Хавчлага, зовлон намайг Бурханд бүр ч их хайртай болгосон

2021-01-23

Лю Жэнь, Шаньдун муж

Намайг Лю Жэнь гэдэг. Би 78 настай, Төгс Хүчит Бурханы Чуулганы жирийн л нэг Христэд итгэгч. Хүмүүсийн нүдэнд бол онцгойрох юмгүй, хөдөө тосгоны настай эмэгтэй намайг сонгосон Төгс Хүчит Бурханд би талархдаг. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа би өдөр бүр Бурханд залбирч, Бурханы үгийн уншлага сонсож, цуглаанд яван, ах эгч нартайгаа нөхөрлөдөг байсан ба яваандаа зарим үнэнийг ойлгож, зарим зүйлийн талаар тодорхой ойлголттой болж эхэлсэн юм. Би баяр хөөрөөр бялхаж, өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ аз жаргалтай амьдарч байв. Өндөр настай, муухан алхдаг болохоор би гэрээсээ явж, чуулганы цуглаанд оролцож чаддаггүй байсан юм. Тиймээс ах эгч нар маань намайг бодсондоо цуглаанаа манай гэрт хийдэг байлаа. Өвлийн хүйтэн, зуны халуунаас болж цуглаанаа тэд хэзээ ч алгасаж байсангүй, мөн салхи шуурга, цас борооноос болж жирийн л нэг өндөр настай хүн над дээр зочилж, халамжлахаа огт больсонгүй. Ялангуяа Бурханы үгийг уншиж байхад минь ойлгохгүй зүйл гарвал тэд үргэлж надад тэвчээртэйгээр нөхөрлөдөг байсан бөгөөд намайг хэзээ ч үл тоож, дорд үзэж байгаагүй юм. Үүнд сэтгэл минь маш их хөдөллөө. Учир нь Бурханы хайр л биш юм бол хэн надад тийм их тэвчээр, хайр сэтгэл гаргах билээ? Ах эгч нартайгаа харилцаж байхдаа тэднийг ертөнцийн хүмүүсээс маш өөр болохыг нь харав. Тэд хүлцэл, хайрыг амьдран харуулж, өөр хоорондоо ямар ч хаалт үүсгэхгүй, хол хөндий байлгүйгээр зүрх сэтгэлээ уудалж, нэг нэгэндээ чин сэтгэлээсээ хандаж чаддаг ба яг л нэг гэр бүл шиг дотно байсан юм. Энэ нь Төгс Хүчит Бурханы ажлын талаар надад улам ч их итгэл төрүүлсэн билээ. Үнэнийг ойлгож авахынхаа хэрээр би бүтээгдсэн зүйлийнхээ үүргийг биелүүлэх ёстой гэдгээ ухаарсан тул чуулганд үүрэг авахыг хүсэж буйгаа хэлсэн юм. Ихэнх үүргийг гүйцэтгэхэд нас минь надад саад болж байсан ч чуулган надад зочлох үүрэг даалгалаа. Би зөвшөөрч, боломжид минь үндэслэн үүрэг даалгасанд нь Бурханд талархсан юм. Тэгээд би ах эгч нартайгаа ихэд нийцтэй байж, бие сэтгэлийн асар их тайтгарлыг мэдэрч байлаа. Шаналгаж байсан зарим өвчин минь бас дээрдэж эхэлсэн тул Төгс Хүчит Бурханы өршөөл, нигүүлсэлд би бүр ч их талархав.

Хавчлага, зовлон намайг Бурханд бүр ч их хайртай болгосон

Гэсэн хэдий ч сайхан цаг үе удаан үргэлжилсэнгүй. Учир нь намайг болон тосгон дахь ах эгч нарыг маань муу хүн цагдаад мэдээлжээ. Цагдаа нар бүх ах эгчийг маань баривчлаад, намайг цагдаагийн хэсэг дээр авчир гэж тосгоны Намын нарийн бичгийн даргад тушаасан байлаа. Тэнд очиход минь цагдаа, “Чи хэрхэн Бурханд итгэх болсон бэ? Яагаад Бурханд итгэдэг юм бэ?” гэж надаас асуув. Би, “Бурханд итгэх нь орчлонгийн жам олны ёс. Бурханы үгийг өдөр бүр уншсанаар бид олон үнэнийг ойлгож, Бурханы үгийн дагуу сайн хүн байж, амьдралын зөв замаар алхаж чаддаг. Бурханд итгэгчид бусдыг зодож, хараадаггүй, бас хууль тогтоомжийг ямагт сахидаг, тэгэхээр Бурханд итгэхэд юу нь буруудах вэ? Та нар биднийг яагаад баривчилж байгаа юм бэ?” гэв. Цагдаа над руу зэвүүн харж, “Хэн чамд сайн мэдээ номлосон бэ? Танай гэр бүл дотор өөр итгэдэг хүн байгаа юу?” гэж ширүүхэн асуув. Гэрээсээ би л ганцаараа итгэдэг гэдгээ хэллээ. Тэд надаас ямар ч мэдээлэл олж авахгүй гэдгээ ойлгосон тул намайг тэр өдөртөө сулласан юм. Гарсныхаа дараа, цагдаа нар намайг яагаад ийм амархан сулласныг гайхав. Цагдаагийн хэсэг рүү хүргэгдсэн гэдгийг минь гэрийнхэн маань олж мэдэнгүүтээ танил талаа ашиглан, цагдаа нарт 3,000 юань төлж суллуулсныг би гэртээ буцаж ирээд л мэдлээ. Гэхдээ цагдаа нар Бурханд итгэхийг минь болиулах гэж гэрийнхнээс минь хүсэж, гэр бүлтэй минь муудалцуулах үр суулгасаар байв. Бэр энэ талаар хүүтэй минь муудалцаж, намайг Бурханд итгэсээр байвал шавжны хор ууж амиа хорлохоор сүрдүүллээ. ХКН-ын цагдаа нар угтаа тултал ялзарсан болохыг би тэр үед ухаарсан юм. Манайх туйлын амар амгалан гэр бүл байсан ч цагдаа нар зөндөө их хов хутгаснаас болж бүгд ана мана үзэлцдэг болов! Би тэнгэр газар дээрх бүх зүйлийг бүтээсэн цор ганц жинхэнэ Бурханд итгэдэг. Харин өнөөдөр Төгс Хүчит Бурхан биднийг аврахаар ирээд, биднээс үнэнийг ойлго, хүний төрхийг амьдран харуул, мөс чанартаа нийцсэн, зөв байдлаар ярьж үйлд, хүн чанар, ёс суртахууныхаа эсрэг зүйл бүү хий гэж шаарддаг. Би гэртээ суун Бурханы үгийг уншиж, цуглаан хийн, үүргээ биелүүлэхээс өөр зүйл хийгээгүй хэдий ч ХКН-ын цагдаа нар намайг гүтгэж, “олон нийтийн дэг журмыг алдагдуулсан” хэмээх ял тулгасан юм. Тэд баримтыг илт мушгин гуйвуулж, хар цагааныг хольж хутган, хүмүүст дур зоргоороо муу нэр зүүлгэн буруутгаж байв! Сатан үнэхээр жигшүүртэй. Энэ нь нээрээ илэрхий гүтгэлэг, хорлонтой гүжирдлэг байлаа. Гэртээ ах эгч нартайгаа цуглаан хийдгийг минь цагдаа нар мэдээлэгчээс олж дуулчхаад, дараа нь намайг тайван байлгахаа болив. Удалгүй тэд намайг байцаахаар цагдаагийн хэсэг дээр хүргээд, “Чуулганыхаа удирдагчид, гэрт чинь цуглаанд ирдэг хүмүүсийн нэрийг хэл. Хэлэхгүй бол чамайг шоронд хийнэ!” хэмээн сүрдүүллээ. Би хатуу боловч зөв байдлаар “Би юу ч мэдэхгүй! Надад та нарт хэлэх зүйл байхгүй!” гэж хариулав. Цагдаа нар үгээр хэлэхийн аргагүй уурласан ч Бурхан намайг хамгаалж байсан болохоор надад хуруугаа ч хүргэж зүрхлээгүй юм.

Цагдаа нар намайг сулласныхаа дараа үргэлжлүүлэн тандалт явуулж, надаар өгөөш хийн “томхон загас” барьж авахаар дэмий горьдож байлаа. Би ах эгч нараа хэрэгт оруулахаас айсандаа цаашид холбоо барьж зүрхлээгүй бөгөөд түүнээс хойш чуулганы амьдралаа алдав. Чуулганы амьдралгүйгээр зүрх сэтгэл минь хоосорч, хорогдох газаргүй болж, аажимдаа Бурханаас хөндийрлөө. Өдөр болгоныг айдас, түгшүүртэй өнгөрүүлж, цагдаа нар намайг дахин авч явахаар ирэх вий гэхээс айж байлаа. Урьд нь би өдөр бүрийг Бурханы үг болон Номлол нөхөрлөл сонсож өнгөрүүлдэг байсан бол одоо тэгэх боломжгүй болсон юм. Учир нь гэрийнхэн маань намайг залбирахыг харах юм уу “Бурхан” гэсэн үг дурдах төдийд л өчнөөн их зэмлэдэг болов. Цагдаад торгуулснаас болж бэр минь надтай цаг үргэлж хүйтнээр харьцаж, нөхөр хүү хоёр минь юм л болбол намайг загнадаг байлаа. Төгс Хүчит Бурханд итгэхийг минь нэгэн цагт дэмждэг байсан гэр бүл минь тэр үед аль чадахаараа эсэргүүцэж, хавчиж байсан юм. Үүнд би маш их гуниглаж, сэтгэл минь ихээхэн дарамтад орж, өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй харанхуй, шаналал дунд амьдарч байлаа. Сонсох Бурханы үгийн уншлага байхгүй, ах эгч нартайгаа нөхөрлөж бүр ч чадахгүй байсан болохоор сүнс минь маш их хатаж гандсан мэт санагдаж байсан юм. Шөнө бүр нойр хүрэхгүй, орондоо эргэн хөрвөөж, цуглаан дээр ах эгч нартайгаа өнгөрүүлсэн жаргалтай үеэ байнга санадаг байв. Иймэрхүү үед ХКН-ын засгийн газрыг би улам бүр үзэн яддаг байлаа. Тэд л энэ бүх зовлонг үүсгэсэн, Бурханд чөлөөтэй итгэж, шүтэн мөргөх бүтээгдсэн зүйлийн эрхээс минь салгасан, намайг чуулганы амьдралаа алдахад хүргэсэн, ах эгч нартайгаа Бурханы үгийг нөхөрлөхийг минь зогсоон, үүргээ биелүүлэхийг минь болиулсан юм. Зовлон дунд би Бурханд чимээгүйхэн залбирахаас өөр яаж ч чадсангүй: “Өө Бурхан минь! Би харанхуйд амьдарч, сүнс минь хатаж гандсан мэт санагдаж байна, ах эгч нартайгаа чуулганы амьдралаар амьдармаар байна. Өө Бурхан минь! Надад зам нээж өгөөч гэж Танаас гуйя!”

Би Бурханы өмнө очиж, Түүнийг энэ маягаар дуудсаар байсанд Бурхан үнэхээр залбирлыг минь сонсож, ах эгч нарыг минь зохицуулан над дээр зочлуулав. Намайг дандаа хөвөн түүхээр хөвөнгийн талбай руу явдгийг мэддэг нэг эгч маань тэнд нууцаар очиж надтай уулзсан бөгөөд бид хоёр тэнд цуглах цагаа тохирсон юм. Уулзах бүрдээ би талбай дээр эртлэн очиж хөвөн түүгээд, бусад хүнийг өдрийн хоолоо идэж байх зуур эгчтэйгээ талбай дээр явган сууж, Бурханы үгийг уншдаг байв. Эгчтэйгээ уулзахаар яг л удаан уулзаагүй хамаатантайгаа уулзах мэт халуун дотно санагдан, баярын нулимсаа би барьж чаддаггүй байсан юм. Өөрийнхөө тэвчсэн гомдол, зовлонгийн тухай, бас гэр бүлийнхээ буруу ойлголтын тухай би эгчдээ ярилаа. Бурханы үг намайг услах зуур эгч сэтгэлийг минь тайтгаруулж, Бурханы хүслийн талаар надтай нөхөрлөсөн бөгөөд миний байр байдал аажмаар дээрдэж эхлэв. Ингэж л ХКН-ын засгийн газрын хавчлага намайг хөвөнгийн талбай дээр явган сууж цуглахаас өөр аргагүй байдалд хүргэсэн юм. Нэг өдөр бид Бурханы үгийн ийм хэсгийг уншлаа: “Та нарын дотроос хуулийн хамгаалалт хүлээн авдаг нэг ч хүн байхгүй; харин ч та нар хуулиар шийтгүүлдэг ба илүү том бэрхшээл бол Хэн ч та нарыг ойлгодоггүй, хамаатан садан, эцэг эх, найзууд, эсвэл хамтран ажиллагчид чинь ч бай, хэн нь ч та нарыг ойлгодоггүй. Бурхан та нарыг голох үед газар дэлхий дээр үргэлжлүүлэн амьдрах ямар ч арга зам та нарт байхгүй. Гэхдээ ийм байлаа ч гэсэн хүмүүс Бурханыг орхин явж тэвчдэггүй; энэ бол Бурхан хүмүүсийг байлдан дагуулахын ач холбогдол, мөн Бурханы алдар суу билээ. … Ерөөлийг ганц, хоёрхон хоногт хүлээн авч чадахгүй; ихээхэн золиослолоор дамжуулан олж авах ёстой. Өөрөөр хэлбэл, та нараас Бурханы шаарддаг цэвэршүүлэгдсэн хайр, асар их итгэл, олон үнэн та нарт байх ёстой; үүн дээр нэмээд, та нар шударга ёсны төлөө хэзээ ч гуйвшгүй байж чадах ёстой ба Бурханыг гэсэн туйлбартай, хувиршгүй хайртай байх ёстой. Шийдэмгий байдлыг та нараас шаарддаг, амь зан чанарын өөрчлөлтийг ч шаарддаг; та нарын завхралыг эмчлэх ёстой ба та нар Бурханы зохион байгуулалтыг бүгдийг нь ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрч, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Энэ нь та нарын биелүүлэх учиртай зүйл юм. Энэ бол Бурханы ажлын эцсийн зорилт, мөн энэхүү бүлэг хүмүүст Бурханы тавьдаг шаардлага билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Тухайн үеийн зовлон бол миний тэвчих ёстой зүйл гэдгийг Бурханы үг ойлгуулсан юм. Хятад бол бурхангүй үзэлд захирагддаг, Бурханд итгэгчдийг хавчиж, гутаадаг орон, гэхдээ тэр зовлон түр зуурын, хязгаартай байсан бөгөөд ирээдүйд Бурханы илүү их амлалт, ерөөлийг хүртээхийн тулд итгэл, дуулгавартай байдлыг минь төгс болгохоор Бурхан үүнийг нарийвчлан зохион байгуулсан юм. Бурхантай байх нь хангалттай байсан тул надад өөр хүсэх зүйл байсангүй. Үүний зэрэгцээ ХКН-ын засгийн газрын боловсруулсан хууль тогтоомж нь хүмүүсийг мэхлэх гэсэн заль мэхнээс цаашгүйг би ойлголоо. Гадаад ертөнцөд тэд шашны эрх чөлөөг дэмждэг гэж мэдэгддэг ч бодит байдал дээр Бурханд итгэгчид Бурханы үгийг уншиж, цуглаан хийх ч эрхгүй байдаг. Тэд Бурханд итгэгчдийн оршин тогтнолыг огт хүлцдэггүй, Бурханыг дагаж, амьдралын зөв замаар алхахыг хүмүүст зөвшөөрдөггүй. Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдэг шиг: “Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Бурханы бүтээсэн тэнгэр, газар уудам боловч Хятадад Бурханд итгэгчдэд гишгэх газар ч байдаггүй. Бурханд итгэдэг хүн бүрийг ХКН баривчиж, хавчдаг ба эрх чөлөөг нь хасдаг. ХКН Бурханд итгэгч бүрийг хөнөөж, Хятадыг бурхангүй үндэстэн болгон хувиргахыг юунаас ч илүү хүсдэг. ХКН үнэхээр харанхуй, ёрын муу, тэрслүү юм. Тэд үнэхээр л Бурханы оршин тогтнолыг тэвчиж чаддаггүй, Бурханы эвлэршгүй дайсан юм байна!

Тэгээд би эгчтэйгээ хөвөнгийн талбайд уулзсаар байв. Гэхдээ цаг хугацаа өнгөрч, өвөл болох дөхлөө. Хөвөнгийн ургамлын навчис хатаж унан, хөвөнгийн талбай цуглааныг маань халхлахаа больсон тул дахиад л би ах эгчтэй хамт Бурханы үгийн талаар нөхөрлөх аргагүй ганцаар хоцорлоо. Эхэндээ би Бурханы үгийг сахиж, Бурхантай хэвийн харилцаатай байж чадсан ч Бурханы үгийн хангамж, усалгаагүйгээр сүнс минь улам бүр хоосорч, хатсаар удалгүй би дахиад л харанхуйд унав. Диваажингаас тамд буугаад ирсэн мэт болж, маш их гаслан дунд байсан болохоор үхмээр санагдаж байлаа. Гэр бүл минь цагдаа нарын худал үгэнд итгэсэн болохоор өдөр бүр намайг харуулдаж, Төгс Хүчит Бурханд итгэсээр байх юм бол зодно гэж сүрдүүлэв. Гэртээ би залбирч зүрхэлдэггүй байлаа. Шөнө хучлага доороо нуугдаад, эсвэл гэрт өөр хэн ч байхгүй үед л залбирч, өдөр бүрийг ийм маягаар өнгөрөөж байв. Гэр бүлийнхээ зэмлэлээс гадна, тосгоныхны цуу яриа, хов живийг бас тэвчих хэрэгтэй байлаа. Энэ бүхэнтэй нүүр тулаад би бүр ч их зовлонд автаж, сүнсний хувьд сул дорой болж, мухардан, өдөр бүр сэтгэлээр унах болов. Чуулганы амьдралыг алдсаны дараа Бурханы үгийг уншиж, ах эгч нарыгаа харж чадахгүй байсаар зүгээр л амьд явах нь гаслан болж, бүх баяр хөөр алдагдсан мэт санагдав. Урьд нь намайг шаналж, сул дорой болох үед Бурханы үг үргэлж тайтгаруулж, ах эгч нар минь тэвчээртэйгээр дэмждэг байсан бөгөөд Бурханы хүслийг ойлгоод би тэр дороо хөнгөрч, чөлөөлөгдсөнөө мэдрэн, сүнс минь дахин өндийн босдог байсан талаар бодлоо. Харин одоо цагдаа нарын хавчлага, тандалтаас болоод би Бурханы үг унших эрхээ алдаж, ах эгч нартайгаа ч уулзаж чадахгүй байв. Өдөр бүр урт, гашуун тэмцэл болж, амьд гэдгээ мэдрэхгүй, үхсэн мэт амьдарч байгаагаа хараад, урьд нь чуулганд Бурханы өмнө амьдарч байхад цог жавхаатай, эрч хүчтэй байсныг бодохоор зовлонтой, золгүй санагдлаа. Гэр бүл минь ХКН-д хууртаж мэхлэгдэн, намайг ойлгохгүй, ХКН-тай нийлж эрх чөлөөг минь хязгаарлаж байгааг бодохоор би бүр ч элэг эмтрэв. Гэхдээ яг хандах газаргүй болсон мэт санагдах үедээ Бурханд зогсолтгүй залбирч, надад зам нээж өгөхийг гуйлаа: “Өө Бурхан минь! Одоо би үгийг тань уншиж чадахгүй, чуулганы амьдралаар ч амьдарч чадахгүй байна, энэ амьдралыг тэсвэрлэхийн арга алга. Өө Бурхан минь! Гэр бүл минь ХКН-ын засгийн газарт мэхлэгдчихээд, Танд итгэхийг минь болиулах гэж бүх чадлаараа хичээж байна. Надад туслахыг Танаас гуйя, Таны үйл хэргийг гэрчилж, тэднийг цаашид Сатанд мэхлүүлж, ашиглуулахыг нь зогсоох боломж олгооч. Өө Бурхан минь! Би Танд гэр бүлээ даатгамаар байна, надад гарах зам зааж өгөөч гэж Танаас гуйя.”

Миний залбирлыг үнэхээр сонссонд нь Бурханд талархъя. Хэсэг хугацааны дараа нэг орой би орныхоо өмнө гэнэт ухаан алдав. Нөхөр минь ухаангүй айж, яахаа мэдэхгүй байсан тул хүү маань даруй түргэн тусламж дууджээ. Хариулсан эхний эмнэлэг өвчтөн нь хүнд өвдсөн настай эмэгтэй гэдгийг дуулангуутаа намайг хүлээн авахаас татгалзав. Хүү минь өөр нэг эмнэлгийн түргэн тусламжийн утас руу залгахад эмч нь намайг бараг л эргэн ухаан орох боломжгүй, тиймээс аврах гэж эмчилгээ хийгээд нэмэргүй, гэр бүлийнхэн маань сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй гэжээ. Гэхдээ хүү минь бууж өгөхийг хүсээгүй тул тэднээс гуйсаар эцэст нь буулган авч, намайг эмнэлэг рүү авч явахаас өөр аргагүй болгов. Гэхдээ яаралтай эмчилгээний дараа ч би ухаан орсонгүй. Эмч нар арга мухардан, гэр бүлийнхэн маань намайг амьд үлдэхгүй гэдэгт итгэжээ. Гэсэн ч Бурханы хувьд боломжгүй зүйл гэж байдаггүй тул яг тэр үед гайхамшиг тохиосон юм! 18 цагийн турш гүн комд байсны дараа би аажмаар ухаан орлоо. Тэнд байсан бүх хүн алмайрав. Нүдээ нээгээд эмч нарыг харахдаа би тэнгэрэлчүүдийг харж байна гэж бодсон юм. Хаана байгаагаа асуухад минь эмнэлэгт байгааг хэлсэн бөгөөд амин үзүүлэлтүүдийг минь яаран шалгах зуураа тэд, “Энэ үнэхээр гайхамшиг…” гэж үглэсээр байлаа. Удалгүй би өндийн суугаад, маш их өлссөнөө мэдэрлээ. Сувилагчийн өгсөн хоолыг идэж дуусаад би эрч хүч, хүч чадлаар дүүрэн болов. Энэ бол Төгс Хүчит Бурханы гайхамшигт үйл хэргийн нэг бөгөөд Бурхан залбирлыг минь сонсоод, зам нээж өгснийг би мэдэж байлаа. Орон дээр сууж байхдаа би өөрийн мэдэлгүй дуу аялж Бурханыг магтсан юм. Гайхширсан эмч “Эгч ээ, Таны итгэдэг энэ Бурхан чинь хэн юм бэ?” гэж надаас өөрийн эрхгүй асуув. Би, “Тэнгэр газар болон бүх зүйлийг бүтээсэн нэгэн жинхэнэ Бурхан болох Төгс Хүчит Бурханд би итгэдэг” гэлээ. Эмч хариуд нь над руу цочирдсон байртай харсан бөгөөд гэр бүлийнхэн минь миний дуулж байгааг гайхах, баярлах зэрэгцэн харж байлаа. Эмнэлгээс гараад би гэртээ харив. Харин хөршүүд маань надтай уулзахаар цувран ирж, “Гайхалтай юм аа! Эмч нар бүгд чамд ямар ч найдвар байхгүй гэсэн, гэтэл чи ухаан орчхож шүү дээ. Энэ чинь гайхамшиг!” гэцгээлээ. Би тэдэнд Бурханыг гэрчилсэн бөгөөд энэ нь Бурханы агуу хүч чадлаас үүдсэн, Бурхан намайг аварсан, Бурхан байгаагүй бол одоо би үхчихсэн байх байсан, Бурхан л надад дахин амьдрах боломж өгсөн гэдгийг хэллээ. Бурхан бүх хүн төрөлхтнийг бүтээж, бидэнд амь өгсөн, Бурхан биднийг удирдаж захирдаг, хүмүүс Бурханы удирдамжаас салж чадахгүй, учир нь Бурханаас холдох нь үхлээс өөрцгүй гэдгийг би тэдэнд хэлэв. Энэ явдал тохиолдсоны дараа манай гэр бүл Бурханд итгэхийг минь эсэргүүцэхээ болилоо. Бас Бурхан надад гэнэтийн ерөөл хайрласнаар нөхөр минь Бурханы энэ шатны ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Дараа нь нөхөр минь цуглаанд нөхөрлөхөөр үргэлж надтай хамт явдаг болж, би үлэмж их аз жаргал, баяр хөөр, амар амгалан, тайван байдлыг мэдрэх боллоо. Би Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг үнэхээр харсан учраас өдөр бүр баяр хөөртэй амьдарч, зүрх сэтгэлийнхээ угаас Бурханд талархаж, Түүнийг магтлаа!

Бурхан хүнд юу ч хийсэн бай, хайрын үүднээс хийдэг гэдгийг би туршлагаараа дамжуулан үнэхээр ойлгож авсан юм. Сатанд намайг хяхаж хавчихыг зөвшөөрсний цаана Бурханы сайн санаа зорилго бий. ХКН баривчилгаа, хавчлагаа ашиглан намайг Бурханаас хөндийрүүлж, урвуулахыг хүссэн хэдий ч Сатаны зальд тулгуурлан Бурханы мэргэн ухаан хэрэгждэгийг тэд огт мэдээгүй. ХКН-ын дарангуйлал намайг Бурханаас хөндийрүүлж, урвуулж чадаагүйгээр үл барам харин ч Бурханыг эсэргүүцэж, Тэнгэрт тэрсэлдэг ХКН-ын ёрын муу мөн чанарыг надад тодорхой харуулж, Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, зам, амь юм гэсэн бат итгэлийг минь улам бэхжүүлсэн юм. Бас Бурханы агуу хүч, гайхамшигт үйл хэргийг харах боломж олгож, улмаар Бурханыг гэх хайр, үнэнч сэтгэлийг минь батжуулжээ. Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлсэн шиг: “Миний төлөвлөгөөнд Сатан үргэлж өсгий даран дагадаг ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувиар Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролддог. Гэхдээ түүний зальхай арга мэхэнд Би автана гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүхэн Надад зүтгэдэг—Сатаны зальхай арга мэх ер нь өөр байж чадна гэж үү? Энэ бол чухамхүү Миний мэргэн ухааны огтлолцол, энэ бол чухамхүү Миний үйл хэргийн гайхалтай байдал бөгөөд энэ бол Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 8-р бүлэг). ХКН Бурханыг улайран эсэргүүцэж, Бурханы сонгосон хүмүүсийг хяхаж хавчих тусам бид түүнийг улам их ялган таньж, хаях чадвартай болж, үнэнийг улам бүр ойлгож, Бурханы мэргэн ухаан, гайхамшигт үйл хэргийг мэдэж чаддаг. Бурханыг дагах итгэл маань бас өсөж, Бурханд улам сайн цангинасан гэрчлэл хийх чадвартай болдог. ХКН-ын хавчлагыг туулснаар, Бурханы ажилд Сатан ердөө л товойлгогч, Бурханд хүчин зүтгэгч болдог гэдгийг би тодорхой харсан бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы чин хүслийг бас илүү тодорхой мэдэж авсан юм. Цаашид би ямар ч хүндрэл, саад бэрхшээлтэй нүүр тулсан бай, чадах чинээгээрээ үүргээ биелүүлж, Бурханы хүслийг хангахад хувь нэмрээ оруулахыг хүсдэг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, Хятад Би Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...