Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 106

2021-03-20

Эхлэл 19:1–11 Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож, нүүрээрээ газар унан мөргөөд: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж, өглөө эрт босоод аян замдаа гарна уу” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэлээ. Тэр тэднийг ихэд хүчлэн гуйсанд тэд түүний гэрт оржээ; тэр тэднийг дайлж цайлан, исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын хүмүүс буюу Содомын хүмүүс хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж, гэрийг нь бүслээд Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” гэцгээв. Лот гарч ирж, хаалгаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин нөгөө хүмүүс гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.

Эхлэл 19:24–25 Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.

Өөрт нь хандах Содомын олон удаагийн эсэргүүцэл, дайсагналын дараа Бурхан үүнийг бүрмөсөн устгасан

Хүний өнцгөөс харвал, Содом нь хүний хүсэл сонирхлыг болон хүний хорон мууг бүрэн хангаж чадах хот байв. Шөнө болгон хөгжим бүжгээр уруу татан, сэтгэлийг нь эзэмдсэнээр үүний хөгжил цэцэглэлт нь хүнийг шунал, галзууралд аваачсан. Үүний ёрын муу байдал нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эвдэж, тэднийг хуурч доройтуулсан юм. Энэ нь бузар сүнс, муу ёрын сүнснүүд галзууран гүйлдэж байдаг хот байлаа; энэ нь аллага болон нүглээр бялхаж, цуст, илжирсэн үнэрээр дүүрч байсан юм. Энэ нь хүмүүсийг үхтэл нь айлгасан хот, хүн айсандаа дайжин холдохыг хүсэх хот байв. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, залуу ч бай, хөгшин ч бай энэ хотын нэг ч хүн үнэн замыг эрж хайгаагүй; хэн ч гэрлийг хүсэн тэмүүлж, нүглээс зайлахаар эрмэлзээгүй. Тэд Сатаны хяналт, завхрал болон хууран мэхлэлт дор амьдарч байлаа. Тэд хүн чанараа гээсэн; эрүүл ухаанаа алдсан, хүний оршин тогтнолын анхдагч зорилгоо алдсан байв. Тэд Бурханыг эсэргүүцэх тоо томшгүй олон хорон муу үйл үйлдсэн; Түүний удирдамжаас татгалзаж, Түүний хүслийг эсэргүүцсэн. Энэ хүмүүс, энэ хот болон үүний доторх бүх амьд зүйлийг алхам алхмаар сүйрлийн замд аваачсан зүйл нь тэдний хорон муу үйл хэрэг байсан билээ.

Энэ хоёр хэсэг нь Содомын ард иргэдийн завхралын хэмжээг нарийн дэлгэрэнгүй дүрсэлж тэмдэглээгүй, харин Бурханы хоёр зарцыг хотод ирсний дараах хүмүүсийн бүх үйлдлийг тэмдэглэсэн хэдий ч Содомын ард иргэд хэр их завхарсан, ёрын муу байсныг, мөн Бурханыг хэр хэмжээнд эсэргүүцэж байсныг төвөггүй илчилж чадна. Үүгээр тухайн хотын хүмүүсийн үнэн нүүр царай болон мөн чанар ил болдог. Тэд Бурханы анхааруулгыг хүлээн аваагүйгээр үл барам Түүний шийтгэлээс айгаагүй. Эсрэгээрээ тэд Бурханы уур хилэнг басамжилсан. Тэд Бурханыг эсэргүүцсэн хэвээр байж, Бурхан юу ч хийсэн бай, эсвэл яаж ч хийсэн бай, тэдний хорлонт уг чанар улам л ихэссэн ба Бурханыг ахин дахин эсэргүүцсэн юм. Содомын хүмүүс Бурханы оршин тогтнолд, Түүний ирэлтэд, Түүний шийтгэлд, тэр ч бүү хэл Түүний анхааруулгад дайсагнан хандаж байв. Тэд бүхнийг үл тоож, залгиж, хорлож болох бүх хүнийг залгиж, хорлож байсан ба Бурханы зарц нарт ч мөн ялгаагүй хандсан. Содомын ард иргэдийн үйлдсэн хорон муу үйл хэргийг бүхэлд нь авч үзвэл, Бурханы зарц нарыг хорлох нь зөвхөн мөсөн уулын орой байсан ба үүгээр илчлэгдсэн хорон муу уг чанар нь үнэндээ өргөн уудам далай дахь ганц дусалтай адил байлаа. Тиймээс Бурхан тэднийг галаар устгахаар шийдсэн. Бурхан хотыг устгахын тулд үер ашиглаагүй, мөн хар салхи, газар хөдлөлт, цунами ч юм уу өөр ямар нэгэн арга ашиглаагүй. Энэ хотыг устгахын тулд Бурхан галыг ашигласан нь юуг илтгэдэг вэ? Энэ нь уг хот бүрэн сүйрсэн гэсэн үг байсан; тэр хот газраас болон оршин тогтнолоос бүрмөсөн үгүй болсон гэсэн үг байв. Энд, “сүйрэл” гэдэг нь хотын хэлбэр дүрс, бүтэц, гадаад харагдах байдал үгүй болохыг хэлээд зогсохгүй; мөн түүнчлэн хотын доторх хүмүүсийн сүнс оршин тогтнохоо больж, бүрмөсөн үндсээрээ устгагдсан гэсэн утгатай юм. Энгийнээр хэлбэл, энэ хоттой холбоотой бүх хүн, үйл явдал, зүйл устгагдсан. Тэдний хувьд хойд нас, эсвэл дахин төрөлт гэж байхгүй; Бурхан тэднийг бүтээгдсэн хүн төрөлхтний дундаас нэгмөсөн арилгасан. “Гал ашигласан” нь нүглийг зогсоосныг илтгэсэн ба нүгэл төгссөн гэсэн утгатай байв; энэ нүгэл нь оршин тогтнож, тархахаа болих байсан. Энэ нь, Сатаны ёрын муу байдал шим тэжээлтэй хөрсөө алдсан, мөн байрлаж, амьдрах газар олгож байсан оршуулгын газраа алдсан гэсэн үг байв. Бурхан, Сатан хоёрын тулаанд Бурхан галыг ашигласан нь Сатаныг тамгалсан Түүний ялалтын тэмдэг байлаа. Содомын сүйрэл бол хүнийг завхруулж, залгиснаараа Бурханыг эсэргүүцэх Сатаны зэрлэг санаархал дахь асар том алдаа төдийгүй Бурханы удирдамжийг голж, ёс суртахуунгүй байдалд автсан хүн төрөлхтний хөгжлийн гутамшигт тэмдэг юм. Түүнчлэн энэ нь Бурханы зөвт зан чанарын жинхэнэ илрэлийн тухай тэмдэглэл билээ.

Бурханы тэнгэрээс илгээсэн гал Содомыг үнсэн товрог төдий болгох үед “Содом” гэх нэртэй хот, түүнчлэн энэ хот дотор байсан бүх зүйл оршин тогтнохоо болино гэсэн үг байлаа. Энэ нь Бурханы уур хилэнгээр устгагдсан; Бурханы уур хилэн, сүр жавхлангийн дор үгүй болсон. Бурханы зөвт зан чанараас болж Содом өөрт тохирох шийтгэл, өөрт тохирох төгсгөлөө хүртсэн. Содом оршин тогтнохоо больсон нь ёрын муугаас нь болсон бөгөөд уг хотыг, түүнчлэн энд амьдарч байсан ямар ч хүнийг, уг хотын дотор өссөн ямар ч амийг хэзээ ч харахыг хүсээгүй Бурханы хүслээс энэ нь үүдэлтэй байлаа. Бурханы “энэ хотыг хэзээ ч дахин харахгүй байх хүсэл” бол Түүний уур хилэн, мөн түүнчлэн Түүний сүр жавхлан билээ. Хотын хорон муу байдал болон нүгэл нь Түүний уур, зэвүүцэл, жигшлийг төрүүлсэн бөгөөд үүнийг юм уу үүн доторх ямар ч хүн, амьд зүйлсийг дахин хэзээ ч харахгүй байхыг хүссэн учраас Бурхан энэ хотыг шатаасан юм. Хот шатаж дуусаад үнсэн товрог л үлдмэгц Бурханы нүдээр энэ нь үнэхээр оршин тогтнохоо больсон; энэ хотын тухай Түүний дурсамж хүртэл үгүй болж, арилсан. Тэнгэрээс илгээсэн гал нь бүхий л Содом хот, үүн доторх нүглээр дүүрэн хүмүүс, мөн хотын доторх нүглээр бохирдсон бүх зүйлийг устгаад зогсохгүй; үүнээс ч илүүтэйгээр Бурханы эсрэг хүний үйлдсэн ёрын муу, эсэргүүцлийн дурсамжуудыг хүртэл устгасан гэсэн үг юм. Энэ нь уг хотыг шатаасан Бурханы зорилго байлаа.

Хүн төрөлхтөн туйлдаа хүртэл ялзарсан. Тэд Бурхан хэн болохыг, эсвэл өөрсдөө хаанаас ирснээ мэдээгүй. Хэрвээ чи Бурханыг дурдвал энэ хүмүүс дайран давшилж, гүтгэж, доромжлох байлаа. Бурханы зарц нар Түүний анхааруулгыг түгээхээр ирэх үед ч гэсэн энэ завхарсан хүмүүс ямар ч гэмшсэн шинж үзүүлээгүй; тэд хорон муу үйлээ орхиогүй. Эсрэгээрээ тэд Бурханы зарц нарыг улайм цайм хорлосон. Тэдний илэрхийлж, харуулсан зүйл бол Бурханд хандах дайсагналынх нь уг чанар болон мөн чанар байсан юм. Энэ завхарсан хүмүүсийн Бурханд хандах эсэргүүцэл нь тэдний завхарсан зан чанарын илрэл төдий биш, мөн үнэний тухай ойлголт дутмагаас нь үүдсэн доромжлол, доог тохуу хийх явдал төдий биш байсан гэдгийг бид харж болно. Тэдний муу үйл тэнэглэл, мэдлэггүй байдлаас болоогүй; мөн мэхлэгдсэнээс ч болоогүй ба тэднийг төөрөгдүүлснээс бүр ч болоогүй, харин тэд Бурханы эсрэг дур зоргоороо дайсагнаж, эсэргүүцэн зогсож, орилох түвшинд хүрсэн. Хүний ийм зан авир Бурханы зан чанарыг хилэгнүүлж—хүмүүсийн халдахыг тэвчдэггүй зан чанарыг хилэгнүүлэх нь эргэлзээгүй. Тиймээс Бурхан уур хилэн болон сүр жавхлангаа шууд, ил тод гаргасан; энэ нь Түүний зөвт зан чанарын жинхэнэ илрэл билээ. Нүглээр бялхсан хоттой нүүр тулгараад Бурхан аль болох хурдан аргаар устгахыг хүссэн; Тэр үүн дотор байгаа хүмүүсийг болон тэдний бүх нүглийг хамгийн бүрэн төгс аргаар устгаж, энэ хотын хүмүүсийн оршин тогтнохыг болиулж, энэ газарт нүгэл ихсэхийг зогсоохыг хүссэн. Үүнийг хийх хамгийн хурдан, бүрэн төгс арга нь галаар шатаах явдал байв. Содомын хүмүүст хандах Бурханы хандлага нь хаях, үл тоох хандлага биш байлаа; харин ч энэ хүмүүсийг шийтгэж, цохиж, бүрмөсөн сүйрүүлэхийн тулд Өөрийн уур хилэн, сүр жавхлан, эрх мэдлийг ашигласан. Тэдэнд хандах Бурханы хандлага нь бие махбодын сүйрэл байгаад зогсохгүй, мөн сүнсний сүйрэл, мөнхөд устгах явдал байсан юм. Бурхан тэдний “оршин тогтнохыг болиулах” гэж хүссэний жинхэнэ утга учир энэ билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах