Багаа тайлсан нь

2022-01-21

Дуулгавартай, франц

Өнгөрсөн 6-р сард би удирдагчийн үүргээ дөнгөж биелүүлж эхэлчхээд. Эхэндээ намайг францаар ярьдаг, бас шинэ гишүүдтэй шууд харилцаж чаддаг болохоор хамт ажилладаг хэдэн эгч маань орчуулгадаа тусламж авахаар хандаж, аливаа асуулт, бусад бэрхшээл байвал тусламж гуйхаар ирдэг байлаа. Шинэ итгэгчийн чуулганд намайг нөхөрлөл хийхээр аль ч бүлэгт очсон, хүн бүр анхааралтай сонсож, дуусах үед тэд үргэлж маш их тус боллоо гэцгээдэг байсан. Би хамтарч байгаа эгч нартайгаа харьцуулахад хэлний мэдлэг сайтай, бас шинэ итгэгчидтэй харьцуулахад үнэний талаар нөхөрлөж чаддаг, тэгэхээр бүлгийн орлуулшгүй хэсэг гэсэн үг байлаа. Үүнд бардам зан минь үнэхээр ханасан шүү. Гэхдээ үүнээс болоод би хүн бүрд сайхан сэтгэгдэл үлдээх гэж үргэлж хичээж байсан юм. Ах эгч асуулт асуух бүрд хариултыг нь харваас мэдэхгүй байсан ч мэддэг царайлдаг байсан.

Нэг удаа, төслийн хэрэгжилтийн талаар нөхөрлөхөөр нэг бүлэгт очсон санагдаж байна. Нэг ах надад асуулт тавьсан ч энэ ажлыг би анх удаа хийж байсан учир нарийн хэрэгжүүлэх зарчим, шаардлагыг нь яг сайн мэдэхгүй, бас юу гэж хариулахаа мэдэхгүй байсан. Тэгээд дотроо: “Мэдэхгүй гэж хэлбэл энэ ах намайг дорд үзэх болов уу? Бурханд итгээд өөрөөс нь нэлээд удсан мөртөө ийм өчүүхэн асуултад ч хариулж чадахгүй байна гээд, намайг үнэнийг ойлгодоггүй гэж бодох болов уу? Тэгвэл маш ичмээр шүү дээ. Бусад ах эгч намайг удирдагчийн хувьд сайшаасан хэвээр байх болов уу? Би юу ч боллоо гэсэн, ойлгохгүй байгаагаа бүгдэд мэдэгдэж болохгүй” гэж бодсоор байлаа. Тийм бодолтойгоор тайван царайлж, зарим нэг хоосон сургаал цээжээр айлдсан. Миний хариултад ах сэтгэл ханамжгүй байгаа харагдлаа. Үнэндээ би жаахан буруутайгаа мэдэрсэн. Тэр ахыг би хуурч байсан биш үү? Гэхдээ нэр нүүрээ авч гарахын тулд ахад үнэнийг хэлээгүй. Өөр нэг удаад, нэг ах үүрэг гүйцэтгэхдээ илүү үр бүтээмжтэй байхын тулд цагаа яаж зохион байгуулах вэ гэж асуулаа. Энэ нь үнэхээр хэцүү байна, үнэхээр тусламж хэрэгтэй байна гэсэн. Би өөрөө бас адилхан асуудалтай болохоор тухайн үед ахад яаж туслахаа мэдэхгүй байсан юм. Би ч бас цагаа муу зохицуулдаг, бас үргэлж цаг огт хүрэлцэхгүй байх шиг санагддаг. Гэхдээ Бурханд ийм олон жил итгэснийхээ дараа ч өөртэй нь адилхан асуудалтай байгаагаа ахад мэдэгдэх юм бол ах намайг дорд үзэх болов уу? Өөрөөс нь илүү ойлголтгүй гэж бодох болов уу? Ахын сэтгэл дэх миний дүр төрх сүйрэх юм биш үү? Тэгээд ахад цаг зохицуулах зарим онолын талаар хэлээд, би ч бас хэрэгжүүлэлтдээ эдгээрийг ашигладаг гэж итгүүлсэн. Дараа нь ах юу ч хэлээгүй, харин би нөхөрлөл маань ахад тус болсон эсэхийг нэмж судлаагүй. Ах надад илүү нарийн асуулт тавина, харин би хариулж чадахгүй бол үнэхээр ичгүүртэй байдалд орно гэж айсан. Тийм болохоор ахын асуудлыг тэгээд л орхигдуулчихсан юм. Өөрийн минь байдал нэг их сайнгүй байсан удаа нэлээд хэд бий. Ах эгч нартай хамт ажиллаж байхдаа зарим нэг завхарсан зан чанар илчилсэн ч цуглаан дээр энэ талаар үнэнчээр ярихаас зайлсхийдэг байлаа. Тэдэнд би үнэнийг ойлгодог, өөрсдөөс нь илүү их итгэлтэй, илүү биеийн хэмжээтэй гэж бодогдохын тулд Бурханы үгийн махчилсан ойлголтын тухай л ярьж, хий дэмий хоосон сургаал нөхөрлөдөг байлаа. Нэг удаа, урьд нь миний усалдаг байсан эгч надтай хийдэг байсан цуглаанаа үгүйлж байна гэж мессеж явуулсан. Ер нь ах эгч нартайгаа харилцаж байхад тэд намайг хүндэлж, биширдэг гэдэг нь үг болон үгийн бус харилцааны аль алин дээр анзаарагддаг байсан. Би ч үнэхээр баярлаж, баясаж, өөрийгөө чуулган дахь чухал хүн мэтээр санаж, тэр ч бүү хэл хүн бүр намайг хүндэлж, дэмжсэн хэвээр байгаасай гэж найддаг байлаа. Би хүндлэл хүлээх үнэ цэнтэй хүн мэтээр байнга дүр эсгэж байгаагаа бодохоор заримдаа жаахан түгшдэг байсан. Хүмүүст шүтэгдэхийн тулд би тэднийг өмнөө авчирч байв уу? Гэхдээ ийм санаа хааяа л толгойд зурс хийдэг байсан. Үүнд би нэг их анхаараагүй юм.

10-р сарын эхээр нэгэн өглөө манай хамтрагч эгч бид хоёр нэг бүлгийн ахлагчтай ажил хэлэлцэж байлаа. Тэр эгч үүргээ биелүүлэхэд маань тулгарч байгаа асуудал, дутагдлыг бүлгийн ахлагчаар хэлүүлсэн юм. Бүлгийн ахлагч надад: “Би хятад ах эгч та нарыг, ялангуяа таныг үнэхээр шүтдэг. Таны хэлдэг зүйл Бурханы үгээс чухал гэж үргэлж бодогддог. Би таныг л сонсмоор байна” гэж хэлэхийг нь сонсоод үнэхээр гайхсан шүү. Үүнийг сонсоод цээжинд зүрх булгилж, нүүр халуу дүүгж эхэллээ. Бүлгийн ахлагч цааш ярихдаа: “Хүмүүсийг шүтэх буруу гэдгийг мэднэ, гэхдээ би таныг таньдаг болоод нэг жил болохдоо ямар ч завхрал, хүндрэл бэрхшээл, сул талыг тань харж байгаагүй. Тэгэхээр таныг үндсэндээ төгс төгөлдөр, ямар ч завхралгүй гэж бодоход хүрч байна. Би өөрийн эрхгүй таныг хүндэлж, биширдэг” гэсэн. Үүнийг сонсоод би гайхаж, айсан даа. Би хэдэн хором дуугаа хураасны дараа бүлгийн ахлагчийн үгийг хамтрагч эгчдээ орчуулж өгч, үүнийхээ туршид гацаж түгдэрсэн. Дараа нь эгч бүлгийн ахлагчид байгаа байдлынх нь талаар нөхөрлөсөн юм. Би үнэндээ юу гэхээ мэдэхгүй байсан болохоор зүгээр л орчуулгад тусалсан. Цуглаан яг тэгээд л эв хавгүй дууссан.

Дараа нь хамаг бие суларлаа. Тэр эгчийн үг, ялангуяа надаас завхрал харагддаггүй, намайг төгс төгөлдөр мэт санаж, шүтдэг, бас миний үгийг Бурханыхаас ч чухал гэж боддог гэх хэсэг толгойд цуурайтан сонсогдсоор байсан. Эхэндээ би өөрийнхөө талаар ойлголгүйгээр бүрэн хэлмэгдсэн мэт санагдаж, үнэхээр айсан юм. Эгчийн хэлсэн үгийг инээдтэй гэж бодсон. Миний үгэнд Бурханы үг гэж ханд гэж эгчээс би хэзээ ч гуйгаагүй шүү дээ. Эгч тэгж хэлсэн гэхээр асуудлын уг чанар үнэхээр ноцтой гэсэн үг биш үү? Би эгчийг өөрийнхөө өмнө авчран, антихрист болсон юм биш үү? Үдээс хойш өөр юу ч бодож чадалгүй, тухайн мөчийг толгойдоо ахин дахин тоглуулсаар байсан юм. Тэгээд эрж хайж, залбирахаар Бурханы өмнө очоод: “Бурхан минь, өнөөдөр тэр эгчийн хэлсэн үгийн тухай бодохоор шаналж, айж байна. Эгч намайг тэгж боддог гэж би хэзээ ч төсөөлөөгүй. Өө Бурхан минь, би яаж ийм байдалд орсноо мэдэхгүй юм. Би өөрийгөө ойлгох болоогүй байна. Намайг удирдан чиглүүлж, өөрийгөө мэдэхэд минь замчлаач. Би гэмшиж, Таны үзэн яддаг зүйлийг хийхээ болимоор байна” гэсэн. Нэг өглөө, Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан юм. “Нөхцөл байдлыг үл харгалзан, үүргээ хаана ч биелүүлж байсан, антихрист өөрийгөө сул дорой биш, үргэлж хүч чадалтай, итгэл дүүрэн, хэзээ ч сөрөг биш байдаг гэх сэтгэгдэл төрүүлэхээр хичээнэ. Тэгээд жинхэнэ санал бодол, Бурханд хандах бодит хандлагаа хэзээ ч илчилдэггүй. Тэд өөрсдөд нь хийж чадахгүй зүйл гэж үгүй хэмээн зүрх сэтгэлийнхээ гүнд үнэхээр боддог гэж үү? Сул тал, сөрөг байдалгүй, завхрал ундруулдаггүй гэж чин үнэнээсээ боддог гэж үү? Яавч үгүй. Тэд дүр эсгэхдээ сайн, аливааг нуухдаа гаргууд. Хүч чадалтай, нэр төртэй талаа хүмүүст харуулах дуртай; харин сул дорой, бараан талаа харуулахыг хүсдэггүй. Тэдний зорилго илэрхий байдаг: Ердөө л бусдын өмнө нэр нүүрээ авч гарч, энэ хүмүүсийн зүрх сэтгэл дэх орон зайгаа хамгаалах. Тэд өөрсдийн сөрөг байдал, сул талын тухай бусдын өмнө сэтгэлээ уудалж, тэрслүү, завхарсан талаа илчлэх юм бол байр суурь, нэр төрд нь ноцтой заналхийлж, дэмий төвөг удна гэж боддог. Иймээс сул дорой, тэрслүү байдлаа чанд нууцлахыг илүүд үздэг. Бүх хүн өөрсдийнх нь сул дорой, тэрслүү талыг олж харах өдөр ирвэл тэд үргэлжлүүлэн дүр эсгэх ёстой болдог; завхарсан зан чанартай, эгэл хүн, өчүүхэн, шалихгүй нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөх юм бол хүмүүсийн зүрх сэтгэл дэх орон зайгаа алдаж, бүрмөсөн бүтэлгүйтсэн байх болно гэж тэд боддог. Иймээс тэд юу ч боллоо гэсэн хүмүүст сэтгэлээ уудалж ер чаддаггүй. Юу ч боллоо гэсэн өөрсдийн эрх дарх, байр суурийг өөр хэнд ч өгч чаддаггүй. Оронд нь тэд өрсөлдөхийн тулд чадах чинээгээрээ хичээдэг бөгөөд хэзээ ч бууж өгөхгүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Аравдугаар хэсэг)”). “Хүмүүс үргэлж дүр үзүүлж, өөрсдийгөө аятайхан харагдуулж, бусдад өндрөөр үнэлэгдэхийн тулд байнга дүр эсгэж, өөрсдийн алдаа, дутагдлыг олж харж чадалгүй, хүмүүст үргэлж хамгийн сайн сайхан, төгс төгөлдөр талаа харуулах гэж хичээх нь ямар зан чанар вэ? Энэ нь биеэ тоосон, хуурмаг, хоёр нүүртэй байдал, Сатаны зан чанар, ёрын муу зүйл юм… Эдгээр зүйлийг ухаардаггүй хүмүүс өөрсдийнхөө алдаа, дутагдал, завхарсан байдлыг хэзээ ч дурддаггүй, мөн өөрсдийгөө мэдэх талаар хэзээ ч ярьдаггүй. Тэд юу гэж хэлдэг вэ? ‘Би олон жилийн турш Бурханд итгэсэн. Намайг юм хийхдээ юу бодож байдгийг, хэчнээн их зүйл бодолцож үзсэнийг та нар мэдэхгүй!’ гэдэг. Энэ нь биеэ тоосон зан чанар мөн үү? Биеэ тоосон зан чанарын гол шинж юу вэ? Тэдний хүрэхийг хүсдэг зорилго юу вэ? (Хүмүүст өндрөөр үнэлэгдэх.) Хүмүүст өндрөөр үнэлэгдэх нь тэр хүмүүсийн оюун санаанд байр суурь эзлэх зорилготой байдаг. Хүний оюун санаанд байр сууриа эзлэх үед чинь тэд хамт байхдаа чамайг хүндэлж, чамтай ярихдаа тун эелдэг байж, үргэлж чамд хүндлэлтэй хандаж, бүх зүйл дээр чамайг урдаа оруулж, чамд тал засаж, сэтгэл шархлуулах зүйл хэзээ ч хэлэлгүй, харин аливааг чамтай хэлэлцдэг. Энэ бүхэн үнэндээ чамд ашигтай бус уу? Хүмүүс яг үүнийг л хүсдэг… Тэд өөрсдийгөө бусдад төгс гэж бодогдуулахын тулд хүмүүсийг хуурч, дүр эсгэж, өөрсдийгөө аятайхан харагдуулж, дүр үзүүлж, гоёж гооддог нь байр суурийн ерөөлийг эдлэх зорилготой байдаг. Хэрэв чи үүнд итгэхгүй байгаа бол анхааралтай бодоод үз; чи яагаад үргэлж хүмүүст өндрөөр үнэлэгдэхийг хүсдэг юм бэ? Чиний тэгтлээ эрчимтэй хөөцөлддөг байр суурь чамд юу авчрах юм бэ? Энэ нь чамд сайн бөгөөд эдэлж болох үр өгөөж, эд зүйлсийг чамд авчирдаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим”). Антихристийн зан чанар ялангуяа биеэ тоосон, ёрын муу байдгийг Бурхан илчилсэн. Тэд бусдын дундах байр суурь, дүр төрхөө хамгаалахын тулд ямар ч үнээр хамаагүй дүр эсгэдэг. Тэгээд завхрал, сул тал, сөрөг байдлаа бусдад хэзээ ч харуулалгүй үргэлж хүмүүсийн оюун санаанд байр суурь эзлэхийг хүсэж, байр суурийн үр ашигт баясдаг. Миний зан чанар Бурханы илчилсэн антихристийнхтэй адилхан байгаа нь харагдсан. Би шинэ итгэгчийн чуулганы удирдагч болсон цагаасаа хойш байр суурь, дүр төрхөө хамгаалахын тулд алхам тутамдаа дүр эсгэж, хүндлүүлж, шүтэгдэх мэдрэмжид дурладаг байж. Ах эгч нар намайг тусалж чадна гэж найдаад асуулт асуудаг ч би зүгээр л хариултыг нь мэддэг царайлдаг байсан. Тэдний амыг таглахын тулд л хий хоосон сургаал айлддаг байлаа. Заримдаа ах эгч нартай хамт ажиллаж байхдаа завхарсан зан чанараа илчилдэг байсан ч хүн бүр намайг дорд үзэх вий, бас ийм олон жил итгэснийхээ дараа яаж өөрсөд шиг нь завхарсан хэвээр байж чадав гэж гайхах вий гэж айгаад нөхөрлөлийн үеэр жинхэнэ байдлынхаа талаар ярихаас байнга зайлсхийдэг байсан. Би жинхэнэ байдлынхаа талаар ах эгч нартайгаа бараг хэзээ ч илэн далангүй байгаагүй, бас үнэндээ юу мэдэрч байгаагаа хэлж байгаагүй. Асуудалд нь тус болсон эсэх, нөхөрлөл маань үр ашигтай байж чадсан эсэхийг хайхралгүй хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд зүгээр л хоосон сургаал айлддаг байж. Би байр сууриа хамгаалж, хүн бүрд хүндлүүлэхийг л хүссэн. Би жигшүүртэй, ёрын муу байсан юм. Хэрвээ бид үргэлж дүр эсгэж, улмаар ах эгч нар бидний завхрал, дутагдлыг олж харж чадахгүй бол яваандаа биднийг хүндэлж тун магадгүй. Би шинэ итгэгчдийг усалсан тэр жилээ эргээд бодсон. Тэгэхэд ах эгч нар Бурханы талаар юу ч мэддэггүй байсан ч эцэстээ намайг хүндэлж, шүтсэн. Тэр ч бүү хэл миний үгийг Бурханыхаас чухал гэж үзсэн. Би зүгээр л тэднийг өөрийнхөө өмнө авчирч байсан биш үү? Би үүргээ биелүүлэлгүй ёрын мууг үйлдэж байж! Үргэлж өөрийгөө өнгөлөн далдалж, бусдад хүндлүүлэхээр эрэлхийлдэг байж. Гэхдээ өмнө минь байгаа эгч намайг хүндэлж, шүтдэг гэдгээ хэлж байх үед би ямар ч аз жаргал, баяр баясал мэдрээгүй. Үнэндээ, өөртөө гай гамшиг л дуудсан мэтээр сандарч, түгшсэн шүү. Бусдаар хүндлүүлэхийн тулд дүр эсгэж, байр суурийн үр ашгийг эдэлж, үргэлж алдар нэр, байр суурь хөөцөлддөг байснаа хараад зөв зам биш, Бурханыг эсэргүүцэх замаар явж байснаа ухаарсан. Тэр эгч тийм юм хэлсэн нь Бурханы сануулга, анхааруулга байсныг би эцэст нь ойлголоо. Бурхан намайг хамгаалж байсан юм. Тэгээгүй бол би дүр эсгэж, байр суурийн төлөө хөдөлмөрлөсөөр байх байсан. Тэгэх нь маш аюултай.

Дараа нь, Бурханы ийм үгийг уншсан: “Зарим хүн үнэнийг эрэлхийлдэггүй бөгөөд удирдагч байх боломж олдмогц зүтгэл гаргаж, төлөөс төлж, янз бүрийн арга замаар байр суурь олж авахын төлөө явдаг. Эцэст нь тэд илүү олон хүнээр бишрүүлж, өндрөөр үнэлэгдэхийн тулд байр суурь олж авч, хүмүүсийг хуурч, зүрх сэтгэлийг нь татаж болох юм. Тэд бүрэн эрх мэдэлтэй болж, байр суурийн төлөөх хүслээ бүрэн хангасны дараах эцсийн үр дүн юу байдаг вэ? Тийм хүн хүмүүсийг хахуульдахын тулд яаж ч бага сагаар тусалж, өөрсдийн авьяас билиг, чадварыг хэчнээн ч их гайхуулж, сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд хүмүүсийг хуурах ямар ч арга ашигладаг бай, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөртөө татаж, байр суурь эзлэхийн тулд ямар ч арга зам ашигладаг бай хамаагүй, тэд юу алдсан бэ? Тэд удирдах үүрэг гүйцэтгэж байхдаа үнэнийг олж авах боломжийг алдсан байдаг. Үүний зэрэгцээ тэд элдэв янзаар авирласнаасаа үүдэн эцсийн төгсгөлийг нь авчрах ёрын муу үйл хураасан байдаг. Одоо харахад, бага сага тус ашиглаж, онгирч, хүмүүсийг төөрөгдлөөр хуурах аргыг хэрэгжүүлээд хүн гаднаа хэдий олон ашиг тус хүртэж, хэчнээн их сэтгэл ханамж авч байгаа мэт санагдлаа ч гэсэн эдгээр аргыг чи явах сайн зам гэж хэлэх үү? Энэ нь үнэнийг эрэлхийлэх зам мөн үү? Энэ нь аврал авчирч чадах зам мөн үү? Мэдээж биш. Эдгээр арга барил, заль мэх хэчнээн нууц, бусдад баригдахааргүй, хэдий ухаалгаар сэдэгдсэн байлаа ч ийм ааш авирын цаана хувийн санаархал, Бурхантай үзэлцэх гэсэн тиймэрхүү хандлага, мөн чанар нуугдаж байдаг учраас эцсийн эцэст энэ бүгдийг Бурхан яллаж, үзэн яддаг. Бурхан сэтгэлийнхээ угт ийм хүнийг үүргээ гүйцэтгэж байгаа нэгэн гэж хэзээ ч, яавч хүлээн зөвшөөрөхгүй, харин тэднийг мууг үйлдэгч гэж тодорхойлно. Мууг үйлдэгчидтэй харьцах үедээ Бурхан ямар дүгнэлт гаргадаг вэ? ‘Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл!’ Бурхан, ‘Надаас зайл’ гэж хэлэхдээ хүмүүсийг Сатан руу, Сатаны оршин суудаг газар луу илгээж байсан бөгөөд тэднийг хүсэхээ больсон юм. Тэднийг хүсэхгүй байна гэдэг нь тэднийг аврахгүй гэсэн үг. Хэрэв чи Бурханы хонин сүргийн нэг биш, Бурханыг дагагчдын нэг бүр ч биш бол Бурханы аврах хүмүүсийн тоонд орохгүй. Тийм хүнийг ингэж тодорхойлдог(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”). Үүнийг уншаад би үхтлээ айсан шүү. Бурханы зан чанар зөрчлийг хүлцдэггүйг мэдэрч чадсан. Би нэр алдартай болохын тулд хүмүүсийг хуурч, төөрөгдүүлэх гээд үргэлж дүр эсгэж байж. Мөн чанартаа би хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг орлож, өөртөө Бурхан мэт хандуулахыг хүссэн юм. Би Бурхантай өрсөлдөж байсан. Үүнд Бурхан асар их гомддог шүү дээ. Тэр жил ах эгч нартай харилцаж байснаа эргээд бодох нь ээ, би өдөр болгон дүр эсгэдэг байж. Намайг үнэнийг ойлгодог, биеийн хэмжээтэй, завхралгүй гэж таамаглаад, ямаршуу хүн болохыг минь хэн ч үнэнхүү ойлгож чадаагүй. Тэд намайг сохроор шүтсэн. Би хүмүүсийг хуурч, мэхлэхдээ ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байж. Энэ нь Бурханд үйлчилсэн боловч Бурханыг хэзээ ч өргөмжилж, гэрчлээгүй фарисайчуудыг санагдууллаа. Тэд сүмд ам мэдэн чалчиж, судрын зарим хоосон сургаал, мэдлэгийг цээжээр уншин онгирдог байсан. Тэгээд албаар гудамжинд зогсон залбирч, сахиусаа өргөтгөн, хувцасныхаа унжлагыг уртасгасан. Тэд сүсэгтэй харагддаг, маш олон сайн зан авиртай, бас хүмүүс тэднийг өндрөөр үнэлж, бүгдээрээ хүндэлж, шүтдэг байсан. Гэхдээ Бурхан тэднийг ёрын мууг үйлдэгчид, могойн удам гэж яллан, долоон золгүй явдлаар ялласан шүү дээ. Бурхан зөвт, ариун зан чанартай байж, зан чанарынх нь эсрэг ямар ч зөрчлийг хүлцдэггүй. Фарисайчууд шиг нэр алдарт хорхойсдог хоёр нүүртнүүдийг Бурхан үзэн ядаж, ялладаг. Тийм хүмүүсийг Бурхан яавч авардаггүй. Тэгэхэд миний хийсэн бүх зүйл яг фарисайчуудынх шиг байсан юм. Би үүргээ гүйцэтгэж байхдаа олон цуглаанд оролцож, зарим ажил гүйцэлдүүлсэн ч Бурханыг сэтгэл хангалуун байлгах бус, хүмүүсийн дундах байр суурь, дүр төрхөө хамгаалах санаа зорилготой байж. Би үнэнийг үнэхээр мэддэг, аливааг нэгд нэггүй ойлгодог мэтээр үргэлж дүр эсгэдэг байсан. Тэр ч бүү хэл бусдад хүндлүүлж, шүтэгдэхийн тулд сул тал, завхралынхаа талаар ярихаас зайлсхийж, үр дүнд нь хүмүүсийг өмнөө авчирсан юм. Хэрвээ би дүр эсгэж, фарисайчуудтай адилхан замаар явсаар байвал Бурхан намайг жигшин голж, таягдах байлаа. Бурхан тийм хүмүүсийг яллаж, таягдан хаядгийг хараад би үнэхээр айсан. Өөрийгөө буруутгаж, харууслаар дүүрсэн. Үнэнийг хурдан ойлгож, үнэн замд сууриа тавихад нь ах эгч нарыг замчилж, шинэ итгэгчдийг усалж, дэмжинэ гэж найдсандаа Бурхан намайг удирдах албан тушаалд дэвшүүлсэн. Гэтэл би ажлаа зохих ёсоор хийгээгүй, удирдах үүргээ гүйцэтгээгүй. Гагцхүү байр суурьтайгаа л зууралдсан. Би ах эгч нарын амийн оролтод туслалгүй үнэндээ тэднийг хуурч, хорлож байсан юм. Би дэндүү жигшүүртэй, ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байж. Энэ тухай бодох тусмаа улам их харамссан. Тэгээд Бурханы өмнө сөгдөөд, “Өө Бурхан минь, би үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг эрэлхийлэхийн оронд алдар нэр, байр суурь хөөцөлдөж, буруу замаар будаа тээсэн. Таныг үнэхээр намайг жигшиж, зэвүүцэхэд хүргэсэн. Бурхан минь, би энэ маягаараа явмааргүй байна. Гэмшиж, өөрчлөгдмөөр байна. Намайг удирдаж, замчлаач гэж Танд залбиръя” гэж Бурханд залбирсан юм.

Дараа нь Бурханы үгийн бас хэдэн хэсгийг харсан: “Эхлээд чи жинхэнэ бүтээгдсэн зүйл гэж юу болохыг ойлгох ёстой: Жинхэнэ бүтээгдсэн зүйл бол супер хүн биш, харин газар дэлхий дээр шулуун шударга, даруухнаар амьдардаг, огтхон ч гойд бус нэгэн юм. Гойд бус нэгэн байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, хэр өндөрт зогсож, хэр өндөр үсэрч чадах чинь хамаагүй, үнэн хэрэгтээ бодит өндөр чинь өөрчлөгдөхгүй бөгөөд чамд ер бусын чадвар байхгүй гэсэн үг юм. Хэрэв чи үргэлж бусдын дээр гарахыг, бусдаас дээгүүр эрэмбэлэгдэхийг хүсдэг бол энэ нь биеэ тоосон, сатанлаг зан чанараас чинь үүдэн гардаг бөгөөд чиний төөрөгдөл юм. Үнэн хэрэгтээ чи үүнд хүрч чадахгүй, чамд үүнийг хийх боломж байхгүй. Бурхан чамд тийм авьяас юм уу ур чадвар өгөөгүй, тийм мөн чанар ч өгөөгүй. Чи бол хүн төрөлхтний хэвийн, жирийн гишүүн, хэдий гадаад төрх, гэр бүл, төрсөн он чинь өөр, билиг авьяасад чинь зарим нэг ялгаа байж болох ч бусдаас яавч өөр биш гэдгээ битгий март. Гэхдээ үүнийг бүү март: Чи хэчнээн өөр байлаа ч зөвхөн эдгээр өчүүхэн байдлаар л өөр бөгөөд завхарсан зан чанар чинь бусдынхтай адил, үүргээ гүйцэтгэхдээ баримтлах ёстой зарчим, зорилго, чиг баримжаа чинь бусдынхтай төстэй. Ердөө хүч чадал, билиг авьяасаараа л хүмүүс ялгардаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим”). “Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I). Би бусад бүх хүнтэй адилхан, зүгээр л ердийн бүтээгдсэн зүйл гэдгээ энэ хэсгээс ухаарсан даа. Бурхан намайг үүргээ мэрийлттэй гүйцэтгэнгээ байх байрандаа байж, мөс чанартайгаар аашилна гэж найддаг. Бурхан надад тодорхой чанар, хэлний мэдлэг өгсөн. Үүний төлөө би Бурханд талархаж, үүргээ биелүүлэхдээ эдгээрийг ашиглах ёстой. Гэтэл би эдгээрийг амжилтад хүрэх далим болгон ашигладаг байж. Би харваас Сатаны завхарсан зан чанараар дүүрсэн, завхарсан хүн байсан. Гэхдээ завхрал, дутагдлаа нуухын тулд элдвээр оролдож, бусдад хүндлүүлж, шүтэгдэхийн тулд төгс хүн мэт дүр эсгэдэг байж. Миний эрэлхийлж байгаа зүйл хоёр нүүртэй, ичгүүртэй гэдгийг ухаарсан. Энэ нь хүнд ой гутам, Бурханд булай байлаа. Би завхралаа нуун, үргэлж дүр эсгэдэг байсан, гэхдээ бусад нь анзаараагүй ч гэсэн тэдгээр завхрал яг л миний нэг хэсэг хэвээр байсан учир би өөрийгөө болон бусдыг хуурч байсан биш үү? Үнэнийг эрж хайхын тулд сэтгэлээ ер уудлалгүйгээр тэдгээр завхарсан зан чанарыг хэзээ ч шийдвэрлэж чадахгүй. Би амиа хохироогоод зогсохгүй, бас бусдыг төөрөгдүүлж, мэхэлдэг байж. Энэ нь өөрөө өөртөө гай чирсэн хэрэг биш үү? Дүр эсгэлт, ов мэх гэдэг харваас сайн зам биш.

Нэг удаа цуглаан дээр бид Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан. Тэгээд би хэрэгжүүлэх зам олсон юм. “‘Туршлагаа хуваалцаж, ярилцах’ гэдэг нь зүрх сэтгэл дэх бодол болгоноо, өөрсдийн байдал, Бурханы үгийн талаарх туршлага, мэдлэг, дотроо байгаа завхарсан зан чанарын тухай ярьж, тэгээд тэдгээрийг ялган таньж, эерэг хэсгүүдийг нь хүлээн авч, аль нь сөрөг болохыг таних боломжийг бусдад олгох юм. Энэ л хуваалцаж, үнэхээр ярилцаж байгаа хэрэг билээ(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). “Байр суурийн хяналтаас ангижрахын тулд чи эхлээд үүнийг өөрийн санаа зорилго, бодол, зүрх сэтгэлээс арилгах ёстой. Яаж арилгах вэ? Урьд нь чи байр суурьгүй байхдаа өөрт таалагдахгүй хүмүүсийг тоодоггүй байсан. Одоо чи байр суурьтай болсон болохоор тийм хүмүүстэй уулзахдаа тэдэнд нөхөрлөл хийхэд нэмэлт цаг зарцуулах учиртай—чи эсрэгээр байх ёстой. Чи хүмүүст зүрх сэтгэлээ нээхэд илүү их цаг зарцуулан, өөрийгөө илчилж, асуудал, сул талаа, Бурханд яаж дуулгаваргүй байснаа, дараа нь энэ байдлаас яаж гарч, Бурханы хүслийг биелүүлж чадсанаа нөхөрлөх ёстой. Жишээ нь, нэгэнт байр суурьтай болчихвол захирангуй байдал харуулж, ихэмсгээр ярих хэрэгтэй гэж чи боддог. Ингэх нь алдаатай бодол гэдгийг ухаарсныхаа дараа чи тэрийгээ хаях хэрэгтэй; тэр замаар бүү яв. Чамд иймэрхүү бодол төрөхөд тэр байдлаасаа гарах ёстой бөгөөд тэндээ гацаж болохгүй. Тэнд гацаад, тиймэрхүү бодол, үзэлтэй болчихвол чи баг зүүнэ, хэн ч чамайг харж, чиний зүрх сэтгэл, санааг ойлгож мэдэрч чадахгүйгээр өөрийгөө ер бусын чанга баглана. Чи бусадтай багны цаанаас ярьж байгаа юм шиг ярина. Тэд зүрх сэтгэлийг чинь харж чадахгүй. Чи бусдад зүрх сэтгэлээ харуулж сурах ёстой; тэдэнд зүрх сэтгэлээ нээж, тэдэнтэй ойртож сурах ёстой—гэтэл чи яг эсрэг арга хэрэглэдэг. Энэ нь зарчим бус уу? Энэ нь хэрэгжүүлэх зам бус уу? Бодол, ухаарлынхаа дотроос эхэл: Өөрийгөө боож багламаар санагдах мөчид чи ингэж залбирах ёстой: ‘Өө Бурхан минь! Би дахиад л баг зүүмээр байна, ахиад л явуулга хийж, мэхлэх гэж байна. Би ийм л диавол даа! Намайг ингэж жигшин голоход би Таныг хүргэлээ! Өдгөө би өөрийгөө маш их зэвүүцэж байна. Намайг сахилгажуулж, зэмлэж, шийтгээч дээ’. Чи залбирч, хандлагаа ил гаргах ёстой. Үүнд хэрхэн хэрэгжүүлэх чинь багтана(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэлтийн тодорхой замтай байх ёстой”). Бурханы үг намайг бүр ч их гэгээрүүлсэн. Алдар нэр, байр суурийн дөнгөнөөс ангижрах нь үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байна гэсэн үг. Бид зүрх сэтгэлээ илчилж, хүн бүрд жинхэнэ төрхөө харуулахын тулд завхрал, дутагдлынхаа талаар ах эгч нарт сэтгэлээ уудлах ёстой. Бусад маань асуулт асуух үед бид чадах чинээгээрээ хариулж, аливааг ойлгохгүй байх үедээ үнэнч шударга байж, улмаар үнэнийг хамтдаа эрж хайх ёстой. Үүнийг илүү их хэрэгжүүлснээр бид алдар нэр, байр суурийн дөнгөнөөс аажмаар чөлөөлөгдөж чаддаг. Тухайн үед би бусдадаа сэтгэлээ уудалж, яаж дүр эсгэдэг байснаа илчлэх хэрэгтэй гэж бодлоо. Гэхдээ тэгж сэтгэлээ уудалбал яах бол гээд сэтгэл хоёрдсон: “Жинхэнэ зан чанарынхаа талаар хэлчихвэл бүгдээрээ юу гэж бодох бол? Намайг дорд үзэх болов уу?” Үүнээс болоод улам бүр сандарсан. Би дахиад л дүр эсгэх гээд байгаагаа ухаараад, зүрх сэтгэлдээ Бурханд залбирлаа. Бусдад яаж харагдаж байгаадаа үргэлж анхаарч, Бурханы надаас шаарддаг зүйлийг хэзээ ч бодолцоогүй тухайгаа бодсон. Тэгээд нэр нүүрээ авч гарах, байр сууриа хамгаалах гэж хичээхээ болихоор шийдлээ. Би завхарсан хүн гэдгээ, тийм хүндлэл хүлээх үнэ цэнгүй гэдгээ хүн бүрд мэдэгдэж, сэтгэлээ уудлан, өөрийнхөө завхралыг илчилж, үнэнийг хэрэгжүүлэн, үнэнч хүн байх ёстой байсан. Аливааг ингэж бодоод хавьгүй тайвширч, нэр төр, байр сууриа хамгаалахын тулд завхрал, дутагдлаа яаж нуусан тухайгаа нөхөрлөсөн дөө. Бас ах эгч нарыг алдаанаас минь суралцаг гэсэндээ байр суурь хөөцөлдөхийн аюулын талаар сурсан зүйлээ хуваалцлаа. Нөхөрлөсний дараа ялангуяа тайвширч, эрх чөлөөг мэдрэн, бусад маань ч үүнээс үнэхээр үр өгөөж авлаа гэсэн. Би бас үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүн байхын амар амгалан, баяр баяслыг үнэхээр мэдэрсэн шүү. Одоо би ах эгч нартай хамт байхдаа нөхөрлөл хийхийн тулд зүрх сэтгэлээ уудалж, янз бүрийн нөхцөл завхралыг минь яаж илчилсэн, тийм завхралтай гэдгээ яаж ухаарсан, тэгээд үнэнийг яаж эрж хайсан тухайгаа ярьдаг. Тухайн үедээ хэрэгжүүлэх зам мэдэхгүй бол намайг юу гэж бодох бол гэдгийг бодолцож үзэлгүй үүнийгээ үнэнчээр хэлдэг. Ах эгч нартайгаа үүргээ биелүүлэхдээ будилсан, хүнд хэцүү зүйлийнхээ талаар мөс чанартайгаар сэтгэлээ уудалдаг. Ойлгохгүй, хийж чадахгүй байгаа зүйлийнхээ талаар тэдэнд мэдэгдэж, бүгд бие биеэсээ суралцаг гэсэндээ санал хэлж, хувь нэмрээ оруулахад тэднийг урамшуулдаг. Ах эгч нар аажмаар үүрэгтээ ачаа үүрэг чадвартай болж, илчилсэн завхралаа эргэцүүлж эхлэн, дараа нь өөрсдийнхөө талаар олж мэдэхээр Бурханы үгийг уншдаг болсон. Энэ бүгдийг хараад зүрх сэтгэлдээ Бурханд ахин дахин талархсан даа. Бүтээгдсэн зүйл байхын хамгийн чухал хэсэг нь тууштай хүн байж, үүргээ чадах чинээгээрээ биелүүлж, Бурхантай болон бусадтай үнэнч шударга байх явдал гэдгийг би энэ туршлагаас гүн гүнзгий мэдэрсэн юм. Энэ л амьдран харуулдаг зүйлээрээ бусдад үр ашиг өгч, бусдыг босгон байгуулах цорын ганц арга.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Атаархлаас ангижирсан нь

Клод, Франц 2021 оны эхээр би номлогчоор ажиллаж, Матай ахтай хамтран чуулганы ажлыг хариуцаж байлаа. Би тэр үүргийг дөнгөж гүйцэтгэж...

Ачаа бол Бурханы ерөөл

Залуу нас, Өмнөд Солонгосын Саяхан чуулганы сонгууль дээр намайг удирдагчаар сонгосон юм. Би үүнийг сонсоод цочирдож, үнэндээ итгэж...

Leave a Reply