Тун ноцтой асуудал: Урвалт 2

Хүний уг чанар Миний мөн чанараас нэлээд өөр, учир нь хүний завхарсан уг чанар бүхэлдээ Сатанаас үүсэлтэй; хүний уг чанарыг Сатан боловсруулж, ялзруулсан юм. Өөрөөр хэлбэл, хүн Сатаны ёрын муу, үзэшгүй муухай байдлын нөлөөн дор амьдардаг. Хүн үнэний ертөнцөд юм уу ариун орчинд өсөж торнидоггүй, гэрэлд бүр ч амьдардаггүй. Тиймээс, ямар ч хүн төрөлхөөсөө уг чанар дотроо үнэнтэй байх боломжгүй, мөн Бурханаас эмээж, Бурханд дуулгавартай байх мөн чанартай төрж бүр ч чадахгүй. Эсрэгээрээ хүмүүс Бурханыг эсэргүүцдэг, Бурханд дуулгаваргүй, үнэнийг хайрладаггүй уг чанартай байдаг. Энэ уг чанар бол Миний ярихыг хүсэж байгаа асуудал—урвалт юм. Урвалт бол хүн бүрийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийн эх сурвалж мөн. Энэ нь Надад биш, харин зөвхөн хүнд л байдаг асуудал билээ. Зарим хүн ингэж асууна: Бүх хүн Христтэй адил ертөнцөд амьдардаг байж яагаад бүх хүнд Бурханаас урвадаг уг чанар байхад Христэд байдаггүй юм бэ? Энэ бол та нарт тодорхой тайлбарлаж өгөх ёстой асуудал юм.

Хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс нь сүнс удаа дараа төрлөө олох явдал юм. Өөрөөр хэлбэл, хүний сүнс дахин төрлөө олоход хүн болгон махан бие бүхий хүний амийг олж авдаг. Хүний бие төрсний дараа, махан бие нь эцэстээ хязгаартаа хүртэл буюу сүнс бүрхүүлээ орхин явах сүүлчийн мөч хүртэл амь нь үргэлжилдэг. Энэ үйл явц нь хүний сүнс удаа дараа ирж, буцахын хэрээр ахин дахин давтагдаж, ийнхүү хүн төрөлхтний оршин тогтнолыг хадгалж байдаг. Махан биеийн амь нь бас хүний сүнсний амь бөгөөд хүний сүнс нь хүний махан биеийн оршин тогтнолыг дэмжиж байдаг. Өөрөөр хэлбэл, хүн нэг бүрийн амь сүнснээс ирдэг бөгөөд амь нь махан биед төрөлхөөсөө байдаггүй. Тиймээс хүний уг чанар махан биеэс бус, харин сүнснээс гаралтай. Сатаны уруу таталт, гай зовлон, завхралыг хэрхэн туулснаа хүн бүрийн сүнс нь л мэддэг. Хүний махан бие эдгээрийг мэдэх аргагүй. Тиймээс, хүн төрөлхтөн өөрийн эрхгүй улам харанхуй, улам бузар, улам ёрын муу болж, харин хүн Бид хоёрын хоорондох зай улам ихсээд, хүн төрөлхтний хувьд амьдрал улам харанхуй болдог. Сатан хүн төрөлхтний сүнсийг атгаж байдаг тул мэдээж хүний махан биеийг ч бас эзлэн авсан. Ийм махан бие, ийм хүн төрөлхтөн яаж Бурханыг эсэргүүцэхгүй байж чадах юм бэ? Тэд Түүнтэй төрөлхөөсөө нийцэлтэй байж яаж чадах юм бэ? Сатан Надаас урвасан учраас Би түүнийг агаар луу доош хаясан. Тэгвэл хүмүүс яаж үүнээс ангижирч чадах юм бэ? Ийм учраас урвалт бол хүний уг чанар юм. Та нар энэ шалтгааныг ойлгомогцоо Христийн мөн чанарт ч бас тодорхой хэмжээгээр итгэх учиртай гэж Би итгэж байна. Бурханы Сүнсний өмссөн махбод нь Бурханы Өөрийнх нь махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд; Тэрээр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний махбод ч бас эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм махбод нь зөвт, хүн төрөлхтөнд ач тустай зүйлийг, мөн ариун, алдар суутай, сүр хүчтэй зүйлийг л хийж чаддаг; Тэрээр үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчдөг юуг ч хийж чадахгүй, Бурханы Сүнснээс урвах ямар нэг зүйлийг хийж бүр ч чадахгүй. Бурханы Сүнс ариун тул Түүний махбодыг Сатан завхруулах аргагүй; Түүний махбод хүний махан биеэс өөр мөн чанартай. Учир нь, Сатан Бурханыг биш, хүнийг завхруулсан; Сатан Бурханы бие махбодыг завхруулж яавч чадахгүй. Тиймээс хүн, Христ хоёр ижил газар амьдран суудаг баримтаас үл хамааран зөвхөн хүнийг л Сатан эзэмдэж, ашиглаж, бас урхиддаг. Үүнээс ялгаатай нь Христ үүрд Сатаны завхралд авташгүй, учир нь Сатан хамгийн өндөр газарт хүрч, Бурханд ойртон очиж хэзээ ч чадахгүй. Өнөөдөр, Сатаны завхруулсан хүн төрөлхтөн л Надаас урвадаг гэдгийг та нар бүгд ойлгох ёстой. Урвалт нь Христтэй өчүүхэн ч хамаагүй асуудал юм.

Сатаны завхруулсан бүх сүнс Сатаны эрхшээлд олзлогдсон байдаг. Христэд итгэдэг хүмүүс л тусгаарлагдаж, Сатаны баазаас аврагдаж, өнөөдрийн хаанчлалд хүргэгдсэн. Энэ хүмүүс цаашид Сатаны нөлөөн дор амьдрахгүй. Тэгсэн ч гэсэн, хүний уг чанар махан биед нь үндэслэсэн хэвээр байдаг, өөрөөр хэлбэл, та нарын сүнс аврагдсан ч уг чанар чинь урьдынх шигээ хэвээр байдаг бөгөөд Надаас урвах магадлал чинь зуун хувь хэвээр үлдэнэ. Тийм учраас, та нарын уг чанар хэтэрхий гуйвшгүй тул Миний ажил ийм удаан үргэлжилдэг. Одоо та нар үүргээ биелүүлэхдээ чадлынхаа хэрээр зовлон бэрхшээл туулж байгаа ч дор бүрнээ Надаас урваж, Сатаны эрхшээл рүү, түүний бааз руу буцаж, хуучин амьдралдаа эргэн орж чадна—энэ бол үгүйсгэхийн аргагүй баримт юм. Тэр үед та нар одоогийнх шигээ бага зэргийн хүн чанартай, хүний төрхтэй байх боломжгүй болно. Ноцтой тохиолдолд, та нар устгагдана, түүнээс гадна хэзээ ч дахин төрлөө олохгүйгээр үүрд мөхөж, хатуу шийтгүүлнэ. Энэ бол та нарын өмнө тулгарсан асуудал юм. Би нэгдүгээрт, ажлаа талаар болгохгүйн тулд, хоёрдугаарт, та нарыг бүгдийг нь гэрэл гэгээтэй өдрүүдэд амьдруулахын тулд ийм маягаар та нарт сануулж байна. Үнэн хэрэгтээ Миний ажил талаар болох эсэх нь гол асуудал биш. Та нар аз жаргалтай амьдрал, гайхалтай сайхан ирээдүйтэй байж чадах нь гол чухал юм. Миний ажил бол хүмүүсийн сүнсийг аврах ажил. Хэрвээ чиний сүнс Сатаны гарт орвол, бие чинь амар тайван амьдрахгүй. Хэрвээ Би чиний биеийг хамгаалж байгаа бол сүнс чинь Миний халамжин дор байх нь гарцаагүй. Хэрвээ Би чамайг үнэхээр үзэн ядвал чиний сүнс болон бие тэр даруй Сатаны гарт орно. Тэр үед нөхцөл байдал чинь ямар байхыг чи төсөөлж чадах уу? Хэрвээ нэг л өдөр та нар Миний үгийг ойлгохгүй байвал Би уураа бүрэн гартал бүгдийг чинь Сатанд гардуулан өгч, шаналгаат тарчлаанд өртүүлнэ, эсвэл Надаас урвадаг зүрх сэтгэл чинь хэзээ ч өөрчлөгдөөгүй байх учраас засаршгүй хүмүүс та нарыг Би биечлэн шийтгэнэ.

Одоо та нар, дотор чинь Надаас урвах урвалт хэр их үлдсэнийг мэдэхийн тулд өөрсдийгөө аль болох хурдан шинжлэх ёстой. Та нарын хариуг Би тэсэн ядан хүлээж байна. Надтай харьцахдаа хуумгай бүү бай. Би хэзээ ч хүмүүстэй тоглоом тоглодоггүй. Хэрвээ Би ямар нэг юм хийнэ гэж хэлсэн бол гарцаагүй хийнэ. Би та нар дор бүрнээ Миний үгийг нухацтай авч үздэг хүмүүс байж, тэдгээрийг шинжлэх ухааны зөгнөлт зохиол мэт үзэхгүй гэдэгт Би найдаж байна. Би та нараас төсөөлөл биш, бодитой үйлдэл л хүсдэг. Дараа нь та нар Миний энэ асуултуудад хариулах ёстой:

1. Хэрвээ чи үнэхээр үйлчлэл үзүүлэгч мөн бол хайнга, сөрөг байдлын ямар ч элементгүйгээр Надад үнэнчээр үйлчлэл үзүүлж чадах уу?

2. Чамайг хэзээ ч үнэлж байгаагүйг минь олж мэдэх юм бол чи насан туршдаа үлдээд, Надад үйлчлэл үзүүлсээр байж чадах уу?

3. Чамайг ихээхэн хичээл зүтгэл гаргасан ч гэсэн Би чамд тун хүйтэн хөндий хандсаар байвал анзаарагдалгүйгээр Миний төлөө үргэлжлүүлэн ажиллаж чадах уу?

4. Чамайг Миний төлөө зарлага гаргасны дараа Би ялихгүй хүсэлтийг чинь биелүүлдэггүй бол чи сэтгэлээр унаж, Надад урам хугарах уу, эсвэл бүр уурсан хилэгнэж, хараал зүхэл хашхирах уу?

5. Хэрвээ чи Надад үргэлж маш үнэнч байж, Намайг ихэд хайрлаж байсан ч өвчин зовлон, ядуурлын тарчлаан амсаж, найз нөхөд, төрөл төрөгсдөдөө орхигдох юм уу амьдралдаа өөр золгүй явдал туулбал Намайг гэх үнэнч зан, хайр чинь үргэлжилсээр байх уу?

6. Зүрх сэтгэлдээ төсөөлсөн зүйлээс чинь нэг нь ч Миний хийсэнтэй таардаггүй бол чи ирээдүйн замдаа хэрхэн алхах вэ?

7. Хэрвээ чи хүртэнэ гэж найдаж байсан зүйлийнхээ нэгийг нь ч хүлээн авч чадахгүй бол Миний дагалдагч хэвээр байж чадах уу?

8. Хэрвээ чи Миний ажлын зорилго, ач холбогдлыг хэзээ ч ойлгож байгаагүй бол дураараа шүүлт хийж, дүгнэлт гаргадаггүй дуулгавартай хүн байж чадах уу?

9. Намайг хүн төрөлхтөнтэй хамт байх зуур чи Миний хэлсэн бүх үг, хийсэн бүх ажлыг эрхэмлэн нандигнаж чадах уу?

10. Чи ямар нэг юм хүлээн авахгүй байсан ч гэсэн, насан туршдаа Миний төлөө зовоход бэлэн, Миний үнэнч дагалдагч байж чадах уу?

11. Миний төлөө чи ирээдүйн амьдралын замаа бодолцон үзэхгүй, төлөвлөхгүй, бэлдэхгүй байж чадах уу?

Эдгээр асуулт та нарт тавих Миний сүүлчийн шаардлагыг төлөөлдөг бөгөөд та нар бүгд Надад хариулт өгч чадна гэж Би найдаж байна. Чи эдгээр асуултын ганц, хоёрыг нь л биелүүлсэн бол үргэлжлүүлэн чармайх ёстой. Хэрвээ чи эдгээр шаардлагаас ганцыг нь ч биелүүлж чадахгүй бол гарцаагүй там руу хаягдах төрлийн хүн юм. Ийм хүмүүст Би нэмж юм хэлэх шаардлагагүй, учир нь тэд Надтай нийцэж чадах хүмүүс яавч биш. Ямар ч нөхцөлд Надаас урваж чадах хүнийг Би яаж Өөрийн гэрт байлгаж чадах билээ? Ихэнх тохиолдолд Надаас мөн л урваж чадах хүмүүсийн тухайд бол Би өөр зохицуулалт хийхээсээ өмнө тэдний гүйцэтгэлийг ажиглана. Гэхдээ, ямар ч нөхцөл байдалд байсан бай, Надаас урваж чадах хүмүүсийг Би хэзээ ч мартахгүй; Би тэднийг сэтгэлдээ санаж, ёрын муу үйл хэрэгт нь хариу барих боломжийг хүлээнэ. Миний тавьсан шаардлагууд бол та нар өөрсдийгөө шалгах ёстой бүх асуудал юм. Та нар бүгд эдгээрийг нухацтай авч үзэн, Надтай хааш яаш харьцахгүй гэдэгт Би найдаж байна. Ойрын ирээдүйд Би та нарын өгсөн хариултыг Өөрийн шаардлагуудтай харьцуулан шалгана. Тэр үед Би та нараас өөр юу ч шаардахгүй, бас чин сэтгэлийн сануулга өгөхгүй. Оронд нь Би эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Үлдэх ёстой хүмүүс үлдэж, шагнуулах ёстой нь шагнуулж, Сатанд очих ёстой нь Сатанд өгөгдөж, хатуу шийтгүүлэх ёстой нь хатуу шийтгүүлж, мөхөх ёстой нь устгагдана. Ийнхүү Миний өдрүүдэд Намайг үймүүлэх нэг ч хүн байхаа болино. Чи Миний үгэнд итгэж байна уу? Залхаан цээрлүүлэлтэд итгэж байна уу? Намайг хуурч, Надаас урвадаг ёрын муу бүх хүнийг шийтгэнэ гэдэгт минь итгэдэг үү? Тэр өдөр удахгүй ирээсэй гэж чи хүсдэг үү, эсвэл дараа ирээсэй гэж хүсдэг үү? Чи шийтгэлээс үхтэлээ айдаг хүн үү, эсвэл шийтгэл хүлээх ёстой ч Намайг эсэргүүцэхийг илүүд үзэх хүн үү? Тэр өдөр ирэхэд чи баяр хөөр, инээд баясал дунд амьдрах уу, эсвэл уйлж, шүдээ хавирах уу гэдгээ төсөөлж чадах уу? Чи ямархуу төгсгөлтэй тулгарна гэж найдаж байна? Чи Надад зуун хувь итгэдэг үү, эсвэл зуун хувь эргэлздэг үү гэдгээ ер нь ноцтой бодож үзсэн үү? Үйлдэл, зан авир чинь ямар үр дагавар, төгсгөлд хүргэж болохыг чи ер нь нухацтай бодож байв уу? Миний бүх үг ээлж дараалан биелээсэй гэж чи үнэхээр хүсэж байна уу, эсвэл Миний үг ар араасаа биелнэ гэхээс үхтэлээ айж байна уу? Хэлсэн үгээ биелүүлэхийн тулд удахгүй явна гэдэгт минь чи итгэдэг бол үг, үйлдэлдээ хэрхэн хандах ёстой вэ? Хэрвээ чи Намайг яваасай гэж хүсдэггүй, Миний бүх үг шууд биелээсэй гэж хүсдэггүй бол ер нь яагаад Надад итгэдэг юм бэ? Чи яагаад Намайг дагаж байгаагаа үнэхээр мэдэж байна уу? Чи мэдлэгийн хүрээгээ л тэлэх зорилготой бол өөртөө ингэж төвөг удах шаардлагагүй. Хэрвээ ерөөгдөж, айсуй гамшгаас мултрахын төлөө бол чи яагаад биеэ авч явах байдалдаа санаа зовохгүй байгаа юм бэ? Миний шаардлагыг биелүүлж чадах эсэхээ өөрөөсөө яагаад асуухгүй байгаа юм бэ? Хожмын ерөөлийг хүртэх эрхтэй эсэхээ өөрөөсөө яагаад асуухгүй байгаа юм бэ?

Өмнөх: Тун ноцтой асуудал: Урвалт 1

Дараах: Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх