Үнэнчээр ярихын төлөөх тэмцэл

2022-01-21

Вениела, Филиппин

2017 онд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Нөхөрлөлөөс байнга илүү их үнэнийг олж мэдэх, ямар нэг зүйл олж авах боломж олддог учраас ах эгч нартайгаа нөхөрлөл хийх хугацаандаа гол төлөв маш баяртай байсан. Эхэндээ энэ бүгд бичгэн чатаар дамждаг байлаа. Өөрөөр хэлбэл, бид бүх холбоо харилцаагаа бичгээр хийдэг байсан. Иймээс би юу ч нуулгүй, Бурханы үгийн ойлголтынхоо тухай үнэхээр эрчимтэй ярьдаг байлаа. Удирдагч намайг сайн ойлголттой гэж хэлж, ах эгч нар намайг хүндэлдэг байсан. Тэд миний нөхөрлөлийг сонсох дуртай гэцгээн, намайг англиар сайн ярьдаг гэж хэлсэн. Би тэдний магтаалыг сонсоод хөл газар хүрэхгүй баярлаж, дажгүй байгаагаа мэдэрсэн юм. Дараа нь нэг эгч утасдаж цуглаан хийж эхэлье гэх санал гаргаснаар миний асуудал ил боллоо.

Үдээс хойших нэг цуглаан дээр бид Бурханы үг уншсаны дараа хоёр эгч тэр хэсгийн талаарх ойлголтоо хуваалцсан. Гэхдээ би сандраад, тэдний нөхөрлөлийг үнэндээ сонсоогүй. Урьд нь энэ бүгдийг бичгээр хийдэг байсан учир утсаар нөхөрлөл хийхэд би үнэндээ дасаагүй байлаа. Утсаар нөхөрлөл хийх нь миний сул тал байсан юм. Бичгээр нөхөрлөдөг байхад үгээ шилж сонгож, өө сэвийг нь арилгаж болдог байсан. Гэтэл шууд ярилцах үед бэлтгэх хангалттай цаг байгаагүй юм. Хэдийгээр би Бурханы үгийн бага сага ойлголттой ч нөхөрлөл минь замбараагүй, эмх цэгцгүй байх учраас ах эгч нар надад урам хугарах вий гэхээс айсан. Тэр бүх хугацаанд үүнд сатаарсан. Тэгээд нөхөрлөл хийх үү, үгүй юу гэж эргэлзэж байлаа. Хийхгүй бол бусад нь намайг идэвхтэй оролцсонгүй гэж бодно, бас удирдагч надад урам хугарна. Гэхдээ нөхөрлөл хийвэл анхаарлын төвд орж, муу хийвэл ах эгч нарт дорд үзэгдэх байлаа. Ингэснээр тэдэнд сайн нэр нүүрээ баастах байсан. Ингэж бодохоор маш их сандраад, юу ч хэлж чадаагүй. Ялангуяа, намайг элсүүлсэн эгч тэр цуглаан дээр байсан болохоор би ичсэн юм. Бичгэн харилцаан дээр сайн ойлголт харуулж, үнэхээр оролцоотой байдаг ч тэр удаад ганц ч үг хэлээгүй болохоор минь тэд урам хугарсан байж таарна гэж бодсон. Тэгтэл Флора Ши гэх удирдагч надад, “Вэниэла эгч ээ, та нөхөрлөл хиймээр байна уу? Бусад бүх хүн хийчихлээ. Та нөхөрлөл хийхээ мартчихав уу?” гэсэн. Дууных нь өнгөнөөс үүдээд удирдагч надад урам хугарсан мэт санагдсан юм. Би үнэхээр эвгүй байдалд орж, ичсэн. Өөрийнхөө энэ дутагдлыг нууж, тэдний нүдэнд дүр төрхөө хамгаалахын тулд би тэр үеэс хойш нөхөрлөмөөр байгаа зүйлээ цуглааны өмнө бичиж авъя, ээлжээ ирэх үед зүгээр л үүнийгээ уншчихад болно гэж шийдлээ. Тэгвэл тэгтлээ сандрахгүй. Тэд намайг сайн ярьдаг юм байна, миний нөхөрлөл голыг нь олж, өөрсдөд нь тус боллоо гэж бодно. Үүнийг би сайхан санаа гэж бодсон.

Нэг орой, Хятад дахь хоёр эгч манай цуглааныг зохион байгууллаа. Бид бүгд ая тухын үүднээс харилцаа холбоондоо англи хэл хэрэглэсэн. Нутгийн ах эгч нар англи хэлдээ тийм ч сайнгүй болохоор үнэхээр ичсэн ч гэсэн Бурханы үгийн ойлголтоо нөхөрлөж бас чадсан. Би нөхөрлөлөө бүгдийг нь урьдчилаад биччихсэн болохоор ээлжээ ирэхэд үнэхээр оролцоотой байж, маш өөртөө итгэлтэй сонсогдлоо. Би хамгийн сүүлд нөхөрлөсөн. Нөхөрлөлөө бичихэд маш их хугацаа зарцуулчхаад, уншиж байгаагаа тэдэнд анзааруулахгүй гэсэндээ эв энгийнээр ярих гэж чадах чинээгээрээ хичээж байсан. Дараа нь, тэд бүгд миний нөхөрлөлийг магтаад, өөрсдөд нь тус боллоо гэцгээн, намайг англи хэл сайтай юм гэж хэлсэн. Магтаалыг нь сонсоод би нууцхан баярлаж, тэднээс хүндлэл хүлээсэн мэт санагдлаа. Тэгээд ах эгч нар миний нөхөрлөл таалагдсан гэцгээж, намайг авьяас билигтэй гэх болгонд би мэдэрдэг баяр баяслаа хорьж дийлээгүй. Дараа нь би бүлгийн ахлагчаар сонгогдсон юм. Бусад нь намайг юу гэж боддогт бүр ч их анхаардаг болсон. Гэхдээ хэсэг хугацааны дараа, бусдад магтуулах болгондоо буруутайгаа мэдэрч, жаахан түгшиж эхэллээ. Хийж байгаа зүйл минь буруу гэдгийг, тэдэнд жинхэнэ өөрийгөө харуулахгүй байгаа гэдгээ мэдэж байсан. Энэ нь зөв санагдаагүй ч ийм зүйл хийсээр л байлаа. Би цуглаан дээр бусдын нөхөрлөлийг үнэндээ сонсдоггүй байсан. Зүрх сэтгэлээрээ тэднийг огт сонсдоггүй, харин өөрийнхөө ойлголтыг бичээд завгүй байдаг учраас тэдний нөхөрлөлөөс үнэхээр суралцах ямар ч арга байгаагүй. Миний хувьд, цуглаан ямар ч утга учиргүй байлаа. Би нэрэлхүү зангаа хангаж, нэр төрөө хамгаалахын тулд сайхан сонсогддог зүйл бичихэд үргэлж анхаардаг байсан. Тэдгээр цуглаанаас илүү ихийг олж авахад минь энэ саад болсон. Би өөрчлөгдөж, илүү чөлөөтэй нөхөрлөмөөр байсан ч тийм алхам хийхээс айсан юм. Аливааг урьдчилан бичиж ирсэн гэдгийг минь бусад нь мэдвэл намайг дорд үзэж, үнэхээр шударга бус гэцгээж, худал хэлж, ов мэх гаргаж байсан юм байна гэх байх гэдгээс айсан. Урьдчилан бичээд огт үр өгөөж авахгүй, бас үүнээсээ болж үнэхээр түгшиж байсан учир ингэхээ болихыг нэлээд олон удаа хүссэн ч миний дүр төрх, бусдын хүндрэл бишрэлийн дэргэд тэр түгшүүр огт чухал биш байлаа. Би дүр төрх, нэр төрдөө илүү их анхаарсан юм. Гэхдээ тэгэх болгондоо асар их буруутайгаа мэдэрдэг байлаа. Ойлголтоо илүү тодорхой, оновчтой хуваалцах гэсэндээ л үүнийг хийж байна, ингэснээр хэлж байгаа зүйлээ бусдад илүү сайн ойлгуулж чадна гэж өөртөө үнэмшүүлэх гэж ч үзсэн. Ингэх зүгээр гэж өөртөө хэлсээр байсан ч түгшүүр, буруутай гэх мэдрэмждээ тарчилсаар байлаа. Бардам зангаа орхиж, бүх хүнд үнэнээ хэлж чадах юм бол үүнээс ангижирч болно гэж бодогдсон. Гэхдээ тэд миний англи хэл үнэндээ сайнгүйг олж мэдвэл намайг шоолно гэж бодлоо. Тэгвэл би тэдэнтэй нүүр тулж яаж чадах юм бэ? Удаан хугацааны турш үүнд зовсон ч зүрх сэтгэлээ уудалж бас л чадаагүй. Өөр яахаа учраа ололгүй, хэлний чадвар дээрээ ажиллах гэж үзлээ. Гэртээ ганцаараа нөхөрлөлөө сургуулилж, өөрийнхөө дууг хурааж, хэр сонсогдож байгааг нь үзэхээр дараа нь сонсдог байсан. Тиймэрхүү маягаар ярих чадвараа аажмаар сайжруулж болно, тэгээд нөхөрлөлөө урьдчилан бичсээр байх албагүй болж, шууд л нөхөрлөж чадна гэж бодсон. Тэгвэл бүх хүнд үнэнээ хэлэх хэрэггүй шүү дээ. Сайн нөхөрлөх чадвартай хэвээр, англи хэлэндээ ус цас сонсогдож байгаа цагт тэднээс хүндлэл хүлээсээр байх байлаа. Гэхдээ би хэчнээн их сургуулиллаа ч бүгдээрээ нөхөрлөл хийх болгонд сандраад, тэр бүх хугацаанд хийдэг байсан шигээ нөхөрлөлөө шууд уншчихдаг байсан. Тэгээд өөртөө урам хугарч, сөрөг байдалд гацсан юм. Энэ бас үүрэгт минь нөлөөлсөн. Эцэстээ би бүлгийн ахлагч гэх албан тушаалаасаа халагдсан даа.

Нэг удаа цуглаан дээр нэг эгч Бурханы үгийн ийм хэсгийг хуваалцлаа: “Хэрэв бусад хүний итгэлийг хүлээх хүсэлтэй бол чи эхлээд үнэнч байх ёстой. Үнэнч хүний хувиар чи эхлээд хүн болгонд зүрх сэтгэлээ нээх ёстой, ингэснээр хүн бүр үүнийг харж, бодож байгаа бүхнийг чинь харж, үнэн нүүр царайг чинь харж чадна; чи сайхан харагдахын тулд дүр эсгэж, дүр үзүүлэхээр оролдох ёсгүй. Тэр үед л хүмүүс чамд итгэж, үнэнч хэмээн тооцох болно. Энэ бол хамгийн үндсэн хэрэгжүүлэлт бөгөөд үнэнч хүн байхын урьдач нөхцөл юм. Чи үргэлж дүр эсгэж, ариун, эрхэм дээд, агуу дүр үзүүлж, өндөр ёс суртахуунтай царайлж байна. Тэгээд хүмүүст завхрал, дутагдлаа харуулдаггүй. Мөн өөрийгөө шулуун шударга, агуу, өөрийгөө золиослогч, шударга, хувиа хичээдэггүй гэж итгүүлэхийн тулд хүмүүст хуурамч дүр харуулдаг. Энэ бол ов мэхтэй байдал юм. Бүү дүр эсгэ, бүү өөрийгөө хайрцагла; харин өөрийгөө болон зүрх сэтгэлээ ил болгон бусдад харуул. Хэрэв чи зүрх сэтгэлээ уудлан бусдад харуулж, эерэг ч бай, сөрөг ч бай, бүх бодол, төлөвлөгөөгөө ил болгож чаддаг бол үнэнч байгаа хэрэг бус уу? Хэрэв чи өөрийгөө ил болгон бусдад харуулж чадвал Бурхан ч бас чамайг хараад, ‘Чи өөрийгөө ил болгон бусдад харуулсан тул Миний өмнө ч бас үнэнч байгаа нь лавтай’ хэмээн хэлнэ. Хэрэв чи зөвхөн бусдын нүднээс далдуур Бурханд өөрийгөө ил болгож, бусадтай хамт байхдаа үргэлж агуу, эрхэм дээд, шулуун шударга, аминч бус дүр эсгэдэг бол Бурхан юу гэж бодож, юу гэж хэлэх вэ? ‘Чи үнэхээр ов мэхтэй юм; туйлын хоёр нүүртэй, шалихгүй, мөн үнэнч хүн биш юм’ гэж Тэр хэлнэ. Бурхан чамайг тийнхүү яллана. Хэрэв чи үнэнч шударга хүн байхыг хүсвэл Бурханы өмнө ч бай, бусад хүмүүсийн өмнө ч бай, өөрийнхөө илэрхийлэл, сэтгэлийн үгийг ил тод, нээлттэй байлгаж чаддаг байх ёстой. Ингэх амархан уу? Үүнд цаг хугацаа шаардагддаг, үүнд дотоод тэмцэл шаардагддаг, бид тасралтгүй хэрэгжүүлэх ёстой. Зүрх сэтгэл маань бага багаар нээгдэж, бид өөрсдийгөө ил болгож чадна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). Бурхан үнэнч хүмүүст дуртай, бас зальхай, үнэнч бус байдалд дургүй. Сайхан зүйл ч бай, муухай зүйл ч бай хамаагүй бид нөхөрлөлдөө чин зүрхнээсээ сэтгэлээ уудалж, байгаагаасаа өөрөөр дүр эсгэх, баг зүүхгүй байх ёстой. Энэ нь үнэнч байгаа явдал. Би үнэнч хүн биш гэдгээ мэдэж байсан учраас үүнийг уншаад маш буруутайгаа мэдэрсэн юм. Бүх хүнд сэтгэлээ уудалъя, нэрэлхүү зан, нэр нүүр хүсдэг хүслээ орхиё гэж үнэхээр хүсэж, нэлээд хэдэн удаа оролдсон боловч хэзээ ч тэгж чадаагүй. Би нэр нүүрэнд хэт их хорхойсдог байлаа. Тэгээд өөрийнхөө нэрэлхүү занд хоригдсон. Би үнэндээ асар их завхарсан гэдгээ олж харсан. Үнэхээр буруутайгаа мэдэрч, үүний зэрэгцээ бухимдсан. Яагаад би дандаа дүр эсгэж, хүмүүст өөрийнхөө талаар худлаа эерэг сэтгэгдэл төрүүлж байв аа? Яагаад үнэнийг хэрэгжүүлж чадсангүй вэ? Яагаад Бурханд итгэх итгэлээ үрэн таран хийж байв? Тэр бүх цуглаан, үүрэг бүгд хий дэмий байсан гэж үү? Би нэрэлхүү зангийнхаа хүлээсээс хэзээ ч мултрахгүй мэт санагдсан. Тэгээд бүлгээ орхиж, өөрийгөө зөв байдалд оруулахад хэсэг хугацаа зарцуулмаар байлаа. Тэгвэл цуглаанд эргэн ирж, тиймэрхүү зүйл хийхээ больж болох байсан. Иймээс ганцаараа байж, өөрийгөө эргэцүүлэхийг хүссэндээ тэр бүлгээс гарч, өөрт байсан тэр дансаа ашиглахаа больсон юм. Хэсэг хугацаанд би үнэхээр гутарч, бухимдаж, бас ганцаардсан. Өөртөө урам хугарсан. Би хоёр жилийн турш итгэгч явсан ч үнэнч байж, нэрэлхүү зангаа орхиж чадаагүй л байлаа. Өөрийнхөө талаарх бусдын санал бодолд хэт их анхаардаг байсан. Үнэнийг мэдсэний дараа бусдын үзүүлэх хариу үйлдлийг төсөөлөнгүүт л үнэхээр ичдэг байлаа.

Тухайн үед миний хийдэг ганц зүйл нь Бурханы үг унших явдал байсан. Тэгээд нэг өдөр ийм хэсгийг харсан юм: “Үнэнийг эрэлхийлнэ гэдэг хамгийн чухал зүйл бөгөөд үүнийг хэрэгжүүлэх нь үнэндээ тун энгийн юм. Чи эхлээд үнэнч хүн байж, үнэнээ хэлж, зүрх сэтгэлээ нээх ёстой. Ах эгч нартайгаа ярихад хэтэрхий ичмээр зүйл байвал өвдөг сөгдөөд, үүнийгээ залбирлаар дамжуулан Бурханд хэлэх хэрэгтэй. Чи Бурханд юу хэлэх ёстой вэ? Зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Бурханд хэл; хий дэмий бүү тал зас, Түүнийг хуурах гэж бүү оролд. Үнэнч шударга байхаас эхэл. Хэрэв чи сул дорой байсан бол сул дорой байснаа хэл; ёрын муу байсан бол ёрын муу байснаа хэл; ов мэхтэй байсан бол ов мэхтэй байснаа хэл; хэрцгий, муу санаатай байсан бол үүнийхээ тухай Бурханд хэл. Хэрэв чи байр суурийн төлөө үргэлж тэмцэж байгаа бол үүнийгээ ч Түүнд хэл. Бурхан чамайг сахилгажуулаг; чамд зориулсан орчныг зохицуулаг. Бүх бэрхшээлээ туулж, бүх асуудлаа шийдэхэд чинь туслах боломжийг Бурханд олго. Чи зүрх сэтгэлээ нээх ёстой; хаалттай бүү байлга. Чи Түүнийг оруулахгүй байсан ч гэсэн, Тэр чамайг нэвт харж мөн л чадна. Гэхдээ чи Түүнд сэтгэлээ нээвэл үнэнийг олж авч чадна. Тэгвэл чи аль замыг сонгох ёстой вэ? Эхлээд үнэнч шударга бай, яавч бүү дүр эсгэ. Үнэнч шударга байх тухай бид олон жил нөхөрлөсөн хэр нь өнөөдөр хайхрамжгүй хэвээр байж, зөвхөн өөрийн санаа зорилго, хүсэл, зорилгын дагуу л ярьж, үйлддэг, гэмших тухай хэзээ ч бодож байгаагүй олон хүн байсаар байна. Үнэнч шударга хүмүүсийн хандлага энэ мөн үү? (Үгүй.) Бурхан яагаад хүмүүсээс үнэнч шударга байхыг шаарддаг вэ? Тэднийг хянахад амархан болгохын тулд уу? (Үгүй.) Үнэнч шударга байна гэдэг нь хэвийн байж, Бурханаар хайрлуулж, үнэнийг олж авахын эхлэл юм; энэ нь мөн хүн чанартай, жинхэнэ хүний төрхтэй байхын хамгийн үндсэн илрэл билээ. Тиймээс хэзээ ч үнэнч шударга байгаагүй юм уу үнэнч шударга гэж тооцогддоггүй хүн бол үнэнийг ойлгож, үнэнийг олж авч чадахгүй хүн юм. Надад итгэхгүй байгаа бол чи өөрөө яваад хар, өөрөө яваад туулж мэдэр. Үнэнчээр хэрэгжүүлснээр л зүрх сэтгэл чинь нээгдэх бөгөөд зүрх сэтгэл чинь нээгдмэгц үнэн чиний дотор орж, улмаар чи үнэнийг ойлгож, олж авч чаддаг. Хэрэв чи зүрх сэтгэлээ үргэлж хаалттай байлгаж, хэнд ч, хэзээ ч үнэнээ хэлэлгүй, үргэлж булзаж, бултаж байдаг бол энэ бүх булталтаас чинь эцэстээ юу гарах вэ? Чи эцэст нь өөрийгөө сүйрүүлэх бөгөөд ямар ч үнэнийг ухаарч, олж авч чадахгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”). Үнэнийг ойлгох нь юунаас ч илүү, миний нэр нүүр, нэрэлхүү зангаас илүү чухал гэдгийг энэ надад харуулсан. Үнэнийг олж авахын тулд би үнэнч байж эхлэх ёстой байлаа. Нэг бол нэг, хоёр бол хоёр. Дахиж дүр эсгэж, хуурахгүй. Нэлээд хугацаанд би дүр эсгэж, бусдыг хуурч ирсэн байсан. Тэдэнд өөрийгөө сайн ойлголттой, англиар сайн ярьдаг гэж бодогдуулах, тэгээд магтуулсаар байхын тулд би нөхөрлөмөөр байгаа зүйлээ бичиж авдаг байсан. Буруутайгаа мэдэрч, сэтгэл зовнилд автсан ч ах эгч нарт сэтгэлээ уудлах зориг хүрээгүй. Тэдэнд дутуу дулимаг байдлаа харуулж, дорд үзэгдэж, худалч гэгдэхийг хүсээгүй юм. Тэр ч бүү хэл тэдэнд үнэнээ хэлж байснаас бүлгээ орхихыг илүүд үзсэн. Би үнэхээр зальхай байж. Тэгтлээ сэтгэлээр унасан нь Сатаны надад учруулж байгаа хор хөнөөл юм байна, амийн оролтод минь энэ саад болж байж магадгүй гэдгийг ухаарлаа. Энэ нь намайг баллаж ч болох байсан. Би үнэнч байдлыг үнэхээр хэрэгжүүлэхийн тулд зүрх сэтгэлд минь үнэндээ юу байгааг бусдад хэлэх зоригтой байх учиртай. Үнэнээ хэлэхэд хэчнээн эвгүй байлаа ч аливааг буруу аргаар хийхээс зайлсхийх ёстойгоо мэдэж байлаа. Бурхан үнэнч хүмүүст дуртай, харин зальхай хүмүүст ой гутдаг. Би үргэлжлүүлээд дүр эсгэж, бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлж, шулуун шударга биш байвал харанхуйд амьдарсаар байгаад, Ариун Сүнсний ажлыг хэзээ ч олж авахгүй. Үнэнийг хэзээ ч олж авахгүй. Энэ ов мэхээ шийдвэрлэхэд Бурханаар туслуулахын тулд өөрийгөө Бурханд цэлийтэл нээх ёстой байлаа. Тэгээд үнэнийг хэрэгжүүлэх, үнэнч хүн байхад намайг замчлаач гэж Бурханаас гуйн залбирсан.

Дараа нь, би удирдагч Конни эгчдээ эцэст нь сэтгэлээ уудалсан. Яагаад бүлгээсээ гарч, дансаа идэвхгүй болгосноо хэлсэн. Үгийг минь сонссоныхоо дараа Конни эгч, “Би таныг тэглээ гэж хэзээ ч дорд үзэхгүй, бас үнэнч байдалд тань үнэхээр талархаж байна” гэсэн. Эгчийн ингэж хэлэхийг сонсоод сэтгэл ихэд уужирсан шүү. Үнэнч байх хэчнээн сайхныг үнэхээр мэдэрсэн. Энэхүү үнэнч байдал намайг бүх зовнилоос минь ангижруулж, алдаатай бодлоо залруулах боломж олгосон юм. Удирдагч бас надад зарим нэг зөвлөгөө өгч, “Бурханы үгийн талаарх ойлголтоо хуваалцаж байхдаа үнэхээр уран цэцэн ярьж, өндөр түвшний ямар ч төрлийн онол хуваалцах хэрэггүй, энэ нь зүрх сэтгэлээс гардаг, үнэнч байхад хангалттай. Тэгэх нь Бурханд баяр баясал авчирдаг” гэлээ. Би удирдагчийн саналыг авч, хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэрсэн.

Хожим нь, өөр нэг эгч надад Бурханы үгийн ийм хэсэг явуулсан юм. “Ихэнх хүн үнэнийг хайхын оронд өөрийн гэсэн шалихгүй санаархалтай байдаг. Өөрсдийнх нь ашиг сонирхол, нэр нүүр, бусад хүмүүсийн сэтгэл дэх орон зай, байр суурь нь асар чухал. Тэд эдгээрийг л дээдэлж, амь тэмцэн зууралддаг бөгөөд Бурханд ямар харагдах, Бурхан яаж хандах нь нэг их чухал биш; түр зуур тэд үүнийг үл тоодог; түр зуур, бүлгийн босс эсэх, бусад хүмүүс өөрийг нь хүндэлж, хэлэх зүйлийг нь сонсдог эсэхийг л бодолцдог. Эдгээр нь тэдэнд хамгийн чухал. Бараг бүх хүн бүлэг дотор байхдаа иймэрхүү байр суурь, иймэрхүү боломжийг хайж байдаг. Тэд маш авьяаслаг бол мэдээж шилдэг нь байхыг хүснэ; дунд зэргийн чадвартай бол бүлэг доторх бусад дундаж хүмүүсээс өндөр байр суурьтай байхыг л хүснэ; бүлэг дотор доогуур байр суурь эзэлдэг, дундаж хэв чанар, чадвартай бол бас л бусдаар хүндлүүлэхийг хүснэ, бусдад дорд үзэгдэхийг хүсэхгүй. Энэ хүмүүсийн нэр нүүр, нэр төр нь тэдний эцсийн хязгаар юм: Тэд эдгээр зүйлтэй зууралдах ёстой болдог. Тэд ёс жудаггүй, Бурханы сайшаал, зөвшөөрөл ч үгүй байж болно, гэхдээ бүлэг дотор нэр нүүр, байр суурь олох, бусдад бишрүүлэхийн төлөө хуурч мэхлэх боломжийг хэзээ ч алддаггүй—энэ нь Сатаны зан чанар юм. Ихэнх хүн үүнийгээ мэддэггүй. Аар саархан энэ нэр нүүртэй эцсээ хүртэл зууралдах ёстой гэж боддог. Эдгээр дэмий хоосон, өнгөц зүйлээс бүрэн татгалзаж, хойш тавьсан цагт л шийдэмгий хүн болно гэдгээ тэд мэддэггүй. Байр суурийг амиа болгосон хүмүүс амиа алдана. Тэд юуг бооцоонд тавьж байгаагаа мэддэггүй учраас үйлдэхдээ үргэлж түдгэлзэж, үргэлж нэр нүүр, байр сууриа хамгаалахаар оролдож, эдгээрийг эн тэргүүнд тавьж, зөвхөн өөрийгөө өмгөөлж, өөрийгөө хуурамчаар хамгаалдаг. Бүх зүйлийг өөрийнхөө төлөө хийдэг. Гялалзсан юм болгон руу яаран очиж, үүнд оролцсон гэдгээ хүн болгонд мэдэгддэг. Үнэндээ энэ нь өөрсөдтэй нь ямар ч хамаагүй боловч ард хоцрохыг хэзээ ч хүсдэггүй, бусад хүн өөрсдийг нь дорд үзэх вий гэхээс үргэлж айж, бусад хүн өөрсдийг нь юу ч биш, юу ч хийж чадахгүй, ямар ч ур чадваргүй гэж хэлэх вий гэхээс үргэлж эмээдэг. Энэ бүхнийг тэдний сатанлаг зан чанар удирддаг бус уу? Энэ бүхнийг орхиж чадвал дотор чинь хавьгүй тайван, эрх чөлөөтэй болно; чи үнэнч шударга байх замд хөл тавьсан байх болно. Гэхдээ олон хүний хувьд үүнд хүрэхэд амар биш. Камер гарч ирэхэд тэд урд гарах гэж уралддаг; тэд камерт харагдах дуртай, их харагдах тусмаа сайн; камерт хангалттай харагдахгүй байх вий гэхээс эмээж, камерт харагдах боломжийн төлөө ямар ч төлөөс төлнө. Тэгэхээр энэ бүхнийг тэдний сатанлаг зан чанар удирддаг бус уу? (Тийм.) Эдгээр нь тэдний сатанлаг зан чанар юм. Чи камерт харагдлаа гээд яана гэж? Хүмүүс чамайг өндрөөр үнэллээ гээд яана гэж? Тэд чамайг тахин шүтлээ гээд яана гэж? Энэ нь чамд үнэн байгаа гэдгийг батлах уу? Эдгээрийн аль нь ч ямар ч үнэ цэнгүй. Эдгээр зүйлийг давж гарч чадсан үед, эдгээрийг хайхардаггүй болж, чухал гэж бодохоо больсон үед, нэр нүүр, нэрэлхүү зан, байр суурь, бусад хүн чамайг юу гэж бодох нь бодол санаа, зан авирыг чинь байтугай, үүргээ хэрхэн гүйцэтгэхийг чинь ч хянахаа больсон үед үүргийн гүйцэтгэл чинь улам үр дүнтэй, улам цэвэр ариун болох болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”). Бурхан энэ хэсэгт, хүмүүс яаж нэр нүүр, байр сууриа аминаасаа илүү үнэлдэг, ямар нэг зүйл тулгарах үед хамгийн түрүүнд боддог зүйл нь Бурханы хүсэл огт биш, өөрсдийнх нь нэр төр, нэрэлхүү зан, албан тушаал байдгийг илчилдэг. Бурхан биднийг дүр эсгээсэй гэж хүсдэггүй, бас нэр төрөө эн тэргүүнд тавьж, хүмүүсийн дундах байр сууриа хөөцөлдөөсэй гэж хүсдэггүй. Бурханы сайшаал хүртэхэд маань энэ тус болдоггүй, бас зан чанараа өөрчлөх, аврагдахад маань энэ тусалж чаддаггүй. Нэр төр, байр суурь нь Сатан биднийг хүлэхдээ ашигладаг хүлээс юм. Эдгээрийн араас хөөцөлдсөнөөр бид улам бүр хийрхүү, зальхай болдог. Тэгснээр бид Бурханы удирдамжийг алддаг, бас эцэстээ Бурханы авралыг алдана. Бурхан зальхай хүмүүст дургүй, бас хүмүүс Өөрт нь сайшаагдаж, бусдад бишрүүлэхийн тулд авхаалж самбаа гаргаасай гэж хүсдэггүй. Бурхан биднийг нэр төр, байр сууриа орхиж, үнэнийг эрэлхийлж, үнэнч хүмүүс байгаасай гэж хүсдэг. Бурханы өмнө ч бай, бусдын өмнө ч бай, бид ов мэхтэй, шударга бус байж болохгүй. Би нэр нүүр, нэрэлхүү зандаа хэт санаа зовж байсан учраас бусдад сэтгэлээ уудалж, бэрхшээлээ хуваалцаж удаа дараа чадаагүй. Сатанлаг зан чанартаа бат атгуулчхаад үнэнийг хэрэгжүүлж чадаагүй юм. Нэр нүүр, байр суурь хүсэх хүсэл минь дэндүү хүчтэй байж.

Хожим нь, тэр эгчийн нэмж явуулсан Бурханы үгийн нэг хэсэг надад ялангуяа тус болсон. “Одоо харахад, бага сага тус ашиглаж, онгирч, хүмүүсийг төөрөгдлөөр хуурах аргыг хэрэгжүүлээд хүн гаднаа хэдий олон ашиг тус хүртэж, хэчнээн их сэтгэл ханамж авч байгаа мэт санагдлаа ч гэсэн эдгээр аргыг чи явах сайн зам гэж хэлэх үү? Энэ нь үнэнийг эрэлхийлэх зам мөн үү? Энэ нь аврал авчирч чадах зам мөн үү? Мэдээж биш. Эдгээр арга барил, заль мэх хэчнээн нууц, бусдад баригдахааргүй, хэдий ухаалгаар сэдэгдсэн байлаа ч ийм ааш авирын цаана хувийн санаархал, Бурхантай үзэлцэх гэсэн тиймэрхүү хандлага, мөн чанар нуугдаж байдаг учраас эцсийн эцэст энэ бүгдийг Бурхан яллаж, үзэн яддаг. Бурхан сэтгэлийнхээ угт ийм хүнийг үүргээ гүйцэтгэж байгаа нэгэн гэж хэзээ ч, яавч хүлээн зөвшөөрөхгүй, харин тэднийг мууг үйлдэгч гэж тодорхойлно. Мууг үйлдэгчидтэй харьцах үедээ Бурхан ямар дүгнэлт гаргадаг вэ? ‘Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл!’ Бурхан, ‘Надаас зайл’ гэж хэлэхдээ хүмүүсийг Сатан руу, Сатаны оршин суудаг газар луу илгээж байсан бөгөөд тэднийг хүсэхээ больсон юм. Тэднийг хүсэхгүй байна гэдэг нь тэднийг аврахгүй гэсэн үг. Хэрэв чи Бурханы хонин сүргийн нэг биш, Бурханыг дагагчдын нэг бүр ч биш бол Бурханы аврах хүмүүсийн тоонд орохгүй. Тийм хүнийг ингэж тодорхойлдог(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”). Зарим хүн хүмүүсийн зүрх сэтгэл дэх орон зайг хулгайлахаар хоёр нүүртэй, хуурамч байдаг гэдгийг би Бурханы үгээс олж харсан. Тэд бусдаас хүндлэл хүлээн, санаархал, хүслээ хангасан мэт харагддаг. Гэхдээ эцэстээ тэд юу олж авдаг вэ? Тэд түр зуур хүмүүсийг хуурч болох ч Бурханыг хуурч чаддаггүй. Бурхан бидний зүрх сэтгэл, оюун санааг өнгийн хардаг шүү дээ. Эцэстээ тэд Бурханаар аврагдах боломжоо алдаад, үнэнийг олж авч, Бурханаас сайшаал хүртэж хэзээ ч чаддаггүй. Бурханы үг тодорхой байдаг. Үнэнийг эрэлхийлдэггүй, өөрсдийн гэсэн санаа зорилготой, бусдын зүрх сэтгэл дэх орон зайг хулгайлахыг хүсдэг хүмүүсийг Бурхан үзэн яддаг. Тэднийг ёрын мууг үйлдэгчид гэж үзээд, хийдэг үүргийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Үүнд би айсан. Бурхан намайг хаях вий, Сатанд хаяж өгөх вий, тэгээд Бурханы авралыг алдах вий гэж айсан. Би үнэхээр буруу замаар орсноо ухаарсан юм. Миний бүх бодол, үйлдэл бусдад магтуулж, бишрүүлэхийн төлөө байсан учраас Бурханы хүслийг хэзээ ч бодолцоогүй, бас тэгж аашилснаар эцэстээ юу олж авахаа хэзээ ч бодож үзээгүй. Би зарим хүний зүрх сэтгэлийг олж авлаа ч Бурханы эсрэг замаар явж байсан учир үнэнийг хэзээ ч олж авахгүй байх байсан. Тэр замаар явсаар байвал эцэстээ зөвхөн балрах байсан. Ингэж бодоод, Бурхан миний хийж байсан зүйлийг үзэн ядаж, намайг ийм зүйл эрэлхийлээсэй гэж хүсээгүйг мэдсэн. Би тайвширч чадахгүй байлаа. Тэр байдлаа өөрчилж, тэр байдлаас гарах, үнэхээр өөрөөрөө байх, дахин хэзээ ч ов мэх гаргахгүй байхыг чин сэтгэлээсээ хүссэн.

Дараа нь Конни эгч намайг амар амгалан, баяр баяслыг мэдрэхийн тулд бусдад нөхөрлөл хийж, сэтгэлээ уудалж, үнэнч бай гэж урамшуулсан. Гэхдээ би ах эгч нарт завхрал, дутагдлынхаа талаар сэтгэлээ уудална гэж бодтол үнэхээр эргэлзлээ. Тэгээд Бурханы үгийн бас нэг хэсгийг харсан юм: “Үүссэн асуудал юу ч байлаа гэсэн, шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой, дүр эсгэх юм уу бусдад зориулж хуурамч төрх гаргаж огтхон ч болохгүй. Өөрийнхөө алдаа, дутагдал, өө сэв, завхарсан зан чанар гээд бүгдийнх нь талаар бүрэн нээлттэй байж, тэдгээрийн талаар нөхөрлө. Дотроо бүү хадгал. Өөрийгөө нээж сурах нь үнэнд орох эхний алхам, эхний саад тотгор бөгөөд давж гарахад хамгийн хэцүү байдаг. Чи үүнийг давж гармагц үнэнд ороход амархан. Энэ алхмыг хийх нь, зүрх сэтгэлээ нээж, сайн муу, эерэг сөрөг гээд өөрт байгаа бүхнээ харуулж; бусдад болон Бурханд харуулахаар өөрийгөө ил болгож; Бурханаас юу ч нуухгүй, юу ч далдлахгүй, ямар ч дүр эсгэхгүй, ов мэх, башир аргаас ангид, бусад хүнтэй адилхан нээлттэй, үнэнч шударга байгааг чинь илтгэдэг. Ийм маягаар чи гэрэлд амьдарч, Бурхан чамайг шинжээд зогсохгүй бусад хүн ч бас чамайг зарчимтайгаар, тодорхой хэмжээнд ил тод үйлддэгийг чинь харж чадна. Чи өөрийн нэр төр, өөрийгөө хүндлэх сэтгэл, байр суурийн төлөө юуг ч нуун далдалж, өөрчилж, ямар ч заль мэх хэрэглэх хэрэггүй бөгөөд чиний хийсэн аливаа алдаанд ч энэ нь хамаатай; тийм утгагүй ажил хэрэггүй байдаг. Ингэхгүй бол чи амар хялбар, эцэж цуцалгүй амьдарч, бүрмөсөн гэрэлд байх болно. Ийм хүмүүс л Бурханаас магтаал хүртэж чадна. Дараа нь чи бодол, санаагаа задлан шинжилж сурах ёстой. Хийж байгаа аливаа зүйл чинь буруу, ямар нэг зан авир чинь Бурханд таалагдахгүй байхаар байвал чи нэн даруй тэрийгээ өөрчилж, засаж залруулж чаддаг байх ёстой. Тэдгээрийг засаж залруулахын зорилго юу вэ? Энэ нь үнэнийг хүлээн авч, хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ өөрийн доторх, Сатанд харьяалагддаг зүйлсийг голж, тэдгээрийг үнэнээр орлуулах явдал юм. Чи заль мэх, ов мэхтэй байдал гэх мэт завхарсан уг чанартаа түшиглэдэг байсан боловч одоо тэгдэггүй; одоо чи юм хийхдээ үнэнч, цэвэр ариун, дуулгавартай сэтгэлээр үйлддэг. Хэрвээ чи огт түдгэлздэггүй, дүр эсгэж, хуурамч зан гаргаж, хуурамч дүр эсгэдэггүй, ах эгч нарт өөрийгөө ил болгодог, сэтгэлийн гүн дэх бодол, эргэцүүллээ нуудаггүй, харин ч үнэнч шударга хандлагаа бусдад харуулдаг бол чиний дотор үнэн аажмаар үндэслэж, цэцэглэж, үр жимсээ өгч, бага багаар үр дүн гаргана. Зүрх сэтгэл чинь улам үнэнч шударга болж, Бурхан руу улам бүр ханддаг, чи үүргээ гүйцэтгэхдээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахаа мэддэг, энэхүү ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй үедээ мөс чанар чинь түгшдэг бол энэ нь үнэн чамд нөлөөлж, амь чинь болсны нотолгоо юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Бурханы үг хүмүүсийг өөрчилж үнэхээр чаддаг нь харагдсан. Хүмүүс жинхэнэ завхралынхаа талаар сэтгэлээ уудалж, үнэнийг эрж хайж сурах үед алдаатай санаа, завхарсан зан чанар маань аажмаар өөрчлөгдөж чаддаг. Бурхан миний буруу сэтгэлгээг ил болгож, алдар нэр, байр суурийн алдаатай эрэл хайгуулыг минь илчлээд, хэрэгжүүлэх зөв зам олоход намайг үгээрээ замчилсан. Би бусдад сэтгэлээ уудлах эхний алхмыг авч, алдар нэр, нэр нүүрээ бодохоо больж, зальхай, ов мэхтэй, шударга бус байхаа болих ёстой байлаа. Бурханы үгийг хэрэгжүүлж, дотроо үүгээр замчлуулахыг зөвшөөрөх ёстой байсан.

Тэр ням гарагийн өглөө би заншсан ёсоор цуглаанд ороод, чин үнэнч байж, ойлголтоо бүх хүнтэй чөлөөтэй хуваалцах ёстой гэж өөртөө хэллээ. Тэгээд, “Хүндэт Бурхан минь, би энэ удаад үнэнийг хэрэгжүүлж, Сатаны хүлээсээс ангижирч, хоёр нүүр, ов мэхтэй байдлаа илчилмээр байна. Тэдэнд дорд үзэгдлээ ч гэсэн хамаагүй. Би зүгээр л Таныг хангалуун байлгахын тулд үнэнч хүн баймаар байна. Нээлттэй, үнэнч байхад минь туслаач дээ” гэж залбирсан. Энэ залбирлын дараа илүү тайвширсан юм. Цуглааны үеэр Бурханы үгийг үнэхээр бодож үзээд, туршлага, ойлголтынх нь талаарх бусдын нөхөрлөлийг нухацтай сонссон. Өөрийнхөө нөхөрлөлийг бичихэд тэр цаг хугацааг ашиглаагүй, бас бусад бүх хүнд ямаршуу нөхөрлөл таалагдах бол гэж бодоогүй. Тэгснээр бусдын нөхөрлөлөөс шинэ гэгээрэл олж авсан юм. Би ээлжээ ирэх үед нөхөрлөлөө хэр сайн, уран цэцэн байгаа талаар бодохгүй байсан, бас сандарсан ч гэлээ нөхөрлөлөө үргэлжлүүлэхэд минь энэ саад болоогүй. Дараа нь, миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн Бурханы үгийн ийм хэсгийн талаар ярилаа. “Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ… Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Бурханы үгийн энэ хэсгийг өөрийнхөө туршлагатай холбоод, эцэст нь нууцаа ил болгож, тэдэнд бүгдэд нь туйлын үнэн нүүр царайгаа илчилсэн юм. Тэд миний талаар юу гэж хэлэх тухайд би огтхон ч санаа зовоогүй. Тэдэнд, “Энэ бүх хугацаанд, би айхтар дүр эсгэж, англиар чөлөөтэй ярьдаг мэт царайлж ирсэн. Үнэндээ би та бүгдэд сайнаар бодогдохын тулд бүх нөхөрлөлөө урьдчилан бичиж, тэр ч бүү хэл энгийн сонсогдуулахын тулд дууг нь хураан сургуулилж байсан. Та нарт магтуулж, хүндлүүлэх гэсэндээ л ингэсэн. Би та нарыг хуурч байсан…” гэж хэлсэн. Зүрх сэтгэлээ ил болгосныхоо дараа тэдэнд дорд үзэгдэнэ гэж бодсон ч тэд надад, “Сайн нөхөрлөхгүй байх тухайд санаа зовох хэрэггүй, бид ерөнхийдөө адилхан шүү дээ. Бурхан биднийг уран цэцэн, амьдралаас хол тасархай биш, чин үнэнч байгаасай гэж хүсдэг. Зүрх сэтгэлээсээ нөхөрлөхгүй, зүгээр л үгчилсэн хоосон сургаал нөхөрлөвөл ямар хэрэг байх юм бэ?” гэсэн. Үүнд миний сэтгэл маш их хөдөлсөн шүү. Тэд намайг огт дорд үзээгүй, бас зарим нь намайг тэгсний шалтгааныг ойлгож болох юм гэцгээн, миний туршлага өөрсдөд нь тус боллоо гэсэн. Би энэхүү гэнэтийн явдалд баярласан шүү. Бүх хүнд завхралынхаа талаар сэтгэлээ уудалсны дараа цээжин дээрээс хүнд юм аваад хаячих шиг болсон. Эцэст нь би чөлөөлөгдөөд, сатанлаг зан чанарынхаа хүлээсээс арай гэж мултарч чадсан даа. Сатан үнэнийг хэрэгжүүлэхэд минь саад хийхэд нэрэлхүү зан, нэр төрийг ашигладаг, гэхдээ би Бурханы үгээр өөрийнхөө талаар олж мэдэж, үнэнч хүн байхыг хэрэгжүүлж, үнэнчээр сэтгэлээ уудлаад Бурханд нэг алхам ойртсон мэт санагдаж, ах эгч нар бидний хоорондох эдгээр эргэлзээ, хаалттай байдлыг арилгасан. Бурханы хүсэлд биш, нэр нүүрэндээ маш их санаа зовдог байсан учраас л би тийм удаан хугацаанд нэрэлхүү зангаа тавьж, үнэнээ хэлж чадаагүй юм байна лээ. Маш удаан хугацааны турш нэрэлхүү зангаа хангаж, бусдын магтаалд умбахын тулд дүр эсгэх сонголт хийсэн ч Бурханы хүсдэг зүйл энэ биш байсан. Үнэндээ би Бурханыг маш удаан хугацаанд шархлуулж байж. Гэхдээ Бурхан үргэлж уучлангуй, тэвчээртэй байж, намайг өөрчлөгдөхийг хүлээж байсан. Бурханы үлэмж их хайранд би ихэд талархдаг шүү.

Энэ туршлага надад үнэнийг эрэлхийлэхийн чухлыг сургасан. Үнэнч хүн байж, үнэнийг хэрэгжүүлэх нь сатанлаг зан чанарын дөнгөнөөс ангижрах цорын ганц арга юм. Үнэнийг сонгох нь үнэхээр аз жаргалтай, амар амгалан болох цорын ганц арга. Би маш зальжин, маш хоёр нүүртэй байсан, харин одоо үнэнийг хэрэгжүүлж, үнэнч байхаар шийдлээ. Энэ нь миний хувьд хамгийн чухал зүйл. Илүү их үнэнийг хэрэгжүүлэхэд Бурханаар замчлуулсаар байхыг л би хүсэж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент