Шоронд хоригдсон он жилүүд

2022-01-21

Өвлийн Чавгаь, Хятад

2012 оны 12-р сарын нэгэн өдөр, би итгэгч болоод нэг жил шахуу болж байхдаа нэг залуухан эгчтэй цуг сайн мэдээ түгээхээр явж байсан юм. Тэгтэл 10 гаруй цагдаа гэнэт хүрч ирээд, бид хоёрыг газарт хэвтүүлсэн. Би анх удаа ийм юм туулж байсан болохоор үхтлээ айсан шүү. Тэгээд зогсолтгүй залбирч байлаа. Тэд биднийг хошууны захиргааны газрын нэг том өрөөнд аваачаад, биднийг харгалзуулахаар дөрвөн цагдаа үлдээсэн. Толгойгоо өндийлгөн, тэдэн рүү зэрвэс хартал тэдний нэг нь хүрч ирээд, намайг хоёр удаа алгадаж, дараа нь гэдэс рүү чанга өшиглөсөн юм. Нүүр час хийж, гэдэс ч үнэхээр өвдсөн. Би дөнгөж 21 настай байлаа. Харин надтай цуг баривчлагдсан эгч ердөө л 15 юм уу 16-тай байсан. Цохиулахыг минь хараад эгч над руу хүрч ирж, туслах гэсэн ч тэр цагдаа нударга зангидан, эгч рүү гар далайлаа. Би эгчийг барьж аваад, хоёр гартаа чанга тэврэх гэсэн, харин бусад цагдаа бид хоёрыг ширүүнээр салгасан юм. Ард түмэнд үйлчлэх гэж цагдаа нар байдаг, тэдний хийдэг бүх зүйл шударга ёсны төлөө байдаг гэж би үргэлж боддог байсан сан. Тэднийг ийм ёрын муу аашилж, тэр ч бүү хэл хоёр охинд ингэж хандсаныг хараад цочирдсон. Тэгээд би чимээгүйхэн залбирч: “Бурхан минь, намайг харж хандаж, итгэл хайрлаач, тэгснээр би тэдэнд яаж ч зодууллаа гэсэн ах эгч нараа хэзээ ч барьж өгөхгүй, бас Иудас болж Танаас хэзээ ч урвахгүй!” гэлээ.

Тэр орой 6 цаг өнгөрч байхад тэд намайг том хашаанд аваачсан, тэнд, баривчлагдсан бусад 30 гаруй ах эгч харагдаж байлаа. Оройн 9 цаг орчимд нэг цагдаа намайг байцаахаар ирээд, “Чи хэр удаан Бурханд итгэсэн бэ? Хэн чамайг элсүүлсэн бэ? Гэр бүлээс чинь өөр хэн итгэдэг вэ?” гэсэн. Би хариулаагүй юм. Тэгээд маргааш орой нь тэд намайг цагдан хорих газарт аваачлаа. Тэнд очоод, ар араасаа эгнэсэн төмөр хаалгыг хараад, харгалзагчид намайг яах бол гэхээс үнэхээр айсан шүү. Би Бурханд залбирч, Бурханаас итгэл, хүч чадал гуйсан. Хорих өрөөнд очоод, харгалзагч тэр өрөөний атаманд намайг “сайн харж хандаарай” гэж захилаа. Тэр нь юу гэсэн утгатайг би тухайн үед мэдээгүй. Тэсгим хүйтэн, дүн өвөл болж байсан хэдий ч атаман намайг шууд шалан дээр унтуулсан юм. Маргааш нь өглөө эрт намайг шалан дээр хөл нүцгэн зогсоосноос болж хоёр хөл маш их бээрээд, час улайсан. Гэхдээ ингээд болоогүй. Тэд намайг гадаа салхитай хэсэгт зогсоож, өглөөний цай уулгалгүй, өвдөглөн шал цэвэрлүүлсэн. “Харж хандах” гэдэг нь ад үзэх гэсэн утгатайг тэгэхэд л ухаарсан даа. Өглөөний 8 цаг дөнгөж өнгөрч байтал атаман намайг хэргээ хүлээх үү гэж асуулаа, тэгэхээр нь би, “Үгүй, итгэх нь гэмт хэрэг биш” гэж хэлсэн. Атаман намайг гарынхаа араар хоёр удаа алгадсан шүү. Дараа нь цагдаа нар намайг нэлээд олон удаа байцаасан ч би Бурханд залбирч, түшиглэснээр ам нээгээгүй.

2013 оны 5-р сард цагдаа нар намайг шүүхэд аваачсан юм. Тэнд шүүгч надад, “хууль сахиулахад саад хийхээр шиэ жиао байгууллага ашигласан” гэх ял тулгаад, эсэргүүцэх зүйл байна уу гэж асуухаар нь би, “Яагаад та намайг ийм гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа юм бэ?” гэж шүүгчээс асуулаа. Шүүгч хариуд нь, “Та асуулт асуух биш, хариулт өгөх эрхтэй” гэсэн. Миний дургүй хүрлээ. Иргэдэд шашин шүтэх эрх чөлөө эдлэх эрхийг Үндсэн хуулиар тодорхой олгодог, иймээс итгэгч байж, сайн мэдээ түгээх нь ямар ч хууль зөрчөөгүй хэдий ч тэд надад тийм ял оноосон, тэгээд би бүр асуулт асууж ч болохгүй байлаа. Эрх тэгш байдал яах болж байна? Эрх чөлөө яах юм бэ? Дөрвөн жил. Ялын тогтоол харсан тэр мөчид маш хэцүү байсан. Би дөнгөж 22-той, бас л цэл залуугаараа байлаа. Идэр залуу насандаа дөрвөн жилийг шоронд өнгөрөөнө гэдэгтээ итгэж чадаагүй. Дараа нь, миний хэр удаан торны цаана байхыг Бурхан шийднэ, би Бурханд гомдоллож, Бурханыг буруутгаж болохгүй, харин захирагдаж, Бурханд түшиглэснээр үүнийг туулах ёстой гэж бодогдсон. Тэгээд сэтгэл жаахан дээрдсэн. Тэр эгч 10 сарын ял сонссон.

2013 оны 8-р сард би ялаа эдлэхээр эмэгтэйчүүдийн хорих газарт хүргэгдлээ. Эхлээд намайг боловсролын ангид оруулж, тэнд харгалзагчид чуулганы талаар мэдээлэл шаардаж, намайг хэргээ хүлээх эсэхийг асуулаа. “Хэрэг хүлээхгүй” гэж би хэлсэн. Дараа нь тэд өөр хэдэн хоригдлоор намайг цагдуулах болсон юм. Хоёр хоригдол намайг “дундаа хавчуулж”, үргэлж яг хажууд наалдчихаад, тэнд бусад эгчтэй яриулдаггүй байсан. Тэд цаг үргэлж надад шоронгийн дүрэм сургаж, тархи угааж, байнга хувьсгалын тухай ярьдаг байлаа. Би маш их уурласан ч тэдэнтэй маргаад ямар ч нэмэргүй гэдгийг олж харсан болохоор тэднийг огт тоогоогүй. Шоронгийн харгалзагчид бусад хоригдлоор ч бас намайг шийтгүүлэн, өглөө болгон хогтой аварга том уут таван давхраас нэг давхар хүртэл шатаар чирч буулгуулдаг байлаа. Тэр уут үнэхээр хүнд, аймаар өмхий байсан, үүнийг зөөгөөд хөлс асгардаг байсан юм. Гэртээ хэзээ ч тийм бохир ажил хийж байгаагүй болохоор үнэхээр хилсэдсэн мэт санагдаж, гутарсан. Тэгээд Бурханы үгийн ийм хэсгийг саналаа: “Хэрвээ та нар Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал бүх зүйл дээр хэрхэн туршлагажихыг сурч, өөрт тохиолдож буй бүхнээс гэгээрлийг олж авч чаддаг байх ёстой. Сайн ч бай, муу ч бай чи үүнээс үр ашиг хүртэх ёстой бөгөөд энэ нь чамайг сөрөг болгох ёсгүй. Юу ч болсон бай, чи хүний харах өнцгөөс юмыг задлан шинжилж, судлах (ингэх нь чиний туршлагын гажуудал болно) биш Бурханы талд зогсож байхдаа юмыг дэнсэлж чаддаг байх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт). Надад юу ч тохиолдлоо гэсэн энэ бүгд Бурханы сайн санааг агуулдаг бөгөөд үүнийг Бурханаас хүлээн зөвшөөрөх ёстойг Бурханы үг харуулсан. Шоронгийн харгалзагчид намайг Бурханаас урвуулахын тулд бусад хоригдлыг надтай арцалдуулж байлаа. Үүнд нь би унаж болохгүй байсан. Тэдэнд яаж ч тамлууллаа гэсэн Бурханаас хэзээ ч нүүр буруулж болохгүй. Энэ бодол зовлонг минь үнэхээр хөнгөлсөн шүү.

Хоёр сарын дараа тэд намайг тархи угаах, үзэл бодол өөрчлөхөд тусгайлан ашигладаг газар луу шилжүүлээд, бүрэн хориотой удирдлагад оруулсан. Би ганц л умгар өрөөнд хооллож ундалж, унтаж, бие засах ёстой байлаа. Өдөр бүр хоёроос гурван багш миний тархийг угааж, уламжлалт соёлын тухай хичээлээр бөмбөгдөж, энэ тухай видео үзүүлээд, дараа нь тэдгээрийн талаар эргэцүүлэл бичүүлдэг байлаа. Би оронд нь Бурханыг гэрчилсэн юм бичдэг байсан. Тэд бас надад чуулганыг доромжилсон худал хуурмагаар л дүүрэн ном өгөөд, намайг итгэснээр гэр бүлээ хаяж, эцэг эхээ асрахаас татгалзаж, цэвдэг сэтгэл гаргаж байна гэцгээсэн. Үүнд нь маш их уур хүрч, “Та нар сайн мууг ялгахгүй байна. Та нар л намайг энд авчирсан шүү дээ. Би гэртээ харьж, эцэг эхээ асарч яаж чадах юм бэ?” гэж эрс хариулсан. Дараа нь тэд Бурханыг доромжилсон элдэв юм хэлээд, гэмшлийн бичиг, өөр юу эсийг надаар бичүүлэхийг хүссэн. Намайг татгалзах үед тэд өөдөөс хараал урсгаж, унтуулахаа байсан юм. Нүдээ анимагц л нэг хоригдол чанга хашхичдаг байлаа. Дараа нь нэг хоригдол гараас минь бариад, тэр бичгүүдийг албадан бичүүлэх гэсэн. Тухайн үед миний бие, сэтгэл аль аль нь туйлдаж гүйцээд, зүрх сэтгэл сул дорой болж байсан учраас би үүний эсрэг тэмцээгүй юм. “Угаасаа би өөрөө хийгээгүй, тэд л надаар албадан хийлгэж байна даг” гэж бодсон. Гэхдээ Бурхан бидний зүрх сэтгэл, оюун санааг нэвт хардаг, би тийм юм хийснээр Сатаныг дагаж байна биш үү гэж дараа нь бодогдлоо. Тэгээд Бурханы ийм үг санаанд орсон юм: “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Энэ нь сүнслэг тулаан гэдгийг ойлгоход минь энэ тус болсон юм. Миний үг, үйл хэрэг, хөдөлгөөн бүрийг Бурхан шинжиж байлаа. Өнгөн дээрээ хоригдол миний гарыг дарж аваад, надаар бичүүлж байгаа ч би эсэргүүцэхгүй бол зүрх сэтгэлдээ аль эрт Сатанд бууж өгсөн гэсэн үг болох байсан. Тэгэх нь Бурханы өмнө нэг ёсны урвалт байх байлаа. Ингэж бодоод, би түүний эсрэг тэмцтэл хоёр хоригдол намайг ийш тийш түлхэж, үнэхээр чанга алгадаж эхэлсэн юм. Тархи угаах ангийн дарга сайн хүний дүр эсгээд, намайг тэдэнд зодуулаагүй. Тэдний нэг нь, “Дарга чамд хэр сайн хандаж байсныг хар л даа. Битгий талархах сэтгэлгүй бай, тэр мэдэгдлүүдийг зүгээр л биччих” гэсэн. Тэгэхээр нь би, “Та нар намайг өдөр бүр тамлаж, зовоож, эдгээрийг албадан бичүүлэх гэж үзэж байна, тэгснээ надад сайн хандаж байна гэх юм. Ичгүүргүй юм бэ!” гэж бодсон. Тэгтэл яг үүний дараа, ангийн дарга яг миний өмнө элдэв янзын дэмий үг болон төөрөгдөл чалчлаа. Тэд намайг тэгэхэд үүрийн 2 цаг хүртэл тамласан ч, би бас л бичихээс татгалзсан. Тамлах тусам нь Коммунист Намын ёрын муу, Бурханы эсрэг мөн чанарыг улам бүр харсан. Багш нар гаж урсгалын зургаан шалгуурын талаар маш их ярьдаг байлаа. Нэгдүгээрт, сэтгэл зүйн хяналт, хоёрдугаарт бие махбодын хор хөнөөл байдаг… Энэ талаар бодох тусам, Нам л жинхэнэ гаж урсгал юм байна гэж улам бүр бодогдсон. Дараа нь би эргэцүүлэлдээ ингэж бичлээ: “Та нар өдөр бүр надад шашингүйн үзэл суртал, уламжлалт соёлоо тулгаж, Бурханаас нүүр буруул гэж надаас шаардаж байна. Энэ нь сэтгэл зүйн хяналт биш үү? Шөнөөр та нар намайг үргэлж унтуулалгүй, албаар тамладаг. Энэ нь бие махбодын хор хөнөөл биш үү?…” гэсэн. Үүнийг харгалзагчид уншаад, уурласандаа хэдэн хэсэг урж хаялаа.

Дараа нь тэд намайг үйлдвэрлэлийн анги руу шилжүүлсэн. Үйлдвэрийн цехэд харгалзагчид бүлгийн ахлагчаар надад нэмэлт ажил өгүүлдэг байсан учир би цаг үргэлж гүйцэх гэж зовж, байнга сандардаг байлаа. Бие засах газар луу явбал ажил саатна гэж айсандаа цангаж үхэх гэж байхдаа ч ус ууж зүрхэлдэггүй байсан юм. Тэгсэн ч квотоо биелүүлж ер чадахгүй л байлаа. Тэгээд байнга шийтгүүлж байсан. Шөнө ажлаа дуусгасны дараа хорих өрөөндөө эргэж очоод, шийтгэлд нь нэг цагийн турш зөвхөн номхон зогсох ёстой болдог байсан. Заримдаа өглөө хар үүрээр, бусад бүх хүн унтсан хэвээр байхад тэд намайг сэрээгээд, шийтгэлд зогсоодог байлаа. Би босох болгондоо тун их туйлдаж, маш их нойрмоглон бараг нүдээ нээж чаддаггүй байсан. Итгэгч бидэнд харгалзагчид байж боломгүй хатуу ханддаг байлаа. Цаг ямагт биднийг тамлаж, шийтгэж, бүр бие засах газар орохыг маань ч хязгаарладаг байсан. Бусад нь явъя гэвэл харгалзагчид явуулдаг ч намайг яаж ч тэвчлээ гэсэн хамаагүй, явъя гэхээр явуулахгүй, үргэлжлүүлээд тэвч гэдэг байлаа. Би ажил дуустал тэвчихээс өөр аргагүйд хүрч, хорих өрөөн дэх жорлонгоо ашиглах болдог байлаа. Тэр хугацаанд би ялихгүй боломжийг ч ашиглан бусад хэдэн эгчтэй нөхөрлөл хийж, бид бие биеэ тэтгэдэг байсан. Санаанд орсон Бурханы ямар ч үгийг хуулаад, тэр цаасаа өөр хоорондоо нууцхан дамжуулдаг байлаа. Надад үнэхээр гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн нэг үг байсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайж, Түүний үйлдлийн талаар ойлголттой байж, үнэний дагуу үйлдэж чаддаг. Ингэх нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд үүгээрээ чи Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгээ харуулдаг. Цэвэршүүлэлтээр дамжуулан үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж чаддаг бол, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаг, Түүний талаарх эргэлзээ бий болгодоггүй бол, Тэр юу ч хийсэн Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байдаг бол, Түүний хүслийг гүн гүнзгий эрж хайж, Түүний хүсэлд санаа тавьж чаддаг бол л чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Бурханы үг биднийг итгэл, хүч чадлаар хангасан юм. Бид бүгд Бурхантай ойр байж, Бурханы үгтэй ойр үлдэх ёстой мэт санагддаг байсан. Тухайн үед би итгэгч болоод дөнгөж нэг жил болж байсан, тэгээд Бурханы үгийг илүү их уншаагүйдээ харамссан. Гэхдээ төд удалгүй, бидний дамжуулж байсан тэр цаасыг харгалзагчид хурааж, дараа нь биднийг бүр ч их хянаж цагддаг болсон. Бусад эгчтэй ярих боломж олгохгүйн тулд намайг ажиллаж байхад бусад хоригдлын дунд “хавчуулж”, нэгжлэг хийхдээ бидний шүүгээ, орыг байнга орвонгоор нь эргүүлдэг байлаа.

2015 оны 8-р сард, нэг хоригдол намайг өөр итгэгчтэй ярьсан гэж ховлосон учир харгалзагчид намайг “гянданд” оруулж хорьсон. Энэ нь хааш хаашаа 3 метр орчмын өрөө байсан юм. Тэнд модон тавцан дээр унтах ёстой, бас өрөөний нэг буланд явган жорлонтой байлаа. Хоригдлууд тэсгэл алдах үедээ толгойгоо хананд шаан амиа хорлох вий гээд дөрвөн ханыг нь 3 метрээс доош нь хөөсөнцрөөр бүрсэн байсан. Эмэгтэй харгалзагчид цахилгаан бороохойгоо авчраад, намайг өөрсдийнх нь өмнө хувцсаа тайл гэсэн. Би татгалзсан болохоор тэд хувцсыг минь угз татан, бүгдийг нь хүчээр тайлуулаад, ажиглалтын камер дор зогсоон, явган суулт хийлгэсэн. Энэ нь ёстой гутамшигтай санагдсан учраас би явган сууж байхдаа өөрийгөө хамгаалахыг хүсэн, зөнгөөрөө биеэ хоёр гараараа халхалсан юм. Гэхдээ тэд намайг бүрэн сууж ч амжаагүй байтал хоёр гарыг минь угз татан холдуулаад, “Юугаа зуураад байгаа юм бэ? Чи энд ирчхээд, бас нэр төртэй баймаар байна гэнэ ээ!” гэцгээн, доог тохуу хийсэн. Би маш их гутарсан ч зүгээр л шүд зуун, нулимсаа барьсан. Тэд “шалгалтаа” дуусгамагцаа намайг гяндан руу нүв нүцгэн явуулсан. Тийшээ ороод би цааш ер тэвчиж чадаагүй юм. Тэгээд уйлаад л байлаа. Дараа нь, харгалзагч намайг тэнд өглөөний 5 цагаас оройн 10 цаг хүртэл номхон зогсоогоод, хоригдлуудад намайг харж бай гэсэн. Жаахан л хөдөлбөл намайг зодож, хашхичдаг байлаа. Удаан хугацааны туршид зогссоны дараа хоёр хөл шаар шиг хөөчихдөг байсан. Тэд үргэлж намайг шийтгэх шинэ арга сэдэж, зүгээр л хараад дургүй нь хүрвэл намайг зоддог байсан юм. Нэг удаа дөрөв, таван хоригдол чихэлдэн орж ирсэн. Тэгээд нэг нь үснээс зулгааж, хоёр нь намайг алгадаж эхлэн, бас нэг нь хөхийг маань үнэхээр чанга чимхэж байлаа. Аймаар өвдсөн шүү. “Бурханаа авчирч, өөрийгөө авруул!” гэцгээн, тэд бүгд намайг шоолж байсан. Би тэр чөтгөрүүдийг үзэн ядах сэтгэлээр дүүрсэн юм. Тэдэнд хэр удаан тэгж тамлуулж, доромжлуулсаар байсан юм бүү мэд. Тэнд дахин ганц ч хором баймааргүй санагдаж, тэр ч бүү хэл толгойгоо дэлсээд үхэх тухай ч бодсон. Гэхдээ ханыг хөөсөнцрөөр бүрсэн байсан учир тэгэх аргагүй байлаа. Хажуугийн өрөөний хоригдол амиа хорлохын тулд хана руу өөрийгөө савах гэж үзсэн ч бүтээгүй учраас тэд толгойд нь уут углаад, тэр ч бүү хэл амыг нь бөглөсөн. Би бүтэлгүйтвэл бүр ч долоон дор юм туулах ёстой болох байлаа. Ингэж бодоод бүр ч их шаналсан шүү. Хамгийн сул дорой мөчид минь Бурханы үгийн ийм магтан дуу санаанд орсон: “Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, Зарим хүний зовлон дээд цэгтээ хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс! Сул дорой, хүчин мөхөс! Хүн Өөрийг нь хайрлаасай хэмээн Бурхан хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихэсдэг бөгөөд хүн Түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг… Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Зовлон чинь хэчнээн их байсан ч Бурханыг хайрлахаар эрж хай”). Бурханы үгийг тунгаагаад, би өчүүхэн зовлон, доромжлолд аль хэдийн үхмээр санагдахуйц хэчнээн хулчгар байснаа олж харсан. Миний гэрчлэл хаа байгаа вэ? Би босоод амьдарч, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэх ёстой байсан! Тэгээд үхэх бүх бодлоо орхиод, үүнийг даван туулахын тулд зүгээр л Бурханд залбирч, түшиглэхийг хүссэн.

Дараа нь шоронгийн харгалзагчид бидэнд янз бүрийн доромжилсон юм бичсэн тэмдэг зүүлгэж эхэллээ. Би зүүхгүй гэсэн юм. Тэд бусад хоригдлоор намайг албадуулан, хав хатуу, үнэхээр тухгүй сандал дээр суулгаад, хөл гарыг минь уяагаар хүлснээр би огт хөдөлж чадахгүй болсон юм. Дараа нь тэд надад тэр тэмдгээ зүүлгээд, үнэхээр бах нь ханасан байдлаар, “Одоо чи үүнийг зүүж байгаа биз дээ? Бид хүссэнээ хийдэг юм!” гэсэн. Тэгээд намайг үүрийн 5 цагаас шөнийн 10 цаг хүртэл бүтэн 17 цагийн турш тэр хэвээр хүлээтэй байлгасан. Бөгс маш их өвдөж, хоёр гар аймаар хавдчихсан байсан. Би туйлдаж гүйцээд, нойр хүрч байлаа. Тэгээд нүдээ ч нээж чадахгүй байсан. Хоригдлууд намайг сүрдүүлэн, нүдийг минь аниулахгүй байлаа. Нүдээ анивал эгц өөдөөс нунтаг чинжүү цацдаг байсан. Би нүдээ нээлттэй байлгах гэж маш их хичээсэн ч хэсэг хугацааны дараа үнэхээр тэсвэр алдарсан юм. Нүд өөрийн эрхгүй л анилдаад байсан, тэгээд хоригдлууд нүдийг минь хуруугаараа хөшин онгойлгож байлаа. Тэд хоолон дээр ч хүлээсийг минь тайлаагүй. Угаасаа нэг их хоолгүй байсан л даа. Гэхдээ тэр үед тэд ам руу ганц хоёр үмх хоол чихчхээд л дуусгаж амжихаас минь өмнө гаргаад авчихдаг байсан. Заримдаа аманд шууд л гудруулаад, амжиж залгихгүй бол над руу хашхичдаг байлаа. Дараа нь, тэдэнд тэгж доромжлуулмааргүй байсан учир хоол идэхээ байсан. Идэхгүй гэхээр тэд намайг шууд л алгаддаг байлаа. Бие засах газар луу явуулдаггүй байсан учраас өвдтөлөө тэсэх ёстой болдог байсан. Тэгээд шээсээ хэт удаан барьснаас үүдэн шээсний замд мэдрэлийн асуудал үүсэж, цаг нь болоход бүр шээж ч чаддаггүй болсон. Үхсэн нь дээр гэж хүмүүс яагаад хэлдэг байж болохыг тэгэхэд л анх удаа үнэхээр ойлгосон.

Намайг гянданд байхад харгалзагчид хоол унд өгөлгүй тамлах нь их байлаа. Зүгээр л өндөг шиг жижигхэн жигнэсэн талх, жижиг халбаганы дайтай шөл өгдөг байсан. Заримдаа тэр жигнэсэн талхнаасаа нэг хэлтэрхийг нь авчихна. Би талхны үртэс шалан дээр унах вий гэхээс үхтлээ айн, идэж байхдаа маш болгоомжилдог байсан. Цаг үргэлж өлсөн, ходоод хоржигнож, байнга өвддөг байлаа. Хажууд хоригдлууд хоолоо идэж байгааг сонсоод, “Хэзээ би тэдэн шиг аяга жинхэнэ хоол авах юм бол?” гэж боддог байсан. Заримдаа тэд хоолныхоо заримыг хогийн сав, жорлон руу хаяна, бас хоол нь муухай болсон ч надад идүүлдэггүй байлаа. Заримдаа би хогийн саван дахь хоол руу ширтэн, хутгаад авахыг үнэхээр хүсдэг байсан, гэхдээ дараа нь бүх ажиглалт, эргэн тойрныхоо бусад хоригдлыг хараад зүрх хүрдэггүй байлаа. Хоолоо амандаа ч хүргэж амжилгүй зодуулна гэж айдаг байсан юм. Цаг үргэлж өлсөж зүдрэн, бүтэн хоол идэж байгаа тухай зүүдэлдэг байсан. Үүгээр ч зогсохгүй, бүр ус уухыг ч хязгаарладаг байлаа. Би өглөө л маш жаахан ус авдаг байсан. Хамгийн халуун сар болох наймдугаар сар байсан учир би үхтлээ цангаж байсан. Нэг удаа тэд миний ундны усанд суганы үс хийчихлээ. Энэ нь үнэхээр заваан байсан. Дараа нь тэд үүдэнд зогсоод намайг ажиглан, үүнийг нь уухгүй бол надад ус өгөхөө бүрмөсөн болих гэж байсан юм. Би өөрийгөө хүчлээд уусан. Үүнийг хараад тэд надаар доог тохуу хийсэн шүү. Өдөр тутмын бие махбодын тамлалаас гадна тэд цаг үргэлж над руу хараал урсган, янз бүрийн зэрлэг юм, Бурханыг доромжилсон юм хэлж байсан. Би үүнд үнэхээр шаналж, үнэндээ уйлмаар байсан ч ам руу юм чихэх вий гэж айгаад чимээ гаргаж зүрхлээгүй юм. Тэгээд чимээгүйхэн уйлж л чадсан. Намайг харж байсан хоригдол өөдөөс чанга орилон, “Юундаа уйлаад байгаа юм бэ? Уйлаад байвал чамайг төв талбай руу аваачаад, бүрэн нүцгэлж, шоронд байгаа бүх хүнд харуулна шүү” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод үнэхээр айсан. Тэр сүрэг чөтгөрүүд үнэхээр харгис, ёрын муу байсан юм. Намайг үнэхээр талбай дээр аваачаад, хамаг хувцас тайчвал үүнийг би яаж тэсвэрлэж чадах юм бэ? Ингэх вий гэж айсандаа уйлахаа больсон.

Тэр хугацаанд би хагас ухаантай болж гүйцээд, муужирч унахын ирмэгт байх шиг үргэлж санагддаг байсан. Тэнд дахиад ганц ч хором өнгөрөөхийг хүсээгүй. Тэгээд, “Чи Бурханд итгэдэггүй байсан бол энэ бүхнийг туулж байх уу?” гэх тархи угаалтын даргын хэлсэн үг санагдлаа. Тухайн үед би үнэхээр сул дорой байсан учир “Түүний зөв. Би итгэгч байгаагүй бол үүнийг туулахгүй байх байсан” гэж бодсон. Тэгж бодох үед сэтгэл айхтар харанхуйлж, Сатаны заль мэхэнд унаж байгаагаа гэнэт ухаарсан. Би итгэж, зөв зам сонгосныхоо төлөө Хятадын Коммунист Намд баривчлагдсан шүү дээ. Харваас өөрсдөө намайг тамлаж, зовоож байгаа атлаа тэд намайг итгэлээсээ болж зовж байна гэсэн. Зовлонд минь Бурханыг буруутгасан нь туйлын булай, ичгүүртэй байсан юм! Би тэдэнд зэвүүцэх нь бүү хэл, бүр тэдний худал хуурмагт итгэсэн. Би дайсны талд урваж байсан юм! Тэгээд даруйхан Бурханы өмнө очиж залбираад, “Өө Бурхан минь! Би махан биеийнхээ сул дорой байдлаас болж Сатаны нэг худал хуурмагт итгэлээ. Би маш тэрслүү юм! Би Танд гэмшмээр байна, бас хүслийг тань ойлгоход намайг замчлаач гэж гуйя” гэсэн. Залбирсныхаа дараа Бурханы үгийн ийм хэсгийг саналаа: “Бурханы цэвэршүүлэлт хэдий чинээ их байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ Бурханыг хайрлаж чаддаг. Зүрх сэтгэл дэх шаналал нь тэдний аминд ач тустай бөгөөд Бурханы өмнө тэд улам амар амгалан, Бурхантай харилцах харилцаа нь илүү дотно болж, Бурханы дээдийн дээд хайр, дээдийн дээд авралыг улам сайн харж чаддаг. Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, Иов хэд хэдэн шалгалт туулсан. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал та нар ч гэсэн олон зуун удаа цэвэршүүлэлт туулах ёстой; та нар энэ үйл явцыг туулж, энэ алхамд найдаж байж л Бурханы хүслийг хангаж, Бурханаар төгс болгуулж чадна. Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгох шилдэг арга юм; цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд л хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн жинхэнэ хайрыг гаргаж ирж чадна. Бэрхшээл үгүй бол Бурханыг гэх жинхэнэ хайр хүмүүст дутагддаг; тэднийг дотроос нь туршиж, цэвэршүүлэлт үнэхээр туулуулахгүй бол зүрх сэтгэл нь үргэлж хаа нэгтээ гадна байх болно. Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээр чи өөрийн сул тал, хүндрэл бэрхшээлийг олж харж, хэр их дутагдалтай гэдгээ, тулгарсан олон асуудлыг даван гарах чадваргүй гэдгээ, дуулгаваргүй байдал чинь хэчнээн их болохоо олж харна. Шалгалтын үеэр л хүмүүс бодит байдлаа үнэнээр нь мэдэж авч чаддаг бөгөөд шалгалтын улмаас хүмүүс илүү сайн төгс болгуулж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна). Баривчлагдаж, тамлуулах нь Бурханы зөвшөөрсөн зүйл, үүнд Бурханы сайн санаа агуулагдаж байгаа гэдгийг Бурханы үг надад сануулсан. Бурхан намайг шалгалт, бэрхшээлээр цэвэршүүлж, дутагдлыг минь надад харуулж байсан юм. Урьд нь би Бурханыг хайрлаж, хангалуун байлгахаар эрж хайж, Бурханы зохицуулалтад захирагдмаар байна гэж байнга хэлдэг байсан. Гэхдээ бие махбодын тэр зовлонтой тулгараад зүгээр л зугтахыг хүсэж, Бурханд гомдоллож, Бурханыг буруутгасан. Би Бурханыг гэх ямар ч хайр, итгэлгүй гэдгээ олж харсан. Миний биеийн хэмжээ маш дулимаг байсан юм. Тэр орчинд илчлэгдээгүй бол би өөрийгөө огт ойлгохгүй байх байж. Энэ талаар бодоод тэгтлээ их гутрахаа больж, үүнийг туулахын тулд Бурханд залбирч, түшиглэхэд бэлэн болсон. Тэгээд Бурханд залбирч, “Бурхан минь, Таны хийдэг бүх зүйл миний сайн сайхны төлөө байдгийг мэднэ. Би үүнээс зайлсхийх гэдгээ болино. Би Таны гэрчлэлд зогсоход бэлэн байна” гэсэн. Санаандаа орсон Бурханы үгийн магтан дуунуудыг зүрх сэтгэлдээ ахин дахин дуулаад би итгэл, хүч орсон юм. Энэ нь Бурханы хамгаалалт, хайр гэдгийг мэдээд, Бурханд зогсолтгүй талархсан. Дараа нь, хүмүүс гянданд долоо хоносны дараа үнэхээр тэвчиж чадахаа байдаг гэж нэг хоригдол хэлэхийг сонслоо. Харин тэр үед би тэнд 20 гаруй хоносон байсан. Бурханы хамгаалалт, удирдамжийн ачаар л тэвчиж чадсан гэдгээ мэдээд, Бурханд ахин дахин талархсан шүү. Намайг тэнд 45 хоног байлгасны дараа гаргасан. Тасагтаа буцаж очтол яс арьс болчихсон байгааг минь хараад эгч нар миний төлөө мэгшин уйлсан. Намайг хүчээ сэлбэг гэсэндээ тэд хуурай сүү, жигнэмэг нууцаар олж өгсөн юм. Энэ нь Бурханы хайр гэдгийг би мэдэрч чадсан даа. Дараа нь бид дахин Бурханы үгийн талаар нөхөрлөж байгаад баригдсан учир тасгийн эрхлэгч намайг дахин гяндан руу явуулсан. Тэр удаад намайг 37 хоног яг өнөөх аргаараа тамлаж, би гарахдаа бүр танигдахын аргагүй шахуу болсон байлаа.

2016 оны 12-р сард би ялаа эдэлчхээд, суллагдсан юм. Бурханд залбирч, найдаж байгаагүй бол тэр тамын газраас амьд гарах аргагүй байх байсан. Сүйт залуу маань бүх цуу яриаг тэсвэрлэж чадалгүй сүйгээ цуцалсан гэдгийг би суллагдаад, олж мэдсэн. Гэртээ харьсны минь дараа цагдаа нар итгэгч хэвээр байгаа юу гэж асуун, намайг зовоох гэж ирсээр л байлаа. Тийм болохоор би явж үүргээ биелүүлэхээр нутгаа орхисон. Коммунист Нам надаар ийм зүйл туулуулсны дараа тэд хэчнээн ёрын муу, бузар булай, бас Бурханыг үзэн ядаж, эсэргүүцдэг чөтгөр гэдгийг нь би тодорхой олж хараад, зүрх сэтгэлийнхээ угаас тэднийг орхиж, голсон доо! Үүнээс гадна, би Бурханы хайрыг амссан. Сатаны бүх заль мэхийг нэвт харахад Бурханы удирдамж л тусалсан, бас Бурханы үг л надад итгэл, хүч өгч, тэр чөтгөрүүдийн доромжлолыг даван туулах боломж олгосон. Энэ туршлага надад Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг биечлэн амсуулж, бүр ч их итгэл өгсөн дөө. Цаашдаа би хэчнээн ч их шаналал, бэрхшээл тууллаа гэсэн Төгс Хүчит Бурханыг тууштай дагаж, Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ биелүүлнэ!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хэзээ ч мөхөшгүй амийн хүч

Дон Мэй, Хэнань муж Би дундаж амьдралаар амьдардаг, жирийн л нэг хүн. Гэрлийг хүсэн мөрөөсдөг олон хүний адилаар би амиа илүү ач...

Leave a Reply