Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 18

Израильчууд дээр хийсэн Еховагийн ажил нь газар дээрх Бурханы эх нутаг буюу Түүний байдаг ариун газрыг хүн төрөлхтний дунд байгуулжээ. Тэрээр Өөрийн ажлыг Израилийн ард түмнээр хязгаарласан юм. Эхэндээ Тэр Израилийн гадна ажиллаагүй, харин ажлынхаа цар хүрээг хязгаарлахын тулд тохиромжтой гэж үзсэн хүмүүсээ сонгон авчээ. Израиль бол Бурхан Адам, Ева хоёрыг бүтээсэн газар бөгөөд тэрхүү газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн; энэ газар нь газар дэлхий дээрх Түүний ажлын үндэс болсон юм. Ноагийн, бас Адамын үр удам болох израильчууд нь газар дээрх Еховагийн ажлын суурь хүмүүс байсан билээ.

Тухайн үед, Израиль дахь Еховагийн ажлын ач холбогдол, зорилго, алхмууд нь Өөрийн ажлыг дэлхий даяар эхлүүлэх буюу Израилийг төвөө болгон аажмаар Харь үндэстнүүд рүү түгэх явдал байлаа. Энэ бол орчлон ертөнц даяар ажиллахдаа Түүний баримталдаг зарчим—загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн сайн мэдээг нь хүлээн авах хүртэл загвараа өргөжүүлэх явдал мөн. Эхний израильчууд Ноагийн үр удам байв. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал өгөгдсөн ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ хангахуйц зүйлийг ойлгож байсан боловч Ехова ямархуу Бурхан болохыг, хүний төлөөх Түүний хүсэл юу болохыг мэдээгүй, бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн хүндэтгэх ёстойгоо бүр ч мэдээгүй. Дуулгавартай дагах дүрэм журам, хууль байсан эсэх, эсвэл бүтээгдсэн зүйл нь Бүтээгчийн төлөө хийх ёстой үүрэг байсан эсэх тухайд бол, Адамын үр удам эдгээрийн алийг ч мэддэггүй байлаа. Гэр бүлээ тэжээхийн тулд эр нөхөр нь хөлсөө урсган хөдөлмөрлөж, эхнэр нь нөхөртөө захирагдаж, Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэдгийг л тэд мэддэг байв. Өөрөөр хэлбэл, Еховагийн амьсгал болон амийг л агуулж байсан ийм хүмүүс Бурханы хуулийг хэрхэн дагахыг, эсвэл бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг мэддэггүй байжээ. Тэд дэндүү багыг ойлгодог байлаа. Иймээс, хэдийгээр тэдний зүрх сэтгэлд гажууд, ов мэхтэй зүйл юу ч байгаагүй, тэдний дунд атаархал, хэрүүл тэмцэл хааяахан гардаг байсан ч тэд бүх бүтээлийн Эзэн Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүний эдгээр өвөг дээдэс зөвхөн Еховагийн зүйлийг идэж, Еховагийн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан боловч Еховаг хэрхэн хүндлэхийг мэддэггүй байжээ; Ехова бол өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстой Нэгэн гэдгийг тэд мэддэггүй байлаа. Иймээс тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Хэрвээ тэгсэн бол “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр Өөрийгөө харуулж, Өөрийгөө алдаршуулж, Өөрийгөө төлөөлүүлэхээр хүнийг бүтээсэн” гэдэг үгийг хий дэмий хэлсэн болох бус уу? Еховаг огт хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл болж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илрэл болж чадах юм бэ? Тэгвэл “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэх Еховагийн үг, муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь зэвсэг болох бус уу? Тэгвэл эдгээр үг нь Ехова хүнийг бүтээсний ичгүүрийн тэмдэг болох бус уу? Ажлын тэрхүү үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамаас эхлээд Ноаг хүртэл тэдэнд зааварчилж, залж чиглүүлээгүй юм. Харин ч үерээр дэлхийг устгасны дараа л Тэр, Ноа болон бас Адамын үр удам болох израильчуудыг албан ёсоор залж чиглүүлж эхэлсэн билээ. Израиль дахь ажил болон айлдвар нь Израилийн газар нутаг даяар амьдарч байсан Израилийн бүх ард түмэнд удирдамж өгсөн бөгөөд Ехова хүнд амьсгал үлээн оруулж, Өөрийн амийг өгөөд, тоос шорооноос бүтээгдсэн хүнийг бий болгож чадахаар үл барам, хүн төрөлхтнийг шатааж, харааж, Өөрийн таягийг ашиглан хүн төрөлхтнийг удирдаж чадна гэдгийг хүмүүст харуулсан юм. Иймээс, Ехова газар дээрх хүний амьдралыг залж чиглүүлж, хүн төрөлхтний дунд өдөр шөнийн цагийн дагуу үг хэлж, ажиллаж чадна гэдгийг ч бас тэд харжээ. Хүн Еховагийн атгасан шорооноос үүссэн, түүнчлэн хүнийг Ехова бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүдэд мэдүүлэхийн тулд л Тэр энэ ажлыг хийсэн юм. Үүгээр ч зогсохгүй, бусад ард түмэн болон үндэстэн (үнэндээ тэд Израилиас тусгаар байгаагүй, харин Израилиас салбарласан ч мөн л Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн аваг гэсэндээ Тэрээр Өөрийн ажлыг Израильд анх хийсэн бөгөөд ингэснээр орчлон ертөнц дээрх бүх бүтээгдсэн зүйл Еховаг хүндэлж, дээдэлж чадах байлаа. Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүй, харин оронд нь хүн төрөлхтнийг бүтээчхээд газар дээр дураар нь амьдруулсан бол, тэр тохиолдолд махан биеийнхээ уг чанараас болоод хүн (уг чанар гэдэг нь хүн харж чадахгүй зүйлээ хэзээ ч мэдэж чадахгүй гэсэн үг бөгөөд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг мэдэхгүй, Тэр яагаад үүнийг хийснийг бүр ч мэдэхгүй гэсэн үг юм), Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн гэдгийг, эсвэл Тэр бол бүх бүтээлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрвээ Ехова хүнийг бүтээж, газар дээр тавьчхаад, дараа нь хэсэг хугацаанд удирдамж өгөхийн тулд хүн төрөлхтний дунд үлдэхийн оронд зүгээр л гар дахь тоосоо гөвөөд, явчихсан бол бүх хүн устан мөхөх байв; бүр Түүний бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйл, бүх хүн төрөлхтөн устан мөхөхийн сацуу Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ийм маягаар, “Газар дээр буюу бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газар Түүнд байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байлаа. Иймээс хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Тэрээр амьдралыг нь залж чиглүүлэхийн тулд тэдний дунд үлдэж, тэдний дундаас тэдэнд хандан үг хэлж чаддаг байсан нь бүгд Түүний хүслийг гүйцэлдүүлж, Түүний төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө байсан юм. Израильд Түүний хийсэн ажил нь бүх зүйлийг бүтээхээсээ өмнө гаргасан төлөвлөгөөгөө биелүүлэх л зорилготой байсан, тиймээс эхлээд израильчуудын дунд ажилласан явдал болон бүх зүйлийг бүтээсэн нь хоорондоо зөрчилдөөгүй, харин хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдрын төлөө, мөн хүн төрөлхтнийг бүтээснийх нь утга учрыг гүнзгийрүүлэхийн төлөө байсан билээ. Тэрээр Ноагаас хойш хоёр мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлсэн ба энэ хугацаандаа бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэлж, амьдралдаа биеэ хэрхэн авч явж, хэрхэн үргэлжлүүлэн амьдрах, хамгийн гол нь яаж Еховаг гэрчилж, Түүнд дуулгавартай байж, Түүнд хүндлэл үзүүлж, Давид болон түүний тахилчдын адилаар хөгжмөөрөө Еховаг магтан дуулахыг хүмүүст ойлгуулсан билээ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хуулийн эрин үе дэх ажил”-аас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент