Шаналант сонголт

2022-01-21

Чен Мин, Испани

Би 1999 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөөд, төд удалгүй удирдагчаар ажиллаж эхэлсэн юм. 2000 оны 12-р сард анх удаа баривчлагдсан. Үд дунд, гэртээ хоёр хүүхдээ хооллож байтал таван цагдаа гэрт дайран орж ирээд, гэр орныг маань буулгаж, ямар ч баримт бичиг үзүүлэлгүй нэгжлэг хийж эхэлсэн. Хүүхдүүд минь айсандаа хувцаснаас зуурч, хүүгийн минь гар чичирч байгаа нь мэдрэгдэж байлаа. Хүү минь дөнгөж зургаан настай байсан. Цагдаа нар Библи болон миний бичсэн сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэлийг олоод, намайг авч явахаар шийдсэн юм. Тэгээд намайг чирээд авч явж байхад хүүхдүүд уйлж, “Ээж ээ! Битгий яв л даа!” гэж хашхирч байсан. Хүүхдүүдээ эцсийн удаа харахаар яг эргэж хартал цагдаа нар хаалга хаачихсан. Ер нь эргэж очоод, хүүхдүүдтэйгээ дахин уулзаж чадах эсэхээ мэдэхгүй байсан учир гэнэт нулимс хацар даган урсаж эхэлсэн дээ. Намайг шууд Нийгмийн Аюулгүй Байдлын Товчооны байцаалтын өрөө рүү аваачаад, төмөр сандалд гавлалаа. Тэнд хэдэн хүн над руу догшноор ширтэж байсан. Би ч үхтлээ айж, даруйхан Бурханд зогсолтгүй залбирч эхлэн, “Өө Бурхан минь! Энэ цагдаа нар намайг яаж тамлахыг мэдэхгүй, бас би биеийн хэмжээ багатай. Бурхан минь, надад итгэл хайрлаж, Таны гэрчлэлд зогсох боломж олгооч” гэсэн. Тэр мөчид Бурханы ийм үг санаанд орсон юм, Бурхан ингэж хэлсэн байдаг: “Одоо бол Би чамайг шалгах цаг, Надад чи үнэнч байх уу? Намайг чи замын төгсгөл хүртэл үнэнчээр дагаж чадах уу? Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханы үг надад итгэл хайрлаж, Бурхан миний түшиг тулгуур гэх тухай бодоод, айх минь багассан. Цагдаа нар хэчнээн зэрлэг балмад байх нь Бурханы гарт байсан, харин би яаж ч эрүүдэн шүүгдлээ гэсэн Иудас болохгүй гэж сэтгэл шулуудсан юм. Би Бурханы гэрчлэлд зогсоно гэж тангарагласан!

Дараа нь, нэг цагдаа байцаалт эхлүүллээ. Тэгээд, “Хэн чамайг Төгс Хүчит Бурханд итгэдэг болгосон бэ? Удирдагч чинь хэн бэ? Чуулганы тахилыг хаана хадгалдаг вэ?” гэсэн. Би юу ч мэдэхгүй гэлээ. Миний өмнө тэр цагдаа нааш цааш холхин, над руу заналтайгаар ширтээд, “Ам нээхгүй юм биз дээ, аан? Би чамайг яриулаад өгнө өө!” гэлээ. Ингэж хэлчхээд сэтгүүл хуйлахаар нь би цохиулахдаа бэлтгэн, нүдээ аньсан. Яг тэгтэл Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын дарга ам нээж, “Чиний итгэлийн талаарх нотолгоо угаасаа байгаа учраас өнөөдөр танай гэрийг олсон юм. Чамайг ганц ч үг унагахгүй байлаа ч бид чамд хэрэг хүлээлгэж чадна. Гэхдээ мэдэж байгаа зүйлээ бидэнд хэлбэл чамайг гэр лүү чинь явуулъя” гэлээ. Тэр дарга бас, “Хүүхдүүд чинь ийм бага балчир байна. Эх нь харж хандахгүй бол хэцүүднэ шүү дээ. Ээж нь шоронд байгааг багш, ангийнхан нь олж мэдвэл тэднийг дооглож, дорд үзнэ. Тэгвэл тэдний сэтгэл зүйд асар их хор уршигтай биш үү?” гэсэн. Дараа нь надаас, “Чи үүнд сэтгэлээ хатамжилж чадах уу? Шашныхаа төлөө үр хүүхдээ үл хайхрахгүй юм байгаа биз дээ, аан?” гэж асуулаа. Ингэж хэлэхийг нь сонсоод хүүхдүүдийн маань айсан царай гэнэт санаанд орж, шууд л сандарч орхисон. Тэр өдөр болж өнгөрсөн бүх зүйлийг бодоод, үүнээс хүүхдүүдэд минь ямаршуухан шарх үлдэх бол доо гэж гайхлаа. Хэрвээ би ял сонсвол хүүхдүүдийг минь хэн харж хандах юм бэ? Ялангуяа байнга өвдчих гээд байдаг муу хүү минь харж хандах ээжгүйгээр яах бол? Багш, ангийнхандаа дооглуулж, дорд үзэгдэх үедээ үүнийг яаж зохицуулах бол? Ингэж бодоод нулимс зогсолтгүй урсаж, Бурханд яаран залбирсан юм: “Бурхан минь! Би хүүхдүүдийнхээ талаар санаа зовоод, элэг зүрх өмөрч байна. Зүрх сэтгэлийг минь хамгаалаач дээ. Тэгснээр би тайван байж, гэрчлэлд зогсож, Танаас урвахгүй байж чадна” гэсэн.

Дараа нь Бурханы ийм үг бодогдлоо: Бурхан ингэж хэлсэн байдаг: “Яагаад чи тэдгээрийг Миний гарт даатгадаггүй юм бэ? Чи Надад хангалттай итгэдэггүй юм гэж үү? Эсвэл Би чамд тохиромжгүй зохицуулалт хийнэ гэж айж байна уу? Чи махан биеийнхээ гэр бүлд яагаад үргэлж санаа зовдог юм бэ? Чи хайртай хүмүүсээ үргэлж хүсэмжилдэг! Би чиний зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлдэг үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 59-р бүлэг). Бурханы үгэнд зүрх сэтгэл минь дорхноо гэгээлэг болсон. Бурхан бол Бүтээгч, Бурхан бүх хүний хувь заяаг захирдаг. Цаашдаа хүүхдүүдэд маань юу тохиолдохыг Бурхан хариуцаж байсан, харин би санаа зовоод нэмэргүй байлаа. Би Бурханд итгэж, Бурханыг хүндэлж, тэднийг Бурханд даатгах ёстой байсан. Ингэж бодоод, хүүхдүүддээ тэгтлээ их санаа зовохоо больсон. Дараа нь, миний итгэл ямар ч хууль зөрчдөггүй шүү дээ гэж бодож байлаа. Би зүгээр л Бурханы үг уншиж, цуглаан хийж, сайн мэдээ түгээдэг. Цагдаа нар намайг хууль бусаар саатуулж, гэр бүлийн хэвийн амьдралыг минь сүйрүүлсэн шүү дээ. Хүүхдүүдээ харж хандаагүй явдалд итгэлийг минь буруутгаж байгаа нь асуудлыг орвонгоор нь эргүүлсэн хэрэг биш үү? Ингэж бодоод, “Энэ нь миний шашнаас болсон уу, эсвэл та нар намайг энд хорьсноос болсон уу? Бурханд итгэх нь хууль бус биш шүү дээ. Бид зүгээр л Бурханы үг уншиж, сайн хүмүүс байх гэж хичээдэг. Гэтэл та нар яагаад итгэгчдийг цаг үргэлж баривчилж байдаг юм бэ?” гэж тэдэнд эрс хариуллаа. Тэгж хэлтэл тэд түс хийтэл хөхрөлдөөд, нэг цагдаа нь, “Яасан гэнэн асуулт вэ. Бүх хүн Бурханд итгэдэг байсан бол ХКН-ыг хэн сонсох юм бэ? Тэгвэл Нам хэнийг удирдах юм бэ? Тийм учраас бид та нарыг итгүүлж болохгүй, итгэгчдийг баривчлах ёстой юм!” гэлээ. Ингэж тайлбарлахыг нь сонсоод багтартлаа уур хүрсэн юм. Энэ нь Бурханы хэлсэн ийм үгийг санагдуулсан: “Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэд тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Бурханы үгээр би ХКН-ын мөн чанарыг нэвт харсан даа. Тэд гажууд, Тэнгэрийн эсрэг байдаг. Харваас Бурхан бүх зүйлийг бүтээж, хүн төрөлхтнийг бүтээсэн, Бурхан л бүх хүн төрөлхтнийг тэжээж, тэтгэж байдаг. Бурханыг шүтэн мөргөх нь жам ёсны, зөв зүйл байтал Коммунист Нам хүмүүст Бурханд итгэж, Бурханыг дагахыг зөвшөөрдөггүй, бас хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд шашингүйн үзэл, хувьсгалыг сурталчилдаг. Тэр ч бүү хэл ичгүүргүйгээр ертөнцөд ямар ч Бурхан огт байхгүй гэцгээн, ард түмний аз жаргал бүхэлдээ Намаас үүддэг гэж хэлдэг. Тэд хүмүүсийг гүнээ талархаж, өөрсдийг нь сонсож, дуулгавартай дагаасай гэж хүсдэг. Нам итгэмээргүй ёрын муу, жигшүүртэй юм байна лээ! Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр биечлэн ирээд, олон сая үг илэрхийлсэн. Тэгэхээр, Бурханы үгийг уншсаныхаа дараа хүмүүс үнэнийг ойлгож, Нам ямар зорилготой байгааг олж хараад, Намын хяналтад байхаа больж, Бурхан руу эргэх вий гэж тэд хамгийн их айдаг. Иймээс тэд Христэд итгэгчдийг баривчлахаар улайрч, Бурханы ажлыг газрын хөрснөөс арчин, ард түмнээ үүрд хянана гэж хоосон найдаж байна. Би тэдний хяхалт хавчлагыг биечлэн туулмагцаа Бурханы дайсны хувьд үнэнийг үзэн яддаг чөтгөрлөг мөн чанарыг нь олж хараад, Бурханыг эсэргүүцэгч энэ ёрын муу сүрэг чөтгөрүүдийг жигших болсон. Тэгээд хэчнээн их зовлоо ч гэсэн Бурханыг тууштай дагаж, гэрчлэлд зогсохоор сэтгэл шулуудлаа.

Эцэст нь тэд надад хууль сахиулахад саад учруулж, нийгмийн дэг журам алдагдуулсан гэх хэрэг тулгаж, арван найм хоног хорьсон юм. Энэ хугацаанд тэд хүмүүсээр намайг чуулганы удирдагч гэдгийг хэлүүлэх гэж үзэн, цагдан хорих төвд манай нөхрийг ирүүлээд, итгэхээ болих хэрэгтэй гэж надад хэлүүлсэн. Бурханы үг намайг Сатаны заль мэхийг нэвт харахад замчилсан учраас үүнд нь би хууртаагүй юм. Дараа нь манай нөхөр хүнд авлига өгч байж, намайг батлан даалтаар суллуулсан. Суллагдсан өдөр нэг цагдаа, “Одоогийн хандлагад чинь үндэслэвэл, чи итгэсээр байх нь гарцаагүй. Бид чамайг ажиглалтад байлгана, тэгээд цуглаан хийж, сайн мэдээ түгээж байгааг чинь илрүүлмэгцээ энд буцааж авчирна даа!” гэсэн. Би баривчлагдалгүй, хэвийн байдлаар итгэлээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлэхийн тулд айлаас айл дамжин нүүдэг байлаа. Тухайн үед манай нөхөр шянгийн дэд дарга байсан, тэгээд намайг итгэлээсээ болж баривчлагдсанаас хойш тушаал дэвших ямар ч боломжгүй болсон. Дараа нь 2007 оны 4-р сард, нэг орой нөхөр маань ажлаасаа ирээд…, “Удахгүй хотод зарим бие бүрэлдэхүүн тушаал дэвшинэ, харин энэ удаад би бууж өгөхгүй. Өнгөрсөн хэдэн удаад би боломжтой байхад чиний итгэлээс болоод улс төрийн хувийн хэргийн шалгалтад тэнцээгүй. Энэ удаад би даргадаа энэ салбарын нэг хэсэг баймаар байна гэж хэлсэн, дарга чамайг шашнаа орхисон цагт намайг нэр дэвшүүлнэ гэж байна лээ. Хэдүүлээ сайхан амьдарч, хүүхдүүддээ тогтвортой гэр орон бүрдүүлэхийн тулд чи зүгээр л итгэхээ болих хэрэгтэй байна. Хэрвээ чи итгэсээр байна гэж зүтгэвэл хоёулаа салахаас өөр арга алга. Цаашид би үүнд хутгалдахгүй. Үүнийг жаахан бодоод үз!” гэлээ. Тэгээд нөхөр маань нөгөө өрөө рүү орчихсон. Энэ бүгдийг хэлэхийг нь сонсоод тухайн үед би үнэхээр шаналсан юм. Манай нөхөр надад үргэлж маш сайн хандаж ирсэн, бас бид хоёр хайр татам, ухаалаг хоёр бяцхан үртэй байлаа. Нөхөр ажилтай, би бизнес эрхэлдэг, тэгээд бид үнэхээр аз жаргалтай амьдардаг байсан. Хятадын засгийн газрын хяхалт хавчлагаас болж сайхан гэр бүл минь нуран унаж байсан юм. Салалтын хувьд, би яаж амь зуух, хүүхдүүдээ яах, бас тэдний сэтгэл хэр их шархлахыг мэдэхгүй байлаа. Тэгж бодоод сэтгэл эмтэрсэн. Би үнэхээр сэтгэл урагдаж, арга мухардан, шаналж байлаа. Зүрх хоёр хэсэг болон урагдаж байх шиг л санагдсан. Үүнийг үгээр илэрхийлэх ч арга алга. Би Бурханд яаран залбираад, “Бурхан минь, би Таныг орхиж болохгүй, гэхдээ гэр орон, эр нөхөр, үр хүүхдээ зөнд нь орхиж чадахгүй нь. Би яахаа мэдэхгүй, ямар сонголт хийхээ мэдэхгүй байна” гэлээ. Тэгээд ахин дахин залбирч, “Бурхан минь, би яах ёстой вэ? Намайг замчилж, хүслээ ойлгуулаач” гэсэн юм.

Дараа нь, надад ийм хэсэг бодогдсон. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Итгэдэг нөхөр, итгэдэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг үр хүүхэд, итгэдэггүй эцэг эх хоорондоо ямар ч холбоогүй байдаг; тэд бол огт таарахгүй хоёр төрлийн хүмүүс юм. Амралтад орохоос өмнө хүнд махан биеийн хамаатан садан байдаг ч амралтад ормогц яриад байх махан биеийн хамаатан садан гэж байхаа болино(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Бурханы үгийг сайтар бодоод, итгэгч хүмүүс, итгэлгүй хүмүүс үндсэндээ хоёр өөр төрлийн хүмүүс гэдгийг ухаарсан даа. Тэдний амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлс ялгаатай. Би итгэж, үнэнийг эрэлхийлэх зөв замаар явж байсан бол манай нөхөр зэрэг дэв ахиж, мөнгө олох замаар явж байсан юм. Тушаал дэвшихийн тулд нөхөр минь гэр бүл байсан олон жил, үр хүүхдүүдийнхээ сэтгэлийг үл хайхарч, оронд нь салах сонголт хийж байлаа. Учир нь нөхөр маань зүрх сэтгэлдээ аль эртнээс байр суурь, ирээдүйгээ надаас болон хүүхдүүдээсээ илүү чухалчлах болсон байсан. Хэдийгээр нөхөр маань хүүхдүүддээ тогтвортой гэр орон бүрдүүлж, аз жаргалтай амьдармаар байна гэж хэлсэн ч тэр нь зүгээр л өнгөлөн далдлалт байсан. Хувийн ашиг сонирхлыг нь зөрчөөгүй учраас нөхөр минь надад сайн ханддаг байж, харин одоо миний итгэл, баривчилгаа өөрийнх нь ажил мэргэжилд нөлөөлж байлаа. Тушаал дэвшиж, илүү их мөнгө олоход нь энэ саад болсон учраас манай нөхөр салахыг хүссэн. Энэ тухайд ингэж бодох үед үнэхээр хүйтэн цэвдэг санагдсан шүү. Хүмүүсийн хооронд бодитой энэрэл, хайр гэж байдаггүй, гагцхүү ов мэх, мөлжлөг л байдаг гэдгийг би олж харсан. Үнэндээ Коммунист Нам ёрын муу, дарангуй гэдгийг нөхөр маань маш сайн мэддэг ч тэдний талд орж, намайг итгэхээ боль гэж хэлсээр байсан. Энэ удаад салалтаар намайг дарамталж байлаа. Бид өөр өөр үзэл бодолтой, өөр өөр замаар явж байсан, тэгээд хамтдаа үлдлээ ч аз жаргалгүй байх байсан юм. Үүнийг ухаараад, яах ёстойгоо мэдсэн. Маргааш өглөө нь салалтын бичиг баримтаа бүрдүүлэхээр Иргэний Хэргийн Товчоог зорилоо. Замдаа нөхөр маань, “Аан гээ, би салмааргүй байгаа ч өөр сонголт алга. Биеэ сайн бодож, хоёр хүүхдээ сайн харж хандаарай” гэлээ. Нөхрийнхөө ингэж хэлэхийг сонсоод гэнэтхэн нүдэнд нулимс цийлгэнэсэн. Салалтын дараа нүүр тулахаас өөр аргагүй болох тэр бүх хүндрэл бэрхшээл, доог тохуу, гадуурхлыг бодоод шаналалд автсан юм. Тэгээд даруйхан залбирч, төөрөлдөхгүй байж, гэрчлэлд зогсох боломж олгон зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж Бурханаас гуйсан. Үүний дараа Бурханы зарим үг бодогдлоо. “Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Махан биед хүн хэчнээн сайхан амьдралаар амьдарлаа ч, өөр хэчнээн олон хүнээс атаархал, хүндлэл хүлээлээ ч эдгээрийн аль нь ч, ямар ч утгагүй гэдгийг би Бурханы үгээс олж харсан. Үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүрэг гүйцэтгэснээр л Бурханаас сайшаал хүртэж болно, энэ нь л шулуун шударга, нэр төртэй амьдрал бөгөөд гагцхүү энэ л утга учир, үнэ цэнтэй амьдрал мөн. Ингэж бодоод үнэхээр сэтгэл уужирч, салалтын үйл явцыг төвөгшөөлгүй зохицуулсан. Бурханы үгийн удирдамжийн ачаар би хайр энэрлийнхээ дөнгөнөөс чөлөөлөгдөөд, зөв сонголт хийж чадсан юм!

2011 оны 5-р сард би цуглаан дээр байж байгаад дахин баривчлагдсан. Тэд 10 жилийн өмнөх өнөөх цагдаа нар байлаа. Иргэний үнэмлэхийг минь олоод, тэд нэрийг минь дуудан, “Энэ арван жилд бид танай гэрт нэлээд хэдэн удаа очсон ч чамайг олоогүй, харин одоо үнэхээр аз таарлаа. Энэ удаад чамайг тавьж явуулахгүй дээ!” гэсэн. Тэгж ярингаа гарыг минь гавлаад, цагдаагийн машинд суулгалаа. Машинд би, урьд нь баривчлагдаад, бүтэн сарын туршид цагдаа нарт харгисаар тамлуулсан гурван эгчийн талаар бодсон юм. Тэдний нэг нь хэт удаан дүүжлээстэй байсан учраас баруун гартаа эдгэшгүй бэртэлтэй болсон байсан. Энэ талаар бодоод зүрх савлаж эхэллээ. Би үхтлээ зодуулж, эсвэл тахир дутуу болох вий гэж айсан. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханыг яаран дуудаад, “Бурхан минь! Өнөөдөр Та намайг дахин баривчлагдахыг зөвшөөрлөө, харин би Таны зохион байгуулалтад захирагдахад бэлэн байна. Гэхдээ Бурхан минь, миний биеийн хэмжээ өчүүхэн, махан бие минь сул дорой шүү дээ. Энэ туршлагын туршид намайг хамгаалж, замчлаач дээ. Бурхан минь, би амиа өгөхөд бэлэн байна, бас би хэзээ ч Иудас болж, Танаас урвахгүй. Таны гэрчлэлд зогсоно” гэсэн. Залбирлын дараа Бурханы ийм үг бодогдсон юм: Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чамайг хүрээлэн буй орчны бүх зүйл Миний зөвшөөрлөөр оршдог, Би бүгдийг нь төлөвлөдөг гэдгийг чи мэднэ. Тодорхой харж, Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг хангалуун байлга. Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан чамтай гарцаагүй хамт байна; Тэр та нарын ард зогсдог, Тэр та нарын бамбай билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 26-р бүлэг). Миний амьдрал, үхэл тэр чигтээ Бурханы гарт байгаа, Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд миний амийг авч чадахгүй гэдгийг үүнээс ойлгосон доо. Сатан хэдий зэрлэг боловч Бурханы зохион байгуулалтад мөн л захирагддаг, Бурханы эрх мэдлийг Сатан хэзээ ч даван гарч чаддаггүй. Тэгээд Иов шалгалтаа туулж байсан талаар бодлоо. Иовын амийг хөнөөхийг Бурхан Сатанд зөвшөөрөөгүй, харин Сатан Бурханы хэлсэн үгийг сөрж чадаагүй. Энэ нь миний зүрх сэтгэлийг бага зэрэг тайвшруулж, болох гэж байгаа зүйлтэй нүүр тулах итгэл өгсөн юм. Би Бурханд, “Хэчнээн ч их зовж, юу ч тохиолдлоо гэсэн гэрчлэлд зогсож, Таныг үүрд дагана!” гэж тангарагласан. Дараа нь, Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын өнөөх дарга намайг байцааж эхэллээ. Тэр дарга, “Энэ нь яг одоо манай хотын хувьд томоохон, ноцтой хэрэг болоод байна. Чи 2001 онд нэг удаа баривчлагдаж байсан, бас 2009 онд чамайг сайн мэдээ түгээж байна гэж нэг хүн мэдээлсэн. Чамайг баривчлах хэд хэдэн оролдлого бүтэлгүйтсэн. Энэ удаад бид чамайг цуглааны газар дээр барьж авлаа, иймээс чамайг юу ч хэлэхгүй байлаа ч гэсэн бид долоогоос арван жилийн ял өгч чадна. Чамайг ял сонссоны дараа танай хүүхдүүдийг их сургуульд хүлээн авахгүй, бас тэд хэзээ ч төрийн албаны ажилд орохгүй. Чам шиг ээжтэй учраас тэднийг бүх хүн доромжилно. Чиний буруугаас болж тэдний ирээдүй сүйрнэ. Тэд чамайг насан туршдаа үзэн ядна даа!” гэсэн юм. Тэгснээ, “Чи өөрийгөө боддоггүй юм гэхэд үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодооч. Бидэнтэй хамтран ажиллаж, бидэнд мэдэж байгаа зүйлээ хэлж, дээд түвшний дарга чинь хэн гэдгийг хэлээд, чуулганы мөнгийг бидэнд өгвөл чамайг тавьж явуулъя” гэсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод асар их ой гутсан юм. Коммунист Нам Христэд итгэгчдийг хяхаж хавчихын тулд бүр хүүхдүүдийг нь их сургуульд ороход саад хийж, яахаас ч буцахгүй юм байна лээ. Тэд намайг хүчээр чуулганаас тэрслүүлж, Бурханаас урвуулахын тулд хүүхдүүдийг минь боловсролгүй болгох тийм булай арга ашигласан, тэгснээ миний итгэл хүүхдүүдийн минь хэтийн боломж бололцоог үгүй хийж байна гэсэн. Үүний шал эсрэгээр байсан шүү дээ! Коммунист Нам ёстой ёрын муу! Бурханы ажлыг сүйрүүлж, хүмүүсийг Бурхан руу эргэхэд нь саад хийхийн тулд тэд яахаас ч буцахгүй. Тэдний үг нь бал бурам, үйл хэрэг нь хор байдаг! Үүнийг ухаараад би тэдний урхинд яавч унаж болохгүй, харин Бурханы гэрчлэлд зогсох ёстой гэдгээ мэдсэн. Тэд намайг шөнийн 2 цаг өнгөртөл байцааж, ам нээхгүй гэдгийг минь хараад, цагдан хорих төв рүү явууллаа. Нэг цагдаа, “Энэ удаад чи ял сонсож, шоронд сууна даа!” гэсэн.

Цагдан хорих төвд тэд намайг алуурчид, хүний наймаачид, янхнууд, луйварчидтай хамт хорьсон юм. Би үнэхээр шаналж, үнэнхүү сэтгэлээр унасан шүү. Тэнд харанхуй, чийг даасан, бас цаг үргэлж аймаар өмхий самхай байдаг байлаа. Тийм орчинд хэрэх өвчин болон үүнээс үүдэлтэй зүрхний эмгэг улам бүр хүндэрч, үе мөч болгон шархирдаг байсан. Би шөнө болгон хоёр цагийн турш манаанд гарч, хэсэг хугацаанд зогссоны дараа зүрх дэлсэж, цээж бачуурдаг байлаа. Аймаар байсан шүү. Тэр цагдаа намайг долоогоос арван жилийн ял авна гэж хэлсэн тухай бодоод, долоон жилд, бас дараа нь арван жилд хэдэн хоног байдгийг тооцоолж эхэлсэн. Энэ нь олон мянган өдөр хоног болохоор байлаа. Би ийм харанхуй ангалд үүнийг туулж яаж чадах юм бэ? Эндээс би амьд мэнд гарах болов уу? Ингэж бодоод, өөрийн эрхгүй хацар даган нулимс урсаж, зүрх сэтгэл минь харанхуйд эзэмдүүлж байгааг мэдэрсэн. Буруу байдалд байгаагаа ухаарсан учир би даруйхан залбираад, Бурханы өмнө өөрийгөө тайван байлгаж, Бурханаас төөрөлдөхгүй байхад туслаач гэж Бурханаас гуйлаа. Дараа нь, Бурханы үгийн ийм хэсэг бодогдсон: “Энэхүү өргөн уудам дэлхийд хэн өөрийн биеэр Надад шалгуулсан бэ? Хэн Миний Сүнсний үгийг биечлэн сонссон бэ? Маш олон хүн харанхуйд тэмтчиж, хайдаг; маш олон хүн гай зовлон дунд залбирдаг; маш олон хүн өлсөж, дааран, горьдлоготойгоор хардаг; мөн маш олон хүн Сатанд хүлэгддэг; гэсэн ч маш олон хүн хаашаа хандахаа мэддэггүй, маш олон хүн аз жаргалынхаа дунд Надаас урваж, маш олон хүн талархдаггүй ба маш олон хүн Сатаны зальхай явуулгад үнэнч байдаг. Та нарын дундаас хэн Иов бэ? Хэн Петр вэ? Яагаад Би Иовыг ахин дахин дурддаг вэ? Яагаад Би Петрийн тухай маш олон удаа хэлсэн бэ? Та нарын төлөөх итгэл найдварыг минь та нар ер нь ухамсарласан уу? Та нар ийм зүйлсийг тунгаан бодоход илүү их цаг зарцуулах ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 8-р бүлэг). Үүнийг тунгаасныхаа дараа, Бурхан Иов болон Петр шиг хүмүүсийг сайшаадаг, яагаад гэвэл тэд хүндрэл бэрхшээл, шалгалтын туршид Бурханы гэрчлэлд зогсож чадсан гэдгийг ойлгосон. Иовыг авч үзье. Иов шалгалт туулах үедээ эд хөрөнгө, үр хүүхдээ алдаж, бүхий л бие нь яр шарханд идэгдсэн хэдий ч Сатаныг шившиглэн, Бурханы нэрийг магтах чадвартай хэвээр байсан. Харин Петр үхэн үхтлээ дуулгавартай дагаж, Бурханы гэрч байж, Бурханы төлөө цовдлогдсон. Гэтэл би Бурханы үгээс тийм их тэжээл эдэлсэн мөртөө өчүүхэн бага зовлонтой тулгармагцаа зугтахыг хүссэн юм. Би жинхэнэ итгэл, дуулгавартай байдалгүй, гэрчлэлд зогсохын тулд амиа өргөх хүсэлгүй байгаагаа олж харсан. Бурханы шаарддаг зүйлээс би асар их зөрүүтэй байлаа. Амьтайгаа тэгж их зууралдахаар Бурханд гэрчлэл хийж яаж чадах юм бэ? Үүнд үнэхээр харамсаж, буруутайгаа мэдрээд, Бурханд залбирч, “Бурхан минь! Би амьдрал, үхлээ Таны гарт даатгахад бэлэн байна, бас Таны зохицуулалтад захирагдана. Хэчнээн олон жил сонсож, хэдий их зовлоо ч хамаагүй, Бурхан минь, би Таны гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэмээр байна” гэсэн. Гайхмаар нь, би бүх зүйлээ өргөж, махан биед хязгаарлагдахаа больсны дараа цагдан хоригдсон 28 дахь хоногтоо суллагдсан юм. Хуучин нөхөр маань намайг шоронд орвол хүүхдүүд маань их сургуульд ороход нөлөөлөх вий гэж айсандаа намайг суллуулахын тулд нэг хүнийг хахуульдсан гэдгийг хожим нь олж мэдсэн. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханд чимээгүйхэн талархсан юм.

Хуучин нөхөр маань намайг суллагдсан өдөр уулзахаар цагдан хорих төв рүү хүрч ирлээ. Ганцхан сарын дотор тийм их жин хасчихсан, шал өөр харагдаж байгааг минь хараад тэр, “Чи ганцхан сарын дотор маш их туржээ, хэдэн жилийг тэсвэрлэхээргүй байж. Энэ удаад чи итгэхээ болино биз дээ?” гэж надаас асуулаа. Хариу хэлэхгүй байхаар минь намайг, “Алив л дээ, итгэхээ болино биз дээ?” гэж шалсаар л байсан. Энэ нь сүнсний ертөнцийн тулаан байна, Бурханы гэрчлэлд зогсох цаг боллоо гэдгийг би ухаарсан юм. Тэгээд маш тайвнаар, “Би цааш итгэсээр байх ёстой! Итгэх нь зөв, жам ёсны зүйл, би амьд яваа цагтаа итгэнэ” гэж хэллээ. Намайг ингэж хэлэхийг сонсоод тэр уурласандаа жолооны хүрдээ балбаад, санаа алдан толгой сэгсэрснээ гэнэтхэн л, “Танай Бурханыг бишрэхээс өөр арга алга! Нам хүмүүсийн зүрх сэтгэлийг татахын тулд элдвээр оролдовч хэзээ ч чаддаггүй, гэтэл итгэгч та нар ямар ч материаллаг ашиггүй байхад, тэр ч бүү хэл хэд хэдэн баривчилгааны дараа ч итгэнэ гэж зүтгэх юм. Танай Бурхан үнэхээр айхтар юм!” гэж уулга алдлаа. Ингэж хэлэхийг нь сонсоод миний сэтгэл үнэхээр хөдөлж, гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэж, ялахад намайг замчилсанд нь Бурханд талархсан. Бурханд талархъя!

Би суллагдсанаасаа хойш хэд хоногийн дараа хүүгээ сургуулиас тарж ирэхээр нь дуртай мөөгтэй тахианы махан хоолыг нь хийсэн байлаа. Идсэнийхээ дараа хүү минь маш албаны байдлаар надтай ярьсан. Тэгээд, “Ээж ээ, өнөөдөр та сонголт хийх ёстой боллоо. Намайг хүүгээ хэвээр байлгая гэвэл та итгэхээ болих ёстой. Таныг шашиндаа үлдвэл би гэрээсээ явна, тэгээд тантай дахиж хэзээ ч уулзахгүй” гэлээ. Би мэл гайхсан. Миний хүү үргэлж надтай маш ойр дотно байж, итгэлийг минь урьд нь хэзээ ч эсэргүүцдэггүй байсан юм. Тэр өдөр юунаас болж тэгж хэлснийг нь мэдэхгүй, хүү минь гэнэт л танихгүй хүн шиг санагдсан. Надад хэсэг зуур хэлэх үг олдоогүй юм. Тухайн үед үнэхээр шаналж, итгэлийн энэ зам үнэхээр хүндрэл бэрхшээл, сайн муугаар дүүрэн гэдгийг мэдэрсэн дээ. Алхам бүрд сонголт байлаа. Тэр мөчид энэ нь дэндүү хүнд шийдвэр мэт санагдсан учир Бурханд залбираад, “Өө Бурхан минь, Би Таныг орхиж болохгүй, гэхдээ хүүгээ алдмааргүй байна. Бурхан минь, намайг замчилж, хүслээ ойлгуулаач” гэлээ. Залбирсны дараа Бурханы үгийн нэг хэсэг бодогдсон: Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Дахин нэг сүнслэг тулаантай нүүр тулж байгаагаа тодорхой олж харахад минь Бурханы үг тус болсон. Миний хүү намайг сонголт хий гэж байгаа мэт харагдсан ч үүний цаана Сатан намайг уруу татаж, над руу дайрч байлаа. Бас энэ удаад Бурхан миний шийдвэрийг хүлээж байгаа нь мэдрэгдсэн. Бурхан намайг махан биеийн хайраас үүдэн хүүгээ сонгох нь уу, эсвэл Өөрийг нь сонгох нь уу гэдгийг харахыг хүссэн. Би Бурханы урмыг хугалахыг хүсээгүй, бас Сатаныг шившиглэхийн тулд гэрчлэлд зогсох ёстойгоо мэдэж байлаа. Иймээс хүүдээ, “Ээж нь Бурханаас хагацаж чадахгүй. Бурханыг орхих сонголт гэдэг өнөөдөр чи намайг орхихоор шийдэж байгаатай адилхан байх болно. Энэ нь мөс чанаргүй хэрэг болж, Бурханы урмыг хугална шүү дээ. Ээж нь үргэлж Бурханыг дагана. Энэ миний сонголт!” гэж хэлсэн. Ингэж хэлэхийг минь сонсоод хүү минь нулимстай явж одлоо. Тухайн үед би ч бас гутарч байсан боловч зөв сонголт хийсэн гэдгээ мэдэж байсан юм.

Хагас цаг орчмын дараа хүү минь эргэж ирээд надад, “Ээж ээ, миний буруу байжээ. Би таныг тийм сонголт хий гэх ёсгүй байж. Цагдаа нар таныг тандаж бай, шашнаа орхисон гэдгийг нь баталгаажуул гэсэн гэж аав надад хэлсэн. Та аль хэдийн хоёр удаа баривчлагдчихсан болохоор дахиад баривчлагдвал хэзээ ч суллагдахгүй, тэгвэл би ээжгүй болно шүү дээ. Би итгэлийг тань болиулахын тулд ийм арга хэрэглэх гэсэн юм” гэлээ. Хүүгийнхээ ингэж тайлбарлахыг сонсоод, Бурханыг эсэргүүцэгч тэр Коммунист Намын чөтгөрүүдэд ой гутсан. Би олон жил Бурханд итгэхдээ хэд хэдэн удаа хууль бусаар саатуулагдаж, хоригдож, гэр бүлээ хагалж, нөхөр, хүүхдүүдээ үүнд татан оролцуулсан. Энэ нь бүгд Намын буруу байлаа. Би тэднийг орхиж, Бурханыг ганхашгүй хүслээр дагана гэж бат шийдсэн юм!

Энэ бүх сорилтын туршид Бурханы үг намайг Сатаны заль мэхийг нэвт харахад замчилж, Бурханд итгэх итгэл, Бурханыг дагах шийдвэрийг минь бэхжүүлсэн. Би Бурханы үгийн хүч чадал, эрх мэдлийг харж чадсан, бас Бурханы мэргэн ухаан Сатаны заль мэхэд үндэслэн хэрэгждэгийг харсан юм. Нам хэчнээн ёрын муу, харгис хэрцгий байлаа ч гэсэн Бурханы ажилд саад хийж чаддаггүй. Бурхан тэдний дарлалыг зөвшөөрч, бүлэг ялагчид гаргахын тулд тэднийг ашигладаг. Бурхан хэчнээн ухаалаг, төгс хүчтэй болохыг би олж харсан шүү! Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Дөнгийг эвдсэн нь

Жэньши Жэнжоу хот, Хэнань муж Арван жилийн өмнө би биеэ тоосон уг чанартаа хөтлөгдөөд чуулганы зохицуулалтыг хэзээ ч бүрэн дүүрэн...

Leave a Reply