Захирангуй байдлаа хаясан минь

2022-01-21

Амлалт, Францын

Үнэндээ, Удирдагч Линь эгчийг надтай хамт шинээр ирэгсдийн чуулганыг услуулахаар томилох үед надад нэг их тааламжтай байгаагүй. Би хоёр чуулганыг ганцаараа удирдаж байсан, тэгэхээр ганцыг удирдахад надад яагаад хамтрагч хэрэгтэй юм бэ? гэж санагдаж байв. Аливаа амжилтад хоёр хүн хүрсэн гэж харагдах нь гарцаагүй, тэгвэл би анхаарлын төвд орохгүй, хэн ч намайг хүндлэхгүй. Хэрвээ би үүнийг өөрөө хийвэл ах эгч нар намайг маш их зүйлийг ганцаараа хариуцах чадвартай гэж харна. Би тэр үүргийн гол тулгуур нь, зайлшгүй шаардлагатай хүн нь болж, үнэхээр гялалзана. Дээр нь хамтрагчтай байхад эцсийн шийдвэрийг гаргаж чадахгүй учраас надад эрх мэдлийн тал нь л байх бус уу? Бүх зүйл дээр хамтрагчийнхаа саналыг авах ёстой болж, чадваргүй харагдана. Ингэж бодоод тэр зохицуулалтыг үнэхээр эсэргүүцэж, удирдагч алдаа гаргав уу, намайг дорд үзээд байна уу гэж гайхширсан юм. Бусад бүх чуулганыг хоёр хүн хариуцаж байгааг мэдэж байсан ч би бусад шиг биш, тун чадвартай гэж санагдаж байлаа. Би Линь эгчийг үнэхээр үл ойшоож, хийсэн олон зүйлийнхээ талаар хэлээ ч үгүй. Нэг удаа, зарим гишүүн нь явчихсан учраас хоёр бүлгийг нэгтгэх хэрэгтэй болоход, тийм энгийн зүйлийг ганцаараа хийчхэж чадна, тиймэрхүү юмыг урьд нь зохицуулж байсан юм чинь ярилцах шаардлагагүй гэж бодоод, дур мэдэн тэднийг нэгтгэлээ. Линь эгчийг асуухад нь үүнийг зохицуулчихсан гэж итгэлтэйгээр хэлсэн юм. Өөр нэг удаа, удирдагч шинээр ирэгсдээс хэнийг нь сайн мэдээ хуваалцуулахаар хөгжүүлж болохоор байгааг хар гэж биднээс хүссэн тул дэвшүүлж болохоор сайн хүмүүсийн бүлгийг шууд л бүрдүүлсэн юм. Тэр ажлын зарчимд суралцаж байх үед тэдний нэг нь ажилтай завгүй байх хандлагатай байгааг анзаараад би нэг талыг барьж түүнийг тэр бүлгээс шилжүүлэн үүрэг гүйцэтгэх эрхийг нь хассан юм. Сайн мэдээний ажил хариуцдаг Жан ах үүнийг олж мэдээд, надтай харьцаж, намайг захирангуй, дур зоргоороо, хамтрагчаа оролцуулахгүй шийдвэр гаргадаг гэсэн юм. Тэр үед би ердөө л түүний зөв гэж хэлсэн боловч завхрал минь тийм муу байгаа гэж зүрх сэтгэлдээ итгээгүй.

Тиймэрхүү зүйл олон удаа болсны дараа нэг өдөр Линь эгч намайг олж уулзаад “Бид бол хамтрагч, чи юмыг өөрөө хийж чаддаг байлаа ч надад мэдэгдэх хэрэгтэй, тэгж байж би ч бас ажил маань хэр урагштай байгааг мэднэ. Жан эгч хамтрагчтайгаа аливааг ярилцахаар үргэлж хүчин чармайлт гаргадаг. Тэд бүх юмыг хамтдаа ярилцдаг” гэж хэлсэн. Би “Чамд хэлбэл чи зүгээр л миний зөвлөгөөг авна, тэгэхээр энэ нь ёс төдий зүйл биш гэж үү? Хүмүүс ямар нэг зүйлийг яаж хийхээ мэдэхгүй болохоороо асуудаг. Зүгээр л амжуулаад чадаад байхад төвөг удах ямар хэрэг байна? Хамтрагчтай байх үнэхээр ядаргаатай, бүх зүйлийн талаар чамтай ярих ёстой болдог. Ингэх нь даргадаа тайлагнаж буй доод тушаалтан шиг харагдаж, намайг чадваргүй харагдуулна” гэж бодсон. Эгч надад үүнийг дахиж хэдэн удаа дурдсан боловч би юмыг бахь байдгаараа хийсээр байв. Заримдаа эгч тодорхой нэг зүйлийн талаар надаас асуудаг ч би эгчийг ойшоогоогүй. Бидний аль хэдийн ярилцсан зүйлийн талаар асууж байна гэж би бодсон учраас эгчийг үл тоосон юм. Ажлын хэлэлцүүлэг дээр заримдаа ахин дахин санаа алдахыг нь сонсоод эгч надад хязгаарлагдаад байна уу даа гэж гайхширч, надад бага зэрэг гэмших сэтгэл төрсөн ч дараа нь би түүнд юу ч хийгээгүй шүү дээ гэж бодоод үүнийг ноцтой авч үзээгүй. Нэг өдөр эгч надаас “Чи энэ чуулганыг ганцаараа удирдаж чадна, тийм үү?” гэж асуулаа. Тухайн үед эгч надаас яагаад тэгж асуусныг ухааралгүй, эгч шилжих гэж байгаа юм болов уу гэж гайхаад, тэгвэл маш сайн, аливааг эгчид тайлагнах шаардлагагүй болж, харин ч би удирдлагыг гартаа авна гэж бодсон юм. Намайг зүгээр л “Чадна аа” гэж хэлэхэд эгч нэг ч үг хэлээгүй. Хожим нь эгч үнэхээр надаас болж биеэ бариад, юу ч хийж чадахгүй байгаа юм шиг санагдаж, огцрохыг хүсэж байсныг нь мэдсэн юм. Би түүнд сайн хандаагүйгээ зүгээр л хүлээн зөвшөөрсөн боловч өөрийгөө нэг их эргэцүүлээгүй.

Удирдагч Линь эгчийг өөр нэг төсөл дээр зарим нэг хүчин чармайлтаа төвлөрүүл гэсэн учраас би чуулганы илүү их ажлыг хариуцаж байв. Би нууцхан баярлаж, эцэст нь ур чадвараа гайхуулж, бүрэн шийдвэр гаргаж чадахаар боллоо гэж бодсон боловч юм огтхон ч тийм байсангүй. Үүрэг минь мэдээжийн хэрэг илүү хэцүү болж, ах эгч нарын үүрэгт асуудал гарахад би мөн чанарыг нь харж чадахгүй байсан учраас үндсээр нь шийдвэрлэж чадаагүй. Хэсэг хугацааны дараа шинэ хүмүүс тогтмол цугларахаа улам л больж, удирдагч миний ажил хамгийн муу гүйцэтгэлтэй байна гэж хэллээ. Линь эгч бас миний асуудлыг олон удаа хэлж, намайг зожиг, бусадтай зөвлөлддөггүй, аливаад үнэнийг эрж хайдаггүй гэв. Би тэр үед үнэхээр гөжүүд байсан болохоор үүнийг тусгаж авч, өөрийгөө эргэцүүлээгүй. Дараа нь миний байдал улам дордож, мунгинаж байлаа. Нэг өдөр удирдагч миний байдлын талаар надтай яримаар байна гээд, өөр нэг эгчтэй хамт уулзалт товлов. Тэр эгчийн ажлын гүйцэтгэл муу байгааг сонссон болохоор удирдагч намайг тэр эгчтэй яг адилхан гэж бодож байгаа гэсэн үг. Миний асуудал үнэхээр тийм муу байв уу? Би үүргээ алдах болов уу? Өмнө нь хоёр чуулганыг удирдаж байхад бүх зүйл зүгээр байсан, одоо ганцхантай, өмнө нь хийж байсан, мэддэг ажлаа хийж байхад би яагаад сайн ажиллахгүй байна вэ? Надад л асуудал байх шиг байна гэж бодоод айж байлаа. Би Бурханы өмнө очиж залбиран, эргэцүүлж, асуудлаа ойлгоход минь замчлаач гэж гуйлаа. Тэгээд нэг өдөр Бурханы үгийн энэ хэсгийн уншсан юм: “Хоёр хүн ямар нэг зүйл хариуцдаг байгаад нэг нь антихристийн мөн чанартай байх үед энэ хүнээс юу харагддаг вэ? Юу байх нь хамаагүй, ганцхан тэр хүн л юмыг эхлүүлж, асуулт асууж, аливааг шийдвэрлэж, шийдэл гаргадаг хүн байдаг. Ихэнх тохиолдолд тэд хамтрагчдаа юу ч хэлдэггүй. Хамтрагч нь тэдний хувьд юу вэ? Шадар хүн нь биш, харин зүгээр л үзмэр. Антихристийн нүдэнд тэд ердөө л хамтрагч нь биш. Асуудал гарах болгонд антихрист оюун санаандаа эргэцүүлэн бодож, бодлогоширч, авах арга хэмжээг шийдсэнийхээ дараа хэрхэн хийх ёстойг бусад бүх хүнд мэдэгддэг бөгөөд хэн ч асуулт тавьж болохгүй. Бусадтай хамтран ажиллах мөн чанар нь ямар байдаг вэ? Үнэндээ, тэр л яахыг шийдэж, ганцаараа ирж явдаг. Тэр ганцаараа үйлдэж, өөрөө л ярьж, асуудлыг шийдвэрлэж, ажил хариуцаж авдаг, хамтрагч нь үзмэрээс өөрцгүй байдаг. Хэнтэй ч ажиллах чадваргүй болохоор ажлаа бусадтай нөхөрлөдөг үү? Үгүй. Олон тохиолдолд, аль хэдийн хийж дуусгасан юм уу шийдвэрлэснийх нь дараа л бусад хүн олж мэддэг. Бусад нь түүнд ‘Бүх асуудлыг бидэнтэй ярилцах ёстой. Чи тэр хүнтэй хэзээ харьцсан бэ? Түүнийг хэрхэн зохицуулав? Бид яагаад энэ талаар мэдээгүй байдаг билээ?’ гэхэд тайлбар ч хийдэггүй, анхаарал ч хандуулдаггүй; түүнд хамтрагч нь хэрэггүй. Ямар нэг зүйл тохиолдох үед тунгаан бодоод, өөрөө шийдвэр гаргаж, зөв гэж бодсоноороо хийдэг. Эргэн тойронд нь хэчнээн хүн байх нь хамаагүй, тэр хүмүүс байхгүй юм шиг л байдаг; антихристийн хувьд тэр хүмүүс агаар мэт л байдаг. Ийм маягаар тэр бусадтай хамтран ажиллаад ямар нэг бодитой зүйл гардаг уу? Гардаггүй, тэр зүгээр л оромдож, дүр үзүүлдэг. Бусад хүн түүнд ‘Чи асуудалтай тулгарахаараа яагаад бусад бүх хүнтэй нөхөрлөдөггүй юм бэ?’ гэхэд хариуд нь тэр ‘Тэд юугаа мэддэг юм бэ? Би багийн удирдагч, би шийднэ’ гэдэг. Бусад нь ‘Чи яагаад хамтрагчтайгаа нөхөрлөөгүй юм бэ?’ гэхэд тэр ‘Би түүнд хэлсэн, түүнд санаа оноо байгаагүй’ гэж хариулдаг. Хамтрагч нь санаа оноогүй юм уу өөрийн бодолгүй байгаа байдлыг ашиглан хууль дүрмийг уландаа гишгэж байгаа баримтаа дүйвүүлэх шалтаг болгодог. Үүнийхээ дараа үнэнийг хүлээж авах нь байтугай өөрийгөө өчүүхэн ч шинждэггүй—тэгэх боломжгүй. Энэ бол антихристийн уг чанар дахь асуудал юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”). Энэ хэсэг зүрхийг минь үнэхээр зүссэн юм. Үг бүр нь Бурхан намайг шууд илчилж байх шиг санагдсан. Эцэст нь, бүх зүйл дээр үргэлж эцсийн шийдвэр гаргахыг хүсэж, Линь эгчийг байхгүй юм шиг хандаж, өөрөө хийж чадна гэж шалтаглан эгчтэй зөвлөлдөхгүй, дарангуйлж, антихристийн замаар явж байснаа олж харсан юм. Би үүргээ цаг ямагт ийм маягаар гүйцэтгэж байж. Тэр хоёр бүлгийг нэгтгэх үед би Линь эгчтэй ярилцалгүйгээр хийж, хийсэн гэдгээ ч эгчид хэлээгүй. Шинээр ирсэн хүн ажилтай завгүй байхыг хараад ямар арга хэмжээ авбал зөв бэ гэж ярилцахын оронд бүлгээс шууд хөөж, үүргийг нь хурааж авсан. Линь эгч төслүүд, шинэ итгэгчдийн талаар асуух үед тэвчээртэйгээр хариулахгүй, харин ч унтууцаж, даргадаа тайлагнаж байгаа юм шиг, эгчийн доор байгаа мэт байна гэж бодоод, эгчийг үл тоож байлаа. Би үргэлж эцсийн шийдвэрийг гаргаж, эрх мэдэлтэй байхыг хүсдэг, үүрэгтээ захирангуй, дур зоргоороо, хэнтэй ч ажиллахыг хүсэхгүй, эгчийг хязгаарлаж байж. Тэгэх нь үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг биш, Бурханы гэрийн ажилд саад хийж, Сатаны хамсаатан шиг авирлаж байгаа хэрэг байв.

Дараа би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Зарим антихрист ‘Би асуудалтай тулгарах үедээ хяналтыг гартаа авах дуртай. Өөр хүнтэй үүнийг ярилцах дургүй—тэгэх нь намайг тэнэг, чадамжгүй харагдуулна!’ гэж хэлдэг. Энэ ямар үзэл бодол вэ? Энэ биеэ тоосон зан чанар мөн үү? Бусадтай хамтран ажиллаж, аливааг ярилцаж, бусдаас хариулт эрж, асуулт асуух нь нэр хүндээ алдаж, нэр төрөө гутааж, өөрийгөө доромжилж буй хэрэг гэж тэд боддог. Тиймээс нэр нүүрээ хамгаалахын тулд, хийж байгаа ямар ч зүйлдээ ил тод байдлыг зөвшөөрдөггүй, энэ талаар бусдад ч хэлдэггүй, үүнийг бусадтай бүр ч ярилцдаггүй. Бусадтай ярилцана гэдэг нь чадваргүй гэдгээ харуулж байгаа хэрэг; үргэлж бусад хүмүүсийн санаа бодлыг гуйна гэдэг нь тэнэг, өөрөө бодож чадахгүй гэсэн үг; даалгавар гүйцэтгэж, зарим асуудлыг шийдвэрлэхээр бусадтай ажиллавал өөрийгөө хэрэггүй мэт харагдуулна гэж боддог. Энэ нь тэдний зүрх сэтгэл дэх утгагүй үзэл бодол бус уу? Энэ нь тэдний завхарсан зан чанар мөн үү? Оюун санааг нь ийм зан чанар захирч байгаа үед тэд бусадтай сайн ажиллаж чадахгүй. Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг байдал энд агуулагдаж байна уу? Гарцаагүй тийм. Өөрийнх нь зөв, өөрөө л юмыг хариуцаж, хяналтыг гартаа авдаг хүн байх ёстой гэж үргэлж боддог—энэ тэдний сэтгэлгээ мөн үү? Нэг талаар, энэ нь тэдний завхарсан сэтгэлгээ, сэдэл; юун түрүүнд тэдний завхарсан зан чанар юм. Завхарсан зан чанарынхаа улмаас тэд бусадтай ажиллана гэдэг нь эрх мэдлээ сулруулж, хувааж байгаа хэрэг, бусадтай ажил хуваалцах үед өөрийнх нь эрх мэдэл багасна гэж боддог. Санал бодлоо бага хэлэх нь жинхэнэ эрх мэдэл байхгүйтэй адил бөгөөд энэ нь тэдний хувьд асар их хохирол юм. Тиймээс ямар ч асуудалтай тулгарсан бай, боломж гараад өөрөө хийж чадахаар байвал өөр хэнтэй ч ярилцахгүй, бусад хүнд мэдүүлснээс алдаа гаргахыг илүүд үзэж, өөр хэн нэгэнтэй эрх мэдэл хуваалцсанаас алдаа гаргахыг илүүд үзэж, бусад хүнийг өөрийнхөө ажилд оролцуулснаас халагдахыг илүүд үздэг. Энэ бол антихрист. Тэд өөр хэн нэгэнтэй эрх мэдлээ хуваалцсанаас Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироож, Бурханы гэрийн ашиг сонирхлоор бооцоо тавихыг илүүд үзнэ. Ажил хийх юм уу асуудлыг зохицуулж байхдаа үнэнийг ойлгож, өөрөө хийж чадаж байгаа цагт өөр хэн нэгэнтэй хамтарч ажиллах шаардлагагүй, зарчмыг эрж хайх ч хэрэггүй гэж тэд боддог; ганцаараа л хэрэгжүүлж, дуусгах ёстой, энэ л өөрийг нь чадварлаг болгоно гэж боддог. Тэд ийм шалтгаар халхавчлан, өөрийгөө сурталчилж, ялгарч, эрх мэдэлтэй болохын тулд чадах бүхнээ хийх зорилгодоо хүрдэг. Тиймээс антихристүүд атгасан эрх мэдэлдээ төвлөрдөг бөгөөд үүнийгээ хэзээ ч орхихгүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”). Үүнийг уншаад, их захирангуй, бусадтай ажиллахыг хүсдэггүйн минь шалтгаан нь чуулганы ажилд илүү олон хүн оролцвол эрх мэдлээ хуваана, ганцаараа удирдаж, шийдвэр гаргаж, бусдаар бишрүүлэхээ болино гэж санаа зовсноос болж гэдгийг би эргэцүүлсэн юм. Линь эгчтэй ажиллах үед өмнө нь шинээр ирэгсдийн чуулганыг хариуцдаг байсан болохоор өөрийгөө туршлагатай, ухаалаг, чадвартай гэж бодоод, үүнийгээ давуу тал болгож, биеэ тоож, өөрийгөө онцгой нэгэн, бусдаас дээгүүр байх ёстой гэж бодож байв. Ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө эгчид мэдэгдэхийг хүссэн боловч эгчтэй аливааг ярилцах нь намайг чадваргүй харагдуулна гэж санагдсан учраас юмыг өөрийнхөөрөө хийж байв. Хааяа нэг эгчтэй зөвлөлдөх үү яах вэ гэж гайхширах ч онгирч, бусдын хүндлэл бишрэлийг хүртэхийн тулд эгчид хуваалцах санал байхгүй, тэртэй тэргүй эгч надтай санал нийлнэ гэсэн шалтаг бодож олсон. Чуулган бид хоёрыг чуулганы ажлыг хамтдаа хий гэж зохицуулсан. Эгч төрөл бүрийн ажилд оролцож, нарийн ширийнийг нь, явцыг нь мэдэх эрхтэй байсан боловч би юмыг өөрийнхөөрөө хийхийн тулд эгчийг хойш тавиад, мэдэх, ярих эрхийг нь булааж, нэр төдий удирдагч болгож, эгчийг оролцуулахгүйгээр бүх ажлыг гартаа авсан. Би өөрийн эзэнт гүрнийг байгуулж буй антихрист болсон бус уу? Би агуу улаан лууны дарангуйлал, дээд зэргийн хяналт, хүмүүс асуулт асуухгүйгээр агуу улаан лууг сонсох ёстой байдгийг бодлоо. Би хийж буй бүх зүйлээ хариуцахыг хүсэж, захирангуй, аливааг бусадтай ярилцахаас дургүйцэж, чуулганд дарангуйлж, эцсийн хяналтыг гартаа авсан. Агуу улаан луунаас би юугаараа өөр юм бэ? Энэ талаар бодох тусам, бусадтай хамтарч ажиллахаас татгалздаг асуудлаа олж харж, айх мэдрэмж төрсөн. Христ болон үнэн чуулганд ноёрхдог. Юу ч болсон ч гэсэн, бид үнэнийг эрж хайж, юмыг зарчмын дагуу хийх ёстой. Гэтэл би хариуцсан чуулгандаа эцсийн шийдвэрийг гаргахыг үргэлж хүсдэг байсан. Би ердөө л хаан болохыг хүссэн бус уу? Би үнэнийг хэрэгжүүлж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах тухай биш, харин хувийн хүсэл минь хангагдах эсэхийг бодож байсан. Эцэст нь миний удирдаж буй чуулганы ажилд ямар ч ахиц гараагүй, харин би зүгээр л тэр чигтээ саад болж байв. Бурхан тэр үүргийг гүйцэтгүүлэхээр намайг өргөөд, үнэнийг үнэхээр эрэлхийлж, ах эгч нартай сайн ажиллан, шинэ итгэгчдийг усалж, ингэснээр тэд үнэн замд хурдан хөлөө олж чадна гэж найдсан. Гэтэл би үүнийг онгирох, эрх мэдлээ хэрэгжүүлэх, өөрийгөө бусдаар хүндлүүлэх боломж болгож, үргэлж түрэмгийлж, ур чадвараа гайхуулж байсан. Энэ нь Бурханы гэрийн ажилд саад болоод зогсохгүй, ах эгч нарыг хохироож, дээр нь миний аминд хор хүргэсэн.

Бурханы үгийн уншлагын видеог үзсэн нь миний алдаатай үзэл бодлыг өөрчилсөн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эв эетэй хамтын ажиллагаа нь бусдад үг хэлэхийг зөвшөөрч, өөр санал гаргах боломж олгохыг шаарддаг бөгөөд энэ нь бусдын тусламж, санал зөвлөгөөг хүлээн авч сурна гэсэн үг юм. Заримдаа хүмүүс юу ч хэлдэггүй бөгөөд чи тэдэнд санал бодлоо хэл гэж сануулах ёстой. Ямар ч асуудалтай тулгарсан үнэний зарчмыг эрж хайж, зөвшилцөлд хүрэхийг хичээх хэрэгтэй. Аливааг ийм маягаар хийсний дүнд эв эетэй хамтын ажиллагаа бий болно. Удирдагч, ажилчны хувьд чи өөрийгөө бусдаас дээгүүр гэж үргэлж бодоод, төрийн түшмэл шиг үүрэгтээ зугаацаж, байр суурийнхаа тансаглалд үргэлж шунаж, үргэлж өөрийн гэсэн төлөвлөгөө зохиож, үргэлж өөрийн ажил хэргийг явуулж, амжилтын төлөө, албан тушаал дэвшихийн төлөө үргэлж чармайдаг бол энэ нь асуудал юм: ийм маягаар төрийн түшмэл мэт авирлах нь туйлын эрсдэлтэй. Хэрэв чи үргэлж ингэж үйлддэг бөгөөд өөр хэнтэй ч хамтран ажиллахыг, өөрийн эрх мэдлийг бусадтай хуваалцахыг, бусдыг урдуураа оруулахыг, нэр хүндээ булаалгахыг хүсдэггүй бол, бүхнийг өөртөө авч үлдэхийг хүсдэг бол чи антихрист юм. Гэсэн ч чи үнэнийг үргэлж эрж хайн, махан биеэ болон өөрийн сэдэл, төлөвлөгөөг орхиж, бусадтай хамтран ажиллах санаачилга гарган, бусадтай зөвлөлдөж, зөвлөмж хүсэхээр зүрх сэтгэлээ нээж, бусдын зөвлөгөөг авч хэрэгжүүлэн, тэдний үг, бодлыг анхааралтай сонсож чадвал зөв замаар, зөв чиглэлд явж байна. Их зан гаргахаа больж, хэргэм зэргээ хойш тавь. Эдгээр зүйлд анхаарал бүү хандуул, тэдгээрт ямар ч ач холбогдолгүй мэт хандаж, байр суурийн бэлгэ тэмдэг, нэр хүнд мэт бүү үз. Зүрх сэтгэлдээ өөрийгөө өрөөлтэй адилхан гэдэгт итгэ; өөрийгөө бусадтай ижил түвшинд тавьж сур, тэр ч байтугай бусдын санаа бодлыг асуухын тулд толгой бөхийж чаддаг бай. Бусдын хэлэх зүйлийг чин сэтгэлээсээ, хянуур, анхааралтай сонсож чаддаг бай. Ийм байдлаар чи бусад хүнтэй эв эетэй хамтын ажиллагааг бий болгоно. Тэгвэл эв эетэй хамтын ажиллагаа ямар үүргийг гүйцэтгэдэг вэ? Энэ нь үнэхээр гайхалтай үүрэг гүйцэтгэдэг. Чи урьд нь хэзээ ч олж аваагүй зүйлс, шинэ зүйлс, илүү өндөр хүрээний зүйлсийг олж авч, бусдын давуу тал, сайн чанарыг олж илрүүлнэ. Бас өөр зүйл ч бий: үзэл дотор чинь бусдыг маанаг, тэнэг, ухаан муутай, өөрөөсөө дорд гэж боддог нэг тал байдаг—бусдын зөвлөгөөг сонсох юм уу бусад хүн чамтай ярилцахаар зүрх сэтгэлээ нээх үед чи хэн ч тийм энгийн биш, хэн байх нь хамаагүй хүн болгонд цөөн хэдэн тэмдэглүүштэй бодол байдгийг өөрийн эрхгүй ухаардаг. Ийм маягаар чи бүхнийг мэдэгч байхаа больж, өөрийгөө ухаалаг, өрөөл бусдаас дээр гэж бодохоо болино. Энэ нь чамайг үргэлж өөрөөрөө бахархаж, өөрийгөө биширдэг байдалд амьдрахаас сэргийлдэг. Энэ нь чамайг хамгаалдаг, тийм биз дээ? Энэ нь бусадтай хамт ажиллахын үр дүн, ашиг тус юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”). Би үүнийг үзээд, Линь эгчтэй хамтран ажиллахыг хүсэхгүй, эрх мэдлээ хуваахаас айж байсан шалтгаан нь Бурханы өгсөн үүргийг Бурханы даалгавар, надад ноогдсон үүрэг гэж хараагүйгээс болсныг ухаарсан юм. Үүнийг албан ёсны албан тушаал, миний байр суурь, титэм мэт үзсэн. Би бусадтай хамтран ажиллахаас татгалзаж, үргэлж ихэмсэг, дээрэнгүй байж, ганцаараа онцгойрохыг хүссэн. Тэгэх нь буруу зам байж. Тэр цаг хугацаа юу илчилсэн бэ гэвэл би үнэнийг өнгөц ойлгож, асуудалд хуумгай хандаж, ажлаа цогцоор нь авч үзээгүй, бараг ямар ч бодитой ажил хийгээгүй. Ах эгч нарын амийн оролтын асуудалд туслахад бэрхшээлтэй, ганцаараа хийж чадахгүй ажил зөндөө байв. Хамт ажиллах, ярилцах, санал зөвлөгөө авах, өөрийн сул талаа нөхөхийн тулд давуу талаас нь суралцах өөр хэн нэгэн надад хэрэгтэй байлаа. Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг аврахаар маш олон үнэнийг илэрхийлсэн боловч Өөрийгөө хэзээ ч Бурханы байр сууринд тавиагүйг би бодлоо. Бурхан олон зүйл дээр хүмүүсийн санал зөвлөгөөг сонсдог, өчүүхэн ч биеэ тоодоггүй, хэзээ ч онгирдоггүй, хүн төрөлхтнийг усалж, хангахын тулд үнэнийг үргэлж чимээгүй илэрхийлсэн. Бурханы мөн чанар ямар сайхан, хайр татам болохыг би харсан. Гэвч би Сатаны завхралд өртсөн, сатанлаг зан чанараар дүүрэн, үнэнийг ойлгодоггүй байж. Миний ойлгож чадахгүй олон зүйл байсан боловч ихэмсэг, дээрэнгүй хэвээр, өөрийгөө хэрдээ л онцгой, хамтрагчгүйгээр, хэнтэй ч зөвлөлдөлгүйгээр ганцаараа олон ажил хариуцаж чадна гэж бодсон. Өөрийгөө гайхмаар биеэ тоосон байсныг олж харлаа. Үнэндээ, үүрэгтээ аливааг ярилцаж, илүү их нөхөрлөх нь чадваргүйгээ харуулж байгаа биш, зүйтэй, ухаалаг хэрэг. Энэ нь харж, ойлгож чадахгүй зүйлээ бусдаас олж авч, ихэрхүү зангаасаа болж буруу замд орохоос зайлсхийж байгаа хэрэг юм. Энэ бол үүргээ сайн гүйцэтгэж, Бурханаар хамгаалуулах цорын ганц зам. Одоо би Бурханы хүслийг ойлгож байна. Юмыг ярилцаж, хамтарч ажиллаж, бие биеийнхээ сул талыг нөхөх нь үүргээ гүйцэтгэж, Бурханы таалалд нийцэх цорын ганц зам.

Миний уншсан өөр нэг хэсэг бий: “Та нар үүргээ биелүүлэхийн тулд бусадтай хамтран ажиллаж байх үедээ өөр өөр санал бодлыг сонсож чаддаг уу? Бусдын хэлэх үгийг хүлээн зөвшөөрч чаддаг уу? Та нар хэн нэгнийг төгс гэж боддог уу? Хэчнээн их хүчтэй, хэдий чадварлаг, авьяастай ч бай тэд мөн л төгс биш юм. Хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой; энэ бол баримт. Хүч чадал, давуу тал, алдаа дутагдлаа зөв харж байгаа хэн бүхний хамгийн зохистой хандлага ч бас энэ бөгөөд хүмүүсийн эзэмших ёстой ухаалаг байдал энэ юм. Ийм ухаалаг байдалтайгаар чи өөрийн төдийгүй бусдын давуу тал болон сул талтай зүй зохистойгоор харьцаж чадах бөгөөд ингэснээр тэдэнтэй хамт эв эетэй ажиллах боломж бүрдэнэ. Хэрэв чи үнэний энэ талаар зэвсэглэж, үнэний бодит байдалд орж чадвал аливаа сул талаа нөхөхдөө бие биеийнхээ давуу талд түшиглэн, ах эгч нартайгаа эв эетэйгээр зохицож чадна. Ийм маягаар чи ямар ч үүрэг гүйцэтгэж, юу ч хийж байлаа гэсэн үүндээ үргэлж сайжирч, Бурханы ерөөлийг хүртэнэ(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”). Энэ үнэн. Агуу, чадварлаг байлаа гээд хэн нэгэн бүрэн төгс болж чадахгүй. Хүн болгонд давуу тал, сул тал байдаг, үүндээ зөв хандах ёстой. Бид бусдын санал зөвлөгөөг сонсож, бие биеэ нөхөж сурах ёстой, тэгснээр бид эрүүл ухаанаар бусадтай хамтран ажиллана. Өмнө нь би шинэ итгэгчдийг услахад л анхаарч, Линь эгч сайн мэдээний ажлыг хариуцдаг байсан. Хэрвээ би тэр бүх ажлыг хариуцсан бол яагаад ч тэр ажлыг хүчирч, сайн хийж чадахгүй байсан. Үүрэгтээ олон зүйл дээр харах өнцөг минь хязгаарлагдмал, хөнгөн хуумгай байсан, удирдагч миний ажлын талаар асуух болгонд олон алдаа, зөв хийгээгүй зүйлс байдаг байлаа. Тэр үүрэгт үнэхээр надад хамтрагч хэрэгтэй ухаарсан юм. Өмнө нь би үүнийг огт ойлгодоггүй, өөрийгөө мэддэггүй, биеэ тоосон, удирдлагыг гартаа авахыг хүсдэг, бусадтай ажиллаж чаддаггүй байв. Энэ нь чуулганы ажилд саад болсон. Би үнэхээр буруутай санагдсан учраас Бурханд чимээгүйхэн залбирч, цаашид завхралд амьдрахыг хүсээгүй, үүрэгтээ Линь эгчтэй сайн ажиллахад бэлэн байв.

Үүний дараа хамтран ажиллахдаа, эгч олон давуу талтай болохыг би харсан. Эгч надаас илүү хянуур, аливаа зүйлд хандахдаа үнэний зарчмыг эрж хайж, асуудлын талаар дэлгэрэнгүй нөхөрлөдөг байв. Би удирдагч болоод удаагүй учраас чуулганы ажлыг яаж удирдах талаар бүдэг бадаг л мэддэг, ажил, нөхөрлөлийн нарийн ширийний тал дээр тодорхой ойлголт дутмаг байлаа. Тэр байдлаараа би эгчтэй эн тэнцэхгүй, эгч шинэ итгэгчдийг услахдаа надаас илүү хайр энэрэлтэй, тэдэнд туслахдаа ахин дахин нөхөрлөж, бататгасаар байдаг, эгч аль хэдийн сайн ажиллажээ гэж намайг бодож байхад илүү бататгах хэрэгтэй гэж эгч хэлдэг байв. Эгчтэй хамтарч ажиллахгүй, харин илүүц гэж хандаж байснаа би бодлоо. Эгч заримдаа сөрөг болдог ч бодлоо хурдхан өөрчилж, үүргээ гүйцэтгэсээр байсан. Би эгчийг үл хайхарч байсан ч гэсэн эгч ахин дахин асуулт асууж, хайр энэрэлтэй, тэвчээртэй байж, үүрэгтээ чин сэтгэлээсээ хариуцлага хүлээдэг байсан. Ийм чанар надад дутагдаж байлаа. Үүнийг ухаараад надад үнэхээр аймшигтай санагдаж, завхарсан зан чанар минь Линь эгчийг, Бурханы гэрийн ажлыг хохироож байсныг олж харсан юм. Хэрвээ би эхнээсээ эгчтэй дуртайяа хамтран ажиллаж, бүх зүйлийг ярилцаж байсан бол юм ийм болохгүй байх байсан. Харамсах сэтгэлээр дүүрэн би Бурханы өмнө очиж, “Бурхан минь, би завхрал, алдаа дутагдлаа олж харж чадлаа, одоо би Таны хүслийг ойлгож байна. Одоогоос эхлээд би Линь эгчтэй хамтран ажиллаж, хүний төрхийг амьдран харуулна” гэж залбирлаа.

Дараа нь Линь эгчтэй ажиллахдаа эгчээс “Энэ танд зүгээр харагдаж байна уу? Танд өөр санал зөвлөгөө байна уу?” гэх мэт зүйл заавал асуудаг байсан. Нэг удаа бид ажлаа ярилцаж байтал шинээр ирэгсдийг услах ажил хэр явж байгааг эгч асуухад нь би “Хэд хоногийн өмнө энэ талаар бид ярилцсан шүү дээ, дахиад ярих ямар хэрэг байна? Ямар нэг асуудал байвал би зохицуулж чадна” гэж бодоод, эгчийг дахиад л үл ойшоохыг хүссэн. Тэгээд хуучин асуудал минь дахиад л цухалзаж, хяналтыг гартаа авахыг хүсэж байгаагаа ухаараад хурдхан залбирч, завхралдаа үндэслэн үйлдэхгүй байхад минь замчлаач гэж Бурханаас гуйсан. Залбирлынхаа дараа би энэ хугацаан дахь бүх бүтэлгүйтлийнхээ талаар, яаж дарангуй, захирангуй байснаа, юмыг үргэлж өөрийнхөөрөө хийж, онгирохыг хүсдэг байснаа бодлоо. Энэ нь бүхэлдээ Сатаны илэрхийлэл байсан. Би өөрийгөө хаяж, Бурханы үгийг хэрэгжүүлж, эгчтэй хамтран ажиллах ёстой байв. Тиймээс би хийж буй ажлынхаа талаар мэддэг бүхнээ чин сэтгэлээсээ эгчтэй хуваалцаж, намайг ярьж дууссаны дараа эгч бодлоо хуваалцлаа. Эгчийн нөхөрлөлөөс зарим нэг зүйл мэдэж авч, ингэх нь үүрэг гүйцэтгэх гайхалтай арга зам гэж санагдсан. Дараа нь үүргээ ярилцахаар эгчийг олж уулзаж, хамтдаа үнэнийг эрж хайж, шинээр ирэгсдийн асуудлын талаар нөхөрлөдөг боллоо. Хэсэг хугацаанд ингэсний дараа миний байдал сайжирч, үүргийн гүйцэтгэл минь сайжирсан. Би Бурханд маш их талархаж байна. Тэгээд би үүрэгтээ үнэнийг хэрэгжүүлж, бусадтай сайн ажиллаж, бие биеэ дэмжих нь Бурханаар ерөөгддөг болохыг олж харсан.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы үг намайг сэрээсэн

Миао Шиао Шаньдун муж, Жинань хот Урьд нь би, Бурхан “агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч” гэж хэлэхдээ, эцсийн өдрүүд дэх...

Байр сууриас эрх чөлөөг олох нь

Дун Энь, Франц 2019 онд би чуулганы удирдагч болсон юм. Би юмыг өөрийнхөөрөө хийж, үүрэгтээ хариуцлагагүй хандаж, зөв ажлыг зөв хүмүүст нь...

Leave a Reply