Үнэнийг хүлээн авснаар л завхарсан зан чанарыг шийдвэрлэх боломжтой

Бурханд итгэх нь амьдралын зөв зам юм. Бурхан та нарыг бүгдийг сонгосон бөгөөд та нар бүгдээрээ Түүнийг дагахаар, амьдралын зөв замд орохоор сонгосон. Төгс утгаараа бол, та нар Бурханы хүслийг хангаж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, үнэнийг олж авч, Бурханаар төгс болгуулж чадна. Энэ та нарын мөрөөдөл, тэмүүлэл биш үү? (Мөн.) Итгэгч хүн ийм мөрөөдөлтэй байх нь сайн зүйл, эерэг зүйл бөгөөд Бурхан хүмүүсийн эерэг мөрөөдөл, тэмүүллийг биелүүлдэг. Хүмүүс заримдаа сөрөг эсвэл буруу мөрөөдөл, тэмүүлэлтэй байдаг уу? Ийм боломжтой, учир нь хүмүүсийн байдал үнэнийг олж авахаасаа өмнө тогтворгүй, заримдаа бүр хуучиндаа эргэж орж байдаг. Эдгээр сөрөг зүйл гарч ирэх үедээ амийн оролт, Бурхантай харилцах хэвийн харилцаанд чинь нөлөөлдөггүй гэж үү? Хэрэв тийм байдалд амьдарвал хүмүүсийн нөхцөл байдал муудаж, сөрөг, сул дорой болохгүй гэж үү? Ийм үед тэд яах ёстой вэ? (Бурханы өмнө залбирахаар ир.) Гэхдээ хүмүүс залбирахыг хүсэхгүй, үр дүн нь юу болохыг бодолгүйгээр өөрсдийгөө өөгшүүлж, хүссэн бүхнээ хийх зуураа Сатанд өөрсдийг нь хүссэнээрээ мэхлэхийг зөвшөөрч, дорд байдалтай амьдарсаар байхыг хүсэх үе байдаггүй гэж үү? Ийм байдал байдаг уу? (Байдаг.) Энэ нь ямар асуудлын илрэл вэ? (Тэд Бурханаас нүүр буруулсан.) Тэгвэл юу тэднийг Бурханаас нүүр буруулахад хүргэсэн бэ? Энэ нь тэдний хангалтгүй биеийн хэмжээ, үнэн байхгүйн илрэл биш гэж үү? Энэ бол үнэхээр үнэний талаар тэдний дутуу ойлголт, хангалтгүй биеийн хэмжээнээс нь үүдэлтэй. Ийм нөхцөл байдал үүсэх бүрд, ийм байдалд орвол хүн Бурханд залбирч, найдаж, үнэнийг эрж хайх ёстой. Хэрэв биеийн хэмжээ нь хэтэрхий жижиг бөгөөд үнэн дутмаг бол хүн үнэнийг ойлгодог хэн нэгнийг эрж хайж, нөхөрлөж, тэднээс хангамж, дэмжлэг авах хэрэгтэй. Заримдаа өөр хүн тэдэнтэй харьцаж, тэднийг засаж, эсвэл Бурхан тэднийг сахилгажуулах шаардлагатай болдог. Тэдэнд хөл дээрээ босох чадвар дутаж байгаа бол энэ нь тэд үнэний талаар хангалттай ойлгоогүй, биеийн хэмжээ нь дутсанаас болсон. Хангалтгүй биеийн хэмжээ нь хүмүүсийг янз бүрийн сөрөг, дорд байдал, бодлыг эсэргүүцэх чадваргүй болгодог. Энэ амьдрах хэцүү арга биш үү? Биеийн хэмжээ дутуу хүмүүс ихэвчлэн ямар байдалд амьдардаг вэ? Та нарын дунд үүнийг өөрийн биеэр туулж байгаа хүн байна уу? Ямар төрлийн байдал та нарыг ганцаардмал, зовлонтой, шийдэмгий бус, эцэж туйлдсан, төөрөлдсөн болгож, эгээ л урагшлах замгүй мэт, өдөржин гунигтай, залбирч, үнэнийг эрэлхийлэх хүсэлгүй болгож орхидог вэ? Та нар даван туулах боломжгүй мэт санагдах асуудалтай тулгараад бууж өгөх талаар бодож байсан уу? (Тийм.) Тэгвэл эдгээр байдал үүсэх шалтгаан юу вэ? Тэдгээр нь хүмүүсийн оюун санаанд зориудаар бодогдож, төлөвлөгдсөн үү? Мэдээж үгүй. Тиймээс, энэ асуултын талаар тунгаан бодоорой—тэдгээрийг юу үүсгэдэг гэж та нар бодож байна вэ? Надад хэлээч, хэрэв хүн үнэнийг ойлговол тэд завхарсан зан чанараа үнэхээр мэдэж, өөрсдийн завхралынхаа үнэнийг тодорхой харж чадаж, хүний төрхийг амьдран харуулахын тулд ямар үнэнээр зэвсэглэсэн байх ёстойгоо мэдэх болно, мөн тэд өөр өөр нөхцөл байдалд Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун байлгах, түүнчлэн зарим асуудлыг зохицуулах зөв арга зам болон тийн хийх зуур баримтлах ёстой зарчмыг мэдэх болно—ийм биеийн хэмжээтэй болсон хүн бэрхшээлтэй тулгарах үедээ ямар байдалтай байх вэ? Мэдээж, тэд тодорхой хэмжээгээр сөрөг, сул дорой хэвээр байх болно, тийм үү? (Тийм.) Тэгэхээр энэ сөрөг, сул тал нь хаанаас үүдэлтэй вэ, үүнийг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Та нар өмнө нь эдгээр асуудлыг хэзээ ч тунгааж, эрж хайж байгаагүй юу? (Ховорхон.) Иймээс л та нар эдгээр асуудлыг хэзээ ч нухацтай авч үзэхгүйгээр өөрсдийн бэрхшээл, сул дорой, сөрөг үеийг аргацааж чаджээ. Энэ тохиолдолд та нар ийм хол явсан нь маш азтай хэрэг бөгөөд энэ нь та нарыг эдгээр бэрхшээлийг даван туулахад хөтөлсөн Бурханы нигүүлслийн л ач юм. Гэхдээ би сая ямар асуулт тавьсан бэ? (Юу хүмүүсийг сөрөг, сул дорой байдалд амьдрахад хүргэдэг вэ?) Энэ тухай нэг минут бод; та нарт хариулт байна уу? Онолын хувьд үүний шалтгаан нь тэд үнэнийг ойлгохгүй байгаад юм. Энэ тохиолдолд үнэнийг ойлгохоос нь өмнө хүмүүсийн амьдралыг юу удирддаг вэ? (Завхарсан, сатанлаг зан чанар нь.) Тийм ээ, энэ хариулт чинь биш үү? Чи одоо үүнийг ойлгосон уу? Хүн бэрхшээлтэй тулгарах үедээ бууж өгөхийг хүсдэг, урагшлах зам байхгүй мэт түгшүүртэй, сул дорой, зовлонтой, хязгаарлагдмал, дөнгөлөгдсөн мэт тэдэнд санагддаг, улмаар тэд сөрөг болж, итгэлгүй болж, Бурханд итгэх нь утгагүй гэж боддог. Энэ юунаас үүдэлтэй вэ? (Тэдний завхарсан, сатанлаг зан чанараас.) Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ ямар төрлийн зан чанартай амьдардаг вэ? Тэд ямар уг чанартай амьдардаг вэ? Тэдний амьдралыг юу удирддаг вэ? (Тэдний завхарсан, сатанлаг зан чанар.) Завхарсан, сатанлаг зан чанарын үр дүнд хүний дотор ямар зүйлс үүсэж болох вэ? Биеэ тоосон зан, Бурханыг эсэргүүцэх, Бурханаас урвах, Бурханыг сөрөх. Энэ бүх завхарсан зан чанар нь хүмүүст зовлон зүдгүүр, сөрөг, сул дорой байдлаас өөр юу ч авчирдаггүй. Тэгвэл завхарсан, сатанлаг зан чанар нь хүмүүст яагаад зовлон зүдгүүр, сөрөг, сул дорой байдлыг авчирдаг ч хүний оюун санаанд амар амгалан, баяр баясгалан, тайтгарал, аз жаргалыг өгч чадахгүй байна вэ? Эдгээр сөрөг зүйл яагаад хүнийг сөрөг болгодог вэ? Завхарсан зан чанар бол сөрөг зүйл бөгөөд үнэнд дайсагнадаг тул ямар ч эерэг үүрэг гүйцэтгэдэггүй, зөвхөн сөрөг үүрэг гүйцэтгэдэг. Тэд хүмүүст эерэг байдал, хүсэл тэмүүлэл, дээшээ чиглэсэн сэтгэлгээг өгч чадахгүй, хүмүүст зөвхөн сул дорой, сөрөг байдал, зовлон зүдүүрийг авчирдаг. Сатанлаг зан чанар хүмүүсийн дотор үндэслэж, тэдний уг чанар болсон үед энэ нь тэдний зүрх сэтгэлд харанхуй, ёрын мууг суулгаж, тэднийг буруу замыг эрэлхийлж, сонгоход хөтлөхөд хангалттай юм. Завхарсан сатанлаг зан чанарын хөдөлгөгч хүчээр удирдуулсан хүмүүсийн туйлын зорилго, найдвар, эрмэлзэл, амьдралын зорилго, чиглэл юу вэ? Тэд эерэг зүйлсийн эсрэг явдаггүй гэж үү? Нэгдүгээрт, хүмүүс нэр алдарт хүрэх юм уу алдартай болохыг үргэлж хүсдэг; тэд агуу алдар нэр, нэр хүнд олж авахыг, өвөг дээдэстээ алдар хүнд авчрахыг хүсдэг. Эдгээр нь эерэг зүйл мөн үү? Эдгээр нь эерэг зүйлстэй огтхон ч нийцдэггүй; түүнчлэн хүн төрөлхтний хувь заяаг Бурхан ноёрхож байдаг гэсэн хуульд харшилдаг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Бурхан ямар төрлийн хүнийг хүсдэг вэ? Тэр агуу, алдартай, язгууртан, дэлхийг донсолгох нэгнийг хүсдэг үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан ямар хүнийг хүсдэг вэ? (Бүтээсэн зүйлийн үүргийг гүйцэтгэгч, хөлөө газарт бат бөх тавьсан хүнийг.) Тийм ээ, өөр юуг хүсдэг вэ? (Бурхан Өөрөөс нь эмээдэг, муугаас зайлсхийдэг, Өөрт нь захирагддаг үнэнч шударга хүнийг хүсдэг.) (Бүх зүйлд Бурхантай хамт байдаг, Бурханыг хайрлахыг хичээдэг хэн нэгэн.) Эдгээр хариулт бас зөв юм. Энэ бол Бурхантай ижил зүрх сэтгэл, оюун ухаантай хүн бүр юм. Хүмүүс хүний хувьд байр сууриа хадгалах ёстой гэж Бурханы үгийн аль нэг хэсэгт хэлдэг үү? (Хэлдэг.) Юу гэж хэлдэг вэ? (“Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, шударгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, супер хүн болж, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, супер хүн болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ” (Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I).) Та нар Бурханы үг хүмүүсээс юу шаарддагийг мэддэг болсноос хойш хүний биеэ авч явах байдлыг эрэлхийлэхдээ Бурханы шаардлагыг баримталж чадах уу? Та нар үргэлж жигүүрээ дэлгэж, нисэхийг хүсдэг үү, та нар үргэлж ганцаараа нисэхийг, бяцхан шувуу гэхээсээ илүү бүргэд байхыг хүсдэг үү? Энэ ямар зан чанар вэ? Энэ хүний биеэ авч явах зарчим мөн үү? Хүний биеэ авч явах байдлын эрэлхийлэл чинь Бурханы үгэнд тулгуурлах ёстой; Зөвхөн Бурханы үг л үнэн юм. Сатан та нарыг хэтэрхий гүнзгий завхруулсан бөгөөд уламжлалт соёлыг—Сатаны үгийг—үргэлж үнэн, эрэлхийллийнхээ зорилго гэж үздэг нь та нарыг буруу замаар явах, Бурханыг эсэргүүцэх замаар алхахад хялбар болгодог. Завхарсан хүн төрөлхтний бодол санаа, үзэл бодол, тэмүүлж буй зүйлс нь Бурханы хүсэл, үнэн болон Бурхан бүх зүйлийг захирч, бүх зүйлийг зохион байгуулж, хүн төрөлхтний хувь заяаг захирдаг гэсэн хуулийн эсрэг байдаг. Иймээс ийм төрлийн эрэл хайгуул нь хүний бодол, үзлийн дагуу хэчнээн зохистой бөгөөд үндэслэлтэй байсан ч Бурханы харах өнцгөөс тэдгээр нь эерэг зүйл биш бөгөөд Түүний хүсэлд нийцдэггүй. Чи хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирч буй гэсэн баримтыг эсэргүүцдэг учраас, хувь заяагаа өөрийн гартаа авч, бие даан явахыг хүсдэг учраас чи үргэлж толгойноосоо цус гартал чангаар хана мөргөж, чиний хувьд юу ч хэзээ ч бүтэлтэй байдаггүй. Яагаад чиний хувьд юу ч бүтэлтэй болдоггүй вэ? Учир нь Бурханы тогтоосон хуулийг ямар ч бүтээгдсэн зүйл өөрчлөх боломжгүй юм. Бурханы дээд эрх, хүч чадал нь бүхнээс дээгүүр бөгөөд ямар ч бүтээгдсэн зүйл халдашгүй. Хүмүүс өөрсдийн чадвараа хэт ихэд боддог. Юу хүмүүсийг Бурханы дээд эрхээс ангид байхыг үргэлж хүсдэг, мөн өөрсдийн хувь заяаг атгаж, ирээдүйгээ төлөвлөхийг хүсдэг, мөн өөрсдийн хэтийн төлөв, чиг хандлага, амьдралын зорилгоо хянах хүсэлтэй болгодог вэ? Энэ эхлэл цэг хаанаас эхтэй вэ? (Завхарсан сатанлаг зан чанараас.) Тэгвэл завхарсан сатанлаг зан чанар хүмүүст юу авчирдаг вэ? (Бурханы эсрэг эсэргүүцэл.) Хүмүүс Бурханыг эсэргүүцсэнээс юу үүддэг вэ? (Шаналал.) Шаналал аа? Сүйрэл үүддэг юм! Шаналал үүний талд нь ч хүрэхгүй. Яг нүдний чинь өмнө харагдаж байгаа зүйл бол шаналал, сөрөг, сул дорой байдал, мөн эсэргүүцэл, гомдол—эдгээр зүйл ямар үр дүн авчрах вэ? Мөхөл! Энэ бол шалихгүй асуудал биш, тоглоом наадам ч биш. Бурханаас эмээдэг сэтгэлгүй хүмүүс үүнийг харж чадахгүй.

