнэхээр нисэж эхэлсэн. Тэр өөрөө нисээгүй, түүнийг нисэхэд хүргэсэн гадны хүчин байсан. Нисэж эхэлснийхээ дараа тэр өөрийн эрхгүй киноны дүрийн адилаар хачин хашгирсан нь нэг төрлийн сүнс түүний дотор орж ирсэн юм. Шүүр унах чинь хүний хэвийн амьдралын нэг хэсэг мөн үү? Морь, илжиг унаж болно, яагаад шүүр унаж, нисэх ёстой гэж? Энэ боломжтой зүйл мөн үү? Энэ хэвийн хүмүүсийн хийдэг зүйл биш гэдгийг та нар шууд хэлж чадна. Шүүр нисэж чадахгүй, зөвхөн муу сүнснүүдийн тусламжтайгаар нисэж болох тул энэ нь Сатан болон муу сүнснүүдийн ажил юм. Сатан болон муу сүнснүүд хэвийн хүмүүсийн хийдэггүй сонин, хачин, инээдтэй зүйлсийг хийдэг. Та нар Сатаны хийдэг зүйлсийг бага зэрэг ялган таньдаг уу? Та нар тэдгээр зүйлд ямар хандлагатай байх ёстой вэ? Та нар тэдгээрээс татгалзах ёстой бус уу? Та нар завтай үедээ өөрсдийгөө эргэцүүлж, оюун санаанд чинь ямар гаж зүйлс байгааг шалгах хэрэгтэй. Оюун санаанд чинь яагаад олон хачин зүйл байдаг вэ? Танай үеийн хүмүүс маш их хордсон учраас та нар бүгд дээврээс дээвэр рүү нисэж, хүн аалз юм уу Бэтмэн болохыг, гоц гойд хүн болохыг хүсдэг. Энэ нь хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой зүйл биш юм. Хэрэв чи хэвийн хүн чанартай хүмүүст хэрэггүй зүйлсийг эрж хайхаар зүтгэж, тэдгээрийг туршиж үзэхээр тууштай ажиллах юм бол муу ёрын сүнснүүдийн ажлыг өөртөө татах боломжтой. Хүмүүс муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, Сатанд олзлогдох үед асуудалд орж, улмаар аюулд ордог. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Хүмүүс Бурханыг байнга дуудах ёстой. Уруу таталтад автаж, эсвэл Сатанд хууртаж болохгүй. Чөтгөрүүд болон бузар сүнснүүд багширч, газар авсан энэ ёрын муу эрин үед хэрэв та нар Бурханы нигүүлсэл, хамгаалалтын төлөө, үргэлж чамтай хамт байхын төлөө залбирч, Бурханаас өөрийгөө харж, хамгаалахыг гуйснаар зүрх сэтгэл чинь Бурханаас холдохгүй, үнэнч шударгаар, чин сэтгэлээсээ Бурханд шүтэн мөргөж чадах юм бол энэ нь зөв зам биш гэж үү? (Мөн.) Та нар энэ замаар алхах хүсэлтэй байна уу? Та нар үргэлж Бурханы халамж, хамгаалалт дор, Бурханы сахилгажуулалт дор амьдрахад бэлэн үү, эсвэл өөрийнхөө чөлөөт ертөнцөд амьдрахыг хүсэж байна уу? Бурхан та нарыг сахилгажуулах юм бол энэ нь заримдаа бие махбодийн хувьд бага зэрэг зовоож болно. Та нар үүнийг давахад бэлэн үү? (Тийм.) Та нар одоо бэлэн гэж хэлж байгаа ч бодит байдалтай тулгарах үедээ гомдоллож эхэлдэг. Зовоход бэлэн байх нь хангалттай биш, мөн үнэн рүү тэмүүлэх хүсэлтэй байх ёстой. Үнэнийг ойлгосон цагт л бат зогсож чадна. Залуу хүмүүс маш тогтворгүй, зохих үүргээ биелүүлдэггүй, зөв зүйлд санаа тавьдаггүй, мөн Бурханы үгийг унших юм уу үнэн рүү тэмүүлэх хүсэлгүй байгаа нь аюултай юм. Тэдний төгсгөл амьдрал уу, үхэл үү гэдгийг хэлэхэд хэцүү. Хэдэн жилийн турш номлол сонссон залуус өнөөдөр байна; тэд үнэнийг сонирхож эхэлсэн бөгөөд номлол сонсохдоо тэмдэглэл хөтлөхөд бэлэн байдаг. Тэд зөв шударга байдлын төлөө өлсөж цангаж, үнэнийг ойлгох чадвартай байдаг. Энэ нь тэдэнд аль хэдийн суурь бий болсон гэсэн үг бөгөөд үнэн тэдний зүрх сэтгэлд суурилсан цагт тэд илүү найдвартай болно. Хэрвээ тэд үнэнд тэмүүлсээр байх юм бол үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орж, авралд хүрэх нь гарцаагүй.

Хамгийн агуу мэргэн ухаан юу болохыг та нар мэдэх үү? Та нар одоогийн биеийн хэмжээндээ үндэслэн итгэлдээ юуг анхаарах ёстойгоо, мөн эрэлхийлж, хэрэгжүүлэхэд хамгийн агуу мэргэн ухаан юу болохыг мэдэх үү? Зарим хүн гаднаасаа тийм ч ур чадвартай биш юм шиг харагдаж, үргэлж чимээгүй, даруухан байдаг. Тэд нэг их ярьдаггүй ч зүрх сэтгэлд нь бусдад байдаггүй агуу их мэргэн ухаан байдаг. Ихэнх хүн үүнийг харж чаддаггүй, чадсан ч үүнийг мэргэн ухаан гэж үзэхгүй. Тэд үүнийг шаардлагагүй, үнэ цэнгүй гэж бодох болно. Тэдний энэ хамгийн агуу мэргэн ухаан юу болохыг та нар бодож үзэж чадах уу? (Бурханы өмнө үргэлж тайван байж, үргэлж Бурханд залбирч, үргэлж Бурханд ойртдог зүрх сэтгэлтэй байх.) Зөв хариултад бага зэрэг ойртлоо. Бурханд ойртохын зорилго юу вэ? (Бурханы хүслийг эрж хайх.) Бурханы хүслийг эрж хайхын зорилго юу вэ? Түүнд найдах явдал уу? (Тийм.) Зорилго нь Бурханд найдахын төлөө юм. Хэрэв бүх зүйл дээр Бурханд найдвал Бурхан чамайг гэгээрүүлж, удирдан чиглүүлж, замчлах болно. Чи харанхуйд сохор хүн шиг тэмтчих шаардлагагүй, зүгээр л Бурханы үгийн дагуу үйлдэж чадна. Энэ нь хамаагүй хялбар биш гэж үү? Чи дахиж тэмтэрч явах шаардлагагүй, зүгээр л Бурханы зааж өгснөөр хийж болно. Энэ нь хялбар, хурдан бөгөөд тойруу замаар явж өөрийгөө ядраах шаардлагагүй. Бурхан Өөрийн үгийг маш тодорхой хэлсэн тул чи яаж үйлдэхээ шийдэхдээ санаа зовох хэрэггүй. Энэ мэргэн ухаан биш гэж үү? Та нар одоо ойлгож байна уу? Би та нарт хэлье: Хамгийн агуу мэргэн ухаан бол бүх зүйл дээр Бурханд хандаж, Бурханд найдах явдал юм. Үүнийг эгэл жирийн хүмүүс ухаардаггүй. Илүү олон цуглаанд оролцож, илүү олон номлол сонсож, ах эгч нартайгаа илүү их нөхөрлөж, илүү ихийг орхиж, илүү их зовж, илүү их төлөөс төлбөл Бурханы сайшаал, авралыг хүртэнэ гэж хүмүүс бүгд боддог. Ийм маягаар хэрэгжүүлэх нь хамгийн агуу мэргэн ухаан гэж тэд боддог ч Бурханд хандаж, Бурханд найдах гэсэн хамгийн том асуудлыг үл ойшоодог. Тэд хүний ялихгүй ухаалаг байдлыг мэргэн ухаан гэж үзээд, өөрсдийнхөө үйлдлийн хүрэх ёстой эцсийн үр нөлөөг үл тоодог. Энэ нь алдаа юм. Хүн хэр их үнэнийг ойлгодог ч бай, хэчнээн олон үүрэг гүйцэтгэсэн ч бай, тэдгээр үүргийг гүйцэтгэж байхдаа хэчнээн их зүйл туулсан ч бай, биеийн хэмжээ нь хэчнээн том ч бай, жижиг ч бай, эсвэл ямар орчинд байгаа ч бай, хийдэг бүхэндээ заавал Бурханд хандаж, Түүнд найдах ёстой. Энэ бол хамгийн агуу мэргэн ухаан юм. Би яагаад үүнийг хамгийн агуу мэргэн ухаан гэдэг вэ? Хүн зарим үнэнийг ойлгож авлаа ч гэсэн Бурханд найддаггүй бол болно гэж үү? Зарим хүн Бурханд олон жил итгэсэн, хэд хэдэн шалгалт туулсан, тодорхой бодит туршлагатай, зарим үнэнийг ойлгодог, үнэний талаар багагүй бодит мэдлэгтэй байдаг ч Бурханд хэрхэн найдахаа мэддэггүй, хэрхэн Бурханд хандаж, найдахаа ч ойлгодоггүй. Ийм хүмүүс мэргэн ухаантай юу? Тэд хамгийн мунхаг хүмүүс бөгөөд өөрсдийгөө ухаалаг гэж бодогсод юм; тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй. “Би олон үнэнийг ойлгодог, үнэн-бодит байдалтай. Аливааг зүгээр л зарчимч байдлаар хийхэд болно. Би Бурханд үнэнч, бас Бурханд яаж ойр дотно болохыг мэднэ. Надад ямар нэг зүйл тохиолдох үед үнэнийг хэрэгжүүлдэг бол хангалттай биш үү? Бурханд залбирч, Бурханд хандах ямар ч шаардлагагүй” гэж зарим хүн хэлдэг. Үнэнийг хэрэгжүүлэх нь зөв, гэвч хүмүүс ямар үнэн, ямар үнэн-зарчим хамаатай байгааг мэдэхгүй байх тохиолдол, нөхцөл байдал олон байдаг. Бодит туршлагатай бүх хүн үүнийг мэднэ. Жишээлбэл, чи зарим асуудалтай тулгарах үедээ уг асуудал ямар үнэнтэй хамаатайг юм уу тухайн асуудалтай холбоотой үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх, эсвэл хэрхэн ашиглах ёстойг мэдэхгүй байж магадгүй. Ийм үед чи яах ёстой вэ? Чи хэчнээн их бодит туршлагатай ч бай, бүх нөхцөл байдалд үнэн-зарчмыг ойлгож чадахгүй. Бурханд хэчнээн олон жил итгэж, хэдий олон зүйл туулж, хэр их засалт, сахилгажуулалт туулсан ч гэсэн, хэдий үнэнийг ойлгодог ч гэсэн, чи өөрийгөө үнэн гэж хэлж зүрхлэх үү? Өөрийгөө үнэний эх сурвалж гэж хэлж зүрхлэх үү? “Үг нь махбодоор илэрсэн гэх номын тэдгээр алдартай айлдвар болон хэсгийг би цээжээр мэднэ; Би Бурханд найдаж, Бурханд хандах шаардлагагүй. Цаг нь ирэхэд Бурханы тэдгээр үгэнд найдахад л болно” гэж зарим хүн хэлдэг. Чиний цээжилсэн үг үхширмэл, харин тулгардаг орчин, байгаа байдал чинь хөдөлгөөнтэй байдаг. Чи бичиг үсэг, хоосон сургаал чалчиж чаддаг боловч ямар нэг зүйл тохиолдоход юу ч хийж чаддаггүй нь үнэнийг ойлгодоггүй гэдгийг чинь нотолдог. Чи бичиг үсэг, хоосон сургаалыг цээжээр уншихдаа хэчнээн сайн байх нь хамаагүй, энэ нь үнэнийг ойлгодог гэсэн үг биш, үнэнийг хэрэгжүүлж чаддаг гэсэн үг бүр ч биш. Иймд эндээс сурах маш чухал нэг хичээл бий. Энэ хичээл нь юу вэ? Энэ бол, хүмүүс бүх зүйл дээр Бурханд хандах хэрэгтэй бөгөөд ингэснээр л тэд Бурханд найддаг болж чадна. Бурханд найдсанаар л тэд дагах замтай, Ариун Сүнсний ажилтай болно. Эс тэгвэл чи ямар нэг зүйлийг зөв зүйтэй, үнэнийг зөрчихгүйгээр хийж чадах ч Бурханд найддаггүй бол үйлдэл чинь ердөө л хүний сайн үйл бөгөөд Бурханыг хангалуун болгож чадахгүй. Хүмүүс үнэний талаар маш өнгөцхөн ойлголттой байдаг тул янз бүрийн нөхцөл байдалтай тулгарах үедээ нэг л үнэнийг хэрэглэснээр дүрэм журмыг дагаж, бичиг үсэг, хоосон сургаалтай гөжүүдлэн зууралдах магадлалтай байдаг. Тэд олон асуудлыг ерөнхийдөө үнэн-зарчимд нийцэлтэйгээр гүйцэтгэж болох ч Бурханы удирдамжийг үүнээс харах боломжгүй, Ариун Сүнсний ажлыг ч харах боломжгүй. Энд нэг ноцтой асуудал байгаа нь хүмүүс өөрсдийн ойлгосон туршлага, дүрэм журам, хүний тодорхой нэг төсөөлөл дээр тулгуурлаж олон зүйлийг хийдэг явдал юм. Бурханд чин сэтгэлээсээ залбирч, хийж буй бүхэндээ Бурханыг үнэхээр харж, Бурханд найддаг болоход хэцүү байдаг. Хүн Бурханы хүслийг ойлгодог байсан ч гэсэн Бурханаар замчлуулж, үнэн-зарчмын дагуу үйлдэх үр нөлөөнд хүрэхэд хэцүү байдаг. Энэ шалтгааны улмаас бүх зүйл дээр Бурханд хандаж, Түүнд найдах нь хамгийн агуу мэргэн ухаан юм гэж Би хэлдэг.

Бүх зүйл дээр Бурханд хандаж, Бурханд найдахыг хүмүүс хэрхэн хэрэгжүүлж чадах вэ? Зарим хүн: “Би залуу байна, биеийн хэмжээ минь жижиг байна, Бурханд итгээд удаагүй. Ямар нэг зүйл тохиолдоход яаж Бурханд хандаж, Бурханд найдахыг хэрэгжүүлэхийг мэдэхгүй байна” гэж хэлдэг. Энэ асуудал мөн үү? Бурханд итгэхэд олон бэрхшээл байдаг бөгөөд олон гай зовлон, шалгалт, шаналлыг туулах хэрэгтэй. Хүнд хэцүү үеийг туулахын тулд Бурханд хандаж, Бурханд найдахыг энэ бүх зүйл шаарддаг. Хэрвээ чи Бурханд хандаж, Бурханд найдахыг хэрэгжүүлж чадахгүй бол бэрхшээлийг туулж чадахгүй, Бурханыг дагаж чадахгүй. Бурханд хандаж, Бурханд найдах нь дэмий хоосон сургаал биш, Бурханд итгэх тарни ч биш. Харин ч гол үнэн буюу Бурханд итгэж, Бурханыг дагахын тулд эзэмших ёстой үнэн юм. Зарим хүн: “Бурханд хандаж, Бурханд найдах нь томоохон үйл явдал тохиолдоход л хамаатай. Жишээлбэл, чи гай зовлон, шалгалт, баривчилгаа, хавчлагатай тулгарах үедээ, эсвэл үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээлтэй тулгарах үедээ, харьцалт туулах үедээ л Бурханд хандаж, Бурханд найдах хэрэгтэй. Хувийн амьдралын ялихгүй асуудлууд дээр Бурханд хандаж, Бурханд найдах шаардлагагүй, учир нь Бурхан тэдгээрийг тоодоггүй” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? Мэдээж зөв биш. Энд гажуудал байна. Томоохон асуудал дээр Бурханд хандах зайлшгүй хэрэгтэй боловч амьдралын аар саар зүйлс, жижиг асуудлуудыг чи зарчимгүйгээр зохицуулж чадах уу? Хувцаслах, хооллох зэрэг асуудал дээр чи зарчимгүйгээр үйлдэж чадах уу? Мэдээж чадахгүй. Хүмүүс болон хэрэг явдалтай харьцах тухайд ямар вэ? Мэдээж чадахгүй. Өдөр тутмын амьдрал болон аар саар асуудлууд дээр ч гэсэн чи ядаж л хүний төрхийг амьдран харуулж чадах зарчимтай байх ёстой. Зарчимтай холбоотой асуудлууд бол үнэнтэй хамаатай асуудлууд юм. Хүмүүс тэрийг өөрсдөө шийдвэрлэж чадах уу? Мэдээж үгүй. Иймээс чи Бурханд хандаж, Бурханд найдах ёстой. Бурханы гэгээрлийг хүртэж, үнэнийг ойлгох үед л эдгээр аар саар асуудлыг шийдвэрлэх боломжтой. Бурханд ханддаггүй, Бурханд найддаггүй бол зарчимтай холбоотой эдгээр асуудлыг шийдвэрлэж чадна гэж та нар бодож байна уу? Шийдвэрлэхэд мэдээж амаргүй. Хүмүүс тодорхой харж чаддаггүй, үнэнийг эрж хайх шаардлагатай байдаг бүх зүйл дээрээ Бурханд хандаж, Бурханд найдах ёстой гэж хэлж болно. Хэр том, жижиг байх нь хамаагүй, үнэнээр шийдвэрлэх хэрэгтэй ямар ч асуудал дээр Бурханд хандаж, Бурханд найдах шаардлагатай. Энэ бол зайлшгүй зүйл юм. Хүмүүс үнэнийг ойлгодог, асуудлыг өөрсдөө шийдвэрлэж чаддаг байлаа ч эдгээр ойлголт, шийдэл нь хязгаарлагдмал, өнгөцхөн байдаг. Хэрвээ хүмүүс Бурханд хандаж, Бурханд найдахгүй бол оролт нь хэзээ ч гүн гүнзгий байж чадахгүй. Жишээлбэл, хэрвээ чи өнөөдөр өвчтэй байгаад, энэ нь үүргийн чинь гүйцэтгэлд нөлөөлбөл энэ асуудлын талаар залбирч, “Бурхан минь, өнөөдөр бие минь сайнгүй, юм идэж чадахгүй байгаа нь үүргийн минь гүйцэтгэлд нөлөөлж байна. Би өөрийгөө шинжлэх ёстой. Өвчтэй байгаагийн минь жинхэнэ шалтгаан юу юм бэ? Үүргээ үнэнчээр гүйцэтгээгүйн минь төлөө Бурхан намайг сахилгажуулж байгаа юм уу? Бурхан минь, намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч гэж Танаас гуйя” гэж хэлэх хэрэгтэй. Чи ингэж хашхирах ёстой. Энэ нь Бурханд хандаж буй хэрэг. Гэхдээ чи Бурханд хандах үедээ зүгээр л нэг ёсорхож, дүрэм журмыг мөрдөж болохгүй. Хэрвээ чи асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй бол аливааг саатуулна. Бурханд залбирч, Бурханд хандсаныхаа дараа чи гүйцэтгэх ёстой үүргээ хойш тавилгүйгээр зохих ёсоор амьдрах ёстой. Хэрвээ чи өвчин тусвал эмчид үзүүлэх ёстой, энэ нь зүй ёсны зүйл. Үүний зэрэгцээ чи залбирч, өөрийгөө эргэцүүлж, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Ингэж хэрэгжүүлэх нь л бүхэлдээ зүй ёсны юм. Хүмүүс тодорхой зүйлсийг яаж зөв зохистой хийхээ мэддэг бол тэгж хийх ёстой. Хүмүүс ингэж хамтран ажиллах ёстой. Гэхдээ эдгээр асуудал дээр хүссэн үр дүн, зорилгодоо бүрэн хүрч чадах эсэх нь Бурханд хандаж, Бурханд найдахаас шалтгаална. Хүмүүс тодорхой харж чаддаггүй, өөрсдөө сайн зохицуулж чаддаггүй асуудлууд дээрээ бүр ч их Бурханд хандаж, тэдгээрийг шийдвэрлэх үнэнийг эрж хайх ёстой. Үүнийг хийх чадвар бол хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой зүйл юм. Бурханд хандахдаа сурах ёстой олон хичээл бий. Бурханд хандах явцдаа чи Ариун Сүнсний гэгээрлийг хүртэж магадгүй бөгөөд замтай болно, эсвэл Бурханы үг чам дээр ирвэл чи яаж хамтран ажиллахаа мэдэж, эсвэл магадгүй Бурхан чамд сургамж өгөх зарим нөхцөл байдлыг зохицуулна, үүнд Бурханы сайн санаа зорилго агуулагддаг. Бурханд хандах явцдаа чи Бурханы удирдамж, удирдлагыг харна, эдгээр нь олон сургамж авч, Бурханыг илүү сайн ойлгоход чинь тусална. Энэ бол Бурханд хандсанаар гарах үр дүн юм. Тиймээс Бурханд хандах нь Бурханыг дагадаг хүмүүсийн үргэлж сурах ёстой хичээл бөгөөд насан туршдаа туулаад ч дуусахгүй зүйл юм. Хэтэрхий бага туршлагатай, Бурханы үйлдлийг харж чадахгүй олон хүн байдаг, иймээс тэд “Миний өөрөө хийж чадах олон жижиг зүйл бий, тэрэн дээр би Бурханд хандах шаардлагагүй” гэж боддог. Энэ бол буруу юм. Зарим жижиг зүйл том зүйл рүү хөтөлдөг бөгөөд зарим жижиг зүйлд Бурханы хүсэл нуугдаж байдаг. Олон хүн жижиг зүйлийг үл тоодог, үүний үр дүнд тэд багахан асуудлаас болоод томоохон ухралттай тулгардаг. Үнэхээр Бурханаас эмээдэг сэтгэлтэй хүмүүс том, жижиг асуудлын алинд ч Бурханд хандаж, Бурханд залбирч, бүхнийг Бурханд даатгаад, дараа нь Бурхан өөрсдийг нь яаж удирдаж, залж чиглүүлэхийг хардаг. Чи ийм туршлагатай болох л юм бол бүх зүйл дээр Бурханд хандаж чаддаг болох ба ингэж туршлагажих тусмаа бүх зүйл дээр Бурханд хандах нь маш бодитой юм гэдгийг улам мэдэрнэ. Ямар нэг асуудал дээр Бурханд хандах үед чинь Бурхан чамд мэдрэмж, тодорхой утга учир, эсвэл бүр тодорхой зааварчилгаа өгөхгүй байх боломжтой, гэхдээ Бурхан энэ асуудалтай яг таг холбоотой нэг санааг чамд ойлгуулна, энэ нь Бурхан өөр арга барил ашиглан чамайг залж чиглүүлж, чамд зам өгч буй хэрэг юм. Хэрвээ чи үүнийг мэдэрч, ойлгож чадвал ашиг тус хүртэнэ. Чи тухайн үедээ юу ч ойлгоогүй байж болох ч үргэлжлүүлэн залбирч, Бурханд хандах ёстой. Үүнд ямар ч буруу юм байхгүй бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт чи гэгээрнэ. Ингэж хэрэгжүүлэх нь дүрэм журмыг мөрдөнө гэсэн үг биш. Харин энэ нь сүнсний хэрэгцээг хангах явдал бөгөөд хүмүүс ингэж хэрэгжүүлэх ёстой. Чи Бурханд залбирч, Бурханд хандах болгондоо гэгээрэл, удирдамж хүлээн авахгүй байж болох ч хүмүүс ингэж хэрэгжүүлэх ёстой бөгөөд үнэнийг ойлгохыг хүсвэл тэд ингэж хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол амь болон сүнсний хэвийн байдал, зөвхөн ийм маягаар л хүмүүс Бурхантай хэвийн харилцаагаа хадгалж чадна, ингэснээр тэдний зүрх сэтгэл Бурханд ойр байна. Тиймээс Бурханд хандах нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурхантай харилцах хэвийн харилцаа юм гэж хэлж болно. Чи Бурханы гэгээрэл, удирдамжийг хүлээн авч чадах эсэхээс үл хамааран бүх зүйл дээр Бурханд залбирч, Бурханд хандах ёстой. Энэ нь ч бас Бурханы өмнө амьдрах зайлшгүй арга зам юм. Хүмүүс Бурханд итгэж, Бурханыг дагах үедээ үргэлж Бурханд хандах сэтгэлгээтэй байх ёстой. Энэ бол хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой сэтгэлгээ юм. Заримдаа Бурханд хандана гэдэг нь тусгай үг ашиглан Бурханаас ямар нэг зүйл хийхийг гуйх юм уу Түүнээс тусгай удирдамж, хамгаалалт хүсэхийг хэлдэггүй. Харин ч хүмүүс асуудалтай тулгарах үедээ Бурханыг чин сэтгэлээсээ дуудаж чаддаг байхыг хэлдэг. Тэгвэл хүмүүсийг дуудах үед Бурхан юу хийж байдаг вэ? Хүний зүрх сэтгэл хөдөлж, “Өө Бурхан минь, би үүнийг өөрөө хийж чадахгүй, яаж хийхээ мэдэхгүй, тэгээд надад сул дорой, сөрөг санагдаж байна…” гэсэн бодол төрөх үед Бурхан энэ талаар мэддэггүй гэж үү? Хүмүүст ийм бодол төрөх үед зүрх сэтгэл нь чин үнэнч байдаг уу? Тэд Бурханыг ийм маягаар чин сэтгэлээсээ дуудах үед Бурхан туслахаар зөвшөөрдөг үү? Тэд ганц ч үг ган хийгээгүй байж болох ч чин сэтгэлээ харуулдаг тул Бурхан туслахаар зөвшөөрдөг. Хүн тун хүнд бэрхшээлтэй тулгараад, түшиж тулах хүнгүй болж, тун арга мухардсан үедээ цорын ганц найдвараа Бурханд тавьдаг. Тэдний залбирал ямар байдаг вэ? Сэтгэл санааных нь байдал ямар байдаг вэ? Тэд чин үнэнч байдаг уу? Тухайн үед ямар нэг нэмэлт хольц байдаг уу? Чи эцсийн ганц найдвар мэтээр Бурханд итгэж, Бурхан чамд тусална гэж найдах үед л зүрх сэтгэл чинь чин үнэнч байдаг. Чи төдийлөн их зүйл хэлээгүй байж болох ч зүрх сэтгэл чинь аль хэдийн хөдөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, чи чин сэтгэлээ Бурханд өгч, Бурхан сонсдог. Бурхан сонсох үедээ бэрхшээлийг чинь хардаг ба чамайг гэгээрүүлж, залж чиглүүлж, чамд тусална. Хүний зүрх сэтгэл хэдийд хамгийн чин үнэнч байдаг вэ? Гарах гарцгүй үед Бурханд хандахдаа хүн чин сэтгэлээсээ байдаг. Бурханд хандах үедээ байлгах хамгийн чухал зүйл бол чин үнэнч зүрх сэтгэл юм. Чамд Бурхан үнэхээр хэрэгтэй байдалд чи байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн зүрх сэтгэл ядаж л хуумгай бус, чин үнэнч байх ёстой; тэд зүрх сэтгэлээ биш, зөвхөн амаа хөдөлгөх ёсгүй. Хэрвээ чи Бурхантай ярилцахдаа аргацаадаг ч зүрх сэтгэл чинь хөдөлдөггүй, хэлж байгаа чинь “Би өөрийн гэсэн төлөвлөгөөгөө аль хэдийн гаргасан, Бурхан минь би Танд зүгээр л мэдэгдэж байна. Таныг зөвшөөрсөн ч, үгүй ч би төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Би зүгээр л хэлбэрдэж байна” гэсэн утгатай бол асуудал гарлаа гэсэн үг. Чи Бурханыг мэхэлж, Бурханаар тоглож байна, энэ ч бас Бурханыг үл хүндэлдгийн илэрхийлэл юм. Үүний дараа Бурхан чамд яаж хандах вэ? Бурхан чамайг үл тоож, хойш тавина, тэгээд чи бүрмөсөн шившиглэгдэнэ. Хэрвээ чи Бурханыг идэвхтэйгээр эрж хайдаггүй, үнэнд хичээл чармайлт гаргадаггүй бол таягдан хаягдана.

Бурханд итгэдэг ихэнх хүн ийм байдалд байдаг. Ихэнх тохиолдолд тэд бодолгүй, ухамсаргүй нөхцөлд амьдардаг бөгөөд ер бусын зүйл тохиолдоогүй, хүнд хэцүү байдалд ороогүй үедээ тэд Бурханд залбирах юм уу Бурханд найдахаа мэддэггүй; тэд байнгын асуудлуудтай тулгараад үнэнийг эрж хайдаггүй, харин өөрсдийнхөө мэдлэг, хоосон сургаал, дур хүслээр амьдардаг. Тэд Бурханд найдах нь зөв зүйл гэдгийг сайн мэдэж байдаг ч ихэнхдээ өөрсдөдөө болон өөрсдийнхөө эргэн тойрон дахь таатай нөхцөл, орчин, өөрсдөд нь ашигтай хүмүүс, үйл явдал, зүйлсэд найддаг. Хүмүүс үүндээ хамгийн сайн. Бурханд найдаж, Бурханд хандахдаа хамгийн муу, учир нь тэд Бурханд хандах нь дэндүү яршигтай, Бурханд хэчнээн залбирсан ч ямар ч гэгээрэл, гэрэлтүүлэг, шууд хариулт хүлээж авахгүй гэж боддог; тиймээс тэд өөрсдөдөө яршиг удахгүй байж, асуудлыг засах хүнийг хайж олъё гэж боддог. Иймээс тэд сургамжийнхаа энэ тал дээр хамгийн тааруу гүйцэтгэлтэй, оролт нь хамгийн өнгөц байдаг. Хэрвээ чи Бурханд хандаж, Бурханд найдаж сурахгүй бол Бурхан чам дээр ажиллаж, чамайг замчилж, гэгээрүүлж байгааг хэзээ ч харахгүй. Эдгээр зүйлийг харж чадахгүй бол “Бурхан оршдог эсэх, хүн төрөлхтний амьдрал дахь бүх зүйлийг залж чиглүүлдэг эсэх” гэх мэт асуултууд чиний зүрх сэтгэлийн гүнд цэг юм уу анхаарлын тэмдгээр бус, асуултын тэмдгээр төгсөнө. “Бурхан хүн төрөлхтний амьдрал дахь бүх зүйлийг залж чиглүүлдэг үү?”, “Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинждэг үү?” Хэрэв ийм бодолтой байгаа бол та нар асуудалд орсон байна. Ямар шалтгаанаар чи эдгээрийг асуулт болгодог юм бэ? Хэрэв чи Бурханд үнэхээр найдаж, Бурханд ханддаггүй бол Бурханд жинхэнээсээ итгэдэг болж чадахгүй. Бурханд жинхэнээсээ итгэдэг болж чадахгүй бол өнөөх асуултын тэмдгүүд үүрд тэндээ байж, Бурханы хийдэг бүхнийг дагалдах бөгөөд ямар ч цэг байхгүй байх болно. Та нар завтай үедээ өөрөөсөө “‘Бурхан бол бүх зүйлийг Захирагч гэдэгт би итгэдэг’—үүний ард асуултын тэмдэг, цэг, анхаарлын тэмдгийн аль нь байх вэ?” гэж асуу. Үүнийг тунгаан бодох үед яг ямар байдалд байгаагаа чи хэсэг хугацаанд хэлж чадахгүй. Бага зэрэг туршлага хуримтлуулсны дараа чи бүх зүйлийг тодорхой харж, “Бурхан бол үнэхээр бүх зүйлийг Захирагч!!!” гэж итгэлтэйгээр хэлж чадна. Үүний дараа гурван анхаарлын тэмдэг тавигдах бөгөөд чи ямар ч эргэлзээгүйгээр Бурханы дээд эрхийн талаар үнэхээр мэддэг учраас ийм байх болно. Та нар эдгээр байдлын алинд нь байна вэ? Та нар одоогийн байдал, биеийн хэмжээгээ харахад ихэвчлэн асуултын тэмдэг байх нь тодорхой бөгөөд нэлээд олон нь тийм байдаг. Энэ нь та нар ямар ч үнэний ойлголтгүй бөгөөд зүрх сэтгэлд чинь эргэлзээ байсаар байна гэсэн үг. Бурханы талаар маш их эргэлзэх үед хүмүүс хэдийн аюулын ирмэг дээр байгаа юм. Тэд ямар ч үед унаж, Бурханаас урвах боломжтой. Тэгээд би яагаад хүмүүсийг биеийн хэмжээ жижигтэй гэж хэлдэг вэ? Хүний биеийн хэмжээг юун дээр үндэслэн тодорхойлдог вэ? Энэ нь Бурханд итгэх жинхэнэ итгэл болон жинхэнэ мэдлэг чинь хэр их вэ гэдгээр тодорхойлогддог. Та нарт хэр их байгаа вэ? Та нар эдгээр зүйлийг өмнө нь шалгаж үзэж байсан уу? Эцэг эхээрээ дамжуулан Бурханд итгэсэн олон залуус бий. Тэд эцэг эхээсээ Бурханд итгэх итгэлийн талаарх зарим хоосон сургаалыг суралцсан бөгөөд Бурханд итгэх нь сайн зүйл, эерэг зүйл гэж боддог ч Бурханд итгэгчдийн ойлгох ёстой үнэнүүдийг үнэхээр ойлгож, туулж, батлаагүй байгаа. Тиймээс тэд маш олон асуултын тэмдэг, үзэлтэй байдаг. Тэдний амнаас гарч буй ихэнх үг нь баталгаа, анхааруулга биш, харин асуулт юм. Учир нь тэд хэтэрхий олон дутагдалтай бөгөөд юмыг нэвт харж чаддаггүй, бат зогсож чадах эсэхийг нь хэлэхэд хэцүү байдаг. Та нар 20, 30 насандаа олон асуултын тэмдэгтэй байх нь хэвийн үзэгдэл боловч тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсний дараа эдгээр асуултын тэмдгийн хэдээс нь салж чадах вэ? Та нар эдгээр асуултын тэмдгийг анхаарлын тэмдэг болгон өөрчилж чадах уу? Энэ нь та нарын туршлагаас хамаарна. Энэ чухал уу, үгүй юу? (Чухал.) Маш чухал! Хамгийн агуу мэргэн ухааныг би дөнгөж сая юу гэж хэлсэн бэ? (бүх зүйлд Бурханд хандаж, Бурханд найдах.) Үүнийг сонсоод зарим хүн “Энэ хариулт хэтэрхий энгийн бөгөөд хэтэрхий нийтлэг байна. Энэ бол үеэ өнгөрөөсөн үг, одоо цагт хэн ч ингэж хэлэхгүй” гэж хэлдэг. Бурханд хандах нь хэрэгжүүлэлтийн мэдээжийн арга мэт сонсогдож болох ч энэ нь Бурханы дагалдагч бүр амьдралынхаа туршид суралцаж, орох ёстой сургамж юм. Иов 70 настайдаа Бурханд хандсан уу? (Тийм.) Тэгээд тэр Бурханд хэрхэн хандсан бэ? Бурханд хандсаны тодорхой илрэлүүд нь юу байсан бэ? Эд хөрөнгө, хүүхдүүдийг нь түүнээс авахад тэр Бурханд хэрхэн хандсан бэ? Тэр зүрх сэтгэлдээ залбирч, зарим зүйлийг гаднаа хийсэн бөгөөд энэ талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ? (“Тэгээд Иов ... нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв” (Иов 1:20).) Тэр газар унаад мөргөв. Энэ бол Бурханд хандаж буйн илрэл! Үнэхээр сүсэг бишрэлтэй байсан. Энэ та нарын хийж чадах зүйл мөн үү? (Бид арай хийж чадахгүй.) Тэгвэл та нар үүнийг хийх хүсэлтэй байна уу? (Тийм.) Хэрэв хүн Иовын түвшинд хүрч, Бурханаас эмээж, муугаас зайлж, гэм зэмгүй хүн болж чадвал тэд төгс юм! Гэхдээ та нар үүргээ гүйцэтгэж байхдаа зовлон зүдгүүрийг даван туулах хүсэлтэй байх ёстой. Та нар үнэн рүү тэмүүлсээр байх ёстой. Үнэнийг ойлгож, зарчмын дагуу асуудлыг зохицуулж чадвал та нар Бурханы шаардлагыг биелүүлсэн байх болно. Та нар үүнийг л санаж байх ёстой.

2015 оны 1 дүгээр сарын 1

Өмнөх: Христийн мөн чанар бол хайр

Дараах: Бурханд чин сэтгэлээ өгснөөр л үнэнийг олж авч чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх