11.4. Бурхан бүх зүйлийн амийн эх сурвалж болох тухай
583. Амийн зам бол хэн хүний эзэмшиж чадах зүйл биш, хүн бүрийн хялбархан олж авч чадах зүйл ч биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба Бурханд Өөрт нь л амийн зам бий. Иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан амийн эрч хүчийг агуулсан асар их ажил хийсэн, хүнд амь авчрах ихээхэн ажил хийсэн, хүнд амь олж авах боломж олгохын тулд асар их төлөөс төлсөн. Учир нь Бурхан Өөрөө мөнх амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулж чадах зам билээ. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг ямагт хүмүүсийн дунд амьдардаг. Тэрээр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, төрснөөс нь хойших хүний оршин тогтнолын баялаг нөөц билээ. Тэрээр хүмүүсийг дахин төрүүлж, өөрсдийн үүрэг рольдоо тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчинд түшиглээд хүн үеэс үед амьдарсан, харин Бурханы амийн хүч нь хүмүүсийн дунд байнга дэмжлэгээр хангаж ирсэн бөгөөд Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй төлөөсийг төлсөн юм. Бурханы амийн хүч ямар ч хүч чадлыг дийлж чадна; үүнээс ч илүүтэйгээр ямар ч хүч чадлаас давдаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч дийлж чадахгүй. Бурханы амийн хүч цаг хугацаа, орон зайг үл хамааран оршиж, нүд гялбам цацрагаа цацруулдаг. Тэнгэр газарт үлэмж их өөрчлөлт гардаг ч Бурханы амь үүрд нэг хэвээр байдаг. Бүх зүйл өнгөрөн оддог ч Бурханы амь оршин тогтносоор л байх болно. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, бүх зүйл түшиглэн оршин тогтнодог үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй, газрын оршин тогтнол ч бас Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанартай ямар ч зүйл Бурханы дээд эрхийг даван гарч чадахгүй, ямар ч эрч хүчтэй зүйл Бурханы эрх мэдлийн цар хүрээнээс зугтаж чадахгүй. Ийм маягаар хэн ч бай бүх хүн Бурханы ноёрхолд бууж өгч, бүх хүн Бурханы хяналтан дор амьдрах ёстой, хэн ч Бурханы гараас мултарч чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна
584. Бурхан бүх зүйлийг бүтээсэн цаг мөчөөс хойш Түүний тогтоосон хуулиудын дагуу бүх зүйл дэг журамтайгаар ажиллаж, тасралтгүй ахиж хөгжсөөр ирсэн. Түүний харц, Түүний захиргаан дор хүн төрөлхтөн амьд оршихтой зэрэгцэн бүх зүйл дэг журамтайгаар хөгжсөөр ирсэн. Эдгээр хуулийг өөрчлөх юм уу устгаж чадах зүйл юу ч үгүй. Бурханы захиралтаас болж бүх зүйл үржиж чаддаг, Түүний захиралт болон удирдлагаас болж бүх зүйл амьд оршиж чаддаг. Өөрөөр хэлбэл, Бурханы захиргаан дор бүх зүйл дэг журамтайгаар оршин тогтнож, өсөж бойжоод, алга болж, дахин төрдөг. Хавар болоход шиврээ бороо шинэхэн улирлын мэдрэмжийг авчирч, газар дэлхийг чийглэнэ. Газар шороо гэсэж, өвс ногоо газрын хөрсийг түрэн гарч ирээд, нахиалж эхлэхэд, модод аажмаар ногоордог. Энэ бүх амьд зүйл газар дэлхийд шинэхэн эрч хүч авчирдаг. Бүх зүйл бий болж, өсөж ургахдаа ингэж харагддаг. Бүх төрлийн амьтад ичээнээсээ гарч, хаврын дулаан илчийг мэдэрч, шинэ жилийг эхлүүлдэг. Бүх зүйл зундаа халуунд нарлаж, улирлаа даган ирсэн дулааныг таашаадаг. Тэд хурдан ургадаг. Мод, өвс ногоо гээд бүх төрлийн ургамал маш хурдан ургаж, эцэст нь цэцэглэж, жимсэлдэг. Хүмүүсийг оролцуулаад бүх зүйл зундаа завгүй байдаг. Намрын улиралд бороо намар цагийн сэрүүнийг авчирч, төрөл бүрийн амьтад ургац хураалтын улирал ирснийг мэдэрч эхэлдэг. Бүх оршихуй үр жимсээ өгч, хүмүүс өвлийн хоол хүнсээ бэлтгэхийн тулд эдгээр янз бүрийн жимсийг хурааж эхэлдэг. Өвөл ирэхэд хүйтэнд бүх зүйл аажмаар амарч, нам гүм болж эхэлдэг бөгөөд хүмүүс ч бас энэ улиралд амарч авдаг. Улирлаас улиралд, хавраас зун, намар, өвөл рүү шилжих эдгээр өөрчлөлт нь бүгд Бурханы тогтоосон хуулийн дагуу явагддаг. Тэр эдгээр хуулийг ашиглан бүх зүйл болон хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг бөгөөд хүн төрөлхтөнд зориулан баялаг, өнгөлөг амьдралын замыг бүтээж өгч, өөр өөр температур, улиралтай амьд орших орчныг бэлтгэсэн. Тиймээс амьд орших иймэрхүү дэг журамтай орчинд хүмүүс амьд оршиж, дэг журамтайгаар өсөж үрждэг. Хүмүүс эдгээр хуулийг өөрчилж чадахгүй, хэн ч, юу ч үүнийг эвдэж чадахгүй. Тоо томшгүй олон өөрчлөлт гарч—далай тэнгис тал газар болж, тал газар далай тэнгис болсон ч—энэ хуулиуд оршсоор байгаа. Тэдгээр нь Бурхан оршдог учраас, Түүний захиралт, удирдлагаас болж оршдог. Ийм дэг журамтай, томоохон орчинд хүмүүсийн амьдрал эдгээр хууль, зүй тогтлын дагуу үргэлжилдэг. Эдгээр хуулийн дор хүмүүс үеэс үед өсөн хүмүүжиж, үеэс үед амьд үлдсэн. Энэхүү дэг журамтай амьдрах орчныг болон Бурханы үеэс үед бүтээсэн олон зүйлийг бүгдийг нь хүмүүс эдэлсэн. Хэдийгээр хүмүүст иймэрхүү хуулиуд угаасаа л байдаг зүйл мэт санагдаж, эдгээрийг байх л ёстой зүйл мэт үл тоомсорлож, Бурхан эдгээр хуулийг зохион байгуулж, Бурхан эдгээр хуулийг захирч байгааг мэдэрч чаддаггүй хэдий ч, ямартай ч Бурхан энэ хувиршгүй ажлыг үргэлж хийдэг. Энэхүү хувиршгүй ажил дахь Түүний зорилго нь хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн төрөлхтөн үргэлжлүүлэн амьдарч болох юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IX
585. Бүх зүйлийн үйл ажиллагааг удирддаг зүй тогтлыг Бурхан захирдаг; Тэрээр бүх зүйлийн амьдралыг удирддаг зүй тогтлыг захирдаг; Тэр бүх зүйлийг хянаж, бие биедээ хүч нэмж, түшиглэдэг болгосноор тэд мөхдөггүй, алга болдоггүй. Зөвхөн ингэснээр хүн төрөлхтөн амьдарсаар байж чадна; зөвхөн ингэснээр Бурханы удирдлага дор ийм орчинд амьдарч чадна. Бурхан бол үйл ажиллагааны эдгээр зүй тогтлыг Захирагч бөгөөд хэн ч хөндлөнгөөс оролцож, тэдгээрийг өөрчилж чадахгүй; Бурхан Өөрөө л энэ зүй тогтлуудыг мэддэг, бас Бурхан Өөрөө л удирддаг. Модод хэдийд нахиалах; бороо хэдийд орох; газраас ургамал ногоонд газар хэр их ус, хэр зэрэг шим тэжээл өгөх; ямар улиралд навчис унах; ямар улиралд мод жимслэх; нарны гэрэл модонд хэр их шим тэжээл өгөх; нарны гэрлээс шим тэжээл аваад мод юу ялгаруулах—энэ бүхнийг Бурхан бүх зүйлийг бүтээхдээ урьдчилан зохицуулсан бөгөөд хэн ч зөрчиж чадахгүй зүй тогтлууд юм. Бурханы бүтээсэн зүйлс амьд ч бай, эсвэл хүний нүдэнд амьгүй гэж харагддаг ч бай, бүгдээрээ Бурханы гарт байдаг ба Бурхан тэдгээрийг хянаж, захирдаг. Хэн ч энэ зүй тогтлыг өөрчилж, эсвэл зөрчиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээхдээ ямар байхыг буюу газар байхгүйгээр мод үндэслэж, соёолж, ургаж чадахгүй байсан; хэрвээ газарт ямар ч мод байгаагүй бол газар хатах байсан; мод бол шувуудын орон гэр бөгөөд салхинаас хоргодох нөмөр нь болно гэдгийг урьдаас тогтоочихсон. Мод хөрсгүйгээр ургаж чадах уу? Яавч үгүй. Энэ нь нар, бороогүйгээр байж чадах уу? Бас л чадахгүй. Энэ бүхэн хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө байдаг. Хүн модноос цэвэр агаар авдаг ба модоор хамгаалагдсан газар дээр амьдардаг. Хүн нарны гэрэл болон бусад янз бүрийн амьд зүйлгүйгээр амьдарч чадахгүй. Хэдий эдгээр хамаарал нарийн төвөгтэй боловч чи үүнийг санаж байх ёстой: Бурханы бүтээсэн бүх зүйлийн зүй тогтлоор бол бүх зүйл харилцан хамааралтай, уялдаа холбоотой байдлаар оршин байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл нэг бүрийн оршин тогтнол үнэ цэн, ач холбогдолтой. Хэрвээ Бурхан ач холбогдолгүй зүйл бүтээсэн бол Бурхан үүнийг алга болгох байсан. Энэ бол бүх зүйлийн хэрэгцээг хангахдаа Бурханы ашигладаг аргуудын нэг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII
586. Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэдгээрийг тэнцвэртэй байлгаж, уулс болон нуурууд, ургамал болон бүх төрлийн амьтад, шувууд, шавж хорхойн амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд бүх төрлийн арга, замыг ашигласан. Түүний зорилго бол бүх төрлийн амьд зүйлийг Өөрийн тогтоосон хуулийн дор амьдарч, үржих боломж олгох явдал байсан. Бүтээгдсэн нэг ч зүйл эдгээр хуулийн хүрээнээс давж гарч чадахгүй, хуулийг зөрчиж чадахгүй. Зөвхөн ийм үндсэн орчинд л хүмүүс үеэс үед аюулгүй амьд оршиж, үржиж чадна. Хэрвээ аливаа амьд амьтан Бурханы тогтоосон тоо хэмжээ, цар хүрээнээс давж гарвал, Түүний тушаасан өсөлтийн хурд, үржлийн давтамж, тоо хэмжээнээс хэтэрвэл, хүн төрөлхтний амьдрах орчин янз бүрийн хэмжээгээр сүйрэлд өртөнө. Үүний зэрэгцээ, хүн төрөлхтний амьд орших эсэхэд заналхийлнэ. Хэрвээ нэг төрлийн амьтан хэт их тоотой байвал хүмүүсийн хоол хүнсийг булаан авч, усны эх үүсвэрийг сүйтгэж, төрөлх нутгийг нь үгүй хийх болно. Ийм маягаар хүн төрөлхтний нөхөн үржих, амьд орших байдалд шууд нөлөөлнө… Зохих ёсны тоо хэмжээнээсээ хэтэрсэн нэг юм уу хэд хэдэн төрлийн амьд амьтан л байхад хүн төрөлхтний амьдрах орон зай дахь агаар, температур, чийгшил, тэр ч бүү хэл агаарын найрлага хүртэл хордож, янз бүрийн түвшинд сүйдэх болно. Ийм нөхцөл байдалд хүмүүсийн оршин тогтнол хийгээд хувь заяанд мөн эдгээр экологийн хүчин зүйл заналхийлнэ. Тэгэхээр, хэрвээ эдгээр тэнцвэр алдагдвал хүмүүсийн амьсгалах агаар сүйдэж, уух ус нь бохирдож, шаардагдах температур нь ч бас янз бүрийн түвшинд өөрчлөгдөж, нөлөөлөлд өртөх болно. Тийм зүйл тохиолдвол, хүн төрөлхтөнд угаас байсан амьдрах орчин нь асар их нөлөөлөлд өртөж, бэрхшээл учрах болно. Хүмүүсийн амьдрах үндсэн орчин сүйтгэгдсэн ийм нөхцөлд хүн төрөлхтний хувь заяа, ирээдүй ямар болох вэ? Энэ бол маш ноцтой асуудал! Бүтээгдсэн зүйлс хүн төрөлхтний төлөө ямар шалтгаанаар оршин байдгийг, Өөрийнх нь бүтээсэн төрөл зүйл бүрийн үүрэг юу болохыг, хүн төрөлхтөнд ямар нөлөө үзүүлдгийг, хүн төрөлхтөнд ямар хэмжээний ашиг тус авчирдгийг Бурхан мэддэг учраас, мөн энэ бүгдэд зориулсан төлөвлөгөө Бурханы зүрх сэтгэлд байдаг бөгөөд Тэр бүтээсэн бүх зүйлийнхээ тал бүрийг удирддаг учраас Түүний хийдэг юм бүхэн хүн төрөлхтөнд маш чухал, шаардлагатай байдаг. Тиймээс одоогоос эхлэн, чи Бурханы бүтээсэн зүйлсийн дундаас зарим нэг экологийн үзэгдэл харахдаа, эсвэл Бурханы бүтээсэн зүйл дундаас зарим нэг байгалийн хууль хэрэгжиж байгааг харах болгондоо Бурханы бүтээсэн юм бүхэн байх шаардлагатай эсэхэд эргэлзэхээ болино. Чи, бүх зүйлийг зохицуулж байгаа Бурханы зохицуулалт, хүн төрөлхтнийг хангаж байгаа Түүний янз бүрийн арга замыг дур зоргоороо шүүмжилж, увайгүй үг хэрэглэхээ болино. Чи мөн бүтээсэн бүх зүйлдээ зориулсан Бурханы хуулийн талаар дур зоргоороо дүгнэлт гаргахаа болино.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IX
587. Хэрвээ бүтээлийн бүх зүйлийн өөрийн гэсэн зүй тогтол нь алдагдвал цаашид оршин тогтнож чадахаа болино; хэрвээ бүх зүйлийн зүй тогтол алдагдвал бүх зүйлийн дотор орших амьд зүйлс үргэлжлүүлэн оршиж чадахгүй. Хүн төрөлхтөн ч бас амьд оршихын тулд түшиглэн амьдардаг орчноо алдана. Хэрвээ хүн төрөлхтөн энэ бүхнийг алдвал цаашид амьдарч, үеэс үе дамжин өсөн үржиж, хөгжих боломжгүй болно. Хүмүүс өдийг хүртэл амьд оршиж байгаагийн шалтгаан нь Бурхан янз бүрийн арга замаар хүн төрөлхтнийг тэжээн тэтгэхийн тулд бүтээлийн бүх зүйлээр тэднийг хангасаар ирсэнд оршдог. Бурхан хүн төрөлхтнийг янз бүрийн арга замаар тэжээн тэтгэж ирсэн учраас л тэд өдийг хүртэл амьд оршиж, өнөөдрийг хүртэл амьд үлдсэн юм. Тааламжтай бөгөөд байгалийн хууль нь дэг журамтай ийм тогтсон орчин байгаа болохоор дэлхийн өөр өөр төрлийн бүх хүн, өөр өөр төрлийн бүх үндэстэн тогтсон орон зайдаа амьд оршиж чаддаг. Хэн ч энэ орон зай, эдгээрийн хоорондох хил хязгаараас давж гарч чадахгүй, учир нь Бурхан тэднийг тогтоосон юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IX
588. Сүнсний ертөнц бол материаллаг ертөнцөөс өөр, чухал газар юм. Би яагаад үүнийг чухал гэж хэлж байна вэ? Бид энэ талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Сүнсний ертөнцийн оршин тогтнол нь хүн төрөлхтний материаллаг ертөнцтэй салшгүй холбоотой. Бүх зүйлийг захирах Бурханы ноёрхол дахь хүний амьдрал, үхлийн мөчлөгт энэ нь чухал үүрэг гүйцэтгэдэг; энэ бол сүнсний ертѳнцийн үүрэг бөгөөд оршин тогтнол нь чухал байдгийн нэг шалтгаан юм. Энэ нь таван мэдрэхүйгээр ялган таних аргагүй газар учраас сүнсний ертөнц оршин байдаг эсэхийг хэн ч үнэн зөв магадалж чаддаггүй. Сүнсний ертөнцийн янз бүрийн хөдөлгөөн нь хүний оршин тогтнолтой нягт холбоотой байдгийн улмаас хүн төрөлхтний амьдралын дэг жаягт ч бас сүнсний ертөнц асар их нөлөөлдөг. Үүнд Бурханы дээд эрх хамаатай юу, үгүй юу? Хамаатай. Намайг ингэж хэлэхээр та нар яагаад энэ сэдвээр ярилцаж байгааг минь ойлгоно: Учир нь, Бурханы дээд эрхээс гадна, Түүний захиргаа үүнд хамаатай. Хүмүүст үл үзэгдэх ийм ертөнцийн бүх тэнгэрлэг тушаал, зарлиг, захиргааны тогтолцоо нь материаллаг ертөнцийн аль ч улсын хууль, тогтолцооноос хавьгүй дээгүүр байдгийн дээр энэ ертөнцөд амьдардаг ямар ч зүйл эдгээрийг зөрчиж, халдаж зүрхлэхгүй. Энэ нь Бурханы дээд эрх, захиргаатай холбоотой юу? Сүнсний ертөнцөд тодорхой захиргааны зарлиг, тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж бий. Өөр өөр түвшин, янз бүрийн талбарт харгалзагч нар үүргээ чанд баримталж, дүрэм журмыг мөрддөг, учир нь тэд тэнгэрлэг тушаалыг зөрчихийн үр дагавар юу болохыг мэддэг; Бурхан хэрхэн мууг шийтгэж, сайныг шагнадаг, Тэр бүх зүйлийг хэрхэн удирдаж, захирдгийг тодорхой мэддэг. Түүнчлэн, Тэр тэнгэрлэг тушаал, хууль тогтоомжоо хэрхэн хэрэгжүүлдгийг тэд тодорхой хардаг. Эдгээр нь хүн төрөлхтний оршин суудаг материаллаг ертөнцөөс ялгаатай юу? Үнэндээ асар их ялгаатай. Сүнсний ертөнц нь материаллаг ертөнцөөс огт өөр ертөнц юм. Тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж байдаг болохоор Бурханы дээд эрх, захиргаа, мөн түүнчлэн Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохтой энэ нь хамаатай.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X
589. Бурхан сүнсний ертөнцөд олон төрлийн тэнгэрлэг тушаал, зарлиг, тогтолцоо бий болгосон бөгөөд эдгээрийг тунхагласны дараа сүнсний ертөнцөд янз бүрийн албан тушаалын оршихуйнууд, Бурханы тогтоосны дагуу тэдгээрийг маш чанд мөрддөг, хэн ч үүнийг зөрчиж зүрхэлдэггүй. Иймээс хүний ертөнц дэх хүн төрөлхтний амьдрал, үхлийн мөчлөгт амьтны, эсвэл хүний төрлийн алийг нь ч хүн олсон бай, хоёуланд нь хууль дүрэм бий. Эдгээр хууль дүрэм Бурханаас ирдэг учир хэн ч зөрчиж зүрхэлдэггүй, зөрчиж ч чадахгүй. Бурханы энэхүү дээд эрхийн улмаас, мөн ийм хууль дүрэм байдаг учраас л хүмүүсийн хардаг материаллаг ертөнц нэгэн жигд, эмх цэгцтэй байдаг; Бурханы энэхүү дээд эрхийн улмаас л хүн төрөлхтөн өөрсдөд нь огт үл үзэгдэх өөр ертөнцтэй амар тайван зэрэгцэн оршиж, зохицон амьдарч чаддаг—энэ бүгд нь Бурханы дээд эрхээс салгахын аргагүй юм. Хүний махан биеийн амь үхсэний дараа сүнс нь амьд хэвээр байдаг учраас хэрвээ Бурханы захиргаа байдаггүй байсан бол юу болох байсан бэ? Сүнс нь хаа сайгүй хэрэн тэнүүчилж, энд тэндгүй үймүүлж, хүний ертөнц дэх амьд зүйлсийг хүртэл хорлох байсан юм. Ийм хор хохирол зөвхөн хүн төрөлхтөнд төдийгүй, мөн ургамал, амьтанд ч учрах байсан, гэвч хамгийн түрүүнд хүмүүс хорлогдох байлаа. Ийм зүйл болсон бол, ийм сүнс захиргаагүй байж, хүнийг үнэхээр хорлож, үнэхээр хорон муу зүйл хийсэн бол, сүнсний ертөнцөд авбал зохих арга хэмжээг энэхүү сүнсэнд мөн авах байв. Хэрвээ асуудал ноцтой байвал тэрхүү сүнс удалгүй оршин тогтнохоо больж, устгагдах болно. Хэрвээ боломжтой бол хаа нэг газар байрлуулж, дараа нь дахин төрлийг олуулах байв. Өөрөөр хэлбэл, янз бүрийн сүнсийг захирах сүнсний ертөнцийн захиргаа дэг журамтай байдаг, үе шат, дүрэм журмын дагуу хэрэгждэг. Тийм захиргаа байдаг учраас л хүн төрөлхтний материаллаг ертөнц эмх замбараагүй байдалд ороогүй бөгөөд материаллаг ертөнцийн хүмүүс хэвийн сэтгэхүй, хэвийн эрүүл ухаантай, махан биеийн дэг журамтай амьдралтай байдаг. Хүн төрөлхтөн ийм хэвийн амьдралтай байсны дараа л махан биед амьдардаг хүмүүс үеэс үед хөгжиж, өсөн үржсээр байж чадна.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X
590. Амьд зүйлсийн үхэл буюу бие махбодын амь төгсөх нь амьд зүйл, материаллаг ертөнцөөс сүнсний ертөнц рүү одсоныг илтгэдэг бол, шинэ бие махбодын амь төрөх нь амьд зүйл сүнсний ертөнцөөс материаллаг ертөнцөд ирж, үүргээ хүлээн авч, гүйцэтгэж эхэлснийг илтгэдэг. Оршихуйн явах ч бай, ирэх ч бай, аль аль нь сүнсний ертөнцийн ажилтай салшгүй холбоотой. Хүн материаллаг ертөнцөд ирэх үед түүний очих гэр бүл, төрөх эрин үе, ирэх цаг, гүйцэтгэх үүрэгт нь тохирох зохицуулалт, тодорхойлолтыг Бурхан сүнсний ертөнцөд аль хэдийн бий болгосон байдаг. Иймээс энэ хүний бүхий л амьдрал—түүний хийдэг зүйлс, сонгодог зам—сүнсний ертөнцөд хийсэн зохицуулалтын дагуу өчүүхэн ч хазайлгүйгээр явагддаг. Түүнчлэн, бие махбодын амь төгсөх цаг, төгсөх байдал, газар сүнсний ертөнцөд тодорхой, ойлгомжтой байдаг. Бурхан материаллаг ертөнцийг, мөн сүнсний ертөнцийг захирдаг, Тэр сүнсний амьдрал, үхлийн хэвийн мөчлөгийг саатуулахгүй, мөн тэрхүү мөчлөгийн зохицуулалтад ямар ч алдаа гаргаж чадахгүй. Сүнсний ертөнцийн албан тушаалд байгаа харгалзагчид дор бүрнээ Бурханы заавар, дүрэм журмын дагуу өөрсдийн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, хийх ёстой зүйлээ хийдэг. Иймээс хүн төрөлхтний ертөнцөд хүний харж буй материаллаг үзэгдэл болгон дэг журамтай, эмх цэгцтэй байдаг. Энэ бүхэн нь Бурхан бүх зүйлийг эмх цэгцтэй захирдаг, мөн түүнчлэн Түүний эрх мэдэл бүх зүйлийг захирдаг гэсэн бодит үнэнээс болдог бөгөөд Түүний ноёрхолд хүний амьдардаг материаллаг ертөнц, түүнчлэн хүн төрөлхтний цаана байгаа үл үзэгдэх сүнсний ертөнц багтдаг. Иймээс хэрвээ хүмүүс сайхан амьдралтай байхыг хүсэж, сайхан орчинд амьдарна гэж найдаж байвал нүдэнд харагддаг бүхий л материаллаг ертөнцөөр хангагдахаас гадна хэний ч харж чадахгүй, хүн төрөлхтний өмнөөс бүх амьд зүйлийг захирч, эмх цэгцтэй байдаг сүнсний ертөнцөөр мөн хангагдах ёстой.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X
591. Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс үүрэг хариуцлагаа биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон Түүний томилгооны төлөө чи үүрэг ролио гүйцэтгэж, амьдралын аянаа эхэлдэг. Чиний гарал үүсэл ямар байх, урд чинь ямар аян хүлээж байх нь хамаагүй, товчхондоо, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй, хэн ч өөрийн хувь заяаг хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм ажил хийх чадвартай. Хүн оршин тогтнох болсон үеэс хойш Бурхан ажлаа үргэлж ийм маягаар гүйцэтгэж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хууль болон шилжилт хөдөлгөөнийг нь чиглүүлж ирсэн билээ. Бүх зүйлийн адилаар хүн Бурханы амттан, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүй Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл, сүнс Бурханы атганд байдаг бөгөөд амьдралынх нь бүх зүйл Бурханы нүдэн дээр байдаг. Энэ бүхэнд итгэх эсэх чинь хамаагүй, амьтай ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэж, алга болдог. Ийм маягаар Бурхан бүх зүйлийг захирдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж
592. Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь өгсөн амьд оршихуй болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх тавилантай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд оршихуй болгоныг өсөж, нас бие гүйцэх хүртэл нь тэтгэдэг. Энэ явцад хүн Бурханы халамж дор оршин тогтнож, өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин ч хүн эцэг эхийнхээ хүмүүжлийн нигүүлсэл дор өсөж байгаа ба өөрийнх нь амийн зөн совин л өсөлтийг нь чиглүүлдэг хэмээн боддог. Учир нь өөрийнх нь амийг хэн өгч, амь нь хаанаас ирснийг хүн мэддэггүй, амийн зөн совин хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй. Хоол хүнс бол амь нь үргэлжлэхийн үндэс, цөхрөлтгүй байдал бол оршин тогтнолынх нь эх сурвалж, оюун санаан дахь итгэл нь оршин тогтнохдоо түшиглэх хөрөнгө гэдгийг л тэр мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт анзаардаггүй, ийм маягаар өөрт нь Бурханы өгсөн амийг дэмий үрдэг… Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг ганц ч хүн Бурханыг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан зүгээр л төлөвлөсөн ёсоороо, ямар ч горьдлогогүй хүн дээр үргэлжлүүлэн ажилладаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэн, утга учир, хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөс болон хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн цөхрөлтгүй хүсэн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг…
Энэ дэлхийд ирсэн хүн бүхэн амьдрал, үхлийг туулах ёстой бөгөөд тэдний ихэнх нь үхэл, дахин төрөлтийн мөчлөгөөр дамжин өнгөрсөн. Амьдарч байгаа нь удахгүй үхэж, үхсэн нь удахгүй эргэн ирнэ. Энэ бүхэн нь амьд бодгаль болгонд зориулан Бурханы зохицуулсан амийн замнал билээ. Гэвч энэ замнал, энэ мөчлөг яг нарийндаа Бурханы хүнд харуулахыг хүсдэг баримт юм: хүнд Бурханы өгсөн амь эцэс төгсгөлгүй, махан бие, цаг хугацаа, орон зайд баригддаггүй. Энэ бол Бурханы хүнд хайрласан амийн нууц бөгөөд амь Түүнээс ирсэн гэдгийн нотолгоо билээ. Олон хүн хүний амь Бурханаас ирсэн гэж боддоггүй байж болох ч Бурханы оршин тогтнолд итгэдэг, эсвэл үүнийг үгүйсгэдэг эсэхээс үл хамааран хүн Бурханаас ирдэг бүхнийг зайлшгүй эдэлдэг. Хэрвээ нэг өдөр Бурхан гэнэт бодлоо өөрчилж, дэлхий дээр оршдог бүхнийг эргүүлэн авахыг хүсэж, өгсөн амиа буцаан авбал бүх зүйл үгүй болно. Бурхан өөрийн амиар амьтай, амьгүй бүх зүйлийг хангаж; Өөрийн агуу хүч, эрх мэдлээр бүхнийг дэг журамтай байлгадаг. Энэ бол хэний ч төсөөлж, ойлгож чадахгүй баримт, эдгээр ойлгохын аргагүй баримт бол яг таг Бурханы амийн хүчний илрэл, баталгаа билээ. Одоо Би чамд нэг нууц хэлье: Бурханы амийн агуу байдал болон Түүний амийн хүч чадлыг ямар ч бүтээгдсэн зүйл ухан ойлгохын аргагүй. Одоо ийм байгаа, урьд нь ийм байсан, мөн хожим ч тийм байх болно. Миний хэлэх хоёр дахь нууц бол: Бүх бүтээл амийн хэлбэр, бүтцээрээ хэчнээн өөр байх нь хамаагүй, амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг; чи ямар ч төрлийн амьд биет байсан, Бурханы тогтоосон амийн замыг зөрчиж чадахгүй. Ямартай ч хүн үүнийг ойлгоосой гэж л Би хүсдэг: Бурханы халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хэчнээн шаргуу хичээж, хэчнээн хүч гарган тэмцлээ ч гэсэн, хүртэх учиртай бүхнээ хүртэж чадахгүй. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдрахын үнэ цэн, амийн утга учрыг алддаг. Амийнх нь үнэ цэнийг дэмий үрдэг хүний ийм санаа амар байдлыг Бурхан яаж зөвшөөрч чадах юм бэ? Өмнө нь Миний хэлсэнчлэн, Бурхан бол чиний амийн эх сурвалж гэдгийг бүү март.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж
593. Бурхан бол бүх зүйлийг захирч, удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирдаж, захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Түүний ялгамж чанар юм. Бүх зүйл, байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар нь бүх бүтээлийн Бүтээгч агаад Захирагч мөн. Бурханд байдаг ялгамж чанар нь ийм, Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай, Бурханы бүтээлүүдийн нэг нь ч Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар нэг арга, шалтаг хэрэглэж болохгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл, бүтээлийг захирах чадвартай цорын ганц Нэгэн байдаг нь бидний цор ганц Бурхан Өөрөө билээ. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилждэг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газар дээр гарч чадна. Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцахын зэрэгцээ байгаа бүхнийг захирч бөгөөд байгаа бүхний хувь заяаг болон хаашаа явахыг нь шийддэг. Мөн түүнчлэн, Тэр бүх хүн төрөлхтний хувь заяаг замчилж, зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд бүх амьд зүйл шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй. Иймээс хүн төрөлхтний дунд чи ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Түүний захиргааг хүлээн зөвшөөрч, хувь заяаг чинь зохицуулах Бурханы зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх нь ямар ч хүн, аливаа бүх амьд зүйлийн хувьд цорын ганц, зайлшгүй сонголт юм. Бурханы цор ганц чанараас хүмүүс, Түүний эрх мэдэл, зөвт зан чанар, мөн чанар болон бүх зүйлийг хангаж буй арга зам нь бүгд тэр чигээрээ цор ганц болохыг хардаг; энэхүү цор ганц чанар нь Бурханы Өөрийнх нь жинхэнэ ялгамж чанарыг тодорхойлдгийн дээр, мөн Түүний байр суурийг тодорхойлдог. Иймд бүх бүтээгдсэн зүйлийн дотроос, сүнсний ертөнцөд, эсвэл хүн төрөлхтний дунд байдаг ямар нэгэн амьд зүйл Бурханы оронд зогсохыг хүссэн бол амжилт олох боломжгүй, Бурханы дүрд тоглохыг оролдох нь мөн л боломжгүй хэрэг. Энэ бол бодит баримт.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X
594. Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд