Хэзээ ч үл мартагдах өдөр

2022-01-21

Ли Чин, Хятад

Тэгэхэд 2012 оны 12-р сар байлаа. Өглөөний 9 цагийн алдад би хэдэн ах эгчтэй хамт сайн мэдээ түгээж байтал бидний өмнө цагдаагийн машин ирж зогссон юм. Нэг цагдаа ямар ч үнэмлэх үзүүлэлгүй хоёр гарыг минь мушгиад, намайг машин руугаа чихсэн. Бас өөр ах, эгч хоёрыг гавлаад, машинд суулгалаа. Миний зүрх савлаж, цагдаа нар биднийг яах гэж төлөвлөснийг мэдэхгүй байсан. Эрүү шүүлтийг тэсвэрлэж чадалгүй, Иудас болох юм бол итгэгч байх өдрүүд минь дуусах байсан юм. Би Бурханд яаран залбирч, зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж гуйгаад, Иудас болж, ах эгч нараасаа урваж байснаас үхсэн нь дээр гэж тангараг өргөсөн. Залбирсны дараа тийм ч их сандрахаа болилоо.

Цагдаагийн хэсэг дээр очих үед биднийг салгаж, нэг нэгээр нь байцаасан юм. Нэг цагдаа намайг хахир хатуугаар шалгааж, “Удирдагч чинь хэн бэ? Чи хаана амьдардаг вэ?” гэлээ. Тэгэхээр нь би, “Удирдагч маань хэн гэдгийг мэдэхгүй. Намайг ямар ч хууль зөрчөөгүй байхад яагаад баривчилсан юм бэ?” гэсэн. Тэд нир хийтэл инээлдээд, “Хуулийн талаар чи юу мэддэг юм бэ? Сайн мэдээ түгээхийн тулд төв засгийн газраас зөвшөөрөл авсан уу? Шашны Асуудал Эрхэлсэн Товчоо чамд зөвшөөрөл өгсөн үү? Чи хууль бус номлолын ажил хийж, нийгмийн дэг журам алдагдуулж байсан. Бид чамайг Шашны Асуудал Эрхэлсэн Товчоо руу явуулж, тэднээр зохицуулалт хийлгэх хэрэгтэй юм байна!” гэсэн. Өөр нэг цагдаа, “Бидэнтэй хамтран ажиллах юм бол чамайг суллая” гэлээ. Би тэднийг зүгээр л үл тоосон юм. Тэгтэл үүдний дэргэд зогсож байсан цагдаа өрөөнд гүйж орж ирээд, миний баруун шилбэний ар луу чанга өшиглөлөө. Маш их өвдөхөөр нь би шилбэний яс хугарчихлаа гэж бодсон шүү. Тэр цагдаа маш чанга өшиглөөд тэнцвэрээ алдах шахтал бусад нь инээж эхэллээ. Тэр босоод миний нүүр лүү алгадаж, надад уураа гаргасан. Маш чанга цохихоор нь нүд эрээлжилж, толгой айхтар эргээд, унах шахсан юм. Төд удалгүй миний нүүрний баруун тал хавдаж эхэлсэн. Дараа нь тэр дахиад л баруун шилбэний ард чанга дэвсэлж, намайг өрөөний нэг булан руу өшиглөлөө. Би нулимс цийлгэнэн, газар эвхэрсэн. Дараа нь тэр нуруу руу өшиглөх гэж заналтайгаар зэхлээ. Би маш их айсан шүү. Энэ цагдаад дахиад өшиглүүлж дийлэх болов уу? Нуруу минь гэмтчихвэл яана? Би маш их айсандаа уйлж эхэлсэн. Яг тэгтэл өөр хэдэн цагдаа түүнийг болиулсан юм. Бас нэг цагдаа надтай арай зөөлөн өнгөөр ярьж, “Аан гээ, охин минь. Бид чамд ингэж хандмааргүй байна. Чи зөвхөн хаягаа л хэлчихэд болно. Тэгээд бид чамайг явуулъя” гэлээ. “Аав ээж хоёр маань хоёулаа Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэж байгаа. Хаягаа хэлчихвэл аав ээж хоёр маань ч бас үүнд татагдан орно. Ах эгч нар манай гэрт цуглаан хийж байж таараад, бүгд баривчлагдвал би ёрын мууг үйлдсэн болно шүү дээ” гэж би дотроо бодсон. Тийм болохоор юу ч хэлээгүй. Дараа нь нэг цагдаа надтай ганцаарчлан ярихыг хүссэн учраас бусад бүх хүнийг яв гэлээ. Тэгээд, “Чи эндээс гармаар байна уу? Тийм бол зүгээр л хаягаа бидэнд хэлчих. Эсвэл бидэнтэй хамтран ажиллаж, манай мэдээлэгч болж болно. Бидний төлөө чуулганы дээд хэргэм зэрэгт хүр, тэгээд хамтдаа ажиллая. Зөвшөөрөх л юм бол чамайг суллая” гэж надад хэлсэн. Тоохгүй байгааг минь хараад, түүнд өөр санаа төрсөн бололтой, “Одоо энд чи бид хоёр хоёулхнаа байна. Бусад гишүүнээ нүүрэн дээр нь зааж өгч чадахгүй байж магад гэдгийг чинь мэдэж байна, иймд би чиний нэр усыг нууцалж болно. Миний машинаар замд гаръя, тэгээд чи ах эгч нарынхаа нэгэн рүү хуруугаараа заахад л болно. Өөрийг чинь орлох өөр гишүүн зааж өгөх юм бол чамайг явуулъя! Юу гэмээр байна?” гэлээ. Тэр цагдаагийн үзэшгүй царайг хараад миний ой гутсан. Би дотроо, “Энд та бид хоёр хоёулхнаа байж болох ч Бурханы Сүнс бүх зүйлийг шинждэг. Та бусад хүнийг хуурч болох ч Бурханыг хэзээ ч хуурч чадахгүй шүү. Намайг мэдээлэгч болж, ах эгч нараа барьж өгч, Бурханаас урвана гэж бодож байгаа бол санасны чинь гарз!” гэж бодсон. Тэгээд, “Би хэнийг ч танихгүй!” гэж тууштай хариуллаа. Дараа нь тэр цагдаа намайг сүрдүүлж, “Чи хэн нэгнийг хамгаалах гээд байгаа юм уу? Аав ээж чинь бас Бурханд итгэдэг үү? Чамтай хамт баривчлагдсан хүмүүс бидэнд чиний талаарх бүхнийг аль эрт хэлсэн. Бид чиний талаар мэдэх хэрэгтэй бүх зүйлээ мэдэж байгаа. Энд би чамд үнэнээ хүлээх боломж өгч байна. Чи бидэнд юу ч хэлэхгүй бол шоронд тийм ч амар жимэр байхгүй шүү. Тэд чамд хүчээр халуун чинжүүтэй ус уулгаж, хуруунуудыг чинь хулсан саваагаар хавчиж, хумсны чинь доор зүү шааж, чих рүү чинь хулсан шороор хатгаж, бусад хоригдолд чамайг дээрэлх гэж хэлнэ. Амьдын там шиг л байх болно шүү!” гэлээ. Тэр цагдаагийн тайлбар нуруу руу хүйт оргиулж, би үхтлээ айсан. “Тэд намайг үнэхээр барьж өглөө гэж үү? Цагдаа нар үнэхээр чих рүү хулсан шороор хатгах юм бол би дүлийрэх биш үү? Хуруунуудыг хулсан саваагаар хавчих, хумсны дор зүү шаах. Хуруунууд үнэхээр мэдрэг юм чинь, аймаар өвддөг байж таарна! Үнэхээр шоронд орж, тамлуулах юм бол над шиг туранхай, жаахан охин тэр бүгдийг үнэхээр тэсвэрлэж чадна гэж үү? Эсвэл тэндээ үхэх юм болов уу? Би дөнгөж 20 настай, амьдрал минь дөнгөж эхэлж байна. Би арай ч үхмээргүй байна. Тэдний шаардлагыг хангахын тулд зүгээр л шалихгүй зүйл хэлчхэж болох байх” гэж дотроо бодлоо. Би маш их гутарч, эргэлзэж байсан. “Баривчлагдаж, хавчигдах нь нэг төрлийн шалгалт, туршилт байдаг. Бурхан харж байна, тэнгэрэлч нар харж байна, Сатан ч бас харж байна. Намайг багахан л зүйл хэлчихвэл тэд нэмж илүү их асуулт асуух нь лавтай. Над шиг жаахан охинд тэд ийм харгис байгаа юм чинь ах эгч нарт минь хэр хэрцгий хандахыг хэн мэдлээ! Мөс чанараасаа урваж, өөрийгөө л бодоод байж болохгүй. Сатаны боол болж, Бурханаас урваж болохгүй. Бусад ах эгч надаас урвасан ч, урваагүй ч би бат зогсох ёстой. Шоронд орж, тамлуулах боллоо ч би Бурханаас урваж болохгүй” гэж дотроо бодлоо.

Дараа нь би тэдэнд яаж ч байцаагдлаа гэсэн үргэлж мэдэхгүй гэж хэлсэн. Нэг цагдаа маш их уурласандаа ширээ балбаад, “Хатуу аргаар үзэх ёстой болох юм байна л даа!” гэж бархирлаа. Тэгтэл өөр нэг цагдаа намайг гавлаад, үснээс барьж авч, хойш нь чанга зулгаасан. Дараа нь өөр гурав, дөрвөн цагдаа овоороод, намайг дэлсэж, өшиглөж эхэллээ. Ялангуяа хоёр шилбэний ар луу өшиглөж, толгой, гэдэс, нуруу руу дэлссэн. Нэг цагдаа гэдэс рүү минь маш чанга дэлссэнээс болж би өрөөний буланд эвхрэн хэвтээд, уйлж эхэллээ. Нэг цагдаа надаас, “За, одоо хэлэх гэж байна уу?” гэж асуулаа. Өөдөөс нь муухай хартал намайг нүүрэн дундуур тас хийтэл алгадсан. Өөр нэг цагдаа захнаас минь зуураад, миний толгойг хана болон төмөр шүүгээ рүү шааж, хүзүүгээр боомилсон. Маш их өвдөөд, би бараг амьсгалж чадахгүй байлаа. Намайг ухаан алдах гэж байх шиг харагдахаар нь л хажууд байсан цагдаа түүнийг боль гэсэн. Би амьсгал бачимдан, шалан дээр уналаа. Цагдаа нар манай нийгэм дэх ёрын муу хүмүүсийн араас явж зүрхэлдэггүй атлаа итгэгч биднийг болохоор эрүүдэн шүүж, зодож, тэр ч бүү хэл ямар ч шалтгаангүй хөнөөнө гэж бодогдсон. Тэгээд зүрх сэтгэлдээ, “Энэ ертөнцөд шударга ёс гэж байна уу? Тэд яаж өөрсдийгөө ‘ардын цагдаа’ гэдэг байна аа?” гэж орь дуу тавьсан. Яг тэгтэл Бурханы үгийн ийм магтан дуу санагдсан юм: “Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж,1 балмад догшин, хорлонтой байж, энэхүү чөтгөрт хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан2 байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ? Энэ нь яаж уур хилэн өдөөхгүй байж чадах юм бэ?(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Харанхуйд байгаа хүмүүс босох ёстой”). Урьд нь би ХКН-ыг огт ялган таних чадваргүй байсан юм. ХКН сурах бичгүүддээ шашны эрх чөлөөг дэмждэг гэдэг байсан болохоор би эргэлзэлгүй тэдэнд итгэж, тэр ч бүү хэл тэднийг магтаж сайлдаг байсан. ХКН-д хяхаж хавчигдсаныхаа дараа л тэднийг үнэн нүүр царайг олж харсан даа. ХКН хүмүүсийг хуурахын тулд шашны эрх чөлөөг дэмждэг гэж хэлдэг ч бодит байдал дээр Бурханыг улайран эсэргүүцэж, Христэд итгэгчдийг хяхаж хавчиж байдаг. Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг Сатаны завхрал, тарчлалаас аврахаар ирээд, биднийг амьдрах зөв зам руу замчиллаа. Энэ бол гайхам сайхан зүйл, гэтэл ХКН биднийг хяхаж хавчиж, Бурханд итгэгчдийг ялангуяа баривчилж, харгисал гэж цагдаа нарт тушаадаг. ХКН үнэхээр ёрын муу! Бурханыг үзэн ядаж, эсэргүүцдэг чөтгөр шүү дээ!

Дараа нь тэд хагас цагийн турш гарыг минь нурууны ард гавлаад, намайг нэг бол явган суулгаж, эсвэл өвдөг сөгдүүлсэн. Өвдөг сөгдөхгүй болохоор хоёр цагдаа гараас зуурч, гурав дахь цагдаа нь өвдөгний арагшаа нэг өвдгөөрөө шахаад, хүчээр сөгдүүлдэг байлаа. Би эцэж туйлдталаа тамлуулж, хана руу хараад газар сөгдсөн. Тэд чуулганы талаар мэдээлэл авахгүй бол намайг амархан тавьж явуулахгүй гэж бодогдлоо. Би тэнд хоёрхон цаг болсон ч аль эрт эцэж цуцталаа эрүүдэн шүүгдэж, хамаг бие хөндүүр болсон байсан. Дахиад намайг хэр их эрүү шүүлт хүлээж байгаа бол, үүнийг тэсвэрлэж чадах болов уу гэж гайхлаа. Би гэнэтхэн сүрэг чонотой тааралдаад, хэзээ мөдгүй идүүлж магадгүй байгаа өчүүхэн хонь мэт санагдаж байсан. Тэгээд маш их гутарч, айсан юм. Зүрх сэтгэлдээ Бурханд тасралтгүй залбирч, “Хүндэт Бурхан минь, миний шийдвэр маш суларч байна. Цаашид хэр удаан тэсвэрлэж чадах юм, мэдэхгүй. Өө Бурхан минь, энэ нөхцөлд Та намайг яах санаатай байгааг ойлгохгүй байна. Намайг замчлаач дээ” гэсэн. Яг тэгтэл Бурханы үгийн ийм мөр санаанд орлоо: “Итгэл дотроосоо л чи Бурханыг харж чадах бөгөөд итгэл байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Надад гэнэт бүх зүйл тодорхой болсон юм. Бурхан намайг бэрхшээл туулж байхдаа Өөрт нь итгэсээр байна гэж найдсан юм байна лээ. Би сэтгэлдээ ийм магтан дуу дуулсан: “Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг ойлгож чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд чи Бурханы ажилд итгэлтэй байж, яг л Иов шиг Бурханыг үгүйсгэхгүй байх ёстой. Хэдийгээр Иов сул дорой байж, төрсөн өдрөө хараасан боловч Ехова хүний амьдрал дахь бүх зүйлийг хайрласан, мөн Ехова бол тэднийг бүгдийг нь авч явах Нэгэн мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж ч шалгасан тэр энэ итгэлээ хадгалсан. Туршлагынхаа явцад чи Бурханы үгээр дамжуулан ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй, хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг зүйл бол товчхондоо тэдний итгэл, Өөрийг нь гэх хайр юм. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж, мэдэрч чаддаггүй; ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүст итгэл шаардлагатай болдог бөгөөд үзлээ орхиж чадахгүй үед чинь чамд итгэл хэрэгтэй байдаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чиний хийх ёстой зүйл бол итгэлтэй байж, дороо бат зогсож, гэрчлэлд зогсох юм. Иов энэ цэгт хүрэх үед Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл, итгэл дотроосоо л чи Бурханыг харж чадах бөгөөд итгэл байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Шалгалтад итгэл шаардлагатай”). Магтан дуу дуулсны дараа нүүрийг минь нулимс бүрхлээ. Иов шалгалтаа туулж, үр хүүхэд, бүх өмч хөрөнгөө алдаж, хамаг бие нь яр шарханд баригдаж байх үедээ бие, сэтгэлийн туйлын их зовлон туулсан нь бодогдлоо. Энэ шалгалттай тулгараад Иов эхэндээ Бурханы санаа зорилгын талаар ойлголгүй, асар их шаналж, гутарсан ч Бурханыг хүндлэх агуу хүндлэлтэй байсан. Тэгээд дээрэмчдийн араас хөөж, гомдоллоогүй. Иов эхлээд Бурханы өмнө очиж, Бурханд залбирч, Бурханыг эрж хайсан. Эцэст нь: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) гэж хэлээд, гялалзсан гэрчлэл хийсэн. Үүгээр би Бурханы санаа зорилгыг ухаарсан юм. Бурхан миний итгэлийг төгс болгох гэж эдгээр нөхцөлийг ашигладаг. Би Иовын түүхээс суралцаж, Бурханд итгэж, гэрчлэлд зогсохын тулд Бурханд залбирч, найдах учиртай.

Цагдаа нар намайг 10 гаруй минут сөгдүүлснийхээ дараа бос гэж тушаалаа. Нэг өндөр цагдаа үснээс зуурч, толгойг минь дээш угз татаад, хөлийн өлмий л газарт хүрэхүйц болгосон. Хуйхыг минь толгойноос хуу татсан мэт халуу дүүгэн өвдөж байлаа. Тэр цагдаа туг үс зулгаагаад, хог руу хаясан. Угаас нь цус шүүрч эхэлсэн шүү. Дараа нь тэр миний зүүн хөлийн хуруунуудыг гутлаараа талхалж, бяцалж, хоёр хөлийн минь гануу дээр хамаг жингээрээ зогсож эхэлсэн. Хөлийн яс хугарчихсан байж магад гэж бодогдтол маш их өвдсөн учраас би түүнийг цааш түлхсэн юм. Намайг хэр их өвтгөж байгааг хараад, тэр цагдаа хоёр хөлийн минь гануу дээр дахиад зогслоо. Миний хөл салгалж эхлэн, өөрийн эрхгүй доош суусан ч намайг татаж босгоод, хоёр гарыг минь хананд нааж, хөл дээр зогссоор байлаа. Миний хүйтэн хөлс асгарч, хамаг бие сулбайж эхэлсэн ч тэр цагдаа надаас чанга зуурчхаад, доош суулгахгүй байлаа. Тэгэхэд би ийм өвдөлт туулж байснаас үхсэн нь дээр гэж анх удаа бодсон. Зүүн хөлөөс минь хүчтэй тас хийх чимээ гарах үед л тэр эцэст нь больсон. Би хөл хугарчихлаа гэж бодсон ч үнэндээ зүв зүгээр байсан байна лээ. Бурхан сул дорой байдлыг минь өрөвдөж, намайг хамгаалж байсан гэдгийг би мэдсэн юм. Тэгээд зүрх сэтгэлийнхээ угаас Бурханд талархсан. Тэгтэл 20 орчим настай байрын нэг цагдаа орж ирээд, уруу татсан байртайгаар “Чи хэдтэй юм бэ? Найз залуутай юу? Яримааргүй байгаа бол зүгээр ээ. Гэхдээ чи эртхэн ам нээж байж л эрт суллагдана шүү дээ. Би шөнө чамтай ирж уулзана аа” гэлээ. Дараа нь над руу дөхөж ирээд, “Хоосон өрөөнд хүү, охин хоёр хоёулхнаа ямаршуу зүйл хийнэ гэж чи бодож байна?” гэсэн. Надад өөр нэлээд олон маш завхай, зохисгүй юм хэлсэн. Дараа нь нэг эмэгтэй цагдаа орж ирснээ цэвдгээр инээмсэглэн, “Ам нээхгүй байвал зүгээр л хамаг хувцсыг нь урж хаяад, хүзүүнд нь тэмдэг өлгөөд, бүх хүнд харагдахуйцаар хөл ихтэй замын уулзвар дээр нүцгэн зогсоо. Дараа нь нүцгэн зургуудыг нь интернэтэд нийтлээд, гадуур гарч зүрхэлсээр байх нь уу, хар! Наадах чинь насан туршдаа шившиг болно!” гэлээ. Тэгж хэлэнгээ тэр цагдаа миний гавыг тайлаад, хүрэм тайлж эхэлсэн. Би маш их айсан шүү. Эмэгтэй хүний хувьд тэр намайг жаахан өрөвдөх байх гэж бодтол эрэгтэй цагдаатай яг адилхан ёрын муу байж таарсан. Өөр нэг эрэгтэй цагдаа миний бэлхүүсийг гараараа илж эхлэн, “Чи нэлээд дажгүй биетэй юм аа” гэлээ. Бусад цагдаа бүгд завхайгаар инээд алдсан. Тэдний инээх чимээ шууд тамаас гарч байх шиг санагдсан шүү. Би маш их айсандаа бараг уйлах шахаж, “Энэ цагдаа нар яахаас ч буцахгүй. Хэрвээ тэд үнэхээр хамаг хувцсыг минь тайчвал цаашид би яаж тийм ичгүүр дунд амьдарч чадах юм бэ? Тийм доромжлол дунд амьдрах ёстой болсноос үхсэн нь дээр” гэж бодогдсон. Ширээний урдах цонх ямар ч сараалжгүй байгааг хараад, би цонхоор үсрэх тухай бодлоо. Үсрэх тухай бодож байгааг минь тэд анзаараад, цонх түгжсэн учир би хана руу толгойгоо хамаг хүчээрээ шаасан. Нэг цагдаа намайг хөдөлж чадахгүй болтол хана руу шахаад, “Үхэхийг хүсээ юу, чи? Чамайг тийм ч амархан явуулж болохгүй. Би амьдралыг чинь амьдын там болгоно доо!” гэж ууртайгаар хашхичлаа. Намайг үхмээр байсан ч тэд үхүүлээгүй. Би туйлын их тарчилж байлаа. Яг тэгтэл Бурханы үгийн нэг магтан дуу санаанд орсон: “Эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Зовлон чинь хэчнээн их байсан ч Бурханыг хайрлахаар эрж хай”). Би Бурханы санаа зорилгыг ойлгосон. Бурхан Өөрийнхөө гэрчлэлд зогсоохын тулд намайг амьдраасай гэж хүссэн. Жаахан л зовсныхоо дараа үхэхийг хүсэх нь Бурханд хайртай хүний зан авир биш байлаа. Энэ нь хулчгар, нэмэргүй хүний зан авир байсан. Би цааш амьдрах ёстой байсан! Тэд үнэхээр хамаг хувцсыг минь тайчаад, цагдаагийн хэсгийн хаалганаас намайг дүүжилбэл Христэд итгэгчдийг хяхаж хавчдагийнх нь нотолгоо болох байсан. Ингэж бодсоны дараа үхмээр санагдахаа больсон юм. Дараа нь Шиэ овогтой цагдаа над руу тачаадан ширтсэнээ, “Чи нэлээд нүдэнд дулаахан юм. Дөнгөж 20 настай гэл үү? Хараахан найз залуугүй юу? Онгон хэвээрээ юу гэдгийг чинь хармаар байх юм” гэлээ. Тэгж хэлэнгээ дөхөж ирэн, биеэ надад наагаад, нүүр, эрүүнд минь хүрсэн. Би айсандаа түүнийг цааш түлхлээ. Тэр хойш гуйвж, ширээний буланг мөргөснөө дараа нь уурлаад, над руу давхиж ирснээ хоёр гарыг минь хананд наалаа. Тэгснээ нүүр, хүзүүгээр нэг үнссэн. Би маш их гутарч, хашхирлаа. Тэмцэлдэж байгааг минь хараад, хэдэн цагдаа нир хийтэл инээлдсэн. Би хүчингээс өөрийгөө хамгаалахын тулд тэр цагдааг өшиглөөд, ойртуулаагүй. Өөр нэг цагдаа зургийн аппаратаа ашиглан миний зургийг авч эхэллээ. Тэгснээ, “Цагдаа зодож яаж зүрхэлж байна аа!” гэсэн. Үүнд нь би багтартлаа уурласан шүү. Тэд бүгд над руу бүлэглэн дайрч байж, өөрсдийг нь зодлоо гэж намайг буруутгах гэлээ гэж үү? Тэд үнэнийг урвуулж байсан биш үү? Гэхдээ би бас, “Хариу тэмцээд, тэдэнд зургаа авхуулчихвал интернэтэд тэр зургийг нийтлээд, Чуулганы нэр хүндийг гутааж, гүтгэхэд үүнийг ашиглаж болно. Энэ нь Бурханыг доромжлох биш үү?” гэж бодлоо. Тэдэнд Чуулганыг сэвтүүлэх баримт өгмөөргүй байсан учраас би нулимсаа барьж, тамлалыг нь дуугүй тэсвэрлэхээс өөр аргагүй болсон. Эцэстээ тэд хүссэн зургаа авч чадаагүй учир яваад өглөө.

Шиэ цагдаа өөр нэг эрэгтэй цагдаагаар намайг гавлуулж, хоёр гарыг минь хананд наалгасан. Тэгснээ хөлөн дээр гишгэж, өдөн хүрмийн минь цахилгааныг тайлснаа нуруу, бүсэлхийний хаа сайгүй хүрч эхэллээ. Миний дөрвөн мөчийг бүгдийг нь дарчихсан учир би хариу тэмцэх ямар ч аргагүй байсан. Тэгээд маш их гутарсандаа мэгшин уйлж эхэлсэн. Шиэ цагдаа найз охин нь орж ирэх үед л эцэст нь больсон юм. Хэсэг хугацааны дараа Шиэ цагдаа эргэж орж ирээд, чөтгөр шүглэсэн мэт над руу дайрсан. Тухайн үед өрөөнд өөр хэн ч байгаагүй юм. Тэр хоёр хөлийг минь нэг дор чанга дарчхаад, намайг тэвэрч, хамаг биед хүрлээ. Тэр ч бүү хэл өмдийг минь тайлсан шүү. Би үхтлээ айж, өмднийхөө захнаас чанга зуурлаа. Нүүрэн дундуур зэрлэгээр алгадахаар нь би орилсон. Тэр миний ам, хамрыг гараараа таглалаа. Би амьсгалж чадахгүй, тэмцэх тусмаа тамирдаж байсан. Хүчирхийлэгчид хохирогчдодоо яг ингэж ханддагийг би телевизээр харж байсан юм. Тэгээд асар их айж, найдлага тасарсан. Шиэ цагдаа уурлаж, бухимдсандаа, “Хашхираач! Чадлынхаа хэрээр хашхир! Танай Бурхан чамайг аврахаар ирэх нь үү, харъя” гэж бархирлаа. Түүний ичгүүргүй, ёрын муу байдалд маш их уур хүрсэн ч тэр цагдаа надад бас нэг зүйл сануулсан юм. Яагаад би Бурханд залбирч, найдахгүй байв аа? Бурхан л намайг аварч чадна шүү дээ. Тэгээд Бурханд яаран залбирч: “Хүндэт Бурхан минь, би Сатанд дэвслүүлмээргүй байна. Намайг авраач дээ, намайг авраач!” гэсэн. Бурханаас яаран гуйж байх яг тэр үед Шиэ цагдаа хамар, амыг минь таглахаа больж, би гүнзгий амьсгаа авлаа. Тэгээд даруйхан хашхиртал хажуу өрөөн дэх хэдэн цагдаа сонсоод, хүрч ирсэн. Тэгэхэд л тэр намайг тавьсан юм. Би шалан дээр унаад, дөнгөж сая юу болсныг эргэн бодлоо. Бурханы хамгаалалт байгаагүй бол би хүчиндүүлэх байсан шүү. Зүрх сэтгэлдээ би Бурханд талархсан.

Тэр өдрийн үдэд долоо, найман цагдаа орж ирсэн. Намайг үгэнд нь орохгүй болохоор цагдаагийн хэсгийн дарга хүрч ирээд, чихийг минь мушгингаа шилэн хүзүүнээс чимхлээ. Би маш их өвдсөндөө доош бултсан. Тэр намайг шоолон, “Яст мэлхий шиг толгойгоо нууж байна уу, аан?” гэсэн. Бусад нь бас ярианд нэгдэж, намайг шооллоо. Тэд намайг бүслээд, тойруулан бөмбөг шиг түлхэж эхэлсэн. Хоёр цагдаа бүр боломжийг ашиглаад цээж, бүсэлхийг минь чимхлээ. Тэд ёстой баахан танхай этгээд байжээ! Би уурлахдаа шүд зуун, хариу тэмцмээр байсан. Энэ бүгдийг өөрийн биеэр туулаагүй бол “ард түмэнд үйлчилж”, “шударга ёсны төлөө тэмцдэг” гэж манай сурах бичиг, телевизийн шоунуудад хэлдэг “ардын цагдаа нар” ийм гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байсан. Би цаашид тэвчиж чадалгүй, тэдэн рүү, “Жинхэнэ эрчүүд жаахан охиныг дээрэлхэх үү?” гэж хашхирлаа. Тэгж хэлмэгц тэд больцгоосон. Хэсэг хугацааны дараа нэг цагдаа миний шанаа руу буу тулгаад, “Яг одоо чамайг буудчихаж чадна шүү! Бид итгэгч та нарыг бариад ямар ч шийтгэлгүйгээр хөнөөж болно. Бид чамайг шууд буудчихаж чадна. Үхчихээр чинь чамайг зүгээр л гаргаад, булчихна. Эцсийн үг байвал одоо хэл!” гэж намайг сүрдүүллээ. Тэгж хэлэнгээ буугаа сумаар цэнэглэсэн. Тоглоом хийгээгүй гэдгийг нь хараад би маш их айсандаа хоёр хөл салганалаа. Би дотроо, “Цэл залуу насандаа амьдрал минь үнэхээр дуусах гэж үү? Би эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, хүн төрөлхтнийг аварч байх үед байсандаа маш азтай байсан, гэтэл одоо орчлон даяар хаанчлалын сайн мэдээ түгэх үзэгдлийг нүдээр үзэж, зан чанараа өөрчлөхөөсөө өмнө үхэх юм гэж үү? Үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү юм” гэж бодсон. Яг тэгтэл Эзэн Есүс: “Биеийг хөнөөх боловч сүнсийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай: харин бие болоод сүнс хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс ай(Матай 10:28) гэж хэлсэн нь бодогдлоо. Тийм шүү, агуу улаан луу миний махан биеийг сүйтгэж, тамлаж л чадахаас биш сүнсийг минь устгаж чадахгүй. Тэд ердөө л цаасан бар. Тэд гаднаа сүрдмээр харагддаг ч гэлээ хэчнээн галзуурлаа ч үргэлж Бурханы гарт байдаг. Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд намайг яаж ч зүрхлэхгүй. Петр Бурханыг хайрлахаар эрэлхийлж байгаад уруугаа харан цовдлогдсон нь бодогдлоо. Петр цовдлогдохдоо Бурханд ингэж залбирсан: “Өө Бурхан минь! Таны цаг одоо ирлээ; надад зориулж Таны бэлтгэсэн цаг ирлээ. Би Таны төлөө цовдлогдох ёстой, Танд энэ гэрчлэлийг хийх ёстой ба миний хайр Таны шаардлагыг хангаж, илүү ариун болж чадна гэж би найдаж байна. Өнөөдөр Таны төлөө үхэж, цовдлогдож чадаж байгаа нь намайг тайвшруулж, санаа амрааж байна, учир нь миний хувьд Таны төлөө цовдлогдож, Таны хүслийг хангалуун байлгаж, Танд өөрийгөө өгч чаддаг байж, Танд амиа өргөн барихаас илүү таатай зүйл юу ч үгүй билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Петрийн залбирал надад үнэхээр гэрэлтүүлэлттэй байсан. Би Бурхантай хавьгүй ойр санагдаж, үхлээс айхаа больсон. Баривчлагдсанаас минь хойш ямагт Бурхан намайг хамгаалж ирсэн, бас Сатан намайг уруу татаж байх үед Бурханы үг л явуулгыг нь нэвт харахад намайг замчилсан гэдгийг бодлоо. Бурхан намайг сул дорой байх үед итгэл, хүч чадал өгч аюулд орох үед минь намайг Сатанд дэвслүүлэхгүй байлгахаар аливааг зохицуулсан. Бурханы намайг хайрлах хайр маш гүн гүнзгий юм байна лээ! Бурханы хайрыг хариулахын тулд Петр уруугаа харан цовдлогдсон. Би Бурханы маш их хайрыг эдэлсэн мөртөө ачийг нь хэзээ ч хариулаагүй юм. Би Петр шиг биеийн хэмжээгүй байж болох ч Петрийг үлгэр дуурайл болгоход бэлэн байлаа. Өнөөдөр Бурханы төлөө үхэх минь нэр төрийн хэрэг байсан. Бурханы хайранд би гүнээ сэтгэл хөдөлж, Бурханд чимээгүйхэн залбираад, “Өө Бурхан минь, би Танд маш их өртэй. Би амьдралдаа хэзээ ч үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайж, Таныг хайрлахаар эрэлхийлээгүй. Энэ ертөнцөд би хэзээ нэгэн цагт эргэж ирвэл Танд итгэж, Таныг дагаж, хайрыг тань хариулсаар л байх болно!” гэлээ. Цагдаа нарын зарим нь миний уйлж байгааг хараад, айсан гэж бодон, “Энэ чиний эцсийн боломж шүү. Эцсийн үг байна уу? Одоо хэлээдэх!” гэсэн. Тэгэхээр нь би, “Бүх хүн яваандаа үхдэг. Би зөв шударга байдлын төлөө хавчигдаж байгаа учраас үхэж байна, иймд харамсах юм алга” гэж хэлсэн. Тэгж хэлснийхээ дараа нүдээ аниад, буугаар буудахыг нь хүлээлээ. Тэр цагдаа маш их уурласандаа гар нь салгалж эхлэн, “Хүссэнээр чинь болъё!” гэсэн. Тэгээд толгойгоо хажуу тийш эргүүл гэж хэлээд, буугаа шанаа руу онилж, хэдэн удаа буудсан боловч би яагаад ч юм үхээгүй. Цагдаа сумаа гаргаж авсан байсныг би дараа нь ухаарсан. Өөр нэг цагдаа ширээ рүү гараараа балбаад, “Чи өөрийгөө Лиу Хулань гэж боддог юм уу, хаашаа юм? Чамайг яалаа ч гэсэн бүтэхгүй байх шиг байна!” гэлээ. Тэд шанаа руу минь чичиж, буугаар толгой руу дэлсээд, “Алив, уйл л даа. Яагаад уйлахгүй байгаа юм бэ?” гэсэн. Надад амийн туршлагын тухай ийм магтан дуу бодогдлоо: “Бурханы ардуудын эрхэм чанарыг хадгалахын тулд үхсэн минь дээр” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ”). Урьд нь би тэдний эрүү шүүлт, сүрдүүлэгтэй тулгарахдаа өрөвдүүлэх гээд зүгээр л уйлаад л байдаг байсан. Би Бурханд огт итгэдэггүй байснаа ухаарсан юм. Би Сатаны өмнө бөхөлзөж, шийдвэргүй байсан. Ноён нуруугүй байдлаараа Бурханыг дахин доромжилж болохгүй байлаа. Иймээс би нулимсаа арчиж, нударгаа зангидаад, эцсээ хүртэл Сатантай үзэлцэхээр шийдсэн! Тэгээд “Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ” гэх магтан дууг толгойдоо дууллаа: “Хайр, үнэнч байдлаа Бурханд өгч, Бурханыг алдаршуулах үүргээ би гүйцэлдүүлнэ. Бурханы төлөө бат зогсож, гэрчлэл өг, Сатанд бүү бууж өг. Бурханы ардуудын эрхэм чанарыг хадгалахын тулд үхсэн минь дээр. Бурханы сануулга сэтгэлд байхад би диавол Сатаныг шившиглэнэ. Шаналал, бэрхшээлийг Бурхан тогтоодог, үхэн үхтэлээ би Түүнд үнэнч, дуулгавартай байна. Хэзээ ч дахин би Бурханы нулимсыг унагаж, санааг нь зовоохгүй” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном).

Цагдаа нарын зарим нь намайг нударгаа чанга зангидаж байгааг хараад, уур нь буцалж: “Наадах чинь Лиу Хуланьтай өөрөөс нь ч илүү адилхан юм!” гэцгээсэн. Би Сатан бухимдаж, арга мухардсаныг хараад, шившиглэгдсэн гэдгийг нь мэдсэн юм. Тэгээд, “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 36-р бүлэг) гэж Бурхан хэлсэн нь ямар утга учиртайг үнэхээр ойлгосон доо. Үхлээс айх айдас хүний эмзэг цэг юм. Сатан эмзэг цэгийн минь талаар мэдээд, намайг сүрдүүлж, Бурханд итгэж, Бурханыг дагадгийг минь болиулахад үүнийг ашигласан. Гэхдээ Бурханы мэргэн ухаан Сатаны явуулгад үндэслэн хэрэгждэг. Намайг Бурханд амиа даатгах үед Сатан хүчин мөхөстөж, бүтэлгүйтэж, шившиглэгдсэн. Өдөр зарим цагдаа хоол идэхээр явцгааж, харин гурав нь намайг ажиглахаар үлдлээ. Нэг цагдаа над дээр хүрч ирээд, худлаа инээмсэглэн, “Чи яагаад уйлахгүй байгаа юм бэ?” гэж надаас асуулаа. Би, “Надад уйлаад байх юм алга” гэж хэлсэн. Тэр, “Чамайг уйлахгүй бол бид уйлах юм гаргаад өгнө дөө” гэлээ. Тэгж хэлэнгээ нэг хар сав барьж авсан. Өөр нэг цагдаа хоёр гар, толгойг минь дарж байх зуур тэр нүдийг минь хүчээр нээгээд, ам, нүд рүү химийн бодис цацлаа. Миний нүд тэр дороо хорсож, нулимс гарч эхлэн, нээлттэй байлгаж болохгүй болсон. Нулимс хацрыг минь янгинуулан хорсгож, бас залгисан химийн бодисоос болж хоолой руу хатгалаа. Би маш их өвдсөндөө юм ярьж ч чадахгүй, шүлсээ хаясаар байх ёстой болсон. Тэр цагдаа бас үүнийг нэг янзын хор гээд, намайг хагас цагийн дараа үхнэ гэж сүрдүүллээ. Гурав дахь цагдаа нь гаваас минь зуурч, намайг өөр өрөөнд аваачсан. Тэгэхэд би нүдээ жаахан нээж чадсан учир тэд нэмж химийн бодис цацсан юм. Дараа нь цуг баривчлагдсан бусад ах эгчтэй намайг гавлаад, сэнс хамгийн хүчтэй тохируулга дээр тавин, бүх цонхоо нээсэн. Тэр цагдаа том хүрэм өмсөөд, халаагчид хөлөө ээж байлаа. Тэгснээ чанга хөхрөөд, “Сайхан дулаахан байгаа биз?” гэлээ. Дүн өвөл болж байсан болохоор миний гар, хөл хурдан хөрсөн. Яг тэгтэл нэг эгч хөлөөрөө товшин, чимээгүйхэн нэг дуу дуулж эхлэх нь сонстлоо. Би анхааралтай чагнаад, Бурханыг магтсан туршлагын магтан дуу дуулж байгааг нь ухаарсан. Тэгээд би ч бас хэмнэлд нь хөлөөрөө товшиж эхэллээ. Дуулах үед хүч чадал минь сэргэж байгааг мэдэрч, “Тэдэнд яаж ч тамлууллаа гэсэн би цааш явсаар л байх болно. Үхлээ ч Бурханыг хангалуун байлгахаар гэрчлэлд зогсоно!” гэж бодогдсон. Гайхмаар нь тэд биднийг үдээс хойш гурван цагийн алдад сулласан юм. Тухайн үед маш олон ах эгч баривчлагдчихаад, цагдан хорих төв болон шоронд ямар ч зай үлдээгүй байж таарсан. Тэд биднээс ямар ч холбогдох мэдээлэл олж авахгүй гэдгээ олж мэдээд, хэнийх нь ч хаяг хаана гэдгийг мэдэхгүй байсан учир биднийг зүгээр л явуулчихсан юм. Гэхдээ энэ нь Бурханы өршөөл гэдгийг би мэдэж байсан. Бурхан бидэнд гарах гарц өгсөн байсан. Зүрх сэтгэлдээ би Бурханд талархсан юм.

ХКН-д баривчлагдаж, хяхаж хавчигдаж байхдаа махан бие минь бага зэрэг зовж, би доромжлуулсан ч гэлээ ХКН-ын ёрын муу мөн чанарыг бодитоор ялган таньж чаддаг болсон. Тэгээд ХКН бол зүгээр л Бурханыг үзэн ядаж, эсэргүүцдэг чөтгөр гэдгийг тодорхой харсан даа. Агуу улаан луу эрх барьж байгаа цагт Сатан эрх барьж, бүх хүнийг харгисалж, завхруулж байдаг. Би зүрх сэтгэлдээ агуу улаан лууг хөсөр хаяж, тэднээс нүүр буруулаад, Христ болон шударга ёс засагт гарах өдрийг хүсэн хүлээсэн. Христийн хаанчлал удалгүй биеллээ олно гэж найдаад, Бурханыг эцсээ хүртэл дагах бүр ч их итгэлтэй болсон доо.

Тайлбар:

1. “Ул үндэсгүй буруутгах” гэдэг нь хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.

2. “Хатуу чанд хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга тун хэрцгий бөгөөд хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply