1000 Хагацах цаг боллоо
1 Бүтээлийн цаг үед Би, эцсийн өдрүүдэд Өөртэйгөө нэг санаатай бүлэг хүмүүсийг бий болгоно гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд газар дэлхий дээр жишиг тогтоосныхоо дараа оршин суудаг газар луугаа буцна гэж Би зөгнөсөн юм. Бүх хүн Намайг сэтгэл хангалуун болгомогцоо өөрсдөөс нь Миний шаардсан зүйлийг биелүүлсэн байх бөгөөд Би тэднээс ямар нэг зүйл хий гэж шаардахаа болино. Харин хүн бид хоёр хуучны өдөр хоногуудынхаа тухай түүхийг ярилцаад, дараа нь салан явцгаах болно. Бид тус тусын замаа хөөсний дараа хүмүүс Миний “өвийг” үргэлжлүүлж, амьдралынхаа туршид Миний заасан сургаалыг мартахгүй байж чадна гэж Би найдаж байна. Тэд Миний нэрд гутамшиг авчрах зүйл хийхгүй, харин Миний үгэнд хайхрамжтай хандана гэж Би найдаж байна. Намайг явсны дараа хүмүүс Намайг хангалуун байлгахын тулд хамаг чадлаараа хичээж чадна гэж Би найдаж байна; тэд Миний үгийг амьдралынхаа суурь болгон ашиглана, мөн Миний найдварыг хөсөрдүүлэхгүй гэж Би найдаж байна, учир нь Миний зүрх сэтгэл үргэлж хүмүүсийн төлөө зовниж, Би үргэлж тэдэнд сэтгэл татагдсаар ирсэн билээ.
2 Нэгэнтээ Би хүмүүстэй хамт цугларч, тэнгэрт байдагтай адил ерөөлийг газар дээр эдэлсэн. Би хүмүүстэй хамт амьдарч, тэдэнтэй хамт оршин суусан; хүмүүс Намайг үргэлж хайрлаж, Би тэднийг үргэлж хайрласан. Бид бие биетэйгээ ойр дотно байсан. Хүмүүстэй хамт байсан цагаа эргээд бодох үедээ Би инээд хөөр, баяр баяслаар дүүрэн өдрүүдээ санадаг, тэгэхэд бас хэрүүл маргаан ч байсан. Гэсэн ч бидний хайр үүн дээр л тогтсон ба бидний хоорондох харилцаа хэзээ ч тасраагүй. Олон жил харилцахдаа хүмүүс Надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн бөгөөд Би ч бас хүмүүст эдэлж болох асар олон зүйлийг өгсөн, үүний төлөө тэд үргэлж хоёр дахин их талархсаар ирсэн билээ. Одоо бидний цуглаан хэзээ ч урьдынхтай адил байхгүй; бидний салж хагацах энэ мөчөөс хэн зугтаж чадах билээ? Хүмүүс Намайг гүн гүнзгий хайрласан, Би ч тэднийг хязгааргүй хайрласан—гэхдээ одоо яалтай ч билээ дээ? Тэнгэрлэг Эцэгийн шаардлагыг хэн зөрчиж зүрхлэх билээ?
3 Би оршин суудаг газартаа буцан очоод, тэнд Өөрийнхөө ажлын өөр нэг хэсгийг гүйцээнэ. Магадгүй бидэнд дахин учрах боломж гарах байх. Хүмүүс хэт их гуниглалгүй, газар дэлхий дээр Намайг сэтгэл хангалуун байлгана гэж Би найдаж байна; тэнгэр дэх Миний Сүнс тэдэнд нигүүлслээ үргэлж хайрлана. Бидний дунд болсон бүх таагүй зүйл өнгөрсөнд үлдэг; бидний хооронд үргэлж хайр байг. Би хүмүүст маш их хайр өгсөн бөгөөд тэд Намайг хайрлахын тулд маш их төлөөс төлсөн юм. Тиймээс, бидний хоорондох хольцгүй, цэвэр ариун хайрыг хүмүүс нандигнаж, бидний хайр хүний ертөнц даяар түгж, үүрд мөнхөд өвлөгдөнө гэж Би найдаж байна. Дахин уулзахдаа бид хайраар холбогдсон хэвээр байж, бидний хайр мөнхөд үргэлжилж, бүх хүн үүнийг магтаж, түгээж байх болтугай. Энэ нь Намайг сэтгэл хангалуун болгож, Би хүмүүст инээмсэглэсэн царайгаа харуулах болно. Хүмүүс Миний захиасыг санаж явна гэж Би найдаж байна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 47-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав