Худал хуурмагийн дараа

2021-01-23

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно. Түүнчлэн, Түүний үйлдэл алдаагүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг огт хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, үнэнийг хэзээ ч нуухгүй байх; дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хэзээ ч хийхгүй байх; Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх явдал юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгэн дэх хольцоос татгалзаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Эзэн Есүс бас: “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй(Матай 18:3) гэж хэлсэн. Бурхан итгэмжтэй байдаг, бас үнэнч хүмүүсийг таашааж, ов мэхтнүүдийг жигшдэг, үнэнч хүмүүс л аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдгийг Бурханы үгээс харж болно. Тийм болохоор Бурхан үнэнч байж, худалч, ов мэхтэй сэдлээ шийдвэрлэ гэж биднээс ахин дахин шаарддаг. Гэхдээ бодит амьдрал дээр нэр хүнд, байр суурь минь хөндөгдөх болгонд би өөрийн эрхгүй худал хэлж, хууран мэхэлдэг байсан. Бурханы үгийн шүүлт, илчлэл, Бурханы цээрлүүлэлт, сахилгажуулалт байгаагүй бол би үнэхээр гэмшиж, худал хуурмагаас татгалзаж, үнэнч хүний хувиар үнэнийг хэрэгжүүлж хэзээ ч чадахгүй байх байсан.

Худал хуурмагийн дараа

Хоёр жилийн өмнө би чуулганы удирдагчийн үүрэг гүйцэтгэж байлаа. Нэг өдөр удирдагч маань намайг хамтран зүтгэгчдийн цуглаанд оролцооч гэсэн юм. Би ч маш их баярласан. Өдөр бүр цуглаан, нөхөрлөл хийж, ойрд чуулганд хэчнээн шаргуу ажилласан тухайгаа, бас ихэнх ах эгч нар үүргээ идэвхтэй биелүүлж байгаа талаар бодлоо. Зарим бүлэгт нэлээд их ахиц гарсан болохоор энэ цуглаан дээр өөрийгөө харуулах боломж олдох нь лавтай гэж бодсон юм. Хэчнээн чадвартай, бусдаас илүү гэдгээ удирдагч, хамтран зүтгэгч нарт харуулж болох байлаа. Намайг очиход Лиу эгч санаа зовсондоо хөмсөг зангидсан байгаа харагдсан. Эгч санаа алдан, “Ах эгч нарыг усалж, дэмжих ажил чинь ямархуу байна даа? Бид хэд хэцүүхэн л байна. Надад үнэний бодит байдал дутаж байх шиг байна. Маш олон асуудлыг ер шийдэж чадахгүй юм” гэлээ. Хариуд нь би, “Манай чуулганы усалгааны ажил нэлээд сайн, урьдынхаасаа хавьгүй дээр байгаа” гэж инээмсэглэн хариулсан. Яг тэр үед удирдагч орж ирээд чуулганууд дахь усалгааны ажлын талаар асууж эхэлсэн юм. Энэ миний гялалзах боломж болохоор өөрийгөө сайн харуулах ёстой гэж бодогдлоо. Гайхмаар нь удирдагч усалгааны ажилд гаргасан амжилтын маань тухай асуулгүй, ямар бэрхшээл гарсан, үүнийг яаж үнэний нөхөрлөлөөр шийдвэрлэсэн, аль бэрхшээлээ шийдээгүй талаар асуусан юм. Би ч сандарч орхилоо. Ер нь би зүгээр л ажил зохион байгуулахаас биш, нарийн ширийнийг нь огт мэддэггүй болохоор ямар ч бодит усалгаа хийгээгүй байсан л даа. Тэгээд яах учраа олохоо байсан. Удирдагчийг асуухад юу гэж хэлэх ёстой вэ? Үнэнээ хэлбэл намайг бодитой ажил хийгээгүй гэж бодох болов уу? Дөнгөж сая Лиу эгчид онгирч, хариуцсан ажлаа сайн явж байгаа гэчихсэн шүү дээ. Нарийн ширийнийг нь ярьж чадахгүй бол намайг юу ч болоогүй байхад онгирлоо гэх болов уу? Яавал дээр вэ гэж улам их санаа зовсон. Яг тэр үед Жоу ах чуулганыхаа усалгааны ажилд тулгарсан зарим асуудлын талаар, бас ажилдаа илчилсэн завхралынхаа талаар ярилаа. Тэгээд эдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг яаж эрж хайснаа тайлбарласан. Маш бодитой, нэгд нэггүй тайлбар нь бидэнд хэрэгжүүлэх замыг харуулсан юм. Ахын нөхөрлөлийг сонсоод надад үнэхээр ичгүүртэй санагдсан. Ямар ч бодит ажил хийгээгүйгээ мэдээд би толгой гудайлган, нүүр халуу дүүгж байлаа. Дараа нь удирдагч намайг ярь гэсэн юм. Би сандарч гүйцсэн. Юу гэж хэлэх хэрэгтэй вэ? Надад ярих нарийн ширийн юм байгаагүй, бас зүгээр тоймлон ярих юм бол бодитой ажил хийгээгүй минь харагдах байлаа. Үнэнээ хэлбэл хүмүүс намайг юу гэж бодох бол? Би илэн далангүй байж чадахгүйгээ мэдэрсэн. Тэгээд зүгээр л “Би ерөнхийдөө Жоу ах шиг байдалд байгаа. Давтаж яриад дэмий байх” гэж хэллээ. Удирдагч сонсчхоод юу ч хэлэлгүй, Бурханы үг уншаад цуглаанаа эхлүүлсэн юм. Тэр цуглаан дээр би хүнээс юм хулгайлчихсан юм шиг санагдсан. Нэг л өдөр удирдагч ажлыг минь шалгаж хянаад, миний хэрэгжүүлэлт Жоу ахынх шиг байгаагүйг олж мэдэх вий, тэгээд намайг бодитой ажил хийлгүй худал хэлж, хууран мэхэлсэн гээд үүргээс маань чөлөөлөх вий гэж айн, үнэхээр сандарч байсан юм. Улам түгшиж байсан ч үнэнээ хэлэх зориг хүрэхгүй л байлаа. Тэгээд, “Өнөөдөр үнэнч бус байснаа залруулахын тулд заавал Жоу ах шиг ажиллах ёстой” гэж чимээгүйхэн шийдсэн.

Чуулганд буцаж очоод санваартнууд болон бүлгийн удирдагчидтай шууд уулзаж, нэгд нэггүй биечлэн нөхөрлөөд шууд ажилд нь оруулсан юм. Дараа нь дугуйгаа унаад Лю эгчийн гэрт очлоо. Жоу ахын арга замын талаар эгчид нэгд нэггүй яриад, усалгааны үүрэг хүлээсэн бусад ах эгчтэй хуваалцаарай гэж захисан. Ийм маягаар нэг л мэдэхэд гурав хоног өнгөрч, би хөдөлмөрийнхөө үр жимсийг хураахаар маш баяртай хүлээж байлаа. Гайхмаар нь, тэд усалгааны ажилдаа маш их асуудалтай тулгарсан, тэгээд заримыг нь шийдэж чадаагүй, шинээр элсэгчид цаг тухайд нь усалгаа аваагүй болохоор ХКН, шашны пасторуудын худал үгэнд хууртаад цуглаанд дахиж ирж зүрхлээгүй гэж надад хэллээ. Би уймарч гүйцсэн юм. Яаж ийм юм болдог байна аа? Тэгээд Лю эгчийн гэрт яаран очтол эгч надтай уулзмагцаа, “Одоо хэдүүлээ усалгааны ажлынхаа эдгээр асуудлыг яавал дээр вэ? Надад үнэхээр мэдэх юм алга” гэж зовнингуй хэлсэн. Би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан юм. Эгчид нөхөрлөлөөр дамжуулан тусгайлан зааварлаж, хамаг нарийн ширийнийг нөхөрлөсөн ч гэсэн эгч ойлгоогүй л байлаа. Энэ хүмүүс чинь яачхаа вэ гэж би гайхсан. Тэгтлээ тодорхой нөхөрлөөд байхад тэд ойлгоогүй л байсан юм. Ажлаа сайн хийгээгүй байвал удирдагч намайг юу гэж бодох бол? Ингэж бодох тусам улам уур хүрч, сэтгэлээр унасан. Тэр шөнө нойр хүрэхгүй орондоо эргэж хөрвөөн, ямар ч эрч хүчгүй боллоо. Тэгээд эцэст нь Бурханы өмнө очоод, “Бурхан минь, өнгөрсөн хэд хоногт би үүрэгтээ хавьгүй илүү шаргуу ажиллаад ч юунд ч хүрсэнгүй. Таны удирдамжийг мэдэрч чадахгүй, харанхуйд амьдарч байна. Бурхан минь, би Таны хүслийн эсрэг юм хийж, Таны зэвүүцэл, үзэн ядалтыг төрүүлж байгаа юм гэж үү? Намайг гэгээрүүлж, байр байдлыг минь ойлгуулаач дээ” гэж залбирсан юм.

Дараа нь Бурханы илчлэлийн ийм үгийг уншлаа: “Сэдэл, зорилго чинь Миний төлөө байдаг уу? Чи бүх үг, үйлдлээ Миний өмнө хэлж, хийдэг үү? Би чиний бүх бодол, санааг шалгадаг. Чамд буруутай санагдахгүй байна уу? Чи бусдад үзүүлэх гэж хуурамч төрх гаргаад, тайван гэгч нь өөрийгөө зөвтгөх байдал гаргадаг; өөрийгөө халхавчлах гэж чи үүнийг хийдэг. Ёрын муугаа нуух гэж чи үүнийг хийдэг бөгөөд тэр ёрын муугаа өөр хүн рүү түлхэх арга замыг ч бодож олдог. Ямар ов мэх зүрх сэтгэлд чинь оршино вэ!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). “Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар бүү авирла; Би хийдэг бүхнийг чинь тодорхой хардаг бөгөөд хэдий чи бусдыг хуурч болох ч Намайг хуурч чадахгүй. Би бүгдийг тов тодорхой хардаг. Аливааг нууцлах боломж чамд үгүй; бүгд Миний гарт байгаа. Хувиа хичээсэн бүх тооцооллоо бэлдчихээд өөрийгөө ухаантай гэж бүү бод. Би чамд хэлье, хүн мянган төлөвлөгөө, эсвэл арван мянган төлөвлөгөө гаргаж болох юм, гэхдээ эцэст нь тэд Миний гарын алганаас зугтаж чадахгүй. Бүх зүйл, үйл явдлыг Миний гар удирддаг, тэгвэл нэг хүн хэчнээн илүү байх билээ! Надаас бултаж, нуугдахаар бүү оролд, аргалах юм уу нуун далдлахаар бүү хичээ. Миний алдар суут дүр төрх, Миний уур хилэн, Миний шүүлт нийтэд илчлэгдсэнийг чи харахгүй байна уу? Намайг чин сэтгэлээсээ эс хүсэгч бүгдийг Би нэн даруй, ямар ч өршөөлгүй шүүх болно. Миний өрөвдөх сэтгэл дууссан бөгөөд дахин үлдээгүй. Цаашид хоёр нүүртэй байхаа больж цадиггүй явдлуудаа зогсоо(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 44-р бүлэг). Үүнийг уншаад өөрийгөө эргэцүүллээ. Би санваартнууд, бүлгийн удирдагчдыг яаран цуглуулж, нөхөрлөл хийж байсан, гэхдээ тэр бүгд юуны төлөө байсан юм бэ? Би үнэхээр чуулганы ажлын төлөө, ах эгч нарынхаа амийн төлөө ингэсэн үү? Бодит асуудлыг нь шийдвэрлэхийн тулд ингэсэн үү? Дараа нь, тэр цуглаан дээр яаж худал хэлснээ бодлоо. Удирдагч усалгааны ажлын талаар асуух үед би ямар ч бодит ажил хийгээгүй гэдгээ сайн мэдсээр байж мунхаг хүн шиг харагдахгүй, хүмүүст тараа таниулж, дорд үзэгдэхгүйн тулд ов мэх гаргасан. Тэгээд худал хэлснээ удирдагчид мэдэгдэхгүй гэсэндээ л ажлынхаа цоорхойг нөхөх гэж яаран буцсан шүү дээ. Худал хуурмагаа хаацайлж, бодит ажил хийгээгүй гэх үнэнээ нуун дарагдуулахын тулд, бас нэр төр, байр суурийнхаа төлөө л тэгтлээ шаргуу ажилласан гэдгээ би тэгэхэд ухаарсан юм. Ах эгч нарын бодит бэрхшээлийг үнэхээр ойлгож, үнэнийг нөхөрлөх замаар асуудлыг нь шийдвэрлэхийн оронд зүгээр л Жоу ахын нөхөрлөсөн арга замыг ашигласан. Би үүрэгтээ хайхрамжгүй хандаж, жигшүүртэй сэдэл өвөрлөж байж. Энэ яаж Бурханы хүсэлд нийцэх вэ дээ? Бурхан бидний зүрх сэтгэлийн чанадыг хардаг юм хойно Өөрийг нь тийм маягаар мэхэлж, залилж, хуурах гэж оролдож байгаад зэвүүцэхээс яах вэ дээ? Харанхуйд унасан минь Бурханы цээрлүүлэлт, сахилгажуулалт байжээ. Үүнийг ухаараад би жаахан айж, дараачийн цуглаан дээр үнэнийг хэрэгжүүлье, илэн далангүй байя гэж бодсон. Гэхдээ тэгж айхтар худлаа хэлснээ бодоод, үнэнээ хүлээх юм бол бусад нь намайг юу гэж бодох бол? Зальжин гэх болов уу? гэж жаахан санаа зовлоо.

Тэгээд Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм. “Чи худал хэлэх яг тэр үедээ нүүр алддаггүй боловч нэр төрөө туйлын их гутааснаа зүрх сэтгэлдээ мэдэрч, үнэнч бус байсны төлөө мөс чанар чинь чамайг буруутгана. Сэтгэлийнхээ угт чи өөрийгөө жигшиж, зэвүүцсээр байх бөгөөд ‘Би яахаараа ийм хөөрхийлөлтэй амьдардаг юм бэ? Үнэнийг хэлэх үнэхээр тийм хэцүү юм гэж үү? Ердөө л нэр төрийнхөө төлөө ингэж худал хэлэх ёстой юм уу? Яагаад амьдрал минь ийм ядаргаатай байдаг юм бэ?’ гэж бодно. Чи ядаргаатай амьдрах албагүй мөртөө амар тайван, эрх чөлөөт замыг сонгоогүй хэрэг. Чи нэр төр, нэрэлхүү зангаа хамгаалах замыг сонгосон болохоор амьдрал маш залхмаар санагдаж байгаа хэрэг… Чи нэр төр, алдар хүнд гэх зэрэг зүйлийг орхиж чаддаггүй учраас гагцхүү эднийгээ худал хуурмагаар хамгаалж л чаддаг. Чи худал хуурмагийг ашиглан эдгээртэй зууралдаж болно гэж бодож байгаа ч үнэндээ тэгж чаддаггүй. Худал хуурмаг чиний шулуун шударга байдал, нэр төрийг хамгаалж чадаагүйгээс гадна хамгийн гол нь чи үнэнийг хэрэгжүүлэх боломжоо алджээ. Чи нэр төр, алдар хүндээ хамгаалсан ч гэсэн үнэнийг алдсан; үнэнийг хэрэгжүүлэх боломж, үнэнч хүн байх боломжоо ч алдсан. Энэ бол хамгийн том гарз юм.” Бурханы үг болгон зүрх сэтгэлд минь шууд хүрсэн. Би худал хэлчхээд нэр төрөө авч үлдсэн боловч өчүүхэн ч баяр баясал мэдэрч чадаагүй. Харин ч хийсэн зүйлдээ байнга харамсаж, түгшдэг байсан. Заримдаа би ярьж байхдаа, хүмүүс ов мэхийг минь олж хараад, надад итгэхээ больчих вий гэж айсандаа харц тулгармааргүй санагддаг болсон. Тэр ч бүү хэл худал хуурмагаа нуун дарагдуулж, үнэмшилтэй болгох гэж элдэв бусын юм оролдож үзсэн. Ингэж амьдрах хэцүү, ядаргаатай байснаас гадна сэтгэлээ уужруулж чадахгүй байлаа. Би худал хэлж, хууран мэхэлж, жигшүүртэй, нэр төргүй байдлаар амьдарсан байсан. Дахиад өөрийгөө хаацайлмааргүй байсан болохоор Бурханд залбиран, нүглээ улайж, гэмшиж, дараачийн удаа ах эгч нартай уулзах үедээ махан биеэ хаяж, сэтгэлээ уудлахаар шийдсэн юм.

Хэд хоногийн дараа удирдагч бидэнтэй хамт цуглаанд оролцохоор ирэхэд Бурхан надад үнэнийг хэрэгжүүлэх боломж өгч байгаа юм шиг санагдлаа. Тэгээд, “Өө Бурхан минь, би худал хуурмаг, ов мэхээ илчлэхэд бэлэн байна. Үнэнийг хэрэгжүүлэх шийдвэр хайрлаач” гэж залбирсан. Цуглаанд очоод, удирдагч маань чуулганы удирдагч бидний дундаас ажлын хамтрагч сонгохоор ирсэн гэдгийг олж мэдлээ. Тэгээд би дотроо тэмцэлдэж эхэлсэн юм. Чуулганы удирдагчид дундаас би хэв чанар, амжилтаар бусдаасаа жаахан давуу болохоор тэд намайг аль эртнээс зохих нэр дэвшигч гэж бодсон байж магадгүй. Гэхдээ үнэнээ хэлж, худал хуурмагаа илчилбэл намайг тэд муугаар бодох болов уу? Дэндүү зальтай гэж бодоод сонгохгүй байх болов уу? Өөр хүн сонгочих юм бол би ер нь цаашид хүний нүүр яаж харна аа? Тэгээд тэр тухай ярьж болохгүй юм байна гэж бодсон. Толгой гудайлган бодолд автсан байх яг тэр үед минь удирдагч надаас ойрд ямаршуу байснаа яриач гэсэн юм. Би гацаж түгдрээд, үнэнээ нууж, “Би сайн байгаа. Бэрхшээл тулгарах үед Бурханд залбирч, үнэнийг эрж хайн тэдгээрийг шийдвэрлэхээ мэддэг…” гэж хэлсэн. Ингэж хэлчхээд ичгүүртэй юм хийснээ мэдэрч, түгшүүрт автан, хүйтэн хөлс асгарсан юм. Удирдагч байн байн хөлсөө арчиж байгааг минь хараад аяга халуун ус авчирч өгөн, ханиад хүрээ юу гэж аядуухан асуусан. Би, “Яасныг мэдэхгүй. Зүгээр л санаа зовоод, хөлс гараад болдоггүй” гэж хариуллаа. Үнэндээ би дахиад худал хэлж, үнэнийг хэрэгжүүлээгүй болохоор ингэсэн гэдгээ сайн мэдэж байсан. Тэгээд, “Бурхан минь, би ахин дахин худал хэлж, үнэнийг хэрэгжүүлэхээс зөрүүдлэн татгалзлаа. Би маш хөшүүн, тэрслүү хүн юм. Үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүн болоход минь намайг замчлаач” гэж Бурханд чимээгүйхэн залбирлаа.

Дараа нь Лиу эгч Бурханы үгийн магтан дуу дуулъя гэх санал гаргасан. “Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг огт хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, үнэнийг хэзээ ч нуухгүй байх; дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хэзээ ч хийхгүй байх; Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх явдал юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгэн дэх хольцоос татгалзаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ… Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчилж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг хялбархан олж авч, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм(Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Үнэнч хүмүүсийг Бурхан ерөөдөг”). Би энэ дууг дуулж байхдаа айж түгших, ичих зовох зэрэгцэж байсан юм. Яаж худал хэлж, хууран мэхэлснээ уудалмаар байсан болохоор цуглааны өмнө залбирсан ч удирдагч хамт ажиллах хүнээ сонгох гэж байгааг олж мэдээд юу ч хэлэхийг хүсээгүй. Бодитой ажил хийгээгүй, тэр ч бүү хэл худал хэлсэн гэдгийг минь удирдагч, хамтран зүтгэгч нар мэдээд намайг дэндүү зальтай гэцгээн, тэр албан тушаалд сонгохгүй байх вий гэхээс айсан л даа. Тэгвэл би удирдагч болох боломжоо алдах байсан. Би маш их ов мэхтэй байж! Бурхан бүхнийг хардаг. Би бусдыг хуурч чадах ч Бурханыг хуурч чадах уу? Эдгээр үг үнэхээр онцгой байсан юм: “Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчилж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг хялбархан олж авч, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ” Би улам тавгүйтлээ. Би яг Бурханы хэлснээр, хуваалцах дургүй олон нууцтай хүн байсан биш үү? Усалгааны ажлын нарийн ширийнийг мэдэхгүй гэдгээ сайн мэдсээр байж удирдагчийг тэр талаар асуух үед заль мэх гаргаж, албаар худал хэлсэн, бас чуулгандаа эргэж очоод бусдад сэтгэлээ уудлан, өөрийнхөө завхрал, ажлынхаа алдаа дутагдлыг илчлээгүй. Харин ч худал хуурмагаа нуун дарагдуулах гэж хичээн, үүргээ биелүүлэх нэрийдлээр ийм юм хийсээр л байсан. Үүнийг яаж үүргээ биелүүлэх гэх юм бэ? Энэ бүгд нэр төр, байр сууриа хамгаалахын төлөө байж. Би Бурханыг мэхлэхээр хичээж, хүмүүсийг төөрөгдүүлж байж. Тэгээд энэхүү шинэ албан тушаалд орохын тулд дахиад л улаан цайм тангаргаасаа няцаж, Бурхан, хүн хоёрын аль алийг нь хуурлаа. Би удаа дараа худал хэлж, хууран мэхэлж байж! Тэгээд Бурханы ийм үг санаанд орсон: “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг: учир нь эдгээрээс цааших нь ёрын муугаас гардаг юм(Матай 5:37). “Та нар эцэг диаволаасаа гаралтай бөгөөд эцгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул Үнэнийг баримталдаггүй. Худлаа хэлэхдээ тэр өөрөөсөө хэлдэг: учир нь тэр бол худалч бөгөөд худал хуурмагийн эцэг мөн(Иохан 8:44). Бурхан үнэнч хүмүүст дуртайг би сайн мэдсээр байсан хэр нь ахин дахин худлаа хэлж, худал хуурмагаа нуун дарагдуулж, Бурханыг болон ах эгч нараа мэхлэх гэж оролдсон. Би Сатанаас юугаараа ялгаатай юм бэ? Хэвийн хүн чанарын өчүүхэн ч болов хэлтэрхий ч надад байсан гэж үү? Би гэмшиж, өөрчлөгдөхгүй бол Сатан шиг төгсөх нь гарцаагүй гэдгээ мэдэж байсан юм. Ингэж бодоод айсан болохоор Бурханд залбирч, нэр төрөө юу ч үгүй сүйрүүлэхээр зоригоо чангаллаа. Тэгээд худал хэлж, нуун дарагдуулж байсан гэдгээ, бас жигшүүртэй, зальжин сэдлээ юу ч үлдээлгүй нэгд нэггүй илчилсэн. Бүх үнэнээ хэлсний дараа дотроос минь нэг хүнд юм аваад хаячих шиг л болж, гэнэтхэн хавьгүй их тайвширч, зүрх сэтгэлдээ эрх чөлөө, амар тайвныг мэдэрсэн.

Ах эгч нар надад зэвүүцээгүй. Удирдагч бүр надад зориулаад Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн шүү. “Хүмүүс ов мэх гаргах үед үүнээс ямар санаа зорилго үүдэн гардаг вэ? Тэд ямархуу зан чанар илчилдэг вэ? Яагаад тийм зан чанар илэрхийлж чаддаг вэ? Үүний уг үндэс юу вэ? Хүмүүс хувийн ашиг сонирхлоо бусад бүх зүйлээс чухал гэж үздэг. Тэгээд ашиг хонжоо олохын тулд ов мэх гаргаж, овжин зан чанар нь улмаар илчлэгддэг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Нэгдүгээрт, чи өөрийнхөө ашиг сонирхлыг орхих ёстой. Хүмүүсээр ашиг сонирхлыг нь орхиулах хамгийн хэцүү. Ихэнх хүн ашгаас өөр юу ч эрэлхийлдэггүй; ашиг сонирхол нь хүмүүсийн амь амьдрал бөгөөд ашиг сонирхлыг нь орхиулна гэдэг тэднийг амиа өг гэж албадаж байгаагаас ялгаагүй юм. Тэгвэл чи яах ёстой вэ? Орхиж, хаяж, зовж, дуртай ашиг сонирхлоо орхихын шаналанг тэсвэрлэж сурах ёстой. Энэ шаналанг тэвчиж, цөөн хэдэн ашиг сонирхлоо орхисны дараа сэтгэл чинь жаахан уужирч, бага зэрэг чөлөөлөгдөх бөгөөд энэ маягаар чи махан биеэ ялан дийлнэ. Харин ашиг сонирхолтойгоо зууралдаад, тавьж явуулж чадахгүй, ‘Би ов мэх гаргасан, тэгээд юу гэж? Бурхан шийтгээгүй юм чинь хүмүүс намайг яаж чадах юм бэ? Би юугаа ч орхихгүй!’ гэж хэлбэл чамайг юу ч орхихгүй байлаа гээд өөр хэн ч хохирохгүй; эцэст нь чи өөрөө л хохирдог юм. Завхарсан зан чанараа таних нь үнэн хэрэгтээ орох, ахин дэвших, мөн өөрчлөгдөх боломж байдаг. Энэ нь Бурханы өмнө очиж, Түүний шинжилт, шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх боломж чинь юм. Энэ бол чиний аврагдах боломж мөн. Хэрэв чи үнэнийг эрж хайхаа боливол аврал хүртэж, шүүлт гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх боломжоо алдаж байгаагаас ялгаагүй… Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхээр шийдвэл хувийн ашиг сонирхлоо алдлаа ч Бурханы аврал, мөнх амийг хүртэж байгаа хэрэг. Тийм хүмүүс хамгийн ухаалаг. Хэрэв хүмүүс үнэнийг золиослон ашиг хонжоо олдог бол амь болон Бурханы авралыг алддаг. Ийм хүмүүс хамгийн мунхаг юм. Эцэстээ хувийн ашиг сонирхол, үнэн хоёрын алийг нь сонгох вэ гэдэг нь хүнийг хамгийн сайн илчилдэг асуудал. Үнэнийг хайрладаг хүмүүс үнэнийг сонгоно. Тэд Бурханд захирагдаж, Түүнийг дагахаар сонгоно. Тэгээд хувийн ашиг сонирхлоо орхихыг илүүд үзнэ. Хэчнээн их зовох ёстой байлаа ч тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсохоор сэтгэл шулууддаг. Энэ бол үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдалд орох үндсэн зам юм.” Эдгээр үгийг сонсоод сэтгэл цэлмэсэн юм. Үндсэндээ би нэр төр, албан тушаалд дэндүү анхаардаг, овжин уг чанартай байснаасаа болоод яаж ахин дахин худал хэлж, хууран мэхэлсэн тухайгаа эргэцүүлсэн. Би бага байхаасаа л Сатаны боловсрол, суртал ухуулгад автаж, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Мод холтосныхоо төлөө амьдардаг шиг хүн нэр төрийнхөө төлөө амьдардаг”, “Худал үгийг мянга давтвал үнэн болдог”, “Худлаа хэлэхгүйгээр юу ч бүтэхгүй”, “Ярихаасаа өмнө бод, ярихдаа биеэ барь” гэх мэт маш олон хорыг нь шингээсэн байж. Эдгээр сатанлаг гүн ухаан амьдралын минь хууль болсон байсан. Би тэдгээрийн дагуу амьдарч, улам аминчхан, ов мэхтэй, хуурамч болсон юм. Тэгээд ямагт өөрийнхөө эрх ашгийг л бодож, үүний төлөө өөрийн эрхгүй худал хэлж, хуурч мэхэлжээ. Худал хэлсний дараа буруутай санагдаж, өөрийгөө зэмлэж, Бурханд гэмших юм сан, бусдад сэтгэлээ уудлах юм сан гэж хүссэн ч доромжлуулж, доог тохуу болохоос айсандаа өөрийгөө хаацайлж, худал дүр эсгэсээр байсан юм. Би зальхай сэдэл, ов мэхтэй зан авираа уудалж, илчлэхийг хүсээгүй. Надад ялангуяа нэр нүүрээ хойш тавьж, үнэнч байх зориг дутаж байсан, хүмүүс намайг үнэнээ хэлэнгүүт бахь байгаагаар минь харна, тэгээд өндрөөр үнэлэхээ болино гэж бодсон л доо. Би үнэнийг хэрэгжүүлж, үнэнч байснаас харанхуйд, шаналал дунд зовохыг илүүд үзсэн юм. Сатан намайг хэчнээн гүн завхруулсныг би ойлгосон! Бурхан намайг тийм маягаар ил болгож, үгээрээ шүүж, илчлээгүй бол уг чанар маань хэчнээн зальхай гэдгийг би хэзээ ч ухаарахгүй байсан, бас үнэнийг хэрэгжүүлж, үнэн төрхөө илчлэх зориг хүрэхгүй байх байлаа. Бурхан шүүлт, гэсгээлтээрээ намайг аварч, хамгаалж байсныг би тэгэхэд ойлгоод, үнэнийг эрэлхийлж, үнэнч байх хэчнээн чухал гэдгийг мэдэрсэн юм даа.

Тэр цагаас хойш үнэнээ хэлж, үнэнч хүн байхаар сэтгэл шулуудсан юм. Хэсэг хугацааны дараа, бидэнтэй хамт цуглаанд оролцдог нэг удирдагч заримдаа биеэ тоож, өөрийгөө зөвтгөөд, бусдын саналыг амархан хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг олж мэдлээ. Тэгээд хэдэн удаа өөрт нь хэлэх гэснээ, “Эгч миний хэлсэн үгийг хүлээн зөвшөөрвөл ч яах вэ, харин зөвшөөрөхгүй бол намайг юу гэж бодох юм бэ?” гэж бодогдсон. Тэгээд харзнахаар шийдлээ. Нэг өдөр тэр эгч надад, “Эгч ээ, хоёулаа бие биеэ мэддэг болоод нэлээд удлаа. Надаас ямар нэг асуудал олж харвал хэлээрэй. Тэгвэл надад тус болно шүү” гэсэн юм. Би эгч рүү хараад, “Юу ч анзаарагдаагүй ээ. Та мундаг шүү дээ” гэж хэлэх гэж байлаа. Гэхдээ тэгж хэлбэл хуурч мэхэлсэн хэрэг болно гэдгийг ухаараад Бурханд залбирч, Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн болсон. Би байнга худал хэлж, хууран мэхэлж, Бурханы зэвүүцлийг төрүүлээд байж болохгүй. Тийм болохоор сэтгэлээ уудалж, эгчийн асуудлыг хэлж өгсөн юм. Эгч сонсчхоод дорхноо толгой дохиж, “Бурханд талархъя! Таныг хэлээгүй бол би хэзээ ч ухаарахгүй байж. Би үнэхээр өөрийгөө эргэцүүлж, үүнийг ойлгох хэрэгтэй юм байна” гэсэн. Эгч үүнийг хүлээн зөвшөөрч чадсан гэдгийг хараад би маш их баярласан шүү. Сэтгэл минь ер бусын амар амгалан, эрх чөлөөтэй болж, үнэнийг хэрэгжүүлнэ, үнэнч хүн байна гэдэг хэчнээн гайхамшигтайг үнэхээр мэдэрсэн!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шалгалтаас сурсан сургамж

Ли Ён, Хятад Христэд итгэдэг болсныхоо дараа би Хятадын Коммунист Намд хэд хэдэн удаа баривчлагдсан боловч Эзэнээс хэзээ ч урваагүй юм. Би...

Шүүлт бол гэрэл

Зао Шиа   Шангдон Муж Миний нэрийг Зао Шиа гэдэг. Би жирийн нэг гэр бүлд төрсөн. “Хүн явсан газар бүртээ нэрээ үлдээдэг, шувуу ниссэн газар...

Үүргээ биелүүлсний шагнал

Ян Минжэнь, Канад Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх...

Leave a Reply