Чуулганы удирдагч бол албан тушаалтан биш

2022-01-21

Матью, Франц

Намайг Матьё гэдэг. Би гурван жилийн өмнө Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд 2020 оны 10-р сард чуулганы удирдагч боллоо. Энэ нь том хариуцлага гэдгийг ухаарч, жаахан стресст орсон ч бас үнэхээр бахархалтай байсан. Би бусдаас илүү сайн хэв чанартай учраас тэр үүрэгт сонгогдсон мэт санагдсан юм. Үүргээ үнэхээр нухацтай хүлээн авч, бусдын үүрэг дэх асуудалд туслахын тулд нөхөрлөл хийхээр чадах чинээгээрээ хичээдэг байсан. Яваандаа би маш олон асуудлыг шийдвэрлэх чадвартай мэт санагдаж эхлэн, миний нөхөрлөл хэрэг болох бүрд хоромхон ч эргэлзэлгүйгээр яаран очдог байлаа. Би гаргууд удирдагч, асуудлыг сайн шийдвэрлэгч гэдгээ бүх хүнд нотлохыг хүссэн.

Тэгтэл чуулганд зарим нэг антихрист цуу яриа тарааж эхэлсэн юм. Тэд цуглааны бүлгүүдэд Бурханыг доромжилсон Коммунист Намын худал хуурмаг түгээж, баримтыг гуйвуулж, аливааг орвонгоор нь эргүүлж, Бурханы гэрийн ажлыг шүүж байлаа. Тэд хүмүүсийг төөрөлдүүлж, Бурханаас холдуулахыг хүссэн. Би чадах чинээгээрээ цуглаан, нөхөрлөл хийж байсан, бас өөрийгөө дайсагнагч бүлэглэлүүдийн эсрэг цэрэг удирдаж яваа цэргийн жанжин мэт санасан шүү! Би бүх хүнийг хамгаалж чадна гэдгээ нотлохыг хүссэн, иймээс тэд хүнд ачаа үүрч чаддаг, хариуцлагатай гэдгийг минь олж харсан юм. Гэвч бодит байдал дээр, би үнэхээр сул дорой байлаа. Антихристүүдийн зарим төөрөгдлийг яаж няцаахаа өөрөө мэдэхгүй, тэгээд эдгээр нь надад ч бас нөлөөлж байсан. Гэхдээ би сул дорой байдлаа бусдад илчлэхийг хүсээгүй. Хүдэр, хүч тэнхээтэй харагдахыг хүсэж, тэгэх нь жинхэнэ удирдагч байгаа хэрэг гэж бодсон. Удирдагчийн хувьд сул дорой шинж харуулбал тийм хүч чадалтай харагдахаа болино гэж бодсон учраас өөрийнхөө байдлын талаар хэзээ ч үнэнхүү сэтгэлээ уудлаагүй. Тэд намайг юу гэж бодох бол? Хоосон сургаал чалчиж л чаддаг, үнэний бодит байдлаар дулимаг гэж бодох болов уу? Би, “Чуулганы удирдагчийн хувьд ерөнхийлөгч, цэргийн жанжин шиг хатуужилтай байх ёстой. Хэнд ч сул дорой байдлаа харуулж болохгүй!” гэж бодсон. Иймээс цуглаан дээр, би ах эгч нар сайн мэдээ түгээх хүчин чармайлтаа яаж миний туслалцаатайгаар илүү үр ашигтай болгож болох гэх мэтээр Бурханы үгийн талаарх өөрийн “гүн гүнзгий” ойлголт, өөрийнхөө туршлагын талаар үргэлж ярьж байлаа. Харин бүтэлгүйтэл, завхралаа зүгээр л хальт дурдаад, зөв хийдэг зүйлс рүүгээ бушуухан шилждэг байсан юм. Цуглаан дээр нойрмоглох юм бол үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, үнэхээр асуудал гарах юм бол төд удалгүй сул дорой байдлаа шийдвэрлэх арга зам олсон гэж хэлдэг байсан. Сайн үйл хэргээ гайхуулахын тулд яаж шинэ итгэгчдийг усалсан, яаж тэдэнд суралцах боломж олгосон тухайгаа ярьдаг байлаа. Туршлагаа хуваалцаж байхдаа бүх хүнд хүндлүүлнэ гэж найдсандаа үүргийнхээ төлөө яаж нойргүй хоносноо хэлж, Бурханы төлөө гаргасан золиосныхоо тухай ярих дуртай байсан. Миний хамтрагч болох Маринетт эгч өөрийнх нь байдалд холбогдох Бурханы үгээр үргэлж тусалж байдаг учраас намайг үнэхээр биширсэн юм. Эгч биширдгээ илэрхийлэх үед би үнэхээр баярлаж, үнэхээр сэтгэл өег байсан. Усалгааны үүрэгт суралцаж байгаа ах эгч нар ч бас намайг маш их биширдэг байлаа. Нэг удаа, нэг эгч надаас суралцсан зүйлийнхээ ачаар үүрэгтээ чадварлаг болсон гэдгээ хэлэхээр над руу залгасан шүү. Энэ нь миний бардам занг үнэхээр өөгшүүлсэн. Миний ач тустай нөхөрлөл бүгд Бурханы удирдамж байсан гэдгийг, энэ нь Бурханы гэгээрлээс гаралтай учир бүх алдар Бурханд очих ёстой гэдгийг би эгчид хэзээ ч хэлээгүй. Миний нөхөрлөлийн дараа зарим ах эгч “Амен” гэх юм уу “Матьёгийн яг зөв”, “Матьёгийн нөхөрлөлд маш их талархъя” гэцгээдэг байлаа. Заримдаа тэд надтай биширсэн өнгөөр ярьж, “Матьё, ингэвэл болох уу?” гэж лавлан, үүрэг дэх шийдвэртээ үргэлж миний бодлыг асуудаг байсан юм. Би тэдний зүрх сэтгэлд чухал байр суурь эзэлдгээ харж болохоор байлаа. Намайг хэр их биширдгийг нь хараад үнэхээр бага зэрэг түгшсэн ч хүндлэгдэх тэр мэдрэмж надад таалагдсан. Энэ нь намайг баярлуулсан юм. Дараа нь нэг өдөр, би “Онгирсноос үүдсэн хор хөнөөл” гэх видео гэрчлэл үзсэн. Үүнд үнэхээр сэтгэл хөдөлсөн юм. Бас нэг удирдагч эгч үүрэгтээ үргэлж өөрийгөө дөвийлгөж байж. Тэгээд Бурханы зан чанарт халдаж, өвчнөөр сахилгажуулагдсан юм байна лээ. Гол нь эгчийн зан авирт Бурхан ой гутсан. Тэр видеог үзэх үед минь хацар даган нулимс урсаж эхлэн, бусдад бишрүүлэхийн тулд онгирсноороо Бурханыг эсэргүүцэж байсан гэдгээ би ухаарсан юм. Би антихристийн замаар явж байж. Онгирох нь тийм ноцтой асуудал байж болно гэж би огт ухаараагүй байсан. Тэгээд “Би Бурханыг хилэгнүүлчихлээ” гэж өөртөө хэлсээр байлаа. Үнэхээр айж, яахаа мэдэхгүй байсан шүү.

Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан нь завхралаа ойлгоход минь тус болсон юм. Бурханы үгэнд хэлдгээр, “Завхарсан хүн төрөлхтөн өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх, өөрсдийгөө гайхуулах, хүмүүст өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэх зэрэг зүйл хийх чадвартай. Хүмүүс сатанлаг уг чанартаа захирагдах үедээ зөнгөөрөө ийм хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд энэ нь завхарсан бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг. Хүмүүс өөрсдийгөө ихэвчлэн яаж өргөмжилж, гэрчилдэг вэ? Тэд энэ зорилгод хэрхэн хүрдэг вэ? Нэг арга нь хэр их зовсон, хэр их ажил хийсэн, өөрсдийгөө хэр их зарлагадсанаа гэрчлэх явдал. Тэд хувийн хөрөнгө хэлбэрээр эдгээр зүйлийн тухай ярьдаг. Өөрөөр хэлбэл, тэд эдгээр зүйлийг өөрсдийгөө өргөмжлөх хөрөнгө болгон ашигладаг бөгөөд үүгээрээ хүмүүсийн оюун санаанд илүү өндөр, баттай, найдвартай байр суурь эзэлж, улмаар хүмүүс тэднийг үнэлж, биширч, хүндэлж, тэр ч бүү хэл дээдэлж, шүтэж, дагадаг. Эцсийн үр нөлөө нь энэ юм. Энэ зорилгод хүрэхийн тулд тэдний хийдэг зүйлс—өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг бүхэн нь эрүүл ухаантай юу? Үгүй. Эдгээр нь ухаалаг байдлын хэр хэмжээнээс давдаг. Энэ хүмүүс ямар ч ичгүүр сонжуургүй бөгөөд Бурханы төлөө юу хийсэн, хэр их зовсноо айж ичилгүй гэрчилдэг. Тэгээд бүр өөрсдийн билиг, авьяас, туршлага, онцгой чадвар, биеэ авч явах ухаалаг арга барил, хүмүүсээр тоглоом тохуу хийхдээ ашигладаг арга мэхийг гайхуулдаг. Тэд өөрсдийгөө гайхуулж, бусдыг басамжлах замаар өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг. Түүнчлэн хүмүүст үргэлж мундаг байгаагаа л харуулахын тулд дүр үзүүлж, өөрсдийгөө өнгөлөн далдлаад, сул тал, дутагдал, бүтэлгүйтлээ бусдаас нуудаг. Сөрөг болох үедээ бусад хүнд хэлж ч зүрхэлдэггүй; тэд сэтгэлээ уудалж, бусадтай нөхөрлөл хийх зориггүй байдаг бөгөөд буруу зүйл хийх үедээ үүнийгээ нууж, дарагдуулахаар чадах бүхнээ хийдэг. Үүргээ биелүүлэх явцдаа Бурханы гэрт учруулсан хор хөнөөлөө хэзээ ч дурддаггүй. Харин өчүүхэн хувь нэмэр оруулж, багахан амжилт гаргасан үедээ үүгээрээ даруйхан онгирдог. Хэр чадварлаг, хэв чанар сайтай, хэр гоц гойд, хэвийн хүмүүсээс дээр гэдгээ бүхий л ертөнцөд мэдэгдэх сэн гэхээс тэсэж яддаг. Энэ нь нэг ёсондоо өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг бус уу? Өөрийгөө өргөмжилж, гэрчлэх нь хэвийн хүн чанарын ухаалаг хүрээн дотор байдаг уу? Үгүй. Тэгвэл хүмүүс ингэхдээ ихэвчлэн ямар зан чанар илчилдэг вэ? Гол илрэлүүдийн нэг нь биеэ тоосон зан чанар, мөн зальжин байдал бөгөөд бусад хүнд өндрөөр үнэлэгдэхийн тулд чадах бүхнээ хийх явдал үүнд багтдаг. Тэдний түүх ямар ч өөгүй байдаг; үг нь харваас сэдэл, явуулга агуулдаг бөгөөд тэд онгирч байгаагаа нуух арга олсон байдаг боловч хэлдэг зүйлийнх нь үр дүнд хүмүүс тэднийг бас л бусдаас дээр, хэн ч тэдэнтэй дүйцэхгүй, бусад бүх хүн тэднээс дорд гэж бодоход хүрдэг. Тэд энэ үр дүнд зальхай аргаар хүрдэг бус уу? Ийм аргын ард ямар зан чанар байдаг вэ? Хорон муу байдлын элемент байдаг уу? Энэ бол нэг төрлийн хорон муу зан чанар юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг”). Энэ үгийг уншаад зүрх сэтгэл минь шууд цохилтод орсон. Миний дотор юу нуугдаж байгааг үнэхээр тодорхой харж чадсан. Би өөртөө хүч чадалтай эр, төгс хүн гэх дүр төрх бүтээхийг хүссэн. Туршлагаа нөхөрлөхдөө “баатарлаг” үйл хэргээ гайхуулж, амжилтынхаа талаар ярьсан ч бүтэлгүйтлийнхээ тухай ер нь бараг яриагүй. Сул дорой, сөрөг байх юм уу асуудалтай тулгарах юм бол, аль эсвэл бүр хамгийн хүнд байдалд байх үедээ ч гэсэн зүгээр л, “Би дажгүй ээ. Бага сага шалгалт туулж байгаа ч Бурханы тусламжтайгаар үүнийг даван туулна” гэдэг байлаа. Гэвч үнэн хэрэгтээ би үнэхээр шаналж байсан. Би үргэлж үүргийнхээ төлөө яаж зовсон тухайгаа ярьж, хэр хариуцлагатай гэдгээрээ гайхуулж байж. Гэхдээ аливаа зүйл үнэндээ тийм байгаагүй юм. Би ихэвчлэн алдар нэр, байр суурийнхаа төлөө л үүрэгтээ золиос гаргадаг байсан. Бусад нь намайг биширдгийг хараад миний зүрх сэтгэл дэх нэг зүйл хөдөлсөн, энэ нь сайнгүй гэдгийг би мэдэж байсан юм. Гэхдээ л би үүнд цэг тавих юу ч хийгээгүй. Хүмүүст бишрүүлж, магтуулахыг хүсэж, тэр ч бүү хэл тэдний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг давах гэсэндээ намайг битгий бишир гэж тэдэнд хэлээгүй. Би яг л тэргүүн тэнгэрэлч шиг биеэ тоосон биш үү? Би бусдыг Бурханы өмнө аваачих биш, өөрийнхөө өмнө авчирч байсан юм. Ах эгч нарын зүрх сэтгэлд Бурханы байрыг эзэлж болзошгүй гэдгээ ухаараад би айсандаа дагжин чичирч, Бурхан миний зан авирыг жигшдэг гэдгийг зүрх сэтгэлдээ мэдсэн. Баримттай нүүр тулаад, би Бурханд залбирч, “Бурхан минь, би онгирч, бүх хүнд өөрийгөө илүү дээгүүр түвшний хүн, бүх асуудлыг нь шийдвэрлэж чаддаг нэгэн гэж харагдуулахыг хүсэж байж. Би Таны алдрыг булааж байна. Бурхан минь, би Танд гэмшмээр байна” гэлээ. Би харуусал дүүрэн байсан. Тэгээд үнэн төрх, өөрийгөө өргөмжилдөг байдлаа илчлэн, уучлал гуйсан захиа бичээд, цуглааны бүлэг болгонд явууллаа. Бас намайг бишрэх учиргүй гэдгийг нь бүх хүнд тодорхой хэлсэн. Намайг ялангуяа хүндэлдэг хэдэн хүнийг би мэддэг байсан учир тэдэнд тус тусад нь өөрийгөө задлан шинжилсэн мессеж явууллаа. Хэд хоногийн дараа Маринетт эгч надад, урьд нь намайг биширдэг байсан, зүрх сэтгэлд нь би чухал байр суурь эзэлдэг байсан гэдгийг ний нуугүй хэлсэн. Би үүнийг сонсоод үнэхээр ичиж, ёрын муугийн минь нотолгоо тэр юм шиг санагдсан. Тэр мөчид өөрийнхөө үзэшгүй муухай байдлыг олж харсан даа. Бусдад бишрүүлэхийн тулд би онгирч байж. Би хамаг эрүүл ухаанаа алдсан байсан юм. Үүнийг яалаа гэж үүрэг гүйцэтгэх гэх юм бэ? Бурхан намайг удирдах албан тушаалд өргөмжилсөн, гэтэл Бурханд би тэгж хариу барилаа гэж үү? Би урьд нь хэзээ ч ичиж байгаагүйгээрээ ичсэн. Гэхдээ завхралаа шийдвэрлэхээр үнэнийг үнэхээр эрж хайхгүй хэвээр байсан учир төд удалгүй эргээд хэвэндээ орсон юм.

Бусад чуулганы удирдагчид ч бас оролцдог нэг онлайн цуглаан байлаа. Надад ах эгч нарын нөхөрлөл хөнгөн хуумгай байх шиг санагдаад, сэтгэл түгшсэн. Би тэдний нөхөрлөл өнгөцхөн байна, бас бусад удирдагч ямар ч сүртэй юм хэлэхгүй байна гэж бодсон. Тэгээд сайн нөхөрлөл гэж юу болохыг тэдэнд харуулж, өөрийнхөө ойлголтыг бүх хүнтэй хуваалцаж, улмаар хэлэх гэсэн үгээрээ тэдэнд маш их зүйл сургахыг хүссэн. Би тэдэнд арга зам зааж өгөхийг хүссэн юм. Иймээс хэлмээр байгаа зүйлээ сэтгэлдээ бэлдлээ. Олноос онцгойрч, жинтэй нөхөрлөл хийхийн тулд илүү гэгээрэлтэй зүйл хэлэх тухай бодсон. Нөхөрлөлөө хамгийн сайн онцлохын тулд найруулгаа тунгааж байлаа. Би илүү дээгүүр ойлголттой гэдгээ нотолж, улмаар бусдад ойлголтоо үнэлүүлэхийг үнэхээр хүссэн. Тэгээд дэлгэрэнгүй, баялаг нөхөрлөл хийж чаддаг гэдгээ тэдэнд мэдэгдэхийн тулд маш олон жишээ, зүйрлэл ашиглалаа. Нөхөрлөл минь дууссаны дараа бүх хүн “Амен” гэж хэлэхийг сонсоод би үнэхээр баярласан. Дараа нь ах эгч нар миний нөхөрлөлийн талаар сайхан зүйл хэлсэн эсэхийг харахаар чатын цонхыг шалгасан юм. Цуглаан бараг дуусаж байх үед Жэ’энь ах нөхөрлөл хийхдээ бидний үргэлж хийдэг шигээр Бурханы үгээс эш татаж, бүх зүйлийг үүн дээр тулгуурлаагүй, харин миний нөхөрлөлийг эшлэн, аливааг миний нөхөрлөлд үндэслэн хийж байх ёстой юм байна гэж хэлсэн. Миний нөхөрлөлийг ах ойлголтынхоо бүрэн суурь болгон ашигласан юм. Би дахиад өөрийгөө өргөмжилж, бусдаар өөрийгөө шүтүүлж байгаагаа олж харсан. Тэр мөчид үнэхээр түгшсэн шүү. Тэгээд ойрын үед бидний нөхөрлөсөн Бурханы зарим үг санагдсан юм. Бурханы үгэнд хэлдгээр, “Хэрэв ах эгч нар бие биедээ сэтгэлээ уудалж, нэг нэгэндээ тусалж, бие биеэ хангах чадвартай байя гэвэл хүн бүр жинхэнэ туршлагынхаа тухай ярих ёстой. Чи жинхэнэ туршлагынхаа талаар юу ч ярилгүй, хоосон сургаалын тодорхой үгийг л давтаж, Бурханд итгэх тухай уриа лоозон, улиг болсон үгийг л тоть мэт давтаж, зүрх сэтгэлээ огтхон ч нээдэггүй бол үнэнч шударга хүн биш бөгөөд үнэнч шударга хүн байж чадахгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). “Бурханд гэрчлэл хийхдээ голдуу, Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай илүү их ярих ёстой. Та нар бас туршлагаараа хэчнээн их завхрал илчилсэн, хэр их зовсон, эцэст нь Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсанаа ярих ёстой; мөн Бурханы ажлын талаар хэр их бодит мэдлэг та нарт байгааг болон хэрхэн Бурханд гэрчлэл хийж, хайрыг нь хариулах ёстой талаар ч бас ярих учиртай. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн байдлаар ярих ёстой. Хоосон онол бүү ярь. Илүү бодитой байдлаар ярь; үнэн сэтгэлээсээ ярь. Та нар ингэж туршлагажих ёстой. Онгирохын тулд гүн гүнзгий санагддаг, хоосон онолоор өөрсдийгөө бүү зэвсэглэ; ингэх нь нэлээд биеэ тоосон, эрүүл ухаангүй харагдуулдаг. Та нар илүү бодитой зүйлсийг жинхэнэ, бодит туршлагынхаа үүднээс, үнэн сэтгэлээсээ ярих ёстой; энэ нь бусдад хамгийн их ашиг тустай бөгөөд тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). “Үнэнийг эрэлхийлдэггүй, үргэлж хүмүүсийг сэтгэлийг татахаар оролддог, өөрийн санаархал, хүслийг биелүүлж, байр суурийг гэх хүсэл эрмэлзлээ гүйцэлдүүлэхийг үргэлж хүсдэг бол чи антихристийн замаар алхаж байна. Антихристийн замд үнэнтэй нийцтэй зүйл байдаг уу? (Үгүй.) Үүний юу нь үнэнтэй нийцэлгүй байдаг вэ? Энэ хүмүүс юуны төлөө хийдэг вэ? (Байр суурийн төлөө.) Байр суурийн төлөө юм хийдэг хүмүүсээс юу харагддаг вэ? ‘Тэд үргэлж хоосон сургаалын үг ярьдаг, үнэний бодит байдлыг хэзээ ч нөхөрлөдөггүй, үргэлж өөрсдийнхөө төлөө л үг хэлдэг, Бурханыг хэзээ ч өргөмжилж, гэрчилдэггүй. Иймэрхүү зүйл харагддаг хүмүүс байр суурийн төлөө явдаг’ гэж зарим нь хэлдэг. Тэд яагаад хоосон сургаалын үг ярьдаг вэ? Яагаад Бурханыг өргөмжилж, гэрчилдэггүй вэ? Яагаад гэвэл, тэдний зүрх сэтгэлд зөвхөн байр суурь, алдар нэр л байдаг, Бурхан огт байхгүй. Ийм хүмүүс байр суурь, эрх мэдлийг шүтдэг, алдар нэр тэдэнд асар их чухал, алдар нэр, байр суурь тэдний амь болсон; зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, тэд Бурханыг дуулгавартай дагах нь байтугай эмээдэг ч үгүй; зөвхөн өөрсдийгөө л өргөмжилж, гэрчилж, бусдаар бишрүүлэхийн тулд онгирдог. Тиймээс тэд хүмүүсээр өрөвдүүлж, бишрүүлэхийн тулд л өөрийнхөө талаар, юу хийсэн, хэр их зовсон, Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, харьцалт туулахдаа хэчнээн хүлцэнгүй байсан тухайгаа сайрхдаг. Энэ хүмүүс антихристүүдтэй ижил төрлийн хүмүүс, тэд Паулын замаар алхдаг. Тэгээд тэдний эцсийн төгсгөл нь юу байдаг вэ? (Тэд антихристүүд болж, таягдан хаягддаг.)” (Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэлтийн тодорхой замтай байх ёстой”). Би зүрх сэтгэлээ уудалж, бодит туршлагаа хуваалцаж, ний нуугүй ярьж, онгирохын төлөөх хоосон үг, хэрэггүй улиг болсон үгээс зайлсхийх ёстой гэдгээ Бурханы үгээс олж харсан. Жинхэнэ удирдагч Бурханы үгийн талаарх өөрийн туршлага, ойлголтыг хуваалцаж, үнэнийг ойлгоход нь бусдыг замчлан, тэднийг Бурханы өмнө аваачдаг. Антихрист магтаал, бишрэлийн төлөө онгирох, бусдыг өөрсдийнхөө өмнө авчрахын тулд хий хоосон үг нөхөрлөдөг юм байна лээ. Миний хувьд гэвэл, хүмүүст хэрэгжүүлэх зам өгөлгүйгээр зүгээр л хоосон онол чалчиж байж. Би ямар ч бодит асуудал шийдвэрлээгүй. Үнэнийг ойлгох, Бурханы үгийн бодит байдал руу ороход нь тэдэнд туслах биш, өөрийгөө тэдэнд бишрүүлэх нь миний зорилго байсан. Онгирохын үр дагавар маш тодорхой байлаа. Бусад нь намайг хүндэлж, Бурханы үгэнд гэрчлэл хийхийн оронд миний нөхөрлөлийг лавлагаа болгон ашигласан. Хүмүүс үргэлж, “Матьёгийн нөхөрлөлд талархъя”, “Яг л Матьё ахын хэлсэн шиг” гэх мэт зүйл хэлж байсан юм. Паул үргэлж сайрхаж, Эзэн Есүсийн үгэнд гэрчлэл хийдэггүй байсан гэдгийг би бодлоо. Үүнээс үүдээд итгэгчид 2,000 жилийн турш Паулын үгэнд зусардаж, гэрчлэл хийхэд хүрсэн. Би Паултай адилхан зүйл хийж, Бурханы эсрэг адилхан антихристийн замаар замнаж байсан юм биш үү? Би үнэхээр айж, өөрийгөө ёстой үзэн ядсан. Тэгээд, “Өө Бурхан минь, Би нэг алдаагаа давтаж байна. Таны үг намайг замчилсан ч би Сатаныг дагаж, онгироо зангаа хангасаар л явна. Би дахиад Сатаны үүрэг гүйцэтгэж байна. Бурхан минь, надад тусалж, намайг авраач дээ!” гэж залбирлаа.

Нэг орой цуглаанд бэлтгэж байхдаа би ийм хэсгийг харсан юм: “Бурханд үйлчлэх хүний үйлчлэл дэх хамгийн их цээртэй зүйл юу вэ? Та нар мэдэх үү? Удирдагч болон үйлчилдэг зарим хүн үргэлж өөр байхыг оролдож, бусдаас илүү давуу байж, өөр хэдэн шинэ арга заль сэдэж олохыг хүсэж байдаг, ингэснээр үнэхээр хэр их чадвартай болохыг нь Бурхан харна гэж боддог. Гэсэн хэдий ч үнэнийг ойлгож, Бурханы үг рүү орох талаар анхаардаггүй; тэд үргэлж чадвараа гайхуулахыг хүсдэг; энэ нь яг нарийндаа биеэ тоосон уг чанарын илэрхийлэл биш гэж үү?… Бурханд үйлчлэхдээ хүмүүс агуу дэвшил гаргаж, агуу зүйл хийж, агуу үг хэлж, агуу ажил гүйцэтгэж, томоохон ном хэвлэж, том том цуглаан хийж, агуу удирдагч байхыг хүсдэг. Хэрвээ чи үргэлж ийм том санаархалтай явдаг бол Бурханы захиргааны зарлигийг зөрчинө; ингэдэг хүмүүс хурдан үхэх болно. Хэрвээ чи Бурханд үйлчлэхдээ томоотой биш, чин сүсэггүй бөгөөд Бурханд үйлчлэхдээ хянуур биш байх юм бол эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы зан чанарт халдах болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”). Бурханы энэ үгэнд миний хамаг бие хөшсөн. Энэ илчлэлээр би агуу зүйлд хүрэх гэсэн дэврүүн санаархал, хүслээ олж харсан юм. Би цэцэн цэлмэг үгээ харуулахын тулд цуглаан даргалахыг хүссэн. Онгироход дурлаж, онгирох боломжийг хэзээ ч алдаагүй. Би бишрүүлж, “Матьё ах ёстой сайхан цуглаан хийх юм аа! Матьё ахаас илүү удирдагч гэж алга!” гэж бусдаар хэлүүлэхийг хүссэн. Эдгээр хүсэлд жолоодуулаад би нэг цуглаанаас нөгөө рүү яарч, ажиллаж, цуглаж, асуудал шийдвэрлэдэг байж. Тиймэрхүү удирдлагад би дуртай байсан юм. Гэхдээ “Хэрвээ чи үргэлж ийм том санаархалтай явдаг бол Бурханы захиргааны зарлигийг зөрчинө; ингэдэг хүмүүс хурдан үхэх болно” гэснийг уншаад би дагжин чичирч, зүрх сэтгэлийнхээ гүнд айдас хүйдэс мэдэрсэн. Би Бурханыг сэтгэл хангалуун байлгаж ирсэн гэж бодсон ч Бурханы ойг гутааж байгаагаа ухаарсан юм. Би ч бас өөртөө ой гутсан. Би агуу зүйл хийж, сүрлэг зүйл номлохыг л хүссэн. Тэгээд Бурханыг гэрчлэх, үнэнийг хэрэгжүүлэх сэдэлгүй, ах эгч нарын аминд хариуцлага үүрэхгүй байсан юм. Энэ нь гагцхүү өөрийгөө өргөмжилж, бусдын зүрх сэтгэлд онцгой байр суурь эзлэхийн төлөө байж. Тэр нь Бурханы захиргааны зарлигт хэлсэн байдаг зөрчил юм, “Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.” “Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл бишрэн шүтэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь орон зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг, ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг). Зөвхөн өөрийгөө өргөмжилсөн минь захиргааны зарлигийг зөрчсөн юм биш, харин бүр ч долоон дор нь би бусдыг буруу замаар оруулж, Бурханыг эсэргүүцэхэд хүргэсэн. Учир нь тэд хүн биширч байсан юм. Үүний үр дагавар ноцтой байдаг, үүнд Бурхан уурлах нь гарцаагүй. Би үхтлээ айсан шүү. Зан чанарт нь халдсаны минь төлөө Бурхан намайг ер нь уучлах аргагүй гэж бодсон. Би тарчилж байлаа. Тэгээд, “Бурхан минь, би үнэхээр шаналж байна. Таныг хилэгнүүлж байснаа мэдсэнгүй, тэгээд гэмшмээр байна. Өө Бурхан минь, хүслийг тань ойлгоход туслаач дээ” гэж залбирсан.

Айдастаа автсан байхдаа би Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм: “Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Чамд өөрийг чинь мэдүүлж, зан чанарыг чинь өөрчилж, түүнчлэн үнэ цэнийг чинь мэдүүлж, Бурханы бүх үйлдэл зөвт агаад Түүний зан чанар, Түүний ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүнийг аврахын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрлаж, хүнийг аварч, мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг харуулах гэсэндээ Бурхан яллаж, харааж, шүүж, гэсгээдэг. Хэрвээ чи дорд байр суурьтай, завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч өнөөдөр чам дээр хийдэг шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Бурхан Өөрийн авралыг ил болгохыг хүсдэг гэдгийг мэддэггүй бол туршлагажих ямар ч аргагүй бөгөөд цааш үргэлжлүүлж бүр ч чадахгүй. Бурхан хөнөөх юм уу устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь гагцхүү Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор аваачихын төлөө байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой). Үүнийг уншаад би амар амгаланг мэдэрсэн. Бурханд би уучилшгүй байдлаар халдсан гэж бодсон ч тийм байгаагүй юм. Намайг Бурхан сахилгажуулж байсан ч үзэн ядаагүй. Бурхан намайг өөрчлөгдөөсэй гэж хүссэн. Бурханы зөвт байдал, хүлээц, уучлалыг би олж харж чадсан. Энэ удаад би үнэнийг эрж хайж, завхралаа шийдвэрлэх ёстой гэдгээ мэдэж байсан.

Тэгээд Бурханы үгийн бас нэг хэсгийг уншлаа: “Үнэнч хүний хувиар чи эхлээд хүн болгонд зүрх сэтгэлээ нээх ёстой, ингэснээр хүн бүр үүнийг харж, бодож байгаа бүхнийг чинь харж, үнэн нүүр царайг чинь харж чадна; чи сайхан харагдахын тулд дүр эсгэж, дүр үзүүлэхээр оролдох ёсгүй. Тэр үед л хүмүүс чамд итгэж, үнэнч хэмээн тооцох болно. Энэ бол хамгийн үндсэн хэрэгжүүлэлт бөгөөд үнэнч хүн байхын урьдач нөхцөл юм. Чи үргэлж дүр эсгэж, ариун, эрхэм дээд, агуу дүр үзүүлж, өндөр ёс суртахуунтай царайлж байна. Тэгээд хүмүүст завхрал, дутагдлаа харуулдаггүй. Мөн өөрийгөө шулуун шударга, агуу, өөрийгөө золиослогч, шударга, хувиа хичээдэггүй гэж итгүүлэхийн тулд хүмүүст хуурамч дүр харуулдаг. Энэ бол ов мэхтэй байдал юм. Бүү дүр эсгэ, бүү өөрийгөө хайрцагла; харин өөрийгөө болон зүрх сэтгэлээ ил болгон бусдад харуул. Хэрэв чи зүрх сэтгэлээ уудлан бусдад харуулж, эерэг ч бай, сөрөг ч бай, бүх бодол, төлөвлөгөөгөө ил болгож чаддаг бол үнэнч байгаа хэрэг бус уу? Хэрэв чи өөрийгөө ил болгон бусдад харуулж чадвал Бурхан ч бас чамайг хараад, ‘Чи өөрийгөө ил болгон бусдад харуулсан тул Миний өмнө ч бас үнэнч байгаа нь лавтай’ хэмээн хэлнэ. Хэрэв чи зөвхөн бусдын нүднээс далдуур Бурханд өөрийгөө ил болгож, бусадтай хамт байхдаа үргэлж агуу, эрхэм дээд, шулуун шударга, аминч бус дүр эсгэдэг бол Бурхан юу гэж бодож, юу гэж хэлэх вэ? ‘Чи үнэхээр ов мэхтэй юм; туйлын хоёр нүүртэй, шалихгүй, мөн үнэнч хүн биш юм’ гэж Тэр хэлнэ. Бурхан чамайг тийнхүү яллана. Хэрэв чи үнэнч шударга хүн байхыг хүсвэл Бурханы өмнө ч бай, бусад хүмүүсийн өмнө ч бай, өөрийнхөө илэрхийлэл, сэтгэлийн үгийг ил тод, нээлттэй байлгаж чаддаг байх ёстой. Ингэх амархан уу? Үүнд цаг хугацаа шаардагддаг, үүнд дотоод тэмцэл шаардагддаг, бид тасралтгүй хэрэгжүүлэх ёстой. Зүрх сэтгэл маань бага багаар нээгдэж, бид өөрсдийгөө ил болгож чадна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). Бурхан надаас юу хүсдэгийг ойлгоход минь энэ хэсэг тус болсон. Бурхан намайг үнэнч хүн байгаасай гэж хүссэн. Өөрөөр хэлбэл, би өөрийн завхрал болон үнэнч шударга бодлыг бусдад ил болгож, улмаар тэдэнд сул тал, бэрхшээлээ харуулж сурах ёстой байлаа. Хэрвээ бүтэлгүйтэл, сул талаа илчлэлгүй өөрийгөө өргөмжилсөөр л байж, зүгээр л нөхөрлөлөөрөө өөртөө хуурамч дүр төрх бүрдүүлэх юм бол тэр нь худал хуурмаг байх байсан. Тэгвэл бусадтай ч, Бурхантай ч үнэнч биш байх байлаа. Би заавал үнэнч хүн байх ёстой гэдгээ тэр өдөр олж харсан даа. Бас өөрийнхөө эндүү ташаа санааг бага зэрэг ойлгож авсан. Удирдагч гэдэг ертөнц дэх ямар нэг даргатай адил, бусдаас дээгүүр байр суурьтай, өрөөлөөс илүү дээр, сул талгүй, баатарлаг хүн байх учиртай гэж би боддог байсан. Гэхдээ Бурхан тийм зүйл хүсдэггүй. Бурхан энгийн, үнэнч хүмүүсийг хүсдэг. Тийм хүмүүс алдаа дутагдлынхаа талаар сэтгэлээ уудалж чаддаг, тэгээд үнэнийг хайрлаж, хэрэгжүүлдэг. Тэд санаархлаа биелүүлэхээр хөөцөлдөлгүй ах эгч нарын амийн оролтод анхаарч, үнэний зарчмыг эрж хайдаг. Эзэн Есүс ингэж хэлснийг би саналаа: “Харин та нар Багш гэж битгий дуудуул: учир нь Тэр бол та нарын Эзэн, бүр Христ юм; та нар бүгд ахан дүүс билээ… Та нар эзэн гэж ч бүү дуудуул: учир нь та нарт нэг л Эзэн бий бөгөөд тэр нь Христ билээ. Харин та нарын дундаас хамгийн агуу нь та нарын зарц болно. Өөрийгөө өргөмжилдөг хэн боловч дорд үзэгдэнэ; харин өөрийгөө даруу байлгадаг хүн өргөмжлөгдөнө(Матай 23:8–12). Би удирдагч байх бүхий л хугацаандаа дүр эсгэж, хүмүүс намайг шүтнэ гэж найдаж байж. Бурханы шаарддаг зүйлээс үнэхээр хол дутуу байгаагаа би ухаарсан юм. Удирдагч үлэмж их хариуцлага бүхий зарцын үүрэг гүйцэтгэдэг. Тэд ах эгч нарыг усалж, дэмжих, асуудал шийдвэрлэхэд нь тэдэнд туслахын тулд үнэнийг эрж хайх гэх хариуцлагаа үргэлж санаж явах ёстой юм. Удирдагч бол албан тушаалтан биш, бас өөр хэний ч дээр байдаг юм биш. Бурхан бол Бүтээгч, харин бүх хүн ямар ч байр суурьтай байлаа гэсэн бүтээгдсэн зүйлс мөн. Бид бүгд Бүтээгчийг шүтэн мөргөх учиртай. Тэр мөчид би өөрийн үүрэг, хариуцлагыг ойлгож, бүтээгдсэн зүйлийн байранд үлдэж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэх ёстой гэдгээ ойлгосон. Тэр цагаас хойш сэтгэхүй минь өөрчлөгдөж, үнэнч байхаар хөдөлмөрлөж эхэлсэн дээ. Өөрийгөө өргөмжилж байгаагаа анзаарах үедээ сэтгэлээ уудалж, заавал завхрал, дутагдлаа илчилдэг байлаа. Заримдаа тэгэх нь шаналгаатай байсан ч үнэндээ хэр үнэнч бус гэдэг минь эндээс харагдсан. Би маш олон тоглоом наргиа хийж, бусдыг маш их хуурсан. Сэтгэлээ уудлах тусмаа би үнэн төрх, жинхэнэ биеийн хэмжээгээ улам их олж харсан юм. Тэгээд юу ч биш гэдгээ ухаарсан даа. Би бүх нөхөрлөлдөө өөрийгөө дээш өргөмжилж, хүмүүст хоосон сургаалаар урам өгч, тусалж байж. Гэхдээ одоо би ах эгч нартай үнэн байдлаа хуваалцаж, илэн далангүй байж эхэлсэн. Би тэдэнтэй адилхан бэрхшээлтэй, адилхан төрлийн завхралтай байсан, би удирдагч боловч тэдэнтэй адилхан байсан юм. Бид зүгээр л өөр өөр үүрэгтэй байж. Үүнийг хийх үед би бусдаас илүү ухаалаг санагдаагүй. Харин ч тэдний туршлагаас суралцаж, бусдын нөхөрлөлөөс гэгээрэл олж авч чадсан юм. Урьд нь би өөрийгөө бусдад гэгээрэл хайрладаг нэгэн гэж биеэ тоон таамаглаад, бусдын нөхөрлөлд бараг анхаардаггүй байлаа. Бурханы үгийн ачаар би бусадтай илүү ойр дотно харилцаа үүсгэсэн учраас тэднийг илүү сайн ойлгоод, бодит байдлыг нь олж харж чадсан. Тэдэнд тусалж байхдаа тэднээс маш их зүйл олж авах боломжийг Бурханы зохицуулалт надад олгосон гэдгийг би олж харсан. Хамтын нөхөрлөлөөрөө дамжуулаад би маш олон зүйл олж мэдсэн юм. Тэгээд тэгтлээ ихэрхэж, өөрийгөө чухалчлахаа больсон. Би бусдад эн тэнцүү мэтээр, илүү эрүүл ухаантай, хэвийн байдлаар хандаж чаддаг болсон, бас заримдаа нөхөрлөл хийж байхдаа удирдагчийн байр суурийнхаа талаар бүрмөсөн мартчихдаг байлаа. Намайг ингэж өөрчилсөнд нь Бурханд маш их талархдаг юм.

Заримдаа би бас л онгирч байгаагаа анзаардаг, Сатан намайг хэр гүн гүнзгий завхруулсан нь эндээс харагддаг. Энэ нь зүгээр л зуурдын зүйл биш, харин миний яс, маханд байдаг юм байна лээ. Үнэний тэжээлгүй, Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр би ах эгч нарыг хяналтдаа байлгаж, Бурхантай арцалдсаар л байх байж. Энэ бол баримт. Өөрчлөгдөж чадахгүй байх үнэхээр аюултай. Сатанлаг зан чанараасаа чөлөөлөгдөхөд минь үнэн л тусалсан. Үүнгүйгээр би антихрист болж, яллагдах байсан юм. Бурханы удирдамжийн ачаар би харах өнцгөө өөрчилж, одоо удирдагчийн үүргээ илүү ариунаар үздэг болсон. Хамгийн гол нь, Бурхан намайг сатанлаг зан чанарынхаа хяналтад байхаас аварч байгаа. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ 2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...