Намайг 20-той байхад

2022-01-21

Лю Шиао, Хятад

Намайг хорьтой байхад Бурханд итгэдгээс минь болж цагдаа нар баривчилж, эрүүдэн шүүсэн юм. Тэр зовлонт дурсамжийг би хэзээ ч мартахгүй. Тэгэхэд 6-р сарын 7-ны өдрийн өглөө байлаа. Би нэг настай эгчийн гэрийн унтлагын өрөөнд гурван эгчтэй цуглаж байсан. Гэнэтхэн настай эгч маань зочны өрөөнөөс, “Та нар хэн бэ? Яах гээ вэ?” гэж хашхирлаа. Нэг эрэгтэй хүн, “Бид цагдаа байна! Танай гэрийг нэгжих гэж ирлээ!” гэж хэлсэн. Үүнийг сонсоод би үхтлээ айж, зүрх савлаж байсан учир унтлагын өрөөний хаалгыг даруй цоожлоод, Бурханы үгийн номуудыг нуулаа. Зүрх сэтгэлдээ Бурханд ахин дахин залбирч, гэрчлэлд зогсохын тулд Бурханаас зүрх сэтгэлийг минь хамгаалж, эр зориг, мэргэн ухаан хайрлаач гэж гуйсан. Залбирсны дараа Бурханы үгэнд ингэж хэлдэг нь бодогдлоо: “Чи энэнээс ч нэг, тэрнээс ч нэг айх хэрэггүй; Хэчнээн олон бэрхшээл, аюултай тулгарч магадгүй ч гэсэн чи ямар ч сааданд түүртэлгүй Миний өмнө тууштай байх чадвартай байна, тэгж Миний хүсэл саадгүй хэрэгжиж болно. Энэ чиний үүрэг;… Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханы үг надад эр зориг, итгэл өгсөн. Бурхан төгс хүчтэй, тэгэхээр Бурхан миний ард байхад айх юу байна? Бурхан яг дэргэд минь зогсож байгааг мэдрээд, би аажмаар тайвширч чадсан. Дараа нь цагдаа нар манай хаалгыг өшиглөж эхэллээ. Тэгээд төд удалгүй хаалганд нүсэр том нүх гаргасан. Тэдний зарим нь дайрч орж ирээд, биднийг зочны өрөө рүү чирч аваачсан. Зочны өрөө ямар ч эмх замбараагүй болж, Бурханы үгийн номууд шалан дээр хэвтэж байсан. Би багтартлаа уурлаж, хорссон шүү. Энэ цагдаа нар орон гэрт маань дээрэмчид шиг дайрч орж ирээд, хамаг юм онгичиж, бүх зүйлд гар хүрсэн байсан! Энэ нь ёс бус дарангуйлал байлаа.

Биднийг цагдаагийн хэсэг дээр очих үед тус тусад нь байцаасан юм. Өрөөнд тав, зургаан эрэгтэй цагдаа байсан. Тэд том, нүсэр биетэй, заналт царайтай эрчүүд байлаа. Тэдний нэг нь 3-аас 4 сантиметр зузаан, хагас метр урт төмөр саваа барьсан байсан. Тэгээд ёрын инээмсэглэснээ, “Бид чамайг удаан хугацаанд ажиглаж байлаа. Төгс Хүчит Бурханд итгэхийг хэн чамд номлосон бэ? Бурханы үгийн энэ номуудыг хаанаас авсан бэ?” гэсэн. Хариулахгүй болохоор минь тэр инээснээ, “Хэлэхгүй юм уу? Өө, тэгвэл одоо чамайг цохихгүй ээ. Эхлээд жаахан зөөлрүүлнэ. Чамайг зовоогоод өгнө өө” гэсэн. Тэгээд намайг морь унаж байгаа зогсолтоор зогс гэлээ. Зогсолтыг минь буруу байна гэж бодох үедээ тэр цагдаа хөл рүү чанга өшиглөдөг байсан. Хоёр гар минь унжиж байгааг хараад өнөөх төмөр саваагаар цохидог байлаа. Төд удалгүй би гараа өргөж чадахаа больсон юм. Хамаг бие салгалж, хоёр хөл хөндүүртэй болсон. Тэр намайг төмөр шүүгээ налаад явган суу гэлээ. Арван минут орчим явган суусны дараа би байрлалаа хадгалж чадахаа больсон учир шалан дээр унасан. Хоёр цагдаа намайг өргөж босгон, үргэлжлүүлээд явган суу гэж тушаагаад, энэ хоорондоо намайг байцаасан юм. Намайг юу ч хэлэхгүй болохоор тэдний нэг нь үснээс зуурч, төмөр шүүгээ рүү намайг шахаад, хоёр туг үс зулгаалаа. Өөр нэг цагдаа цахилгаан бороохой барьсан байсан. Үүнийгээ асааж, унтраагаад л байлаа. Надад агаарт цахилгаан шаржигнах нь сонсогдсон. Тэр цагдаа намайг сүрдүүлэн, “Сонсож бай, Энэ зүйл үнэхээр халуун болж, мах шарж болохуйц халдаг юм. Чамайг ярьж эхлэхгүй бол үүнийг хэрэглэнэ шүү!” гэлээ. Тэгэхээр нь би, “Энэ цагдаа нар яахаас ч сийхгүй. Үнэхээр тэр бороохойг хэрэглэвэл би тэсвэрлэж чадах болов уу?” гэж дотроо бодлоо. Би маш их айх үедээ Бурханд залбирч, намайг замчлаач гэж гуйсан юм. Дараа нь Эзэн Есүсийн хэлсэн ийм үг санаанд орсон, “Биеийг хөнөөх боловч сүнсийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай: харин бие болоод сүнс хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс ай(Матай 10:28). Сатан биеийг минь устгаж болох ч сүнсийг минь устгаж чадахгүй гэдгийг би тэгэхэд ойлгосон. Үхтлээ тамлууллаа ч гэсэн бие минь л үхнэ. Миний сүнс Бурханы гарт байсан юм. Махан биеэ л анхаарах юм бол би Иудас болох байсан, тэгвэл миний сүнс, сэтгэл, бие сөнөж, шийтгүүлэх байлаа. Би бас Бурхан бүх зүйлийн Эзэн гэдгийг бодсон. Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатан миний амийг авч зүрхлэхгүй. Яг л Сатан Иовыг уруу татах үедээ Бурханы зөвшөөрөлгүйгээр Иовын амийг авч зүрхлээгүй шиг. Эдгээр зүйлийн талаар бодоод айх минь багассан. Иймээс би үхсэн ч Бурханаас болон ах эгч нараасаа урвахгүй гэж сэтгэл шулуудсан юм. Тэгээд тэдэнд юу ч мэдэхгүй гэж хэлсэн. Тэр цагдаа намайг тогоор цохиулах гэж цахилгаан бороохойгоо ууртайгаар далайлаа. Гэнэт цахилгаан бороохой нь ямар ч тоггүй болсон. Будилсандаа тэр цагдаа, “Яагаад ямар ч тоггүй байна? Нэг минутын өмнө л тогтой байсан даа!” гэж хэллээ. Би зүрх сэтгэлдээ Бурханд ахин дахин талархсан шүү. Энэ нь бүтээгүй болохоор цагдаа нар өөр зүйл туршсан. Хэдэн цагдаа намайг дарж байгаад хоёр гарыг минь тамхиар түллээ. Би өвдсөндөө хашхирсан ч тэдэнд маш чанга бариулчхаад, хөдөлж чадаагүй. Тэр мөчид маш их гутарч, арга мухардсан юм. Тэгээд, “Байцаалтын яг эхэнд намайг эрүүдэн шүүх хэд хэдэн арга аль хэдийн ашиглалаа. Энэ чигээрээ явбал би тэсвэрлэж чадах болов уу?” гэж бодсон. Яг тэгтэл ийм магтан дуу санагдсан, “Хайр, үнэнч байдлаа Бурханд өгч, Бурханыг алдаршуулах үүргээ би гүйцэлдүүлнэ. Бурханы төлөө бат зогсож, гэрчлэл өг, Сатанд бүү бууж өг. Бурханы ардуудын эрхэм чанараа хадгалахын тулд би үхэхийг илүүд үзнэ. Бурханы сануулга сэтгэлд байхад би диавол Сатаныг шившиглэнэ. Шаналал, бэрхшээлийг Бурхан тогтоодог. Би үхтлээ үнэнч байж, Түүнийг дуулгавартай дагана. Хэзээ ч дахин би Бурханы нулимсыг унагаж, санааг нь зовоохгүй…” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ”). Энэ нь надад тэр даруй итгэл, хүч өгсөн юм. Би цагдаа нарт баривчлагдаад, тамлуулж байгаа ч ердөө л бие махбодын зовлонгоос болж Сатанд бууж өгч болохгүй байсан. Иймээс нулимсаа бариад, тэдэнд юу ч хэлээгүй.

Нэг цагдаа намайг асуултаар булсаар л байлаа. “Чи ямар үүрэгтэй вэ? Удирдагч чинь хэн бэ? Хандивын мөнгө хаана байгаа вэ?” гэсэн. Тэгэхээр нь би, “Мэдэхгүй” гэлээ. Тэр маш их уурлаад утсаа далайж, миний хоёр хацар луу цохингоо, “Одоо хэлэх үү, чи? Одоо яамаар байна!” гэж над руу хашхичсан. … Намайг хэчнээн олон удаа цохисон юм бүү мэд, гэхдээ миний нүүр хөхөрч, хавдсан нь мэдрэгдэж, мэдээ алдах гэж байлаа. Өөр нэг цагдаа, “Наад утас чинь хэт хөнгөн, хэт зөөлөн юм байна. Одоо үүнийг харж бай!” гэсэн. Дараа нь тэр төмөр саваа аваад намайг цохих гэсэн ч, бас нэг цагдаа болиулаад, “Алив л дээ. Бидэнд зүгээр л хариулсан нь дээр шүү дээ. Тэр төмөр саваагаар цохиулах юм бол чи тэсвэрлэж чадах юм уу?” гэж надад хэллээ. Би ам нээгээгүй болохоор өнөөх төмөр саваатай цагдаа үүнийгээ далайлган, миний бэлхүүс, хөл рүү хэдэн удаа заналтай цохиж, би ч өвдсөндөө орь дуу тавьсан. Миний орь дуу бусдыг цочоох вий гэж айсандаа тэд оймсыг минь авч, ам руу чихсэн. Дараа нь нөгөө төмөр саваагаараа бөгс рүү балбалаа. Намайг бултах гэж оролдтол гурван цагдаа гэнэт ухас хийсэн. Нэг нь толгойноос барьж, нөгөө нь нурууг минь барьж, бас нэг нь хөлөөс барьж байгаад намайг бас л зодсон юм. Цохилт бүрд аймшигтай өвдөлт мэдрэгдэж байлаа. Нэмж 7, 8 цохисны дараа тэд намайг босгоод, “Хандивын мөнгө хаана байна? Танай удирдагч хэн бэ?” гэж дахиад асуусан. Хариулахгүй болохоор минь намайг орон дээр дарж байгаад зодоод л байлаа. Төд удалгүй бөгсний нэг тал нэлээд хавдаж байгаа нь мэдрэгдсэн. Тэд намайг ийм маягаар ахин дахин байцаасан юм. Удалгүй би үүнийг тэсвэрлэж чадахаа больсон. “Энэ бүх эрүү шүүлт, зодуур цаашид хэр удаан үргэлжлэх юм бэ? Намайг үнэхээр үхтэл нь тамлах юм гэж үү?” гэж бодогдлоо. Би маш сул дорой болсон учраас Бурханд ахин дахин залбирч, “Бурхан минь! Цагдаа нарын энэ эрүү шүүлтийг цаашид тэсвэрлэж чадахгүй байх вий гэж айж байна. Надад итгэл, хүч чадал өгч, гэрчлэлдээ бат зогсоход замчлаач” гэсэн. Залбирсны дараа Бурханы үгийн ийм нэг мөр санагдлаа: “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 36-р бүлэг). Би үхлээс айдаг болохоор сул дорой байгаагаа ойлгосон. Сатан миний сул талыг олчхоод, Бурханаас хүчээр урвуулахад эрүү шүүлт ашиглаж байлаа. Сатанд намайг хуурахыг нь зөвшөөрч болохгүй байсан. Тэр өдөр би үхсэн ч, сэхсэн ч Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагах ёстой байлаа. Сатанд хөнөөгдсөн ч Бурханаас болон ах эгч нараасаа урвахгүй байх байсан. Би амиа дээсэн дөрөөн дээр тавихаар шийдмэгц тэгтлээ их өвдөхөө больсон юм. Цагдаа нар надаас хүссэн үр дүнгээ олж авч чадахгүй гэдгээ ухаарсан учраас арай залуу нэг эгчийг авчраад, намайг дахиж зодонгоо эгчид хүчээр харууллаа. Дараа нь тэд намайг өрөөнөөс гаргасан. Гаднаас эгчийн хашхираан сонсогдож, хацрыг минь даган нулимс урссан юм. Би гүн гүнзгий хорсол мэдэрсэн. Энэ цагдаа нар итгэхийн аргагүй заналтай байлаа. Эхлээд намайг тамлачхаад, одоо эгчийг минь бас тамлаж байсан юм. Зүрх сэтгэлдээ би эгчийн төлөө чимээгүйхэн залбираад, эрүү шүүлтийг даван туулж, бат зогсоход нь замчлаач гэж Бурханаас гуйсан.

Тэгэхэд нэг цагдаа надад талх, уух юм авчраад, тайтгаруулсан өнгөөр, “Чи жигтэйхэн их өвдөж байгаа байлгүй. Яагаад өөрийгөө ийм байдалд оруулна вэ? Бидэнд мэдэж байгаа бүхнээ хэлчих, тэгээд зовох шаардлагагүй болно. Бурханд итгэгч та нар үнэндээ ямар ч муу юм хийдэггүйг би мэднэ. Гэхдээ энд ийм л юм болдог. Коммунист Нам та нарыг Бурханд итгэж болохгүй гэж байгаа бол итгэж болохгүй” гэлээ. Би түүнийг үл тоож, “Та нар юу гэж хэллээ ч би ах эгч нараа барьж өгч, Бурханаас урвахгүй” гэж бодсон. Хэсэг хугацааны дараа эгчийг гаргаж ирсэн юм. Эгч харваас цагдаа нарт зодуулж, тамлуулсан шинжтэй, үс нь арзайчихсан, алхах гэж зовж байгааг хараад, миний элэг зүрх эмтэрч, хорсол мэдэрсэн. Дараа нь тэд нэрийг минь дахин дуудах үед хоолой зангирлаа. Энэ удаад надад ямар эрүү шүүлт зэхсэнийг мэдэхгүй байсан. Би ноцтой гэмтэж, хөдлөх төдийд л өвдөж байсан юм. Зовлон минь хэзээ дуусах бол? Намайг байцаалтын өрөөнд орох үед нэг цагдаа зодох гээд өнөөх төмөр савааг барьж авсан ч талх, ус авчирч өгсөн цагдаа надтай тусдаа хэдэн үг солимоор байна гэлээ. Тэгснээ намайг тэр өрөөнөөс гаргаад, “Одоо чи эндхийн нөхцөл байдлыг ойлгож байгаа. Чамайг ам нээхгүй хэвээр байвал дахиад зодно. Чи нэмж зодуулахыг тэсвэрлэж дийлэх үү?” гэж хэллээ. Тухайн үед би түүнийг надад тусалж байна гэж бодсон. “Зүгээр л нэг ач холбогдолгүй юм хэлчих хэрэгтэй байх. Дахиад зодуулахаас зайлсхийж болох байх” гэж бодогдсон. Яг тэгтэл Бурханы ийм үг бодогдлоо, “Миний ардууд цаг ямагт Сатаны зальхай явуулгаас сэрэмжлэх ёстой;… ингэвэл Сатаны урхинд унахгүй, эс бөгөөс харамсахад хэтэрхий оройтно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 3-р бүлэг). Бурханы үг надад сануулж, энэ цагдаа зүгээр л дүр эсгэж байгааг би ухаарсан. Үнэндээ тэр надад туслах гээгүй. Намайг хуураад чуулганыг худалдуулж, Бурханаас урвуулах гэсэн. Тэр намайг утсаараа цохисон цагдаа байсан, бас дараа нь нөгөө цагдаа нь тэр төмөр саваагаар зодож байхад энэ цагдаа намайг дарахад тусалсан гэдгийг саналаа. Гэхдээ одоо тэр надад идэх юм авчирч өгч, маш элэгсэг сонсогдох хэдэн үг хэлсэн. Энэ нь үнэхээр хар санаатай байсан, харин би үүнд нь хууртах шахсан юм. Намайг юм хэлэхгүй байгааг хараад тэр, “Дуугүй байсныхаа төлөө зодуулах хэрэг үнэхээр байна уу?” гэж асуулаа. Би тууштайгаар, “Тийм ээ! Би хэзээ ч ах эгч нараа барьж өгч, Бурханаас урвахгүй” гэсэн. Шийдвэртэй байгааг минь хараад тэр заналтайгаар, “Чамд зөөлөн арга бүтэхгүй юм шиг байна!” гэлээ. Өрөөнд цагдаа нар надаас чуулганы талаарх бүхнийг, удирдагчид хэн болохыг асуусаар л байсан. Гэхдээ би мөн л юу ч хэлээгүй. Нэг цагдаа уураа барьж чадалгүй өнөөх төмөр савааг барьж аваад, шархадсан бөгсийг минь занчиж, хэд хэдэн удаа уурсан цохилоо. Цохилт болгон нь ил шархан дээр давс үрж байгаа мэт мэдрэгдэж, би өөрийн эрхгүй орь дуу тавьсан. Өөр нэг цагдаа намайг сүрдүүлж, “Дараа нь чамайг тогоор цохиулна. Тэгэхээр чи ам нээнэ ээ” гэсэн. Ингэж хэлэнгээ тэр цагдаа гэнэт захнаас зуурч, намайг булан руу шахаад, ядарч, усан хулгана болох хүртлээ нүүр лүү зогсолтгүй чанга алгадсаар байсан. Нүүрэнд минь хурц, час хийсэн өвдөлт мэдрэгдэж, маш их толгой эргэж, дотор муухайраад бөөлжмөөр болсон. Дараа нь нэг төмөр дуулга оруулж ирж, толгойд өмсгөөд дуулга руу тэр саваагаараа цохилоо. Дуулгыг цохингоо, “Гоё байна уу? Үлдсэн амьдралын чинь туршид энэ хангинаан чиний чихэнд хадагдана даа!” гэсэн. Тэр хангинаан чихнээс гарахгүй, маш их шаналантай байсан шүү. Хэдэн минутын дараа миний толгой эргэж, амьсгал бачуурсан. Дараа нь тэд дуулгыг тайлснаа толгойд арагш нь харуулаад буцаагаад өмсгөлөө. Надад юу ч харагдахгүй байсан ч тэд үсэрч, дуулга руу өшиглөж байгаа нь сонсогдож, би газарт түс хийн унасан. Тэгснээ тэд намайг эргүүлж босгоод, дуулга руу дахиад өшиглөж, би ч дахиад шалан дээр буцаад уналаа. Тэд хүчтэй өшиглөж байсан, намайг газарт эргээд унах тоолонд шархалсан бөгс дахиад л шархиран өвддөг байлаа. Тэд эцэж цуцах хүртлээ намайг өшиглөсөөр л байсан. Дараа нь намайг дуулга өмсөөтэйгөөр, морь унаж байгаа нөгөө зогсолтоор зогс гэлээ. Миний толгой эргэж гүйцээд, маш их манарч байсан. Би дөнгөн данган л зогсож чадахтай байсан. Тэд намайг хоёр гараа чигээр нь сунга гэж тушаагаад, гаран дээр хоёр аяга ус тавилаа. Миний дөрвөн мөч маш их хөндүүрлэж, хөл байнга салганаж байсан учир эднийг дааж огт дийлээгүй юм. Зогсолтоо алдахыг минь харах болгондоо тэд хөл рүү өшиглөдөг байсан. Дараа нь хэдэн цагдаа намайг буйдан дээр дарж байх хооронд өөр нэг цагдаа төмөр саваа аваад, нурууны доод хэсэг болон бөгс рүү цохилоо. Бас нэг цагдаа, “Зүгээр л биеийнх нь нэг хэсэг рүү ахин дахин цохиод бай. Удахгүй наадах чинь өвдөлтөө тэсвэрлэж чадалгүй, үнэнээ хэлнэ” гэсэн. Би цохиулах болгондоо төөнөсөн өвдөлт мэдэрч, өөрийн эрхгүй орилж байсан учир нэг хүн хиртэй даавууны өөдөс аваад, ам руу чихсэн. Цагдаа нарын энэ бүх эцэс төгсгөлгүй тамлалтай тулгараад би гагцхүү үхтлээ айж, арга мухардан, зүрх сэтгэлдээ өөрийн эрхгүй Бурханыг дуудаж, “Бурхан минь! Би үүнийг тэсвэрлэж чадахгүй гэж айж байна. Надад итгэл өгч, намайг замчлаач. Тэгснээр би энэ орчныг туулж чадна” гэлээ. Залбирсныхаа дараа Бурханы ийм үгийг бодсон, “Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг. Хүн бүрэг, аймхай бодол тээдэг бол Сатан биднийг итгэлийн гүүрийг гаталж, Бурхан руу орох вий гэж айсандаа хуурч буй хэрэг юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг). Би шаналал, зовлонгоос айдаг учраас энэ орчноос мултрахыг юунаас ч илүүтэй хүсэж, Сатанд хууртсан гэдгээ Бурханы үгийг тунгаагаад ойлгосон юм. Гэхдээ миний амь Бурханы гарт байсан, Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатан намайг яаж ч чадахгүй шүү дээ. Тэгээд би айхаа больсон юм.

Оройн хоолны дараа тэд намайг цагдаагийн хэлтсийн дэд даргын албан өрөөнд аваачлаа. Дэд дарга инээмсэглээд, надад ингэж хэлсэн, “Чамтай хамт баривчлагдсан Шиао Жао аль хэдийн хэргээ хүлээсэн. Бид цаадхыг чинь яг одоо гэр лүү нь явуулж байгаа. Хэрвээ чи хэргээ хүлээвэл одоохон чамд оройн хоол бэлдүүлье. Дараа нь галт тэрэгний тасалбар авч өгье, тэгээд чи цаадахтайгаа хамт гэртээ харьж болно. Ямаршуу сонсогдож байна? Чамд миний саналын тухай бодож үзэх хэдэн минут өгье. Хэрвээ чи юу ч хэлэхгүй бол байсан газар луугаа шууд буцах ёстой болно, чамайг тэд яаж зодож, яаж тамлахыг би хянаж чадахгүй шүү” гэсэн. “Асуултад нь хариулахгүй бол намайг үргэлжлүүлэн тамлах нь, тэгээд бас хорьж магадгүй…” гэж надад бодогдлоо. Би маш их уй гунигт автсан. Бурханаас маш хол байгаагаа мэдсэн болохоор зүрх сэтгэлдээ Бурханыг ахин дахин дуудаж, “Бурхан минь, би шоронд орохоос айж байгаа учир надад зовох хүсэл өгч, махан биеийн сул талыг даван туулахад намайг замчлаач” гэсэн. Залбирсны дараа Бурханы үгийн ийм магтан дуу бодогдлоо, “Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов, Петр хоёр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Хамгийн утга учиртай амьдрал”). Би Бурханд итгэдэг гэх шалтгаанаар баривчлагдаж, эрүүдэн шүүгдчихээд, бас шоронд орж магадгүй байна. Энэ нь зөв шударга зовлон юм байна гэдгийг Бурханы үгийг тунгаагаад ойлгосон юм. Миний зовлон утга учиртай, Бурханаар сайшаагдах байсан. Зүгээр л махан бие минь зовлоо гээд Бурханаас урваж болохгүй. Ах эгч нараа барьж өгч байснаас шоронд орсон нь дээр. Тэр цагаас хойш дэд дарга намайг яаж ч хуурах гэж оролдлоо гэсэн би юу ч хэлээгүй. Тэр цөхрөн, толгой сэгсэрлээ. Өөр нэг цагдаа төмөр саваа аваад, миний нуруу, бөгс рүү дахиад цохисон. Цохилт болгоны өвдөлт хамаг биеэр тарлаа. Энэ нь тэсвэрлэхийн аргагүй байсан. Би Коммунист Нам гэх чөтгөрийг улам бүр үзэн ядсан юм. Тэгээд хэчнээн их зодуулсан ч шүд зуугаад, Бурханы гэрчлэлд зогсоно гэж сэтгэл шулуудсан. Аль хэдийн нэлээд орой болсон байсан учир цагдаагийн хэсгийн дэд дарга надаас ямар ч мэдээлэл авахгүй гэдгээ ойлгоод, яваад өглөө. Дараа нь надад талх авчирч өгсөн цагдаа, “Чи ам нээгээгүй л байна уу? Тэгвэл би өнөө шөнө унтахгүй. Чамайг тарчлаана. Наад амыг чинь хөшөөд онгойлгоно доо!” гэж надад хэлсэн. Тэгээд 40 орчим сантиметр урттай шугам авчраад нэг гарыг минь барьж, алгыг нь дээш харуулснаа тэр шугамаар заналтайгаар зодсон. Цохих болгонд нь алга халуу дүүгэн өвдөж байлаа. Би гараа татаж авах гэж үзсэн ч тэр чанга зуурчхаад, хоёр гар хоёулаа хавдах хүртэл цохисоор л байсан юм. Дараа нь төмөр саваа аваад, бөгс рүү дахиад цохисон. Тэр саваа намайг цохих болгонд өнөөх аймшигтай өвдөлт мэдрэгдэж байлаа. Би маш их өвдсөндөө хөлөрч, өөрийн эрхгүй чарлаж байсан. Тэр цагдаа ууртайгаар, “Бид өчнөөн зүйл туршсан ч чи ам нээхгүй л байна. Чамайг яг юу Бурханаас урвуулах юм бэ? Хэл дээ, илүү их өвдөлт үү? Эсвэл үхэл үү?” гэлээ.

Намайг бас л юу ч хэлэхгүй байгааг хараад багтартлаа уурлан, “Надад бас чам дээр турших нэлээд олон зүйл байгаа. Хэн нь илүү тэсэхээ харъя л даа!” гэсэн. Тэгснээ өөрөө дотортой хүрэм өмссөнөө, агааржуулагчийг хамгийн бага тохиргоо дээр тавиад, намайг агааржуулагчийн өмнө морь унаж байгаа зогсолтоор зогс гэж тушааж, дараа нь миний толгой болон бие рүү ус асгаж эхэлсэн. Миний хамаг бие шалба норж, даарсандаа чичирсэн. Дулаацна гэж найдсандаа гараа буулгаад хооронд нь үрлээ. Тэр харснаа хоёр гар луу төмөр саваагаар цохиод, гараа сунгаатай байлга гэж тушаасан. Хэсэг хугацааны дараа намайг хоёр хөлөө чадах чинээгээрээ алцай гэсэн, тэгснээ цамц, өмдөө тайлж, дотуур хувцастайгаа үлдээд, усанд хөл нүцгэн зогс гэж тушаалаа. Намайг хувцсаа тайлахгүй гэтэл, “Тайл! Тэгэхгүй бол би тайлаад өгнө шүү!” гэж ширүүхэн хэлсэн. Надад сонголт байгаагүй юм. Би маш их доромжлогдсон санагдаж, нүдээ ширгэтэл уйлсан. Дараа нь тэр ус цэвэршүүлэгчийн температурыг хамгийн хүйтэн рүү нь солиод, намайг усаар норгосоор л байлаа. Тэсгим хүйтнээс болж миний хамаг бие чичирч, хоёр өвдөг өвдсөндөө хатгаж байсан юм. Тэр нэмж ус асгаснаа, “Тухтай байна уу? Энэ бол онцгой шөнө. Тийм болохоор тааваараа бай” гэлээ. Хэдэн цагийн дараа надад амьсгалахад хэцүү болж, зүрх хөндүүрлэж, бие хөхөрсөн байлаа. Хүний үнэргүй энэ тамлалтай тулгараад би “Дөнгөж 20-тойдоо үхэх юм гэж үү?” гээд маш сул дорой болсон. Иймээс зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, “Бурхан минь! Энэ цагдаа нарын эрүү шүүлтийг би үнэхээр тэсвэрлэж чадахгүй, маш сул дорой болж байна. Хүслийг тань ойлгоход намайг замчлаач дээ” гэсэн. Залбирсны дараа Бурханы үгийн ийм хэсэг бодогдсон, “Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх: ‘Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.’ Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгийг биелүүлнэ, эдгээр нь агуу улаан лууны цагариглан хэвтэж байдаг газар нутагт үүний харгисаар хяхан хавчсан хүмүүс дээр биелэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг бөгөөд эдгээр үг энэ бүлэг хүмүүс, та нарт биелдэг. Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Агуу улаан луу Бурханыг хамгийн их үзэн яддаг. Би энэ улсад төрсөн. Бурханд итгэгчид Коммунист Намын хяхалт хавчлага, харгислалд өртөх нь зайлшгүй. Гэхдээ Бурхан итгэлийг маань төгс болгоход энэ хавчлага, бэрхшээлийг ашигладаг юм. Би баривчлагдаж, хавчигдахынхаа өмнө итгэлдээ маш бардам байж, Бурханы төлөө аливааг орхиж, зарлагадахад бэлэн байсан. Гэхдээ тэр нь жинхэнэ итгэл биш, ердөө л түр зуурын шийдвэр байсныг одоо мэддэг болсноо тэгэхэд бодлоо. Үүнийг “гэрчлэл” гэх аргагүй, бас үүнд Сатан үнэмшихээргүй байсан. Одоо хяхалт хавчлага, зовлон, эрүү шүүлт нүүрлэх үед би гэрчлэлд зогсож, Сатанд захирагдахгүй байж чадвал энэ нь л жинхэнэ итгэл юм. Миний уншсан олон гэрчлэлд олон ч ах эгч баривчлагдаад, минийхээс долоон дор эрүү шүүлт туулсан ч гэсэн Сатанд бууж өгөөгүй гэдгийг бодлоо. Тэд залбирч, Бурханд найдаж, Бурханд үнэхээр итгэснээр цангинасан гэрчлэл хийсэн, иймд би тэднийг дуурайж, гэрчлэлд зогсох учиртай. Үүнийг ухаармагцаа би хүч орсон юм.

Үд дунд намайг цагдан хорих газарт хүргэлээ. Тэд замдаа намайг сүрдүүлж, “Чамайг эмнэлэгт үзүүлэхээр аваачна, гэхдээ чи ямар ч бэртлийг чинь бид үүсгэсэн гэж тэдэнд хэлж болохгүй. Зүгээр л чи энд ирнэ гэж зүтгэсэн, харин аав ээж чинь болиулах гэж байгаад чамайг зодсон гэж хэл. Зүрхэлж үнэнээ хэлбэл чамд бүр ч долоон дор юм бэлдсэн байгаа шүү!” гэсэн. Хэлсэн үгийг нь сонссоныхоо дараа би багтартлаа уурлалаа. Энэ цагдаа нар тийм ичгүүргүй байж, намайг худлаа хэл гэхдээ тулсан! Эрүүл мэндийн үзлэгийн үеэр эмч миний зүрхийг маш удаан цохилж байна гэлээ. Бас миний нүүр, гар улайж, хавагнасан, бөгс хөхөрч, хавдсан, дээр нь гуяар дүүрэн хөх няц болсон байгааг харсан. Тэгээд надаас, “Яаж байгаад ийм бэртэл аваа вэ?” гэж асуулаа. Би дэргэдээ байсан цагдаа руу зэрвэс харснаа, “Анхаарал алдаад, уначихсан юм” гэдгээс өөр юм хэлж чадаагүй. Миний гуя, бөгсийг цагдаа нар ноцтой гэмтээсэн байсан учраас цагдан хорих газарт унтах гэж оролдохдоо нуруугаараа хэвтэж зүрхлээгүй. Бас суухдаа хоёр гараараа түшиж, аажуухан суух ёстой болдог байлаа. Усанд орох үедээ гэмтэлтэй хэсэгтээ санамсаргүй хүрчихвэл өвдөлтөд хамаг бие мэдээ алддаг байсан. Надтай нэг хорих өрөөнд хоригдож байсан эмч, “Энэ цагдаа нар дэндүү хэрцгий байжээ. Чиний энэ гэмтлүүд наад зах нь нэг сар болж байж бүрэн эдгэнэ” гэж надад хэлсэн. Гэхдээ арав хоногийн дараа миний гэмтэл тэгж их өвдөхөө больсон шүү. Үүний төлөө би Бурханд өөрийн эрхгүй талархсан.

Хоёр сар цагдан хорих газарт байхад минь цагдаа нар намайг арван удаа шүүхэд татсан, тэгээд ч ам нээхгүй болохоор минь гэмшлийн бичиг, харилцаагаа таслах бичиг, Бурханыг голох бичиг гэх “гурван бичигт” хүчээр гарын үсэг зуруулахаар оролдсон. Зурахгүй гэтэл тэд намайг сүрдүүлж, “Гарын үсэг зурахгүй бол олон жилийн хорих ял сонсоод, хэзээ ч суллагдахгүй шүү. Чи дахин хэзээ ч эрх чөлөөтэй байхгүй” гэлээ. Би шоронд байх урт удаан, эцэс төгсгөлгүй хугацаа, сэтгэлээ уудлах хүнгүй амьдрал, өдөр болгон хийх ёстой болох хүнд хөдөлмөр, харгалзагчид болон хоригдлуудын гаргах зүй бус харьцааг бодсон… Тийм амьдралыг яаж тэсвэрлэж чадах юм бэ? Би маш их айсан учраас Бурханд даруйхан залбирч, “Бурхан минь! Шорон дахь тэр харанхуй амьдралыг бодохоор би асар их шаналж байна. Тийм болохоор айсуй тэр орчныг туулах итгэлтэй болоход минь намайг замчлаач гэж гуйя” гэлээ. Залбирсны дараа Бурханы ийм үг санагдсан, “Ажлын энэ үе шатанд биднээс туйлын их итгэл, хайр шаардагддаг. Ажлын энэ үе шат өмнөх бүх үе шатнаас өөр учраас бид ялихгүй хайнга байдлаас үүдэн бүдэрч болзошгүй: Бурханы төгс болгож буй зүйл нь нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй, хүн төрөлхтний итгэл юм. Бурханы хийдэг зүйл бол үгийг итгэл, хайр, амь болгон хувиргах явдал(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зам… 8). Бурханы үгийг бодож үзээд, би ойлгосон юм. Шалгалтынхаа үеэр би Бурханы хүслийг ойлгох эсэхээс үл хамааран Бурханд итгэх ёстой байлаа. Баривчлагдсанаасаа хойш цагдаа нарын гарт эрүү шүүлт туулж байхдаа Бурханы намайг гэх хамгаалалтыг нүдээр үзсэн гэдгээ бодсон. Цагдаа нарын харгис тамлалыг би ганцаараа даван туулж хэзээ ч чадахгүй байх байсан. Бурханы чимээгүй удирдамж, хамгаалалт байсан учраас даван туулж чадсан юм. Бас Бурхан итгэлийг минь төгс болгохын тулд энэ орчныг ашиглаж байгаа гэдгийг, би хоригдлоо ч энэ нь Бурханы хүсэл гэдгийг ойлгосон. Би үүнийг дуулгавартай дагаж, үүнийг туулахдаа Бурханд найдаж, Бурхан намайг замчилна гэдэгт итгэх ёстой байлаа. Тийм болохоор, “Би гарын үсэг зурахгүй” гэж баттай хэлсэн. Тэр цагдаа арга барагдан санаа алдаад над руу зааснаа, “Чамд үнэхээр ямар ч найдлага алга даа” гэсэн. Тэгснээ бүрэн цөхөрсөн царайлаад, яваад өглөө.

9-р сарын нэг өглөө цагдаа нар манай авга эгч, авга ах хоёрыг авчирсан. Намайг төмөр сандлаас гавлаатай байгааг хараад авга эгч нүдэндээ нулимстайгаар, “Тэнэгхэн охин минь дээ. Яаж чи энд ийм олон хоногийг даван туулав аа? Бид чамайг газар сайгүй хайсан. Авга ах чинь маш их санаа зовсондоо хоёр нүд нь хавагнаад байгаа. Бурханд итгэхээ болино гэсэн тангарагт зүгээр л гарын үсгээ зурчих, тэгээд бид чамайг гэрт аваачъя. Чи энд зовох шаардлагагүй биз дээ? Чамайг энэ тангарагт гарын үсэг зурсан цагт шүүх хурал хүртэл батлан даалтад гаргана, одоо чи гэртээ харьж болно гэж нэг цагдаа бидэнд хэлсэн” гэсэн. Бас цагдаа нар, “Эгч, ах хоёр чинь чиний талаар хэчнээн их санаа зовж, чамд хэр сайн хандаж байгааг хар. Тэдний хүссэнээр хийж, бичигт гарын үсэг зураад, тэдэнтэй хамт гэртээ харь” гэлээ. Би буурал үстэй, ядруу царайтай авга ахыгаа, хавагнаад хаагдчихсан сүүмгэр нүд, хацрыг нь даган урсах нулимсыг харсан. Тэр мөчид би ч бас өөрийн эрхгүй уйлсан. Тэгээд шаналж байсан юм. Намайг баривчлагдсанаас болж тэд миний талаар маш их санаа зовсондоо намайг эргэх гэж шөнөжин энэ хүртэл явж ирсэн байсан. Авга ах минь үргэлж надад өөрийнхөө төрсөн охин мэт ханддаг байсан сан, гэхдээ ах одоо хөгшрөөд, бие нь маш муу байлаа. Би санааг нь зовоохоос өөрөөр ахынхаа төлөө хэзээ ч, юу ч хийж байгаагүй. Үүндээ маш их харамсаж байсан юм. Ах эгч хоёр маань уйлж, тэгтлээ их гашуудаж байгааг хараад үнэхээр зүрх эмтэрсэн. Миний сонор сэрэмж бүрэн алдагдсан юм. Тэр хоёрт би өртэй юм шиг санагдсан. “Үнэхээр тэр бичигт зүгээр л гарын үсэг зураад, тэдэнтэй цуг гэртээ харих ёстой юм болов уу?” гэж бодсон. Тэр бичиг Бурханыг доромжилсон ямар ч зүйл агуулаагүй байсан учир гарын үсэг зурахад тийм ч ноцтой байх учиргүй. Гарын үсэг зурчхаад, тэдэнтэй цуг гэртээ харивал илүү их санааг нь зовоож, зүрхийг нь шархлуулахаас сэргийлэх байсан. Гэхдээ гарын үсэг зурчихвал Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвах байлаа. Сэтгэлдээ тэмцэлдэж байтал авга эгч мэгшин уйлаад, “Тэнэгхэн охин минь дээ! Эгчийнхээ үгэнд ороод, гарын үсэг зурчих л даа!” гэсэн. Тэдний хүлээлттэй нүдэнд найдлага байгааг хараад дахин надаас болж санаа зовж, гуниглахад хүргэж болохгүй гэж бодогдсон. Ийм шалтгаанаар тангаргийн бичигт гарын үсэг зурсан. Гарын үсэг зурмагц зүрх сэтгэл тэр дороо хоосорч, ухаан орсон доо. Яахаараа би тэр тангаргийн бичигт гарын үсэг зурчихдаг билээ? Үүнд гарын үсэг зурснаар Бурханаас урваж байсан биш үү? Над шиг хүнийг Бурхан дахин хэзээ ч хүсэхгүй, тэгэхээр Бурханд итгэх амьдрал минь дууссан гэсэн үг биш үү? Миний ухаан санаа бүрэн балартлаа. Хорих өрөө рүүгээ яаж буцаж очсон юм, бүү мэд. Тухайн үед тэр тангаргийн бичигт гарын үсэг зурсан тухайгаа бодох болгонд асар их харуусаж, зогсолтгүй уйлдаг байлаа. Миний ертөнц төгсгөл болсон мэт санагдсан. Тэгээд Бурханы үгийн ийм хэсэг санаанд орсон юм, “Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Бурханы зөвт зан чанарт халдаж болохгүй. Би энэ шалгалтыг яаж туулсан, Бурханд итгэхээ болих тангарагт яаж гарын үсэг зурсан тухайгаа бодлоо. Энэ нь Сатаны өмнө Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвасан явдал гэдгийг ухаарсан. Одоо би арилшгүй толботой болсон байлаа. Зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй байж, шалгалт нүүрлэхэд Бурханы хүслийг эрж хайгаагүй гээд өөрийгөө үзэн ядсан. Тэгэхэд илүү их эрж хайхаар залбирсан бол Сатанд хууртахгүй байх байсан юм. Тухайн үед би өөрийгөө буруутгах байдалтай амьдарч, яагаад Бурханаас урвасан тухайгаа эргэцүүлсэн. Ах, эгч хоёр минь надад маш сайн ханддаг байсан учраас тэгсэн юм байна лээ. Би тэдний санааг зовоож, тэдэнд өртэй мэт байхыг хүсээгүй. Би өөрийнхөө сэтгэл хөдлөлд бүрэн урхидуулсан амьдралаар амьдарч байж. Үнэндээ цагдаа нар л ах эгч хоёрыг минь тийшээ дуудсан байсан юм. Тэд гэр бүлээ гэх сэтгэлийг минь ашиглан Бурханаас урвахад намайг урхидсан, харин би ялган таних чадваргүй байсан учир Сатаны заль мэхэнд хууртаж, Бурханаас урвасан. Би маш тэнэг мунхаг байж. Тэгээд үүндээ харамсаж, өөрийгөө буруутгасан. Дахиад боломж олддог л юм бол Бурханыг үгүйсгэхгүй, тэр бичигт гарын үсэг зурахгүй гэж бодлоо.

Дараа нь манай үеэл цагдаа нарт хүн орхоодой, бугын эвэр гэх мэт эрүүл мэндийн олон үнэтэй бэлдмэл өгч, бас 2,000 юань бэлэглээд, авга ах маань нэмж 5,000-ыг барьцаанд төлсний эцэст цагдаа нар надад батлан даалт өгсөн юм. Намайг батлан даалтын хурлаар орж байтал цагдаа нар хурааж авсан компьютерынхоо цоожийг тайлж өг гэж хүслээ. Татгалзах юм бол бас л шоронд хийнэ гэсэн. Ах, авга ах хоёр маань намайг үгэнд нь ор гэж зөвлөлөө. Би, “Компьютер дээр чуулганы мэдээлэл байгаа, цагдаа нар үүнийг олох юм бол Чуулганы ажилд хор хөнөөл учрах нь гарцаагүй. Би гэрчлэлд зогсох нэг боломжоо аль хэдийн алдсан, тийм болохоор Бурханаас урвах өөр юм хийхээс татгалзах ёстой” гэж бодлоо. Тэгээд цагдаа нарт нууц үгийг нь мэдэхгүй гэсэн. Гэхдээ тэд бууж өгөөгүй юм. Намайг үргэлжлүүлэн шалж, эхлээд компьютерыг асаагаад, дараа нь нууц үгээ санах гээд үз гэлээ. Гэхдээ дараа нь компьютер асаагүй. Цагдаа нар яагаад тэгснийг асуухаар техникч рүү утасдтал хатуу диск нь эвдэрснээс болсон байж магадгүй гэсэн. Иймээс тэр цагдаа, “Албан өрөө рүү очиж мөнгөө төлөөд, батлан даалтын ажиллагааг дуусга” гэж хэллээ. Би энэ бүгдийг харсныхаа дараа Бурханы хэлсэн нэг үгийг санасан, “Амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). Бурханы эрх мэдэл үнэхээр л газар сайгүй байдаг, бүх зүйл үнэхээр Бурханы гарт байдгийг би үнэхээр мэдэрсэн. Үнэндээ Бурхан миний дэргэд байж, намайг замчилж, харж хандаж байсан гэдгийг хараад, зүрх сэтгэл минь Бурханыг гэх талархал, магтаалаар дүүрсэн!

Дараа нь Коммунист Нам “хууль хэрэгжилтэд саад хийхээр гаж урсгалын байгууллага зохион байгуулж, ашигласан” гэх гэмт хэргийн төлөө надад 18 сарын тэнсэн харгалзах ял бүхий 18 сарын хорих ял оноосон. Би ах эгч нартай холбоо барих юм бол тэднийг аюулд оруулна гэж айсан болохоор зүгээр л гэртээ Бурханы үг нууцаар уншдаг байлаа. Хэдийгээр Коммунист Нам хувийн эрх чөлөөг минь хязгаарласан ч Бурханыг дагах хүслийг минь хорьж чадаагүй. Энэ мартагдашгүй туршлага надад үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг Коммунист Намын чөтгөрлөг мөн чанарыг тодорхой харуулж, би тэднийг бүрэн орхиж, голж чадсан юм. Би бас Бурханы үгийн хүч чадлыг мэдэрч чадсан. Махан биеийн харгис тамлалыг тэсвэрлэж чадахгүй удаа маш олон байсан. Бурханы үг л надад итгэл, хүч чадал өгч, эрүү шүүлтийг даван туулахад намайг ахин дахин замчилсан юм. Гагцхүү Бурханд л найдаж болно гэдгийг би үнэхээр мэдэрсэн шүү. Хяхалт хавчлага туулсныхаа дараа биеийн хэмжээ минь дэндүү өчүүхэн байгааг бас олж харсан. Үнэнийг ойлгодоггүй, сэтгэл хөдлөлийнхөө мөн чанарыг олж харж чаддаггүй учраас би гэр бүлээ дагаж, тангаргийн бичигт гарын үсэг зурсан. Гэхдээ Бурхан гэм буруугаас минь болж намайг таягдан хаялгүй, гэмших дахин нэг боломж өгсөн. Бурхан үгээ ашиглан намайг гэгээрүүлж, замчилж, намайг гэх өршөөл, хайраа мэдрүүлсэн, иймээс би үнэнийг эрэлхийлэхээр улам ч их сэтгэл шулуудсан даа. Нэг л өдөр би Коммунист Намд дахин баривчлагдаж болох ч Бурханыг хангалуун байлгахын тулд Бурханд найдаж, цангинасан гэрчлэл хийхэд бэлэн байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сүйрэл дундах амийн дуу

Гао Жин, Хэнань муж 1999 онд надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх аз завшаан тохиосон юм. Бурханы үгийг...

Сатаны сорилтыг ялсан нь

Чэнь Лу Хятад Би 1980-аад оны үед тосгонд төрсөн, манай гэр бүл үе дамжин тариалан эрхэлж ирсэн. Би тосгоны амьдралын ядуурал, хоцрогдсон...