Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно
Чи Есүсийг харахыг хүсэж байна уу? Чи Есүстэй хамт амьдрахыг хүсэж байна уу? Чи Есүсийн хэлсэн үгийг сонсохыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол чи Есүсийг эргэн ирэхэд хэрхэн угтах вэ? Чи бүрэн бэлтгэсэн үү? Чи Есүсийг эргэн ирэхэд ямар байдлаар угтах вэ? Миний бодлоор Есүсийг дагадаг ах эгч болгон Түүнийг сайхан угтаж авахыг хүсдэг байх. Гэхдээ та нар ер нь ингэж бодож үзсэн үү: Есүсийг эргэн ирэх үед чи Түүнийг үнэхээр мэдэх үү? Түүний хэлсэн бүхнийг та нар үнэхээр ойлгох уу? Түүний хийдэг бүх ажлыг ямар ч болзолгүйгээр үнэхээр хүлээн авах уу? Библийг уншсан бүх хүн Есүс эргэн ирнэ гэдгийг мэддэг ба Библи уншсан бүх хүн Түүний эргэн ирэхийг анхааралтай хүлээдэг. Та бүгд тэр мөч ирэх тухайд л анхаардаг, та нарын үнэнч сэтгэл магтууштай, итгэл үнэмшил чинь үнэхээр атаархмаар, гэвч та нар ноцтой алдаа гаргаснаа ухаарсан уу? Есүс ямар байдлаар эргэн ирэх вэ? Есүсийг цагаан үүлэн дээр эргэн ирнэ гэдэгт та нар итгэдэг, гэхдээ Би та нараас асууя: Энэ цагаан үүл гэдэг нь юуг хэлдэг вэ? Өөрийнх нь эргэн ирэхийг маш олон дагагч нь хүлээж байхад Есүс ямар хүмүүсийн дунд бууж ирэх вэ? Есүс хамгийн түрүүнд та нарын дунд бууж ирвэл бусад нь үүнийг тун шударга бус гэж үзэх бус уу? Есүсийн төлөө гэсэн агуу чин сэтгэлтэй, үнэнч гэдгийг чинь Би мэдэж байна. Гэхдээ та нар Есүстэй ер нь уулзаж байсан уу? Та нар Түүний зан чанарыг мэдэх үү? Та нар ер нь Түүнтэй цуг амьдарч байсан уу? Та нар Түүний талаар үнэндээ хэр их ойлгодог вэ? Эдгээр үг өөрсдийг нь эвгүй байдалд орууллаа гэж зарим нь хэлнэ. Тэд: “Би Библийг эхнээс нь дуустал маш олон удаа уншсан. Би яаж Есүсийг ойлгож чадахгүй байх юм бэ? Есүсийн зан чанар байтугай, өмсөх дуртай байсан хувцасных нь өнгийг хүртэл би мэднэ. Намайг Та Түүнийг ойлгодоггүй гэж хэлэхдээ намайг басамжилж байгаа хэрэг биш үү?” гэх байх. Гэхдээ эдгээр асуудлаар маргах хэрэггүй гэж чамд Би зөвлөе; чи тайвшраад дараах асуултуудын талаар нөхөрлөсөн нь дээр: Нэгдүгээрт, чи бодит байдал гэж юу болохыг, мөн онол гэж юу болохыг мэдэх үү? Хоёрдугаарт, чи үзэл гэж юу болохыг болон үнэн гэж юу болохыг мэдэх үү? Гуравдугаарт, чи төсөөлөл гэж юу болохыг, бодит зүйл гэж юу болохыг мэдэх үү?
Зарим хүн Есүсийг ойлгодоггүй гэдгээ үгүйсгэдэг. Гэхдээ л та нар Түүнийг өчүүхэн ч гэсэн ойлгодоггүй, мөн Есүсийн ганц ч үгийг ойлгодоггүй гэж Би хэлдэг. Яагаад гэвэл, та нар дор бүрнээ Библийн тэмдэглэлүүд, мөн бусдын хэлсэн зүйлээс болж Түүнийг дагадаг. Та нар Есүсийг хэзээ ч харж байгаагүй, цуг амьдарч ч байгаагүй, Түүнтэй түр зуур ч хамт байгаагүй. Иймд Есүсийн талаарх та нарын ойлголт ердөө л онол төдий биш гэж үү? Энэ чинь бодит байдалгүй бус уу? Зарим хүн Есүсийн хөргийг харсан, эсвэл Есүсийн гэрт биечлэн очиж байсан байх. Магадгүй зарим нь Есүсийн хувцсанд хүрч байсан байх. Гэхдээ чи Есүсийн идсэн хоолыг биечлэн амссан байсан ч гэсэн, Түүний талаарх ойлголт чинь бодитой бус, онолынх хэвээр байдаг. Ямар ч тохиолдолд чи Есүсийг хараагүй, Түүний махбодтой хамт байгаагүй бол Есүсийн талаарх ойлголт чинь үргэлж бодит байдлаас тасархай, хоосон онол хэвээр байна. Миний үг чамд жаахан сонирхолгүй байж магад, тэгвэл Би чамаас ингэж асууя: Чи хамгийн их биширдэг зохиолчийнхоо олон бүтээлийг уншсан байж болох ч цагийг хамтдаа өнгөрүүлэлгүйгээр түүнийг бүрэн ойлгож чадах уу? Зан араншин нь ямрыг чи мэдэх үү? Ямаршуу амьдардгийг нь мэдэх үү? Сэтгэл санааных нь байдлын талаар ямар нэг зүйл мэдэх үү? Чи биширдэг хүнээ ч бүрэн ойлгож чадахгүй байгаа атлаа Есүс Христийг яаж ойлгож чадах юм бэ? Есүсийн талаар чиний мэдэх бүх зүйл ямар ч үнэн, бодит зүйлгүй, бүхэлдээ үзэл, төсөөлөл юм. Энэ чинь өмхий, бас махан биеэр дүүрэн. Ийм ойлголт яаж чамайг Есүсийг эргэн ирэх үед угтаж авах эрхтэй болгох вэ? Уран зөгнөл, махан биеийн үзлээр дүүрэн хүмүүсийг Есүс хүлээж авахгүй. Есүсийг ойлгодоггүй хүмүүс яаж Түүнд итгэгчид байхад тохирох билээ?
Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амь-үнэнийг эрэлхийлээгүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэр төдийхөнтэй зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Тэдний энэ итгэл нь утгагүй, хөгийн биш гэж үү? Би та нараас цааш нь асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь эрт үеийн фарисайчуудын алдааг гаргах нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялган таньж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэж чаддаг байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны хууран мэхлэлт гэж харах боломжтой ба махбодоор эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг голох явдалтай та нар нүүр тулна. Та нар ийм мунгинуу байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүсийг цагаан үүлэн дээр махбодоор эргэн ирэх үед Есүсийн ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: Үнэнийг хүлээн авдаггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ хэлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өгөх вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ ахин дахин улайх чин сэтгэл үү? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлын хөрөнгө үү? Эргэн ирсэн Есүсийг өөрсдөдөө итгүүлэхийн тулд та нар юу өгөх вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараа юу?
Та нар үгээрээ л үнэнч байдаг, та нарын мэдлэг бодол сэтгэлгээ, үзэлд оршдог, та нарын хөдөлмөр тэнгэрийн ерөөлийг олж авахын төлөө байдаг, тэгвэл итгэл чинь ямар болж таарах вэ? Өнөөдөр ч гэсэн та нар үнэний үг нэг бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэддэггүй, Еховагаас хэрхэн эмээхийг мэддэггүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэддэггүй, Бурханы Өөрийн ажил болон хүний төөрөгдүүлэлтийг хэрхэн ялгахаа мэддэггүй. Чи Бурханы илэрхийлсэн, бодолтой чинь нийцдэггүй үнэний үгийг яллахаа л мэддэг. Даруу байдал чинь хаана байна вэ? Дуулгавартай байдал чинь хаана байна вэ? Үнэнч байдал чинь хаана байна вэ? Үнэнийг эрж хайх хүсэл чинь хаана байна вэ? Бурханаас эмээдэг сэтгэл чинь хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэдэг хүмүүс бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодоор эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн авч чаддаггүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх төрөл юм. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Магадгүй тэр нь чиний хувьд маш сэтгэл догдлом мөч байж болох ч Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе бол бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, ёрын мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л тэдэнтэй харьцана. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар хянуур явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж бүү яар; түүнчлэн, Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, бодлогогүй бүү бай. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу агаад Бурханаас эмээдэг сэтгэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэр нь хямсганадаг хүмүүс бол мунхаг, мэдлэггүй хүмүүс юм. Үнэнийг сонссон мөртөө хайхрамжгүйгээр дүгнэлт хийх гэж яардаг, эсвэл үнэнийг ялладаг хүмүүс биеэ тоосон байдаг. Есүст итгэдэг хэн ч бай бусдыг харааж, яллах эрхгүй. Та нар бүгд эрүүл ухаантай, үнэнийг хүлээн авдаг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншаад, энэ 10,000 үгээс ганц нь л чиний бодол санаа болон Библитэй нийцэж байна гэж бодвол энэ 10,000 үгээс ганцыг нь чи цааш эрж хайх хэрэгтэй. Өөртөө хэт итгэлтэй байж, өөрийгөө хэт өндөрт өргөмжлөлгүйгээр даруу байхыг Би чамд бас зөвлөе. Өчүүхэн төдий ч болов Бурханаас эмээдэг сэтгэлтэй бол чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгийг анхааралтай шинжилж, ахин дахин тунгаавал эдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүн цөөн хэдэн өгүүлбэр уншчихаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ чинь Ариун Сүнсний бага зэрэг гэгээрлээс цаашгүй юм байна” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэж ирсэн хуурамч христ байна” гэж хэлнэ. Ингэж хэлдэг хүмүүс мэдлэггүй байдалдаа сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий өчүүхэн ойлголттой тул чамд Би дахиад эхнээс нь эхэл гэж зөвлөж байна! Та нар эцсийн өдрүүдэд хуурамч христүүд гарч ирдэг гээд Бурханы хэлсэн үгийг сохроор яллах ёсгүй, төөрөлдөхөөс айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Тэгвэл асар харамсалтай бус уу? Ихээхэн судалж шинжилснийхээ дараа ч чи эдгээр үг нь үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэж бодсоор байвал эцэстээ шийтгүүлж, ямар ч ерөөлгүй хоцорно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн авч чадахгүй бол Бурханаар авруулахад тохирохгүй бус уу? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн очих ерөөлгүй хүн биш гэж үү? Бодоод үз! Бодлогогүй, хуумгай бүү бай, Бурханд итгэх итгэлд тоглоом мэт бүү ханд. Хүрэх газрынхаа төлөө, хэтийн ирээдүйнхээ төлөө, амийнхаа төлөө бод, мөн өөрөөрөө бүү тогло. Чи эдгээр үгийг хүлээн авч чадах уу?