Алдаагаа хүлээн зөвшөөрөхөд яагаад хэцүү байдаг вэ?

2023-07-11

Марта, Итали

Би чуулган дээрээ видеоны ажлыг хариуцдаг юм. Нэг өдөр эгч нарын нэг нь над руу яаран утасдлаа. Тэрээр нэг видеог сайн шалгаагүйгээс дахин боловсруулах шаардлагатай болж, улмаар ажил саатаж, бидэнд хүн хүч хөрөнгө мөнгөний зардал гарах болов. Видеоны нэрийг сонсоод, би бас тэр видеог шалгахад тусалсан боловч мөн адил ямар ч асуудал олж хараагүй гэдгээ ухаарсан юм. Утсаар ярьсныхаа дараа би юу болоод байгааг олж мэдэх гэж яаран очоод, видеоны нэрийг буруу бичсэнийг олж харлаа. Мэдээж ажил дээр гарсан алдааг удирдагчид мэдээлэх ёстой, эсвэл цаашид иймэрхүү асуудал гаргахгүйн тулд хүн бүрд онцлон хэлэх ёстой боловч би тэр үед яаж ийм наад захын алдаа гаргаснаа бодож үзээд, цаашдаа удирдагч намайг яаж харах бол? Тэр намайг үүргээ гүйцэтгэхдээ нухацтай биш, найдваргүй гэж бодох болов уу? Хэрэв тэгвэл би хариуцсан хүний хувьд байр сууриа алдана шүү дээ гэж бодсон юм. Дараа нь би ах эгч нартаа видео хийхдээ анхааралтай байхын чухлыг байнга онцлон хэлдэг байснаа бодлоо. Хэрэв намайг ийм алдаа гаргасныг бүгд мэдвэл намайг юм хариуцахад тохирохгүй гэж бодох болов уу? Тэгвэл миний нэр хүнд яах бол? Тэгээд би өөрийнхөө алдааг бусдад хэлэхийг хүсээгүй тул өөртөө шалтаг олсон: “Бид зориуд хайнга хандаагүй, шалгах ёстой зүйлээ шалгасан шүү дээ. Ийм онцгой нөхцөл байдлыг би урьдчилан таамаглаж чадахгүй байсан болохоор учирсан хохирлыг арилгах боломжгүй боловч цаашид би илүү болгоомжтой байвал зүгээр болох болно. Үүнээс гадна ганц би энэ видеог шалгасан юм биш. Юу тохиолдсоныг бүх хүн олж мэдлээ ч буруутан нь ганц би биш. Энэ асуудлыг ингээд дуусгаж болно. Холбогдох бүх хүн мэдэхэд л хангалттай шүү дээ.” Тиймээс би удирдагчид ч, бүлгийн бусад ах эгч нарт ч хэлсэнгүй. Надад эвгүй санагдаж, хариуцлагаас зайлсхийж байгаагаа мэдэж байсан ч энэ алдаа нэр хүнд, тэр ч байтугай байр сууринд минь ямар нөлөө үзүүлэх бол гэж бодоод, юу ч болоогүй юм шиг л явлаа.

Нэг өдөр би Бурханы үгийг уншив: “Завхарсан хүмүүс дүр эсгэхдээ сайн байдаг. Тэд юу ч хийсэн, ямар ч завхрал харуулсан, үргэлж дүр эсгэх ёстой болдог. Ямар нэгэн зүйл буруудах юм уу ямар нэг буруу юм хийвэл тэд бурууг бусдад тохохыг хүсдэг. Тэд сайн зүйлийн гавьяаг өөрсдөө хүртэж, муу зүйлийн бурууг бусдад тохохыг хүсдэг. Бодит амьдрал дээр иймэрхүү дүр эсгэлт их байдаг биш үү? Хэтэрхий их байдаг. Алдаа гаргах эсвэл дүр эсгэх: энэ хоёрын аль нь зан чанартай холбоотой вэ? Дүр эсгэх нь зан чанарын асуудал юм, үүнд биеэ тоосон зан чанар, ёрын муу, заль мэх багтдаг; Бурхан үүнийг маш их зэвүүцдэг. Үнэн хэрэгтээ чамайг дүр эсгэх үед юу болж байгааг хүн бүр ойлгодог ч чи бусад хүн үүнийг олж харахгүй гэж бодоод, нэр нүүрээ хамгаалж, өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж бусдад бодогдуулахын тулд маргаж, өөрийгөө зөвтгөхөөр бүх хүч чадлаа дайчилдаг. Энэ тэнэг хэрэг биш гэж үү? Бусад хүн энэ талаар юу гэж боддог вэ? Тэдэнд ямар санагддаг вэ? Ой нь гутаж, жигшдэг. Хэрэв чи алдаа гаргачхаад алдаандаа зөв хандаж, мөн энэ талаар ярихыг хүн бүрд зөвшөөрч, санал бодлоо илэрхийлж, ялган танихыг нь зөвшөөрч, энэ талаараа нээлттэй байж, үүндээ дүн шинжилгээ хийж чадвал чиний талаарх хүн бүрийн үзэл бодол ямар байх вэ? Тэд чамайг үнэнч шударга хүн гэж хэлнэ, учир нь чиний зүрх сэтгэл Бурханд нээлттэй байдаг. Чиний үйлдэл, зан авираас тэд зүрх сэтгэлийг чинь харж чадна. Харин чи дүр эсгэж, хүн бүрийг хуурах гэж оролдвол хүмүүс чамайг дорд үзэж, тэнэг, мунхаг хүн гэж хэлнэ. Хэрвээ чи дүр эсгэж, шалтаг хэлэхээр оролддоггүй бол, алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг бол хүн болгон чамайг үнэнч шударга, ухаантай гэж хэлнэ. Юу чамайг ухаантай болгодог вэ? Хүн болгон алдаа гаргадаг. Хүн болгон алдаа, дутагдалтай. Үнэндээ, хүн болгон ижилхэн завхарсан зан чанартай. Өөрийгөө бусдаас илүү эрхэмсэг, төгс, сайхан сэтгэлтэй гэж бүү бод; тэгэх нь ямар ч эрүүл ухаангүй байгаа хэрэг. Хүмүүсийн завхарсан зан чанар, хүний завхралын мөн чанар, үнэн төрх чамд тодорхой болмогц чи алдаагаа нуун далдлах гэж оролдохгүй, бусдын алдаан дээр дөрөөлөхгүй—аль алинтай нь зөвөөр нүүр тулж чадна. Тэр үед л чи гярхай болж, тэнэг зүйл хийхгүй бөгөөд энэ нь чамайг ухаалаг хүн болгоно. Ухаалаг биш хүмүүс бол мунхаг хүмүүс бөгөөд багахан алдаагаа үргэлж бодсоор байхын зэрэгцээ нүднээс далдуур өөдгүй загнадаг. Үүнийг харахад жигшмээр байдаг. Үнэндээ юу хийж байгаа чинь бусад хүнд даруй илэрхий байдаг боловч чи улайм цайм дүр эсгэсээр байдаг. Бусад хүнд энэ нь алиалагчийн тоглолт шиг харагддаг. Ингэх нь тэнэг хэрэг бус уу? Үнэхээр тэнэг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим). Дүр эсгэж, алдаагаа нууж, хүлээн зөвшөөрөхгүй байх нь зүгээр алдаа гаргахаас хамаагүй ноцтой гэдгийг би Бурханы үгээс ухаарсан. Эдгээр нь ов мэхтэй, зальжин явдал юм! Нөгөөтээгүүр, хүмүүс өөрсдийгөө илчилж, алдааныхаа хариуцлагыг хүлээх үед бусад хүмүүс тэднийг дорд үзэхгүй төдийгүй бас үнэнийг энгийнээр, илэн далангүй хэлсэн хүнийг хүндэлнэ. Бидэнд бүгдэд нь алдаа гаргах үе байдаг бөгөөд Бурхан хүмүүсийг алдсаных нь төлөө утга учиргүй ялладаг юм биш, харин дараа нь чин сэтгэлээсээ гэмшиж чадаж байгаа эсэхийг маань хардаг. Гэхдээ би үүнийг ойлгоогүй байсан болохоор алдаа гаргахыг ичгэвтэр зүйл гэж бодсон, ялангуяа зааварлагчийн хувиар наад захын алдаа гаргавал хүмүүс намайг дорд үзэж, ах, эгч нараасаа нэг их дээрдэхгүй гэж бодож, намайг сольж магад гэж бодсон учраас миний шалгасан видеоноос алдаа илрэхэд хүлээн зөвшөөрч зүрхлэхгүй, нуухаар зүтгэж, хариуцлагаас мултрахын тулд юу ч болоогүй мэт авирлаж, асуудлыг хав дарсан. Би өөрийгөө буруутгаж байсан ч бүх хүнд үнэнийг хэлэхийг хүсээгүй. Би үнэхээр ов мэхтэй байж! Чуулганы ажилд илт хохирол учруулсан мөртөө нэг ч үг дуугаралгүй, алдаагаа нуухыг хичээж, удирдагч болон ах эгч нартаа алдаагаа биш, зөвхөн сайн талаа л харуулсан. Ингэж байж л хүн бүр намайг ажилдаа нухацтай, ул суурьтай гэж бодох бөгөөд би дүр төрх, зааварлагчийн байр сууриа хадгалж чадна. Миний хувьд ингэж авирлах нь жигшүүртэй арга байсан! Хүмүүс алдааг минь олж мэдэх вий гэж айсандаа дүр эсгэхийн тулд чадах бүхнээ хийж, муу муухай талаа нууж, хүмүүсийг мэхэлж, тэднээс үнэнийг нуун, мөс чанаргүй, нэр төргүй амьдарч байжээ. Би алдаагаа нууж, бусдыг мэхлээд байж болохгүй байлаа. Тиймээс нөхцөл байдлыг мэдээлэн удирдагчид бичээд, мөн завхралынхаа талаар бүх хүнд илчилж, туршлагаас минь суралцаасай гэсэндээ тэдэнд үнэнээ хэлэв. Ингэсний дараа жаахан тайвширсан.

Гэвч ажлын жагсаалтаа нээж үзэх үедээ би өөр нэг видеог хоёр удаа хийсэн байж магадгүй гэдгийг олж мэдээд, ийм юм болсонд итгэж чадсангүй. Би даалгавар болгонд хэнийг томилсноо хянадаг байсан шүү дээ, яаж өөр алдаа гарч болох юм бэ? Гэвч намайг шалгахад видеог үнэхээр хоёр удаа хийсэн байлаа. Тэгэхэд би хөшиж орхив. Энэ ч муу даа, би дөнгөж саяхан удирдагчид алдаагаа хүлээн зөвшөөрөөд, нөхцөл байдлын нарийн ширийнийг ойлгож ч амжаагүй байхад нь дахиад л баллачихлаа. Тэр намайг юу гэж бодох бол? Намайг үргэлж алдаа гаргадаг, юм хариуцахад тохирохгүй гэж бодох болов уу? Бусад ах эгч нар олж мэдвэл намайг дэндүү найдваргүй гэж бодох болов уу? Хэрэв ийм энгийн алдаанууд гарсаар байвал үүргээ гүйцэтгэхдээ нухацтай, хариуцлагатай хандах талаар дараагийн удаа нөхөрлөхөд минь тэд нухацтай авч үзсээр байх болов уу? Үгүй ээ, би энэ алдаа яг ямар шалтгаантайг олж мэдэх ёстой, гол хариуцлага хүлээх хүн нь би биш гэж найдъя. Хэдий би хамтдаа буруутгагдсан ч надад арай бага хэсэг нь ногдох ёстой, ийм маягаар би нэр нүүрээ алдахгүй, бас байр суурь минь аюулгүй байх болно. Сайтар шалгасны эцэст, би даалгавар өгснийхөө дараа энэ талаар зөвхөн хуучин ажлын жагсаалтад бичсэнээр бүлгийн удирдагч тэр даалгаврыг дахин өгөхөд хүргэсэн болохыг олж мэдэв. Гол хариуцлага хүлээх хүн нь би гэдэгт эргэлзэх юм байсангүй. Үүнийг мэдээд би цочирдов. Би яаж ийм азгүй байж чадаж байна аа? Би тохиолдох ёсгүй байсан энэ бүх асуудалтай тулгарчээ. Ямар гээчийн азгүйтэл вэ! Би яахаа мэдэхээ болив. Энэ алдаагаа удирдагчид хэлэх ёстой юу, үгүй юу? Энэ наад захын алдааг дараалан хоёр удаа гаргасан гэдгийг минь бүх хүн мэдвэл намайг юу гэж бодох бол? Би өмнө нь уншиж байсан Бурханы үгийг бодлоо. Худал хуурмаг, хууран мэхлэлт нь алдаанаас хамаагүй ноцтой бөгөөд Бурхан тэдгээрийг бүр ч их жигшдэг. Би зүрх сэтгэлдээ айж байлаа. Өөрийгөө хүчлэн удирдагчид энэ алдааг хэлэх ёстой байсан ч би айдсаа дарж чадаагүй; болгоомжлолоор дүүрч, зүрх минь яг л чулуугаар даруулсан юм шиг хүнд оргиж, үүргээ гүйцэтгэхдээ анхаарал сарниж, шөнө унтаж чадсангүй. Энэ байдал зөв биш гэдгийг би мэдэж байсан тул Бурханд залбирч, өөрийгөө мэдэхэд минь залж чиглүүлэхийг гуйв.

Хожим нь би Бурханы үгийн нэг хэсгийг уншиж, өөрийнхөө байдлыг ойлгож авсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихрист хэчнээн их буруу зүйл хийсэн ч бай, ямар ч төрлийн буруу зүйл хийсэн бай, тэр нь Бурханы тахилыг завших, үрэн таран хийх, буруугаар ашиглах, эсвэл чуулганы ажилд саад болж, үймүүлж, уг ажлыг тэр гэхийн тэмдэггүй болгож, Бурханы уур хилэнг өдөөхийн аль нь ч бай, тэд үргэлж тайван, амгалан, хайхрамжгүй байдаг. Ямар төрлийн ёрын мууг хийж, тэр нь ямар үр дагавар авчрах нь хамаагүй, антихрист аль болох хурдан нүглээ улайж, гэмшихийн тулд Бурханы өмнө хэзээ ч ирдэггүй, мөн өөрийгөө илчилж, нээлттэй байж буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийнхөө гэм бурууг мэдэж авч, завхралаа танин мэдэж, ёрын муу үйлдээ харамсах хандлагатайгаар ах эгч нарын өмнө хэзээ ч ирдэггүй. Үүний оронд тэд хариуцлагаас мултрах янз бүрийн шалтаг олж, өөрсдийнхөө нэр нүүр, байр суурийг сэргээх гэсэндээ бурууг бусдад тохохын тулд тархиа гашилгадаг. Тэдний хайхардаг зүйл бол чуулганы ажил бус, харин өөрсдийнх нь нэр хүнд, байр суурь хохирол амсаж, сэвтсэн эсэх юм. Тэд өөрсдийнх нь гэм буруугаас болж Бурханы гэрт учирсан хохирлыг нөхөх арга замын талаар анхаарч, боддоггүй, мөн Бурханд тавьсан өрөө төлөх гэж ч оролддоггүй. Өөрөөр хэлбэл, өөрийгөө буруу зүйл хийж чадна гэдгийг, эсвэл алдаа гаргасан гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Идэвх санаачилгатайгаар алдаагаа хүлээн зөвшөөрч, бодит баримтыг үнэнч шударгаар тайлагнах нь антихристийн зүрх сэтгэлд бол тэнэглэл, чадваргүй байдал юм. Хэрэв ёрын муу үйл нь баригдаж, илчлэгдэх юм бол антихристүүд зөвхөн түр зуурын хайхрамжгүй алдаагаа хүлээн зөвшөөрөх ч үүргээ умартсанаа, хариуцлагагүй байдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрсдийн түүхэн дэх толбыг арилгахын тулд хариуцлагыг өөр хэн нэгэнд тохохоор оролдох болно. Ийм үед антихристүүд Бурханы гэрт учирсан хохирлыг хэрхэн засах, Бурханы сонгосон хүмүүст хэрхэн сэтгэлээ нээж алдаагаа хүлээн зөвшөөрөх эсвэл юу болсон талаар хэрхэн тайлагнах талаар санаа зовдоггүй. Тэд том асуудлуудыг жижиг мэт харагдуулах, жижиг асуудлуудыг асуудалгүй мэт санагдуулах арга замыг олох талаар санаа зовдог. Тэд бусдад өөрсдийгөө ойлгуулж, өрөвдүүлэхийн тулд объектив шалтгаан тоочдог. Бусдын нүдэн дэх нэр хүндээ сэргээж, үйлдсэн гэм буруугийнхаа өөрсдөд нь үзүүлэх сөрөг нөлөөллийг аль болох багасгаж, Дээрхэд өөрсдийнхөө талаар таагүй сэтгэгдэл огт төрүүлэхгүй байж, улмаар хариуцлага хүлээж, халагдаж, шалгагдаж, Дээрхээр шийтгүүлэхгүйн тулд хамаг чадлаараа хичээдэг. Нэр хүнд, байр сууриа сэргээж, тэгснээрээ өөрсдийн ашиг сонирхолд хохирол учруулахгүйн тулд антихристүүд ямар ч хэмжээний зовлон зүдүүрийг тэсвэрлэхэд бэлэн байдаг, мөн аливаа бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Гэм буруу, алдааныхаа бүр эхнээс л антихристүүд хийсэн буруу зүйлийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээх бодолгүй, хийдэг буруу зүйлийнхээ ар дахь сэдэл, санаа зорилго, завхарсан зан чанарыг таньж мэдэх, нөхөрлөх, илчлэх, дүн шинжилгээ хийх санаагүй байдаг. Мөн мэдээж тэдэнд чуулганы ажилд учруулсан хохирол болон Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод учруулсан хохирлоо барагдуулах бодол хэзээ ч байдаггүй. Тиймээс, асуудлыг ямар өнцгөөс харж байгаагаас үл хамааран, антихристүүд бол өөрсдийн буруу үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, хэзээ ч гэмшдэггүй хүмүүс юм. Антихристүүд нь туйлын ичгүүр сонжуургүй, цэвдэг сэтгэлтэй бөгөөд амьд Сатануудаас дутах юмгүй(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 11-р зүйл: Тэд харьцалт, засалтыг хүлээн авдаггүй, ямар нэг буруу зүйл хийхээрээ гэмших хандлага ч гаргадаггүй, харин ч үзэл тарааж, Бурханыг ил тодоор шүүдэг). Антихристүүд өөрсдийн байр суурь, нэр хүндийг онцгойлон үнэлдэг гэдгийг би Бурханы үгээс олж харлаа. Тэд үүргээ гүйцэтгэхдээ хэчнээн олон алдаа эндэл, дутагдал гаргасан ч, чуулганы ажилд хэчнээн их хохирол учруулсан ч хэзээ ч буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Тэд бусад хүмүүс дутагдлыг нь хараад дорд үзэх вий гэж айдаг тул өөрсдийгөө гутаах алдаа гаргасан гэдгээ ухаармагц тайван бус болж, идэж, унтаж чадахаа болино. Тэд зам мөрөө нуух, нэр хүндээ сэргээх арга замыг бодож, тархиа гашилгана. Миний зан авир ч мөн адил байлаа. Би өөрийн байр суурь, нэр хүндийг маш чухал гэж үздэг байсан тул ажилд асуудал байгааг олох үедээ өөрийн хайнга явдалд огтхон ч харамсаагүй, цаашид алдаа гаргахгүйн тулд юу болсныг эргэцүүлээгүй. Ийм наад захын алдаа гаргасныг минь мэдээд хүмүүс намайг яаж харах бол, дорд үзэх болов уу, эсвэл ажлаа хийж чадахгүй байна гэж бодох болов уу гэж л би бодож байв. Өөрийн байр суурь, нэр хүндийг хадгалахын тулд би өдөржингөө тавгүйрхэж, унтаж чадахгүйд хүрч, гагцхүү хэрхэн алдаагаа нууж, мэдэгдэхгүй байх тухай л бодож байлаа. Би хариуцлагаас зайлсхийж, алдаагаа нууж, бусдад мэдэгдэхгүй байхыг хүссэн, өндийн босож, буруугаа хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Би ёс жудаггүй, нэр төргүй, үнэхээр ов мэхтэй байж! Үнэндээ хариуцаж байсан хүний хувьд би тэр үйл явцыг сайн мэддэг байсан. Гол хариуцлага хүлээх хүн нь би гэдэг нь эргэлзээгүй байсан ч урьдын адил үүнээс бултах юм уу буруугаа бусдад нялзаах нотолгоо олж чадна гэж найдсан. Эцэст нь би хариуцлагаас зайлсхийж чадахгүйгээ ойлгоод, хохирогчийн дүрд тоглож, бүхнийг азгүйтэлд тооцсон. Би үүнийг Бурханаас хүлээж аваагүй, өөрийгөө эргэцүүлээгүй, зүгээр л азгүйтлийнхээ талаар гомдоллосон. Байр сууриа хамгаалахын тулд би алдаагаа нууж, заль мэх гаргасан. Энэ нь антихристийн зан авир байлаа. Үүнийг ухаараад би айсан. Гэмшихгүй, яг л антихрист шиг энэ замаар үргэлжлүүлэн явах нь хэчнээн аюултайг би мэдэж байв!

Би ингэж зөрүүдлээд, буруугаа хүлээхийг хүсээгүй шалтгааны нэг хэсэг нь удирдах байр сууриндаа хүлэгдэж, захирагдсанаас болсон бөгөөд улмаар алдаандаа буруу хандахад хүрсэн гэдгээ ухаарсан. Би Бурханы үгээс энэ талаарх зарим үгийг олсон юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эгэл жирийн, хэвийн хүн байхыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Үүнийг яаж хийх вэ?… Нэгдүгээрт, өөртөө цол хэргэм өгч, үүндээ хүлэгдэж болохгүй. ‘Би бол удирдагч, би багийн тэргүүн, би зааварлагч, энэ бизнесийг хэн ч надаас илүү сайн мэдэхгүй, энэ ур чадварыг хэн ч надаас илүү ойлгохгүй’ гэж бүү хэл. Өөрөө өөртөө өгсөн цол хэргэмдээ бүү авт. Тэгэх л юм бол энэ нь гар, хөлийг чинь хүлээд, чиний хэлдэг, хийдэг зүйлд нөлөөлнө; чиний хэвийн сэтгэлгээ, дүгнэлтэд ч бас нөлөөлнө. Чи өөрийгөө энэ байр суурийн дөнгөнөөс чөлөөлөх ёстой; эхлээд энэ албан ёсны цол хэргэм, албан тушаалаасаа бууж, эгэл жирийн хүний байранд зогс; тэгэх юм бол сэтгэлгээ чинь хэвийн болно. ‘Би энийг яаж хийхээ мэдэхгүй, тэрийг ч бас ойлгодоггүй, би жаахан судалгаа хийж, суралцах хэрэгтэй болох нь’ гэх юм уу ‘Би хэзээ ч үүнийг туулж байгаагүй тул юу хийхээ мэдэхгүй’ гэж хүлээн зөвшөөр. Чи яг юу бодож байгаагаа хэлж, үнэнч шударгаар ярьж чаддаг болох үедээ хэвийн эрүүл ухаантай болно. Бусад нь жинхэнэ чамайг танин мэдэж, улмаар чиний талаар хэвийн үзэл бодолтой болно, чи дүр эсгэх шаардлагагүй болж, асар их дарамтад орохоо ч больж, хүмүүстэй хэвийн ярилцаж чадна. Ингэж амьдрах нь эрх чөлөөтэй, амархан байдаг; амьдрах ядаргаатай гэж боддог хэн боловч үүнийгээ өөрсдөө л өдүүлсэн(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханы үгийг эрхэмлэх нь Бурханд итгэх итгэлийн үндэс юм). “Чуулган дахь хүнийг удирдагч болгохоор дэвшүүлж, хөгжүүлэхэд тэднийг ердөө л шууд утгаар нь дэвшүүлж, хөгжүүлдэг; энэ нь тэд аль хэдийн мэргэшсэн удирдагч юм уу, чадвартай нэгэн, эсвэл хэдийн удирдагчийн ажлыг гүйцэтгэх чадвартай бөгөөд бодитой ажил хийж чаддаг гэсэн үг биш—тийм биш. Ихэнх хүн эдгээр зүйлийг тодорхой хардаггүй, төсөөлөлдөө найдаад тушаал дэвшсэн энэ хүмүүсийг хүндэлдэг боловч энэ нь буруу юм. Хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, дэвшүүлсэн хүмүүс үнэхээр үнэний бодит байдлыг эзэмшсэн байдаг уу? Заавал тийм байдаггүй. Тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг амжилттай биелүүлж чаддаг уу? Заавал тэгдэг юм биш. Түүнд хариуцлагын мэдрэмж байдаг уу? Чин үнэнч байдал бий юу? Бурханд захирагдаж чаддаг уу? Асуудал тулгарахад үнэнийг эрж хайж чаддаг уу? Энэ бүхэн нь мэдэгдэхгүй. Бурханаас эмээдэг зүрх сэтгэл тэр хүнд байдаг уу? Бурханаас хэр их эмээдэг вэ? Тэр аливааг хийхдээ хүслээ дагах магадлалтай юу? Бурханыг эрж хайж чаддаг уу? Удирдагчийн ажлыг гүйцэтгэх хугацаандаа Бурханы хүслийг эрж хайж, Бурханы өмнө байнга, тогтмол очдог уу? Хүмүүсийг үнэний бодит байдалд ороход нь залж чиглүүлж чаддаг уу? Тэд ийм зүйлсийг шуудхан хийж чадахгүй нь лавтай. Сургалт аваагүй, туршлага дэндүү бага учраас эдгээр зүйлийг хийж чадахгүй. Тийм ч учраас хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэр хүн үнэнийг аль хэдийн ойлгодог болсон гэсэн үг биш, бас үүргээ аль хэдийн хангалттай гүйцэтгэх чадвартай болсон гэж хэлж байгаа юм биш(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгээс би, удирдагч юм уу ажил хариуцсан хүн байна гэдэг нь автоматаар шаардлага хангасан, дээд түвшний, бусад хүмүүсээс илүү сайн гэсэн үг биш гэдгийг ойлгосон. Энэ бол ур чадвараа хөгжүүлэх, ажлаар дамжуулан дадлагажих боломж. Сургалт нь хүмүүсийн завхарсан зан чанарыг илчилдэг бөгөөд бэрхшээл, бүтэлгүйтэл үргэлж тулгарна, энэ нь тун хэвийн зүйл юм. Гэхдээ би өөрийгөө ажил хариуцсан хүний байр сууринд тавихдаа бусдаас илүү байж, тэдэнтэй адил алдаа гаргахгүй, тэдэнтэй адил завхрал харуулахгүй байх ёстой гэж бодсон болохоор алдаа гаргасан үедээ тэрийгээ хүлээн зөвшөөрөхийг хүсэлгүй, дүр эсгэж, нуусан хэвээр байв. Би байр суурь, нэр хүндээ эрхэмлэдэг байсан болохоор л санаа зовнил дунд хамаг цагаа өнгөрүүлж, хүнд бэрх, ядаргаатай амьдралаар амьдарчээ. Бас алдаа гаргах, нэр нүүрээ алдах нь муу зүйл байх албагүй гэдгийг би ухаарсан. Яг л Бурханы үгэнд хэлснээр: “Өөрийгөө тэнэг байдалд оруулах нь сайн зүйл юм. Энэ нь өөрийнхөө дутагдлыг болон нэрэлхүү занд дурладгаа олж харахад чинь тусалдаг. Энэ нь чиний асуудал хаана байгааг харуулж, төгс хүн биш болохоо тодорхой ойлгоход чинь тусална. Төгс хүн гэж байдаггүй бөгөөд өөрийгөө тэнэг байдалд оруулах нь маш хэвийн үзэгдэл юм. Бүх хүнд өөрийгөө тэнэг байдалд оруулах юм уу ичиж зовох үе байдаг. Бүх хүн бүтэлгүйтдэг, саад бэрхшээл туулдаг, сул талтай байдаг. Өөрийгөө тэнэг байдалд оруулах нь муу зүйл биш. Өөрийгөө тэнэг байдалд оруулсан ч ичиж зовохгүй, сэтгэлээр унадаггүй бол ичгүүр сонжуургүй гэсэн үг биш; өөрийгөө тэнэг байдалд оруулах нь нэр хүндэд чинь нөлөөлөх эсэх нь чамд хамаагүй, чиний нэрэлхүү зан чиний бодлыг эзэмдэхээ больсон гэсэн үг юм. Энэ нь чиний хүн чанар төлөвшсөн гэсэн үг. Энэ бол маш сайн зүйл! Энэ сайн зүйл биш гэж үү? Энэ бол сайн зүйл. Өөрийгөө тэнэг байдалд оруулах үедээ өөрийгөө сайн гүйцэтгээгүй, азгүйтсэн гэж бүү бод, мөн үүний цаадах бодит шалтгааныг бүү хай. Энэ нь хэвийн зүйл юм(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (1)). Үнэндээ энэ олон алдаа, тэдгээрийг нуух гэсэн гутамшигт хүчин чармайлтынхаа дараа би эцэст нь өөрийгөө бага зэрэг мэдэж авч, ах эгч нараасаа илүү биш гэдгээ харсан юм. Би үүргээ хайнга гүйцэтгэж, нэр хүнд, байр сууриндаа хэт их санаа тавьж, тэр ч бүү хэл алдаагаа хүлээн зөвшөөрөх зориг гаргаагүй, үүнийгээ нууж, бүх хүнийг мэхлэхийг хүссэн. Би зальжин хоёр нүүр гаргагч байжээ. Үнэн хэрэгтээ, үүргээ гүйцэтгэж байхдаа асуудалтай тулгарах нь аймаар биш, илэн далангүй, үнэнч шударга хүн байж, алдаатайгаа тайвнаар нүүр тулж, цаашид иймэрхүү асуудлаас зайлсхийхийн тулд алдаагаа эргэцүүлж л байвал ямар нэгэн зүйлийг олж авч чадна. Энэ бол хүмүүст байх ёстой хандлага, эрүүл ухаан юм. Одоо би Бурханы хүслийг ойлгосон болохоор бусад хүмүүс миний талаар юу гэж бодохыг тоогоогүй. Би аль хэдийн ажилдаа нөлөөлсөн, цаашид алдаагаа давтахгүйн тулд юунаас болоод эдгээр алдааг гаргаснаа эргэцүүлэх ёстой байлаа.

Дараа нь би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Хүн нухацтай байж, хариуцлага хүлээж, бүх зүрх сэтгэл, хүч чадлаа зориулж чадвал ажлаа зүй зохистой хийх болно. Заримдаа сэтгэл санааны байдал чинь буруу байдаг ба чи тов тодорхой алдааг олж, илрүүлж чаддаггүй. Сэтгэл санааны байдал чинь зөв байвал Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжтайгаар асуудлыг тодорхойлж чадна. Хэрвээ Ариун Сүнс чамайг залж чиглүүлж, чамд ухаарал өгч, хаана алдаа байгааг зүрх сэтгэлдээ тодорхой ойлгож, мэдэх боломж олговол чи гажуудлаа засаж, үнэний зарчмын төлөө чармайж чадна. Харин чи сэтгэл санааны буруу байдалтай, уймраа, хайнга байсан бол алдааг анзаарч чадах уу? Чи анзаарч чадахгүй. Эндээс юу харагдаж байна вэ? Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ хамтран ажиллах нь маш чухал; тэдний сэтгэл санаа маш чухал бөгөөд бодол, санаа зорилгоо хаашаа чиглүүлдэг нь тун чухал гэдгийг энэ нь харуулдаг. Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ сэтгэл санаа нь ямар байдаг, хэр их хүч энерги гаргадгийг Бурхан шинжиж, харж чадна. Хүмүүс хийж байгаа зүйлдээ бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа зориулах нь амин чухал. Хамтын ажиллагаа бол чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хүмүүс гүйцэлдүүлсэн үүрэг болон хийсэн зүйлийнхээ талаар ямар ч харуусалгүй байх гэж, мөн Бурханд өргүй байх гэж мэрийдэг л бол тэд бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа үйлдэж байх болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгэнд өгүүлснээр хүний сэтгэлгээ буруу, үүргээ гүйцэтгэхдээ хайнга, салан задгай байвал нүднийх нь өмнө байгаа алдааг олж харж чаддаггүй аж. Миний нөхцөл байдал яг л Бурханы хэлсэн шиг байлаа. Хэрэв би арай илүү анхаарал хандуулсан бол яг өмнө минь байсан энэ хоёр алдааг амархан олох байсан, гэхдээ би тэдгээрийг анзаараагүй. Нэг видеог дахин боловсруулж, нөгөөг нь хоёр удаа хийж, хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулсан. Үнэндээ энэ нь тухайн үеийн миний сэтгэлгээтэй маш их холбоотой байсан. Би өөрийгөө энэ ажилд туршлагатай, ажлын явцыг арван хуруу шигээ мэднэ гэж бодсон болохоор анх эхэлж байсан үе шигээ хянамгай байгаагүй. Би биеэ тоож, хайхрамжгүй хандаж, ялангуяа анхан шатны хяналтын тухайд энэ бол энгийн зүйл, урьдын туршлагадаа үндэслэн зүгээр л оромдож болно гэж бодсон тул анхаарал хандуулаагүй, ажлаа анхааралтай шалгаагүй, эцэст нь ийм наад захын алдаа гаргасан. Энэ бүхэн биеэ тоосон зан чанартай амьдарч, үүргээ аргацаадаг байснаас минь болсон байлаа. Хожим нь би үүргээ гүйцэтгэхдээ гаргасан алдааныхаа талаар ах эгч нартаа илэн далангүй хэлж бидний ажилд тулгарч буй бэрхшээлийг нэгтгэн дүгнэж, цаашид иймэрхүү асуудлаас урьдчилан сэргийлэхэд туслах зарим хэм хэмжээг санал болгов. Үүгээр дамжуулан би сэтгэлийн амар амгаланг олж авсан юм.

Удалгүй би шинэ төсөл хариуцсан ч өмнө нь ийм төрлийн видео хийж байгаагүй болохоор бүх нарийн ширийн зүйлийг сайн ойлгоогүй байсан тул видео хийх явцад зарим нэг асуудал гарлаа. Заримдаа би бусад хүмүүс юу гэж бодох бол гэж санаа зовдог байсан ч бардам зандаа захирагдахгүйгээр асуудалд зөв сэтгэлгээгээр хандаж, алдаа гаргах болгондоо алдаагаа дахин давтахгүй байх арга замыг олохын тулд тэмдэглэж, гажуудлыг нэгтгэн дүгнэж байсан. Үүний дараа би Бурханы удирдамжийг харж, чуулганд ямар нэгэн хохирол учруулахаас нь өмнө олон асуудлыг илрүүлж, засаж залруулж чадсан юм. Би энэ туршлагаар дамжуулан, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэснээр Бурханы удирдамж, хамгаалалтыг хүртэнэ гэдгийг мэдэж авсан. Үүний зэрэгцээ алдаа, бүтэлгүйтлээс болж өөрийгөө эвгүй байдалд оруулах нь муу зүйл биш гэдгийг ойлгож авсан. Энэ нь дутагдал, завхралаа олж харж, нэрэлхүү зангаа хойш нь тавьж, өөртөө зөвөөр хандахад минь тусалсан юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сэтгэл хөдлөлд бүү авт

Шин Жин, Хятад 2015 оны 6-р сард би нэг чуулганд сайн мэдээний санваартнаар үйлчлэхээр очсон юм. Ли Жиэ гэдэг нэг эмэгтэй усалгааны багт...

Миний сонголт

Бай Юнь, Хятад 2012 оны 3-р сард ээж минь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг надтай хуваалцсанаас хойш би өдөр бүр Бурханы...

Leave a Reply