Библийн талаар 2
Библийг бас Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэдэг. “Гэрээ” гэж юуг хэлдгийг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова египетчүүдийг хөнөөж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байв. Үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба үүнд, хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд израильчууд буюу Бурханы сонгосон хүмүүс бөгөөд бүгдийг нь Ехова өршөөнө гэж бичсэн байлаа (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг хөнөөх гэж байсан юм). Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай. Египетийн ямар ч хүн, эсвэл малыг Ехова аврахгүй байх байсан; Тэрээр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг хөнөөх гэж байв. Тиймээс Еховагийн гэрээний үр дүнд египетчүүд хатуу чанд гэсгээгдэнэ гэж зөгнөлийн олон номд урьдчилан хэлсэн байлаа. Энэ бол гэрээний эхний түвшний утга учир юм. Ехова Египетийн ууган хөвгүүд болон бүх ууган төлийг алж, израильчуудыг бүгдийг нь өршөөсөн нь Израиль нутгийн бүх хүнийг Ехова нандигнан хайрлаж, бүгдийг нь өршөөх байсан гэх утгатай байсан юм; Тэр тэдэн дээр урт хугацааны ажил хийхийг хүсэж, хурганы цус ашиглан тэдэнтэй гэрээ байгуулжээ. Тэр үеэс эхлээд Ехова израильчуудыг хөнөөхгүй бөгөөд тэд үүрд Түүний сонгосон хүмүүс байх болно гэж хэлсэн юм. Израилийн арван хоёр овгийн дунд Тэр бүхий л Хуулийн эрин үеийн ажлаа эхлүүлж, Өөрийн бүх хуулийг израильчуудад илчилж, тэдний дундаас эш үзүүлэгчид, шүүгчдийг сонгох байсан ба тэд Түүний ажлын төвд байх байлаа. Эрин үе өөрчлөгдөхгүй л бол зөвхөн сонгогдсон хүмүүсийн дунд ажиллана гэсэн гэрээг Ехова тэдэнтэй байгуулжээ. Еховагийн гэрээ нь хувиршгүй байсан, учир нь энэ нь цусаар хийгдсэн бөгөөд Түүний сонгосон хүмүүстэй байгуулагдсан. Илүү чухал нь, Тэр тохиромжтой цар хүрээ болон байг сонгож, үүгээр дамжуулан бүх эрин үеийн төлөөх Өөрийн ажлаа эхлэх байсан тул хүмүүс гэрээг нэн чухал хэмээн үзсэн. Энэ бол гэрээний утга учрын хоёр дахь түвшин юм. Гэрээ байгуулагдахаас өмнө байсан Эхлэлийг оруулахгүй бол Хуучин Гэрээний бусад бүх ном нь гэрээ байгуулагдсаны дараах израильчуудын дундах Бурханы ажлыг тэмдэглэсэн байдаг. Мэдээж Харь үндэстнүүдийн талаарх бүртгэл хааяа байдаг боловч ерөнхийдөө Хуучин Гэрээ нь Израиль дахь Бурханы ажлыг баримтжуулдаг. Израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээний улмаас Хуулийн эрин үед бичигдсэн номуудыг Хуучин Гэрээ гэж нэрлэдэг. Тэдгээр нь израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээгээр нэрлэгдсэн.
Шинэ Гэрээ нь, Есүсийн загалмай дээр асгаруулсан цус болон Түүнд итгэсэн бүхэнтэй байгуулсан гэрээгээр нь нэрлэгдсэн. Есүсийн гэрээ ийм байв: Түүний урсгасан цусаар гэм нүглээ уучлуулахын тулд хүмүүс Түүнд итгэх ёстой байсан ба тэгснээр тэд аврагдаж, Түүгээр дамжуулан дахин төрж, нүгэлтнүүд байхаа болих байсан; хүмүүс Түүнд итгэж байж л Түүний нигүүлслийг хүлээн авах бөгөөд үхсэнийхээ дараа тамд зовохгүй байх байсан юм. Нигүүлслийн эрин үед бичигдсэн бүх ном энэ гэрээний дараа бий болсон бөгөөд тэдгээр нь бүгд энэ үед агуулагдсан ажил болон айлдварыг баримтжуулдаг. Тэдгээр нь Эзэн Есүсийн цовдлолын аврал, эсвэл гэрээнээс цааш хэтэрдэггүй; тэдгээр нь бүгд Эзэн доторх, туршлагатай ахан дүүсийн бичсэн ном. Тиймээс эдгээр ном ч бас гэрээний нэрээр нэрлэгдсэн: Тэдгээрийг Шинэ Гэрээ гэж нэрлэдэг. Энэ хоёр гэрээ нь зөвхөн Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг агуулдаг бөгөөд төгсгөлийн эрин үетэй ямар ч холбоогүй. Тиймээс Библи нь эцсийн өдрүүдийн өнөөгийн хүмүүст тийм ч их хэрэггүй. Энэ нь, хамгийн ихдээ л түр зуурын лавлагаа болж болох ч үндсэндээ хэрэглээний үнэ цэн тун багатай. Гэсэн ч шашны хүмүүс үүнийг ихэд эрхэмлэсээр байдаг. Тэд Библийг мэддэггүй; зөвхөн Библийг яаж тайлбарлах тухай л мэддэг бөгөөд үүний эх сурвалжийн талаар үндсэндээ мэддэггүй. Библид хандах тэдний хандлага ийм байдаг: Библи дэх бүх зүйл зөв, ямар ч алдаа мадаг байхгүй. Библи бол зөв бөгөөд алдаагүй гэж эхлээд тодорхойлсон учраас тэд үүнийг асар их сонирхон судалж, шинжилдэг. Өнөөдрийн ажлын үе шатыг Библид зөгнөөгүй. Бүх газрын дундаас хамгийн харанхуйд нь явагдах байлдан дагуулалтын ажлын талаар хэзээ ч дурдаагүй, учир нь энэ нь хамгийн сүүлийн үеийн ажил билээ. Ажлын эрин үе өөр учраас, ажлын энэ үе шат эцсийн өдрүүдэд явагдана гэдгийг Есүс Өөрөө ч мэдэхгүй байсан, тэгвэл эцсийн өдрүүдийн хүмүүс Библийг судалснаар ажлын энэ үе шатыг Библиэс яаж олж чадах юм бэ?
Библийг тайлбарладаг ихэнх хүмүүс логик дүгнэлт хэрэглэдэг ба ямар ч бодит үндэслэл байдаггүй. Олон зүйлд дүгнэлт хийхийн тулд тэд ердөө логик ашигладаг. Жилээс жилд хэн ч Библийг задлан шинжилж зүрхлээгүй, эсвэл Библид “үгүй” гэж хэлж чадаагүй, учир нь энэ ном бол “ариун ном” бөгөөд хүмүүс үүнийг Бурхан шиг шүтдэг. Энэ нь хэдэн мянган жилийн туршид үргэлжилсэн. Бурхан ямар ч анхаарал хандуулаагүй бөгөөд Библийн дотоод түүхийг хэн ч нээж илрүүлээгүй. Библийг эрхэмлэх нь шүтээн шүтэж байгаа хэрэг гэж бид хэлдэг ч тэрхүү үнэнч итгэгчдийн хэн ч үүнийг ингэж харж зүрхэлдэггүй бөгөөд тэд чамд: “Ах минь! Тэгж бүү хэл, тэр чинь аймшигтай! Бурханыг доромжилж чи яаж чадаж байна аа?” гэж хэлнэ. Дараа нь тэд зовсон царай гарган: “Өө өршөөлт Есүс, авралын Эзэн минь, түүний нүглийг уучлахыг би Танаас гуйя, учир нь Та бол хүнийг хайрладаг Эзэн билээ, бид бүгд нүгэлтэй, бидэнд агуу энэрлээ үзүүлээч, амен” гэх болно. Тэд ийм л “сүсэгтэй”; тэдний хувьд үнэнийг хүлээн зөвшөөрөх нь яаж амархан байж чадах юм бэ? Чиний хэлсэн үг тэднийг цочтол айлгана. Библийг хүний санаа бодол, хүний үзлээр сэвтүүлж болно гэж хэн ч бодож зүрхлэхгүй ба хэн ч энэ өө сэвийг харж чадахгүй. Библид байгаа зүйлсийн зарим нь хувь хүний туршлага болон мэдлэг, зарим нь Ариун Сүнсний гэгээрэл бөгөөд хүний оюун ухаан болон бодлын хольц ч бас бий. Бурхан эдгээр зүйлд хэзээ ч хөндлөнгөөс оролцоогүй боловч үүнд хязгаар байдаг: Эдгээр зүйл хэвийн хүний бодлоос хэтэрч чадахгүй, хэрвээ хэтэрвэл Бурханы ажлыг үймүүлж, саад болж байгаа хэрэг. Хэвийн хүний бодлоос давдаг зүйлс нь Сатаны ажил юм, учир нь энэ нь хүмүүсийг үүргээс нь салгадаг, энэ бол Сатаны ажил, Сатанаар чиглүүлэгддэг учраас энэ мөчид Ариун Сүнс тэгж авирлахыг чинь зөвшөөрөхгүй. Заримдаа зарим ах эгч нар: “Би ийм, ийм маягаар ажиллавал зүгээр үү?” гэж асуудаг. Би тэдний биеийн хэмжээг хараад, “Зүгээр!” гэж хэлдэг. Бас “Хэрвээ би ийм ийм маягаар ажиллавал миний байр байдал хэвийн үү?” гэдэг зарим хүн ч байдаг. Тэгэхэд нь Би: “Тийм ээ! Хэвийн, тун хэвийн!” гэж хэлдэг. Бусад нь: “Миний хувьд ийм маягаар ажиллах нь зүгээр үү?” гэж асуудаг. Би тэдэнд “Үгүй!” гэдэг. Тэд: “Энэ нь түүний хувьд зүгээр мөртөө яагаад миний хувьд тийм биш гэж?” гэцгээдэг. Тэгэхэд Би: “Чиний хийж байгаа зүйл Сатанаас үүдэлтэй, үймээн самуун бөгөөд сэдлийн чинь эх сурвалж бурууддаг” гэж хэлдэг. Бас ажил хангалттай явагдаагүй үе ч байсан ба ах эгч нар үүнийг мэддэггүй байсан. Зарим хүн Надаас тодорхой байдлаар ажиллах нь зүгээр үү гэж асуудаг бөгөөд тэдний үйлдэл ирээдүйн ажилд саад болохгүй гэдгийг харах үедээ Би зүгээр ээ гэж хэлдэг. Ариун Сүнсний ажил хүмүүст цар хүрээ өгдөг; хүмүүс Ариун Сүнсний хүслийг яг таг дагах хэрэггүй, учир нь хүмүүс хэвийн бодол, сул талтай байдаг бөгөөд тэдэнд махан биеийн зарим нэг хэрэгцээ, бодитой асуудлууд байдаг ба үндсэндээ өөрсдөө хянах ямар ч аргагүй бодол санаа уураг тархинд нь байдаг. Хүмүүсээс шаарддаг бүхэнд минь хязгаар бий. Зарим хүн, Миний үг хоёрдмол утгатай ба аль нэгээр нь хий хэмээн хэлж байна гэж итгэдэг—яагаад гэвэл, Миний шаардлагад тохирсон цар хүрээ байдгийг чи ойлгодоггүй. Хэрвээ энэ нь чиний төсөөлдөг шиг байсан бол, хэрвээ Би бүх хүнийг ялгахгүйгээр ижил шаардлага тавьж, бүгдээс нь адилхан биеийн хэмжээнд хүрэхийг шаардсан бол энэ нь бүтэхгүй. Энэ нь боломжгүй зүйлийг гуйж байгаа хэрэг бөгөөд энэ нь Бурханы ажлын зарчим биш, хүний ажлын зарчим билээ. Бурханы ажил хүмүүсийн бодит нөхцөл байдлын дагуу хэрэгжиж, төрөлхийн хэв чанарт нь үндэслэдэг. Энэ нь бас сайн мэдээ түгээх зарчим юм: Чи аажмаар хийж, энэ бүхнийг зөнгөөр нь явуулах хэрэгтэй; үнэнийг хэн нэгэнд тодорхой ярих үед чинь л тэд ойлгоно, тэр үед л тэд Библийг хойш тавьж чадна. Хэрвээ Бурхан ажлын энэ үе шатыг хийгээгүй бол тогтсон заншлыг хэн эвдэж чадах юм бэ? Хэн шинэ ажил хийж чадах вэ? Библийн гаднах шинэ замыг хэн олж чадах вэ? Хүмүүсийн уламжлалт үзэл болон феодалын ёс зүй маш цадигаа алдсан учраас тэд өөрсдөө эдгээр зүйлийг хаях чадваргүй, ингэж хийх эр зориг ч тэдэнд байхгүй. Өнөөдрийн хүмүүс, зүрх сэтгэлийг нь эзэмдсэн үг буюу Библи дэх хэдхэн үхмэл үгэнд баригдсан талаар хэлэхийн ч хэрэггүй. Тэд яаж Библийг хаяхыг хүсэх юм бэ? Библийн гаднах замыг тэд яаж амархан хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Чи Библийн дотоод түүх болон Ариун Сүнсний ажлын зарчмуудыг тодорхой ярихгүй л бол болохгүй, ингэснээр бүх хүн бүрэн итгэх ба энэ нь туйлын шаардлагатай. Учир нь, шашин доторх хүн бүр Библийг өргөмжилж, Бурхан шиг шүтдэг, мөн Бурханыг Библиэр хязгаарлахаар оролддог бөгөөд тэр ч бүү хэл Бурханыг дахин нэг удаа загалмайд цовдолмогцоо л зорилгодоо хүрдэг.