Зарим хүн багахан асуудалтай тулгармагц сөрөг, сул дорой болдог, харин ямар ч асуудалгүй үед тэд олны танил эсвэл ямар нэгэн мэргэжилтэн болно гэж үргэлж найдан, санаархал, хүслээр дүүрэн байдаг. Хүмүүс ийм сэтгэлгээтэй амьдрахдаа зүгээр л өөрсдийн сатанлаг уг чанартаа захирагддаг. Үргэлж санаархал, хүслээр дүүрэн байх үедээ хүмүүс аз жаргалтай амьдарч чадах уу? Хэрэв чи эдгээр зүйлийг хаяхгүй бол зовлон зүдүүр чинь багасахгүй. Чамайг зовлон үргэлж дагана; энэ нь зүрхэнд чинь хутга мушгиж байгаа мэт санагдах болно. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? (Үнэнийг эрж хайж, эрэлхийлснээр.) Та нар бүгд үнэнийг эрж хайх гэдэг өргөн ойлголтын талаар их бага хэмжээгээр ярьж чаддаг бөгөөд та нар бүгд үүнийг мэддэг. Асуудалтай тулгарвал эхлээд үнэнийг эрж хайх хэрэгтэй. Хүний завхарсан зан чанарыг зөвхөн үнэнийг эрж хайж, ойлгож, олж авснаар л шийдэж болно. Хүмүүс ялзарсан зан чанараа шийдвэрлэсний дараа л жинхэнэ баяр баясгалан, амар амгалан, тайтгарал, аз жаргалыг мэдэрч, зөвхөн тэр үед л тэд Бурханы өмнө үнэхээр ирж чадна. Энэ нь асуудлыг үндсээр нь шийддэг. Одоо хүн үнэнийг хэрхэн эрж хайж эхлэх ёстой вэ? Ямар нарийн ширийн зүйл хамаарах вэ? Хэн тайлбарлаж чадах вэ? (Чи байр суурь, нэр хүндийн талаар бодож эсвэл идэвхтэй хөөцөлдөж байгаагаа мэдрэх үедээ эдгээр бодол, зан авирыг үл тоомсорлож болохгүй. Тэдгээрийг ойлгож, Бурханы үгийн дагуу задлан шинжлэхийг хичээ. Энэ бол сатанлаг, завхарсан зан чанарын хүнд авчирсан хор хөнөөл гэдгийг ухаар. Алхаж явсан буруу замаа таньж, Бурханы үгийг идэж ууж, Бурханд залбирч, Сатаны хүнийг хүлэхдээ ашиглаж буй энэ хүлээсийг таслахын тулд Бурханд найд.) (Хамгийн чухал нь хүн юуг эрэлхийлэх ёстой талаарх өөрийн тээж буй буруу үзэл бодлыг таних, сатанлаг, завхарсан зан чанар нь хүмүүст учруулдаг хор хөнөөлийг ойлгож, аливаа зүйлийн талаарх үзэл бодлоо өөрчлөх явдал юм. Дараа нь чи Бурханы өмнө илүү их ирж залбирч, Түүнд ойртож, Түүнтэй аажмаар хэвийн харилцаа тогтоох ёстой.) Өөр зүйл байна уу? (Хэрэв чамд заримдаа сул дорой, сөрөг мэдрэмж төрж, эдгээр мэдрэмж нь ямар шалтгаан эсвэл завхарсан зан чанараас үүдэлтэйг тодорхойлж чадахгүй байгаа бол эхлээд Бурханд залбирч, Бурханаас чамайг гэгээрүүлэхийг гуй. Мөн чи зарим ах, эгчийн өмнө өөрийгөө илчилж, тэдэнтэй нөхөрлөж болно. Туршлагынх нь талаар тэдний нөхөрлөлийг сонссоноор чи энэ байдлын талаарх ойлголтоо тодорхой болгож чадна, үүний дараа чи үүнийг шийдвэрлэх Бурханы үгийн холбогдох хэсгүүдийг хайх хэрэгтэй.) Үргэлжлүүл үргэлжлүүл. (Хэрэв ямар нэгэн зүйл чиний хүссэнээр болохгүй үед чи үргэлж үсээ зулгааж, хэн нь зөв, хэн нь буруу болохыг шинжилдэг бол энэ үед чи эхлээд Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайвшруулж, нөхцөл байдалд захирагдах ёстой—Бурханд залбир, мөн Түүний бүрэн эрхэд итгэн Бурханаас эрж хай. Дараа нь Бурхан чамайг гэгээрүүлж, Өөрийнх нь хүслийг ойлгох боломжийг чамд олгоно. Дараа нь, нөхцөл байдлыг дахин нягталж үзээд чи өөрийгөө ямар төрлийн завхрал харуулж байгаагаа, бас Бурханы хүсэл юу болохыг ойлгох болно. Ингэж би үнэнд орсон юм.) Та нар бүгдээрээ үнэний талаар нөхөрлөхийг хэрэгжүүлэх хэрэгтэй—мэдлэг, туршлага, санаагаа хуваалцаж, нөхөрлөлд өөрийгөө хэрхэн илчлэх талаар суралц. Хэрэв тэгвэл чи улам ихийг олж авч, илүү ихийг ойлгох болно. Та нарын зарим нь сая өөрийн хувийн туршлага, мэдлэгээ хуваалцсан бөгөөд хүн бүр өөр өөр хэлэх зүйлтэй байсан. Гайхалтай ажиллаа, та нар бүгд маш бодитой зүйл хуваалцсан. Нөхөрлөлийг чинь сонссоныхоо дараа би та нарыг өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэснээр бүгд өсөж томроод, тодорхой амийн оролттой болсныг харж байна. Та нар энгийн тунхаглалаар зогсохгүй Бурханд итгэх итгэлийн асуудлаар тодорхой хэмжээний мэдлэг, туршлагатай болсон бөгөөд үндэс сууриа тавьжээ. Энэ бол онц сайн зүйл. Бурханд итгэх нь тийм ч хэцүү биш юм шиг санагдаж байна: Хүн чин сэтгэлээсээ байж, Бурханы үгийг сонсож, Бурханы хэлсэн болгоныг хийж, үнэнийг хэрэгжүүлж чадаж байгаа цагт тэд Бурханы шаардлагыг биелүүлж чадах болно. Дүгнэж хэлэхэд, Бурханд итгэх итгэлдээ чиний ойлгох ёстой нэг баримт бий: Бурханд итгэх итгэл нь ердөө Бурханы нэрд итгэнэ гэсэн үг биш, өөрийнхөө төсөөлсөн тодорхойгүй Бурханд итгэнэ гэсэн үг бүр ч биш. Харин чи Бурхан бодитой гэж итгэх ёстой, Бурханы мөн чанарт, Түүний зан чанарт, Түүнд юу байгаа, Тэр юу болоход итгэх учиртай; Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг, Тэрээр чиний хувь заяаг захирдаг гэдэг баримтад итгэх ёстой. Тэгэхээр итгэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол хүмүүс бодитоор хамтран ажиллаж, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн үг биш үү? Жишээлбэл, зарим хүн таагүй нөхцөл байдалтай тулгарах үедээ гомдоллож, бусдыг буруутгаж эхэлдэг. Тэд үүнийг өөрсдөөс нь болсон байж магадгүй гэж хэзээ ч боддоггүй, оронд нь хариуцлагыг үргэлж өөр хэн нэгэн рүү түлхдэг. Дараа нь тэд сэтгэл хангалуун, тайвширсан үедээ, “Асуудал шийдэгдсэн. Бурханд ийм байдлаар итгэх нь үнэхээр тааламжтай бөгөөд хялбар юм байна!” гэж боддог. Асуудлыг шийдвэрлэх энэ аргын талаар чи юу гэж бодож байна вэ? Ийм маягаар хэрэгжүүлснээр хүн үнэнийг олж авч чадах уу? Энэ нь Бурханд дуулгавартай хандлагыг харуулдаг уу? Тийм хүмүүс ямар үзэл бодлоор, ямар арга барилаар Бурханд итгэдэг вэ? Тэд “Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг, бүх зүйл болон бүх үйл явдал Түүний гарт байдаг” гэх үгийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлсэн үү? Тэд хүний оюун ухааныг ашиглан асуудлыг задлан шинжлэхдээ, хүний арга барил ашиглан асуудалд хандахдаа Бурханы дээд эрхэд итгэдэг үү, хүмүүс, хэрэг явдал, аливаа зүйлийг захирах Бурханы захиралт, зохицуулалтад дуулгавартай байдаг уу? Мэдээж үгүй. Нэгдүгээрт, тэд дуулгавартай байдаггүй; энэ нь аль хэдийн алдаа юм. Хоёрдугаарт тэд өөрсдөд нь зориулж Бурханы зохицуулдаг нөхцөл байдал, хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг Бурханаас хүлээн авч чаддаггүй; тэд өнгөн хэсгээс цааш хардаггүй. Тэд нөхцөл байдал гаднаасаа хэрхэн харагдаж байгааг л хардаг, тэгээд хүний оюун ухаанаа ашиглан задлан шинжилж, хүний аргаар шийдвэрлэхээр оролддог. Энэ нь өөр нэг алдаа биш үү? (Мөн.) Яагаад тэр вэ? Тэд Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй. Тэд бүх зүйл санамсаргүй байдлаар тохиолддог гэж боддог. Тэдний нүдээр бол Бурхан нэг ч зүйлийг захирдаггүй бөгөөд ихэнх зүйл хүмүүсийн үйлдлээс болж болдог. Энэ нь Бурханд итгэж байгаа хэрэг мөн үү? Тэдэнд жинхэнэ итгэл бий юу? (Байхгүй.) Яагаад байхгүй гэж? Тэд Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй. Тэд Бурхан бүх хэрэг явдал, бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй—Бурхан бүх нөхцөл байдлыг захирдаг гэдэгт итгэдэггүй. Хэрэв ямар нэг зүйл өөрсдийнх нь төсөөлснөөр болохгүй бол тэд үүнийг Бурханаас хүлээн авч чаддаггүй. Бурхан эдгээр нөхцөл байдлыг зохион байгуулж чадна гэдэгт тэд итгэдэггүй. Тэд Бурханыг харж чаддаггүй учраас эдгээр нөхцөл байдлыг Бурхан зохион байгуулсан гэхээсээ илүү хүмүүсийн үйлдлийн үр дүнд санамсаргүй байдлаар тохиолддог гэж боддог. Тэд Бурханы дээд эрхэд итгэдэггүй. Тэгвэл тэдний итгэл үнэмшлийн мөн чанар юу вэ? (Тэд бол үл итгэгчид.) Тийм ээ, тэд үл итгэгчид! Үл итгэгчид Бурханаас юуг ч хүлээж авдаггүй. Харин оронд нь тэд хүний харах өнцөг, оюун ухаан, арга барилыг ашиглан аливаа зүйлийг шийдвэрлэх гэж оролдон толгойгоо гашилгадаг. Энэ бол үл итгэгчдийн зан авир юм. Та нар ирээдүйд ийм хүнтэй таарах үедээ тэднийг ялган таньж чаддаг болох ёстой. Асуудал үүсэх үед үл итгэгчид тархиа ажиллуулж, санаа сэдэхдээ сайн байдаг; тэд тулгамдсан асуудлыг байнга судалж, хүний арга ашиглан шийдвэрлэхээр оролддог бөгөөд учир шалтгаан ярьж, Сатаны гүн ухаан юм уу хуулийг дагах дуртай байдаг. Тэд үргэлж Бурханы үг бол үнэн гэдэгт, эсвэл Бурханы дээд эрх бүх зүйлийг хамардаг гэдэгт итгэлгүйгээр хүн төрөлхтний үндэслэл, сатанлаг гүн ухааныг ашиглан, эсвэл хуульд тулгуурлан хүмүүс болон аливаа зүйлийг хардаг. Болж буй бүх зүйлийг Бурхан зөвшөөрдөг боловч үл итгэгчид эдгээр зүйлийг Бурханаас хүлээн авч чаддаггүй бөгөөд үргэлж хүний үзэл, төсөөлөлд тулгуурлан аливаа зүйлийг хардаг. Хэдийгээр үл итгэгчид ихэвчлэн хүний хувь заяа Бурханы гарт байдаг гэдэгт итгэдэг, мөн Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдахад бэлэн байдаг гэж хэлдэг ч өөрсдөд нь ямар нэгэн зүйл бодитоор тохиолдоход тэд Бурханаас эдгээр зүйлийг хүлээн авч чаддаггүй бөгөөд Бурханы талаар үзэлтэй болдог. Энэ бол үл итгэгчдийн зан авир юм. Та нарын амьдралд ийм хүмүүс байдаг уу? Та нар хэзээ нэгэн цагт ийм зан гаргаж байсан уу? (Байсан.) Та нар үл итгэгчид шиг аашилдаг, гэхдээ та нар үнэхээр үл итгэгчид мөн үү? Та нар Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэг үү? Бүх хүн, үйл явдал, зүйл, нөхцөл байдал Бурханы гарт байдаг гэдгийг та нар хүлээн зөвшөөрч байна уу? Та нар Бурханаас хэчнээн олон зүйлийг хүлээн авч чадах вэ? Хүний арга барил ашиглан хэр олон асуудлыг шийдвэрлэсэн бэ? Чи хэр олон удаа завхарсан зан чанарын дагуу амьдардаг вэ? Хэр олон удаа Бурханд захирагдаж чадах вэ? Эдгээр асуултын талаар тунгаан бод, та нар хариултыг нь зүрх сэтгэлдээ мэдэж байгаа нь гарцаагүй. Бурханаас юм хүлээн авах нь амархан уу? (Тэр үед дотоод тэмцэл болно.) Тэмцэл болох нь үнэн, гэхдээ тэр тэмцлийн үр дүн юу вэ? Амжилт уу, бүтэлгүйтэл үү? (Заримдаа бүтэлгүйтэл, заримдаа амжилт.) Хэрэв энэ нь жигд хуваагдсан бол та нарт найдвар байсаар байна, гэхдээ хэрэв чи ихэнхдээ бүтэлгүйтэж, ховорхон амжилтад хүрдэг бол энэ нь чамайг үнэнийг хайрладаг хүн биш гэдгийг баталж байна. Бүтэлгүйтэл бол хэвийн зүйл—бүтэлгүйтлээс бүү ай, бүү шантар, бүү сөрөг болж эсвэл ухарч буц, шаргуу хичээгээд бай. Бүтэлгүйтэл бол муу зүйл биш; Хүмүүс ядаж л бүтэлгүйтлээс ашиг тус хүртэх боломжтой, энэ бол сайн зүйл юм!

Хүмүүс үнэнийг олж авах үйл явц нь ямар ч үед бүх төрлийн дайсны эсрэг тулалдахад бэлэн эрэлхэг дайчин дайны талбарт хөл тавьж буйтай адил юм. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн дайснууд бол Сатаны янз бүрийн завхарсан зан чанар юм. Энэ хүмүүс завхарсан махан биетэйгээ тэмцэж байна; үндсэндээ тэд Сатантай тулалдаж байна. Сатантай тулалдахад ямар зэвсэг хэрэглэдэг вэ? Мэдээжийн хэрэг, тэр зэвсэг бол үнэн, Бурханы үгийг дагах юм. Сатаныг ялахын тулд хүн эхлээд үнэний ямар талыг хэрэгжүүлэх ёстой вэ? Бурханд, Түүний үгэнд, үнэнд захирагдах. Энэ бол Сатантай тулалдахдаа хүний хамгийн түрүүнд авах ёстой сургамж юм. Хэрэв чи өөрт тохиолдсон зүйлсийг Бурханаас хүлээн авч чадахгүй бол Бурханы өмнө захирагдаж чадахгүй, цаашлаад Бурханы өмнө залбирах юм уу үнэнийг эрж хайхын тулд өөрийгөө тайван байлгаж чадахгүй. Хэрэв Бурханд залбирч, үнэнийг эрж хайж чадахгүй бол чи үнэнийг, эсвэл Бурхан яагаад чамайг ийм нөхцөл байдалд, тэдгээр хүн, хэрэг, зүйлтэй хамт оруулсныг ойлгохгүй байх болно—чи төөрөгдөлд автана. Хэрэв чи үнэнийг эрж хайж чадахгүй бол завхарсан зан чанараа даван туулж чадахгүй. Зөвхөн завхарсан зан чанар, завхарсан махан биеэ ялж байж л чи сүнслэг ертөнцийн чөтгөр Сатаныг шившиглэж чадна. Сатантай тулалдах нь үнэнийг эрж хайхаас ихээхэн шалтгаалдаг; хэрэв чи үнэнийг ойлгодоггүй бол дотор чинь үүссэн аливаа асуудал, үзэл чамайг сул дорой, сөрөг болгох боломжтой. Хэрэв завхарсан зан чанар харуулах чинь хэзээ ч шийдвэрлэгдээгүй бол чи унаж, бүтэлгүйтэх магадлалтай бөгөөд дахин босоход хэцүү байх болно. Зарим нь уруу таталттай тулгарахдаа бүдэрч, зарим нь шаналгаатай өвчинтэй тулгарахдаа сөрөг болж, зарим нь шалгалттай тулгарахдаа нүүрээрээ унадаг. Эдгээр нь хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй, өөрийн харуулдаг завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүйн үр дагавар юм. Та нар юу гэж бодож байна: Сатанлаг зан чанар хүмүүст маш их асуудал учруулдаг уу? (Тийм.) Хэр их асуудал? (Тэд хүмүүсийг Бурханы өмнө ирэхэд саад болж, тэднийг Бурханд захирагдах чадваргүй болгодог.) Хэрэв хүмүүс Бурханд захирагдаж чадахгүй бол тэд юугаар амьдрах вэ? (Тэд сатанлаг, завхарсан зан чанараар амьдрах болно.) Хүмүүс сатанлаг, завхарсан зан чанараар амьдрахдаа ихэнхдээ үзэл харуулж, түргэн зантай болдог. Жишээлбэл, хэрэв чи ямар нэг буруу зүйл хийж улмаар ах, эгч чамайг илчилж эсвэл чамтай харьцвал, чи хэрхэн Бурханд захирагдаж, үнэнийг эрж хайх ёстой вэ? Энд суралцах зүйл байна. Магадгүй чи энэ талаар тунгаан бодож эхлэн, “Тэр хүн намайг ихэвчлэн дорд үздэг бөгөөд энэ удаад тэд миний эсрэг ашиглах ямар нэг зүйлийг олжээ. Тэд намайг онилж байгаа болохоор би аятайхан тоглохгүй. Надаар оролдох дэмий дээ!” гэж бодно. Энэ түргэн зан биш гэж үү? (Түргэн зан.) Түргэн зан гэж юу вэ? (Ашиг сонирхол нь хөндөгдөж эсвэл нэр хүнд, байр суурь нь хохирсон үед хүний сатанлаг зан чанар нь гарч ирж, тэд ямар нэг бодлогогүй зүйл хэлэх юм уу, хийдэг. Энэ бол түргэн зан гэж юу гэсэн үг болох талаар миний ойлголт юм.) Энэ ойлголт үндсэндээ зөв юм. Хэн үүн дээр нэмж чадах вэ? (Хүнд ямар нэгэн зүйл тохиолдоход тэд үнэнийг эрж хайдаггүй, оронд нь өөрийнхөө дотор төрөлхийн байдаг зүйлсийг суллах нь түргэн зан юм.) Түүний ашигласан “төрөлхийн” гэдэг үг маш тохиромжтой. Сатан хүмүүсийг завхруулсны дараа тэдний хамгийн төрөлхийн, хамгийн анхдагч зан чанар нь үндсээрээ илчлэгдэхийг түргэн зан гэж нэрлэдэг. Энэ бол бодол, сэтгэхүйн боловсруулалт, тунгаан бодох, цэгцлэлтийг дамждаггүй, зүгээр л гарч ирдэг зүйл юм. Энэ бол түргэн зан. Завхарсан зан чанарт автан амьдардаг хүмүүс түргэн зан гаргадаг. Тэгвэл яагаад хүний уг чанараас төрөлхийн урган гарч ирдэг зүйл үнэнтэй нийцэхгүй байна вэ? Хүмүүс яагаад түргэн зан харуулдаг вэ? Шалтгаан нь юу вэ? Энэ нь хүний сатанлаг зан чанараас үүдэлтэй. Хүний төрөлхийн зан чанар нь түргэн зантай холбоотой байдаг. Хүний ашиг сонирхол, бардамнал, бахархал хохирол тохиолдолд, хэрэв үнэнийг ойлгодоггүй эсвэл үнэн-бодит байдалгүй бол тэд завхарсан зан чанараараа тэр хохиролд хандана, тэд бодлогогүй болж, хуумгай үйлдэл хийх болно. Тэдний үзүүлж, харуулж байгаа зүйл бол түргэн зан юм. Түргэн зан нь эерэг зүйл үү, сөрөг зүйл үү? Энэ нь мэдээж сөрөг зүйл. Хүний хувьд түргэн зантай амьдарна гэдэг сайн зүйл биш; энэ нь сүйрлийг авчрах магадлалтай. Хэрэв аливаа зүйл тохиолдох үед хэн нэгний түргэн зан, завхрал илчлэгдэх юм бол тэр хүн үнэнийг эрж хайж, Бурханыг дуулгавартай дагадаг хүн мөн үү? Мэдээж, ийм хүн Бурханд дуулгавартай байдаггүй нь тодорхой. Бурханы хүмүүст зориулан зохицуулдаг янз бүрийн хүн, үйл явдал, зүйл, орчны хувьд, хэрэв хэн нэгэн хүн тэднийг Бурханаас хүлээн авч чадахгүй, оронд нь тэдэнтэй тэмцэж, хүний аргаар шийдвэрлэвэл, эцэст нь юу болох вэ? (Бурхан тэр хүнийг жигшин голох болно.) Тэгээд энэ нь хүмүүсийг босгон байгуулах болов уу? (Үгүй ээ, тэгэхгүй.) Тэд зөвхөн өөрсдийнхөө амийн хувьд хохирол амсаад зогсохгүй бусдыг огт босгон байгуулахгүй. Үүнээс илүүтэйгээр тэд Бурханыг шившиглэж, өөрсдийг нь жигшин голдог болгоно. Ийм хүн гэрчлэлгүй болж, хаана ч явсан нүд үзүүрлэгддэг. Хэрэв чи Бурханы гэрийн гишүүн боловч үргэлж түргэн зангаар үйлдэл хийдэг бол, үргэлж өөрийн төрөлх чанарыг илчилдэг бол, үргэлж завхарсан зан чанараа харуулдаг бол, аливааг хүний аргаар, завхарсан, сатанлаг зан чанараар хийдэг бол, эцсийн үр дагавар нь чи мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэх болно—мөн хэрвээ гэмшихгүй хэвээр үлдэж, үнэний эрэл хайгуулын замд хөл тавьж чадахгүй бол чи илчлэгдэж, таягдан хаягдах ёстой болно. Сатанлаг зан чанарт найдаж амьдрах, үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлэхгүй байх нь ноцтой асуудал биш үү? Энэхүү асуудлын нэг тал нь хүн өөрийнхөө амийн хувьд өсдөггүй, өөрчлөгддөггүй; түүнээс гадна хүн бусдад сөргөөр нөлөөлнө. Тэд чуулганд ямар ч сайн зорилгод үйлчлэхгүй бөгөөд эцэстээ чуулган болон Бурханы сонгосон хүмүүст асар их асуудал удаж хоолны ширээн дээгүүр нааш цааш нисдэг өмхий ялаа шиг жигшил, зэвүүцлийг төрүүлэх болно. Та нар ийм хүн болохыг хүсэж байна уу? (Үгүй.) Тэгвэл чи Бурханыг баярлуулж, бусдыг босгон байгуулахын тулд хэрхэн үйлдэх ёстой вэ? Чи ямар завхарсан зан чанар харуулснаасаа үл хамааран эхлээд өөрийгөө тайвшруулж, Бурханы өмнө хурдан залбирч, үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Чи хэрхэвч өөрийн хүсэл зориг, түргэн занг дагаснаараа завхрал харуулсаар байж болохгүй. Амьдралын чинь өдөр бүрийн минут тутмын секунд бүр, чи юу ч хийж, юу ч бодож байсан, Бурхан чамайг шинжиж, ажиглаж байдаг. Бурхан юу ажиглаж байна вэ? (Бурханы өөрт нь зориулан зохицуулсан хүмүүс, хэрэг явдал эсвэл зүйлстэй тулгарах үед хүн юу бодож, хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг.) Энэ нь зөв бөгөөд эдгээр зүйлийг ажиглах Бурханы зорилго юу вэ? (Тухайн хүн Бурханаас эмээдэг, муугаас зайлсхийдэг хүн мөн эсэхийг мэдэхийн тулд.) Энэ бол шалтгааны нэг хэсэг юм. Гол шалтгаан нь юу вэ? Үүнийг сайтар тунгаан бод. (Тэдэнд үнэнийг эрэлхийлж, Бурханд захирагдах зүрх сэтгэл байгаа эсэхийг мэдэхийн тулд юм.) Бурханаас эмээх, муугаас зайлсхийх, эсвэл үнэнийг эрэлхийлэх, Бурханд захирагдах зүрх сэтгэлтэй байх аль нь ч бай, эдгээр зүйл бүгд хүн ямар замаар явахыг сонгосон бэ гэсэн асуултыг хөнддөг. Бурхан яагаад хүмүүсийг байнга шинжиж байдаг вэ? Энэ нь чамайг ямар төрлийн замаар явж байгаа, амьдралын чинь зорилго, чиглэл юу вэ, чи үнэнийг эрэлхийлэх замыг сонгосон эсэх, эсвэл хоёр нүүртэй фарисайчуудын замыг сонгосон эсэхийг харах явдал юм. Эдгээр замын яг алинаар нь явж байгааг чинь харах зорилготой. Хэрэв чи зөв замыг сонгосон бол Бурхан чамайг удирдан чиглүүлж, гэгээрүүлж, хангаж, дэмжих болно. Хэрэв чи буруу замыг сонгосон бол энэ нь чамайг Бурханаас бүрмөсөн нүүр буруулсныг харуулж байгаа тул Бурхан мэдээж чамайг орхих болно.

Үргэлж бичиг үсэг, хоосон сургаал номлож, хийдэг бүхэндээ үнэн-зарчмыг зөрчиж, бүр Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироох зүйл хийдэг хүмүүс байдаг ч яагаад тэднийг сахилгажуулж, зэмлэдэггүй вэ? Зарим хүн энэ асуудлыг ойлгож чаддаггүй. Би та нарт хэлье, Бурхан ийм хүмүүсийг аль хэдийнээ хаясан. Хүн хэчнээн жил итгэгч байсан нь хамаагүй Бурхан энэ хүнийг орхихоор шийдсэн бол тэр нь маш ноцтой хэрэг юм! Хүмүүс явна гэж Бурханы найддаг замтай холбоотой Бурханы хүсэл, эрмэлзэл юу вэ? Бурхан хүмүүсийг тодорхой нөхцөл байдалд оруулахдаа тэднийг захирагдана гэж найддаг уу, эсвэл тэрсэлнэ гэж найддаг уу? Тэд үнэнийг эрж хайж, олж авна гэж Бурхан найддаг уу, эсвэл үнэнийг үл тоомсорлож, зогсонги байдалд орно гэж найддаг уу? Үүнд Бурхан ямар хандлагатай байдаг вэ? Бурхан хүмүүсээс юу хүлээдэг вэ? Хүмүүс идэвхгүй болж, назгайрч, үл тоомсорлохгүйгээр Өөрийнх нь ажилд захирагдаж, идэвхтэй хамтран ажиллаж чадна гэж Бурхан найддаг. Зарим хүн үүрэгтээ үлбэгэр байдаг: Тэдэнд ямар нэгэн үүрэг даалгавар өгөхөд үүнийг өөрийн үзэмжээр хийх боловч үнэнийг юм уу Бурханы хүслийг эрж хайдаггүй. Тэд ийм хандлагад ямар ч буруу зүйл байхгүй гэж боддог—ямар ч захиргааны зарлигийг зөрчөөгүй, Бурханы зан чанарт халдаагүй, чуулганы ажилд саад хийх юм уу үймүүлээгүй, мөн үүргээ гүйцэтгэсээр байгаа тул яллагдахгүй гэж хүмүүс боддог. Ийм хандлагын талаар юу гэж бодож байна? (Энэ бол сайн зүйл биш. Энэ нь Бурханы жигшдэг сөрөг, идэвхгүй, үлбэгэр хандлага юм.) Үлбэгэр хандлага гэж юу вэ? Бурхан яагаад үүнийг жигшдэг вэ? Энэ төрлийн хандлагын мөн чанар юу вэ? (Би энэ талаарх туршлагаасаа бага зэрэг хуваалцаж чадна. Би саяхан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн хүслийг дагаж, зарчмыг зөрчсөн. Засалт, харьцалт туулсныхаа дараа би өөрийгөө эргэцүүлээгүй, Бурханыг буруу ойлгож, Түүнээс сэрэмжилсэн. Миний зүрх сэтгэл Бурханд хаалттай байсан, би Бурханд ойртохыг хүсээгүй, мөн Түүнд залбираагүй. Миний хандлага үлбэгэр байсан нь намайг тэр үед сөрөг, идэвхгүй, гаслантай болгосон. Учир нь зүрх сэтгэл минь Бурханд хаалттай болмогц миний амьдралын хамгийн чухал багана нурах шиг болж, би гаслантай болж үлдсэн. Гаднаа би ямар нэгэн илт тэрслүү зан авир гаргахгүйгээр үүргээ гүйцэтгэж байгаа мэт харагдаж байсан ч Ариун Сүнснээс гэгээрэл хүлээн аваагүй, Бурхантай идэвхтэй хамтран ажиллах сэтгэлгээ надад байгаагүй. Ийм үлбэгэр, сөрөг, урам зориггүй хандлагатай байх нь өөрийгөө аажмаар хөнөөхтэй адил байв. Бурханаас нүүр буруулдаг хүмүүс үндэс нь үхсэн модтой адил. Амийн хангалт нь тасарсан тул мөчир, навчис нь аажмаар хатаж, уг мод бүхэлдээ үхдэг.) Маш сайн тайлбарлалаа. Магадгүй ихэнх хүн ийм байдалд байгаа: Тэд асуудал үүсгэхгүй, муу зүйл хийхгүй, аливааг үймүүлэхгүйгээр өөрсдөөс нь шаардсан болгоныг хийдэг—тэд зүгээр л үлбэгэр байдаг. Бурхан яагаад ийм хандлагыг жигшдэг вэ? Ийм хандлагын харуулж буй мөн чанар юу вэ? Энэ бол сөрөг, эсэргүүцсэн, үнэнийг голдог мөн чанар юм. Та нар Бурхан эхлээд хүмүүсээс татгалздаг гэж хэлэх үү, эсвэл хүмүүс эхлээд Бурханаас татгалздаг гэж хэлэх үү? (Хүмүүс эхлээд татгалздаг.) Хэрвээ чи эхлээд Бурханаас татгалзвал зүрх сэтгэл чинь Бурханд хаалттай болдог, энэ бол ноцтой асуудал юм. “Хаалттай” гэдэг нь үүнийг илэрхийлэх нэг арга зам юм. Үнэндээ юу болж байна вэ гэвэл хүмүүс зүрх сэтгэлээ битүүмжилж, Бурханыг оруулахгүй байгаа нь “Би Таныг цаашид хүсэхгүй байна. Би Тантай бүх холбоогоо тасалж, бидний хоорондох бүх харилцааг зогсоож байна” гэсэн утгатай. Бүтээгдсэн зүйл нь бүтээгчдээ ийм хандлага гаргавал Бурхан үүнийг хэрхэн зохицуулдаг вэ? Бурханы хандлага юу вэ? Хүмүүс ийм байдалтай байгааг хараад Бурхан баяр баясгалан, жигшил зэвүүцэл, эсвэл уйтгар гунигийг мэдэрдэг үү? Нэгдүгээрт, Тэрээр уйтгар гунигийг мэдэрдэг. Хүмүүс хэтэрхий хөшүүн болж, үнэнийг хүлээн авахыг огт хүсэхгүй байгааг хараад Бурханы урам хугарч, дараа нь тэднийг жигшдэг. Хүний зүрх сэтгэл Бурханаас битүүмжлэгдсэн үед Бурхан үүнд хэрхэн хандах вэ? (Бурхан хүнд Өөрийнх нь хүслийг ойлгож, зүрх сэтгэлээ Өөрт нь нээх боломжийг олгох зарим нөхцөл байдлыг зохион байгуулна.) Тийм ээ, энэ бол Бурханы идэвхтэй арга замын нэг бөгөөд Тэрээр заримдаа иймэрхүү зүйл хийдэг ч заримдаа хийдэггүй. Заримдаа Бурхан нүүрээ буруулж, түр харзнаж, Өөрт нь зүрх сэтгэлээ нээхийг чинь хүлээнэ. Чи Түүнийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч, үнэнийг хүлээн авч чадвал Тэрээр чамайг үргэлжлүүлэн энэрч, гэгээрүүлнэ. Гэсэн хэдий ч ерөнхийдөө, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханаас бүрэн битүүмжилсэн хандлагатай байж, Түүнтэй хэвийн харилцаатай байхаас татгалзаж, Түүнтэй холбоотой байхаас татгалздаг бол чамайг захирдаг Бурханы дээд эрх, Бурханы удирдамжийг голж байна. Энэ нь Түүнийг өөрийн Бурхан гэхээс татгалзаж, Түүнийг өөрийнхөө Эзэн байлгахыг хүсэхгүй байгаатай адилхан. Хэрвээ чи Түүнийг өөрийн Бурхан, Эзэн гэхээс татгалзвал Тэр чам дээр ажилласаар байж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл Тэр чамайг хаяж л чадна. Чи юу болсныг ойлгож, арга замынхаа алдааг ухаарч, гэмшиж мэддэг болсны дараа л Бурхан чамд дээр дахин ажиллаж эхлэх боломжтой. Тэгэхээр энэ мэт үлбэгэр хандлагатай тулгарах үедээ Бурхан лавтайяа ажиллахгүй, ийм хүмүүсийг хойш тавина. Та нарт ийм туршлага байна уу? Ийм нөхцөл байдал амар тайван, баяр баясгалантай юу, эсвэл тэвчихийн аргагүй, зовлонтой юу? (Тэвчихийн аргагүй, зовлонтой.) Хэр зовлонтой вэ? (Энэ нь яг л алхаж буй цогцостой адил. Энэ бол адгуус амьтных шиг бодолгүй, сүнсгүй оршин тогтнол юм.) Хүний зүрх сэтгэлд Бурхан байхгүй бол зүрх сэтгэл нь хоосон байна; энэ нь сүнсгүй байгаатай адилхан. Энэ нь тэд сүнсгүй үхдэл болсон гэсэн үг биш үү? Ямар аймшигтай вэ! Хүн хаана ч, хэзээ ч Бурханаас урваж чадна. Бага зэрэг хайхрамжгүй байхад л тэд зүрх сэтгэлдээ Бурханыг үгүйсгэж чаддаг, үүний дараа тэдний нөхцөл байдал даруй өөрчлөгддөг: Тэдний сүнсний байдал тэр дороо буурч, тэд Бурханы байгааг мэдрэхээ больж, Бурханд найдах байдал болон Бурхантай харилцах харилцаа нь тэр чигтээ алга болдог, яг л цохилохоо больсон зүрх шиг. Энэ нь аюултай нөхцөл байдал юм. Ийм байдалд юу хийж болох вэ? Чи зөв хандлагатай байж, Бурханд цаг алдалгүй залбирч, гэмших хэрэгтэй. Хүн үргэлж сөрөг, эсэргүү байдалд буюу Бурханд бүрэн хаягдсан, Бурханд хүрч чадахгүй байдалд амьдрах нь аюултай! Энэ аюул ямар хүсээгүй үр дагаварт хүргэж болохыг та нар ухаарсан уу? Энэ нь зөвхөн хүний амсаж болох хохирлын асуудал биш—өөр ямар үр дагавар гарч болох вэ? (Тэд муу ёрын сүнсэнд эзэмдүүлж магадгүй.) Энэ бол нэг үр дагавар. Өөр олон боломж бий. (Тэд ноцтой ёрын мууг үйлдэж, Бурханд илчлэгдэж, таягдан хаягдаж магадгүй.) Энэ ч бас боломжтой. Өөр байна уу? (Бурхантай харилцах харилцаа нь улам бүр холдож магадгүй.) Тэгэхээр ийм нөхцөл байдал үргэлжилбэл уг хүн эцэстээ Бурханд итгэхээ болих талаар бодож үзнэ гэж та нар бодож байна уу? (Тийм.) Энэ аймшигтай биш гэж үү? (Аймшигтай.) Хэрвээ хүн итгэл үнэмшлээ орхих гэсэн ийм муу хүсэлтэй байвал энэ нь хамгийн аймшигтай зүйл юм, учир нь тэд зүрх сэтгэлдээ Бурханаас аль хэдийн урвасан ба Бурхан ийм хүнийг аврахгүй.

Итгэгчийн хувиар хүн Бурхантай хэвийн харилцаатай байх ёстой; энэ маш чухал. Бурхантай харилцах харилцаа нь хэвийн байвал хүн сайн байдалд байх болно; хүний байдал муу байвал Бурхантай харилцах харилцаа нь хэвийн биш байна. Хүн сайн эсвэл муу байдалтай байгаа эсэхээс шалтгаалж зүрх сэтгэл нь хоёр шал өөр нөхцөл байдалд байх болно. Хүн сайн байдалтай байх үедээ зүрх сэтгэлдээ тодорхой хүчийг буюу хэзээ ч гэрлэхгүй байх, хэчнээн зовж шаналж байсан ч Бурханыг эцсээ хүртэл дагах, эцсээ хүртэл, үхэх хүртлээ Бурханд үнэнч байхад хөтлөх хүчийг мэдрэх болно. Ийм шийдэмгий байдал яаж бий болдог вэ? (Энэ нь хүмүүст байдаг нэг төрлийн урам зоригоос бий болдог.) Бурхан энэ урам зоригийг хүлээн зөвшөөрдөг үү? Иймэрхүү шийдэмгий байдал нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Эерэг зүйл.) Бурхан эерэг зүйлсийг хүлээн зөвшөөрдөг үү? (Тийм.) Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг шинждэг. Зүрх сэтгэлийнхээ гүнд хүмүүс юу бодож байгааг, тэдний байдал ямархуу байгааг Тэр шинждэг. Тиймээс чамайг зүрх сэтгэлдээ иймэрхүү хүсэл, шийдэмгий байдал илэрхийлэх үед Бурхан үүнийг ч бас шинждэг. Энэ шийдэмгий байдал хаанаас үүдэлтэй вэ? Энэ нь хүний төрөлх чанар, түргэн зангаас үүдэлтэй юу? (Үгүй ээ, энэ нь Ариун Сүнсний ажлаар хүмүүст шингэсэн байдаг.) Зүйтэй. Хүмүүс зөв байдалд амьдрах үед Ариун Сүнс тэдэнд ийм хүчийг өгдөг бөгөөд энэ нь тэдэнд тийм шийдвэртэй байх боломжийг олгодог. Энэ бол эерэг зүйл бөгөөд хамтран ажиллаж, золиос гаргасных нь төлөө Ариун Сүнс үүнийг хүмүүст өгдөг юм. Хүмүүс өөрсдөө ер нь ийм төрлийн итгэл үнэмшилтэй байсан уу? Мэдээж үгүй, тийм биз дээ? Хүмүүс хамтран ажиллах багахан л шийдвэртэй байхад Ариун Сүнс тэдэнд ийм хүчирхэг урам зориг өгдөг! Эндээс чи одоо юу харж байна вэ? (Хүмүүс Бурхантай хамт байх ёстой. Бурхангүй бол зөвхөн үхэл бий.) “Хүмүүс Бурхантай хамт байх ёстой” гэдэг нь үнэн. Энэ бол туршлагаас олж авсан мэдлэг юм. Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд нээвэл, хэрвээ чамд жаахан ч гэсэн шийдэмгий зан байгаа бол, Бурханд залбирахдаа зүрх сэтгэлээ илчилж чаддаг бол Тэр чамд энэ хүчийг өгнө. Энэ хүч бүхий л амьдралд чинь хүрэлцэх бөгөөд ийм гүн гүнзгий шийдвэртэй байж, “Би бүх амьдралаа Бурханд өргөн барьж байна, би хамаг амьдралаа Түүний төлөө өөрийгөө зарлагадахад зарцуулж, Түүний төлөө амьдарна!” гэж хэлэх боломжийг чамд олгоно. Энэ бол баримт; хүмүүс ингэж боддог, ингэхийг хүсдэг. Гэсэн хэдий ч хэрвээ хэн нэгэн Бурханыг дагаад, өөрийн оюун ухаан, бодол, хэв чанар, авьяасад тулгуурлан үүргээ гүйцэтгэвэл хэр их хүч чадалтай байх вэ? Хэрвээ чамд үнэнийг эрэлхийлэх хүсэл байхгүй бол ямар ч шаргуу хөдөлмөр үр дүнд хүрэхгүй. Ийм дотоод хүч чадалд хүн хүрч чадахгүй; үүнийг Бурхан өгдөг. Хүмүүс энэ хүч чадлыг яаж алддаг вэ? Энэ юунаас болдог вэ? Бурхан зүрх сэтгэлд нь байхгүй бол энэ хүч алга болдог. Хүмүүст ийм хүч байгаа бол энэ нь Ариун Сүнсний ажил, Бурханаас хүмүүст өгөгдсөн хүч юм—энэ бүгдийг Бурхан хийж байгаа. Хэрэв зүрх сэтгэл чинь Бурханаас битүүмжлэгдсэн бол, хэрэв чи Бурханд “үгүй” гэж хэлээд, чиний амьдралыг захирах Бурханы дээд эрх, зохион байгуулалт, түүнчлэн эргэн тойронд чинь Бурханы зохицуулсан орчин, хүмүүс, үйл явдал, зүйлээс бүгдээс нь татгалзвал чамд үнэнийг эрэлхийлэх зүрх сэтгэл ч байхгүй байх болно. Хүмүүс Бурханыг алдана гэдэг үнэхээр аймшигтай; энэ бол баримт. Бурханыг алдсан хүн юу ч биш. Хэрвээ хүн зүрх сэтгэлээ Бурханаас битүүмжилбэл Бурханд итгэх талаар ч эргэлзэж магадгүй бөгөөд үүнийгээ хэзээ ч, хаана ч харуулж чадна. Үүний хамгийн аймшигтай нь тэдний эдгээр бодол улам хүчтэй болж, бүр өөрсдийн орхиж, зарлагадсан бүхэндээ харамсах, нэгэн цагт байсан шийдэмгий зан, туулсан зовлондоо харамсах хэмжээнд хүрнэ. Тэдний нөхцөл байдал өмнөхөөсөө тэс өөр болж, тэд огт өөр хүн шиг байх болно. Яаж ийм юм болдог вэ? Хэрвээ хүн Бурханы өөрт нь зориулж зохицуулсан хүмүүс, үйл явдал, зүйл, хүрээлэн буй орчинд захирагдаж чадвал амар тайван, баяр хөөртэй амьдарч чадна. Хэрэв тэд Бурханы зохицуулсан хүмүүс, үйл явдал, зүйлээс зугтахыг үргэлж хичээж, Бурханы захирдаг хүрээлэн буй орчинд дуулгавартай байхыг хүсэхгүй байвал үүнээс ямар нөхцөл байдал үүдэн гарах вэ? (Зовлон ба харанхуй.) Тэд түнэр харанхуй, гаслан зовлон, сандрал, байнгын түгшүүр, уйтгар гунигийг мэдэрнэ. Энэ нь эрс ялгаа биш гэж үү? (Мөн.) Хүмүүс сайн сайхан байдалтай амьдрах нь яг л Бурханы яг өмнө тэнгэрт амьдрахтай адил юм. Муу байдалтай байх үед тэдний байдал улам бүр харанхуйлж, тэд Бурханд хүрч чадахгүй хэвээр үлддэг. Харанхуй байдалд амьдрах нь тамд амьдрахаас өөрцгүй. Та нар хэзээ нэгэн цагт тамын зовлонг мэдэрч байсан уу? Тамын зовлон тааламжтай юу, эсвэл тэвчихийн аргагүй юу? (Тэвчихийн аргагүй.) Үүнийг нэг өгүүлбэрээр хэрхэн дүрсэлж болох вэ? (Үхлээс ч дор.) Тийм ээ, үхлээс ч дор. Үхэх нь амьдрахаас хамаагүй илүү тааламжтай байх болно, ингэж амьдрах нь маш тарчлаантай. Маш сайхан хэллээ; энэ нь ийм л байдаг.

Хүмүүст тулгардаг бүх бэрхшээл, тэдний бүх сөрөг, сул тал завхарсан зан чанартай нь шууд холбоотой. Завхарсан зан чанарыг нь шийдвэрлэж чадвал тэдний Бурханд итгэх итгэл дэх бүх бэрхшээл бараг шийдвэрлэгдэнэ гэж хэлж болно: Үнэнийг эрж хайхад нь тэднийг юу ч хойш татахгүй, үнэнийг хэрэгжүүлэхэд нь ямар ч бэрхшээл тулгарахгүй, мөн Бурханыг дуулгавартай дагахад нь юу ч саад болохгүй. Тиймээс хүний завхарсан зан чанарыг шийдвэрлэх нь нэн чухал. Бурхан хүмүүсээс үнэнийг эрэлхийлж, үнэнч шударга байхыг шаарддаг нь завхарсан зан чанарыг шийдвэрлэх, зан чанарын өөрчлөлтөд хүрэхтэй холбоотой юм. Үнэнийг эрж хайхын зорилго нь завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэх явдал бөгөөд үнэнийг эрэлхийлэх нь зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн төлөө байдаг. Тэгвэл хүн яаж үнэнийг эрж хайдаг вэ? Хүн яаж үнэнийг олж авч болох вэ? Хэсэг хугацааны өмнө Би юу гэж хэлсэн бэ? (Бурхан бүхнийг захирдаг гэдэгт итгэж, Бурханы бүрдүүлсэн орчинд захирагд.) Тийм ээ, итгэ, захирагд, Бурханы бүтээсэн орчинд сургамж авахыг хичээ, үнэнийг эрж хай, үүргээ гүйцэтгэ. Хэрвээ чи Бурханы бүтээсэн орчноос сургамж авч чадвал дуулгавартай дагахад амар байх биш үү? (Тийм ээ.) Чи үнэнийг эрж хайж, сургамж авах үедээ завхарсан зан чанар харуулахаас зайлсхийж, түргэн зангаа ил гаргахаас сэргийлэх нь үнэн биш гэж үү? Энэ үйл явцын үеэр чи Бурханы чамд зориулан зохицуулсан хүмүүс, үйл явдал, зүйлстэй харьцахдаа хүний арга барил, хүний сэтгэлгээг ашиглахаас зайлсхийх биш үү? Ийм маягаар чи хэвийн байдалтай байх биш үү? Чи хэвийн байдалтай байх үедээ байнга Бурханы өмнө амьдарч чадахгүй гэж үү? Тэгвэл чи аюулгүй байх болно. Хэрвээ чи үргэлж Бурханы өмнө ирж, байнга Түүний өмнө амьдарч, чамд зориулан Бурханы бүрдүүлсэн орчинд Бурханы хүслийг байнга эрж хайж, Бурханы зохицуулсан бүх хүн, үйл явдал, зүйлд захирагдаж чадвал үргэлж Бурханы мэлмий дор, Бурханы анхаарал халамж дор амьдрах биш үү? (Тэгнэ.) Хувь заяаг чинь Бурхан захирч, хамгаалж, хариуцаж байх үед, өдөр бүр Бурханы хамгаалалтыг эдлэх үедээ чи хамгийн аз жаргалтай хүн байх биш үү? (Тийм ээ.) Энэ сэдвийн талаарх бидний нөхөрлөл ингээд дууслаа. Цаашид та нар энэ талаар хамтдаа нөхөрлөж, энэ талаарх ойлголтоо нэгтгэн дүгнэж, хуваалцаж болно. Хэрхэн Иовын адил аз жаргалтай амьдарч, Бурханы сайшаалыг хүртэхийг олж мэд, ингэснээр Бурхан чамайг зүрх сэтгэлдээ байлгаж, чамайг Өөрийнхөө хайртай хүн гэж хэлнэ; мөн Иов шиг Бурханаас эмээж, муугаас зайлах амьдралын зөв замд хэрхэн хөл тавихыг олж мэд.

2017 оны 1 дүгээр сарын 25

Өмнөх: Бурханд итгэхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах нь хамгийн чухал

Дараах: Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх