Харгис эрүү шүүлтийн өдрүүд

2021-01-17

Чэнь Хуй, Хятад

Би Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад нөлөөлсөөр ирсэн учир би цэрэг хүний үүрэг, дуудлага бол эх орондоо үйлчилж, тушаал дагаж, Коммунист Нам болон ард түмний өмнөөс амь биеэ хайрлалгүй зүтгэх явдал юм гэдэгт итгэх болсон билээ. Би ч бас өөрөө цэрэг болж, эцгийнхээ мөрийг дагана гэж шийдсэн байв. Гэвч цаг хугацаа өнгөрч, тодорхой үйл явдлууд тохиолдохын хэрээр миний амьдралын замнал, эрэл хайгуулын чиг хандлага аажмаар өөрчлөгдсөн юм. 1983 онд би Эзэн Есүсийн сайн мэдээг сонслоо. Бага наснаасаа бурхангүй үзэл, Хятадын Коммунист үзэл суртлаар хордсон над шиг хүн Эзэн Есүсийн хайранд гүнээ сэтгэл хөдлөх боломжтой болсон нь Ариун Сүнсний онцгой удирдамж байв. Сайн мэдээг сонсоод би Бурханд итгэх амьдралаар амьдарч эхэллээ—би чуулганд явж, залбирч, Эзэнийг магтсан магтан дуу дуулж эхлэв. Энэ шинэ амьдрал надад асар их амар амгалан, тайван байдлыг авчирсан юм. 1999 онд би эргэн ирсэн Эзэн Есүс буюу Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн авав. Бурханы үгийг уйгагүй уншиж, ах эгч нартайгаа цуглаж, нөхөрлөсний дүнд би олон үнэнийг ойлгож, хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы яаралтай санаа зорилгыг мэдэж авсан билээ. Бурхан тус бүрд маань агуу үүрэг, хариуцлага оноосон гэж надад санагдсан болохоор сайн мэдээ түгээх ажилд шамдан орсон юм.

Гэхдээ ХКН-ын засгийн газрын харгис хавчлага миний амар амгалан, аз жаргалтай амьдралыг сүйрүүлсэн. 2002 оны наймдугаар сард би Эзэн дотор цөөн хэдэн хамтран зүтгэгчдээ сайн мэдээ түгээхээр нөхрийн хамтаар баруун хойд зүгт аяллаа. Нэгэн шөнө, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөөд удаагүй байсан хоёр ах эгчтэй цуглаан хийж байтал гэнэт нирхийх чанга чимээ гарч, хэрцгий царайтай зургаа долоон цагдаа хаалгыг түрэмгий өшиглөж унагаад, бороохой барьсаар дайран орж ирэхийг би харлаа. Цагдаа нарын нэг нь над руу заагаад, “Түүнийг гавла!” гэж заналтайгаар бархирав. Хоёр цагдаа биднийг хана руу харуулан зогсоогоод, хөдлөхгүй байхыг тушаах зуур тэд яг л бүлэг дээрэм тонуулчид шиг байшин дахь хайрцаг сав бүгдийг онгичсон юм. Тэд юм нуухад ашигласан байж магадгүй гэж сэжиглэсэн бүхнээ нарийвчлан нэгжээд, төд удалгүй тэр газрыг орвонгоор нь эргүүллээ. Эцэст нь цагдаа нарын нэг нь эгчийн минь цүнхнээс сайн мэдээний товхимол болон Бурханы үгийн номыг олоод догшин харцаар над руу ширтэн, “Хараал ид, чи үхлээ эрээ юу? Энд ирж, сайн мэдээгээ түгээж л байдаг. Үүнийг хаанаас авчирсан юм?” гэж хашхирав. Би хариу хэлээгүй тул тэр намайг зандран, “Ярихгүй юу, аан? Наад амыг чинь бид нээгээд өгнө өө. Алив явъя! Бидний очих гэж байгаа газар чи ярих болно!” гэсэн. Тэгээд тэр намайг байшингаас чирч гаргаад, цагдаагийн машин руу түлхэж оруулав. Тэр мөчид би тэд зургаа долоохон цагдааг л явуулсан хэрэг биш байсныг ухаарсан юм—зэвсэглэсэн тусгай хүчний олон цагдаа замын хоёр талаар эгнэн зогсож байлаа. Биднийг баривчлуулахаар ямар их хүн хүчийг тараан байрлуулсныг хараад би маш их айж, юу ч бодолгүйгээр Бурханаас удирдамж, хамгаалалт гуйн залбирч эхэлсэн юм. Нэг их удалгүй Бурханы үгийн нэг хэсэг санаанд орлоо, “Чамайг хүрээлэн буй орчны бүх зүйл Миний зөвшөөрлөөр оршдог, Би бүгдийг нь төлөвлөдөг гэдгийг чи мэднэ. Тодорхой харж, Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг хангалуун байлга. Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан чамтай гарцаагүй хамт байна; Тэр та нарын ард зогсдог, Тэр та нарын бамбай билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 26-р бүлэг). “Тийм ээ! Бурхан бол миний багана; би ямар ч төрлийн нөхцөл байдалтай тулгарсан бай, бүх зүйлийн Захирагч, Бүтээгч Бурхан үргэлж миний дэргэд байдаг. Өөрт тулгарсан ямар ч нөхцөл байдлыг ялж гарахад Бурхан намайг хөтлөх болно. Учир нь, Бурхан итгэмжит бөгөөд Тэр л бүх зүйлийг захирч, зохион байгуулдаг билээ” хэмээн бодогдлоо. Эдгээр зүйлийн тухай бодоод би эргээд тайвшрав.

Эрүүгийн Цагдаагийн Бригадад намайг аваачих үед ойролцоогоор оройн арван цаг болж байсан ба миний зургийг аваад, дараа нь намайг байцаалтын өрөө рүү оруулав. Хачирхалтай нь, намайг ороход тэнд хэрцгий царайтай дөрөв таван хүдэр эр аль хэдийн над руу ширтэж байлаа. Намайг өрөөнд ормогц л тэд алахаар зэхэж буй сүрэг өлсгөлөн чоно шиг бүчлээ. Би асар их самгардаж, цөхрөнгөө баран Бурханд залбирч байсан юм. Эхэндээ тэр харгис цагдаа нар надад гар хүрсэнгүй, харин гурав дөрвөн цагийн турш номхон зогсохыг тушаав. Маш удаан зогссон болохоор хөл, тавхай минь өвдөн янгинаж, мэдээгүй болж эхэлсэн ба бие минь бүхэлдээ туйлын их сульдав. Шөнийн нэг хоёр цагийн үед Эрүүгийн Цагдаагийн Бригадын ахмад намайг байцаахаар ирлээ. Би тэсгэлгүй сандарч, бие минь чичирч байлаа. Тэр над руу ширтээд, “Ярь! Чи хаанаас ирсэн? Энд холбоо барьдаг хүн чинь хэн юм? Удирдагч чинь хэн юм? Та нар хаана цуглаан хийж байсан бэ? Чи доороо хэдэн хүн ажиллуулдаг вэ?” гээд л байцааж эхлэв. Намайг үг дуугарахгүй байсанд түүний уур буцлан, үснээс минь зуурч байгаад цохиж, өшиглөж гарлаа. Намайг зодоод газар унагасныхаа дараа үргэлжлүүлэн улам хүчтэй өшигчив. Тэр даруй чих шуугин, юм сонсож чадахаа болиод, толгой хатгуулан яг л задрах гэж байгаа мэт өвдлөө. Би өвдсөндөө өөрийн эрхгүй орь дуу тавьсан юм. Дахин хэсэг зуур тэмцэлдсэний дараа би шалан дээр хөдөлж ч чадахгүй хэвтэж байлаа. Ахмад намайг дахиад үсдэн босгож зогсоосонд дөрөв таван харгис эр над дээр шаваад өшиглөж, цохиж эхэлсэн юм; би газар унан, толгойгоо гараараа халхлаад, өвдсөндөө хөрвөөж, өнхөрч байлаа. Харгис цагдаа нар огт болих янзгүй—хайр найргүй хүчтэй цохиж, өшиглөж байв. Зодож байхдаа тэд: “Чи ярих уу, үгүй юу? Ярихгүй байгаад үз л дээ! Ярь, ярихгүй бол чамайг ална!” гэж хашхирч байлаа. Ярихгүй байсаар байгааг минь хараад ахмад шагай руу минь заналтайгаар өшиглөв. Түүнийг өшиглөх бүрд яг л ясанд минь хадаас хадах мэт санагдаж, тарчлам өвтгөж байлаа. Үүний дараа тэд үргэлжлүүлэн хаа сайгүй өшиглөсөөр сүүлдээ биеийн минь бүх яс үйрчихсэн мэт санагдаж, яйрсан дотор эрхтнүүд хүчтэй базлан, асар их өвдсөндөө би арайхийн амьсгаа авч байсан юм. Би шалан дээр амьсгаадан хэвтэж, тэсэхийн аргагүй их өвдсөндөө нулимс унагаж байлаа. Зүрх сэтгэлдээ би Бурханыг дуудан, “Бурхан минь! Би үргэлжлүүлж чадахгүй нь. Энэ шөнийг давахгүй байх гэж айж байгаа тул намайг хамгаалаач. Бурхан минь надад хүч чадал өгөөч…” гэж хэллээ. Эрүү шүүлт хэр удаан үргэлжилснийг бүү мэд. Толгой эргэж, яг л мөч мөчөөрөө таслуулсан мэт тарчлам өвдөлтийг мэдэрч байв. Асар хүчтэй өвдөж байсан болохоор үнэндээ би бүхэлдээ мэдээгүй болсон байлаа. Харгис цагдаа нарын нэг нь: “Чамд арай хангалтгүй байгаа бололтой. Өө, чи ярих л болно доо!” гэв. Тэгж хэлэх зуураа цахилгаан алх шиг харагдсан зүйл аваад духан дундуур минь цохив. Цохилт бүрийг нь би мах ясандаа тултал мэдэрч, цохих бүрд бүх бие мэдээ алдан, тэрийн унаад, тасралтгүй дагжиж байлаа. Ямар их зовж байгааг минь хараад тэд ажилдаа сэтгэл ханасан байртай бардамнан инээж эхлэв. Зовлон шаналлын минь дунд Бурханы үгийн нэг хэсэг надад удирдамж, гэгээрэл өглөө: “Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Бурханы үг надад асар их хүч чадал өгч, би тэр хэсгийг оюун санаандаа ахин дахин давтсаар байв. “Сатанд ялагдаж, Бурханы урмыг хугалж болохгүй. Үнэнийг олж авахын тулд би ямар ч зовлонг тэсвэрлэхэд бэлэн байна, үхэх байсан ч гэсэн энэ нь үнэ цэнтэй байх бөгөөд хий дэмий амьдарсан хэрэг биш болно!” гэж би бодсон билээ. Энэ бүлэг чөтгөрүүд өглөө болтол бүхэл шөнөжингөө намайг байцаасан ч Бурханы үг намайг зоригжуулж байсан болохоор тэдний эрүү шүүлтийг би тэсвэрлэж чадсан юм. Эцэст нь тэд бодож олж болох бүх арга чаргаа бараад, арга мухардан “Чи ямар нэг онцгой чадваргүй, жирийн л нэг гэрийн эзэгтэй шиг харагдах юм, гэтэл чиний Бурхан яаж чамд ийм их хүч өгөв өө?” гэсэн юм. Энэ харгис цагдаа нар надаас болж зөөлөрсөн юм биш, харин Бурханы эрх мэдэл, хүч чадалд бууж өгч байгааг би мэдэж байлаа. Бурханы үг бол үнэн, энэ нь хүмүүст асар их хүч чадал шингээдэг ба Бурханы үгийн дагуу хэрэгжүүлснээр хүн үхлээс айх айдсаа ялж, Сатаныг дийлж чадна гэдгийг би биеэрээ харсан юм. Энэ бүхний үр дүнд Бурханд итгэх итгэл минь улам хүчтэй боллоо.

Хоёр дахь өдрийн өглөө долоон цагийн үед ахмад нь намайг дахин байцаахаар ирэв. Намайг бас л ярих дургүй хэвээр байгааг хараад тэр өөр нэг зальжин мэхээр намайг урхидах гэж оролдов. Халзарч яваа, энгийн хувцастай цагдаа орж ирээд босоход минь тусалж, буйдан дээр түшиж суулгалаа. Тэрээр хувцсыг минь тэнийлгэж, мөрөн дээр минь зөөлөн алгадаж, санаа тавьж байгаа дүр эсгэн, худлаа инээмсэглээд “Өөрийгөө хар л даа, ингэж зовох шаардлагагүй шүү дээ. Зүгээр л бидэнтэй ярьчих, тэгээд чи харьж болно. Яах гэж энд байж, энэ бүх тарчлааныг тэвчинэ вэ? Хүүхдүүд чинь гэртээ чамайг хүлээж байгаа. Ингэж зовохыг чинь харах надад ямар хэцүү байгааг чи мэдэж байна уу?” гэв. Түүний бүх худал үгийг сонсож, тэрхүү жигшүүртэй, ичгүүргүй царайг хараад би уурандаа шүдээ зууж, “Чи бол намайг хуурах гэж бүх төрлийн худал үгийг чалчиж буй чөтгөр. Намайг Бурханаас урвана гэж огт бодох хэрэггүй! Чуулганы талаар нэг үг цухуйлгана гэж мөрөөдөх ч хэрэггүй!” хэмээн дотроо бодов. Тэр цагдаа сэтгэл хөдөлсөн шинжгүй байхыг минь хараад, садар харцаар намайг ширтэж, гараараа намайг илж эхлэв. Би аяндаа түүнээс холдсон боловч тэр өөдгүй новш нэг гараараа намайг барьсанд би хөдөлж чадсангүй, тэгтэл тэр нөгөө гараараа цээжнээс минь базав. Би өвдсөндөө хашхирч, тэр эрийг маш их үзэн ядав; маш их уурласандаа бүх бие салганаж, нулимс хацар даган урслаа. Би түүн рүү хорсол дүүрэн харц чулуудсанд нүдний минь харцыг хараад тэр намайг тавьсан юм. Энэ хувийн туршлагаар дамжуулан би ХКН-ын засгийн газрын ёрын муу, харгис хэрцгий, тэрслүү уг чанарыг үнэхээр нүдээр харсан. ХКН-ын байгууллагад ажилладаг “Ардын цагдаа” бол үнэндээ жигшил төрөм, ичгүүргүй, ямар ч мөс чанаргүй луйварчид, адгуус болохыг би харсан билээ! 24 цагийн турш ганц ч дусал ус уугаагүй болохоор бие минь аюултайгаар туйлдаж, ядран, үнэндээ цаашид тэсэж чадах эсэхээ мэдэхгүй байлаа. Би гэнэт гаслантай, горьдлого тасарсан мэдрэмжид гүнзгий автав. Тэр мөчид би чуулганы магтан дууг бодлоо: “Агуу улаан лууд дарлагдаж, хавчигдсан ч би Бурханыг дагахаар бүр их зориг шулуудсан. Агуу улаан луу хэчнээн ёрын мууг би хардаг; энэ нь яаж Бурханыг тэвчиж чадах билээ? Бурхан махбодоор ирсэн—Түүнийг дагахгүй байж би яахан чадах билээ? Сатаныг би орхиж, Бурханыг дагах болно. Диаволын захирдаг газар оронд Бурханд итгэх маш хэцүү. Сатан хөлийг минь зуудаг, оршин суух аюулгүй газар гэж үгүй. Бурханд үйлчилнэ гэдэг Тэнгэрийн хууль, газрын зарчим. Бурханыг хайрлахаар сонгосон би эцсээ хүртэл үнэнч байна. Үүний явуулга хэрцгий бөгөөд жигшүүртэй. Сатаны төрхийг тодорхой харсан болохоор би Христийг бүр ч их хайрлана. Сатанд би хэзээ ч бууж өгөхгүй, үнэ цэнгүй хэзээ ч амьдрахгүй. Бүх шаналлыг би тэвчиж, харанхуй шөнүүдийг туулна. Бурханыг тайтгаруулж, ялгуусан гэрчлэл хийж, Сатаныг шившиглэнэ” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Дарлал, түнэр харанхуйн дунд өндийн босно”). Энэ уянгалаг, хүчирхэг магтан дуу намайг асар их зоригжуулсан юм: Энэ чөтгөрүүд Бурханыг үзэн яддаг учраас Бурханд итгэгчдийг ийм маягаар хяхан хавчиж байлаа. Тэдний олиггүй, ёрын муу зорилго бол Бурханд итгэж, Бурханыг дагахыг маань болиулж, улмаар Бурханы ажлыг тасалдуулан устгаж, хүн төрөлхтний аврагдах боломжийг сүйтгэх явдал юм. Сүнслэг тулааны энэ шийдвэрлэх мөчид би бууж өгч, өөрийгөө Сатаны тохуурхлын бай болгож болохгүй. Сатан намайг тарчлаах тусам түүний чөтгөрийн царайг би улам тод харсан бөгөөд түүнийг орхиж, Бурханы талд зогсохыг улам их хүсэж байлаа. Бурхан ялан дийлж, Сатан гарцаагүй ялагдан унах тавилантай гэдэгт би итгэдэг. Би бууж өгч болохгүй байсан бөгөөд Бурханд найдан, хүчирхэг, цангинасан гэрчлэл хийхийг хүсэж байв.

Цагдаа нар надаас ямар ч хэрэгтэй мэдээлэл олж авч чадахгүйгээ ухаарах үедээ байцаалт явуулахаа больж, тэр оройдоо намайг цагдан хорих газар луу шилжүүлсэн юм. Тэр үед би танигдахын аргагүй болтлоо зодуулсан байлаа—царай минь хавдаж, нүдээ нээж чадахгүй байсан ба уруул тэр чигтээ шархалсан байв. Цагдан хорих газрын харгалзагчид бараг үхлүүт болтлоо зодуулсныг минь хараад тохиолдсон зүйлд хариуцлага хүлээхийг хүсээгүй болохоор хүлээж авахаас татгалзав. Гэхдээ хэсэг тохиролцсоны дараа оройн долоон цагийн үед намайг эцэст нь оруулж, өрөө рүү харгалзан хүргэв.

Тэр шөнө би баривчлагдсанаасаа хойших анхны хоолоо идсэн юм: хатуу, хар, зажлахад хэцүү, залгихад төвөгтэй, элстэй мантуу, ёроолд нь бохир наалдсан аяганд хийсэн үхсэн өтнүүд хөвөх илжирсэн ногооны шөл байлаа. Эдгээрийн аль нь ч тэрхүү хоолыг хар хурдаараа залгилан идэхийг минь болиулаагүй юм. Би итгэгч учраас дараагийн өдрүүдэд нь засан хүмүүжүүлэх офицер намайг тамлахын тулд бусад хоригдлуудыг байнга өдөөн хатгадаг байв. Нэг удаа манай өрөөний толгойлогч хоригдлын тушаалаар түүний доорх хүмүүс миний үснээс зулгааж байгаад толгойг минь хана руу савсан юм. Тэд толгойг минь маш хүчтэй савсан болохоор толгой эргэж, нүд бүрэлзэж байв. Бас шөнө тэд намайг орон дээр унтуулдаггүй байсан тул би жорлонгийн хажууд хүйтэн, бетон шалан дээр унтах хэрэгтэй болдог байв. Түүнчлэн, шоронгийн харгалзагч надаар хорих ангийн дүрмийг цээжээр уншуулдаг байсан ба хэрэв буруу хэлэх юм уу мартах юм бол суран тэлээгээр ороолгодог байлаа. Энэхүү хүний үнэргүй эрүү шүүлт, доромжлолтой байнга шахуу тулгараад би сульдаж, торонд хоригдсон амьтан шиг өдрөөс өдөрт ингэж зовж байснаас зүгээр л үхчихсэн нь дээр гэж бодсон юм. Толгойгоороо хана мөргөөд бүхнийг дуусгахын ирмэг дээр байсан олон тохиолдолд Бурханы үг намайг залж чиглүүлэн ингэж хэлдэг байв: “Эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). Бурханы үг намайг зоригжуулж, зүрх сэтгэлийг минь дулаацуулсан. Бурханы үгийг тунгаан бодоход нүднээс минь нулимс асгардаг байлаа. Харгис цагдаа нарт хэрцгийгээр зодуулж байх тэр бүх хугацаанд Бурханы хайр л намайг халамжилж, Бурхан л намайг үгээрээ замчилж, надад итгэл, хүч чадал өгсөн бөгөөд тэр аймшигтай эрүү шүүлтийг тууштайгаар давж гарах боломж олгож байсан тухай би бодсон юм. Өрөөнийхөө толгойлогч хоригдолд адлуулж, дээрэлхүүлж, бусад хоригдлуудад тамлуулаад ухаан мэдрэлээ алдахад хүрч, амиа егүүтгэх талаар санаархаж байх үед минь Бурханы үг надад дахиад өндийн босох итгэл, зоригийг ахин нэгэнтээ өгсөн юм. Хэрэв Бурхан намайг харж хандан, дэргэд минь байгаагүй бол тэр хорон санаат чөтгөрүүд намайг аль эрт үхтэл минь тарчилгах байсан биз. Бурханы агуу хайр, өршөөлийн өмнө би цаашид Бурханыг идэвхгүйгээр эсэргүүцэж, Түүний зүрх сэтгэлийг уй гашууд автуулж болохгүй, харин Бурхантай хамт бат зогсож, Бурханы хайрыг үнэнч сэтгэлээр хариулах ёстой. Сэтгэл санааныхаа байдлыг залруулмагц минь Бурхан өөр нэг хоригдлыг миний өмнөөс эсэргүүцэн босоход хүргэснээр толгойлогч хоригдол тэр хоёрын дунд ширүүн зодоон болно гэж би бодоогүй юм. Эцсийн дүнд толгойлогч хоригдол зөөлөрч, намайг орон дээр унтуулахыг зөвшөөрөв. Бурханд талархъя. Бурханы өршөөл байгаагүй бол хүйтэн, нойтон бетон шалан дээр удаан хугацаанд унтах нь сул дорой биетэй байсан намайг үхэлд хүргэх юм уу саажихад хүргэж болох байлаа. Ийм маягаар би цагдан хорих газар дахь хатуу ширүүн хоёр сарыг давж гарч дөнгөсөн юм. Тэр хугацаанд харгис цагдаа нар хатуу, зөөлөн хослуулсан өнөөх арга барилаа ашиглан намайг дахин хоёр удаа байцаав. Гэсэн ч Бурханы хамгаалалтаар би Сатаны зальт мэхийг нэвт харж, тэдний хорон муу явуулгыг тасалдуулсан билээ. Эцэст нь тэдний арга барагдсан бөгөөд бүх байцаалт нь бүтэлгүйтсэний дараа эцэстээ надад гурван жилийн хорих ял оноож, ялыг минь үүрүүлэхээр Эмэгтэйчүүдийн Хоёрдугаар Шорон руу илгээсэн юм.

Шоронд очсон эхний өдрөөс л биеийн хүчний хэцүү бэрх ажлыг надаар албадан гүйцэтгүүлж байв. Өдөрт арваас олон цаг ажиллах ёстой байсан ба өдөр бүр нэг ноосон цамц нэхэх юм уу гучаас дөчин хувцас хийх, эсвэл арван мянган хос савх савлах ёстой байлаа. Хэрэв би энэ ажлуудыг дуусгаж чадахгүй бол шоронд ял эдлэх хугацаа сунгагдах байв. Биеийн хүчний туйлын хүнд ажил хангалттай зүдэргээтэй биш байсан мэт шөнө нь биднийг сэтгэлээр үхүүлэх зорилготой нэг төрлийн улс төрийн тархи угаалтад албадан оролцуулж, шоронгийн дүрэм, хууль, Марксизм-Ленинизм, Мао Зэдуны үзэл суртлыг судлуулдаг байсан юм. Засан хүмүүжүүлэх офицерууд бурхангүй үзлийн утгагүй яриа ярихыг сонсох бүрд дотор муухай оргиж, тэдний жигшүүрт, ичгүүргүй арга барилыг гүнээ үзэн яддаг байлаа. Шоронд байсан бүхий л хугацаанд би ганц ч шөнө бөх нойртой хоноогүй—шөнө дунд шоронгийн харуулуудын шүглийн дуунаар бид үргэлж цочин сэрцгээдэг байв. Тэд нэг бол биднийг босгож, ямар ч тодорхой шалтгаангүйгээр коридорт эгнүүлэн зогсоодог, эсвэл төмс, эрдэнэ шиш, тэжээл зөөх ажил даалгадаг байв. Шуудай бүр нь 50 килограммаас дээш жинтэй байлаа. Өвлийн шөнүүдэд бол чөмөг царцам, хүүгэж шуугисан салхийг сөрөх хэрэгтэй болдог байв. Бид хөлөө нэг нэгээр нь зөөн хазганан алхаж, заримдаа ачааныхаа жинд дарагдан унадаг байсан юм. Ихэнхдээ, шөнийн хоёр гурван цагийн үед би нулимстай нүдтэй, тамирдсан хүн эцсэн биеэ чирсээр өрөө рүүгээ буцдаг байв. Ийм шөнүүдэд ядрах, даарах, уурлах холилдон унтаж чаддаггүй байлаа. Шоронгийн уртаас урт гурван жилийг тэвчих ёстой гэж бодох тоолондоо би улам гүн цөхрөлд орж, бүх биеийн тамир барагдан, мэдээ алдрахыг мэдэрдэг байсан юм. Бурхан миний зовлонг сайн мэдэж байсан ба хамгийн хүнд үеүдэд намайг замчилж, Өөрийн үгийн энэ хэсгийг надад сануулсан билээ, “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). Бурханы үг зовж, шаналсан зүрх сэтгэлийг минь гүнээ тайтгаруулж, Бурханы хүслийг ойлгох боломж олгосон юм. Миний байсан тэр нөхцөл байдал жинхэнэ туршилт байсан. Тийм зовлон дунд Бурхан намайг Өөрт нь үнэнч үлдэх эсэхийг, мөн Өөрийг нь үнэхээр хайрладаг эсэхийг харахыг хүссэн юм. Хэдийгээр шоронд байсан гурван жил маш урт хугацаа байсан ч Бурханы үг намайг замчилж, Бурханы хайр намайг дэмжиж байсан болохоор би ганцаараа биш гэдгээ мэдэж байлаа. Би бүх шаналал, зовлонг тэсвэрлэхийн тулд Бурханд найдаж, Сатаныг ялах хэрэгтэй, айж хулчийж яасан ч болохгүй байв.

ХКН-ын засгийн газрын хяналт тавьдаг энэ шоронгийн тал бүрд тэдний харанхуй, ёрын муу байдал илэрхий байсан хэдий ч Бурханы хайр үргэлж надтай хамт байсан билээ. Нэг удаа шоронгийн харгалзагч надад шуудайтай савхыг таван давхарт гаргахыг тушаав. Шат мөсөөр хучигдсан байсан учраас хүнд шуудайнаас болоод би маш удаан алхах хэрэгтэй байлаа. Гэвч харгалзагч намайг шавдуулсаар байсан учир өгсөн даалгаврыг хийж дуусгахгүй бол айхтар зодох вий гэж айсандаа би сандарч, яарснаас болоод шатнаас халтирч унаад өсгийнийхөө ясыг хугалчхав. Би шалан дээр хөлөө хөдөлгөж чадахгүй, хугархай ясныхаа хүчтэй янгинасан өвдөлтөөс болж хүйтэн хөлсөө чийхруулан тэрийн хэвтэж байлаа. Харгалзагч харин огтхон ч тоосон шинжгүй байв. Тэр намайг худлаа баашилж байна гээд босож, ажлаа үргэлжлүүлэхийг тушаасан боловч би огт босож чадахгүй байлаа. Надтай хамт нэг шоронд ял эдэлж байсан чуулганы эгч юу болсныг хараад намайг даруйхан үүрч, шоронгийн эмнэлэгт хүргэв. Эмнэлэг дээр эмчлэгч эмч зүгээр л хөлийг минь боогоод, цөөн хэдэн хямдхан эм өгөөд явуулсан юм. Намайг ажлын нормоо амжуулж чадахгүй нь гэж айсандаа шоронгийн харгалзагч надад ямар нэг эмчилгээ хийлгэхээс татгалзсан тул би хугархай хөлтэйгөө үргэлжлүүлэн ажиллах ёстой болов. Ажилдаа явах бүрд эгч намайг үүрээд хүргэж өгдөг байлаа. Бурханы хайр биднийг зүрх сэтгэлийг холбосон болохоор боломж гарах болгонд л эгч намайг зоригжуулахын тулд надтай Бурханы үгийн талаар нөхөрлөдөг байсан юм. Миний хамгийн дорд, хүнд хэцүү цаг мөчүүдэд энэ нь асар их тайтгарал болдог байв. Тэр хугацаанд, маш их шаналж, сульдсандаа арайхийн босож, дөнгөж амьсгалах сөхөөтэй байх үеийг би хэр олон удаа мэдэрч, бас хэр олон удаа хөнжил дотор нуугдаад нулимс урсган Бурханд залбирч байсныг бүү мэд, гэхдээ энэ хоёр магтан дуу надад үргэлж урам зориг, тайтгарал өгч байсан юм: “Өнөөдөр Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, цохилт, цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрч, түүнчлэн Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч чадаж байгаа чинь эрин үеүдээс өмнө Бурханаар урьдчилан тогтоогдсон, тиймээс чи гэсгээгдэх үедээ хэтэрхий их гутрах ёсгүй. Та нарт хийгдсэн ажлыг болон та нарт хайрласан ерөөлийг хэн ч булаан авч чадахгүй, мөн та нарт өгсөн бүхнийг хэн ч булаан авч чадахгүй. Шашны хүмүүсийг та нартай харьцуулах аргагүй. Та нар Библийг тийм ч сайн мэддэггүй, шашны онолоор зэвсэглээгүй боловч Бурхан та нарын дотор ажилласан учраас та нар эрин үеүдийн туршид байсан хэнээс ч илүү ихийг олж авсан—иймээс энэ нь та нарын хамгийн агуу ерөөл билээ(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы хүслийг хөсөрдүүлж болохгүй”). “Хаанчлалд хүрэх зам гэдэг сайн муу ээлжилсэн, бартаатай зам. Тоо томшгүй эрүү шүүлт, нулимсан дунд үхлээс амьдрал хүртэл байдаг. Бурханы удирдамж, хамгаалалтгүйгээр хэн өнөөг хүрч чадах байсан бэ? Эцсийн өдрүүдэд бид төрөхийг Бурхан ноёрхож, төлөвлөсөн, бид Христийг дагадагтаа зол завшаантай. Хүний Хүү болохын тулд Бурхан Өөрийгөө даруусгадаг, тэгээд Тэр асар их доромжлол амсдаг. Бурхан асар их зовсон, Бурханыг хайрлахгүй бол би яаж хүн гэж дуудуулж чадах билээ? … Бурханыг хайрлах замд орсон би Түүнийг дагаж, гэрчлэхдээ хэзээ ч харамсахгүй. Би сул дорой, сөрөг байж болох ч, нулимстай үедээ ч зүрх сэтгэл минь Бурханыг хайрласаар байдаг. Түүнд дахин уй гашуу учруулахгүйн тулд зовлонг би тэвчиж, Бурханд хайраа өгдөг. Гай зовлонд хатуужна гэдэг алтыг галаар шалгах мэт сайн; зүрх сэтгэлээ би яаж зориулахгүй байх билээ? Тэнгэрт хүрэх зам бэрх агаад бартаатай. Нулимс урсах боловч би Бурханыг улам гүн гүнзгий хайрлаж, ямар ч харамсал тээхгүй” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Харамсалгүйгээр Бурханыг хайрлах дуу”). Бурханы үг болон хайр намайг гүн цөхрөлөөс ахин дахин аварч, үргэлжлүүлэн амьдрах эр зориг өгсөн юм. Газар дээрх энэ хүйтэн, харанхуй тамд би Бурханы хайрын халуун дулаан, хамгаалалтыг мэдэрсэн бөгөөд Бурханы хайрыг хариулахын тулд үргэлжлүүлэн амьдрахаар сэтгэл шулуудсан. Би хэчнээн их зовсон байлаа ч үргэлжлүүлэх хэрэгтэй; ганц амьсгал үлдсэн байлаа ч гэсэн Бурханд үнэнч үлдэх ёстой байв. Гурван жил шоронд байх хугацаанд Бурханы үгийг гараар бичсэн хэдэн хуудсыг эгч надад өгөх үед хамгийн их сэтгэл хөдөлж билээ. Форт Ноксоос илүү чанга дэглэмтэй, диаволуудын ажиллуулдаг шоронд Бурханы үгийг уншиж чадна гэдэг үнэхээр Бурханы харуулж буй асар их хайр, өршөөлийн гэрчлэл байлаа. Бурханы эдгээр үг л намайг зоригжуулж, залж чиглүүлж, хамгийн хүнд бэрх цаг үеийг тэвчих боломжийг надад олгосон юм.

2005 оны 9-р сард миний ялын хугацаа дуусаж, эцэст нь би шоронгийн харанхуй өдрүүдийг орхиж чадахаар болов. Шоронгийн хаалгаар алхан гарахдаа би гүнзгий амьсгаа авч, шоронгоос амьд гарах боломж олгосон Бурханы хайр, хамгаалалтад сэтгэлийнхээ угаас талархсан билээ. ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, хавчигдсан хувийн туршлагаасаа би юу зөв шударга, юу ёрын муу, юу сайн, юу хорон муу, юу эерэг, юу сөрөг вэ гэдгийг одоо мэддэг болсон. Мөн бүх зүйлээ орхиод юуг эрэлхийлэх ёстой, юунаас татгалзаж, үзэн ядаж, хараах ёстой вэ гэдгийг би мэдсэн юм. Энэ туршлагаар дамжуулан би Бурханы үг бол Бурханы Өөрийнх нь амь бөгөөд хүний амьдралын хөдөлгөгч хүч болж чадах ер бусын хүч чадалтай байдгийг үнэхээр мэдэж авсан. Хүн Бурханы үгээр амьдарч л байгаа цагт Сатаны бүх хүчийг ялан дийлж, хамгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг ч даван туулах чадвартай. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сатаны сорилтыг ялсан нь

Чэнь Лу Хятад Би 1980-аад оны үед тосгонд төрсөн, манай гэр бүл үе дамжин тариалан эрхэлж ирсэн. Би тосгоны амьдралын ядуурал, хоцрогдсон...

Ээж шоронд байсан өдрүүд

Жоу Жи, Хятад Ээж бид хоёр гэрээс дүрвэхэд би 15 настай байлаа. 2002 оны нэг шөнө оройтож гарснаа санаж байна. Цагдаа нар өөрийг нь...

Шоронд хоригдсон он жилүүд

Өвлийн Чавгаь, Хятад 2012 оны 12-р сарын нэгэн өдөр, би итгэгч болоод нэг жил шахуу болж байхдаа нэг залуухан эгчтэй цуг сайн мэдээ...

Leave a Reply