Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 139

2021-03-26

Сатан болон Ехова Бурханы хоорондын харилцан яриа (Сонгосон хэсгүүд)

(Иов 1:6–11) Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан бас ирэв. Ехова Сатанаас, Чи хаанаас ирэв? гэхэд Сатан Еховад хариулан, Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ гэв. Ехова Сатанд, Миний боол Иов шиг төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн газар дэлхий дээр ганц ч үгүй байхыг чи анзаарав уу? гэв. Тэгэхэд Сатан Еховад хариулан, Иов учир шалтгаангүйгээр Бурханаас эмээдэг гэж үү? Та түүний дээр, түүний гэр орон болон түүнд байгаа бүхний бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын үйлийг нь ерөөж, түүний эд баялаг газар нутагт нь олширлоо. Харин одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүрвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараан зүхэх болно гэв.

(Иов 2:1–5) Өөр нэг өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан бас ирэв. Ехова Сатан, Чи хаанаас ирэв? гэлээ. Сатан Еховад хариулан, Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ гэв. Ехова Сатанд, Миний боол Иов шиг төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн газар дэлхий дээр ганц ч үгүй байхыг чи анзаарав уу? Ямар ч шалтгаангүйгээр түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэр үнэнч байдлаа чанд хадгалсаар байна гэв. Сатан Еховад хариулан, Арьсыг арьсаар, тиймээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгөх л болно. Харин одоо мутраа сунган түүний яс, маханд хүрээч, тэгвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно гэлээ.

Энэ хоёр хэсэг нь Бурхан болон Сатаны хоорондох харилцан яриа байсан бөгөөд тэдгээр нь Бурхан юу хэлснийг, Сатан юу хэлснийг тэмдэглэсэн. Бурхан маш ихийг хэлсэн үү? (Үгүй.) Тэр тийм ч их яриагүй ба тун энгийнээр ярьсан. Бурханы энгийн үгнээс бид Бурханы ариун байдлыг харж чадах уу? Энэ нь амархан биш гэж зарим хүн хэлэх байх. Тэгвэл бид Сатаны зэвүүн байдлыг хариултаас нь харж чадах уу? (Тийм.) Ехова Бурхан Сатанаас ямар асуулт асуусныг эхлээд харцгаая. (“Чи хаанаас ирэв?”) Энэ нь шулуухан асуулт мөн үү? (Тийм.) Ямар нэгэн нууц далд утга байна уу? (Үгүй.) Энэ нь зүгээр л цэвэр, өөр ямар ч зорилгогүй асуулт. Хэрвээ Би та нараас: “Чи хаанаас ирэв?” гэж асуусан бол та юу гэж хариулах байсан бэ? Энэ нь хариулахад хэцүү асуулт уу? Та нар: “Хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэж хэлэх байсан уу? (Үгүй.) Та нар ингэж хариулахгүй болохоор Сатаны ингэж хариулахыг харах үед та нарт ямар санагдах вэ? (Сатан бол хөгийн агаад ов мэхтэй гэж бидэнд санагддаг.) Та нарт ингэж санагдаж байна уу? Миний юу мэдэрч байгааг чи хэлж чадах уу? Эдгээр үгийг харах болгондоо Би зэвүүцдэг. Та нар зэвүүцэж байна уу? (Тийм.) Яагаад зэвүүцэж байна вэ? Учир нь тэр ямар нэг зүйл хэлэхгүйгээр ярьсан! Тэр Бурханы асуултанд хариулсан уу? (Үгүй.) Яагаад? Түүний үг нь хариулт биш байсан, ямар ч үр дүн байгаагүй. Тэдгээр нь Бурханы асуултад чиглэсэн хариулт биш байсан. “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ.” Чи эдгээр үгийг ойлгож байна уу? Ойлгож байна уу? Газар дэлхийн хаанаас Сатан ирсэн бэ? Та нар хариулт авсан уу? (Үгүй.) Энэ бол өөрийн яг юу хэлж байгааг хэнд ч мэдэгддэггүй Сатаны заль мэхний “авьяас” юм. Эдгээр үгийг сонсоод чи түүний хэлсэн зүйлийг ялган салгаж чадаагүй хэвээр байхад л тэр хариулж дууссан. Өөрийгөө төгс хариуллаа гэдэгт тэр итгэдэг. Тэгвэл чамд ямар санагддаг вэ? Зэвүүцсэн үү? (Тийм.) Зэвүүцсэн; одоо чи эдгээр үгэнд зэвүүцэж эхэлдэг. Сатан шуудхан ярьдаггүй, тиймээс чамайг будилуулж, түүний үгний эх сурвалжийг ухамсарлаж чадахааргүй болгож орхидог. Тэр санаатайгаар, зальжинаар ярьдаг ба өөрийн мөн чанар, уг чанарт захирагддаг. Эдгээр үг Сатаны амнаас шууд гарсан. Удаан хугацааны турш эргэцүүлэн бодсоныхоо дараа Сатан өөрийгөө ухаалаг гэж бодон, тэдгээрийг хэлээгүй; тэр тэдгээрийг аяндаа илэрхийлсэн. “Тэр газар дэлхийн хаанаас ирсэн бэ?” Чи түүнийг хаанаас ирснийг нь хэзээ ч мэдэхгүйгээр тун их будилдаг. Та нарын дунд ингэж ярьдаг хүн байгаа юу? (Байгаа.) Энэ нь яаж ярьж байгаа хэрэг вэ? (Энэ нь хоёрдмол утгатай бөгөөд тодорхой хариулт өгдөггүй.) Ийм маягаар ярих явдлыг дүрслэхийн тулд бид ямар үг ашиглах ёстой вэ? Энэ нь хуурмаг агаад төөрөгдүүлсэн, тийм биш гэж үү? Хэн нэгэн хүн өчигдөр хаана байснаа бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байлаа гэж бодъё. Чи түүнээс: “Би чамайг өчигдөр харсан. Чи хаашаа явж байсан юм бэ?” гэж асуулаа. Тэр чамд өчигдөр хаашаа явсан тухайгаа шууд хариулдаггүй. Тэр “Өчигдөр ямар хэцүү өдөр байв аа. Маш их ядарлаа!” гэж хэлдэг. Тэр чиний асуултанд хариулсан уу? Тэд хариулсан, гэхдээ тэр нь чиний хүссэн хариулт биш. Энэ бол хүний заль мэхний “авьяас” юм. Чи тэдгээр нь юу гэсэн үг болохыг хэзээ ч олж мэдэж чадахгүй, эсвэл түүний үгний эх сурвалж буюу цаад санааг хэзээ ч ойлгож чадахгүй. Түүний зүрх сэтгэлд өөрсдийнх нь гэсэн түүх байгаа учраас тэр юунаас зайлсхийх гээд байгааг чи мэддэггүй—энэ нь муу санаатай байдал юм. Та нар ч бас ихэвчлэн ингэж ярьдаг уу? (Тийм.) Тэгвэл та нарын зорилго юу вэ? Энэ нь заримдаа өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд, заримдаа өөрсдийн байр суурийг, өөрсдийн нэр нүүрийг хадгалахын тулд, хувийн амьдралынхаа нууцыг хадгалж, өөрийн нэр төрийг аврахын тулд байдаг уу? Зорилго нь ямар ч бай энэ нь та нарын ашиг сонирхлоос салшгүй бөгөөд та нарын ашиг сонирхолтой холбоотой байдаг. Энэ нь хүний уг чанар биш гэж үү? Ийм уг чанартай хүн бүхэн Сатантай адил биш гэж үү? Бид ингэж хэлж болно, тийм биз? Ерөнхийд нь хэлбэл, энэхүү илрэл нь жигшмээр бөгөөд олиггүй юм. Та нарт ч бас одоо зэвүүцмээр санагдаж байгаа, үгүй гэж үү? (Тийм.)

Дараах эшлэлийг харвал, Сатан Еховад хариулан, “Иов учир шалтгаангүйгээр Бурханаас эмээдэг гэж үү?” гэсэн. Тэр Иовыг үнэлсэн Еховагийн үнэлгээг дайрч эхэлсэн бөгөөд энэхүү дайралт нь дайсагнасан байдлаар будагдсан байв. “Та түүний дээр, түүний гэр орон болон түүнд байгаа бүхний бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү?” Энэ бол Иовд хийсэн Еховагийн ажлын талаарх Сатаны ойлголт болон үнэлгээ юм. Сатан үүнийг ийнхүү үнэлж: “Та түүний гарын үйлийг нь ерөөж, түүний эд баялаг газар нутагт нь олширлоо. Харин одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүрвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараан зүхэх болно” гэсэн. Сатан үргэлжид хоёрдмол утгаар ярьдаг боловч энд тэр тодорхой ярьсан. Гэсэн хэдий ч, тодорхой хэлсэн эдгээр үг нь Ехова Бурхан руу хандсан дайралт, доромжлол болон тэмцэл юм. Үүнийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Та нарт дургүйцэл төрж байна уу? (Тийм.) Та нар түүний далд санааг харж чадаж байна уу? Юун түрүүнд тэр Иовын талаарх—Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн хэмээх Еховагийн үнэлгээг няцаасан. Дараа нь тэр, Иов хэлж, хийж байгаа бүхэндээ Еховагаас эмээдэг гэдгийг няцаасан. Энэ нь буруушааж байгаа биш гэж үү? Сатан Еховагийн хийдэг, хэлдэг бүхнийг сэжиглэж, итгэдэггүй бѳгѳѳд буруушааж, няцааж байсан. Тэр, “Хэрвээ Та ингэж хэлж байгаа бол би яагаад үүнийг нь хараагүй байдаг билээ? Та түүнд маш олон ерөөл хайрласан, тэр яахин Танаас эмээхгүй байх билээ?” хэмээн хэлсэн байдаг. Энэ нь Бурханы хийсэн бүхнийг няцааж байгаа хэрэг биш гэж үү? Буруушаалт, няцаалт, доромжлол—түүний үгс түрэмгий биш гэж үү? Тэдгээр нь Сатан сэтгэл дотроо юу бодож байдгийн жинхэнэ илэрхийлэл биш гэж үү? Эдгээр үг нь бидний дөнгөж сая уншсан: “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” хэмээх үгтэй адилхан биш гэдэг нь мэдээж. Тэдгээр нь шал өөр байсан. Эдгээр үгээр дамжуулан Сатан, Бурханд хандах хандлагаа болон Иовын Бурханаас эмээх байдлыг зүрх сэтгэлдээ жигшин зэвүүцдэгээ бүрмөсөн ил гаргасан. Ингэх үед түүний хорлонтой байдал болон хорон муу чанар бүхэлдээ илэрсэн. Тэр Бурханаас эмээдэг бүхнийг жигшиж, муугаас зайлдаг хүмүүсийг жигшиж, тэр ч байтугай хүнд ерөөл хайрласных нь төлөө Еховаг жигшсэн юм. Тэр энэ боломжийг ашиглан Бурханы Өөрийн гараар өсгөсөн Иовыг сүйрүүлж, түүнийг үгүйрүүлэхийг хүсэж: “Иов Танаас эмээж, муугаас зайлдаг хэмээн Та айлдлаа. Харин би үүнийг өөрөөр харж байна” хэмээсэн. Тэр Еховаг өдөөн хатгаж, уруу татахын тулд олон янзын арга ашигласан ба Ехова, Иовыг түүнд өгч, түүний дураараа хянуулж, хорлуулж, тоглуулахын тулд мөн олон янзын арга ашигладаг. Тэрээр Бурханы нүдэнд зөв шударга, төгс байсан энэ хүнийг үгүй хийхийн тулд энэ боломжийг ашиглахыг хүссэн юм. Тэр ийм зүрх сэтгэлтэй байсан нь агшин зуурын хүсэл байсан уу? Үгүй, тийм биш. Тэр үүнийг эртнээс бодсон. Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг ажиглан хардаг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы ивээж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, түүнтэй хамт муу үйл үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү? Ерөнхийдөө та нар Сатан бол маш муу, маш хорон гэж дандаа хэлдэг, гэхдээ та нар түүнийг харсан уу? Та нар зөвхөн хүн хэчнээн муу болохыг л харсан бөгөөд бодит байдал дээр Сатан үнэндээ хэчнээн муу болохыг хараагүй. Гэхдээ Иовтой холбоотой энэ хэрэг дээр та нар түүнийг харав уу? (Тийм.) Энэ хэрэг нь Сатаны зэвүүн төрх байдал болон мөн чанарыг тун тодорхой болгосон. Сатан Бурхантай дайтаж, Түүний араас цаг ямагт мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажлыг нурааж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг бүрмөсөн устгах юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэднийг ашиглахын тулд өөрийн эзэмшилд оруулдаг—энэ бол түүний зорилго. Бурхан юу хийдэг вэ? Бурхан энэ хэсэгт зөвхөн энгийн өгүүлбэр л хэлсэн; Бурханы хийсэн өөр ямар нэг зүйлийн талаарх тэмдэглэл байхгүй боловч Сатаны хийсэн, хэлсэн зүйлийн талаарх илүү олон тэмдэглэлийг бид харж байна. Доорх эшлэлд Ехова Сатанаас “Чи хаанаас ирэв?” хэмээн асуусан. Сатаны хариулт юу вэ? (Энэ нь мөн л “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэсэн.) Энэ нь өнөөх л нэг өгүүлбэр. Энэ нь яагаад Сатаны уриа, Сатаны шилдэг бүтээл болсон бэ? Сатан хорсолтой мөн үү биш үү? Энэхүү зэвүүцмээр өгүүлбэрийг нэг хэлэхэд л хангалттай. Яагаад Сатан үргэлж энэ өгүүлбэрийг хэлж байна вэ? Энэ нь нэг зүйлийг баталж байна: Сатаны уг чанар өөрчлөгдөшгүй. Өөрийн зэвүүн нүүр царайг тэр удаан нууж чадахгүй. Бурхан түүнээс асуулт асуухад тэр ийм маягаар хариулсан, тэр хүмүүст хэрхэн ханддаг талаар хэлэхийн ч хэрэггүй! Тэр Бурханаас айдаггүй, Бурханаас эмээдэггүй ба Бурханыг дуулгавартай дагадаггүй. Иймээс тэр Бурханы өмнө ичгүүргүй давлиун байж зүрхэлдэг бөгөөд Бурханы асуултыг цайруулахын тулд эдгээр нэгэн хэвийн үгийг ашиглаж, Бурханы асуултанд хариулахдаа нэгэн хэвийн энэ хариултыг ашиглаж, Бурханыг будилуулахын тулд энэ хариултыг ашиглахаар оролддог—энэ бол Сатаны үзэшгүй муухай нүүр царай юм. Тэр Бурханы төгс хүчит байдалд итгэдэггүй, Бурханы эрх мэдэлд итгэдэггүй ба Бурханы ноёрхол дор дуулгавартай дагахыг гарцаагүй хүсдэггүй. Тэр байнга Бурханыг эсэргүүцэж, Бурханы хийж байгаа бүхнийг байнга дайрч давшилж, Бурханы хийж байгаа бүхнийг сүйрүүлэхээр оролдож байдаг—энэ бол түүний хорон муу зорилго юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах