Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 366

2020-08-23

Би орчлон ертөнцийн дээр өдөр өнжилгүй ажиглан зогсдог ба хүний үйл хэрэг бүрийг сайтар судалж, хүний амьдралыг туулахын тулд Өөрийн амьдран суудаг газартаа даруухнаар нуугддаг. Хэн ч, хэзээ ч Надад өөрийгөө үнэхээр өгөөгүй. Хэн ч хэзээ ч үнэнийг эрж хайгаагүй. Нэг ч хүн Миний төлөө ухамсартай байсангүй. Хэн ч Миний өмнө шийдвэр гаргаж, үүргээ биелүүлсэнгүй. Хэн ч Намайг дотроо оршихыг зөвшөөрч байсангүй. Хэн ч Намайг өөрийнхөө амийг үнэлдэг шигээ үнэлж байсангүй. Хэн ч Миний бурханлаг чанарын бүхий л оршихуйг бодит байдалд харсангүй. Хэн ч практик Бурхантай Өөртэй нь холбоотой байхыг хүссэнгүй. Ус хүмүүсийг бүхэлд нь залгихад Би тэднийг тогтоол уснаас аварч, шинээр амьдрах боломжийг тэдэнд өгдөг. Хүн амьдрах итгэлээ алдах үед Би тэдэнд амьдрах зориг өгч, тэднийг үхлийн ирмэгээс татан авдаг ба тэд Намайг өөрсдийн оршин тогтнохын үндэс гэж үздэг. Хүмүүс Намайг үл дагах үед дуулгаваргүй байхад нь Би Өөрийгөө тэдэнд мэдүүлдэг. Хүн төрөлхтний хуучин уг чанарыг харгалзан үзээд, мөн Өөрийн өршөөлийг бодоод, Би хүмүүсийг цаазаар авахын оронд гэмшиж, шинээр эхлэх боломжийг тэдэнд олгодог. Хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэх үед тэдэнд эцсийн ганц амьсгал үлдсэн л бол тэднийг Сатаны ов мэхэнд урхидуулахаас сэргийлэн Би тэднийг үхлээс булаан авдаг. Хүмүүс Миний гарыг хэчнээн удаа харав; тэд Миний эелдэг зөөлөн төрхийг харж, Миний инээмсэглэсэн царайг хэчнээн удаа харав; тэд хэчнээн удаа Миний сүр жавхланг харж, Миний уур хилэнг харав. Хүн төрөлхтөн Намайг хэзээ ч мэдээгүй хэдий боловч Би дэмий зовоох гэж тэдний сул талыг шүүрч авдаггүй. Хүн төрөлхтний зовлон зүдгүүрийг амсаад Би хүний сул талыг өрөвддөг. Харин хүний дуулгаваргүй байдал, ач мэддэггүй зангийн хариуд л Би өөр өөр түвшинд гэсгээлт оноодог.

Хүний завгүй цагт Би Өөрийгөө нуудаг ба зав чөлөөтэй цагт нь Өөрийгөө илчилдэг. Хүн төрөлхтөн Намайг бүхнийг мэдэгч бөгөөд бүх гуйлтыг биелүүлдэг Бурхан Өөрөө гэж төсөөлдөг. Тиймээс дийлэнх нь Намайг мэдье гэсэн хүсэлгүйгээр, зөвхөн Бурханы тусламж эрж л Миний өмнө ирдэг. Өвдөж шаналах үедээ хүмүүс Миний тусламжийг шаргуу гуйдаг. Гай зовлон тохиолдсон үед тэд зовлонгоосоо салахын тулд өөрсдийн бэрхшээлийг Надад бүх чадлаараа аминчлан хэлдэг. Гэтэл тав тухтай байхдаа нэг ч хүн Намайг бас л хайрлаж чадаагүй. Амар амгалан, аз жаргалтай байх үедээ өөрсдийн баяр баясгаланг Надтай хуваалцахаар хэн ч хандаагүй. Ойрын гэр бүлийнхэн нь аз жаргалтай, сайн сайхан байх үед хүмүүс Намайг аль хэдийн мартаж, эсвэл тэднийд ороод гэр бүлийнх нь ерөөгдсөн аз жаргалд баясахыг минь хориглон Миний өөдөөс хаалгаа хаадаг. Хүний санаа хэтэрхий явцуу, Над шиг элэгсэг, өршөөнгүй, хүрч мэдэрч болох Бурханыг ч багтаахааргүй явцуу юм. Хүмүүс баяр баясалтайгаар инээж байх үедээ Намайг хэчнээн удаа эс тоосон билээ; хүмүүсийг төөрөлдөн бүдчиж явахад нь Би хэчнээн удаа тэдний тулдаг таяг болсон билээ; хэчнээн удаа Би өвчинд шаналж байгаа хүний өмнө эмчийн үүрэг гүйцэтгэхэд хүрсэн билээ. Хүн төрөлхтөн хэчнээн харгис юм бэ! Туйлын ухаангүй ба ёс суртахуунгүй. Хүнд байх учиртай мэдрэмжүүд нь хүртэл тэднээс ажиглагдахгүй. Тэдэнд хүний шинж бараг байдаггүй. Өнгөрснийг эргэцүүлэн цэгнэж, түүнийг одоотой харьцуул. Та нарын дотор өөрчлөлт гарч байна уу? Тэрхүү өнгөрсөн зүйлс одоо багахан болсон уу? Эсвэл хараахан солигдоогүй байна уу?

Би энэ дэлхийн сайн мууг амсан уул давж, хөндий уруудан газар сайгүй явав. Хүмүүсийн дунд Би хэрэн хэсэж, бас хүмүүсийн дунд Би олон жил амьдарсан боловч хүн төрөлхтний зан чанар өчүүхэн бага өөрчлөгдсөн мэт харагдаж байна. Энэ нь, хүний хуучин уг чанар тэдний дотор үндэслэж, нахиалсан мэт ажээ. Тэд тэрхүү хуучин уг чанараа хэзээ ч өөрчилж чадаагүй, зөвхөн анхдагч суурин дээрээ ялимгүй л сайжруулсан. Хүмүүсийн хэлдгээр мөн чанар нь өөрчлөгдөөгүй, харин хэлбэр нь ихээхэн өөрчлөгджээ. Хүн бүхэн Намайг хуурч, будилуулахаар оролдож байгаа мэт санагддаг, тэгснээр тэд сэмхэн явж, Миний сайшаалыг хүртэж магадгүй юм. Би хүмүүсийн заль мэхийг шагшин бахаддаг ч үгүй, анхаарлаа ч хандуулдаггүй. Омогдон уурлахын оронд, харсан ч үзэхгүй байх хандлага хэрэглэдэг. Би хүн төрөлхтөнд тодорхой хэмжээний цалгар задгай байдал олгохоор төлөвлөсөн ба түүний дараа бүх хүнийг хамтдаа шийдвэрлэх болно. Хүмүүс бүгд өөрийгөө хүндэлдэггүй, өөрсдийгөө нандигнан хайрладаггүй, үнэ цэнэгүй өөдгүй амьтад учраас Би шинээр өршөөл, хайр үзүүлэх нь тэдэнд ер хэрэгтэй гэж үү? Хүмүүс бүгдээрээ өөрсдийгөө мэддэггүй бөгөөд өөрсдийн жинг мэддэггүй. Тэд жингээ үзэхийн тулд жинлүүр дээр өөрсдийгөө тавих хэрэгтэй. Хүн төрөлхтөн Намайг ер хайхардаггүй, тиймээс Би ч тэднийг нухацтай авч үздэггүй. Хүмүүс Надад ямар ч анхаарал хандуулдаггүй, Би ч гэсэн тэдэнд хичээл чармайлт гаргах хэрэггүй. Энэ нь хоёуланд нь дээр биш гэж үү? Энэ нь та нарыг дүрслэхгүй байна гэж үү, Миний ард аа? Хэн Миний өмнө шийдвэр гаргачихаад дараа нь түүнийгээ хаяагүй вэ? Хэн Миний өмнө байн байн шийдэхийн оронд урт хугацааны шийдвэр гаргасан бэ? Хүмүүс амар тайван үедээ Миний өмнө дандаа шийдвэр гаргадаг ба гай зовлонгийн үедээ тэдгээрийг бүгдийг нь хүчингүй болгодог. Дараа нь тэд шийдвэрээ дахин барьж авчаад түүнийгээ Миний өмнө тавьдаг. Би, овоолсон хогноос хүний түүсэн хаягдлыг хээгүй хүлээгээд авчихмаар тийм хүндээ алдсан Нэгэн юм уу? Цөөхөн хүмүүс л өөрсдийн шийдвэрийг бат хадгалдаг, цөөхөн хэд нь цэвэр ариун байдаг ба цөөхөн хүмүүс өөрсдийн хамгийн эрхэм зүйлийг тахил болгон Надад өргөдөг. Та нар бүгдээрээ ийм биш гэж үү? Хаант улс дахь Миний ардын нэг болохын хувьд хэрвээ та нар үүргээ биелүүлж чадахгүй бол, Надаар жигшигдэн гологдох болно!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 14-р бүлэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах