ХКН-ын хатуу хавчлага Бурханыг гэх хайрыг минь л батжуулдаг

2021-01-23

Ли Жи, Ляонин муж

2000 онд, надад Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг сонсох аз завшаан тохиосон юм. Бурханы үгийг уншаад би Бурханы нэрсийн нууц, Бурхан бие махбодтой болохын нууц, Бурханы ажлын гурван үе шат хүн төрөлхтнийг хэрхэн авардаг, мөн хүнийг хэрхэн бүрэн өөрчилж, ариусгаж, төгс болгодог гэх мэт зүйлийн талаарх үнэнийг ойлгож авсан билээ. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт би итгэлтэй болсон бөгөөд Бурханы хаанчлалын сайн мэдээг баяртайяа хүлээн зөвшөөрөв. Үүний дараа чуулганы амьдралд идэвхтэйгээр оролцож, сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийсэн юм. 2002 онд би сайн мэдээ түгээдгээрээ орон нутагтаа танигдаж, ХКН-ын цагдаа нарт баривчлагдах байнгын аюулд байх боллоо. Үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхийн тулд би гэр орноосоо зугтахаас өөр аргагүй болсон юм.

ХКН-ын засгийн газар телефон утсыг үргэлж Христэд итгэгчдийг хянах, баривчлах арга болгон ашигладаг байсан тул би гэрээсээ явсныхаа дараа гэр бүлийнхэн рүүгээ утасдаж зүрхлээгүй юм. 2003 оны эхэн гэхэд би гэр бүлийнхнээсээ хол бараг нэг жил болсон байсан бөгөөд гэрийнхнээ маш их санаж байсан тул нөхөртэйгөө уулзахаар хадам ээжийнх рүүгээ явлаа. Нөхрийн дүү эргээд ирснийг минь хараад манай ээж рүү утасдаж, хадам ээжийнхээ гэрт байгааг минь хэлжээ. Хачирхалтай нь, гурван цагийн дараа Хотын Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчооны дөрвөн цагдаа хадам ээжийн маань гэрт цагдаагийн машинаар ирсэн юм. Тэд гэрт орж ирмэгцээ надад, “Бид Хотын Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчооноос явж байна. Чи Ли Жи мөн биз дээ? Манай эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад чи бараг нэг жил боллоо, тэгээд одоо л нэг баригдах шив! Бидэнтэй хамт явна даа!” хэмээн ширүүхэн хэлэв. Би асар их айж, “Өө Төгс Хүчит Бурхан минь! ХКН-ын засгийн газар өнөөдөр намайг баривчилж байгаа нь Таны зөвшөөрөл байна. Гэхдээ биеийн хэмжээ минь ийм жаахан, бас би хулчийж, айж байна. Намайг залж чиглүүлж, хамгаалж, итгэл, хүч чадал хайрлаач. Тэд надад яаж ч хандсан бай, би Танд найдаж, гэрчлэлд зогсохыг хүсэж байна. Иудас болж, Танаас урваснаас шоронд орсон минь дээр!” хэмээн зүрх сэтгэлдээ Бурханд тасралтгүй залбирсан юм. Залбирсныхаа дараа би Бурханы эдгээр үгийг бодлоо: “Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Түүнээс гадна, энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүчинд үл дийлдэх буюу довтлогдошгүйa Түүний бэлгэ тэмдэг …(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал). “Тийм шүү. Бурхан дээд эрх барьж, бүх зүйлийг захирдаг. Сүүлийн хэдэн жилд, ХКН-ын засгийн газар Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээхэд саад хийж, үймүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн, гэсэн ч Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, шашин, урсгал бүрийн хүмүүс Бурханы дуу хоолойг сонсоод Түүний сэнтийн өмнө эргэн очиж, эцсийн өдрүүд дэх авралыг нь хүлээн авсан. Бурханы ажлыг ямар ч хүч зогсоож чадахгүй, нэг ч хүн үүний замд хөндөлсөж чадахгүй гэдэг нь эндээс харахад тодорхой юм. Хэдий би одоо ХКН-ын цагдаа нарын гарт орсон ч тэд өөрсдөө Бурханы гарт байгаа бөгөөд Бурхан хажууд минь байгаа болохоор айх юм алга!” хэмээн дотроо бодлоо. Бурханы үг надад итгэл, хүч хайрлан, би аажмаар тайвширч эхлэв.

ХКН-ын хатуу хавчлага Бурханыг гэх хайрыг минь л батжуулдаг

Хотын Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоон дээр ирсний дараа намайг байцаалтын өрөө рүү аваачлаа. Цагдаа нар бүсийг минь хурааж, гутал хувцас, оймсыг минь тайлаад, намайг нэгжив. Дараа нь нэг цагдаа: “Алив, мэддэг бүхнээ хурдхан хэл. Чи хэр удаан итгэгч байсан бэ? Хэн чамд үүнийг номлосон бэ? Чуулганы удирдагчид чинь хэн бэ? Чи хэр олон хүнд номлосон бэ? Чуулганд юу хийдэг вэ?” хэмээн хашхирсан юм. Намайг асуултад нь хариулахгүй болохоор тэр бантсандаа дүрсхийн уурласан ба “Ярьж эхлэхгүй бол чамайг яриулах өчнөөн арга бий шүү!” хэмээн ориллоо. Ингэж хэлэх зуураа намайг ширүүхэн татаад сандал дээрээс шал руу унагав. Хоёр цагдаа миний хөлөн дээр гишгэх зуур нөгөө хоёр нь нуруун дээр чанга дэвсэлж байлаа. Толгойг минь шал руу савах шахсан бөгөөд амьсгал авахад хэцүү байв. Дараа нь нэг цагдаа харандаа аваад миний хөлийн улан дээр хойш урагш зөөлхөн зурсан нь өвтгөхийн зэрэгцээ гижиг хүргэлээ. Энэ нь тэвчихийн аргагүй байв; амьсгалахад маш хэцүү байсан тул би бүтэж үхэх шахсан бөгөөд үхлээс айх айдаст автлаа. Цагдаа нарын нэг нь: “Чи хэлэх үү, үгүй юу? Хэлэхгүй бол үхтэл чинь тамлана шүү!” хэмээн сүрдүүлэв. Энэ бүлэг цагдаагийн тамлал, сүрдүүлгийн өмнө би үнэхээр их айн, үхтлээ тамлуулах вий гэхээс санаа зовж байлаа. Гэрчлэлд зогсож, мөн хэзээ ч Иудас болохгүй, Бурханаас урвахгүй байхын тулд би гагцхүү итгэл, хүч хайрлаж, намайг хамгаалахыг гуйн Бурханд залбирсаар байв. Залбирсны дараа Бурханы ийм үг санаанд орлоо: “Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахдаа саад бэрхшээлтэй тулж, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс санаа амар гаталж чаддаг. Хэрэв хүн бүрэг, аймхай бодолтой аваас Сатанд хууртагдаж буй хэрэг юм. Сатан биднийг итгэлийн гүүрийг гаталж, Бурхан руу орох вий гэж айдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг). Бурханы үгэнд зоригжсон би дотроос хүч чадал ундрахыг даруй мэдэрсэн бөгөөд хулчгар зан, үхлээс айх айдас минь Сатаны тоглоом тохуу болсны үр дүн байсныг ухаарсан билээ. ХКН-ын засгийн газар надад харгис эрүү шүүлт амсуулснаар эзэрхэг дарангуй эрх мэдэлдээ хүчээр буулган авна, намайг үхлээс айн, ямар ч зовлон амсахгүй гэсэндээ чуулганыг худалдан, Бурханаас урвагч Иудас болно гэж дэмий горьдож байв. Сатаны зальжин явуулга биелэхийг би яавч зөвшөөрч чадахгүй байсан бөгөөд амиа золиод ч хамаагүй Бурханы гэрчлэлд зогсохоор шийдсэн юм. Цагдаа нар намайг урьдын адилаар үргэлжлүүлэн тамласан ч би тэгтлээ их айхаа болив. Энэ бол Бурхан надад өршөөл, хамгаалалтаа үзүүлж буй хэрэг гэдгийг би тэгэхэд мэдсэн ба Түүнд асар их талархаж байлаа.

Дараа нь хоёр цагдаа намайг сандлаас гавлаад, урьдын асуултаа дахин хатуухан асуув. Бас л хариулахгүй байгааг минь хараад, тэд эрүү шүүлтээ эрчимжүүллээ. Тэд хоёр гарыг минь эгцлээд, дараа нь хүчтэй хойш татаж, нурууны ард өргөлөө. Тэр даруй хоёр гар салж унах гэж байгаа мэт санагдан, ханзрах мэт өвдөлтөд хамаг биеийн хар хөлс асгарсан бөгөөд би өөрийн эрхгүй орь дуу тавив. Дараа нь хоёр хөлийг минь толгойноос дээш өргөөд, хоёр тийш чангаалаа. Часхийсэн өвдөлтөд би ухаан алдах шахав. “Өө Төгс Хүчит Бурхан минь! Энэ шаналлыг тэвчих итгэл, хүч чадал, шийдэмгий байдал хайрлаач. Та миний сүнсийг хүчирхэгжүүлэх баттай түшиг тулгуур байх болтугай. Энэ бүлэг чөтгөрүүд ямар ч харгис арга мэх ашигласан бай, би үргэлж Танд найдан, гэрчлэлд зогсоно” хэмээн зүрх сэтгэлдээ би Бурханд залбирсаар байсан юм. Залбирсны дараа Бурханы үгийн магтан дуу санаанд орлоо: “Шалгалт туулах явцдаа хүмүүс сул дорой, дотроо сөрөг байх юм уу Бурханы хүслийг ойлгохгүй, эсвэл хэрэгжүүлэлтийн замынхаа талаар тодорхой мэдэхгүй байх нь хэвийн зүйл. Гэхдээ товчхондоо чи Бурханы ажилд итгэлтэй байж, яг Иов шиг Бурханыг үгүйсгэхгүй байх ёстой. … Ийм маягаар, төгс болгодог зүйл нь хүмүүсийн итгэл, хүсэл тэмүүлэл юм. Чи үүнд хүрч, эсвэл харж чадахгүй; яг иймэрхүү хүрч, харж чадахгүй нөхцөл байдалд чиний итгэл шаардагддаг. Энгийн нүдээр харах боломжгүй зүйлд хүмүүсийн итгэл шаардагддаг ба өөрийн үзлийг орхиж чадахгүй байх үед чиний итгэл шаардлагатай байдаг. Бурханы ажлыг ойлгохгүй байгаа үед чиний итгэл хэрэгтэй бөгөөд чи баримтлах ёстой байр суурь болон гэрчлэлдээ бат зогсох хэрэгтэй. Иовыг энэ түвшинд хүрэх үед Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн итгэлээрээ л чи Бурханыг харж чадах бөгөөд чамайг итгэлтэй байх үед Бурхан чамайг төгс болгоно(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Шалгалтад итгэл шаардлагатай”). Бурханы үг надад асар их итгэл, хүч өгсөн юм. Иов бүх бие нь хөндүүр яр хатгинд баригдаж, аймшигтай их өвдөлт амсан, үлэмж их шалгалт туулсан нь бодогдов. Гэсэн ч Иов өвдөлтөө үл харгалзан Бурханы хүслийг эрж хайж чадсан; тэр өөрийн үгээр нүгэл үйлдээгүй, Бурханыг үгүйсгээгүй, харин ч Бурханыг дуулгавартай дагаж, ариун нэрийг нь шагшсан билээ. Иовд Бурханыг гэх жинхэнэ итгэл, хүндлэл байсан тул Бурханы гэрчлэлд зогсож, Сатаныг бүрэн шившиглэн, ялж чадсан бөгөөд эцэст нь Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан юм. Надад одоо тохиолдож буй гай зовлон, шалгалтыг ч Бурхан зөвшөөсөн. Бурханы хүслийг би бүрэн ойлгоогүй, махан бие минь туйлын их шаналж байсан ч үхэх, сэхэх эсэхийг минь Бурхан л шийддэг бөгөөд цагдаа нар намайг яаж ч тамлалаа гэсэн Бурханы зөвшөөрөлгүйгээр хэзээ ч миний амийг авч чадахгүй. Энэ цагдаа нар гаднаа догшин харагддаг ч Бурханы өмнө бол цаасан барс, Бурханы гар дахь багаж хэрэгслээс цаашгүй билээ. Бурхан итгэлийг минь төгс болгохын тулд тэдний харгислал, хавчлагыг ашиглаж байсан бөгөөд би Бурханд үнэнч хэвээр үлдэж, өөрийгөө Түүний гарт бүрмөсөн даатган, Сатаныг ялж, цагдаа нараас айхаа болихын тулд Бурханд найдахыг хүслээ.

Цагдаа нар намайг ахин дахин тамласан юм. Ам нээхгүй хэвээр байгааг минь хараад нэг цагдаа 50 см орчим урт цагаан ган шугамаар нүүрэн дундуур хорлонтой ороолгож эхлэв. Хэчнээн удаа ороолгосныг нь бүү мэд; нүүр минь хавдаж, халуу дүүгэн өвдөж байлаа. Нүдэнд гагцхүү гал маналзах л харагдан, толгой дүйрч байсан юм. Дараа нь хоёр цагдаа арьсан гутлынхаа өсгийгөөр гуян дээр минь дэвслэв. Цохилт бүр нь намайг янгинатал өвтгөж байлаа. Шаналахдаа би гагцхүү зүрх сэтгэлдээ Бурханыг чин сэтгэлээсээ дуудаж, ХКН-ын цагдаа нарын амсуулсан харгис тамлалыг даван гарахын тулд намайг хамгаалахыг Түүнээс гуйж байлаа.

Маргааш өглөө нь 8 цагт Эрүүгийн Цагдаагийн Албаны дарга байцаалтын өрөөнд орж ирэв. Цагдаа нар надаас ямар ч мэдээлэл авч чадаагүйг тэр сонсоод, “Чи хэлэхгүй гэж байгаа юм биз дээ? Хм! Тэгэхийг чинь харъя л даа!” хэмээн ширүүхэн хэллээ. Тэгээд тэр гарч одов. Үдээс хойш иргэний үнэмлэх барьсан махлаг цагдаа над дээр ирээд, “Чи энэ хүнийг таних уу?” хэмээн асуулаа. Манай тосгоноос гаралтай, чуулганы эгч байхыг би даруй таньсан юм. Тэгээд, “Юу ч болж байсан би эгчийгээ худалдах ёсгүй” гэж бодлоо. Тэгээд би: “Үгүй ээ, танихгүй юм байна” гэж хариулав. Тэр цагдаа нүдээ онийлгон, ширээн дээр байсан цахилгаан бороохойг шүүрэн авлаа. Тэгээд нүүрний минь өмнүүр үүгээрээ зангаж, “Чи гөжүүд хүн юм аа. Чуулганы удирдагч гэдгийг чинь бид мэднэ, тэгэхээр үнэнээ хүлээ! Чуулганд чинь хэдэн гишүүн байдаг вэ? Чуулганы мөнгө хаана байна? Хэрвээ хэлэхгүй бол чамд энэ цахилгаан бороохойн амтыг үзүүлнэ шүү!” хэмээн заналтайгаар хэлсэн юм. Цагдаагийн харгис хэрцгий царайг хараад би туйлын их айж, Бурханд даруйхан чимээгүй залбирлаа. Яг тэр үед Бурханы энэ үг санаанд орсон юм: “Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан гарцаагүй чамтай хамт байна; Тэр та нарыг хамгаалж, бамбай чинь болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 26-р бүлэг). Бурханы эрх мэдэлтэй үг надад итгэл, хүч чадал өгсөн бөгөөд тэр даруй түшиж тулах зүйл байгаа мэт санагдсан юм. Би дотроо: “Бурхан бол төгс хүчит, харин Сатан болон чөтгөрүүд хэчнээн харгис хэрцгий ч гэлээ бас л Бурханы гарт байдаг бус уу? Төгс Хүчит Бурхан бол миний бат бөх хамгаалалт, надад айх юм юу ч үгүй!” хэмээн бодлоо. Тэгээд би хайнга байдлаар “би юу ч мэдэхгүй” хэмээн хариулав. Махлаг цагдаа: “Юу ч мэдээгүйнхээ төлөө үүнийг хүрт!” гэж хорсолтой хэллээ. Ингэж хэлэнгээ гав руу минь цахилгаан бороохойгоо хүргэсэн бөгөөд хүчтэй цахилгаан гүйдэл бүх биеэр минь тарж, тэсэхийн аргагүй өвтгөв—шаналгааг нь үгээр дүрслэх аргагүй байлаа. Цагдаа намайг бороохойгоор цохисоор байсан ба бараг тэвчиж чадахаа болих үед минь гайхамшиг тохиолдлоо: Бороохойн цэнэг дуусчээ! Би Бурханы төгс хүчин, дээд эрхийг нүдээр үзсэн төдийгүй Бурхан үргэлж хажууд минь байж, намайг харж хандаж, хамгаалж, сул талыг минь бодолцож байсан гэдгийг мэдэрсэн билээ. Итгэл минь нэмэгдэж, Бурханы төлөө гэрчлэл зогсох шийдвэр минь батажсан юм.

Дараа нь цагдаа нар юм ярих шинжгүй байгааг минь хараад, намайг хоёр хоёроороо ээлжлэн маналаа. Тэд надад хоол унд идүүлэхгүй, бүр унтуулах ч үгүй байв. Намайг зүүрмэглэж эхэлмэгц цохиж өшиглөн, үүгээрээ хүсэл зоригийг минь мохооно хэмээн горьдож байлаа. Гэвч Бурхан намайг залж чиглүүлэн, тэдний зальжин явуулгыг нэвт харсан бөгөөд Бурханд чимээгүйхэн залбирч, оюун санаандаа магтан дуу дуулж, Бурханы үгийг тунгаан бодсоноор нэг л мэдэхэд сэтгэл минь дээрдлээ. Харин энэ цагдаа нар байнга кофе уухж байсан ч маш их ядарч, эвшээсээр байсан юм. Тэдний нэг нь гайхширан, “Түүнийг явуулаад байдаг ямар нэгэн ид шидтэй хүч байж таарна, эс бөгөөс ийм их эрч хүч хаанаас гарах вэ дээ?” гэж хэлэв. Цагдаагийн ингэж хэлэхийг сонсоод би Бурханы агуу хүч чадлыг ахин дахин магтсан юм. Учир нь энэ бүхэн Бурханы үгийн удирдамжийн ач байсан ба Бурханы амийн хүч намайг түшиж, итгэл, хүч өгч байгааг би сэтгэлдээ сайн мэдэж байлаа. Цагдаа нар өөр ямар харгис эрүү шүүлт тулгахыг би тэр үед мэдэхгүй байсан ч дараагийн байцаалттай нүүр тулахдаа Бурханд найдах итгэл надад байсан бөгөөд “ХКН-ын засгийн газрын эзэрхэг дарангуй хүчинд хэзээ ч бууж өгөхгүй, харин Бурханы төлөө гэрчлэлд зогсоно!” гэж шийдсэн юм.

Гурав дахь өдрийнх нь орой Эрүүгийн Цагдаагийн Албаны дарга надад аяга халуун ус хийж өгөөд, санаа тавьсан царайлж, ийнхүү хэлсэн юм: “Одоо тэнэглэх хэрэггүй дээ. Хэн нэгэн чамайг аль хэдийн худалдчихсан, тэгэхээр бусад хүний төлөө энэ бүхнийг тэвчих ямар хэрэгтэй юм бэ? Зүгээр л мэддэг бүхнээ хэлчих, тэгвэл би чамайг тавьж явуулна гэж амлая. Бага балчраараа байгаа хүүд чинь эхийнх нь хайр хэрэгтэй. Чи сайхан амьдарч болох байтал Бурханд итгэн амьдралаа үрж байна шүү дээ! Бурхан чамайг аварч чадахгүй, харин бид бол чадна. Чамд ямар ч бэрхшээл тулгарлаа гэсэн бид тусалж чадна, бас эндээс гарах үед чинь сайхан ажил олоход тусалж болно…” Түүний үгийг сонсоод би жаахан хүүгээ өөрийн эрхгүй бодон, баривчлагдсанаас минь хойш яажшуухан байгаа бол гэж гайхлаа. Үл итгэгч найз нөхөд, хамаатан садан маань түүнийг дооглох болов уу? Сургууль дээр ангийнхан нь дээрэлхэх болов уу? Яг сул дорой болж эхлэхэд минь Бурхан Өөрийн үгийн энэ хэсгээр намайг гэгээрүүлсэн юм: “Та нар хором бүрд сэргэг, хүлээсэн байдалтай байх ёстой ба Миний өмнө улам их залбирах ёстой. Сатаны янз бүрийн сүлбэлдээн, зальхай хуйвалдаануудыг танин мэдэж, сүнсийг, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, юмс, зүйлсийг ялган таних чадвартай байх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 17-р бүлэг). Гэр бүлийнхнээ гэсэн сэтгэлийг минь ашиглан Сатан намайг уруу татаж, Бурханаас урвуулах гэж байсныг би Бурханы үгийн гэгээрлээр тодорхой ухаарсан юм. Хүүгээ бүхнээс илүү хайрладгийг минь Сатан мэдэж байсан бөгөөд өөрийнх нь санаа бодлыг илэрхийлэгч болох цагдааг ашиглан над руу дайрч давшилж, намайг сорьж, хүүгээ гэсэн хайраасаа болж ах эгч нараа худалдахад намайг хүргэх гэж байлаа. Би тэгээд эцэст нь Бурханаар хараагдаж, шийтгүүлж дуусах Бурханаас урвагч Иудас болох байв—Сатан үнэхээр хар санаатай, хорлонтой юм! Би хүүгээ харж хандан хамт байж чадаагүй тухайгаа бодсон боловч ХКН-ын засгийн газар Бурханы дайсан учраас, мөн Христэд итгэгчдийг улайран баривчилж, хавчдагаас энэ бүхэн болоогүй гэж үү? Гэтэл энэ бүхэн Бурханд итгэдгээс минь болсон гэж цагдаа нар хэлж байлаа. Ингэж хэлснээрээ тэд үнэнийг орвонгоор нь эргүүлж, бодит баримтыг гуйвуулж байгаа бус уу? ХКН-ын засгийн газар маш ичгүүр сонжуургүй, хорон муу юм! Иймээс цагдаа юу ч хэлсэн бай, би ямар ч анхаарал хандуулсангүй. Хатуу зөөлөн аргын аль алинд автахгүй байгааг минь хараад тэр унтууцан явж одлоо. Бурханы удирдамж, хамгаалалт дор би Сатаны уруу таталтыг дахин нэгэнтээ ялан дийлсэн билээ.

Тэр оройн 8 цаг өнгөрч байхад махлаг цагдаа гартаа том цахилгаан бороохой барьсаар эргэж ирсэн бөгөөд гурван аялдан дагалдагч нь түүнийг дагаж явав. Тэд намайг биеийн тамирын заал руу аваачиж, хувцсыг минь хүчээр тайлаад (ердөө дотуур хувцастай минь л үлдээн), намайг гүйлтийн замаас олсоор хүллээ. Нэг нэгнээсээ илүү хорлонтой тэдний царайг хараад би асар их айж, арга мухардсан бөгөөд дараа нь ямар харгис эрүү шүүлт тулгаж, тэр нь хэр удаан үргэлжлэхийг огт мэдэхгүй байв. Тухайн мөчид би маш сул дорой болж, үхлийн тухай бодож эхэллээ. Гэвч ингэж бодох нь буруу гэдгийг даруй мэдсэн тул Бурханд яаран залбирч, Бурханыг дуудлаа: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Та миний зүрх сэтгэлийг мэднэ, би Танаас урваж, түүхэнд урвагч хэмээн бичигдэн үлдэх Иудас болмооргүй байна. Гэхдээ миний биеийн хэмжээ маш жаахан бөгөөд энэ тарчлааны өмнө би маш их шаналж, сул дорой болж байна. Үүнийг тэвчиж чадалгүй, Танаас урвах вий гэж айж байна. Өө Бурхан минь! Намайг хамгаалж, надад итгэл, хүч чадал хайрлаач. Надтай хамт байж, намайг залж чиглүүлж, хөтөлж, энэ харгис эрүү шүүлтийн туршид гэрчлэлд зогсох боломж олгооч.” Залбирсны дараа Бурханы ийм үг бодогдсон юм: “Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). Бурханы үг намайг тайтгаруулж, урам зориг өглөө. Миний сэтгэлд жинхэнэ итгэл, хайр бий болог, зовлонгийнхоо туршид намайг Бурханд үнэнч хэвээр үлдэж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, шалгалт хэчнээн хүнд, зовлон хэчнээн аймшигтай байсан ч Бурханы үгэнд түшиглэн гэрчлэлд зогсог гэсэндээ Бурхан надад ийм харгис эрүү шүүлт тулгахыг зөвшөөрч байгаа гэдгийг эдгээр үг ойлгуулсан юм. Бурханы хүслийг ойлгосон болохоор Сатантай эцсээ хүртэл тэмцэх эр зориг, шийдэмгий зан сэтгэлд минь тэр даруй төрж, би ийм шийдвэр гаргалаа: Би ямар ч эрүү шүүлт туулах ёстой болсон бай, үргэлжлүүлэн амьдармаар байна, мөн зовлон минь хэчнээн ч их болсон бай, эцсийн амьсгал тасрах хүртэл Бурханыг дагана!

Яг тэр үед махлаг цагдаа амандаа тамхи зуусаар хүрч ирээд, “Чи ярих уу, үгүй юу?” хэмээн асуулаа. “Та нар намайг үхтэл минь зодсон ч болно, гэхдээ би юу ч мэдэхгүй” гэж шийдвэртэйгээр хариулав. Хилэгнэсэндээ тэр цагдаа тамхиа шал руу чулуудаад, уур хилэн нь буцлан, миний нуруу, гуя руу цахилгаан бороохойгоор ахин дахин цохилоо. Асар их өвдсөндөө бүх биеийн хүйтэн хөлс асгарч, би өрөвдөлтэйгээр орилсоор байв. Намайг бороохойгоор цохиж байх зуураа тэр: “Ярихгүй байсны чинь шан энэ! Би чамайг орилуулж, хэр удаан тэсэхийг чинь харна даа!” хэмээн бархирлаа. Өрөөн дэх бусад цагдаа хажууд зогсоод хахир дуугаар инээж, “Бурхан чинь яагаад чамайг аврахаар ирэхгүй байна аа?” гэцгээв. Тэд бас Бурханыг доромжилсон өөр олон зүйл хэлсэн юм. Тэдний чөтгөрлөг царайг хараад би Бурханыг үнэн сэтгэлээсээ дуудсан бөгөөд өвдөлт шаналлаа тэвчиж, Сатанаар элэглүүлэхгүйн тулд итгэл, хүч чадал хайрлаач гэж гуйв. Залбирсныхаа дараа би шүд зуун, яаж ч тамлуулсан бай, ганц ч ёолсонгүй. Тэд намайг тасралтгүй тогоор цохиж байлаа. Цахилгаан бороохойн цэнэг дуусах үед тэд өөр нэг бороохой аваад ухаан санааг минь бүрэн балартаж, үхлийг амьдралаас илүүд үзэх хүртэл минь тамласан юм. Би өчүүхэн ч хөдөлж чадахгүй байсан бөгөөд тэд хөдөлгөөнгүй болсныг минь хараад ухаан алдчихлаа гэж бодов. Тэгээд дээрээс минь хүйтэн ус цацаж намайг ухаан оруулаад, үргэлжлүүлэн тогоор цохисон юм. Шаналж байхдаа би Бурханы ийм үгийг бодлоо: “Хамсаатнуудын1 энэ бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, эмх замбараагүй байдлыг өдөөхийн тулд мөнх бус хүмүүсийн дунд ирсэн. Тэдний замбараагүй явдал дэлхий дээр тогтворгүй байдлыг үүсгэж, хүний зүрх сэтгэлд айдас түгшүүр авчирсан … Тэр ч бүү хэл тэд газар дээр дарангуйлагч адил эрх мэдлийг авахыг хүссэн. Тэд, арай ядан урагшлахуйц болтол нь Бурханы ажилд саад тотгор болсон бөгөөд зэс ган хананы цаана байгаа мэтээр хүнийг хаасан. Маш олон нүгэл үйлдэж, маш их төвөг учруулчихаад тэд гэсгээлтээ хүлээхээс өөр зүйлийг хүсэж яаж чадаж байна вэ? Чөтгөрүүд болон муу сүнснүүд газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтыг хааж, тэдгээрийг нэвтэршгүй болгосон. Ямар аймшигтай нүгэл вэ? Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд аймшигтай их саад тотгор, эсэргүүцэл учруулсан. Хэтэрхий тэрслүү! Тэр ч бүү хэл тэдгээр том, жижиг чөтгөрүүд илүү чадалтай диаволын хүчээр онгироо сагсуу болж, түйвээж эхэлсэн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7).

Бурханы үгийн гэгээрэл надад ХКН-ын засгийн газрын жинхэнэ нүүр царайг тодорхой харах боломж олгосон юм. Тэд үнэн болон Бурханыг туйлын үзэн яддаг бөгөөд Төгс Хүчит Бурханы үг хаа сайгүй түгэхээс үхтэлээ айдаг. Өөрсдийн засаглалыг үүрд хадгалахын тулд тэд Бурханы хаанчлалын сайн мэдээ түгэхэд саад болохоор чадах бүхнээ хийн, Бурханы сонгосон хүмүүсийг баривчилж, тамлаж, харгислахын тулд яахаас ч буцдагүй. ХКН-ын засгийн газар эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг устгахыг хүсдэг учраас итгэгчид биднийг ингэж тамлаж, хяхан хавчдаг. Тэд шашин шүтлэгийг бүрмөсөн үгүй хийж, Бурханд итгэж, Бурханыг дагахад нь хүмүүст саад хийж, Хятадыг бурхангүй бүс нутаг болгохоор оролдон, улмаар Хятадын ард түмнийг үүрд хянах хийрхүү зорилгодоо хүрэхийн тулд ингэдэг. ХКН-ын засгийн газар “шашин шүтэх эрх чөлөө” байдаг, “Хятадын ард түмэн хууль ёсны эрх эдэлдэг” гэж гаднын ертөнцөд тунхагладаг ч үнэн хэрэгтээ эдгээр нь бүгд хүмүүсийг хуурч, мэхэлж, урхидах зорилготой илэрхий худал үг, ёрын муу арга замаа нуух гэсэн заль мэх юм! ХКН-ын засгийн газар гажууд авирлаж, тэнгэрт тэрсэлдэг, түүний мөн чанар бол Бурхантай дайсагнадаг Сатан, диавол юм! Яг тэр хоромд би өөрийн эрхгүй чимээгүйхэн сэтгэл шулуудсан юм: Миний төлөө Бурханы төлсөн уйгагүй төлөөсийг би талаар болгох ёсгүй; би шийдвэртэй, мөс чанартай байх ёстой ба ямар ч харгис эрүү шүүлт амсах ёстой боллоо гэсэн, үргэлж Бурханы төлөө гэрчлэлд зогсоно. Яг тэр үед шударга ёс, зөвт байдлын гайхалтай мэдрэмж сэтгэлд минь төрж, Бурхан хажууд минь байж, надад хүч чадал өгч байгаа нь мэдрэгдсэн юм. Дараа нь цагдаа нар намайг яаж ч тогоор цохисон бай, ямар ч өвдөлт мэдрэгдсэнгүй. Би Бурханы гайхамшигт үйл хэргийг дахин нэг удаа нүдээр үзэж, Бурхан надтай хамт байгааг, мөн Бурхан намайг хамгаалж, харж хандаж байгааг гүнээ мэдэрсэн юм. Цагдаа нар намайг дөрвөн цагийн турш тамласан ч мөн л ямар ч мэдээлэл олж авч чадсангүй. Аргаа барсан тэд намайг гүйлтийн замтай хүлсэн хүлээсээ тайлахаас өөр яаж ч чадсангүй. Хамаг биед минь өчүүхэн ч хүч чадал үлдээгүй тул би шалан дээр пид хийн унасан юм. Хоёр цагдаа намайг байцаалтын өрөө рүү чирч аваачин сандал дээр суулгаад, паарнаас гавлав. Тэдний ихэд гонсойсон царайг хараад би өөрийн эрхгүй Бурханд талархал, магтаалаа илэрхийллээ: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Би Таны төгс хүчин, дээд эрхийг мэдэрч, Таны амийн хүч бусад бүх хүчийг ялж чаддагийг харж байна. Бурханд талархъя!”

Дөрөв дэх өдөр нь, байцаалтын өрөөнд таван цагдаа орж ирлээ. Тэдний нэг нь цахилгаан бороохой бариад, цахилгааныг нь шаржигнуулж байв. Хэдэн өдрийн харгис эрүү шүүлтээс болж, тэр аймшигтай хөх гэрэл цацардаг бороохойг хараад би айдас хүйдэст автлаа. Урьд нь намайг байцааж байгаагүй цагдаа ирж, өмнө минь зогсоод, цахилгаан бороохойгоор намайг чичлэн, “Чамайг тун хатуу самар гэж сонслоо. Өнөөдөр яг хэр хатууг чинь би үзнэ дээ. Чиний учрыг олж чадахгүй гэж би бодохгүй байна. Чи хэлэх үү, үгүй юу? Үгүй гэвэл чи яг өнөөдөр үхэлтэйгээ учирна шүү!” гэв. “Би юу ч мэдэхгүй” хэмээн би хариуллаа. Тэрээр бантсандаа дүрсхийн уурлаж, намайг сандлаас хүчтэй татан шалан дээр унагаад доош дарлаа. Өөр нэг цагдаа цамцан доогуур минь цахилгаан бороохой шургуулан, нурууг минь тогоор цохих зуураа “Чи ярих уу, үгүй юу? Ярихгүй бол чамайг алаад өгье л дөө!” хэмээн бархирч байв. Тэдний харгислал, үзэшгүй муухай, зэвүүн царайтай нь тулгараад би өөрийн эрхгүй айдаст автаж, “Өө Төгс Хүчит Бурхан минь! Намайг залж чиглүүлээч! Жинхэнэ итгэл, хүч чадал хайрлаач!” гэж Бурханыг яаран дуудлаа. Цагдаа нар намайг үргэлжлүүлэн тогоор цохиж, Би тасралтгүй орь дуу тавьж байв. Миний бие дэх бүх цус толгой руу юүлэгдэх шиг болж, маш их өвдсөндөө хамаг хөлс асгаран, ухаан алдах шахсан юм. Ам нээх янзгүй байгааг минь хараад цагдаа нар хилэгнэн харааж эхэллээ. Хэсэг хугацааны дараа тэд намайг ухаан алдахын даваан дээр байхад чирч босгон, сандлаас дахин гавлаад, дараа нь намайг унтуулахгүйн тулд хоёр хоёроороо ээлжлэн манав. Тэр үед би хэлэн дээрээ юу ч тавиагүй, мөн цурам ч хийлгүй дөрвөн өдөр, дөрвөн шөнө болж байсан юм. Үүн дээр нэмээд, амссан харгис эрүү шүүлтээсээ болж бие маань туйлын сул дорой боллоо. Би даарч, өлсөж байсан ба өлбөрөхийн хажуугаар голдоо ортол даарахын шаналал, шархалсан биеийн маань лугшсан өвдөлттэй хавсран амь маань төгсгөлдөө ойртож байх шиг санагдсан юм. Туйлын сул дорой байдалтай байхад Бурханы үгийн энэ мөр санаанд орлоо: “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарч буй үг бүрээр амьдардаг(Матай 4:4). Үүнийг тунгаан бодоод би, иймэрхүү нөхцөл байдалд цааш амьдрахад минь Бурханы үг л дэмжлэг болж чадна гэдгийг ойлгохын зэрэгцээ Бурхан яг энэ нөхцөл байдлыг ашиглан үнэний энэ талд орох оролтыг минь төгс болгож байгааг ухаарсан юм. Үүнийг ахин дахин тунгаан бодохдоо би өөрийн мэдэлгүй бүх зовлонгоо умартан, өлсөж, даарч байснаа мартсан билээ.

Тав дахь өдөр нь цагдаа нар тууштайгаар ам нээхгүй байгааг минь хараад, “Чи ял авахаа л хүлээж бай. Чи наад зах нь долоон жилийн ял авна, гэхдээ одоо ам нээх юм бол үүнээс зайлсхийх боломж бас байгаа шүү!” хэмээн хорлонтойгоор сүрдүүлж эхэллээ. Тэгэхэд би Бурханд чимээгүйхэн залбирав: “Өө Төгс Хүчит Бурхан минь! ХКН-ын цагдаа нар надад долоон жилийн хорих ял өгнө гэж байна, гэвч миний хувь заяа Таны гарт байгаа тул тэд үүнийг шийдэхгүй гэдгийг би мэднэ. Өө Бурхан минь! Хэзээ нэгэн цагт Танаас урвасны оронд насан туршдаа хоригдож, үнэн зам дээр үлдсэн минь дээр!” Үүний дараа цагдаа нар үл итгэгч нөхрийг минь авчирч, намайг уруу татан Бурханаас урвуулахаар оролдлоо. Хамаг бие минь хөх няц болж, гавлуулсан байхыг минь хараад манай нөхөр, “Би ер нь телевизээр л гав харж байсан. Чамайг гавтай байна гэж хэзээ ч бодож байсангүй” хэмээн өрөвдөлтэй хэлэв. Нөхрийнхөө ингэж хэлэхийг сонсон, гунигтай царайг нь хараад би Бурханд яаран залбирсан бөгөөд гэр бүлийнхнээ гэх сэтгэлээсээ үүдэн Сатаны урхинд унахгүйн тулд намайг хамгаалахыг Түүнээс гуйлаа. Залбирсныхаа дараа би нөхөртөө: “Би Бурханд итгэдэг болохоос хулгай хийж, хүн дээрэмддэггүй. Зүгээр л цуглаанд явж, Бурханы үгийг уншиж, Бурханы шаарддаг үнэнч хүн болохоор хичээдэг. Намайг ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байхад хорих ял өгөх гээд байна” гэж тайвнаар хэлэв. Нөхөр маань “би чамд хуульч олж өгье” гэж хариулсан юм. Нөхөр маань надаар чуулганы тухай, мөн ах эгч нарын тухай мэдээлэл хэлүүлэх гэж оролдолгүй, харин ч надад хуульч хөлсөлнө гэхийг нь хараад цагдаа нар түүнийг өрөөнөөс чирч гаргалаа. Бурхан намайг ийнхүү хамгаалж байгааг би мэдэж байв, учир нь гэр бүлийнхнээ гэх сэтгэл минь маш гүн гүнзгий бөгөөд хэрвээ нөхөр маань миний биеийн байдалд зовнисон ямар нэг үг хэлсэн бол би хүчтэй байж чадах байсан эсэхийг бүү мэд. Бурханы удирдамж, хамгаалалт л надад Сатаны уруу таталтыг ялан дийлэх боломж олгосон юм.

Намайг арганд нь ороогүйг хараад цагдаа нар уурлан хилэгнэж, “Удахгүй чамд галзууруулах тариа хийнэ дээ. Тэгээд суллачихвал чи үхэж ч, амьдарч ч чадахгүй болно!” гэлээ. Үүнээс болж сэтгэл минь тэр дороо түгшүүрт автаж, айдас намайг дахин нөмөрлөө. ХКН-ын засгийн газар хэчнээн харгис, ёрын муу гэдгийг би бодов: Тэд чуулганыг хариуцдаг хүнийг баривчилмагцаа хэрцгийгээр зодож, эрүүдэн шүүгээд чуулганы талаар юу ч мэдэж чадахгүй бол галзууруулах бодис албан хүчээр тарьж, сэтгэцийн өвчтэй болгодог. ХКН-ын засгийн газар зарим ах эгчийг ийм маягаар харгислан тамлаж, хяхан хавчсан юм. Үүнийг бодоход зүрх минь дэлсэж эхэлсэн бөгөөд, “ХКН-ын энэ хамсаатнуудад би үнэхээр ухаан мэдрэлээ алдталаа тамлуулчхаад, галзуу солиотой хүн шиг тэнүүчилж дуусах юм гэж үү?” хэмээн бодлогошров. Ингэж бодох тусам улам их айн, өөрийн эрхгүй бүх биеэр хүйтэн хөлс нэвчив. Би Бурханд яаран залбирч, Бурханыг дуудсан юм: “Өө Төгс Хүчит Бурхан минь! ХКН-ын хамсаатнууд надад галзууруулдаг бодис тарих гэнэ, тэгвэл би галзуу солиотой болох вий гэж айж байна. Өө Бурхан минь! Би Таны төлөө гэрчлэлд зогсох учиртай гэдгээ мэдэж байгаа ч яг одоо маш их айж хулчийж байна. Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэлийг хамгаалж, надад жинхэнэ итгэл хайрлаач, ингэснээр би Танд амьдрал, үхлээ даатгаж, Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чадна.” Яг тэр үед Эзэн Есүсийн үг санаанд орлоо: “Биеийг хөнөөх боловч сүнсийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай: харин бие болоод сүнс хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс ай(Матай 10:28). Эзэний үг надад итгэл, хүч чадал өгөв. “Тийм ээ. Энэ диаволууд миний биеийг хөнөөж, зэрэмдэглэх чадвартай байж болох ч сүнсийг минь хөнөөж, зэрэмдэглэж чадахгүй. Бурханы зөвшөөрөлгүй бол, би тийм бодис тариулсан ч галзуурахгүй” гэж бодлоо. Тэгээд би Бурханы энэ үгийг санасан юм: “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 36-р бүлэг). Бурханы үгийг тунгаан бодох зуур сэтгэлийн гүн дэх айдас аажмаар үгүй болж, тийм айдас мэдрэгдэхээ болив. Харин ч би үхсэн ч, сэхсэн ч, мөн галзуу, тэнэг болсон ч өөрийгөө Бурханы гарт даатгаж, Бурханы дээд эрхэд захирагдахад бэлэн болов. Яг тэр үед цагдаа бодистой тариур авчирч, “Чи ярих уу, үгүй юу? Ярихгүй бол үүгээр тарина шүү!” хэмээн заналхийллээ. “Хүссэнээ л хий. Юу болохыг чи л шийд” гэж би огт айлгүйгээр хэлсэн юм. Айхгүй байгааг минь хараад тэр “ДОХ-ын вирустэй тариур аваад ир! Тэрүүгээр тарья” хэмээн харгисаар хэлэв. Намайг мөн л огт айх шинжгүй байгааг хараад тэр уурласандаа хөмхийгөө зуун, “Муу гичий. Чи Лиу Хуланаас илүү айхавтар юм!” гэлээ. Тэгээд өнөөх тариураа ширээ рүү чулуудав. Миний магнай тэнийлээ. Бурханы үг намайг дахин нэг удаа залж чиглүүлэн, Сатаныг шившиглэснийг хараад би өөрийн эрхгүй Бурханд талархан залбирсан юм. Эцэст нь цагдаа нар хүссэн мэдээллээ надаас авч чадахгүй гэдгээ мэдээд сэтгэл гонсгор явж одов.

Бүх арга мэх нь бүтэлгүйтсэн тул цагдаа нар намайг яаж ч чадалгүй, хорих анги руу явуулах болов. Намайг тэнд очмогц шоронгийн харгалзагч, “Зүүний Аянгад итгэгч байгаа юм. ‘Халуун дотноор угтан’ аваарай!” гэж бусад хоригдлыг өдөөн турхирлаа. Яах ийхийн завдалгүй хэдэн хоригдол харайн ирээд, намайг бие засах газар луу чирч аваачин, хувцсыг минь хүчээр тайлсныхаа дараа намайг цэв хүйтэн усаар угааж эхэллээ. Над дээр хувинтай хүйтэн ус асгах болгонд биеийг минь яг л чулуугаар цохих шиг, тэсгэм хүйтэн, шаналгаатай байсан бөгөөд маш их даарсандаа хамаг бие минь дагжин чичирч байв. Би шалан дээр явган суугаад, толгойгоо барьж, сэтгэлдээ Бурханыг ахин дахин дуудаж байсан юм. Хэсэг хугацааны дараа хоригдлуудын нэг нь “За, за, одоо больцгоо. Өвчин тусчихвал яана” гэлээ. Надад ийм шийтгэл оноож байсан хоригдлууд түүний үгийг сонсоод л больцгоосон юм. Таван өдөр хэлэн дээрээ юу ч тавиагүйг минь сонсоод, оройн хоолны үеэр тэр хоригдол эрдэнэ шишийн гурилаар хийсэн мантууныхаа талыг өгсөн билээ. Бурхан ийнхүү сул доройг минь харгалзан үзэж, энэ хоригдлын сэтгэлийг хөдөлгөн надад туслуулж байгааг би тун сайн мэдэж байв. Бурхан үргэлж надтай хамт байгааг би хараад, өршөөл, авралынх нь төлөө сэтгэлийнхээ угаас Бурханд талархсан юм.

Цагдан хорих газарт би төрөл бүрийн хоригдлуудтай хамт амьдарч байлаа. Гурван хоол маань дор бүрнээ нэг ширхэг эрдэнэ шишийн гурилын мантуу, хоёр хэрчим давсалсан лууван юм уу дотор нь шавж хөвсөн, бараг байцаа гэх юмгүй аяга байцааны шөлөөс бүрддэг байв. Долоо хоногт нэг удаа нарийн ширхэгтэй үр тариагаар хийсэн хоол өгдөг байсан нь ердөө зангидсан нударгын чинээ мантуу бөгөөд би огт цаддаггүй байсан юм. Тэр газарт шоронгийн дүрмийг цээжээр уншихаас гадна, өдөр бүр жижиг гар урлал хийх биелшгүй ажлын норм өгдөг байлаа. Чанга гаванд гар минь бэртэж, тогонд цохиулсаар гарынхаа бүх мэдрэмжийг алдсанаас гадна маш жижигхэн гар урлал хийх ёстой байсан учраас би гар урлалаа барьж чаддаггүй, ажлын хэт их ачааллаа дийлдэггүй байлаа. Нэг удаа би ажлаа дуусгаагүй тул шоронгийн харгалзагч намайг унтуулахгүйн тулд бүх шөнөжингөө бусад хоригдлуудаар намайг мануулсан юм. Бас намайг байнга манаанд зогсоон шийтгэж, шөнө дөрвөн цаг унтахыг л зөвшөөрдөг байлаа. Энэ хугацаанд ХКН-ын цагдаа нар намайг байнга байцаасаар байсан юм. Тэд бүр хүүгээр минь захиа бичүүлж, намайг мэхлэн Бурханаас урвуулахаар оролдсон билээ. Гэвч Бурханы хамгаалалт, удирдамж дор би Сатаны зальжин арга мэхийг ахин дахин нэвт харж, гэрчлэлд зогсож чадлаа. Тэд намайг буруутгах ямар ч нотлох баримт олж чадаагүй ч “олон нийтийн дэг журмыг алдагдуулсан” хэмээн яллаж, хөдөлмөрөөр засан хүмүүжих гурван жилийн ял оноосон юм.

2005 оны 12-р сарын 25-нд би ялаа бүрэн эдэлж дуусаад суллагдлаа. Шударга ёс, хорон муугийн хоорондох энэхүү тэмцлийг туулснаар би бие, сэтгэлээрээ зовсон ч гэлээ олон үнэнийг ойлгож авсан бөгөөд ХКН-ын засгийн газрын Бурханыг эсэргүүцдэг, чөтгөрлөг мөн чанарыг тодорхой харсан билээ. Мөн Бурханы төгс хүчин, дээд эрх, гайхамшигт байдал, мэргэн ухааны талаар бодит ойлголттой болж, намайг гэх Бурханы хайр болон авралыг үнэхээр мэдэрсэн юм. Тэр диаволууд намайг харгисаар тамлаж, хяхан хавчиж байх үед Бурханы үгийн цагаа олсон гэгээрэл, удирдамж миний баттай түшиг тулгуур болж, эцсээ хүртэл Сатантай тэмцэх шийдэмгий байдал, эр зориг өгсөн юм. Сатан намайг уруу татаж, урхидан Бурханаас урвуулахаар янз бүрийн зальхай явуулга хийх үед Бурхан надад Сатаны явуулгыг нэвт харуулж, намайг гэрчлэлд бат зогсоохын тулд Өөрийн үгээр амжиж анхааруулан, намайг залж чиглүүлж, сүнслэг нүдийг минь нээж байв. Үхмээр санагдаж, амь минь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэтэл аймшигтай эрүү шүүлтийг тэр чөтгөрүүд тулгах үед Бурханы үг миний амьд үлдэх суурь болсон юм. Бурханы үг надад үлэмж их итгэл, хүч чадал хайрлаж, үхлийн хүлээсээс ангижрах боломж олголоо. Энэ бүх зүйл надад Бурханы үзэсгэлэнтэй, сайн сайхан мөн чанарыг үнэхээр харуулж, Бурхан л хүн төрөлхтнийг хамгийн их хайрладаг, харин ХКН-ын засгийн газар буюу Сатан чөтгөрүүдийн энэ бүлэг нь хүмүүсийг завхруулж, хорлож, залгихаас өөр юу ч чаддаггүй гэдгийг харуулсан юм. Өнөөдөр ХКН-ын засгийн газраас Төгс Хүчит Бурханы Чуулганд тулгаж буй улам харгис догшин дайралтын өмнө би ХКН-ын засгийн газар гэх энэ хөгшин диаволыг бүрмөсөн хаяж, зүрх сэтгэлээ Бурханд өгч, үнэнийг эрэлхийлэх, Бурханыг хайрлахаар эрж хайхын тулд чадах бүхнээ хийхээр эргэлт буцалтгүй шийдлээ. Намайг авралаараа ивээсэн ачийг нь хариулахын тулд би Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээж, Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэг, үнэнийг хүсэн эрмэлздэг, ХКН-ын засгийн газарт гүнээ хууртсан бүх хүнийг Бурханы өмнө буцаан авчирна!

Тайлбар:

1. “Хамсаатнууд” гэдэг нь “бүлэг балмад этгээд” гэдэгтэй адил төрлийнх.

a. Эх бичвэрт “чадахгүй байхын бэлгэ тэмдэг” гэж байдаг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Баривчлагдсаны дараа

Жоу Ли, Хятад 2013 оны 2-р сарын нэгэн өдөр үд дунд би гурван эгчтэй хамт цуглаан хийхээр явж байгаад биднийг хоёр машин дагаж байгааг...