Бие махбодтой болохын нууц (4) (Хоёрдугаар хэсэг)

Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнс байдлаар хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадаад хэлбэртэй болоогүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж чадахгүйн адилаар хүн Түүнд ойртох ямар ч аргагүй байдаг. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод үгээ оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүнд үгийг биечлэн хүргэж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний үгийг харж, сонсож, түүнчлэн Түүний үгийг эзэмшиж, үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулж, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас Сатанд бүрмөсөн олзлогдох байв. Эхний удаа бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар хүнийг золин аварсан юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор завхарсан сатанлаг зан чанар мөн л үлджээ. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь уучлагдсан хүмүүсийг нүглээс нь гэтэлгэж, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс ангижруулж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг. Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна. Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба энэ нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний тэрслүү байдлыг шүүж, гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгах хүртэл үргэлжилдэг. Дараа нь л Бурхан авралын ажлаа төгсгөөд амралтад орно. Тиймээс ажлын гурван үе шатанд Өөрийн ажлыг хүмүүсийн дунд биечлэн гүйцэтгэхийн тулд Бурхан хоёр удаа л махбод болсон юм. Яагаад гэвэл, ажлын гурван үе шатны ердөө нэг нь л хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэх явдал байсан, харин нөгөө хоёр нь авралын ажлаас бүрддэг. Бурхан махбод болсноор л хүмүүстэй хамт амьдарч, дэлхий ертөнцийн зовлонг туулж, хэвийн махан биед амьдарч чадна. Зөвхөн ийм маягаар л Тэр, бүтээгдсэн зүйлийн хувиар хүмүүст хэрэгтэй байдаг бодитой үгээр хүмүүсийг хангаж чадна. Хүн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан Бурханаас бүрэн аврал хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн махан биетэй учраас Бурханы Сүнсэнд ойртох нь бүү хэл, Түүний Сүнсийг харах ямар ч аргагүй байдаг. Хүн Бурханы махбод болсон биетэй л харилцаж чадах бөгөөд үүгээр л дамжуулан бүх зам, бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чадна. Хоёр дахь удаа бие махбодтой болох нь хүний нүглийг арилгаж, хүнийг бүрэн ариусгахад хангалттай байх болно. Иймд хоёр дахь удаа бие махбодтой болоход махбод дахь Бурханы бүх ажил төгсөж, Бурхан бие махбодтой болохын ач холбогдол бүрэн гүйцэд болно. Энэ үеэс махбод дахь Бурханы ажил бүхэлдээ дууссан байх болно. Хоёр дахь удаа бие махбодтой болсныхоо дараа Тэр гурав дахь удаа бие махбодтой болох ажлыг хийхгүй. Учир нь Түүний удирдлага бүхэлдээ төгсчихсөн байна. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг бүрэн олж авсан байх ба эцсийн өдрүүд дэх хүмүүс бүгд төрлөөрөө ангилагдсан байх болно. Тэр авралын ажлыг дахин хийхгүй, мөн ямар нэг ажил хийхийн тулд махбодод ч эргэн ирэхгүй. Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг, гайхамшгийн илрэлээс илүү сүр хүчтэй байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийнхаас давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг өмнө чинь ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгийн эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшиг үзүүлснээр дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүнд нигүүлсэл л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба завхарсан сатанлаг зан чанар хүний дотор байсаар байдаг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт хамаатай хэвээр байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л хүн Бурханаар авхуулж, ариусаж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай байв. Гэвч тэр Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй учраас завхарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн зөвхөн Бурханы золин авралаар дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэггүй байдаг бөгөөд Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урваж мөн л чаддаг. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг. Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн. Тухайлбал, хүмүүс Моабын үр удам гэдгээ ухаарах үедээ гомдлын үг хэлж, амийг эрэлхийлэхээ больж, туйлын сөрөг болдог. Хүмүүс Бурханы ноёрхол дор бүрэн захирагдаж чадахгүй байсаар байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь яг нарийндаа завхарсан сатанлаг зан чанар биш гэж үү? Гэсгээлтэд өртөөгүй байх үедээ чи гараа бусдынхаас, бүр Есүсийнхээс ч илүү өндөрт өргөж байсан. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирсан: “Бурханы хайртай хүү болно! Бурханы дотнын хүн болно! Сатанд сөгдөхийн оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатаны эсрэг босоцгоо! Агуу улаан лууны эсрэг босоцгоо! Агуу улаан луу арчаагүйгээр эрх мэдлээ алдах болтугай! Бурхан биднийг бүрэн төгс болгох болтугай!” Хашхираан чинь бусад бүх хүнийхээс ч илүү чанга байсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг үе ирэхэд хүмүүсийн завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн юм. Тэгээд тэдний хашхираан намжиж, шийдэмгий байдал нь бүтэлгүйтсэн. Энэ бол хүний завхрал; нүглээс илүү гүн нэвчсэн энэ нь Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна. Хүн анхдагч завхарсан зан чанараа огт ойлгодоггүй байсан учраас өмнө нь тэгж хашхирсан юм. Энэ нь хүний дотор оршдог бохир хольц билээ. Тийм удаан хугацааны шүүлт, гэсгээлтийн хугацаанд хүн түгшүүртэй орчинд амьдарсан. Энэ бүхэн нь үгийн тусламжтайгаар хийгдээгүй гэж үү? Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаас өмнө чи ч бас маш чанга дуугаар хашхираагүй гэж үү? “Хаанчлалд орлоо! Энэ нэрийг хүлээн зөвшөөрдөг бүхэн хаанчлалд орно! Бүгд Бурхантай хуваалцана!” Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт ирэхэд чи хашхирахаа больсон. Эхэндээ бүгд: “Өө Бурхан минь! Та намайг хаана ч тавьсан, би Таны жолоодлогод захирагдана” гэж хашхирсан. “Хэн Миний Паул байх вэ?” хэмээх Бурханы үгийг уншаад хүмүүс “Би бэлэн!” гэцгээсэн. Тэгээд тэд “Иовын итгэл ямар вэ?” хэмээх үгийг харсан ба “Би Иовын итгэлийг авахад бэлэн байна. Бурхан минь, туршилтад оруулаач!” гэсэн юм. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт ирэх үед тэд дорхноо нуран унаад, дахин босож чадахгүй байх шахсан. Түүний дараа тэдний зүрх сэтгэл дэх хольц яваандаа багассан. Энэ нь үгээр хийгдээгүй гэж үү? Иймээс өнөөдөр та нарын туулсан зүйл бол үгээр дамжин хүрсэн үр дүн бөгөөд Есүсийн үзүүлсэн тэмдэг, гайхамшгуудын хүрсэн үр дүнгээс ч илүү агуу юм. Чиний хардаг Бурханы алдар болон Бурханы Өөрийн эрх мэдэл нь ердөө цовдлолын тусламжтайгаар, мөн өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулснаар харагддаг юм биш, харин Түүний үгийн шүүлтээр дамжуулан бүр ч их харагддаг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь зөвхөн тэмдэг үзүүлж, өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулахаас бүрддэг юм биш, харин Бурханы үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг илүү сайн төлөөлж, Түүний төгс хүчнийг илүү сайн илчилж чаддаг гэдгийг энэ нь харуулдаг.

Хүний одоо хүрсэн зүйл—түүний өнөөгийн биеийн хэмжээ, мэдлэг, хайр, үнэнч зан, дуулгавартай байдал, мэдлэг ухаан—эдгээр нь үгийн шүүлтээр хүрсэн үр дүн юм. Үгийн тусламжтайгаар чи үнэнч байж, өнөөг хүртэл зогссон хэвээр байж чаддаг. Одоо хүн бие махбодтой болсон Бурханы ажил нь үнэхээр ер бусын гэдгийг хардаг бөгөөд үүнд хүний хүрч чадахгүй олон зүйл байдаг, тэдгээр нь нууц болон гайхамшгууд юм. Тиймээс олон хүн захирагдсан. Зарим нь төрснөөсөө хойш хэнд ч, хэзээ ч захирагдаж байгаагүй мөртөө Бурханы өнөөдрийн үгийг харах үедээ өөрийн мэдэлгүй бүрэн захирагддаг бөгөөд үүнийг судалж, эсвэл өөр юм хэлж зүрхэлдэггүй. Хүмүүс үгэн дор унаж, үгийн шүүлт дор нүүрээрээ газар унан мөргөсөн. Хэрэв Бурханы Сүнс хүнтэй шууд ярьсан бол хүн төрөлхтөн бүгд дуу хоолойд захирагдаж, Дамаск явах замдаа Паул гэрэл дунд газар унасантай яг адилаар хүмүүс бүгд илчлэлийн үггүйгээр доош унах байсан юм. Хэрвээ Бурхан ийм маягаар үргэлжлүүлэн ажилласан бол хүн үгийн шүүлтээр дамжуулан өөрийн завхралыг хэзээ ч мэдэж авч чадахгүй, улмаар аврал хүртэхгүй байх байв. Зөвхөн махбод болсноор л Бурхан Өөрийн үгийг хүн нэг бүрийн чихэнд биечлэн хүргэж чадна, ингэснээр чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгийн шүүлтийн ажлыг хүлээн авч болох юм. Энэ нь л Түүний үгийн хүрдэг үр дүн болохоос биш, Сүнс илэрч, хүнийг айлган эрхшээлдээ оруулдаг юм биш. Зөвхөн ийм бодит атлаа ер бусын ажлаар дамжуулан хүний дотор олон жил гүн нуугдсан хуучин зан чанар бүрэн ил болдог, ингэснээр хүн үүнийг таньж, өөрчилж болох юм. Эдгээр нь бүгд бие махбодтой болсон Бурханы бодитой ажил бөгөөд бодитой байдлаар ярьж, шүүлт явуулснаар Тэр үгээр хүнийг шүүх үр дүнд хүрдэг. Энэ бол бие махбодтой болсон Бурханы эрх мэдэл бөгөөд Бурхан бие махбодтой болохын ач холбогдол билээ. Бие махбодтой болсон Бурханы эрх мэдлийг ил болгохын тулд, үгийн ажлаар хүрсэн үр дүнг ил болгож, Сүнс махбодод ирчихсэн ба хүнийг үгээр шүүснээр дамжуулан эрх мэдлээ харуулж байгааг ил болгох гэж үүнийг хийдэг. Түүний махбод хэдийгээр жирийн, хэвийн хүн чанарын гадаад хэлбэртэй боловч Түүний үгийн хүрдэг үр дүн нь Тэр бол эрх мэдлээр дүүрэн, Тэр бол Бурхан Өөрөө, Түүний үг бол Бурханы Өөрийн илэрхийлэл гэдгийг хүнд харуулдаг. Энэ аргаар Тэр бол Бурхан Өөрөө, Тэр бол махбод болсон Бурхан Өөрөө, Түүнд хэн ч халдаж болохгүй, Түүний үгийн шүүлтийг хэн ч давж чадахгүй, мөн ямар ч харанхуйн хүч Түүний эрх мэдлийг дийлж чадахгүй гэдгийг бүх хүнд харуулдаг. Тэр бол Үг болсон махбод учраас, мөн Түүний эрх мэдлээс болж, Түүний үгийн шүүлтээс болж хүн Түүнд захирагддаг. Бурханы махбод болсон биеийн авчирсан ажил нь Түүний эзэмшдэг эрх мэдэл билээ. Махбод ч гэсэн эрх мэдэл эзэмшдэг учраас Тэр махбод болсон бөгөөд хүн төрөлхтний дунд бодитой байдлаар ажиллаж чаддаг, ийм маягаар хүн харж, хүрч болдог. Энэ ажил нь, бүх эрх мэдлийг эзэмшдэг Бурханы Сүнсний шууд хийдэг ажлаас илүү бодитой, үр дүн нь ч бас илэрхий байдаг. Яагаад гэвэл, Бурханы махбод болсон бие бодитоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махбодын гадаад хэлбэр төрх ямар ч эрх мэдэл агуулдаггүй бөгөөд хүн ойртож болдог байхад Түүний мөн чанар эрх мэдлийг агуулдаг, гэхдээ эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг олж илрүүлж чаддаггүй; энэ нь Түүний бодитой ажилд нэмэр болдог. Энэ бүх бодитой ажил үр дүнд хүрч чадна. Хэн ч Түүнд эрх мэдэл байгааг ухаардаггүй, халдашгүй гэдгийг нь хардаггүй, эсвэл Түүний уур хилэнг хардаггүй боловч далдлагдсан эрх мэдэл, нуугдмал уур хилэн болон ил тод хэлдэг үгээрээ дамжуулан Тэр Өөрийн үгийн зорьсон үр дүнд хүрдэг. Өөрөөр хэлбэл, Өөрийн дуу хоолойн өнгө, ярианы хатуу чанга байдал, Өөрийн үгийн бүх мэргэн ухаанаар дамжуулан хүнийг бүрэн үнэмшүүлдэг. Ийм маягаар харваас ямар ч эрх мэдэлгүй, бие махбодтой болсон Бурханы үгэнд хүн захирагдаж, улмаар хүнийг аврах Бурханы зорилго биелдэг. Илүү бодитоор ярьж, үгийнх нь бодит байдал хүнд үр нөлөө үзүүлэх боломж олгож, хүнд Бурханы үгийн хүч чадлыг харуулах нь Бурхан бие махбодтой болсны ач холбогдлын өөр нэг тал юм. Тиймээс энэ ажлыг бие махбодтой болсноор дамжуулан хийхгүй бол өчүүхэн төдий ч үр дүнд хүрэхгүй бөгөөд нүгэлтнүүдийг бүрэн аварч чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол хүнд үзэгдэшгүй, баригдашгүй Сүнс хэвээр үлдэх байв. Хүн махан биетэй бүтээл тул Бурхан, хүн хоёр өөр өөр ертөнцөд харьяалагддаг бөгөөд өөр өөр шинж чанартай байдаг. Бурханы Сүнс махан биетэй хүнтэй огт нийцдэггүй, тэдний хооронд харилцаа тогтоох ямар ч аргагүй бөгөөд хүн сүнс болох чадваргүйг дурдахын ч хэрэггүй. Ийм болохоор Өөрийн анхдагч ажлыг хийхийн тулд Бурханы Сүнс бүтээгдсэн зүйл болох ёстой. Бурхан хамгийн өндөр газарт гарч чадахын сацуу Өөрийгөө даруу болгон бүтээгдсэн хүн болж, хүн төрөлхтний дунд ажиллаж, тэдний дунд амьдарч чаддаг, харин хүн өндөрт гарч, сүнс болж чадахгүй, хамгийн доод газарт буун очиж бүр ч чадахгүй. Ийм учраас Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхийн тулд махбод болох ёстой. Тэрчлэн, эхний удаа бие махбодтой болох үеэр бие махбодтой болсон Бурханы махбод л цовдлолоор дамжуулан хүнийг золин аварч чадсан, харин Бурханы Сүнсний хувьд хүний төлөө нүглийн тахил болон цовдлогдох ямар ч аргагүй байв. Хүний төлөөх нүглийн тахил болохын тулд Бурхан шууд махбод болж чаддаг боловч хүн шууд тэнгэрт гарч, өөрийнх нь төлөө Бурханы бэлтгэсэн нүглийн тахилыг авч чадахгүй. Ийм болохоор энэ авралыг авахын тулд хүнийг тэнгэр лүү гаргалгүйгээр, тэнгэр, газрын хооронд хэд хэдэн удаа нааш цааш явахыг Бурханаас гуйх нь л боломжтой байв, учир нь хүн унаж доройтсон бөгөөд нүглийн тахилыг олж авах нь бүү хэл, тэнгэр өөд гарч ч ер чадахгүй. Тиймээс Есүс хүн төрөлхтний дунд ирж, хүний ердөө хийж чадахгүй ажлыг биечлэн хийх хэрэгтэй байлаа. Бурхан махбод болох бүрд энэ нь зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрвээ эдгээр үе шатны аль нэгийг Бурханы Сүнс шууд хийж чадах байсан бол Тэр бие махбодтой болохын доромжлолд өртөхгүй байх байлаа.

Ажлын энэ эцсийн үе шатанд үгээр дамжуулан үр дүнд хүрдэг. Үгээр дамжуулан хүн олон нууцыг болон өнгөрсөн үеүдийн туршид Бурханы хийсэн ажлын талаар ойлгож авдаг; үгээр дамжуулан хүнийг Ариун Сүнс гэгээрүүлдэг; үгээр дамжуулан хүн өмнөх үеийнхний хэзээ ч тайлаагүй нууцуудыг, мөн түүнчлэн өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний ажилласан зарчмыг ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн бас Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэрслүү байдал, эсэргүүцлийг ойлгож, өөрийнхөө мөн чанарыг мэдэж авдаг. Ажлын эдгээр алхам болон хэлсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг, үүнээс ч илүүтэйгээр Түүний бүхий л зан чанарыг мэдэж авдаг. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэгийг чи бас үгээр дамжуулан олж авсан. Урьдын үзлийн талаарх мэдлэг болон тэдгээрийг орхисон амжилтад бас л үгээр дамжин хүрээгүй гэж үү? Өмнөх үе шатанд Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлсэн боловч энэ үе шатанд тэмдэг, гайхамшиг байхгүй. Бурхан яагаад тэмдэг, гайхамшиг илчилдэггүй тухай ойлголтод ч чи бас үгээр дамжин хүрээгүй гэж үү? Тиймээс энэ үе шатанд хэлсэн үг өнгөрсөн үеийн элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас даван гардаг. Эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд ч ийм үр дүнд хүрч чадаагүй. Эш үзүүлэгчид зөвхөн зөгнөл хэлсэн ба тухайн үед Бурханы хийхийг хүсэж байсан ажлыг биш, харин ирээдүйд юу болох тухай л хэлсэн. Тэд хүний амьдралыг залж чиглүүлж, хүнд үнэнийг хайрлаж, эсвэл тэдэнд нууцыг илчлэхийн тулд, тэр ч бүү хэл амь хайрлахын тулд үг хэлээгүй. Энэ үе шатанд хэлсэн үгэнд зөгнөл болон үнэн байдаг боловч үндсэндээ эдгээр үг нь хүнд амь хайрлахын төлөө байдаг. Одоо үеийн үг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдтэй адилгүй. Энэ нь зөгнөл хэлэхийн төлөө биш, харин хүний амийн төлөөх, хүний амь зан чанарыг өөрчлөхийн төлөөх ажлын үе шат юм. Эхний үе шат нь Еховагийн ажил байсан: Түүний ажил нь газар дээр Бурханыг шүтэн мөргөх замыг хүнд зориулан бэлдэхийн төлөө байв. Энэ нь газар дээрх ажлын анхдагч газар нутгийг олох эхлэлийн ажил байсан юм. Тэр үед Ехова Амралтын өдрийг сахиж, эцэг эхээ хүндэтгэж, бие биетэйгээ эв найртай амьдрахад израильчуудыг сургасан. Учир нь, тухайн үеийн хүмүүс хүн гэж юу болохыг ойлгоогүй, мөн газар дээр яаж амьдрахыг ч ойлгоогүй. Ажлын эхний үе шатанд Тэрээр хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх шаардлагатай байсан юм. Еховагийн тэдэнд ярьсан бүхэн нь хүн төрөлхтний урьд нь мэддэггүй, эсвэл эзэмшдэггүй байсан зүйл байлаа. Тэр үед Бурхан олон эш үзүүлэгчийг зөгнөл хэлүүлэхээр өргөсөн ба тэд бүгд Еховагийн удирдамж дор ийнхүү хийсэн юм. Энэ нь зүгээр л Бурханы ажлын нэг хэсэг байв. Эхний үе шатанд Бурхан махбод болоогүй, иймээс Тэр эш үзүүлэгчдээр дамжуулан бүх овог болон үндэстэнд зааварчилсан. Өөрийнхөө цаг үед ажиллаж байхдаа Есүс одоогийнх шиг их яриагүй. Эцсийн өдрүүд дэх үгийн ажлын энэ үе шатыг өмнө нь ямар ч эрин үед хийж байгаагүй юм. Хэдийгээр Исаиа, Даниел, Иохан нар олон зөгнөл хэлсэн боловч тэдний зөгнөлүүд одоо хэлж байгаа үгээс шал өөр байв. Тэдний хэлсэн зүйл ердөө зөгнөл байсан боловч одоо хэлдэг үг тийм биш. Хэрвээ Би одоо ярьдаг бүхнээ зөгнөл болгон хувиргавал та нар ойлгож чадах уу? Миний хэлсэн зүйл Намайг явсны дараах хэрэг явдлын тухай байсан гэж үзвэл та нар яаж ойлгож чадах юм бэ? Есүсийн цаг үед, эсвэл Хуулийн эрин үед үгийн ажил хэзээ ч хийгдээгүй. Магадгүй зарим нь: “Ехова ч бас ажиллаж байх үедээ үг хэлээгүй гэж үү? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж, тэмдэг, гайхамшиг үзүүлэхээс гадна ажиллаж байхдаа Есүс ч бас үг хэлээгүй гэж үү?” хэмээн хэлэх байх. Үгийг хэрхэн хэлдэгт ялгаа байдаг. Еховагийн айлдсан үгийн мөн чанар юу байсан бэ? Тэр ердөө газар дээр амьдрахад нь хүмүүсийг залж чиглүүлж байсан ба амийн сүнслэг хэрэг явдлыг хөндөөгүй. Еховаг ярих үед энэ нь бүх газар нутгийн хүмүүст зааварчлахын төлөө байсан гэж яагаад хэлдэг вэ? “Зааварчлах” гэдэг үг нь тодорхой хэлж, шууд тушаах гэсэн үг. Тэрээр хүнийг амиар хангаагүй; харин, төдийлөн их сургаалт зүйрлэлгүйгээр, хүнийг зүгээр л гараас нь хөтөлж, Түүнийг яаж хүндэтгэхийг хүнд заасан. Еховагийн Израильд хийсэн ажил нь хүнтэй харьцаж, хүнийг сахилгажуулж, эсвэл хүнд шүүлт, гэсгээлт оноохын төлөө байгаагүй, харин хүнийг залж чиглүүлэхийн төлөө байсан юм. Цөлөөс манна цуглуул гэж Өөрийнх нь ардуудад хэлэхийг Ехова Мосед тушаасан. Өглөө бүр нар мандахаас өмнө тэд тухайн өдөр идэхэд нь л хангалттай хэмжээний манна түүдэг байлаа. Муудчихдаг байсан болохоор маннаг дараагийн өдөр болтол нь хадгалж болдоггүй байжээ. Тэр хүмүүст сургамжлаагүй, уг чанарыг нь ч илчлээгүй, мөн тэдний санаа бодлыг ч ил болгоогүй. Тэрээр хүмүүсийг өөрчлөөгүй, харин ч амьдралыг нь залж чиглүүлсэн юм. Тухайн үеийн хүмүүс яг л хүүхдүүд шиг, юу ч ойлгодоггүй байсан бөгөөд үндсэн хэдэн механик хөдөлгөөн л хийж чаддаг байсан тул Ехова олон түмнийг залж чиглүүлэхийн тулд л хууль гаргасан юм.

Үнэн сэтгэлээсээ эрж хайдаг бүх хүнийг өнөөдөр хийгдэж буй ажлын талаар мэдлэгтэй болгож, бүрмөсөн үнэмшүүлэхийн тулд сайн мэдээ түгээе гэвэл чи үе шат бүрд хийгдсэн ажлын дотоод түүх, мөн чанар, ач холбогдлыг тодорхой ойлгодог байх ёстой. Нөхөрлөлийг чинь сонсоод хүмүүс Еховагийн ажлыг болон Есүсийн ажлыг, тэр тусмаа өнөөдрийн Бурханы ажлыг, мөн ажлын гурван үе шатны холбоо болон ялгааг ойлгож болохуйц байлга. Сонсож дуусаад хүмүүс, гурван үе шат нь нэг нэгэндээ саад болдоггүй, харин бүгд нэг Сүнсний ажил, мөн хэдийгээр Тэд өөр өөр эрин үед ажиллаж, гүйцэтгэдэг ажлынх нь агуулга өөр, хэлдэг үг нь ч бас өөр байдаг боловч ажилладаг зарчим нь нэгэн ижил гэдгийг харахуйц байлга. Эдгээр зүйл бол Бурханыг дагадаг бүх хүний ойлгох ёстой хамгийн агуу үзэгдэл билээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих