Залбирч сурах нь: Гурван асуудлыг шийдвэрлэснээр бид хэрхэн залбирахыг сурдаг
Христэд итгэгч бидний хувьд залбирал бол өдөр тутмын амьдралын маань салшгүй нэг хэсэг бөгөөд Бурхантай ойртох хамгийн дөт арга зам юм. Залбирлыг маань Эзэн сонсох байх гэж бид бүгд найддаг хэдий ч ихэнхдээ Бурханы хариуг хүлээн авдаггүй, Түүнийг дэргэдээ мэдэрдэггүй бөгөөд яах учраа олохоо байдаг: Яагаад ингэнэ вэ? Яагаад Бурхан залбирлыг маань сонсохгүй байна вэ? Ямар төрлийн залбирал нь Бурханы хүсэлтэй нийцдэг юм бэ? Өнөөдөр энэ талаар нөхөрлөл хийцгээе, энэ гурван асуудлыг шийдвэрлэснээр залбирлыг маань Бурхан сонсож болох юм.
1. Залбирахдаа чи Бурхантай илэн далангүй ярьж, үнэн бодлоо Түүнд дэлгэдэг үү?
Ихэнх үед бид залбирлынхаа үргэлжлэх хугацаа, үг хэллэг зэрэг нарийн ширийнд анхаарал хандуулж, тэр ч бүү хэл чихэнд чимэгтэй үгээр дамжуулан шийдэмгий байдлаа Бурханд харуулахаар оролддог боловч Бурханд зүрх сэтгэлээ уудлах нь ховор юм. Жишээлбэл, “Бурхан минь, би Танд хайртай, би Таны төлөө өөрийгөө зарлагаддаг, бас ямар ч их аюул, саад бэрхшээлийг тууллаа ч гэсэн бууж өгөхгүй. Таныг би насан туршдаа дагана!” гэж бид ихэвчлэн хэлдэг. Эсвэл, “Бурхан минь, Таны үг бол миний өмнөх дэнлүү, миний зам дээрх гэрэл билээ, би хийдэг бүхэндээ Таны үгийг дагаж, Таны хүслийг биелүүлэх болно!” гэдэг. Гэвч саад бэрхшээл, ухралт бууралттай тулгарч, эсвэл гэнэтхэн гэр оронд хүндрэл тулгарвал бид ихэнхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй бөгөөд Түүний хүслийг биелүүлэх эрмэлзэл бидэнд дутдаг. Тэр ч бүү хэл бид Бурханыг буруугаар ойлгож, Бурханы талаар гомдоллож, урам зоригоо алдаж, Түүнээс урван холддог. Бодитой нөхцөлд бид ийм маягаар авирладаг нь Бурханд залбирахад маань чин сэтгэл дутагддаг, оронд нь бид зүгээр л Бурханд таалагдахын тулд хий хоосон, чихэнд чимэгтэй үг хэлдгийг гэрчилдэг. Түүнчлэн энэ нь бусдад өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэх, Бурханд хайртай, Түүнд үнэнч гэдгээ Бурханд болон бусдад харуулахын төлөө байдаг, харин бодит байдал дээр бидний залбирал хоёр нүүрт байдал, худал хуурмагаар дүүрэн байдаг билээ. Тэдгээр нь мөн чанартаа Бурханыг хуурч, мэхлэх оролдлого юм. Ийм төрлийн залбирлыг Бурхан сонсоно гэж горьдож яаж болох билээ? Есүс нэгэнтээ дараах сургаалт зүйрлэлийг хэлсэн юм: “Хоёр хүн залбирахын тулд сүмд оржээ; нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байв. Фарисай нь зогсоод өөртөө ингэж залбирчээ ‘Бурхан минь, би Танд талархаж байна, учир нь би бусад хүн шиг зальхай, шударга бус, завхай биш, бүр энэ татвар хураагч шиг ч биш. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүх юмныхаа аравны нэгийг өргөдөг.’ Татвар хураагч хол зогсоод тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, цээжээ цохин, ‘Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч’ гэлээ. Би та нарт хэлье, нөгөөх нь биш, харин энэ хүн зөвтгөгдөөд гэртээ харьжээ: учир нь өөрийгөө өргөмжилдөг хүн бүр номхруулагдана; өөрийгөө даруу байлгадаг хүн өргөмжлөгдөнө” (Лук 18:10–14). Фарисай өөрийнхөө нүглийг мэдэхгүй мэт эрээ цээргүй залбирч, хуурмаг сайхан зан авиртаа үндэслэн өөрийгөө гайхуулдаг байсан гэдгийг харахад амархан юм. Тэрээр Бурханд үнэнч гэдгээ хувьдаа ашигтай байдлаар гайхуулж, Бурханд сайхан сонсогдох үг хэлж, татвар хураагчийг дорд үзэнгээ Бурханы өмнө өөрийгөө гайхуулж байсан юм. Ийм хоёр нүүртэй залбирлыг Бурхан хэзээ ч сайшаахгүй. Татвар хураагчийн залбирал чин сэтгэлийнх байсан бөгөөд Бурханд нүглээ ил тод хүлээн, нүгэлтэн гэдгээ хүлээн зөвшөөрч, гэмшлээ илэрхийлсэн билээ. Түүнчлэн Бурханд гэмших хүслээ харуулж, Бурханы өршөөлийг гуйсан юм. Үүнээс чин сэтгэлийг нь олж хараад, татвар хураагчийн залбирлыг Есүс сайшаажээ.
Бурхан Өөрт нь таалагдах, Өөрийг нь хуурахын тулд онгирч, хий хоосон, чихэнд чимэгтэй үг хэлэхийг жигшдэг гэдгийг Есүсийн сургаалт зүйрлэл бидэнд хэлдэг. Бурхан биднийг зүрх сэтгэлээ уудалж, жинхэнэ бодлоо ярьж, үнэнийг хэлж, Өөртэй нь чин сэтгэлээсээ хэлэлцээсэй гэж хүсдэг. Эзэн Есүс ингэж хэлсэн юм, “Жинхэнэ мөргөгчид Эцэгт сүнсээрээ, үнэнээр шүтэн мөргөх цаг ирлээ: учир нь Эцэг Өөрт нь ингэж шүтэн мөргөгчдийг эрж хайдаг. Бурхан бол Сүнс учраас Түүнд шүтэн мөргөдөг хүмүүс сүнсээрээ, үнэнээр шүтэн мөргөх ёстой” (Иохан 4:23–24). Мөн Бурханы үгийн бас нэгэн хэсэгт: “Хүнээс Бурханы шаарддаг хамгийн наад захын зүйл нь хүн Түүнд зүрх сэтгэлээ нээж чаддаг байх явдал юм. Хүн үнэн сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлд нь үнэхээр байгаа зүйлийг Бурханд хэлдэг бол Бурхан тухайн хүн дээр ажиллах хүсэлтэй байдаг. Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг бус, ариун, үнэнч зүрх сэтгэлийг хүсдэг. Хүн Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьдаггүй бол Бурхан зүрх сэтгэлийг нь хөдөлгөж, дотор нь ажиллахгүй. Иймээс залбирлын гол чухал зүйл нь Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьж, өөрийнхөө дутагдал, тэрслүү зан чанарын талаар хэлж, өөрийгөө Түүний өмнө бүрэн нээх явдал юм; тэр үед л Бурхан залбирлыг чинь сонирхоно, эс бөгөөс Тэр чамаас царайгаа нууна” (“Залбирлыг хэрэгжүүлэх тухай”) хэмээдэг. Бид Бурхантай илэн далангүй, чин үнэнч байж, сэтгэлийнхээ уг дахь бодол, үнэнээ хэлж, өөрсдийн үнэн байдал, бэрхшээлийг ярьж, Бурханы удирдамжийг эрж хайх ёстой гэдгийг бид эндээс харж болно. Тэр үед л Бурхан бидний залбирлыг сонсоно. Бид залбирах үедээ амьдралдаа тулгардаг зовлон, бэрхшээлийн талаар Бурханд хэлж, Бурханы хүслийг эрж хайж болно. Эсвэл Бурханы өмнө очиж, өдөр бүр илчилсэн гэм буруу, ямар ч завхралынхаа тухай Түүнд уудалж болно. Энэ бол бүх асуудалд Бурхантай чин сэтгэлийн яриа хийж буй явдал билээ. Бид дэлхий ертөнцөд шунан дурлаж, нийгмийн чиг хандлагыг дагахаар хүсэн мөрөөсөж, ертөнцийн таашаалд донтоод Бурханы өмнө оюун санаагаа тайван болгож чадахгүй бол Бурханд ингэж залбирч болох юм: “Бурхан минь! Би зүрх сэтгэлдээ үнэнийг хайрладаггүй, харин үргэлж гаднах гял цал ертөнцийн тухай бодож байдаг гэдгээ олж мэдлээ. Цуглааны үеэр ч, залбирахдаа ч, Таны үгийг уншиж байхдаа ч би оюун санаагаа тайвшруулж чаддаггүй. Би махан биеэ хаяхыг хүсдэг ч тэгэхэд хүчин мөхөстөх юм. Бурхан минь! Таны сүнс хөшсөн зүрхийг минь хөдөлгөж, Сатаны сорилтыг даван гарах итгэл, хүч чадлаар намайг хангаж, Таны өмнө миний зүрх сэтгэлийг тайван болгох болтугай.” Хэд хэдэн удаагийн ийм чин сэтгэлийн залбирлын дараа Ариун Сүнс биднийг замчлах бөгөөд нийгмийн чиг хандлагыг дагах нь биднийг нүгэлд амьдран, Бурханаас улам бүр холдоход хүргэнэ гэдгийг харуулна. Ариун Сүнс мөн биднийг хөдөлгөж, үнэнийг хайрладаг зүрх сэтгэлээр хангана. Тэгвэл бид бодитой арга замаар махан биеэ хаяж, Сатаны сорилт, уруу таталтыг ялан дийлж чадна—Бурханд залбирахдаа зүрх сэтгэлээсээ ярьснаар бидний хүрч болох үр дүн энэ билээ. Харин бид залбирахдаа Бурханд зүрх сэтгэлээ уудлалгүй, оронд нь Бурханд тал засаж, чихэнд чимэгтэй үг ашиглан Түүнийг хуурахаар оролдох юм бол Бурхан бидний залбирлыг сонсохгүй, мөн зүрх сэтгэлийг маань хөдөлгөхгүй. Бид Сатаны сорилтыг ялган таньж, ялан дийлж чадахгүй бөгөөд муу ёрын хандлагыг зайлшгүй дагаж, Бурханаас улам бүр холдон, Сатанд хорлогдоно. Иймээс залбирлаа Бурханд сонсгохыг хүсвэл Түүний өмнө илэн далангүй, үнэнч шударга байх хэрэгтэй. Энэ бол бидний авах ёстой эхний алхам билээ.
2. Чи Эзэний үгийг хэрэгжүүлж, амийн өсөлтөд хүрэхээр залбирч байна уу?
Сатан завхруулмагц бид сатанлаг завхарсан зан чанараар дүүрдэг; бид аминч, шунахай, зальхай, ов мэхтэй бөгөөд өөрсдийнхөө ашиг сонирхлыг л боддог. Бид бүх зүйлд хувийн ашиг хонжоогоо бүхнээс дээгүүрт тавьж, итгэхдээ хүртэл Бурханаас улам их нигүүлсэл, ерөөл хүсдэг. Бид Бурханд итгэдэг юм чинь Бурхан биднийг ерөөж, нигүүлсэх ёстой, мөн Бурханаас юу ч гуйлаа гэсэн, түүгээр маань хангах ёстой гэж ихэнх ах эгч итгэдэг. Бид ихэвчлэн өвчнөөс эдгэх, гэр орондоо амар амгаланг олох, үр хүүхдээ сайн ажилд оруулах зэрэг махан биеийн ашиг тусын төлөө Бурханаас гуйж, залбирдаг. Нигүүлслийг нь эдлэх үедээ Түүнийг маш их баяртайгаар магтдаг ч залбиралд маань хүссэнээр хариулаагүй үед бид Бурханы талаар гомдоллодог. Махан биеийнхээ ашиг сонирхлын төлөө Бурханд тогтмол залбирах нь Бурхантай жинхэнээсээ ярилцаж, Түүнийг үнэхээр шүтэн мөргөж байгаа хэрэг мөн эсэхийг чи ер нь бодож үзсэн үү? Хариулт гэвэл үгүй. Энэ мэт залбирал нь ердөө л Бурханаас ерөөл хүртэх гэсэн оролдлого юм; эдгээр нь Бурханаас юм шаардаж, Түүнийг хүслийнхээ дагуу үйлдүүлэхээр оролдож байна. Ийм төрлийн залбирал нь Бурханы уурыг л хүргэдэг бөгөөд Бурхан эдгээрийг сонсдоггүй.
Христэд итгэгчид болохын хувьд бид зүгээр л махан биеийн ерөөл эрж хайж, эсвэл Бурханаар өөрсдөдөө илүү их ерөөл, нигүүлсэл хайрлуулахаар эрэлхийлэх ёсгүй. Учир нь эдгээр зүйл бидэнд ердөө л зуурдын, ертөнцийн зол завшааныг эдлэх боломж олгодог болохоос амиа өсгөхөд маань өчүүхэн төдий ч тус болдоггүй. Тэдгээр нь Бурханд жинхэнээсээ дуулгавартай байж, Бурханаас эмээхэд маань ч тус болж чадахгүй. Залбирал, гуйлт маань үнэний талаарх ойлголт, Бурханы үгийн хэрэгжүүлэлт болон амийн өсөлтөд маань илүү их төвлөрөх ёстой. Ийм төрлийн залбирал л Бурханы хүсэлтэй нийцдэг билээ. Эзэн Есүс, “Юу идэж, юу уух билээ гэж та нар бүү эрж хай, санаа ч бүү зов. Учир нь дэлхий ертөнцийн үндэстнүүд энэ бүх зүйлийг эрж хайдаг. Та нарт энэ бүхэн хэрэгтэйг Эцэг чинь мэддэг. Харин Бурханы хаанчлалыг эрж хай; тэгвэл энэ бүх зүйл та нарт өгөгдөх болно” (Лук 12:29–31). “Сүнс бол амь өгдөг; махан бие бол ямар ч ашиггүй билээ. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь юм” (Иохан 6:63) хэмээжээ. Бурханы үгийг хэрэгжүүлж, амьдран харуулах, Түүний үгээр дамжуулан үнэн, амь хоёрын аль алийг нь олж авах, ингэснээр Бурхантай нийцэлтэй болж, эцэстээ хаанчлалд нь орж чадаасай гэж Бурхан биднээс хүсдэг. Иймээс залбирал маань Түүний үгийг хэрхэн хэрэгжүүлж, туулахад төвлөрөх ёстой; энэ маягаар Бурхан ажлыг нь туулахад биднийг чиглүүлж, бид цааш улам их үнэнийг ойлгон, Бурханы үгийг амьдран харуулж чадна. Бид бүгдээрээ нэр нүүр, байр суурь, эд хөрөнгө, ашиг сонирхлоо хамгаалахын тулд үе үе яаж худал хэлж, зальхай зүйл хийдгийг бод. Эдгээр нь нүгэл гэдгийг бид сайн мэддэг атлаа өөрсдийгөө нүгэл үйлдэхээс хорьж дийлдэггүй. Бид худал үг хэлэхгүй байлаа ч гэсэн нэр төр, ашиг хонжоо, байр сууриа хамгаалахын тулд юу хэлэх, ашиг сонирхлоо зөрчүүлэхгүйн тулд юу хийх ёстойгоо зүрх сэтгэлдээ тооцоолж байдаг. Худал хэлж, шударга бус үйл хийх сэдэлтэй гэдгээ мэдэх үедээ Бурханы өмнө ирж, “Өө Бурхан минь! Би хүүхдийн эгэл жирийн, үнэнч байдалд хүрч чадахгүй гэдгээ олж харсан боловч худал хэлж, хуурч мэхлэхээ больж чадахгүй юм. Намайг энэ маягаараа явбал Та үзэн ядах нь лавтай. Бурхан минь! Надад Таны аврал үнэхээр хэрэгтэй байна—Та намайг үнэнч хүн болоход хөтлөх болтугай, хэрвээ намайг ахиад худал хэлж, хуурч мэхэлбэл Та сахилгажуулах болтугай” гэж залбирах хэрэгтэй. Ийнхүү залбирсныхаа дараа бид өөрсдийн ашиг сонирхлын төлөө дахин худал хэлэх хүсэл төрөх үед Ариун Сүнс дотроос маань зэмлэхийг мэдэрнэ. Бурхан биднээс үнэнч хүмүүс байхыг шаарддаг, мөн үнэнч хүмүүст баясан, тэднийг ерөөдөг гэдгийг бид тодорхой ойлгоно. Бид өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалахын тулд худал хэлж чадахгүй, учир нь ингэх нь Бурханд ой гутам билээ. Энэ бүхнийг ойлгомогцоо бид зүрх сэтгэлээсээ овжин сэдлээ гээж, баримтаас үнэнийг эрж хайн, аливааг байгаагаар нь хэлдэг болно. Үргэлж ийм маягаар хэрэгжүүлснээр нэг мэдэхэд л худал хэлэх нь улам багасаж, үнэнч хүн байх үнэний бодит байдалд алхам алхмаар орж чадна. Энэ бол амийн өсөлтийн төлөөх залбирлын үр жимс юм. Эзэн Есүс, “Би та нарт хэлье, гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл та нар олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна; хайдаг хүн олно; тогшдог хүнд нээгдэнэ” (Лук 11:9–10) хэмээсэн билээ. Бид үнэнийг ойлгон, Эзэний үгийг хэрэгжүүлэх чадвартай байхын төлөө Бурханд залбирч, үнэнд ороход туйлын нухацтай хандаж л байвал үнэнийг ойлгон, үнэний бодит байдалд ороход Бурхан биднийг хөтөлж, бид сүнслэг амьдралдаа бага багаар өсөж чадна.
3. Бурханы хүслийг ойлгохоор эрэлхийлж, Түүний төлөө гэрчлэлд зогсохын тулд чи залбирдаг уу?
Зарим үед амьдралдаа бид ажил хэрэг, ар гэрийн асуудлууд гэх мэт үзэлтэй маань нийцэхгүй асуудалтай тулгарч, тэр ч бүү хэл зарим төрлийн гай гамшигтай нүүр тулж болох юм. Ийм зүйл тохиох үед бидний ихэнх нь эдгээр таагүй орчныг зайлуулж, амар амгалан, аз жаргал хайрлаач гэж Бурханаас гуйдаг. Бид Бурханд үйлчлэхийн тулд шаргуу ажиллаж, харилцаа холбоо, ажил төрлөө хүртэл орхилоо ч гэсэн хүнд өвчин мэтийн зүйлтэй тулгарвал тайвширч, Бурханы хүслийг эрж хайж чаддаггүй, мөн гэрчлэлд зогсон, Бурханыг хангалуун байлгах болтугай гэж залбирч чаддаггүй. Оронд нь бид өвчин зовлонгоосоо даруйхан ангижрахын тулд өвчнийг маань анагаахыг гуйн, Бурханд залбирдаг. Хүсэлтийг маань биелүүлэх үед бид Бурханыг талархан магтдаг, харин биднийг сайн сайхан болгоогүй үед Бурханд гутран, урам хугардаг; бид Түүний талаар гомдоллон сөрөг байдалд амьдардаг бөгөөд Түүнийг цонхоор гарган шидэхээр оролдох сэдэл ч төрж магад юм. Бид өөрсдийн махан биеийн ашиг сонирхолд хэтэрхий их автсан байдгаа үүнээс харж болно; бид зүрх сэтгэлдээ Бурханыг хайрладаггүй, мөн хангалуун байлгахыг хүсдэггүй. Залбирахдаа бид үргэлж үндэслэлгүй хүсэлт тавьж, аливааг хүссэнээрээ хийлгэхийн тулд хувиа хичээсэн, жигшүүртэй арга замаар Түүнд шаардлага тавьдаг. Бид бүтээгдсэн зүйлийн зохистой байр сууринаас Бүтээгчийг яавч шүтэн мөргөдөггүй. Бурхан яагаад ийм залбирлыг анхаарна гэж? Тэгвэл бид Бурханы хүсэлтэй нийцэхийн тулд хэрхэн залбирах ёстой вэ? Түүний үг биднийг энэ замд чиглүүлдэг: “Бэрхшээлтэй тулгарах үедээ чи яаран Бурханд залбирдаг: ‘Өө, Бурхан минь! Би Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна, Таны зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд сүүлчийн зовлон бэрхшээлийг туулахыг хүсэж байна, надад тулгарах саад бэрхшээл хэчнээн их байх нь хамаагүй, би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой. Амиа бүхэлд нь өгөх ёстой байсан ч гэсэн би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой!’ Ийм шийдэмгий байдалтайгаар, ингэж залбирахдаа чи гэрчлэлдээ бат зогсож чадна” (“Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”). “Дотроо шархалж, зовлон чинь тодорхой хэмжээнд хүрсэн ч чи Бурханы өмнө очиж, ‘Өө Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй. Дотор минь харанхуй байгаа ч би Таныг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна; Та миний зүрх сэтгэлийг мэднэ, Таныг надад хайраа илүү их зориулаасай гэж би хүсэх байна’ хэмээн залбирахад бэлэн хэвээр байдаг” (“Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”).
Бид бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханы хүслийг эрж хайх ёстой бөгөөд гэрчлэлд зогсож, Бурханыг хангалуун байлгахын төлөө залбирах ёстой. Түүнчлэн бид Бурханыг хайрлаж, хангалуун байлгахад шийдвэр төгс байж, өөрсдийн ашиг сонирхлын төлөө залбирахын оронд Бурханы төлөө гэрчлэлд зогсох болбол биеийн зовлонг тэвчихэд бэлэн байх ёстой. Зөвхөн ийм залбирал Бурханы хүсэлтэй нийцдэг бөгөөд энэ нь мөн бүтээгдсэн зүйлийн хувьд бидний эзэмших ёстой мөс чанар, эрүүл ухаантай байгаа хэрэг билээ. Жишээлбэл, Иов шалгалтаар бүх өмч хөрөнгө, үр хүүхдээ алдаж, өөрөө хөлөөсөө толгой хүртлээ яр шарханд баригдан, бие сэтгэлийн асар их шаналлыг туулсан юм. Гэсэн ч яагаад энэ бүхнийг туулахыг нь зөвшөөрөв гэж Бурханд гомдоллоогүй, мөн зовлонг нь ангижруулаач гэж Бурханаас гуйгаагүй. Харин тэр эхлээд захирагдан, Бурханы хүслийг эрж хайхын тулд залбирсан билээ. Иов эзэмшдэг бүхнээ өөрийн хүч хөдөлмөрөөр олж аваагүй, харин үүнийг нь Бурхан хайрласан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм; Бурхан өгсөн ч, авсан ч, бид бүтээгдсэн зүйлийн хувьд Бурханы захиралт, зохицуулалтад угаасаа захирагдах ёстой билээ. Бид Бурханд ямар ч шаардлага тавьж, ямар ч гомдол гаргах учиргүй. Энэ бол хүн болохын хувьд бидний эзэмших ёстой эрүүл ухаан юм. Иов, “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) хэмээсэн юм. Иов эцэст нь Бурханыг гэх хүндлэл, дуулгавартай байдал, итгэлдээ түшиглэн Бурханд цангинасан гэрчлэл хийжээ. Бид Иовын жишээнээс суралцан, үзэлтэйгээ нийцэхгүй зүйлтэй тулгарах үедээ эхлээд Бурханы өмнө тайван байж, Бурханы хүслийг эрж хайхын тулд яаран залбирч, мөн гэрчлэлд зогсон, Бурханыг хангалуун байлгах болтугай хэмээн залбирах ёстой. Энэ бол бидний хэрэгжүүлэлтийн хамгийн амин чухал тал билээ. Ийм маягаар Бурхан биднийг залж чиглүүлж чадна; шалгалтын туршид биднийг гэрчлэлд маань бат зогсоохын тулд тулгарсан ямар ч хүнд хэцүү байдлыг даван гарахад маань туслах итгэл, хүч чадлыг Тэр хайрлаж чадна.
Эдгээр нь бидний залбиралдаа шийдвэрлэх ёстой гурван асуудал билээ. Өдөр тутмын амьдралдаа эдгээр зарчмын дагуу хэрэгжүүлж, орж л байвал ах эгч бид бүгдээрээ зүүдэндээ ч ороогүй шагналыг хүртэх болно гэдэгт би итгэж байна.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?