Өнөөдрийн эргэцүүлэл: Чуулган бадрангуй цогтой харагдах нь Ариун Сүнсний ажилтай гэсэн үг үү?

2019-05-22

Чэнвэй, Хубэй муж

Сайн байцгаана уу, Сүнслэг асуулт, хариултын ах эгч нар аа

Хэдэн сарын өмнө би, чуулганыхаа пасторуудыг алдар нэр, ашиг хонжооны төлөө өөр хоорондоо өрсөлдөж, албан тушаалын төлөө тэмцэлдэж, бүр номлолын үеэр бие биеэ үгээр дайрч давшлан, доромжлохдоо тулахыг нүдээр үзсэн юм. Тэдний номлол сонсоход таатай биш байсан бөгөөд бидний сүнс тэжээгдээгүй. Түүнчлэн ах эгч нарын итгэл хөрөх явдал газар авсан; тэд эд хөрөнгө хөөцөлдөж, махан биеийн таашаалыг хүсэн мөрөөсөж, ертөнцийн чиг хандлагыг даган, идэж, ууж, зугаацахад бүх анхаарлаа хандуулсан. Ихэнхдээ зарим ах эгч цуглаанд ер оролцдоггүй бөгөөд амьдралд нь гамшиг тохиох юм уу чухал баяр болох үед л ирдэг байв ... Чуулгандаа ийм нөхцөл байдалтай тулгараад би Ариун Сүнсний ажилтай чуулган хайхаар явсан. Олон газраар хайсан боловч ихэнх чуулган яг адилхан байгааг олж мэдээд, найдвар тасарч эхэлсэн билээ. Гэхдээ би саяхан нэг чуулган олсон, тэнд байнга тоглолт хийж, үйл ажиллагаа зохион байгуулж, бүр номлол хийлгэхээр гадаадаас пасторууд авчирч байсан юм. Энэ чуулган маш халуун дулаан, золбоотой уур амьсгалтай байсан бөгөөд цуглаан бүрд олон хүн оролцдог байлаа. Ийм цогтой байдаг энэ чуулганыг, мөн цуглаанд маш их шамдан оролцдог ах эгч нарыг хараад би энэ л Ариун Сүнсний ажилтай чуулган байх ёстой гэж бодсон. Гэхдээ, тэр чуулган цогтой харагддаг боловч пасторуудынх нь номлодог номлол ах эгч нарын амийг ашиг тусаар хангаж чаддаггүй, мөн сүнсийг маань хангалуун байлгах чадваргүй болохыг би удалгүй олж мэдэв. Явагддаг дуу, бүжиг нь ердөө л чуулган дахь уур амьсгалыг өөрчлөхөд нөлөөлж байсан—бүжиглэж, дуулж байхдаа бид бүгд маш эрч хүчтэй болдог ч, пасторын номлохыг сонсохоор суумагцаа зүүрмэглэж эхэлдэг байлаа. Түүнчлэн ах эгч нар хандив, залбирлаараа нэгнээсээ илүү гарах гэж үргэлж хичээж байв. Ихийг хандивласан хэн боловч Эзэнийг хайрладаг нэгэнд тооцогдож, удаан залбирч, залбиралдаа сайхан үг хэлсэн хэн боловч сүнслэг хүнд тооцогддог байлаа... Ийм төрлийн чуулганд ах эгч нар огт үнэнч, даруу биш байгаад зогсохгүй, харин ч улам нэрэлхүү, улам бүр хоёр нүүртэй болсон юм. Тэд өөрсдийгөө илэрхийлэх, бусдын өмнө өөрсдийгөө гайхуулахад анхаарч, хэтэрхий их өөрийгөө зөвтгөдөг, биеэ тоосон байдалтай байв. Тэд асуудалтай тулгарах бүрдээ хүссэнээрээ шийдвэрлэж, өөр хэнийг ч сонсдоггүй байлаа—тэд Эзэний сургаалыг огт баримтлахгүй байсан юм. Чуулганд ийм нөхцөл байдалтай тулгараад би ингэж гайхширахаас өөр аргагүй байв: Гаднаа маш цогтой харагддаг ийм чуулган Ариун Сүнсний ажилтай байж болох уу? Энэ асуултад би үргэлж будилж ирсэн тул та бүхнээс үүнд хариулж өгөөч гэж хүсмээр байна.

Вэньши

Сайн байна уу, Вэньши

Ариун Сүнсний ажилтай чуулганыг хайдаг тань маш гайхалтай хэрэг, ингэх нь Бурханы хүсэлтэй бүрэн нийцдэг. Тэдгээр чуулганы дотор тохиолддог шударга бус явдлын тухайд гэвэл, энэ нь Эзэний сургаалын эсрэг байгааг, мөн ийм чуулган аль хэдийн Ариун Сүнсний ажлыг алдсан байж магад гэдгийг бид тодорхой ухамсарлаж болно. Харин цогтой харагддаг чуулганууд Ариун Сүнсний ажилтай байдаг эсэхийг ялган танихад бидэнд амаргүй. Гэвч үнэндээ Ариун Сүнсний ажил ямар үр дүнд хүрч чаддагийг ойлговол бид аяндаа энэ асуудлыг амархан ялган таньдаг болно.

Энэ асуултын хариуд, эхлээд хэдэн хэсгийг уншицгаая: “Ариун Сүнсний өгдөг гэгээрэл нь хүний хүсэл тэмүүллийг тэтгэх бус, харин хүний орох замыг нээх, мөн Ариун Сүнсийг мэдэж аваад, улмаар Бурханыг гэх хүндлэл, бишрэлтэй болох боломжийг хүнд олгохын төлөө байдаг билээ(“Ажил ба оролт (2)”). “Ариун Сүнс хүмүүсийг гэгээрүүлэхээр ажиллах үедээ тэдэнд ерөнхийдөө Бурханы ажлын тухай, өөрсдийнх нь жинхэнэ оролт, жинхэнэ байр байдлын тухай мэдлэг өгдөг. Тэр бас, Бурханы яаралтай санаа зорилго болон өнөөдөр хүнд тавьдаг Бурханы шаардлагыг тэдэнд ойлгуулдаг, ингэснээр тэд хавчлага, саад бэрхшээлтэй тулгарсан ч гэсэн Бурханыг хангалуун байлган, хайрлахын тулд бүхнийг золиосолж, цусаа урсган, амиа өгөх байсан ч гэсэн Бурханы төлөө гэрчлэлд зогсож, харамсахгүйгээр ийнхүү хийх шийдвэртэй болдог(“Хэрэгжүүлэлт (1)”). “Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг; тэд идэвхгүй, албадуулсан байдаггүй, харин идэвх санаачилгаараа үйлддэг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхыг хүсэж, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байдаг. Тэд дотроо шаналалтай, сул дорой байдаг хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байдаг; тэд дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал болон сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг. Ариун Сүнсний ажлыг туулах үедээ тэд дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэх хайрыг амьдран харуулдаг; тэд Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яддаг(“Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”).

Биднийг хоромхон зуур урам зоригоор бялхсан мэт харагдуулах гэж, мөн бидэнд шашны зарим зан үйл, дүрмийг сахиулах гэж Ариун Сүнсний ажил байдаггүй. Харин энэ нь Бурханы хүсэл шаардлагыг ойлгох, өөрсдийн дутагдал, дутуу дулимаг байдлыг Түүний үгээс мэдэж авахад биднийг хөтөлдөг; энэ нь бидэнд хэрэгжүүлэлтийн замыг харуулж, аминдаа хангалт олж авах боломж олгодог гэдгийг бид эдгээр хэсгээс ойлгож чадна. Бид өөрсдийн завхралын талаарх ойлголтоо нэмэгдүүлж чаддаг төдийгүй Бурханы талаар тогтмол шинэ мэдлэг олж авч чаддаг, улмаар бид Бурханаас эмээж, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг бий болгож, ингэснээрээ Бурханыг дуулгавартай дагаж, Эзэний сургаалыг мөрдөн, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахад бүхнээ зориулж чаддаг. Ариун Сүнсний ажилтай байхад Ариун Сүнс биднийг үргэлж гэгээрүүлэх бөгөөд Бурханы үгийг унших үед маань бидний дээр байнга гэрэл цацруулж байх болно; Ариун Сүнсний ажилтай байхад, бид Эзэний сургаалын эсрэг үг хэлэх юм уу үйлдэл хийвэл Ариун Сүнс биднийг зэмлэж, бидэнтэй харьцаж байгааг мэдэрдэг бөгөөд өөрсдийгөө мэдэж, Бурханд гэмшин, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж чаддаг болох үед маань Ариун Сүнс биднийг үргэлжлүүлэн залж чиглүүлж, бид Эзэнд улам бүр ойртоно; Ариун Сүнсний ажилтай байхад бид зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан орон зайтай байж, Бурханыг агуу хэмээн хүндэлж чаддаг бөгөөд ямар ч бэрхшээл, хяхалт хавчлага, хүндрэл тулгарлаа гэсэн бид үргэлж Бурханыг хангалуун байлгах, Бурханы шаардлагын дагуу үйлдэх, Сатаны хүчинд хүлэгдэж, хязгаарлагдахгүй байхыг эрэлхийлэх шийдвэртэй байх бөгөөд бидний амьдардаг амьдрал бүх талаар Бурханы нэрийг алдаршуулж чадна; ариун Сүнсний ажилтай байхад бид Бурханы шуурхай гэж үздэг зүйлийг шуурхай гэж үзэж, Бурханы боддог шиг бодож чадах бөгөөд Түүний хүсэлд хайхрамжтай хандаж, Бурханыг хангалуун байлгахын тулд үүргээ биелүүлж чадна. Товчхондоо гэвэл, бид Ариун Сүнсний ажилтай, дэргэдээ Ариун Сүнстэй, мөн асуудалтай тулгарахад биднийг залж чиглүүлэх Бурханы үгтэй, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх шийдэмгий зантай байвал бидний хүн чанар болон амьдран харуулдаг зүйл маань улам бүр хэвийн болж, бид Бурхантай улам бүр ойртож, сүнс маань тайван, амар амгалан, баяр хөөртэй байх болно. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс хэсэг хугацааны дараа эдгээр үр дүнд янз бүрийн түвшинд хүрч чадаж байгааг бид хэрвээ чуулганы цугларалтаас харвал тэр чуулган Ариун сүнсний ажилтай чуулган гэдгийг энэ нь баталдаг. Вэньши эгчийн дөнгөж сая дурдсанчлан, чуулган үе үе төрөл бүрийн тоглолт хийж, бүхий л төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, гаднаа халуун дулаан, идэвхтэй харагддаг хэдий ч цуглаанд нь хэчнээн олон удаа оролцлоо ч гэсэн номлол сонсох үед ямар ч шинэ гэрэл байхгүй, бидний бодит асуудал, хүндрэл бэрхшээл шийдэгдээгүй хэвээр байж, бидний амь тэжээгдэлгүй үлдэж, бид Бурханы талаар ямар ч мэдлэггүй байх болно. Пастор, номлогч ч бай, жирийн ах эгч ч бай, үг, үйлдэл нь Эзэний сургаалын эсрэг байдаг ба ямар ч зэмлэл мэдрэхгүй, мөн сахилгажуулагдахгүй байвал тэр чуулган Ариун Сүнсний ажил болон хамгаалалтгүй гэдгийн нотолгоо нь энэ юм. Библид, “Дүрэлзэх уруул, хорон муу зүрх сэтгэл бол мөнгөний үртсээр өнгөлсөн шавар сав суулгатай адил” (Сургаалт үгс 26:23) гэсэн байдаг. Хэрэв чуулган ердөө гаднаа цог золбоотой харагддаг боловч хүмүүсийн зүрх сэтгэл Бурханаас зайлдаг, мөн тэд Бурхантай ямар ч хэвийн харилцаагүй, Бурханы үгийг хэрэгжүүлж, Эзэний тушаалыг мөрдөх чадвар бүр ч байхгүй бол ийм чуулганыг яаж Ариун Сүнсний ажилтай чуулган гэж тооцож болох юм бэ? Тэгвэл энэ нь“мөнгөний үртсээр өнгөлсөн шавар сав суулгатай адил” болох бус уу? Иймээс чуулган Ариун Сүнсний ажилтай эсэхийг хэдэн хүнтэй харагддаг вэ гэдгээр нь тодорхойлдоггүй, мөн илэрхий урам зоригийнх нь түвшнээр ч тодорхойлдоггүй, гишүүд нь хэр олон сайн үйл хийж байгаа харагддаг вэ гэдгээр ч тодорхойлдоггүй. Харин хүмүүс амийн хангалт олж авч чадаж байгаа эсэх, Бурханы талаар тогтмол шинэ мэдлэг олж авдаг эсэхээр нь тодорхойлдог. Хэрэв бид ердөө л цөөн хэдэн шууд утга, дүрэмтэй зууралдан, үнэнээр хэзээ ч тэжээгдэхгүй, Бурханы талаарх ямар нэг шинэ мэдлэгийг хэзээ ч олж авахгүй, амь маань хэзээ ч өсөхгүй, бодит асуудлууд маань хэзээ ч шийдвэрлэгдэхгүй бол ийм төрлийн чуулган нь Ариун Сүнсний ажилгүй, Ариун Сүнс байдаггүй чуулган мөн.

Үнэндээ шашны ертөнц даяар эзгүйрэл газар авсан бөгөөд шашны ертөнц Ариун Сүнсний ажил, оршихуйг алдсан гэдгийг Эзэнд чин сэтгэлээсээ итгэдэг, Ариун Сүнсний ажлыг өмнө нь туулж байсан ихэнх ах эгч ухаарч чаддаг. Шашны удирдагчдын дийлэнх нь Эзэний үгийг хэрэгжүүлдэггүй бөгөөд Эзэний тушаалыг дагаж мөрддөггүй. Тэд зөвхөн өвлөгдөж ирсэн хүний уламжлалыг л баримталж, онгирох, өөрсдөдөө гэрчлэл хийхийн тулд библийн мэдлэг, теологийн онолыг тайлбарлахад анхаардаг. Тэд огт Эзэнд гэрчлэл хийж, Эзэнийг өргөмжилдөггүй бөгөөд Эзэний замаас бүрэн гажсан байдаг. Итгэгчид ерөнхийдөө нүгэл үйлдэх, нүглээ улайх, өргөн тархсан нүгэл үйлдэх байдалд амьдардаг бөгөөд Эзэнээс улам бүр холдож, Эзэнд өртэйгээ огт мэдэрдэггүй. Зарим нь бүр ертөнцийн чиг хандлагыг дагаж, алдар нэр, хөрөнгө мөнгө, байр суурь хөөцөлдөн, биеийн таашаалыг хүсэн мөрөөсдөг. Шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдсан бөгөөд Бурханаар жигшигдэн гологдсон гэдэг нь илэрхий байдаг. Энэ нь Эзэн Есүсийн: “Ёс суртахуунгүй байдал элбэгшсэнээс болж олон хүний хайр хөрөх болно(Матай 24:12) хэмээх зөгнөлийг яг биелүүлдэг. Энэ нь бидэнд Хуулийн эрин үеийн төгсгөлийг аргагүй бодогдуулдаг. Тухайн үед иудейн эгэл ард хуулийг мөрдөж чадаагүй бөгөөд тахилчид муу тахил өргөсөн; сүмд мал, шувуу авчирч худалдаалдаг байсан бөгөөд хуулийг зөрчлөө ч гэсэн ямар ч сахилгажуулалт байгаагүй. Хүмүүс орж гардаг учраас сүм гаднаасаа цовоо, хөл хөдөлгөөнтэй мэт харагдаж байсан боловч үнэн хэрэгтээ Ариун Сүнсний ажилгүй болоод удсан байв. Хуулийн эрин үед сүм эзгүйрсний гол шалтгаан гэвэл тухайн үеийн Иудейн шашны удирдагчид Еховагийн хуулийг мөрдөөгүй бөгөөд Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй байгаагүй юм. Тэд зөвхөн өвлөгдөж ирсэн хүний уламжлалтай зууралдаж, Бурханы тушаалыг хөсөр хаяж, Бурханы замаас бүрэн гажсан тул Бурханаар хараагдсан. Хамгийн чухал зүйл нь энэ: Бие махбодтой болсон Бурхан буюу Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед хүн төрөлхтнийг золин аврах ажлаа явуулсан нь Бурханы ажлын өөрчлөлт байсан бөгөөд Эзэн Есүсийн золин авралын ажлыг хүлээн зөвшөөрсөн бүхэн Ариун Сүнсний ажлыг олж авч, хэрэгжүүлэлтийн шинэ замыг олсон; Эзэн Есүсийн ажлыг голж, эсэргүүцсэн хүмүүс харин Бурханы ажлаар шигшигдэж, Ариун Сүнсний ажлыг алдан, харанхуй болон эзгүйрэлд унасан юм.

Одоо үед шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдчихаад ерөнхийдөө эзгүйрсэн байгаа бөгөөд үүний цаана Бурханы сайн санаа байгаа нь эргэлзээгүй. Библид ингэж зөгнөсөн байдаг: “Мөн ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан. Иймээс хоёр, гурван хот нь ус уухын тулд өөр хот руу гэлдэрсэн; гэхдээ тэд сэтгэл ханаагүй: гэсэн ч та нар Над руу буцан ирээгүй гэж Ехова айлдлаа(Амос 4:7–8). Библи дэх “нэг хэсэгт нь бороо орсон” хэмээх үг нь Ариун Сүнсний ажилтай чуулгануудыг хэлдэг, мөн Бурханы дэргэд хүмүүс сэнтийгээс урсдаг амийн усны хангалт, усалгааг эдэлж чаддаг гэх утгатай байдаг; “харин бороо ороогүй хэсэг нь хатсан” гэх үг нь Ариун Сүнсний ажлыг алдсан чуулгануудыг хэлдэг. Хэрэв бид Ариун Сүнсний ажилтай чуулганыг хайх санаачилга гаргахгүй бол амийн усны хангалтыг бүрэн алдаж, харанхуй, эзгүйрэлд унах болно. Ариун Сүнсний ажилтай чуулганыг хайж, Бурханы мөрийг эрж хайх санаачилга гаргаасай гэж Бурхан биднээс хүсдэг нь тодорхой, учир нь энэ маягаар л бид чуулганууд дахь эзгүйрлийн асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэж, Ариун Сүнсний ажил, оршихуйг дахин нэг удаа олж авч чадна. Канааны нутаг өлсгөлөнд нэрвэгдэх үед Иаков гэр бүлийнхээ хамт тэр нутгийг орхиж, хоол хүнс хайн Египетийг зорьсноор л өлсгөлөнгөөс хэлтэрч, амьд үлдсэнтэй яг адил юм.

Тэгвэл бид Ариун Сүнсний ажилтай чуулганыг хэрхэн хайж болох вэ? Үнэндээ Эзэн Есүс үүнийг хийх аргыг бидэнд аль эрт хэлсэн юм. Эцсийн өдрүүдэд эргэн ирэх тухай зөгнөлдөө Есүс ингэж хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). Иоелийн номын 2-р бүлэг, 29-р эшлэлд ингэж зөгнөсөн байдаг: “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно.” Түүнчлэн Илчлэлийн 2, 3-р бүлэг дэх олон хэсэгт ингэж зөгнөсөн байдаг: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ илүү их үг хэлж, биднийг усалж, хангах бөгөөд бүх үнэнийг ойлгох боломжийг бидэнд олгоно гэдгийг бид эдгээр зөгнөлөөс харж болно. Бид Эзэний шаардлагад нийцэж, чуулгануудад Сүнс юу гэж хэлдгийг олж мэдэж чадвал Эзэний мөртэй хөл нийлүүлж, Ариун Сүнсний ажлыг олж авч чадах болно. Иймээс аль чуулган шинэ үг илэрхийлж, шинэ ажил явуулж буй Бурханд гэрчлэл хийдгийг харахын тулд онцгой анхааралтай байх ёстой. Амийг маань хангаж, бодит бэрхшээлийг маань шийдвэрлэж чадах эсэхийг харахын тулд бид эдгээр үгийг сонсох ёстой. Энэ чуулганы ах эгч нар Бурханы үгээр услагдаж, хангагдах явцдаа Бурханы талаарх шинэ мэдлэгийг тогтмол олж авч байгаа эсэх, амь нь тогтмол өсөж байгаа эсэх, хүн чанар, амьдран харуулдаг зүйл нь улам хэвийн болж байгаа эсэх гэх мэтийг бид олж тогтоох ёстой. Эдгээр бодит үр дүн байгаа бол Ариун Сүнсний ажилтай чуулган, Бурхан Өөрөө ажилладаг, Бурхан Өөрөө байдаг чуулган мөн гэдгийг энэ нь нотолдог.

Эзэн Есүс бидэнд: “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ(Матай 7:7) хэмээх амлалтыг өгсөн билээ. Эзэн бол итгэмжит, бид Эзэнд залбирч, Эзэнээс асуухад илүү их цагийг зориулбал эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Бурханы хэлсэн үгийг гарцаагүй олж, Ариун Сүнсний ажлыг олж аван, Хурганы мөртэй хөл нийлүүлдэг хүмүүс болцгоох болно!

Бурханд талархъя. Бурхан биднийг залж чиглүүлэх болтугай!

Сүнслэг асуулт, хариулт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply