Үүрэгт зэрэглэл байдаггүй

2022-12-04

Карен, Филиппин

Төгс Хүчит Бурханд итгэхээсээ өмнө би багш нартаа магтуулдаг, анхаарлын төвд орохыг үргэлж хүсдэг, бусдад өндрөөр үнэлүүлэх дуртай байлаа. 2020 оны 5-р сард би эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, Бурханы үгийг идэвхтэй идэж ууж, цуглаанд оролцож, цуглааны үеэр өөрийнхөө ойлголтыг үргэлж хамгийн түрүүнд нөхөрлөж, ах, эгч нар маань миний нөхөрлөлийг үргэлж магтаж, надад маш сайхан санагддаг байсан. Би өөрийгөө сайн хэв чанартай, бусдаас илүү дээр ойлгодог гэж бодсон. Хожим нь би бүлгийн удирдагчаар сонгогдоод, ийм олон хүнээс бүлгийн удирдагчаар сонгогдлоо, энэ нь хэв чанар сайтай, бусдаас өөр гэсэн үг гээд баярлан хөөрсөн. Дараа нь би бүлгийн цуглааныг хөтлөн явуулж эхлэн, ах, эгч нар бүгд намайг маш их анхаарч, намайг биширсэн. Бас би цуглааны үеэр тэдэнтэй харилцаж, тэдний байдал, бэрхшээлийн талаар асууж, Бурханы үгийг тэдэнд илгээдэг байлаа. Хэн нэгэн хүн нөхөрлөхгүй, цуглаанд оролцохгүй байгааг анзаарвал би түүнийг ганцаарчлан зоригжуулж, ах эгч нартай ойр дотно харилцаатай байж, надтай чатлах бүрдээ тэд үргэлж маш их баярладаг байсан. Би өөрийгөө шинээр ирэгсдийг услахад сайн тохирно, бүр усалгааны санваартан ч болж чадна гэж бодоод, бусад бүлгийн удирдагчдын ажлыг хянахын тулд илүү өндөр байр суурьтай болохыг хүссэн. Тэгвэл би бүр олон хүний бишрэл, магтаалыг хүртэх байлаа. Гэхдээ нэг маш сонин юм болсон нь, нэг өдөр удирдагч намайг сайн мэдээ түгээхэд хамгийн сайн тохирох учраас сайн мэдээний ажилд анхааруулмаар байна гэсэн. Гэхдээ тэр үед би баярлаж чадаагүй. “Би бол услагч, усалгааны бүх ажлыг нэгд нэггүй мэднэ. Үргэлжлүүлэн услахыг минь яагаад зөвшөөрөхгүй байгаа юм? Яагаад надаар сайн мэдээ түгээлгэх гэж байгаа юм? Услагчийн хувьд би бүх авьяас чадвараа ашиглаж чадна, харин сайн мэдээ түгээх болбол бүр эхнээс нь эхэлнэ. Үнэн замыг судалж буй хүмүүсийг ирж номлол сонсооч гэж урихад хүрнэ. Тийм энгийн үүргийг хэн ч гүйцэтгэж чадна, тэгэхээр би яаж бусдаас ялгарах болж байна? Бас би одоо бүлгийн удирдагч. Тэд намайг сайн мэдээ түгээлгэхээр шилжүүлбэл би зүгээр л сайн мэдээ түгээгч болно. Тэгвэл хэн намайг бишрэх юм?” гэж бодсон. Би нэлээд гутарч, сайн мэдээ номлохыг үнэхээр хүсээгүй, дуулгавартай дагаж ер чадахгүй байсан. Гэхдээ тэр үед би энийг ухаараагүй, зүгээр л будилсан. Нэг өдөр би удирдагчаас асууж, “Та яагаад надаар сайн мэдээ түгээлгэж байгаа юм бэ? Би яагаад шинээр ирэгсдийг үргэлжлүүлэн усалж болохгүй гэж? Би хоёр үүргийг нэг дор биелүүлж чадна, энэ бүхнийг зохицуулж чадна” гэхэд удирдагч: “Та яриа хөөрөөтэй, сайн мэдээ түгээх авьяастай хүн, үүнийг хийхэд хамгийн сайн тохирно” гэсэн. Үүнийг сонсоод би хүлээн авахаар хичээхээс өөр яаж ч чадаагүй боловч сайн мэдээ түгээхээр явбал хэн ч намайг бишрэхгүй гэж санагдаад, сэтгэлээр унаж, бухимдаж байлаа. Би удаан хугацаанд услагчаар ажиллаж, ажилдаа маш их үр дүн гаргаж, бусад хүн намайг өндрөөр үнэлдэг байсан. Хэрвээ сайн мэдээ түгээхээр шилжвэл тэр бүхнийг алдана. Сайн мэдээ түгээхдээ үр дүнгүй байвал удирдагч намайг юу гэж бодох бол гээд, би үнэхээр сэтгэлээр унаж, сайн мэдээ түгээх урам зориггүй байсан. Хүмүүсийг номлол сонсгохоор урихдаа би зүгээр л хэлбэрдээд, бүхнээ зориулаагүй. Ихэнх цагаа ах, эгч нартай чалчиж, марзганаж өнгөрөөн, тэр бүх сөрөг мэдрэмжийг арилгахаар найдаж байлаа. Бас шинээр ирэгсдийг услах ажилд ахиж хэзээ буцаж орж чадах бол гэж үргэлж бодоод, үүний үр дүнд нэг сар сайн мэдээ түгээгээд үр дүнд хүрээгүй. Тэр үед л би Бурханд залбирч, “Хүндэт Бурхан минь, надад энэ нөхцөл байдалд захирагдахад хэцүү байна, дахиад л усалгааны ажил хийхийг хүсээд байна. Таны санаа зорилгыг ойлгоход намайг залж чиглүүлээч гэж Танаас гуйя” гэсэн.

Дараа нь би Бурханы үгээс энэ хэсгийг уншсан юм: “Чи үүрэгтээ зөв, Бурханы хүсэлтэй нийцсэн гэж хэлж болохоор ямар хандлагатай байх ёстой вэ? Нэгдүгээрт, чи хэн үүнийг зохицуулдаг, ямар түвшний удирдлага үүнийг оноосон гэдгийг шинжиж болохгүй—чи үүнийг Бурханаас хүлээн авах ёстой. Чи үүнийг задлан шинжилж болохгүй, харин Бурханаас хүлээн авах ёстой. Энэ бол нэг болзол. Түүнчлэн, үүрэг чинь ямар ч бай дээд, доод гэж бүү ялгаварла. Чи ингэж хэллээ гэе: ‘Энэ ажил Бурханаас оноосон даалгавар, Бурханы гэрийн ажил ч гэлээ, ийм юм хийвэл хүмүүс намайг дорд үзэж магадгүй. Бусдад онцгойрч болохуйц ажил хийх боломж олддог. Надад даалгасан энэ ажил онцгойрох нь бүү хэл, нүднээс далдуур чармайн зүтгэхэд хүргэдэг, энэ чинь шударга бус! Би энэ үүргийг гүйцэтгэхгүй. Бусдын өмнө онцгойрч, нэрд гарах боломж олгодог үүрэг л миний үүрэг байх ёстой—бас би нэрд гарч, онцгойрдоггүй юм гэхэд үүргээсээ ашиг тус хүртэж, бие амар байх ёстой.’ Энэ зөвшөөрч болох хандлага мөн үү? Голомтгой байна гэдэг Бурханаас ирдэг зүйлийг хүлээн авахгүй, өөрийн дураар сонголт хийж байгаа хэрэг. Энэ нь үүргээ хүлээн авахгүй, үүргээсээ татгалзаж байгаа хэрэг, мөн тэрслүү байдлын чинь илрэл. Ийм голомтгой байдал хувийн дур сонирхол, хүсэлтэй чинь холилддог. Эрх ашиг, нэр хүнд гэх зэргээ бодолцож үзэх үедээ чи үүрэгтээ дуулгаваргүй ханддаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?). Үүнийг уншаад өөрийнхөө үйлдлийг эргэцүүлэхэд би үүргээ гүйцэтгэхдээ дур сонирхлоо дагаж, усалгааны ажилд авьяас чадвараа ашиглаж, бусад хүмүүсийг хариуцсан бүлгийн удирдагч хийж, шинээр ирэгсдийг услаад сайн үр дүнд хүрч, бусад бүх хүн намайг хүндэлж, магтаж байсан болохоор үргэлж баяртай байдаг байж. Маш их хийх ажилтай байсан ч гэлээ хэзээ ч гомдоллодоггүй байсан. Харин удирдагч надаар сайн мэдээ түгээлгэхээр томилох үед би зүгээр л хүмүүсийг номлол сонсохыг урьж, хэний ч чадах ажлыг хийж байгаа юм шиг санагдсан. Бас би бүлгийн удирдагчийн байр сууриа алдаж, бусдаар бишрүүлэхээ больж, аз жаргалгүй санагдаж, өөртөө гомдоллож, Бурхантай маргалдахаар оролдож, сайн мэдээ түгээхээр зөвшөөрсөн хэр нь хийх урам зориг төрөөгүй. Үүргээ яаж сайн гүйцэтгэх вэ гэж бодохын оронд бусадтай ярилцахыг илүүд үзэж, үр дүнд нь, бүхэл бүтэн нэг сар сайн мэдээ түгээчхээд харуулах юмгүй байсан. Үүргээ гүйцэтгэхдээ би нэр хүнд, байр сууринд ач холбогдол өгч, тэр үүрэг надад таалагдаж, нэр хүнд, байр суурь өгч байвал амархан захирагддаг байсан ч надад таалагдахгүй, нэр нүүр, байр суурийг минь бэхжүүлэхгүй бол сэтгэлээр унаж, Бурханд гомдоллож, үнэхээр дуулгаваргүй байдаг байлаа. Тухайн үүрэг намайг анхаарлын төвд оруулж, надад байр суурь өгч байгаа эсэхэд үндэслээд би Бурханыг дуулгавартай дагах эсэхээ шийдэж, үүргээ гүйцэтгэхдээ чин сэтгэлээсээ ханддаггүй байсан. Би ийм маягаар байр суурь хөөцөлдсөөр байвал маш их ажил хийж, үүргээ сайн гүйцэтгэж, ах, эгч нарынхаа бишрэлийг хүлээсэн ч гэлээ миний хийсэн зүйлийг Бурхан таалахгүй, дурсахгүй байвал ямар хэрэгтэй юм бэ? Энийг ухаараад би үүрэгтээ хандах хандлагаа өөрчлөхөд бэлэн болж, бусад хүн миний талаар юу бодох бол гэж санаа зовохоо болиод, зүгээр л ажлаа сайн хийхэд анхаарсан.

Дараа нь би сайн мэдээ түгээхэд өөрийгөө зориуллаа. Хэсэг хугацааны дараа, үнэн замыг судалж байсан зарим хүн Бурханы ажлыг хүлээн авч, удирдагч намайг сайн ажиллалаа гэхэд би үнэхээр их баярласан. Би сайн мэдээг тийм ч удаан номлоогүй мөртөө аль хэдийн бусдаас илүү дээр байж, бүр удирдагчаас магтаал хүртлээ, би үнэхээр их чадамжтай бололтой! Тэгээд би сайн мэдээ түгээх нь тийм ч муу биш юм, магадгүй би авьяас чадвараа харуулж, бүр ч олон бишрэгчтэй болж чадах байх гэж бодож эхэлсэн. Дараа нь сайн мэдээ түгээхдээ бүр ч шаргуу ажиллаж, улам сайн үр дүнд хүрлээ. 2021 оны 3-р сард би чуулганы удирдагчаар сонгогдоод, сэтгэл догдолж, Бурханд талархлаа илэрхийлсэн. Энэ үүргийг гүйцэтгэхдээ би чуулганы бүх ах, эгчийг удирдаж, ажлын төсөл бүрийг хариуцах байв. Энэ нь бусдаас ялгарах маш сайхан боломж тул би энэ үүрэгт бүхнээ зориулах ёстой байлаа. Тэр хугацаанд би мэрийн ажиллаж, үргэлж мессеж бичин хүн бүрээс үүргээ гүйцэтгэхэд нь тулгарч байгаа асуудлын талаар асуун, хэн нэг нь ажлаа хийж чадахгүй байгааг анзаарвал түүнд бодитоор зааж сургаж, бас төсөл бүрийг үргэлж шалгаж, хэв чанар сайтай ах, эгч нарыг хөгжүүлж, ах, эгч нараа халамжлаад том эгч нь юм шиг санагддаг байсан. Тэд бүгд үнэхээр надад найдаж, асуудлынхаа талаар сэтгэлээ уудлахад бэлэн байдаг, нэг эгч асуудлыг нь шийдвэрлэх Бурханы үгийн хэсгийг хурдан олж өгдөг гэж ч намайг магтсан. Тэдний хүндлэл, бишрэлийг хүлээгээд би маш их баярлаж, үүргээ гүйцэтгэхдээ бүр ч шаргуу ажилласан.

Түүнээс хойш сар орчмын дараа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг улам олон хүн хүлээн авч, чуулган хуваагдах боллоо. Гэхдээ энэ удаа би удирдагч биш, санваартнаар сонгогдоод, үнэхээр урам хугарсан. Хэрвээ би удирдагч байсан бол бүр их хүндлүүлж, сайн удирдагч байж чадах байтал яагаад намайг сонгосонгүй вэ? Шинэ удирдагч надаас зарим нэг ажил хийхийг хүсэх үед би хариулахыг хүсээгүй. Надад маш онцгүй санагдаад, тэр орчинд захирагдахад хэцүү байсан. Гэхдээ тэр үед би Бурханы энэ үгийг санасан: “Үүргээ гүйцэтгэхдээ чи өөрийн хувийн дур сонирхолд нийцүүлэн, зүгээр л хийхийг хүссэн, хийхдээ баяртай байх, эсвэл чамайг сайхан харагдуулах зүйлийг хийж хэрхэвч болохгүй. Энэ нь өөрийнхөө хүссэнээр үйлдэж буй хэрэг. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ дур сонирхолдоо түшиглэж, энэ бол Бурханы шаарддаг зүйл, энэ нь Бурханыг баярлуулна гэж боддог бол, мөн Бурханд дур сонирхлоо хүчээр тулгах юм уу өөрийн дур сонирхлыг үнэн мэт хэрэгжүүлж, үнэний зарчим мэт дагаж мөрдөх юм бол энэ нь алдаа биш үү? Энэ нь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш бөгөөд үүргээ ийм маягаар биелүүлбэл Бурхан дурсан санахгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна). Бурханы үгийн энэ хэсгээс би удирдагчаар сонгогдоогүй минь үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байж чадах уу гэдгийг минь харах туршилт гэдгийг ухаарсан. Үүрэг таалагдаагүйгээс болоод би Бурханыг дуулгавартай дагахгүй бол Бурхан намайг сайшаахгүй. Иймээс энэ бүхнийг хүлээн авахад хэцүү байсан ч би захирагдах ёстойгоо мэдэж байлаа. Хоёр сарын дараа би сайн мэдээ түгээхээр өөр чуулганд дахин хуваарилагдаж, удирдагч надад маш их ажил оноогоод, ажил хэлэлцэхдээ миний саналыг үргэлж асуух болж, тэр ч байтугай, намайг энэ үүрэгт маш их тохирч байна гэсэн. Би дотроо “Удирдагч надад итгэдэг учраас энэ бүх ажлыг оноолоо. Би урмыг нь хугалж болохгүй. Хэв чанар, чадвар сайтайгаа нотлох ёстой” гэж бодсон. Тэр үед би дахиад л нэр хүнд, байр суурь эрэлхийлж байгаагаа ухаараад, үнэхээр сэтгэлээр унаж, сөрөг болж, яагаад үргэлж ингэж авирлаад байгаагаа ойлгож чадаагүй. Миний завхарсан зан чанарын эх сурвалж юу байв аа? Би Бурханд залбирч, эрж хайгаад, сүүлд нь Бурханы үгээс энэ хэсгийг олсон юм. “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилж үзье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ). “Антихристүүд хэвийн хүмүүсээс илүүтэйгээр байр суурь, нэр хүндээ дээдэлдэг бөгөөд энэ нь тэдний зан чанар, мөн чанарт байдаг зүйл юм; энэ бол түр зуурын сонирхол, эсвэл орчин тойрных нь түр зуурын нөлөө биш—тэдний амь болон ясанд байдаг тул энэ нь тэдний мөн чанарт байдаг. Өөрөөр хэлбэл, антихрист хийж байгаа бүх юмандаа өөр юуг ч биш, байр суурь, нэр хүндээ л хамгийн түрүүнд бодолцдог. Антихристийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь, насан туршийн зорилго нь байдаг. Тэд хийж байгаа бүхэндээ хамгийн түрүүнд ‘Миний байр суурь яах бол? Бас миний нэр хүнд яах бол? Үүнийг хийгээд надад нэр хүнд ирэх болов уу? Хүмүүсийн сэтгэлд эзлэх байр суурийг минь өргөх болов уу?’ гэж боддог. Тэдний хамгийн түрүүнд боддог зүйл нь тэр бөгөөд антихристийн зан чанар, мөн чанартай гэдгийг нь хангалттай баталдаг; эс бөгөөс тэд эдгээр асуудлыг бодолцож үзэхгүй байх байсан. Антихристийн хувьд байр суурь, нэр хүнд бол зүгээр нэг нэмэлт шаардлага биш, тэргүйгээр байж чадахаар хэрэггүй зүйл бүр ч биш. Тэдгээр нь антихристүүдийн уг чанарын нэг хэсэг, яс цусанд нь байдаг, төрөлхийн зүйл юм. Антихристүүд байр суурь, нэр хүндтэй болох эсэх талаар хайхардаггүй биш; тэдний хандлага ийм биш. Тэгвэл тэдний хандлага ямар байдаг вэ? Байр суурь, нэр хүнд тэдний өдөр тутмын амьдрал, өдөр тутмын байдал, өдөр тутамдаа эрмэлзэж байдаг зүйлтэй нь нягт холбоотой байдаг. Тиймээс антихристүүдийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь юм. Тэд яаж ч амьдарч, ямар ч орчинд амьдарч, ямар ч ажил хийж, юуг ч эрэлхийлж, ямар ч зорилготой байсан, амьдралын чиглэл нь ямар ч байсан, энэ бүгд сайн нэр төртэй, дээгүүр байр суурьтай байхад төвлөрдөг. Тэгээд энэ зорилго өөрчлөгддөггүй; тэд ийм зүйлсийг хэзээ ч хойш тавьж чадахгүй. Энэ бол антихристүүдийн жинхэнэ нүүр царай, тэдний мөн чанар билээ(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Бурханы үгээс би ухаарсан. Антихристүүд нэр хүнд, байр суурийг энгийн хүмүүсээс хамаагүй их нандигнадаг нь тэдний оршихуйн дотоод тал юм. Тэд юу ч хийлээ гэсэн эхлээд үргэлж нэр хүнд, байр суурийг боддог, бусад хүн өөрсдийг нь хүндэлж, бишрэх эсэхийг боддог. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлд зай эзэлж, тэднийг хянаж, ноёрхохыг хүсдэг. Энэ нь антихристийн мөн чанараас нь үүдэлтэй. Би нэр хүнд, байр сууринд яаж шунадаг байснаа эргэцүүллээ. Бурханд итгэдэг болохоосоо өмнө би бусдаар бишрүүлж, зүрх сэтгэлд нь зай эзлэхийг үргэлж эрэлхийлж, Бурханд итгэж эхэлснийхээ дараа ч гэсэн урьдынх шигээ хүндлэл, бишрэлийг эрэлхийлсээр байсан. Би цуглаан явуулж, нөхөрлөл хийж, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх дуртай, өндрөөр үнэлэгдэх дуртай байсан. Удирдагчаас санваартан болохдоо би нэлээд дургүйцэж, нэр хүнд, байр сууриа алдсан юм шиг санагдаж, бусад хүн намайг дорд үзнэ гэж санаа зовсон. Сайн мэдээ түгээхээр өөр чуулганд томилогдох үедээ хүн бүрийн хүндлэлийг хүлээхийн тулд өөрийгөө батлахыг дахиад хүссэн. Миний эрэл хайгуул Паулынхаас ялгаагүй байж. Паул олон нийтэд хандаж үг хэлэх дуртай, сонсогчдоор тойрон хүрээлүүлж, хүндлүүлж, бишрүүлэх дуртай, хүмүүсийн зүрх сэтгэлд зай эзлэхийг хүсдэг байсан, эцэст нь өөрийгөө Христ гэж нэрлэсэн. Паул увайгүй биеэ тоосон уг чанартай байсан. Үүргээ гүйцэтгэж байхдаа би бусдын хүндлэл, бишрэлийг хүлээх талаар л бодож, хүмүүсийн зүрх сэтгэлд өндөрт байхыг хүссэн. Би ямар их биеэ тоосон байв аа! Би Бурханд итгэдэг хэдий ч Бурханаас эмээх зүрх сэтгэл надад байгаагүй. Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд биш, алдар нэр, байр суурийн төлөө л үүргээ гүйцэтгэж, антихристийн замд аль хэдийн хөл тавиад, үнэхээр аюулд орсон байсан! Намайг удирдагчаар сонгохгүй байснаараа Бурхан намайг хамгаалж байж гэдгийг би ухаарсан. Намайг илчилсэн ийм нөхцөл байдал байгаагүй бол би хэчнээн их биеэ тоосноо, нөхцөл байдал минь хэчнээн аюултай болсныг хэзээ ч ухаарахгүй байжээ. Зүй зохисгүй эрэл хайгуулаасаа болоод би айж, буруутайгаа мэдэрч, гунигласан. Тэгээд Бурханд залбирч, “Төгс Хүчит Бурхан минь, би нэр хүнд, байр суурь эрж хайсан буруу замаар явжээ, надад аймаар санагдаж байна. Өөрийнхөө үгээр намайг илчилсэнд баярлалаа. Би нэр хүнд, байр суурь эрж хайхаа болиод, Таны бүх зохицуулалтыг дуулгавартай дагана. Бусад хүн намайг юу ч гэж бодсон бай, би үүргээ чадлынхаа хэрээр гүйцэтгэнэ” гэсэн.

Сүүлд нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг харсан юм. “Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхээр эрж хайж, өөр сонголт хийлгүйгээр Бурханыг хайрлахаар хичээх ёстой, учир нь Бурхан хүний хайрыг хүртвээс зохино. Бурханыг хайрлахаар эрж хайдаг хүмүүс ямар нэг хувийн эрх ашгийг, эсвэл өөрсдийн хүсэн хүлээдэг зүйлийг эрж хайх ёсгүй; энэ нь эрэл хайгуулын хамгийн зөв зүйтэй арга барил юм. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь үнэн бол, хэрэгжүүлдэг зүйл чинь үнэн бол, олж авсан зүйл чинь зан чанарын өөрчлөлт бол чиний явж байгаа зам зөв байна. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь махан биеийн ерөөл бол, хэрэгжүүлдэг зүйл чинь чиний өөрийн үзлээс гарсан үнэн бол, мөн зан чанарт чинь ямар ч өөрчлөлт гараагүй, махбод дахь Бурханд огтхон ч дуулгаваргүй хандаж, тодорхой бус байдалтай амьдарсаар байгаа бол чиний эрж хайдаг зүйл чамайг гарцаагүй там руу аваачна, учир нь чиний алхдаг зам бүтэлгүйтлийн зам юм. Төгс болгуулах уу, таягдан хаягдах уу гэдэг чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаардаг, өөрөөр хэлбэл, амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаардаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). Бурханы үгийн энэ хэсэг надад маш их тус болж, би үнэнийг, зан чанарын өөрчлөлтийг эрж хайх ёстойгоо ухаарсан, тэгэх нь зөв зам. Нэр хүнд, байр суурь эрэлхийлэх нь бүтэлгүйтэлд хүргэх зам. Өмнө нь би үргэлж нэр хүнд, байр суурь хөөцөлддөг байлаа. Шинээр ирэгсдийг услах үедээ би бишрүүлж, магтуулж, сүүлд нь удирдагч болж дэвшсэн. Бусдын нүдээр миний байр суурь өссөн ч би улам биеэ тоосон зантай болж, өөрийгөө их юманд бодоод, зан чанарт минь ямар ч өөрчлөлт гараагүй. Хэрвээ би ийм маягаар эрэлхийлсээр байсан бол эцэст нь таягдан хаягдана. Би сайн мэдээ түгээгээд олон хүнийг олж авсан Паул шиг л байж. Паулын олон захидлыг Библиэс олж болно, Паулыг шашны ертөнц тахин шүтэж биширдэг. Гэхдээ Паул өөрийгөө огт ойлгоогүй, завхарсан зан чанараа хэзээ ч өөрчлөөгүй, тэгээд тамд хаягдсан. Бурханд итгэхийн хамгийн чухал тал бол үнэнийг эрэлхийлэх замаар алхах гэдгийг би ухаарсан. Тэгэхгүй бол, эрт орой хэзээ нэгэн цагт би харамсана.

Сүүлд нь туршлагын гэрчлэлийн нэг видео үзэж байгаад би Бурханы үгийн энэ хэсгийг харсан. “Чи Бурханы хүсэлд нийцэхийн тулд хийдэг бүхэндээ үнэнч байхыг хүсвэл ердөө нэг төрлийн үүрэг биелүүлэх нь хангалттай бус; харин чамд Бурханы даалгасан ямар ч даалгаврыг хүлээн авах ёстой. Таалалд чинь нийцэх эсэх, сонирхолд чинь багтах эсэх, хийх дургүй, хийж огт үзээгүй зүйл эсэх, хэцүү зүйл эсэхээс үл хамааран бүхнийг хүлээн авч, захирагдах ёстой. Хүлээн аваад зогсохгүй идэвхтэйгээр хамтран ажиллаж, энэ талаар мэдэж авч, үүнийг туулж, орох ёстой. Зовлон туулж, доромжлуулаад, онцгойрохгүй, гадуурхагдсан байлаа ч гэсэн чи үнэнч байх ёстой. Чи үүнийг хувийн ажил хэрэг бус, өөрийн гүйцэтгэх үүрэг гэж үзэх ёстой. Хүмүүс үүргээ хэрхэн ойлгох ёстой вэ? Бүтээгч—Бурханы өөрсдөөр нь хийлгэхээр өгсөн зүйл гэж ойлгох ёстой. Хүмүүсийн үүрэг ингэж бий болдог. Бурханы чамд өгсөн даалгавар бол чиний үүрэг бөгөөд чи үүргээ Бурханы шаардсанаар гүйцэтгэх ёстой гэдэг нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч шударга хүн байснаар л жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна). Үүрэг бол хүмүүст өгсөн Бурханы даалгавар гэдгийг би санах ёстой байсан. Хүмүүс намайг өндрөөр үнэлж байлаа ч би бусдын бишрэлийг хүлээхэд биш, хариуцлагаа биелүүлэхэд амьдралаа зориулах ёстой. Урьд нь би үүргээ Бурханаас ирсэн гэж хүлээн авдаггүй, үргэлж дур сонирхлоо дагаж, үүргүүдийг чухал юм уу чухал биш, дээр эсвэл доор гэж ангилж, бусдаас ялгарах боломж олгох үүргийг урам зоригтойгоор, идэвхтэйгээр гүйцэтгэж, тийм биш үүрэгт гомдоллож, эсэргүүцсэн, сөрөг хандлагаар хандаад, хүлээн авдаггүй байсан. Би үүргээ тэгтлээ их голж шилж, дур сонирхлоо дагаж болохгүй гэдгийг ухаарсан. Үнэн хэрэгтээ, намайг олны өмнө байлгах үүрэг ч бай, эсвэл нүднээс далдуур гүйцэтгэх үүрэг ч бай, тэдгээр нь чуулганы ажил, зэрэг зиндааны ялгаа байхгүй. Бурханы нүдэнд бүх үүрэг адилхан. Чуулган авьяас чадварт маань үндэслэн өөр өөр үүргийг бидэнд оноож, ингэснээр бид бүгд давуу талаа бүрэн ашиглаж чадна. Энэ нь чуулганы ажил, бидний амийн оролтын аль алинд ашиг тустай. Би Бурханы зохицуулалтад захирагдаж, үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Тиймээс би Бурханд залбирч, “Өө Төгс Хүчит Бурхан минь, би дур сонирхолдоо үндэслэн үүргээ гүйцэтгэмээргүй байна. Бусдаар ялгарч чадахгүй байлаа ч гэсэн Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүрэгтээ бүхнээ зориулахад бэлэн” гэсэн.

Нэг өдөр цуглаан хийх болоход би удирдагч надаар хөтлүүлэх байх гэж найдсан ч цуглаанд очоод өөр эгч хөтлөн явуулж байгааг хараад дотроо “Би энэ эгчийн удирдагч байсан, одоо эгч манай бүлгийн удирдагч болчихлоо. Бас би үргэлж цуглаан хөтлөн явуулдаг байсан байж одоо тэгэхгүй, онцгойрч чадахгүй байна, ах, эгч нар намайг дорд үзэх болов уу?” гэж бодоод, маш их ичиж, санаа зовсон. Би бүлгийн мэдээллийг үл тоож, зүгээр л өөр бүлгийн цуглаанд оролцохыг хүссэн ч буруу хандлагатай байгаагаа тэр үед ухаараад, Бурханд залбирч, нэрэлхүү зангаа хаяхад минь намайг залж чиглүүлээч гэж Бурханаас гуйсан. Залбирлын дараа харьцангуй тайвширсан. Би үүргээ сайн гүйцэтгэхэд анхаарч, бусдаас ялгарах талаар санаа зовохоо болих ёстой байлаа. Энийг ухаараад би тэгтлээ их гонсойхоо больсон. Сүүлд нь би тухайн үеийн туршлага, Бурханы үг намайг яаж өөрчилсөн талаар хүн бүрд сэтгэлээ нээгээд, маш их баярлаж, сэтгэл амарсан даа. Одоо би зүгээр л ердийн сайн мэдээ түгээгч хэвээр боловч үүргийнхээ зэрэг зиндааг тоохоо больсон. Би бүлгийн удирдагч, санваартан, чуулганы удирдагч байхаа больсон ч гэсэн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхэд бэлэн. Бурханд талархъя! Бурханы үг намайг өөрчилсөн.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Надаас бусад нь дэвшсэний дараа

Ли Фэй, Итали 2021 оны 1-р сард миний хариуцаж байсан төсөл дуусах дөхөж, ах, эгч нар маань аажмаар өөр үүрэгт шилжиж, ажлаа дуусгахын тулд...

Үүргээ алдсан тухай эргэцүүлэл

Ван Лин, Өмнөд Солонгосын Би гагнуур хийх чадвартай болохоор 2017 онд чуулганы зарим нэг ажлыг зохицуулах даалгавар авсан юм. Энэ үүрэг...

Leave a Reply