Галзуугийн эмнэлгээс гарсан нь

2022-05-30

Шяо Цао, Хятад

2012 оны 1-р сар болж байлаа. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг надад нэг хөрш маань түгээсэн. Би бизнес эрхэлж байгаад эцэж цуцаж, үүнээс үүдэн нурууны булчин ноцтой зангирч, мөр хөшсөн юм. Маш их өвдөөд үсээ самнаж, хувцаслаж бараг чадахгүй, эм бэлдмэл ч нэмэр болохгүй байсан. Бурханд итгэдэг болсны дараа миний бие гайхмаар дээрдсэн учир манай нөхөр, хүү хоёр хөл газар хүрэхгүй баярлаж, итгэлийг минь үнэхээр дэмждэг байсан. Гэхдээ хоёр сарын дараа Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар Коммунист Намын онлайнаар тараасан худал хуурмагийг манай нөхөр хараад, итгэлийг минь эсэргүүцэж эхэлсэн дээ. Тэгээд, “Засгийн газар чиний энэ Бурханыг эсэргүүцэж байна. Эцэстээ чи үүнээс болж баривчлагдвал хүүгийн маань ажил мэргэжилд нөлөөлж болно. Үүнийгээ болих хэрэгтэй” гэсэн. Нэг удаа намайг сайн мэдээ түгээчхээд дөнгөж эргэж иртэл нөхөр баргар царайлан, “Намайг Үндэсний Аюулгүй Байдлын Бригадаас дуудаад, чамайг итгэгч үү гэж асуусан, мөн бол чи Бурханы талаарх номуудаа хүлээлгэж өгөх хэрэгтэй. Тэд бас намайг баахан зураг дээрх хүмүүсийн хэн болохыг хэл гэсэн. Чи энэ хэвээрээ байх юм бол баривчлагдах нь гарцаагүй” гэлээ. “Би амьдралд зөв замаар замнаж байна, бас ямар ч хууль бус зүйл хийгээгүй. Тэд тэгэх ямар ч эрхгүй!” гэж би хариулсан. Тэгтэл нөхөр маань, “Чи маш гэнэн юм аа! ХКН итгэгч та нарт ялангуяа өс санадаг шүү дээ. Чамайг итгэсээр байвал тэд баривчилж, хүч хэрэглэнэ, тэгээд тэдний хэр харгис гэдгийг чи харна даа” гэсэн. Нөхөр эсэргүүцэж байгаа хойно энэ замаар явахад илүү хэцүү болох нь гарцаагүй гэж би дотроо бодсон. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, цаашдын замд минь намайг замчлаач гэж гуйлаа. Бас нөхөр маань яаж ч саад боллоо гэсэн итгэлээ хэзээ ч орхихгүй гэж сэтгэл шулуудсан.

Тэгэхэд 2012 оны 12-р сар байлаа. Би итгэгч болоод бараг нэг жил болж байсан. Намайг сайн мэдээ номлож байна гэж хэн нэгэн мэдээлсэн учраас баривчилж, тав хоног цагдан хорьсон юм. Суллагдсан өдөр минь нэг цагдаа, “Чи гарчхаад үүнийгээ больсон нь дээр, тэгэхгүй бол эцэстээ шоронд орох нь лавтай шүү!” гэж надад анхааруулсан. Хагас цаг орчмын дараа манай нөхөр намайг авахаар ирэхдээ муухай царайлчихсан, үнэхээр гутарсан байртай байлаа. Тэгснээ машинаас гараад, цагдаагийн хэсэг рүү орчихсон. Тэнд юун тухай ярьж байсан юм бүү мэд, харин дараа нь нөхөр намайг гэрт аваачсан. Гэртээ очтол манай ах, эгч, хүргэн дүү бүгд намайг гадаа хүлээж байгаа харагдлаа. Тэд бүгд итгэлийг минь болиулах гэсэн цорын ганц шалтгаанаар л тэнд байна гэж бодогдсон. Дээрээс нь манай ах хошууны түвшний удирдагч байсан юм. Онлайнаар Чуулганыг яллаж, доромжилсон Коммунист Намын элдэв янзын худал хуурмаг харсан учраас ах намайг итгэхээ болих хэрэгтэй гэж урьд нь хэлж байсан. Бас миний итгэл хүүгийн минь ажил мэргэжилд нөлөөлж болно, өөрт нь ч бас нөлөөлж, түшмэлийн албан тушаалаа алдаж магад гэж хэлж байсан юм. Ах дахиад итгэлийг минь болиулахаар шахалт үзүүлэх гэж ирсэн байх гэж би мэдэж байлаа. Тэгээд даруйхан залбирч, намайг замчилж, эдгээр саад тотгороос хамгаалаач гэж Бурханаас гуйсан. Намайг машинаас буумагц ах хүрч ирээд, нүүр дүүрэн инээмсэглэн, “Чи энэ Бурхан гэдэг юмаа болих хэрэгтэй. Зүгээр л гэртээ байж, эндэх юмаа зохицуул. Битгий ийм зөрүүд бай. Танай хүү сайхан ажилтай. Чамайг ингээд байвал ажил нь аюулд орно шүү. Хүү чинь чамайг үүрд үзэн ядна” гэлээ. Тэгтэл хүргэн дүү шүд зуун, гараараа зангаж, “Бурханд итгэх ээ? Бурхан гэж хаана байна? Би Бурханд итгэдэггүй ч сайхан л амьдарч байна даг!” гэж хашхичлаа. Дараа нь нөхөр ууртайгаар, “Хүү маань сайн ажилд орж, анзаарагдахад амаргүй байсан. Чиний итгэлээс болоод ажлаа алдвал яана?” гэсэн. Эгч хүрч ирээд надад, “Хөөе, чи үүнийгээ болих хэрэгтэй. Танай нөхөр чамд маш сайн ханддаг, хүү чинь ч сайхан ажилтай. Энэ нь хангалттай баймаар. Гэр бүлээ л сайн харж ханд” гэлээ. Энэ бүгдийг сонсоод, хүүгийнхээ боловсролд хангалттай мөнгө олох гэж нөхөр бид хоёр маш шаргуу ажиллаж байсан тухай бодлоо. Одоо хүү маань сайхан амьдралтай болсон, харин энэ нь амаргүй хэрэг байсан юм. Миний итгэлээс болж хүү минь үнэхээр ажилгүй болбол намайг яг насан туршдаа үзэн ядаж магадгүй! Гэхдээ дараа нь, итгэлээ орхих нь Бурханаас урваж байгаа явдал гэж бодоод, итгэгчийн хувьд олж мэдсэн үнэнийхээ талаар бодлоо. Бүтээгдсэн зүйл Бурханыг шүтэн мөргөх нь зөв зүйл, замнах зөв зам гэдгийг мэдэж байсан, бас Бурхан миний гэмтлийг эдгээсэн байсан. Би тийм мөс чанаргүй байж болохгүй шүү дээ. Зүрх сэтгэлдээ би Бурханд чимээгүйхэн залбираад, “Бурхан минь, манай гэр бүл итгэлийг минь хүчээр орхиулах гээд, миний сэтгэл хямарч байна. Надад итгэл, хүч чадал хайрлаач” гэсэн. Тэгээд Бурханы ийм үг санагдсан юм: “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Манай гэр бүл над руу үгсэн дайрч байгаагийн цаана үнэндээ Сатан намайг туршиж, дайрч давшилж байгааг ойлгосон. Манай гэр бүлийнхэн Намын худал хуурмагт хууртаад, намайг Бурханаас урвуулахын тулд хүүгийн минь ажлыг ашиглан сүрдүүлж байсан юм. Би Сатаны заль мэхэнд унаж болохгүй, харин Бурханы гэрчлэлд зогсох ёстой байлаа. Тэгээд бас манай хүү ямар ажилтай байх нь бүхэлдээ Бурханы захиралт, зохицуулалтаас шалтгаална гэж бодогдсон. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Тийм болохоор би, “Итгэх нь амьдрах зөв зам, тэгээд ч би ямар ч хууль зөрчөөгүй. Коммунист Нам өөрсдөө ёрын муу болохоор л намайг баривчилж, үүнд та нарыг татан оролцуулж байна даг. Та нар Намтай нийлж намайг дарлаж, итгэлд минь саад хийх ёсгүй. Бурханд итгэдэг болохоосоо өмнө би маш хүнд гэмтэлтэй, бүр өөрийгөө ч арчилж чадахгүй байсныг та нар бүгдээрээ мэднэ. Итгэдэг болсны дараа би бүрэн эдгэсэн, энэ бүгд Бурханы нигүүлсэл, ерөөлийн ач байсан. Төгс Хүчит Бурхан бол жинхэнэ Бурхан, Аврагчийн ирэлт мөн. Гамшгууд улам бүр газар авч байна, бас Төгс Хүчит Бурхан олон үг илэрхийллээ. Хүн төрөлхтнийг нүгэл, гамшгаас аврах гэж Бурхан ингэсэн. Ингэснээр бид Бурханаар хамгаалагдаж, гамшгаас амьд үлдэж, Бурханы хаанчлалд орж чаддаг. Коммунист Намын хяхалт хавчлагаас айгаад итгэлээсээ хөндийрвөл би аврагдах боломжоо алдана. Та нарыг яаж ч эсэргүүцлээ гэсэн би итгэлийнхээ замд үнэнч байна” гэлээ. Нөхөр минь багтартлаа уурлаад, өөдөөс харж зогсчхоод над руу занган, “Чи ч засрахаас өнгөрчээ!” гэсэн. Дараа нь нөхөр, ах хоёр харц мөргөлдсөнөө, гэрийн тийш хамт явцгаан, юу ч юм бэ, нэг зүйлийн тухай ярьж эхэллээ. Юун тухай тийм нууцхан ярилцаад байгаа юм бол гэж би гайхсан юм. Төд удалгүй тэр хоёр эргэж ирлээ. Ах харцаа эгч рүү хандуулснаа, нүүрэндээ нууцлаг инээмсэглэл тодруулан, “Явж хоол идэцгээе!” гэсэн. Эгч үеэлийн нөхөртэй хамт яг өөдөөс хүрч ирснээ хоёр талд гараад, миний гараас татан машин руу чирлээ. Байдал нэг л биш санагдсан. Би гарыг нь түлхэж хаях гэж үзээд, явмааргүй байна гэж хэлсэн ч тэд намайг шууд л машин руу түлхээд оруулчихсан. Хагас цаг орчим явсны дараа машин зогстол гайхмаар нь бид сэтгэцийн эмнэлэг дээр байгаа харагдлаа. Манай нөхөр, ах, хүргэн дүү гурав гурвуулаа машинаас гарсан. Тэд үнэхээр намайг галзуугийн эмнэлэгт хэвтүүлж байна гэж үү гээд би ч цочирдсон шүү. Машинаас гараад, зугтах ёстой юм байна гэж бодож байсан ч аюулгүйн цоожоор намайг дотор цоожилсон байсан. Тэд бүгдээрээ эмнэлгийн байрыг чиглэн алхаж байгааг хараад гэнэт бүх зүйл тодорхой болсон юм. Тэд анхнаасаа л ийм төлөвлөгөөтэй байж. Хоол иднэ гэж хэлээд, намайг тийшээ хуурч аваачсан байлаа. Миний уур хүрч, ой гутсан. Намайг тэнд аваачсан гэдэгт, тэдний хэчнээн цэвдэг сэтгэлтэй байгаад итгэж чадахгүй байлаа. Ойр дотнынхон гэнэ шүү! Нөхөр маань цагдаагийн хэсэг дээр надтай уулзахдаа цагдаа нартай дотор жаал жуул юм ярьсан тухай, бас хоол иднэ гэж хэлэхдээ гэрийнхэн маань учиртай харц солилцож байсан тухай эргээд бодсон. Тэгээд энэ нь Коммунист Намын боловсруулсан төлөвлөгөө байж тун магад гэдгийг ухаарлаа. Тэд намайг Бурханаас урвуулахын тулд элдвээр үзэж байсан шүү дээ. Би үгээр илэрхийлшгүй гомдож, нүдэнд нулимс цийлгэнэж байлаа. Эгдүүцсэндээ тэдэнд, “Намайг зүгээр л Бурханд итгэдэг болохоор энд тамлуулахаар авчирч байх шив. Та нар л галзуу юм байна! Та нар шал буруу, ямар ч ухаангүй зүйл хийж байна. Үүнийхээ горыг амсана даа” гэж хэлсэн. Яг тэгтэл хоёр асрагч намайг хүлэх хүлээс барьчихсан эмнэлгээс гарч ирлээ. Манай нөхөр, ах, хүргэн дүү тэнд ам нээлгүй, зүгээр л над руу харан зогсоцгоосон. Миний элэг эмтэрч, цөхрөлд автсан юм. Манай гэр бүлийнхэн зүгээр л өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалж, хэрэгт орохгүй гэсэндээ Коммунист Намын худал хуурмагийг сонсож, намайг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх юм гэж би огт зүүдлээ ч үгүй явсан. Намайг зүв зүгээр байхад үхэх, сэхэхийг минь хайхралгүй, тэнд тамлах гэж байсан юм. Тэд ойр дотнынхон огт биш, чөтгөрүүд байсан. Тэгж бодоод цааш нулимсаа барьж дийлээгүй. Тэдэн рүү харж ч чадаагүй. Эгдүүцсэндээ асрагчдад, “Би эв эрүүл хүн! Тэд намайг хуурч энд авчирсан. Намайг Бурханд итгэдэг болохоор л энд албадан эмчлүүлж байна. Та нар үүнийг судлаа ч үгүй шүү дээ. Яагаад намайг хүлж байгаа юм бэ?” гэсэн. Гэхдээ тэд намайг огт тоогоогүй.

Тэгээд ноцтой асуудал бүхий өвчтөн гэж хэвтүүлээд, 1-р тасагт цоожилсон юм. Тэнд бүх коридор, хаалга, цонхонд төмөр тор гагнасан байлаа. Миний өрөө 4 юм уу 4.5 метр квадрат орчмын, хов хоосон өрөө байсан. Хиртэй хөнжилтэй ганцхан л ортой, тэр дээр хуучин шээсний үлдэгдэл мөр бас дүүрэн байлаа. Шээсний хурц үнэр гарч байсан. Өрөөнд жорлон байхгүй, танхимд л нийтийн нэг ариун цэврийн өрөөтэй, тэр нь цоожтой байдаг байлаа. Би ариун цэврийн өрөө явмаар байх бүрдээ асрагчийг олох ёстой болдог байсан. Тэд завгүй бол хаалга онгойлгохгүй, тэгээд би тэвчих л ёстой болдог байсан. Эмнэлэг цаг ямагт сэтгэцийн өвчтөнүүдийн чарлах чимээгээр дүүрэн байсан юм. Заримдаа тэд дуулна, бас уйлна, аль эсвэл “Намайг гарга! Намайг гаргаач!” гэж хашхирч эхэлдэг байлаа. Бас төмөр сараалжийг зогсолтгүй нүддэг байсан. Эмнэлэг тэр чигтээ чарлаа сүнс, чоноор дүүрэн байх шиг сонсогддог байсан. Үүнд миний цус царцдаг байсан. Тэнд хүний байх газар биш юм шиг санагддаг байлаа. Итгэлээс минь л болж Коммунист Нам намайг баривчилж, хорьсон, тэгээд суллагдмагц гэр бүлийнхэн минь намайг галзуугийн эмнэлэгт тамлуулахаар аваачсан. Энэ нь чонын амнаас гараад барын ам, арслангийн үүрэнд орсон хэрэг байсан юм. Яахаараа би ингэж амьдрах учиртай юм бэ? Энэ талаар бодох тусам сэтгэл хямраад, уйлж эхэллээ. Уйлж байхдаа цуглаан дээр ах эгч бид магтан дуу дуулж, Бурханыг магтдагаа бодсон. Тэдэнтэй хамт Бурханы үг уншиж, үүргээ гүйцэтгэхийг маш их хүссэн ч тэндээс гарч чадахгүй, тэнд хэр удаан байхаа огт мэдэхгүй байсан. Миний зовлон хэзээ дуусах юм бол? Тэгээд би, “Өө Бурхан минь, би сэтгэцийн өвчтөнүүдтэй цуг хоригдож байна. Маш их шаналж байна. Бурхан минь, үүнийг яаж туулахаа мэдэхгүй юм. Намайг замчлаач дээ” гэж залбирсан. Залбирсны дараа Бурханы үгийн ийм хэсэг санагдлаа: “Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх: ‘Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.’ Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгийг биелүүлнэ, эдгээр нь агуу улаан лууны цагариглан хэвтэж байдаг газар нутагт үүний харгисаар хяхан хавчсан хүмүүс дээр биелэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг бөгөөд эдгээр үг энэ бүлэг хүмүүс, та нарт биелдэг. Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Нам бол Бурханы заналт дайсан бөгөөд итгэж, Бурханыг дагахыг хүмүүст зөвшөөрөхгүй гэдгийг би ойлгосон. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг аврахаар үнэнийг илэрхийлж байгаа учир тэд итгэгчдийг улайран баривчилж, хяхаж хавчиж, үнэнийг мэдэхгүй хүмүүсийг хуурахын тулд Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллан, элдэв янзын цуу яриа, худал хуурмаг түгээж байна. Итгэгчдийн гэр бүлийнхнийг тэд хэдэн үеэр нь хэрэгт оруулж, ажил мэргэжлийг нь сүйрүүлж, тэднийг таньж мэддэг итгэгчээ шүүмжлэхэд хүргэдэг. Тэгээд итгэгчдийг Бурханаас хүчээр урвуулахад тэднийг ашиглаж байна. Нам итгэмээргүй ёрын муу. Гэр бүлийнхэн маань Намд төөрөлдөж, тэдний аяыг дагаж, итгэлийн минь төлөө намайг хяхаж хавчиж, тэр ч бүү хэл сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ нь байхад аймшигтай газар хэдий ч Коммунист Намын ёрын муу мөн чанарыг би харж чадсан, бас Бурхан ийм маягаар итгэлийг минь төгс болгож байсан учир би Бурханд түшиглэж, гэрчлэлд зогсох ёстой байлаа. Ингэж бодоод залбирч, Бурханаас надтай цуг байж, диавол Сатанаас намайг хамгаалаач гэж гуйсан. Сатанд дарлуулах тусмаа би Бурханд улам их итгэх байсан.

Эмнэлэгт хоёр дахь хоног дээр асрагч надад уулгах эм авчирлаа. Би багтартлаа уурлан, “Надад ямар ч асуудал байхгүй гэж хэлээ биз дээ. Би зүв зүгээр, бас үүнийг уухгүй” гэж хэллээ. Асрагч, “Асуудалтай л биш бол хэн ч энд ирдэггүй. Та эмчилгээ хийлгэвэл эртхэн сайжраад, эмнэлгээс гарна шүү дээ” гэсэн. Гэхдээ асрагчийг юу гэж хэллээ ч би тэр эмийг уухаас айсан юм. Гурав дахь хоног дээр хүнд өвчтэй хүн эмнэлэгт хэвтэж, манай тасагт сул ор байгаагүй учир намайг 3-р тасагт шилжүүллээ. Тэр тасгийг тийм хатуу хянадаггүй байсан. Би өрөөнөөсөө гарч явж болдог байлаа. Тэнд зарим өвчтөний өмд бүр элэгдээд, бөгс нь гарчихсан, нүүр, хүзүү нь хиртэй, үс нь шувууны үүр шиг харагдсан. Зарим хүний хувцас маш их заваараад тос даасан харагдаж байгаа нь ёстой ой гутмаар байлаа. Тэр тасагт би өрөөндөө гурвуулаа байсан юм. Тэдний нэг нь цог золбоогүй нүдтэй, нүүрний хувиралгүй, заримдаа сохроор амандаа бувтнадаг байлаа. Нөгөөдөх нь тэнд хэр удаан хоригдсоныг мэдэхгүй юм. Тэр өглөө бүр босоод тамхи татан, үүдээр зогсолтгүй холхидог байсан. Тэр хоёр намайг үнэхээр айлгадаг байлаа. Нэг удаа өвчин нь хөдлөх үедээ намайг анзаараагүй байхад цохиж, үсдэх вий, унтаж байхад минь багалзуурдаж алах вий гэж айсандаа шөнө хэзээ ч бөх унтдаггүй байсан. Унтах болгоныхоо өмнө Бурханд ахин дахин чимээгүйхэн залбирч, намайг хамгаалаач гэж гуйдаг байсан юм. Жаахан тайван нойр авч болохуйц тайвшрах цорын ганц арга энэ байлаа. Асрагч өдөр бүр ирээд, бидэнд нэг нэгээр нь эм өгнө. Би асрагчийг яг өөдөөс харж байх үед л эмээ уугаад, бусад үед эмээ залгилгүй, ариун цэврийн өрөө орохдоо хаячихдаг байсан юм. Нэг удаа эмээ хаяж байгааг минь өөр нэг өвчтөн харчхаад, “Тэгж болохгүй ээ. Би нэг удаа эм хаяж байгаад асрагчид баригдсан. Асрагч намайг хоёр удаа алгадчихаад, хамар луу хуванцар гуурс хийж байгаад, тийшээ эм чихсэн. Үнэхээр өвдсөн шүү” гэлээ. Тэр хүүхэн намайг эмээ хаяж байна гэж асрагчдад хэлснийг би огт мэдээгүй юм. Гэхдээ үүний дараагаас эмнэлгийн ажилчид эмээ ууж байгаа өвчтөнүүдэд илүү их хараа хяналт тавих боллоо. Өдөр бүр асрагчид дөрвөлжин ширээний ард зогсоод биднийг хянаж, гар чийдэн ашиглаж, биднийг амаа нээж, эмээ залгисан эсэхийг нягталдаг байсан. Би ч аргагүйн эрхэнд эмээ уудаг болсон.

Хэд хоногийн дараа эмнэлгийн дарга өрөөнүүдийг шалгахаар ирээд, гэнэтхэн л надаас, “Агуу гамшиг 21-нд болох уу?” гэж асуулаа. Энэ нь үнэхээр хачирхалтай санагдсан болохоор, “Гамшиг хэзээ нүүрлэхийг Бурхан л хэлж чаддаг” гэж би хэлсэн. Хариуд нь тэр, “Та үнэхээр сайнгүй харагдаж байна. Таны тунг нэмэх хэрэгтэй юм байна” гэлээ. Үүний дараа би нэг биш, хоёр эм уух ёстой болсон. Тэгээд багтартлаа уурлалаа. Тэр дарга надад үнэхээр асуудал байгаа эсэхийг огт мэдэлгүй, тунг минь шууд л хоёр дахин нэмсэн. Хүний амийг тэр огт хайхраагүй. Эмнэлэг гэдэг амь аварч, өвчтөнд тусалдаг газар байх ёстой ч Коммунист Нам Христэд итгэгчдийг хяхаж хавчиж болдог газар болсон байсан. Тэд итгэлээс минь л болж надад заналтайгаар хор хөнөөл учруулж байсан юм. Би Намыг голдоо ортол үзэн ядсан.

Эм ууснаас хойш арав хоногийн дараа бие үнэхээр сульдаж эхлэн, бүр алхахад ч хэцүү болоо. Тэдний өгч байсан тэр эмээс үүдэлтэй юм болов уу гэж би гайхсан. Маш богинохон хугацааны дараа бие хямарч байлаа. Анх тийм байгаагүй ч гэсэн тэр эмийг уусаар байвал бие муудахаар байсан. Бас өдөр бүр тэр бүх сэтгэцийн өвчтөнтэй нүүр тулж, шаналж, сэтгэлээр унаад тарчилснаасаа болж сэтгэцийн асуудалтай болох гэж байх шиг санагдсан. Би Бурханд маш их залбирч байсан юм. Бурханы үгийн удирдамжийн ачаар л би үүнийг даван туулсан. Нэг удаа залбирсныхаа дараа Эзэн Есүс Лазарыг булшнаас нь гаргасныг бодсон санагдаж байна. Лазар үхээд дөрөв хонож, цогцос нь аль хэдийн өмхийрч байсан, гэхдээ Бурхан хэдхэн үгээр Лазарыг эргэн амилуулсан шүү дээ. Бурхан төгс хүчтэй. Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг. Тийм болохоор миний амь ч Бурханы гарт байгааг мэдсэн. Тэгээд Бурханы хэлсэн ийм үгийг бодлоо: “Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг). Миний тэр эмд галзуурах эсэх, эмнэлгээс хэзээ гарах эсэх нь бүгд Бурханы гарт байсан. Би итгэж, Бурханд түшиглэснээр үүнийг туулах ёстой байлаа. Ингэж бодоод итгэл минь бэхжиж, тэгтлээ их айхаа больсон.

Хоёр долоо хоногийн дараа нэг орой би гэр бүл рүүгээ залгаад, эмнэлгээс эртхэн гарч болох эсэхээ харж болох юм гэж бодлоо. Маргааш өглөө нь нөхрөө эмнэлэг дээр ирэхээр нь намайг тэндээс гаргаад өг гэж хэлсэн. Тэр эмнэлэг хүнд тохирох газар биш байна, тэнд хэт удаан байвал эрүүл хүн галзуурна гэж хэллээ. Нөхөр маань ах руу залгаад, энэ тухай хэлэлцсэн. Утасны цаанаас ах маань, “Эхлээд итгэхээ болино гэх баталгаанд гарын үсэг зуруул, дараа нь гаргаж болно. Итгэсээр байна гэвэл тэндээ үхнэ биз” гэж хэлэх нь сонсогдлоо. Мах цусны минь тасархай болох ах маань тийм юм хэлнэ гэж би хэзээ ч төсөөлөөгүй. Энэ нь үнэхээр сэтгэл хиртхийм байлаа. Ах маань гэр бүл биш, хүн дүртэй диавол байсан юм! Намайг гаргаж авах ямар ч санаагүй байгааг нь хараад, тэнд зүгээр л хаягдчихвал хэзээ ч гарах гарц олдохгүй юм байна, тэгвэл би итгэлээ яаж хэрэгжүүлэх билээ гэж дотроо бодсон. Иймээс би нөхөртөө овжиноор тэгнэ гэлээ. Тэгээд нөхөр маань намайг гэр лүү авч явахыг зөвшөөрсөн. Нөхөр маань намайг цаг үргэлж газар сайгүй мөшгөж байлаа. Цуглаанд явуулахгүй, бас Бурханы үг уншуулахгүй байсан. Заримдаа үдээс хойш бүр дуг хийж байхад Бурханы үгийг уншиж байгаа эсэхийг минь харахаар орж ирнэ. Гэсэн ч би ЭмПи-5 тоглуулагчаар Бурханы үг нууцаар уншиж чаддаг байлаа. Дараа нь нэг өглөө тоглуулагчаа цэнэглэж байгаад нөхөртөө баригдчихсан. Нөхөр маань тоглуулагч булааж аваад, багтартлаа уурлан, “Чи яахаараа итгэсээр байдаг байна аа? Чи баригдаад, шоронд орж, чамаас болж хүү маань ажилгүй болбол хүүтэйгээ чи ямар нүүрээрээ уулзах гээ вэ? Цаашид Бурханыг дагахыг чинь зөвшөөрөхгүй” гэж над руу хашхичлаа. Тэгж хэлж байхдаа намайг чанга түлхэж, би толгойгоо орны өнцөгт түг хийтэл цохисон юм. Яаж тийм заналтай байж чадсаныг нь ойлгохгүй байлаа. Би зүгээр л Бурханд итгэсэн. Ямар ч буруу зүйл хийгээгүй байхад минь надад тийм муухай хандаж байсан юм. Намайг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлээд зогсохгүй одоо өөдөөс гар далайж, Бурханы үг уншуулахгүй байлаа. Би сэтгэл улам бүр хямраад, Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Манай нөхөр надад муухай хандаж, би сул дорой болж байна. Энэ замд яаж үлдэхээ мэдэхгүй байна. Намайг замчлаач!” гэсэн. Дараа нь Бурханы ийм үг бодогдсон юм: “Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, дэлхий ертөнц өөрсдийг нь хаясан, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, өөрсдийг нь Бурхан хайрладаггүй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон дээд цэгтээ хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс! Хүн Өөрийг нь хайрлаасай хэмээн Бурхан хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихэсдэг бөгөөд хүн Түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг… Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). Хэдийгээр би тэр хүндрэл бэрхшээлээс болж зовж байгаа ч миний итгэлийг төгс болгох, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийх боломж олгохын тулд Бурхан тэр нөхцөлийг ашиглаж байгаа гэдэг нь Бурханы үгийг тунгааснаар тодорхой болсон. Энэ нь Бурханы хайр байлаа. Гэтэл би Бурханы хүслийг ойлголгүй, зовлонгоосоо болж сул дорой, сөрөг болсон. Тэгээд хэчнээн хулчгар байснаа олж харсан даа. Дараа нь нөхөр маань намайг Бурханд итгэдэггүй болгох гээд байгаа тухай бодсон. Үхэх, сэхэх эсэхийг минь үл хайхран, намайг өөрийн биеэр сэтгэцийн эмнэлэгт авааччихаад, одоо бүр намайг зодсон. Тухайн үед нөхөр маань Бурханыг үзэн яддаг, Бурханыг эсэргүүцэгч чөтгөр гэдгийг үнэхээр ойлгосон. Тэгээд Бурханы хэлсэн үгийг саналаа: “Итгэгчид, үл итгэгчид нь хоорондоо таарамжгүй; харин ч нэг нэгнийхээ эсрэг байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Нөхөр бид хоёр өөр өөр замаар яваа хоёр өөр төрлийн хүмүүс байсан. Нөхөр минь намайг яаж ч дарлалаа гэсэн би Бурханыг дагасаар л байна. Би боогдохгүй. Иймээс би нөхөртөө, “Хоёулаа салцгаая. Чи ертөнцийн замаар явж, мөнгө хөөцөлдөж байна, харин би итгэлийн замаар замнаж байна. Хоёулаа хоёр өөр замаар замнаад, нийтлэг юмгүй байна. Чи хүүгийнхээ төлөө айж байгаа юм чинь хоёулаа салах хэрэгтэй. Тэгвэл миний итгэл та хоёрт нөлөөлөхгүй. Өмч хөрөнгөөс маань юу ч надад хэрэггүй. Надад зүгээр л Бурханыг дагаж болох өрөө, амьдрах газар хэрэгтэй байна” гэлээ. Нөхөр маань, “Чамайг сайн хүүхэн гэдгийг мэднэ ээ. Би салмааргүй байна” гэсэн. Тэгэхээр нь би нөхөртөө, “Салмааргүй байгаа бол чи эрх чөлөөг минь өг. Би итгэгч, харин чи надад саад болж болохгүй” гэлээ. Нөхөр маань, “Чи эрх чөлөөтэй байж болно оо, гэхдээ эхлээд Төгс Хүчит Бурханыг орхино гэх гэрээнд надтай гарын үсэг зурах хэрэгтэй!” гэсэн. Үүнийг нь сонсоод, “Би итгэсээр байх ёстой. Тэр гэрээнд гарын үсэг зурж чадахгүй” гэлээ. Нөхөр минь хэлэх үггүй болсон. Дараа нь, итгэлийг минь хорьж чадахгүй гэдгээ ойлгоод, итгэлээ хэрэгжүүлэхэд минь тэгтлээ их саад хийдэггүй болсон. Би ч чуулганы амьдралаар амьдарч, үүргээ хэвийн гүйцэтгэж чадсан.

Би нэг орой шинэ итгэгчдийг услах тухай хэлэлцэхээр ойролцоо амьдардаг тэр эгчтэй уулзахаар явсан юм. Биднийг дөнгөж суусны дараа хүү маань гарч ирээд, тэр эгчид багтартлаа уурлан, “Та манай ээжийг итгэгч болгосон хүн байна!” гэлээ. Дараа нь тэр эгчийг цохих гэсэн. Би хүүгээ болиулахаар яаран тэвэрч авсан юм. Хүү маань дүрсхийн уурлаж, намайг гэр лүү чирч аваачаад, “Та үүнийгээ болих ёстой. Танай Чуулганы талаар онлайнаар юу гэж байгааг хар л даа” гэж ууртайгаар хэллээ. Тэгээд Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдсэн Коммунист Намын хэдэн худал хуурмагийг давтсан. Дараа нь хүү минь, “Аав аа, сэтгэцийн эмнэлэг рүү залгаад, ээжийг тийш нь буцаа” гэж хашхичлаа. Тэгж хэлэхийг нь сонсоод толгой задрах гэж байх шиг санагдсан. Хүү минь ажлынхаа төлөө аавтайгаа хүч нэгтгэн, итгэлийг минь хорино гэж би хэзээ ч төсөөлөөгүй. Энэ нь харгис байлаа. Нөхөр маань сэтгэцийн эмнэлэг рүү залгаж байгааг сонсож болохоор байсан, харин нөгөө талаас эмнэлэг дүүрсэн байгаа гэж хэлэх нь сонсогдсон юм. Нөхөр маань, “Цагдаа дуудаад, шууд өгөөд явуулчихъя” гэлээ. Хүү маань, “Ээжийг тэнд хорьж болохгүй ээ. Манай туулай үржүүлдэг байсан өнөөх харанхуй өрөөнд л байлгаж байвал ямар вэ?” гэж хариулсан. Тэгээд тэр хоёр намайг хүчээр тэр өрөөнд аваачаад, төмөр хаалгыг түгжчихээд яваад өглөө. Нөхөр хүү хоёр маань Намд хууртаад, надад тэгтлээ харгислахад хүрснийг хараад үнэхээр жихүүдэс хүрч, Коммунист Намыг зүрх сэтгэлийнхээ угаас бүр ч их үзэн ядсан. Надад Бурханы ийм үг бодогдсон доо: “Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж,1 балмад догшин, хорлонтой байж, чѳтгѳрийн энэ хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан2 байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь халхалж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг… Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэд тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Намынхан Христэд итгэгчдийг баривчилж, хяхаж хавчиж, Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай элдэв янзын цуу яриа, гүжирдлэг тарааж, гэр бүлийнхнийг нь үүнд татан оролцуулдаг. Иймээс манай гэр бүл Намд төөрөлдөж, тэдний аяыг дагаж, намайг Бурханд итгүүлэхгүй байх гэж хичээн, бүр биечлэн сэтгэцийн эмнэлэгт аваачаад, тамлуулсан. Тэгээд намайг дахиад л хорьж байлаа. Бүрэн аз жаргалтай гэр бүл иймдээ тулсан. Нам л жинхэнэ уруу татагч байсан, би тэр чөтгөрийг зүрх сэтгэлийнхээ угаас үзэн ядсан юм.

Төд удалгүй хүү маань сандал авчран, төмөр хаалганы гадна суугаад, “Ээж ээ, та Бурханд итгэхээ болих хэрэгтэй. Бизнес эрхэлж байхдаа та үнэхээр шаргуу ажилласан, боловсролыг минь санхүүжүүлэх амаргүй байсан шүү дээ. Одоо би ажиллаж, багахан мөнгөтэй боллоо. Миний мөнгөөр аялалд явбал яасан юм бэ?” гэлээ. Ингэж хэлэхээр нь би Сатаны заль мэх байна гэж ухаарсан учраас хүүдээ, “Ээж нь итгэгч болохоосоо өмнө мөнгө олохыг л хүсдэг байлаа. Энэ нь амьдрах хэцүү, эцэж цуцмаар арга байсан. Одоо би Бурханыг олж, зарим үнэнийг ойлгосон болохоор амьдрал минь хавьгүй илүү эрх чөлөөтэй, аз жаргалтай болсон. Та хоёр намайг мөрөөр нь орхиж болохгүй нь үү? Чи ээжийгээ голж, аав чинь надаас саллаа ч би итгэсээр байх болно. Би энэ замд үнэнч байна” гэсэн. Хариуд нь хүү минь нэг ч үг хэлэлгүй, зүгээр л яваад өглөө. Итгэлийг минь бэхжүүлж өгсөнд нь Бурханд би үнэхээр талархаж, үнэнхүү амар амгаланг мэдэрсэн. Тэгээд ийм магтан дуу дуулж эхэллээ. “Зүрх сэтгэл минь Төгс Хүчит жинхэнэ Бурхан Таных. Шоронгийн хорио биеийг минь л хянаж чаддаг. Таныг дагах алхааг минь зогсоож чадахгүй. Шаналал зовлон, бартаат зам, Таны үг замчилж байхад зүрх сэтгэл минь айдасгүй, Таны хайр хань болж байхад сэтгэл минь хангалуун” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Харамсахгүй сонголт”). Бурхан дэргэд минь байгааг би мэдэрч чадсан. Эргэн тойрон дахь юу ч харагдахгүй тэр харанхуй, умгар өрөөнд сууж байхдаа ч би шаналаагүй. Маргааш өглөө нь хүү минь гэнэт хаалга онгойлгож, намайг гаргаад, “Ээж ээ, одоо бид таныг зөнд нь орхиё. Та хүссэн бүхнээ хийж болно” гэлээ. Тэгж хэлэхээр нь Сатан шившиглэгдэж, ялагдсан гэдгийг мэдээд, Бурханд талархсан юм.

Коммунист Намын баривчилгаа, гэр бүлийнхээ дарлалыг туулсан явдал Намын чөтгөрлөг, Бурханыг эсэргүүцэгч мөн чанарыг бүрэн харахад минь тус болсон. Тэд итгэгчдийг баривчилж, хяхаж хавчиж, хүмүүсийг хуурахын тулд элдэв янзын худал хуурмаг тарааж, итгэгчдийн гэр бүлийнхнээр итгэлд нь саад хийлгэдэг. Тэд Христэд итгэгч гэр бүлүүдийг сүйрүүлж буй буруутан. Манай гэр бүлийнхэн Намын аяыг дагаж, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө итгэлд минь саад хийж, тэр ч бүү хэл үхэх, сэхэх эсэхийг минь огт бодолгүй намайг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тэд Бурханы эсрэг мөн чанартайг би эцэст нь харсан, тэгээд дахин хэзээ ч тэдэнд боогдохгүй. Бурхан л биднийг хайрладаг, Бурхан л биднийг аварч чаддаг гэдгийг энэ туршлага надад харуулсан юм. Хамгийн их шаналж, арга мухардаж байх үед минь Бурхан үгээ ашиглан намайг гэгээрүүлж, тайтгаруулж, урамшуулж, тэр хэцүү өдөр хоногуудыг даван туулахад намайг замчилсан. Одоо би Бурханы хайр маш бодитойг биечлэн мэдэрсэн учир Бурханыг дагаж, үүргээ биелүүлмээр байна. Үүндээ би хэзээ ч харамсахгүй.

Тайлбар:

1. “Ул үндэсгүй буруутгах” гэдэг нь хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.

2. “Хатуу чанд хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга тун хэрцгий бөгөөд хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.

Дараах: Салаа зам

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Байр сууриа алдсаны дараа

Хуйминь, Хэнань муж Хэн нэгэн хүн удирдагчийн байр сууринаас халагдаад гутарч, сул дорой, дүнсгэр болохыг харах болгондоо тэднийг би дорд...

Үүргээ алдсан тухай эргэцүүлэл

Ван Лин, Өмнөд Солонгосын Би гагнуур хийх чадвартай болохоор 2017 онд чуулганы зарим нэг ажлыг зохицуулах даалгавар авсан юм. Энэ үүрэг...

Leave a Reply