Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?

Чи Бурханд итгэх итгэлийн замаар нэг, хоёроос дээш жил алхаж, энэ жилүүдэд амьдралдаа их зовлон зүдүүр амссан байж магадгүй; эсвэл магадгүй чи их зовлон зүдүүр амсалгүй, харин ч нигүүлслийг ихээр хүртсэн байж болох юм. Мөн чи зовлон, нигүүлсэл хоёрын аль алийг нь үзэлгүйгээр харин эгэл жирийн амьдралаар амьдарсан байж ч болно. Ямартай ч, чи Бурханы дагагч хэвээр тул Бурханыг дагах тухай сэдвээр нөхөрлөцгөөе. Гэвч Бурханы үг Түүнийг хүлээн зөвшөөрч, дагадаг хүмүүст чиглэдэг болохоос Түүнийг хүлээн зөвшөөрдөг ч байсан, үгүй ч байсан бүх хүнд чиглэдэггүй гэдгийг Би энэ үгсийг уншдаг бүхэнд сануулах ёстой. Хэрвээ чи Бурхан нийтэд, дэлхий дээрх бүх хүнд хандан үг хэлдэг гэж боддог бол Бурханы үг чамд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Тиймээс чи энэ бүх үгийг зүрх сэтгэлдээ санаж, өөрийгөө байнга тэдгээрийн гадна тавихгүй байх хэрэгтэй. Ямар ч байсан, бидний гэрт юу болж байгаа талаар ярилцацгаая.

Та бүхэн одоо Бурханд итгэхийн жинхэнэ утга учрыг ойлгох хэрэгтэй. Өмнө нь Миний ярьсан Бурханд итгэхийн утга учир нь та нарын эерэг оролттой холбоотой байсан. Өнөөдөр бол өөр: Өнөөдөр, Би Бурханд итгэх итгэлийн чинь мөн чанарыг задлан шинжилмээр байна. Мэдээж, энэ нь та нарыг сөрөг талаас залж чиглүүлж буй хэрэг юм; Намайг тэгээгүй бол та нар өөрсдийн үнэн нүүр царайг үүрд мэдэлгүй, сүсэг бишрэлтэй, үнэнч байдлаараа үүрд сайрхах байсан. Хэрвээ Би зүрх сэтгэлийн гүн дэх муу муухайг чинь ил болгоогүй бол та нар дор бүрнээ толгой дээрээ титэм зүүгээд, бүх алдрыг өөрсдөдөө авч үлдэх байсан гэж хэлэхэд буруудахгүй. Биеэ тоосон, ихэрхүү уг чанар чинь өөрсдийн мөс чанараас урваж, Христийг эсэргүүцэн тэрсэлж, муу муухайгаа илчлэхэд хүргэснээр та нарын санаа зорилго, үзэл, хэрээс хэтэрсэн хүсэл, шуналаар дүүрэн нүдийг гэрэлд ил болгодог. Гэсэн ч, та нар Христийн ажлыг гэсэн насан туршийн хүсэл тэмүүллийнхээ талаар үргэлжлүүлэн чалчиж, Христийн аль эрт хэлсэн үнэнийг ахин дахин давтдаг. Энэ бол та нарын “итгэл”—“өө сэвгүй итгэл” юм. Би бүхий л хугацаанд хүнд хатуу чанд стандарт тавьж ирсэн. Хэрвээ чи санаархал болзолтойгоор үнэнч байдаг бол чиний тэр үнэнч байдал гэх зүйл Надад хэрэггүй, учир нь санаархлаараа Намайг хуурч, болзлоороо Намайг сүрдүүлдэг хүмүүсийг Би жигшин зэвүүцдэг. Би хүнийг Надад туйлын үнэнч байж, итгэл гэдэг ганц үгийн төлөө, үүнийг батлахын тулд бүх зүйлийг хийгээсэй л гэж хүсдэг. Намайг хөөргөх гэж зулгуйдахыг чинь Би үзэн яддаг, учир нь Би та нарт үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, тиймээс та нарыг ч бас Надад жинхэнэ итгэлээр хандаасай гэж хүсдэг. Итгэлийн тухайд гэвэл, өөрсдөд нь итгэл байгаа учраас Бурханыг дагадаг, эс бөгөөс ийм зовлон зүдүүрийг тэвчихгүй байсан гэж олон хүн бодож байж болох юм. Тиймээс Би чамаас үүнийг асууя: Чи Бурханы оршин тогтнолд итгэдэг юм бол яагаад Түүнийг хүндэтгэдэггүй юм бэ? Чи Бурханы оршин тогтнолд итгэдэг юм бол яагаад чамд Түүнээс жаахан ч гэсэн айх зүрх сэтгэл байдаггүй юм бэ? Чи Христийг бие махбодтой болсон Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг хэр нь Түүнийг яагаад басамжилдаг юм бэ? Чи яагаад Түүнд хүндлэлгүй ханддаг юм бэ? Чи яагаад Түүнийг ил тодоор шүүмжилдэг юм бэ? Чи яагаад үргэлж Түүний хөдөлгөөнийг тагнадаг юм бэ? Чи яагаад Түүний зохицуулалтад захирагддаггүй юм бэ? Чи яагаад Түүний үгийн дагуу үйлддэггүй юм бэ? Яагаад Түүнийг сүрдүүлж, тахилыг нь дээрэмдэхийг хичээдэг юм бэ? Чи яагаад Христийн байр сууриас үг хэлдэг юм бэ? Чи яагаад Түүний ажил болон үг зөв эсэхийг шүүдэг юм бэ? Яагаад ар хударгаар нь Түүнийг зүхэж зүрхэлдэг юм бэ? Энэ бүхэн нь та нарын итгэл юм гэж үү?

Үг яриа, зан авирт чинь Христэд үл итгэдэг элементүүд чинь харагддаг. Хийдэг бүхний чинь сэдэл, зорилгод үл итгэл шингэсэн байдаг. Та нарын харцны золбоо хүртэл Христэд үл итгэх байдлыг агуулдаг. Та нар дор бүрнээ, хором бүрд үл итгэлийн элементийг өвөрлөж байдаг гэж хэлж болно. Энэ нь бие махбодтой болсон Бурханд үл итгэх байдал биеэр чинь гүйж буй цусанд нэвт шингэсэн учраас та нар хором мөч бүрд Христээс урвах аюулд байдаг гэсэн үг юм. Тиймээс, Бурханд итгэх замд үлдээдэг мөр чинь жинхэнэ биш гэж Би хэлдэг; Бурханд итгэх зам дээр алхахдаа чи хөлөө газарт бат тавьдаггүй—чи зүгээр л хэлбэр төдий хийж байна. Та нар Христийн үгэнд хэзээ ч бүрэн итгэдэггүй бөгөөд даруйхан хэрэгжүүлж чаддаггүй. Та нарын Христэд итгэдэггүйн шалтгаан энэ юм. Үргэлж Түүний талаар үзэлтэй байдаг чинь Түүнд итгэдэггүйн бас нэг шалтгаан мөн. Христийн ажлын талаар үргэлж эргэлзэх, Христийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх, Христийн хийсэн ямар ч ажлын талаар санаа бодол өвөрлөж, энэ ажлыг зөвөөр ойлгож чадахгүй байх, яаж ч тайлбарлалаа гэсэн үзлээ хаяхад хэцүү байх зэрэг нь бүгдээрээ та нарын зүрх сэтгэлд холилдсон үл итгэлийн элементүүд юм. Та нар хэзээ ч ард хоцролгүй, Христийн ажлыг дагадаг хэдий ч зүрх сэтгэлд чинь хэт их тэрслүү байдал холилдсон байна. Энэхүү тэрслүү байдал нь Бурханд итгэх итгэлд чинь байгаа хир буртаг юм. Та нар тэгж бодохгүй байж магад, гэхдээ чи санаа зорилгоо энэ дотроос танин мэдэж чадахгүй бол мөхөх хүмүүсийн дунд байх нь гарцаагүй. Учир нь Бурхан Өөрт нь эргэлздэг хүмүүсийг бус, харин үнэхээр итгэдэг хүмүүсийг л төгс болгодог бөгөөд Түүнийг Бурхан гэж хэзээ ч итгээгүй хэр нь Түүнийг дурамжхан дагадаг хүмүүсийг бол бүр ч төгс болгохгүй.

Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх нөлөө бүхий урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч, хагас дутуу л итгэж байдаг; тэд зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулах чадваргүй, амаараа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах тухай ярих боловч харц нь агуу пастор, багш нар дээр төвлөрч, Христийг зэрвэс ч хардаггүй. Зүрх сэтгэл нь нэр төр, эд баялаг, яруу алдрыг анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай, ийм эгэл жирийн хүн, хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хэн ч биш хүн Бурханы сонгосон хүмүүс байх боломжгүй гэж тэд боддог. Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвонгоороо эргэж, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд үздэг. Хэрэв Бурхан энэхүү хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл сэвтүүлсэн байдаг; тэд үл итгээд ч зогсохгүй, зүгээр л утгагүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг, зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүндэтгэдэг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхон ч тоодоггүй; тэд ердөө л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчид юм.

Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахил агнаж, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, Христийн ажил хүлээн авахад хэцүү санагдаж, чи үүнийг хүлээн авахыг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх зохисгүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй.

Ямар ч байсан, үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс хэр их урваж байгаагаа чи одоо олж тогтоов уу? Би чамд ингэж захья: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй; хоёрдмол сэтгэлээр, хайнга бүү бай. Бурхан бол дэлхий ертөнцөд ч, хэн нэг хүнд ч биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд үнэнч агаад итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.

Өнөөдөр та нарын дотор үл итгэх байдал их байсаар байна. Өөрсдийнхөө дотогшоо сайтар өнгийвөл та нар хариултаа гарцаагүй олно. Чи жинхэнэ хариултыг олох үедээ өөрийгөө Бурханд итгэгч биш, харин ч Түүнийг хуурч, доромжилж, Түүнээс урвадаг, Түүнд үнэнч бус нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөх болно. Тэгээд Христ бол хүн биш, Бурхан гэдгийг ойлгоно. Ийм өдөр ирэхэд чи Христийг хүндэтгэж, Түүнээс айж, Түүнийг үнэхээр хайрлана. Одоогоор та нарын зүрх сэтгэлийн ердөө гучин хувийг итгэл дүүргэдэг бол далан хувийг нь эргэлзээ дүүргэдэг. Христийн хийдэг, хэлдэг бүхнээс болж та нарт Түүний тухай үзэл, санаа бодол, Түүнд огт итгэдэггүйгээс чинь урган гарсан үзэл, санаа бодол бий болдог. Та нар тэнгэр дэх нүдэнд үл үзэгдэх Бурханыг л гайхан биширч, айж эмээдэг бөгөөд газар дээр амьдарч байгаа Христийг үл хайхардаг. Энэ чинь мөн л та нарын үл итгэл бус уу? Та нар өнгөрсөн үед ажил хийсэн Бурханыг л хүсэмжлэхээс биш, өнөөдрийн Христтэй нүүр тулдаггүй. Энэ бүхэн бол та нарын зүрх сэтгэлд үүрд холилдсон “итгэл”, өнөөдрийн Христэд итгэдэггүй тэр итгэл юм. Би та нарыг огтхон ч дутуу үнэлж байгаа юм биш, учир нь та нарын дотор хэт их үл итгэл байдаг, та нарт ариун бус, задлан шинжлэх ёстой зүйл хэтэрхий олон байдаг. Эдгээр ариун бус зүйл нь та нарт итгэл огт байхгүйн тэмдэг юм; эдгээр нь Христээс татгалзсаны чинь тэмдэг бөгөөд та нарыг Христээс урвагч гэж тамгалдаг. Эдгээр нь Христийн тухай мэдлэгийн чинь хаалт, Христээр авхуулахад чинь саад болдог саад, Христтэй нийцэлтэй байхад чинь саад хийдэг бартаа, мөн Христ та нарыг сайшаадаггүйн нотолгоо билээ. Одоо бол та нарын амьдралынхаа бүх талыг шинжлэх цаг! Ингэх нь та нарт бүхий л талаар ашиг тустай байх болно!

Өмнөх: Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Дараах: Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх