Бүгд Бурханы үгээр биелдэг

Бурхан өөр өөр эрин үеийн дагуу үгээ хэлж, ажлаа хийдэг ба өөр эрин үе бүрд өөр өөр үг хэлдэг. Бурхан дүрэмд захирагддаггүй, нэг ажлаа давтдаггүй, өнгөрсөн үеийн зүйлсийг санагалздаггүй; Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан бөгөөд өдөр бүр шинэ үг хэлдэг. Өнөөдөр баримтлах ёстой зүйлийг чи баримтлах л ёстой; энэ бол хүний хариуцлага, үүрэг билээ. Бурханы одоогийн гэрэл болон үгэнд төвлөрөн хэрэгжүүлэх нь маш чухал. Бурхан дүрэмд захирагддаггүй бөгөөд Өөрийнхөө мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлыг ил болгохын тулд олон өөр өнцгөөс ярьж чаддаг. Бурхан Сүнсний өнцгөөс ярьж байна уу, хүний өнцгөөс ярьж байна уу, эсвэл гуравдагч хүний өнцгөөс ярьж байна уу гэдэг нь хамаагүй—Бурхан бол үргэлж Бурхан байх ба хүний өнцгөөс ярьдаг байлаа гээд Түүнийг чи Бурхан биш гэж хэлж болохгүй. Бурханы ярьдаг өөр өөр өнцгөөс үүдэн зарим хүмүүсийн дунд үзэл бий болжээ. Иймэрхүү хүмүүст Бурханы тухай, мөн Түүний ажлын тухай ямар ч мэдлэг байдаггүй. Хэрвээ Бурхан үргэлж л нэг өнцгөөс яриад байвал, хүмүүс Бурханы тухай дүрэм гаргахгүй гэж үү? Бурхан хүнд ингэж авирлахыг зөвшөөрөх байсан уу? Бурхан ямар ч өнцгөөс ярьж байлаа гэсэн, Түүнд ингэх шалтгаан бий. Хэрвээ Бурхан үргэлж Сүнсний өнцгөөс ярьдаг байсан бол чи Түүнтэй харилцаж чадах байсан уу? Тиймээс Тэр заримдаа гуравдагч хүний өнцгөөс ярьж, Өөрийн үгээр чамайг хангаж, бодит байдал руу хөтөлдөг. Бурханы хийж байгаа юм бүхэн тохиромжтой байдаг. Товчоор хэлбэл, үүнийг бүгдийг нь Бурхан хийдэг бөгөөд үүнд чи эргэлзэх хэрэггүй. Тэрээр Бурхан учраас ямар ч өнцгөөс ярилаа гэсэн Бурхан хэвээрээ л байна. Энэ бол хувиршгүй үнэн. Тэр яаж ч ажилласан Бурхан хэвээр байх ба Түүний мөн чанар өөрчлөгдөхгүй! Петр Бурханыг маш их хайрладаг, Бурханы сэтгэлд яг нийцдэг хүн байсан ч Бурхан түүнийг Эзэн юм уу Христ гэж гэрчлээгүй, учир нь оршихуйн мөн чанар нь юу байна, түүгээрээ л байх ба хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөрийнхөө ажилд Бурхан дүрэмд баригддаггүй, харин ажлаа үр дүнд хүргэж, хүнийг Өөрийнхөө тухай илүү гүнзгий мэдлэгтэй болгохын тулд янз бүрийн арга барил хэрэглэдэг. Бурханы ажиллах арга барил бүр нь хүнд Бурханыг мэдэхэд хэрэг болдог бөгөөд хүмүүсийг төгс болгох зорилготой байдаг. Тэр ажлын ямар арга барил ашиглахаас үл хамааран, бүгд л хүнийг хөгжүүлж, төгс болгох зорилго агуулдаг. Хэдийгээр Түүний ажиллах арга барилуудын нэг нь маш удаан хугацаанд үргэлжилсэн ч гэсэн энэ нь Түүнд итгэх хүний итгэлийг хатуужуулахын төлөө юм. Тиймээс та бүхэн сэтгэлдээ эргэлзэх хэрэггүй. Эдгээр нь бүгд Бурханы ажлын алхам бөгөөд та нар үүнийг дуулгавартай дагах ёстой.

Өнөөдөр яригдаж байгаа зүйл бол бодит байдал руу орох тухай юм. Тэнгэр өөд гарах тухай, хаан болж захирах тухай яриагүй байна; яригдаж байгаа бүх зүйл бодит байдал руу орохоор эрэлхийлэх тухай байдаг. Үүнээс илүү бодитой эрэл хайгуул байхгүй ба хаан болж захирах тухай ярих нь бодитой зүйл биш юм. Хүмүүс маш сониуч зантай бөгөөд өнөөдрийн Бурханы ажлыг өөрсдийн шашны үзлээр хэмжсээр байдаг. Бурханы ажиллах арга барилын маш олныг туулсан мөртөө хүн одоо хэр нь Бурханы ажлыг мэддэггүй, тэмдэг, гайхамшгийг эрж хайсаар, Бурханы үг биелсэн эсэхийг шалгаж харсаар л байдаг. Энэ нь гайхширмаар мунхаг байдал биш гэж үү? Бурханы үг биеллээ олоогүй бол Тэр бол Бурхан гэж чи итгэсээр байх байсан уу? Өнөөдөр, чуулганы олон ийм хүн тэмдэг, гайхамшгийг олж харахаар хүлээж байгаа. Бурханы үг биелбэл Тэр Бурхан мөн; харин биелэхгүй бол Тэр Бурхан биш гэж тэд хэлдэг. Тэгвэл чи үг нь биелдэг учраас Бурханд итгэдэг үү, эсвэл Тэр бол Бурхан Өөрөө мөн учраас итгэдэг үү? Хүний Бурханд итгэх тухай үзлийг залруулах шаардлагатай! Бурханы үг биелээгүйг хараад чи зугтан оддог—энэ чинь Бурханд итгэх итгэл мөн үү? Бурханд итгэх үедээ чи бүх зүйлийг Бурханы эрхшээлд орхиж, Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах ёстой. Бурхан Хуучин Гэрээнд маш олон үг хэлсэн, тэдгээрийн аль нь биелснийг чи нүдээрээ харсан бэ? Чи өөрөө хараагүй болохоор Ехова бол жинхэнэ Бурхан биш гэж хэлж чадах уу? Олон үг биелсэн байж болох ч хүнд үнэн байхгүй, тэр юу ч ойлгодоггүй учраас үүнийг тодорхой харж чаддаггүй. Бурханы үг биелээгүй гэж санагдах үед зарим хүн зугтахыг хүсдэг. Оролдоод үз л дээ, чи зугтаж чадах эсэхээ хар. Зугтсаныхаа дараа чи эргээд ирэх л болно. Бурхан үгээрээ чамайг хянадаг, чи чуулганыг болон Бурханы үгийг орхивол чамд цааш амьдрах зам үгүй болно. Итгэхгүй байгаа бол, өөрөө оролдоод үз—зүгээр л орхиод явчхаж чадна гэж чи бодоо юу? Бурханы Сүнс чамайг хянадаг ба чи явж чадахгүй. Энэ бол Бурханы захиргааны зарлиг юм! Зарим хүн оролдоод үзэхийг хүсвэл, яах вэ, тэгж болно! Чи энэ хүнийг Бурхан биш гэж хэлдэг, тэгвэл Түүний эсрэг нүгэл үйлдээд, Түүний юу хийхийг хар. Махан бие чинь үхэхгүй, чи өөрийгөө хооллож, хувцаслах чадвартай хэвээр байж болох ч сэтгэл санааны хувьд тэвчишгүй байх болно; чи хямарч, шаналах ба үүнээс илүү зовлонтой зүйл гэж байхгүй. Хүмүүс оюун санааны тарчлаан, тамлалыг тэсэж чаддаггүй. Магадгүй чи махан биеийн зовлонг тэсэж чаддаг байж болох ч оюун санааны хямрал, удаан хугацааны тарчлалыг тэсвэрлэж огт чаддаггүй. Өнөөдөр, ямар нэг тэмдэг, гайхамшиг харж чадаагүйгээсээ болоод зарим хүн сөрөг болдог мөртөө хэчнээн сөрөг болсон ч бай, хэн ч зугтаж зүрхэлдэггүй, учир нь Бурхан хүмүүсийг үгээрээ хянадаг. Ямар нэг баримт гарч ирээгүй атал хэн ч зугтаж чаддаггүй. Эдгээр нь Бурханы үйлдэл биш гэж үү? Өнөөдөр Бурхан хүнийг амиар хангах гэж газар дэлхий дээр ирчихсэн байна. Тэр хүмүүсийн төсөөлдөг шиг, Бурхан, хүн хоёрын хоорондох энх амгалан харилцааг бататгахын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлж чамайг хуурдаггүй. Аминд анхаарлаа хандуулдаггүй, харин оронд нь Бурханы үзүүлэх тэмдэг гайхамшигт анхаардаг бүх хүн бол фарисайчууд юм! Есүсийг загалмайд цовдолсон хүмүүс нь фарисайчууд байсан. Хэрвээ чи, Бурханд итгэх өөрийн үзэл бодлын дагуу Бурханыг хэмжиж, Бурханы үг биелэхэд Түүнд итгэж, биелэхгүй бол эргэлзэн, бүр Түүнийг доромжилдог бол чи ч бас Түүнийг загалмайд цовдолж байгаа бус уу? Ийм хүмүүс өөрсдийн үүргийг умартаж, ая тухтай байдалд шунахайран зугаацдаг!

Нэг талаасаа, Бурханы ажлыг мэддэггүй нь хүний хамгийн том асуудал. Хүн үгүйсгэх хандлагагүй ч эргэлзэх хандлагатай байдаг; тэр үгүйсгэдэггүй боловч бүрэн хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хүмүүс Бурханы ажлын талаар нэгд нэггүй мэдлэгтэй бол зугтахгүй. Өөр нэг асуудал нь хүн бодит байдлыг мэддэггүй. Өнөөдөр хүн бүрийн харьцаж байгаа зүйл нь Бурханы үг л юм; үнэндээ чи ирээдүйд тэмдэг, гайхамшиг харна хэмээн бодох хэрэггүй. Би чамд илэн далангүй хэлье: Өнөөгийн үе шатанд, чиний харж чадах ганц зүйл бол Бурханы үг бөгөөд баримт байхгүй ч, Бурханы амь хүний дотор орох боломжтой л байдаг. Мянган жилийн хаанчлалын гол ажил нь энэ бөгөөд хэрвээ чи энэ ажлыг ойлгож чадахгүй бол сул дорой болж, унана. Чи шалгалт дунд буух бөгөөд бүр хамгийн аймшигтай нь, Сатанд олзлогдох болно. Бурхан үндсэндээ үгээ хэлэхээр газар дээр ирсэн; харьцаж байгаа зүйл чинь Бурханы үг, харж байгаа зүйл чинь Бурханы үг, сонсож байгаа зүйл чинь Бурханы үг, баримталдаг зүйл чинь Бурханы үг, туулдаг зүйл чинь Бурханы үг бөгөөд Бурхан энэ удаа бие махбодтой болж, хүнийг төгс болгохын тулд голчлон үгийг ашигладаг. Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, ялангуяа өнгөрсөн үед Есүсийн хийсэн ажлыг хийдэггүй. Тэр хоёр бол Бурхан бөгөөд хоёулаа махбодтой боловч, Тэдний үйлчлэл нь өөр билээ. Есүс ирэх үедээ бас Бурханы ажлын нэг хэсгийг хийж, зарим нэг үг хэлсэн, гэхдээ Түүний гүйцэлдүүлсэн гол ажил юу байсан бэ? Түүний гүйцэлдүүлсэн гол ажил бол цовдлогдох байсан билээ. Тэрээр цовдлолын ажлыг гүйцэлдүүлж, бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд нүгэлт махан биеийн дүртэй болсон ба бүх хүн төрөлхтний нүглийн төлөө нүглийн тахил болсон юм. Энэ бол Түүний гүйцэлдүүлсэн гол ажил билээ. Эцэст нь Тэр хожим ирэх хүмүүсийг замчлах загалмайн замыг бэлдэж өгчээ. Есүсийн ирсэн гол зорилго нь золин аврах ажлыг гүйцэлдүүлэх явдал байсан. Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аварч, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хүнд авчирч, улмаар тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг авчирсан. Үүний үр дүнд, хожим ирсэн хүмүүс бүгд: “Бид загалмайн замаар алхаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослох хэрэгтэй” гэцгээсэн. Мэдээж анх Есүс бас өөр бусад ажил хийсэн бөгөөд хүнийг гэмшүүлж, нүглийг нь улайлгахын тулд зарим нэг үг хэлсэн. Гэхдээ л Түүний үйлчлэл нь цовдлол байсан ба замыг номлож өнгөрүүлсэн гурван жил хагасын хугацаа нь хожим тохиох цовдлолд бэлдэхийн төлөө байсан. Есүс хэд хэдэн удаа залбирсан нь ч бас цовдлолын төлөө байсан юм. Түүний туулсан хэвийн хүний амьдрал болон газар дэлхий дээр амьдарсан гучин гурван жил хагасын хугацаа нь үндсэндээ цовдлолын ажлыг гүйцээхийн төлөө, Түүнд энэ ажлыг явуулах хүч өгөхийн төлөө байсан ба үүний үр дүнд Бурхан цовдлолын ажлыг Түүнд даалгасан. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан ямар ажлыг гүйцэлдүүлэх вэ? Өнөөдөр Бурхан ерөнхийдөө “Үг махбодоор илрэх” ажлыг гүйцэлдүүлж, үг ашиглан хүнийг төгс болгож, үгийн харьцалт, цэвэршүүлэлтийг хүнээр хүлээн авхуулахын тулд бие махбодтой болсон юм. Өөрийнхөө үгээр Тэр чамд хангалт болон амийг хүртээдэг; Түүний үгээс чи ажил болон үйл хэргийг нь хардаг. Бурхан чамайг гэсгээж, цэвэршүүлэхийн тулд үг ашигладаг, иймээс чи хүндрэл бэрхшээл туулж байвал, энэ чинь бас Бурханы үгээс үүдэлтэй. Өнөөдөр, Бурхан баримт бус, үг ашиглан ажлаа явуулдаг. Түүний үг чамд хүрсний дараа л Ариун Сүнс чиний дотор ажиллаж, чамд зовлон шаналал юм уу баяр баясгаланг мэдрүүлж чадна. Бурханы үг л чамайг бодит байдал руу аваачиж чадах ба Бурханы үг л чамайг төгс болгох чадвартай. Иймээс чи ядаж л үүнийг ойлгох ёстой: Эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажил нь үндсэндээ хүн бүрийг төгс болгож, хүнийг замчлахад Өөрийн үгийг ашиглах явдал юм. Тэр бүх ажлаа үгээр дамжуулан хийдэг; чамайг гэсгээхдээ Тэр баримт ашигладаггүй. Зарим хүн Бурханыг эсэргүүцэх үе гардаг. Бурхан чиний тав тухыг ихэд алдагдуулахгүй, махан биеийг чинь гэсгээхгүй, бас чи бэрхшээл ч туулахгүй боловч Бурханы үг чам дээр бууж, чамайг цэвэршүүлмэгц энэ нь тэсвэрлэшгүй санагддаг. Тийм биш гэж үү? Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үед Бурхан хүнийг ёроолгүй нүхэнд хая гэж хэлсэн. Үнэхээр хүн ёроолгүй нүхэнд орсон гэж үү? Хүнийг цэвэршүүлэхдээ үг ашигласнаар л хүнийг ёроолгүй нүхэнд оруулсан. Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болох үедээ бүгдийг гүйцэлдүүлж, бүхнийг ил болгохын тулд үндсэндээ үг ашигладаг. Тэр юу болохыг чи үгээс нь л харж чадна; Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг чи үгээс нь л харж чадна. Бие махбодтой болсон Бурхан газар дэлхийд ирэх үедээ үг хэлэхээс өөр ажил хийдэггүй—тиймээс баримт шаардлагагүй; үг л хангалттай юм. Яагаад гэвэл, Тэрээр гол нь энэ ажлыг хийхээр, Өөрийн хүч чадал болон дээдийн дээд байдлыг хүнд үгээрээ үзүүлж, Өөрийгөө хэрхэн даруухнаар нууж байдгаа хүнд үгээрээ харуулж, мөн Өөрийг нь бүрэн дүүрэн мэдэх боломжийг хүнд үгээрээ олгохын тулд ирсэн. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүний үгэнд бий. Түүний мэргэн ухаан, гайхалтай байдал нь Түүний үгэнд оршдог. Эндээс Бурханы үгээ хэлдэг олон арга барил чамд харагддаг. Энэ бүх хугацаанд Бурханы ажлын дийлэнх нь хүнд чиглэсэн хангалт, илчлэл, харьцалт байсан. Бурхан хүнийг амархан хараагаад байдаггүй, хараасан ч гэсэн үүнийгээ үгээр дамжуулан үйлддэг. Иймээс, Бурхан махбод болсон энэ эрин үед, Бурхан өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөж байгааг дахин үзэх гэж бүү хичээ, үргэлж тэмдэг хүлээхээ боль—энэ нь ямар ч хэрэггүй! Тэдгээр тэмдэг хүнийг төгс болгож чадахгүй! Ний нуугүй хэлэхэд: Өнөөдөр махбод дахь бодитой Бурхан Өөрөө үг л хэлдэг болохоос үйлддэггүй. Энэ бол үнэн! Тэрээр үг ашиглан чамайг төгс болгож, үг ашиглан чамайг хооллож, ундалдаг. Тэр бас үг ашиглан ажилладаг ба Өөрийнхөө бодит байдлыг чамд мэдүүлэхийн тулд баримтын оронд үг ашигладаг. Хэрвээ чи Бурханы ийм төрлийн ажлыг ухамсарлах чадвартай бол амархан сөрөг болохгүй. Та нар сөрөг зүйлд анхаарал хандуулахын оронд эерэг зүйлд л анхаарах ёстой—өөрөөр хэлбэл, Бурханы үг биелсэн ч бай үгүй ч бай, баримт гарч ирсэн ч бай үгүй ч бай, Бурхан хүнийг Өөрийнхөө үгээс амь олж авахад хүргэдэг нь хамгийн агуу тэмдэг төдийгүй маргашгүй баримт юм. Энэ нь Бурханы тухай мэдлэг олж авах хамгийн сайн нотолгоо бөгөөд тэмдгээс агуу тэмдэг юм. Зөвхөн эдгээр үг л хүнийг төгс болгож чадна.

Хаанчлалын эрин үе эхэлмэгц Бурхан үгээ хэлж эхэлсэн. Ирээдүйд эдгээр үг бага багаар биелэх болно, тэр үе нь мөн хүмүүсийн амь өсөж төлөвших үе байх болно. Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглах нь илүү бодит, бас илүү чухал бөгөөд хүний итгэлийг төгс болгох ажлаа хийхийн тулд Бурхан гагцхүү үг ашигладаг, учир нь өнөөдөр бол Үгийн эрин үе бөгөөд энэ эрин хүнээс итгэл, шийдэмгий байдал болон хамтын ажиллагааг шаарддаг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ажил нь үгээ ашиглан хүнд үйлчилж, хүнийг хангах явдал юм. Бие махбодтой болсон Бурхан үгээ хэлж дууссаны дараа л тэдгээр нь биелж эхлэх болно. Түүнийг үг хэлж байх үед үг нь биелдэггүй, учир нь Түүнийг махбодын үе шатанд байхад үг нь биелэх боломжгүй. Ингэснээр Бурхан бол Сүнс биш, махбод гэдгийг хүн харж, Бурханы бодит байдлыг нүдээрээ үзэх болно. Түүний ажил дууссан өдөр, газар дэлхий дээр хэлэх ёстой бүх үгээ хэлсэн үед нь Түүний үг биелж эхэлнэ. Тэр үгээ хэлж дуусаагүй тул одоо Бурханы үгийн биелэлтийн эрин үе биш юм. Иймээс Бурхан газар дэлхий дээр үгээ хэлсээр байгааг харах үедээ чи Түүний үг биелэхийг бүү хүлээ; Бурхан үг хэлэхээ больж, газар дэлхий дээрх ажлаа дуусгах үе нь Түүний хэлсэн үг биелж эхлэх цаг үе байх болно. Түүний газар дэлхий дээр хэлсэн үгс дотор нэг талаар амийн хангалт, нөгөө талаар болох зүйлс, хийгдэх зүйлс болон хараахан биелээгүй байгаа зүйлсийн тухай зөгнөл агуулагддаг. Есүсийн үгэнд ч бас зөгнөл байсан. Нэг талаар Тэр амиар хангаж, нөгөөтээгүүр зөгнөл хэлсэн юм. Хүмүүсийн нүдээрээ харж чадах зүйлс болон Бурханы хийдэг зүйлс хоорондоо асар их ялгаатай учраас өнөөдөр үг болон баримтыг нэгэн зэрэг хэрэгжүүлэх тухай огт ярьдаггүй. Бурханы ажил дууссаны дараа л Түүний үг биелэх ба үгийн араас баримт гарч ирэх болно. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан газар дээр үгийн үйлчлэлийг гүйцэтгэдэг ба үгийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ зөвхөн үг хэлж, харин өөр хэрэг явдлыг хайхардаггүй. Бурханы ажил өөрчлөгдмөгц Түүний үг биелж эхэлнэ. Өнөөдөр үгийг эхлээд чамайг төгс болгоход ашигладаг; Тэр бүхий л орчлон ертөнцөд алдар суутай болох үед Түүний ажил бүрэн төгс болж, хэлэх ёстой бүх үг хэлэгдэж, бүх үг баримт болсон байх болно. Өөрийнх нь үгээс хүн Түүнийг мэдэж, Тэр юу болохыг, Түүний мэргэн ухаан болон бүх гайхалтай үйл хэргийг хараг гэсэндээ Бурхан эцсийн өдрүүдэд үгийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээр газар дээр ирсэн юм. Хаанчлалын эрин үед Бурхан үндсэндээ үгээрээ бүх хүнийг байлдан дагуулдаг. Ирээдүйд Түүний үг бүх шашин, бүлэглэл, үндэстэн, урсгалд бас хүрнэ. Бурхан байлдан дагуулахын тулд, мөн үг нь хүч, эрх мэдлийг агуулдаг гэдгийг бүх хүнд харуулахын тулд үг ашигладаг—иймээс өнөөдөр та нар зөвхөн Бурханы үгтэй нүүр тулдаг.

Энэ эрин үед Бурханы хэлсэн үг нь Хуулийн эрин үед хэлсэн үгээс өөр, мөн Нигүүлслийн эрин үед хэлсэн үгээс ч ялгаатай байдаг. Нигүүлслийн эрин үед Бурхан үгийн ажил хийгээгүй, харин бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд ердөө цовдлолыг л үзүүлсэн. Библид зөвхөн, Есүс яагаад цовдлогдох болсныг, загалмай дээр байхдаа Түүний мэдэрсэн зовлонг болон хүн Бурханы төлөө хэрхэн цовдлогдох ёстой тухай л дурдсан байдаг. Тэрхүү эрин үед Бурханы хийсэн бүх ажил цовдлол дээр төвлөрч байсан. Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан үгээрээ Өөрт нь итгэдэг бүх хүнийг байлдан дагуулдаг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” хэрэг юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, “Үг нь махбодоор илэрсэн” бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримт гарч ирэх нь ховор байдаг. Үг нь махбодоор илрэхийн мөн чанар яг энэ бөгөөд бие махбодтой болсон Бурхан үгээ хэлэх үе бол Үг нь махбодоор илэрч, Үг нь махбодод ирж байгаа хэрэг юм. “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил бөгөөд Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, үгээ махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийдэг зүйл, хожим хийх зүйл, Бурханы гүйцэлдүүлэх зүйл, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт эцэст нь биелэх ёстой энэ бүх ажлыг бүгдийг нь тодорхой өгүүлсэн ба бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон хууль, устгагдах хүмүүс, амралтад орох хүмүүс зэрэг эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы голлон биелүүлдэг ажил юм. Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдах болон Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг Тэрээр хүмүүст ойлгуулдаг бөгөөд ирээдүйд эдгээр үг нэг бүрчлэн биелнэ. Бурханы ажлын алхмууд эрчээ авч байна. Эрин үе бүрд хийгдэх зүйлийг, бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд хийх зүйлийг болон Түүний биелүүлэх гэж байгаа үйлчлэлийг хүнд илчлэхдээ Бурхан үгийн арга барилыг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн тулд байдаг.

“Бурханы тэмдэг, гайхамшгийг харахад анхаарлаа төвлөрүүлдэг бүх хүн хаягдана; тэд төгс болгуулах хүмүүс биш” гэж Би өмнө нь хэлж байсан. Би маш олон үг хэлсэн атал хүн энэ ажлын талаар өчүүхэн төдий ч мэдлэггүй байдаг бөгөөд энэ хүртэл ирчхээд бас л тэмдэг гайхамшиг гуйсаар байдаг. Бурханд итгэх итгэл чинь тэмдэг, гайхамшгийн эрэл хайгуул төдийхөн зүйл үү, эсвэл энэ нь амь олж авахын төлөө байдаг уу? Тухайн үед Есүс ч бас олон үг хэлсэн бөгөөд зарим нь хараахан биелээгүй байгаа. Есүс бол Бурхан биш гэж чи хэлж чадах уу? Тэр бол Христ бөгөөд Бурханы хайртай Хүү гэдгийг Бурхан гэрчилсэн. Чи үүнийг үгүйсгэж чадах уу? Өнөөдөр, Бурхан зөвхөн үг хэлдэг тул хэрвээ чи үгийг нь нэгд нэггүй мэдэж чадахгүй бол бат зогсож чадахгүй. Чи Түүнийг Бурхан болохоор нь Түүнд итгэдэг юм уу, эсвэл үг нь биелдэг эсэхээс нь хамаарч Түүнд итгэдэг юм уу? Чи тэмдэг гайхамшигт итгэдэг үү, эсвэл Бурханд итгэдэг үү? Өнөөдөр Тэр тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй—Тэр үнэхээр Бурхан мөн үү? Хэлсэн үг нь биелдэггүй бол Тэр үнэхээр Бурхан мөн үү? Хэлсэн үг нь биелдэг эсэхээр Бурханы мөн чанар тодорхойлогддог уу? Яагаад зарим хүн дандаа л Бурханы үг биелсний дараа Түүнд итгэнэ гэж хүлээж суудаг вэ? Энэ нь, тэд Түүнийг мэддэггүй гэсэн үг биш үү? Ийм үзэлтэй хүмүүс бүгд Бурханыг үгүйсгэдэг хүмүүс юм. Тэд Бурханыг хэмжихдээ үзэл ашигладаг; үг нь биелдэг бол Бурханд итгэж, биелдэггүй бол итгэдэггүй; тэд үргэлж тэмдэг, гайхамшгийг эрэлхийлдэг. Тэд орчин үеийн фарисайчууд биш гэж үү? Чиний бат зогсож чадах эсэх нь бодитой Бурханыг мэддэг эсэхээс чинь хамаардаг—энэ бол амин чухал! Чамд Бурханы үгийн бодит байдал хэдий чинээ их байна, Бурханы бодит байдлын тухай мэдлэг чинь төдий чинээ их байдаг бөгөөд шалгалтуудын үеэр чи илүү бат зогсож чаддаг. Чи тэмдэг, гайхамшиг харахад хэдий чинээ их анхаарна, төдий чинээ бат зогсож чадахгүй бөгөөд шалгалтын дунд унах болно. Тэмдэг, гайхамшиг бол суурь биш; Бурханы бодит байдал л амь мөн. Бурханы ажлаас гарах үр нөлөөг зарим хүн мэддэггүй. Тэд Бурханы ажлын тухай мэдлэгийг эрэлхийлэлгүй, будилаан дунд өдөр хоногоо өнгөрүүлдэг. Тэдний эрэл хайгуул нь үргэлж Бурханаар хүслээ хангуулах л зорилготой байдаг бөгөөд үүний дараа л нухацтайгаар итгэдэг. Бурханы үг биелсэн үед л амийг эрэлхийлнэ, харин биелэхгүй бол тэдний хувьд амийг эрэлхийлэх ямар ч боломжгүй гэж тэд хэлдэг. Бурханд итгэх итгэл нь тэмдэг, гайхамшгийг харах эрэл хайгуул, мөн тэнгэр лүү болон гуравдагч тэнгэр өөд гарах эрэл хайгуул гэж хүн боддог. Бурханд итгэх итгэл нь бодит байдалд орох эрэл хайгуул, амийн эрэл хайгуул, мөн Бурханаар авхуулах эрэл хайгуул гэж хэлэх хэн ч байхгүй. Ийм эрэл хайгуулд ямар үнэ цэн байх юм бэ? Бурханы тухай мэдлэгийг, мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлдэггүй хүмүүс бол Бурханд итгэдэггүй хүмүүс бөгөөд тэд бол Бурханыг доромжлогчид юм!

Одоо Бурханд итгэх итгэл гэж юу болохыг та нар ойлгож байна уу? Бурханд итгэнэ гэдэг нь тэмдэг, гайхамшгийг харах явдал уу? Энэ нь тэнгэр өөд гарах явдал уу? Бурханд итгэх огтхон ч амаргүй. Тэдгээр шашны итгэлийг үгүй хийх ёстой; өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулахаар эрэлхийлэх, тэмдэг, гайхамшиг дээр төвлөрөх, Бурханы нигүүлсэл, амар амгалан, баяр хөөрт илүү их шунах, махан биеийн хэтийн ирээдүй, тав тухыг эрэлхийлэх зэрэг нь шашны хэрэгжүүлэлт бөгөөд шашны ийм хэрэгжүүлэлт нь тодорхойгүй төрлийн итгэл байдаг. Өнөөдөр Бурханд итгэх бодитой итгэл гэж юу вэ? Энэ бол Бурханы үгийг амь-бодит байдлаа болгон хүлээж авах, мөн Бурханы үгээс Түүнийг мэдэж, Түүнийг жинхэнээсээ хайрлах юм. Тодруулбал: Энэ нь Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэхийн төлөө Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлүүлэх үнэ цэнтэй тухай, Бурхан бүтээлүүддээ хэрхэн авралын ажил хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэхдээ эзэмших ёстой наад захын зүйл юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан биеийн амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, завхрал доторх амьдралаа Бурханы үгийн амь доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эрхшээлээс гарч, Бурханы халамж, хамгаалалт дор амьдрахын нэр юм. Энэ бол, махан биедээ бус, Бурханд дуулгавартай байж чадах явдал, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авч, чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатанлаг зан чанараас өөрийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы агуу хүч чадал, алдар сууг чам дээр илэрхийлэхийн төлөө, мөн чамайг Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байлгахын төлөө байдаг. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшиг харах хүсэлд л төвлөрсөн зүйл байж болохгүй, өөрийн махан биеийн төлөө ч байх ёсгүй. Бурханыг мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагахын төлөө Бурханд итгэх ёстой. Эдгээр нь Бурханд итгэхийн гол зорилт юм. Хүн Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд Бурханы үгийг идэж уудаг. Бурханы үгийг идэж, уух нь чамд Бурханы тухай илүү их мэдлэг өгдөг, үүний дараа л чи Бурханд дуулгавартай байж чадна. Бурханы талаар мэдлэгтэй байж л чи Бурханыг хайрлаж чадна, энэ бол хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм. Бурханд итгэхдээ чи үргэлж тэмдэг, гайхамшиг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх нь үндсэндээ Бурханы үгийг амь-бодит байдал болгон хүлээн авах явдал юм. Бурханы амнаас гарсан үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсдийнхөө дотор биелүүлэх нь л Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгуулж, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхаар мэрийх хэрэгтэй. Хэрвээ чи гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд Бурханаар авхуулсныг чинь энэ нь илтгэнэ.

Бурхан ажлаа бүхий л орчлон ертөнц даяар хийдэг. Түүнд итгэдэг бүх хүн Түүний үгийг хүлээн авч, Түүний үгийг идэж уух ёстой; Бурханы үзүүлдэг тэмдэг, гайхамшгийг харлаа гээд Бурханаар авхуулж чадах хүн нэг ч байхгүй. Эрин үеүдийн туршид хүнийг төгс болгохын тулд Бурхан үргэлж үг ашиглаж ирсэн. Тиймээс та нар хамаг анхаарлаа тэмдэг, гайхамшигт хандуулах ёсгүй, харин Бурханаар төгс болгуулахаар мэрийх ёстой. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Бурхан зарим нэг үг хэлсэн ба Нигүүлслийн эрин үед Есүс ч бас олон үг хэлсэн. Есүсийг олон үг хэлсний дараа хожмын элч, шавь нар нь хүмүүсийг Есүсийн гаргасан тушаалуудын дагуу хэрэгжүүлж, Есүсийн хэлсэн үг, зарчмын дагуу туршлагажихад залж чиглүүлсэн юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлах юм уу үнэмшүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; Бурханы хүч чадлыг энэ нь ил болгож чадахгүй. Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй болж, улмаар хүнийг төгс болгох ч боломжгүй байх байв. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин үгээр хүнийг усалж, хариулдаг бөгөөд үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болдог. Энэ бол Түүний хийдэг ажил, хэлдэг үгийн зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барил ашигладаггүй—Тэрээр хүнийг төгс болгохын тулд үг ашигладаг ба ажлын олон өөр арга барилыг ашиглаж хүнийг төгс болгодог. Үгийн цэвэршүүлэлт, харьцалт, засалт, хангалтын аль нь байх нь хамаагүй, Бурхан хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан, гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд олон өөр өнцгөөс ярьдаг. Бурхан эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөх цагт хүн бүрэн төгс болгуулсныхаа дараа тэмдэг, гайхамшгийг харах шаардлагыг хангана. Бурханыг мэдэж авч, Бурханыг юу ч хийсэн бай, дуулгавартай дагаж чаддаг байх үедээ чи тэмдэг, гайхамшгийг харсан ч Бурханы талаар ямар нэг үзэл тээхээ болино. Одоогоор чи ялзарсан, Бурханд бүрэн дуулгавартай байх чадваргүй, ийм байдалтай байж чи өөрийгөө тэмдэг, гайхамшиг харах эрхтэй гэж бодоо юу? Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэг үе нь Бурхан хүнийг шийтгэх үе, эрин үе солигдох үе, түүнчлэн эрин үе дуусах үе байдаг. Бурхан ажлаа хэвийн явуулж байх үедээ тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй. Тэмдэг, гайхамшиг үзүүлэх нь инээд хүрэм амархан боловч энэ нь Бурханы ажлын зарчим биш, мөн Бурхан хүнийг удирдахын зорилго ч биш. Хэрвээ хүн тэмдэг, гайхамшиг харсан бол, хэрвээ Бурханы сүнслэг бие хүнд харагдсан бол бүх хүн Бурханд итгэхгүй гэж үү? Асар их гай гамшиг дундаас гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэдгийг Би өмнө нь хэлсэн. Эдгээр үг ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч ер бусын зүйл хараагүй; тэд ойлгоход бэрх бичиг үсэг, хоосон номлол, гүн гүнзгий ойлголтын тухай ярьдаггүй; харин тэдэнд бодит байдал, Бурханы үг болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы хүч чадлыг илэрхий болгож илүү сайн чадах бус уу? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь бодитой ажил юм. Өөрийнхөө эрин үед Есүс хүнийг төгс болгох гэж бус, харин золин аврах гэж ирсэн, иймээс хүмүүсээр Өөрийгөө дагуулахын тулд зарим нэг ер бусын зүйл үзүүлсэн. Учир нь Тэр гол нь цовдлолын ажлыг гүйцэтгэхээр ирсэн ба тэмдэг үзүүлэх нь Түүний үйлчлэлийн хүрээн дэх ажил биш байсан юм. Тэр тэмдэг, гайхамшгууд нь Түүний ажлыг илүү үр нөлөөтэй болгохын тулд хийгдсэн; тэдгээр нь нэмэлт ажил байсан ба бүхий л эрин үеийн ажлыг төлөөлж байгаагүй юм. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Бурхан бас зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлсэн—гэхдээ Бурханы өнөөдөр хийдэг ажил нь бодитой ажил бөгөөд Тэр одоо тэмдэг, гайхамшиг үзүүлэхгүй нь лавтай. Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлбэл бодитой ажил нь эмх замбараагаа алдаж, Тэрээр ажлаа цааш хийх боломжгүй болох байсан. Бурхан үг ашиглан хүнийг төгс болгоно гэж хэлчхээд мөн л тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол хүн Түүнд үнэхээр итгэдэг эсэх нь илэрхий болж чадах байсан уу? Иймээс Бурхан тиймэрхүү зүйл хийдэггүй. Хүний дотор хэтэрхий их шашны зүйл бий; Бурхан, хүний доторх шашны бүх үзэл болон ер бусын зүйлсийг хөөн зайлуулж, Бурханы бодитой байдлыг хүнд мэдэгдэхийн тулд эцсийн өдрүүдэд ирсэн. Тэрээр хийсвэр, бодит бус Бурханы дүрийг, өөрөөр хэлбэл, ерөөсөө оршин байдаггүй Бурханы дүрийг арилгахаар ирсэн юм. Иймээс одоо цорын ганц эрхэм чухал зүйл бол чи бодит байдлын тухай мэдлэгтэй байх явдал! Үнэн бүхнийг дийлдэг. Чамд өнөөдөр хэр их үнэн байна вэ? Тэмдэг, гайхамшиг үзүүлдэг бүхэн Бурхан мөн үү? Муу ёрын сүнснүүд ч бас тэмдэг гайхамшиг үзүүлж чадна; тэд бүгд Бурхан мөн үү? Бурханд итгэхдээ хүний эрж хайдаг зүйл нь үнэн, эрэлхийлдэг зүйл нь амь болохоос тэмдэг, гайхамшиг биш билээ. Бүх хүний Бурханд итгэх зорилго ийм байх ёстой.

Өмнөх: Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм

Дараах: Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх