10-р бүлэг

Чуулганыг байгуулах цаг үед Бурхан хаанчлалыг байгуулах талаар бараг дурдаагүй. Дурдах үедээ ч гэсэн тухайн үеийн хэлээр хэлсэн. Хаанчлалын эрин үе ирмэгц Бурхан чуулган байгуулах цаг үеийн тодорхой арга барил, үйл хэргийг ганцхан зураас татан хүчингүй болгосон бөгөөд эдгээрийн талаар дахин хэзээ ч ганц ч үг айлдаагүй билээ. Энэ нь яах аргагүй, үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй “Бурханы Өөрийн” үндсэн утга учир юм. Түүнчлэн өнгөрсөн үед аливаа зүйл хийгдсэн байж болох ч эцсийн эцэст тэдгээр нь улирсан баларсан эрин үеийн нэг хэсэг учраас Бурхан урьдын тийм үйл явдлуудыг Христийн өмнөх цаг хугацаанд тохиолдсон хэмээн ангилдаг, харин өнөө үеийг Христийн дараах цаг үе гэдэг. Чуулганыг байгуулах явдал нь хаанчлалыг байгуулах урьдач нөхцөл юм гэдгийг үүнээс харж болно; энэ нь Бурханы хаанчлалд дээд эрх мэдлээ эзэмших суурийг тавьсан. Чуулганы бүтээн байгуулалт нь өнөөдрийн товч дүрслэл юм; газар дээрх Бурханы ажил нь хаанчлалыг байгуулах энэхүү хэсэгт анхаарлаа голчлон төвлөрүүлдэг. Чуулганыг байгуулж дуусахаасаа өмнө Бурхан хийгдэх бүх ажилд зориулсан бэлтгэлийг аль хэдийн хийсэн бөгөөд цаг нь болоход албан ёсоор ажлаа эхэлжээ. Тиймээс Бурхан: “Хаанчлалын эрин үе эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн яаж авирладаг нь хамаагүй; харин ч Би ажлаа биечлэн гүйцэтгэхээр газар дээр бууж ирсэн бөгөөд энэ нь хүмүүсийн ухамсарлаж ч чадахгүй, биелүүлж ч чадахгүй зүйл юм” гэж хэлсэн билээ. Үнэндээ энэ ажлыг Бурхан биечлэн гүйцэтгэх ёстой—нэг ч хүн ийм ажил хийж чадахгүй; тэд чухамдаа үүнийг хүчрэхгүй. Хүмүүсийн дундах ийм агуу ажлыг Бурханаас өөр хэн гүйцэтгэж чадах юм бэ? Өөр хэн, бүх хүнийг хагас үхлүүт болтол нь “тарчилгаж” чадах вэ? Хүмүүс ийм ажил зохицуулж ер нь чадах уу? Яагаад Тэр: “Би ажлаа биечлэн гүйцэтгэхээр газар дээр бууж ирсэн” гэж хэлсэн юм бэ? Бурханы Сүнс бүх сансар огторгуйгаас үнэхээр алга болчихсон юм гэж үү? “Би ажлаа биечлэн гүйцэтгэхээр газар дээр бууж ирсэн” гэх мөр нь Бурханы Сүнс ажлаа хийхээр бие махбодтой болсон баримт болон Бурханы Сүнс хүмүүсээр дамжуулан ажиллаж байгаа нь гарцаагүй гэх баримтыг хоёуланг нь илэрхийлдэг. Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээрээ Тэрээр олон хүнд Бурханыг Өөрийг нь энгийн нүдээр харах боломж олгодог; тэд Түүнийг сүнсэн дотроо хянамгай хайх шаардлагагүй. Түүнчлэн, Тэрээр Сүнсний үйл ажиллагааг нүдээрээ харах боломжийг бүх хүнд олгож, хүний махан бие болон Бурханы махбодын хооронд мөн чанарын ялгаа байдгийг харуулдаг. Үүний зэрэгцээ бүх сансар огторгуй, дэлхий ертөнц даяар Бурханы Сүнс ажиллаж байгаа. Бурханы гэгээрсэн бүх ард түмэн Бурханы нэрийг хүлээн зөвшөөрснийхөө дараа Бурханы Сүнс хэрхэн ажилладгийг харж, улмаар бие махбодтой болсон Бурханыг бүр сайн мэдэж авдаг. Тийм болохоор Бурханы бурханлаг чанар шууд ажиллах л юм бол, өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс өчүүхэн төдий ч хөндлөнгийн оролцоогүйгээр ажиллаж чадах үед л хүмүүс бодитой Бурханыг Өөрийг нь мэдэж авч чадна. Энэ нь хаанчлалыг байгуулахын мөн чанар юм.

Бурхан хэдэн удаа бие махбодтой болсон бэ? Хэд хэдэн удаа байж таарах уу? Яагаад Бурхан: “Би нэгэн удаа хүний ертөнцөд буун ирж, тэдний зовлон шаналлыг туулж, ажигласан хэдий ч бие махбодтой болсон Өөрийн зорилгыг гүйцэлдүүлээгүй” гэж олон удаа хэлсэн юм бэ? Бурхан хэд хэдэн удаа бие махбодтой болсон боловч хүмүүс ганц ч удаа мэдээгүй гэж үү? Энэ үг тийм утгатай биш. Эхний удаа бие махбодтой болоход Бурханы зорилго нь үнэндээ хүмүүст Өөрийгөө мэдэгдэхийн төлөө байгаагүй; харин ч Тэрээр ажлаа гүйцэтгээд, дараа нь хэнд ч анзаарагдалгүйгээр, Өөрийг нь мэдэх боломж ч олголгүйгээр алга болсон. Түүнийг бүрэн мэдэх боломжийг Тэр хүмүүст олгоогүй, мөн бие махбодтой болохын ач холбогдлыг ч бүрэн эзэмшээгүй; иймээс Түүнийг бүрэн дүүрэн бие махбодтой болсон гэж хэлж болохгүй. Эхний удаа бие махбодтой болохдоо Бурхан ердөө тэрхүү ажлыг гүйцэтгэхийн тулд л нүгэлт чанаргүй махбодыг ашигласан; ажил дууссаны дараа цаашид дурдах хэрэг байгаагүй. Эрин үеүдийн туршид Бурханы ашиглаж байсан хүмүүсийн тухайд бол тийм тохиолдлуудыг “бие махбодтой болох” гэж нэрлэх нь бүр ч зохисгүй. Хэвийн хүн чанарын бүрхүүлтэй, дотроо бүрэн бурханлаг чанартай, Өөрийг нь мэдэх боломжийг хүмүүст олгох зорилготой, өнөөдрийн бодитой Бурханыг Өөрийг нь л “бие махбодтой болсон” гэж хэлж болно. Энэ дэлхийд хийсэн Бурханы эхний айлчлалын ач холбогдол нь өнөөдөр бие махбодтой болох гэж нэрлэгддэг зүйлийн ач холбогдлын нэг тал юм—гэхдээ энэ айлчлал нь бие махбодтой болох гэгддэг зүйлийн бүрэн гүйцэд ач холбогдлыг яавч агуулдаггүй. Ийм учраас Бурхан: “бие махбодтой болсон Өөрийн ач холбогдлыг гүйцэлдүүлээгүй” гэж хэлсэн. Бурханы үгэнд хэлснээр хүмүүсийн зовлон шаналлыг туулж, ажиглах гэдэг нь Бурханы Сүнс болон хоёр удаа бие махбодтой болсон Бурханыг хэлдэг. Иймээс Бурхан: “Хаанчлалыг байгуулж эхлэх үед Миний махбод болсон бие албан ёсоор үйлчлэлээ гүйцэтгэж эхэлдэг; өөрөөр хэлбэл, хаанчлалын Хаан Өөрийн дээд эрх мэдлийг албан ёсоор авдаг” гэсэн. Хэдийгээр чуулганыг барьж байгуулах нь Бурханы нэрийг гэрчлэх гэрчлэл байсан боловч ажил хараахан албан ёсоор эхлээгүй байв; өнөөдөр л үүнийг хаанчлалыг байгуулах явдал гэж нэрлэж болно. Урьд нь хийгдсэн бүхэн ердөө урьдчилсан загвар байлаа; энэ нь бодитой зүйл байгаагүй. Хэдийгээр хаанчлал эхэлсэн гэж хэлсэн боловч үүн дотор ямар ч ажил хараахан хийгдээгүй байсан. Зөвхөн өнөөдөр л, Бурханы бурханлаг чанар дотор ажил хийгдэж, Бурхан Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн болохоор хүмүүс эцэст нь хаанчлалд орсон. Тиймээс, “хаанчлал хүний ертөнцөд бууж ирсэн нь үгчилсэн илрэл төдийхөн биш, харин бодит байдал гэдэг нь илт юм; энэ бол ‘хэрэгжүүлэлтийн бодит байдлын’ утга учрын нэг тал юм.” Энэ эшлэл нь дээрх тайлбарын оновчтой дүгнэлт билээ. Ийм тодорхойлолт өгснийхөө дараа Бурхан цааш нь хүн төрөлхтний ерөнхий байдлыг дүрсэлж, хүмүүсийг байнгын завгүй байр байдалтай орхисон. “Дэлхий даяар хүн бүр Миний өршөөл, Миний хайр энэрэл дотор оршдог, гэвч бас бүх хүн Миний шүүлтэн дор, түүнчлэн Миний шалгалтан дор оршдог.” Хүний амьдрал нь Бурханы тогтоосноор тодорхой зарчим, хууль дүрэмд захирагддаг ба энэ нь дараах байдалтай байдаг: Аз жаргалтай үе, сэтгэлээр унах мөч, түүнчлэн тэвчих ёстой зовлон бэрхшээлээр цэвэршүүлэгдэх цаг үе байх болно. Тиймээс ямар ч хүн цэвэр аз жаргал, эсвэл цэвэр зовлонгийн амьдралаар амьдрахгүй. Бүхий л амьдралд сайн муу ээлжлэн байх болно. Бүх хүн төрөлхтөн даяар Бурханы хайр, энэрэл илэрхий байгаад зогсохгүй, мөн Түүний шүүлт болон бүхий л зан чанар илэрхий байдаг. Бүх хүн Бурханы шалгалтан дунд оршин байдаг гэж хэлж болно, тийм биз дээ? Энэхүү өргөн уудам дэлхий ертөнц даяар хүмүүс өөрсдийн гарах гарцыг олох гээд завгүй байдаг. Тэд ямар үүрэг гүйцэтгэдгээ мэддэггүй, зарим нь бүр хувь заяаныхаа төлөө амьдралаа сүйтгэж, эсвэл алддаг. Иов хүртэл энэ дүрмээс ангид байгаагүй: Хэдий тэр ч бас Бурханы шалгалтыг туулсан ч гэсэн өөртөө гарах гарц хайсан. Хэн ч, хэзээ ч Бурханы шалгалтад бат зогсож чадаагүй. Хүний шунал, уг чанараас үүдэн хэн ч одоогийн нөхцөл байдалдаа бүрэн сэтгэл ханадаггүй бөгөөд хэн ч шалгалтад бат зогсдоггүй; хүн бүр Бурханы шүүлтэн дор нуран унадаг. Хэрвээ Бурхан хүмүүст нухацтой хандсан бол, хэрвээ хүмүүст тийм хатуу чанд шаардлага тавьсаар байсан бол яг л Түүний хэлсэнчлэн: “Бүх хүн Миний дүрэлзсэн харцан дор нуран унах байсан.”

Хаанчлалын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлсэн хэдий боловч хаанчлалын ёслолын буудлага хараахан албан ёсоор дуугараагүй; одоо энэ нь болох гэж буй зүйлийн талаарх зөгнөл төдий байгаа. Хүмүүс бүгд бүрэн төгс болгуулж, газар дэлхийн бүх үндэстэн Христийн хаанчлал болох үе нь долоон аянга нижигнэх үе байх болно. Одоо үе бол тэрхүү үе шат руу урагшлах алхаа; тэрхүү өдөрт хандсан довтолгоо хийгдсэн. Энэ бол Бурханы төлөвлөгөө бөгөөд ойрын ирээдүйд энэ нь биелнэ. Гэхдээ Бурхан хэлсэн бүхнээ аль хэдийн гүйцэлдүүлчихсэн. Тиймээс газар дэлхийн улс үндэстнүүд нь, далайн түрлэг ойртохын хэрээр чичрэн доргиж байгаа элсэн дээрх цайз төдий юм гэдэг нь тодорхой: Эцсийн өдөр айсуй бөгөөд агуу улаан луу Бурханы үгэн дор нуран унана. Бурханы төлөвлөгөөг гарцаагүй амжилттай гүйцэтгэхийн тулд тэнгэрийн тэнгэрэлчүүд газар дээр буун ирж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийсэн. Бие махбодтой болсон Бурхан Өөрөө дайсантай тулалдахын тулд тулааны талбарт байрласан. Бие махбодтой болсон Бурхан хаана илрэн гарна, тэр газарт байгаа дайсан устгагддаг. Хятад улс хамгийн эхлээд бүрмөсөн устгагдана; тэгээд Бурханы гарт сүйрнэ. Бурхан яавч өршөөл үзүүлэхгүй. Агуу улаан лууны эрчимтэй сүйрлийн нотолгоог ардуудын тасралтгүй төлөвшлөөс харж болно; энэ нь хэн бүхэнд илэрхий, ил байдаг. Ардуудын төлөвшил нь дайсан сөнөсний тэмдэг юм. “Тулалдах” гэдгийн багахан тайлбар энэбилээ. Тиймээс үзэл буюу агуу улаан лууны үзэшгүй муухай байдлын, хүмүүсийн зүрх сэтгэлд эзэлж буй байр суурийг төгсгөхийн тулд Өөрт нь сайхан гэрчлэл хий гэж Бурхан хүмүүст тоо томшгүй олон удаа сануулсан. Бурхан, хүний итгэлийг сэргээж, улмаар ажилдаа үр дүнд хүрэхийн тулд ийм сануулга ашигладаг. Ийм учраас Бурхан: “Хүн юу хийх чадвартай вэ? Харин ч Би үүнийг Өөрөө хийдэг биш гэж үү?” хэмээн хэлсэн. Бүх хүн ийм байдаг; тэд чадваргүй байдгаар үл барам бас амархан шантарч, сэтгэлээр унадаг. Энэ шалтгааны улмаас тэд Бурханыг мэдэж чаддаггүй. Бурхан хүмүүсийн итгэлийг сэргээгээд зогсохгүй, бас хүмүүст нууцханаар, байнга хүч чадал шингээж байдаг.

Дараа нь Бурхан бүхий л орчлон ертөнцөд хандан үг хэлж эхэлсэн. Бурхан Өөрийн шинэ ажлыг хятадад эхлүүлээд зогсохгүй, бүхий л орчлон ертөнц даяар өнөөдрийн шинэ ажлыг хийж эхэлсэн. Ажлын энэ үе шатанд Бурхан Өөрийн бүх үйл хэргийг дэлхий даяар илчлэхийг хүсдэг учраас Өөрөөс нь урвасан бүх хүн сэнтийнх нь өмнө захирагдахаар дахин ирэг гэсэндээ Бурханы шүүлт өршөөл, хайр энэрэл агуулсаар байх болно. Бурхан хүмүүсийг самгардуулахын тулд дэлхий даяарх одоогийн үйл явдлуудыг ашиглан, Бурханыг эрж хайх сэдэл төрүүлдэг, ингэснээр тэд Түүн рүү буцан урсаж болох юм. Тиймээс Бурхан “Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг, мөн хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй бөгөөд тэдэнд Миний хүртээдэг зүйл бол мөн л нэг төрлийн хайр юм” гэдэг. Бурхан гярхай, зүйрлэшгүй, хялбархан нарийвчлалтайгаар хүмүүсийн жинхэнэ уг чанарыг ил болгодог. Энэ нь хүмүүсийг нүүр хийх газаргүй болгож, туйлын шившигтэй байдалд оруулж орхидог. Бурхан үг хэлэх болгондоо хүний ичгүүртэй гүйцэтгэлийн зарим талыг заан үзүүлж амждаг, ингэснээр хүмүүс санаа амар байх зуураа өөрсдийгөө мэдэж авахаа мартдаггүй бөгөөд өөрсдийгөө мэдэх нь хуучин даалгавар гэж боддоггүй. Хүний уг чанарын дагуу, хэрвээ Бурхан тэдний алдааг ганцхан хормын төдийд зааж үзүүлэхээ болих юм бол тэд садар самуун, биеэ тоосон зантай болох магадлалтай. Ийм учраас өнөөдөр Бурхан: “Хүмүүс Миний олгосон цолыг огтхон ч эрхэмлэн дээдэлдэггүй, харин ‘үйлчлэл үзүүлэгч’ гэдэг цолоос үүдэн зүрх сэтгэлдээ гомдол агуулж явдаг нь их олон бөгөөд ‘Миний ард’ гэдэг цолоос үүдэн зүрх сэтгэлдээ Намайг гэх хайраа өсгөдөг хүн олон байдаг. Хэн ч Намайг мэхлэхээр оролдох ёсгүй; Миний нүд бүхнийг хардаг!” гэж дахин хэлдэг. Хүмүүс энэ үгийг хармагцаа нэн даруй тавгүйтдэг. Урьдын үйлдлүүд нь хэтэрхий төлөвшөөгүй—Бурханд халддаг нэг төрлийн бохир наймаа л байсныг тэд мэдэрдэг. Тэр саяхнаас л Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүссэн боловч тэгж их хүсдэг хэр нь тийнхүү хийх хүч чадал дутмаг байдаг бөгөөд яах учиртайгаа мэддэггүй. Тэд өөрийн мэдэлгүй шинэхэн шийдвэртэй болсон байдаг. Энэ нь хүн тайвширсныхаа дараа эдгээр үгийг уншсаны үр нөлөө юм.

Нэг талаар Бурхан, Сатаныг туйлын галзуу гэж хэлдэг мөртөө нөгөө талаар бас, ихэнх хүнд байдаг хуучин уг чанар өөрчлөгдөөгүй гэж хэлдэг. Үүнээс харахад, Сатаны үйлдлүүд хүмүүсээр дамжин илэрхийлэгддэг нь илэрхий байна. Тиймээс Бурхан, Сатанд залгиулахгүйн тулд садар самуун бүү бай гэж хүмүүст удаа дараа сануулдаг. Энэ нь, зарим хүн тэрслэх болно гэдгийг зөгнөөд зогсохгүй, түүнчлэн өнгөрснөө яаран хойш тавьж, өнөөдрийг эрж хай хэмээн бүх хүнд анхааруулан хангинаж буй түгшүүрийн дохио юм. Хэн ч чөтгөрүүд юм уу муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлэхийг хүсдэггүй тул Бурханы үг тэдэнд бүр ч их анхааруулга, сэрэмжлүүлэг болдог. Гэсэн ч ихэнх хүн дэндүү их туйлширч, Бурханы сүүлчийн үг нэг бүрд асар их ач холбогдол өгөх үед Бурхан хариуд нь: “Ихэнх хүн нүдээ хужирлахын тулд улам олон нууц илчлэхийг минь хүлээдэг. Гэсэн ч тэнгэрийн бүх нууцыг ойлголоо гэхэд чи тэр мэдлэгээрээ юу хийж чадах юм бэ? Энэ нь Намайг гэх хайрыг чинь ихэсгэх байсан уу? Энэ нь Намайг гэх хайрыг чинь төрүүлэх байсан уу?” гэдэг. Эндээс харахад, хүмүүс Бурханыг мэдэхийн тулд, Бурханыг хайрлахын тулд биш, харин өөрсдийн “жижигхэн агуулахын” нөөцийг ихэсгэхийн тулд л Бурханы үгийг ашигладаг гэдэг нь илэрхий байна. Тиймээс Бурхан хүмүүсийн хэт туйлшралыг дүрслэхийн тулд “нүдээ хужирлах” хэмээх хэллэгийг ашигласан нь Бурханыг гэх хүмүүсийн хайр одоо ч цэв цэвэрхэн биш байгааг илтгэдэг. Хэрвээ Бурхан нууцуудыг илчлээгүй бол хүмүүс Түүний үгэнд тийм ч их ач холбогдол өгөхгүй байх байсан, харин ч тэдгээрийг зүгээр л зэрвэсхэн харж, морин дэл дээр давхин өнгөрөхдөө цэцэгсийг бахдан гайхах мэт хальтхан харах байлаа. Тэд Түүний үгийг үнэхээр эргэцүүлж, тунгаан бодох цаг гаргахгүй байх байв. Ихэнх хүн Бурханы үгийг үнэхээр нандигнадаггүй. Түүний үгийг идэж уухын тулд шаргуу ажилладаггүй, харин зүгээр л хааш яаш гүйлгэн хардаг. Яагаад Бурхан одоо өнгөрсөн үеийнхээсээ өөр байдлаар ярьдаг юм бэ? Яагаад Түүний бүх үг тийм ойлгошгүй байдаг юм бэ? Жишээлбэл, “Би хүмүүст ийм хаяг шошгыг хэзээ ч санамсаргүйгээр титэм адилаар өмсгөхгүй” гэдэгт байгаа “титэм”, мөн “Миний үгийн шижир алтан бүтээгдэхүүнийг өөртөө хүлээн авч чадах хэн нэгэн байна уу?” гэсэн дэх “шижир алт”, урьд нь Түүний дурдаж байсан “Сатаны ямар ч боловсруулалтаар дамжилгүй” гэдэгт буй “боловсруулалт” гэх мэт. Бурхан яагаад ийм маягаар ярьдгийг хүмүүс ойлгодоггүй; Тэр яагаад ийм алиа, хошин, өдөөн хатгасан байдлаар ярьдгийг тэд ойлгодоггүй. Энэ нь яг нарийндаа Бурханы үгийн зорилгын илрэл юм. Бүр эхнээсээ л хүмүүс үргэлж Бурханы үгийг ойлгож ухаарах чадваргүй байсан бөгөөд Түүний айлдварууд үнэндээ нэлээд ноцтой, хатуу юм шиг санагддаг байсан. Бага зэргийн хошигнол нэмж—энд тэнд нь цөөхөн ёгтлол нэмснээрээ Тэр Өөрийнхөө үгээр ярианы өнгийг зөөлрүүлж, булчингаа бага зэрэг суллах боломжийг хүмүүст олгож чаддаг. Ингэснээрээ Тэр бүр ч их үр нөлөөнд хүрч чаддаг ба Бурханы үгийг тунгаан бодуулахаар хүн бүрийг шахдаг.

Өмнөх: Нэмэлт: 1-р бүлэг

Дараах: 11-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх