Цор ганц Бурхан Өөрөө V Бурханы ариун байдал (II) (Хоёрдугаар хэсэг)

Өнгөрсөн удаад бид Бурханы мөн чанар хэрхэн ариун байдаг тухай нэг талыг нөхөрлөсөн. Үүгээр хүмүүст Бурханы ариун байдлын талаар мэдэх урам өгсөн боловч энэ нь хангалтгүй юм. Энэ нь хүмүүст Бурханыг бүрэн мэдэх боломж хангалттай олгож чадахгүйн зэрэгцээ Бурханы ариун байдал цор ганц гэдгийг хангалттай ойлгуулж чадахгүй. Түүнчлэн Бурханд бүрэн биежсэн ариун байдлын жинхэнэ утга учрыг үүгээр хүмүүс хангалттай ойлгож чадахгүй. Иймээс бид энэ сэдвээр үргэлжлүүлэн нөхөрлөх шаардлагатай. Өнгөрсөн удаад нөхөрлөл маань гурван сэдвийг хөндсөн тул одоо бид дөрөв дэх сэдвийг хэлэлцэх хэрэгтэй. Судраас уншаад нөхөрлөлөө эхэлцгээе.

Сатаны сорилт

Матай 4:1–4 Тэгээд Есүс диаволоор соригдохын тулд цөл рүү Сүнсээр хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны дараа өлсжээ. Соригч Түүн дээр ирээд, “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” гэж хэлэв. Гэвч Есүс үүнд хариулан, “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг” хэмээн хэлэв.

Диавол анх Эзэн Есүсийг сорихоор оролдсон үг энэ юм. Диаволын хэлсэн үг ямар агуулгатай байна вэ? (“Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа”) Диаволын хэлсэн эдгээр үг нэлээд энгийн хэдий ч эдгээр үгийн гол агуулгад ямарваа асуудал байна уу? “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол” гэж диавол хэлсэн, гэвч Есүс бол Бурханы хүү мөн гэдгийг диавол зүрх сэтгэлдээ мэдэж байсан уу, үгүй юу? Түүнийг Христ гэж мэдэж байсан уу, үгүй юу? (Мэдэж байсан.) Тэгвэл яагаад “Хэрвээ Чи” гэж хэлсэн юм бэ? (Тэр Бурханыг сорихоор оролдож байсан.) Гэвч ямар зорилгоор Бурханыг сорьсон юм бэ? “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол” гэж диавол хэлсэн. Есүс Христ бол Бурханы хүү гэдгийг тэр зүрх сэтгэлдээ мэдэж, тун тодорхой ойлгож байсан атлаа мэдсээр байж Түүнд захирагдаж, Түүнийг шүтэн мөргөсөн үү? (Үгүй.) Диавол яахыг хүссэн бэ? Энэ арга барилыг ашиглаж, ийм үг хэлээд Эзэн Есүсийг уурлуулж, уруу татан өгөөш үмхүүлж, Эзэн Есүсийг мэхлэн, өөрийн сэтгэлгээний дагуу аливааг хийлгэхийг хүссэн. Диаволын үг цаанаа ийм утгатай байсан бус уу? Эзэн Есүс Христ мөн гэдгийг нь Сатан зүрх сэтгэлдээ сайн мэдэж байсан хэрнээ ийм үг хэлсэн. Сатаны уг чанар ийм байдаг бус уу? Сатаны уг чанар юу вэ? (Зальжин, ёрын муу байх, Бурханыг огт хүндлэхгүй байх.) Сатан Бурханыг огт хүндэлдэггүй. Энд Сатан ямар сөрөг зүйл хийж байсан бэ? Бурхан руу дайрч давшлахыг хүссэн бус уу? Сатан энэ аргыг ашиглан Бурхан руу дайрч давшлахыг хүссэн тул, “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” хэмээсэн нь Сатаны ёрын муу санаархал энэ бус уу? Тэр яг яах гэж байсан юм бэ? Сатаны зорилго тун илэрхий байна: Сатан энэ аргыг ашиглан Эзэн Есүс Христийн байр суурь, ялгамж чанарыг үгүйсгэхээр оролдож байсан юм. Сатаны тэр үг, “Хэрэв Чи Бурханы Хүү юм бол эдгээр чулууг талх болго. Тэгж чадахгүй бол Чи Бурханы Хүү биш тул ажлаа цааш гүйцэтгэх ёсгүй” гэх утгатай байсан. Тийм биз дээ? Сатан энэ арга барилыг ашиглан Бурхан руу дайрч давшилж, Бурханы ажлыг нурааж, сүйрүүлэхийг хүссэн; Сатаны хорлонт байдал гэж энэ юм. Сатаны хорлонт байдал уг чанарынх нь төрөлх илэрхийлэл байдаг. Эзэн Есүс Христ бол Бурханы Хүү, бие махбодтой болсон Бурхан яг Өөрөө гэдгийг Сатан мэдэж байсан хэдий ч өөрийн эрхгүй ийм зүйл хийж, Бурханы араас нэхэн дагаж, Түүн рүү тууштай дайрч давшлан, Бурханы ажлыг саатуулж, сүйтгэхийн тулд асар их хичээл зүтгэл гаргасан билээ.

Тэгвэл Сатаны хэлсэн, “энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” хэмээх үгийг шинжицгээе. Чулууг талх болгон хувиргах гэдэг ямар нэг утгатай юу? Хоол байгаа бол яагаад үүнийгээ идэхгүй гэж? Яагаад чулууг хоол болгох шаардлагатай гэж? Энэ нь ямар ч утгагүй юм гэж хэлж болох уу? Тухайн үед Эзэн Есүс мацаг барьж байсан ч идэх хоолтой л байсан байлтай? (Тийм ээ.) Тэгвэл Сатаны үг учир утгагүй гэдгийг бид эндээс харж байна. Сатан заль мэхтэй, хорлонтой атлаа утга учиргүй, ухаанд багтамгүй байдгийг бид мөн л харж болно. Сатаны хийдэг хэд хэдэн зүйлээс хорлонт уг чанар нь харагддаг; Сатан Бурханы ажлыг бусниулах зүйл хийж байгааг харж болох бөгөөд үүнийг харвал Сатан үзэн ядам, уур хүргэм санагдана. Гэвч нөгөөтээгүүр чи Сатаны үг, үйлдлийн цаанаас томоогүй, хөгийн уг чанар олж харахгүй байна уу? Сатаны уг чанарын илчлэл энэ юм; Сатан иймэрхүү уг чанартай тул ийм зүйл хийнэ. Өнөөгийн хүмүүст Сатаны эдгээр үг утга учиргүй, марзан санагддаг. Гэвч Сатан үнэхээр ийм үг айлдах чадвартай. Түүнийг мэдлэггүй, утгагүй гэж хэлж болох уу? Сатаны ёрын муу газар сайгүй байдаг бөгөөд цаг ямагт илчлэгдэж байна. Эзэн Есүс түүнд хэрхэн хариулсан бэ? (“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг.”) Эдгээр үгэнд ямар нэг хүч чадал байна уу? (Байна.) Яагаад бид эдгээрт хүч чадал байна гэж хэлдэг вэ? Учир нь эдгээр үг үнэн юм. Тэгвэл хүн гагцхүү талхаар амь зуудаг уу? Эзэн Есүс дөчин өдөр, дөчин шөнийн турш мацаг барьсан. Тэгээд өлсөж үхсэн үү? (Үгүй.) Түүнийг өлсөж үхээгүй тул Сатан ирээд, “Чи чулууг хоол болгон хувиргавал идэх юмтай болох бус уу? Тэгвэл мацаг барих, гэдэс хоосон явах шаардлагагүй шүү дээ” гэх зэрэг үг хэлж, чулууг хоол болгон хувирга гэж өдөөн турхирсан. Гэвч Эзэн Есүс, “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” хэмээсэн нь хүн хэдий махан биед амьдардаг ч бие махбодыг нь хоол биш, харин Бурханы амаараа айлдсан үг бүр амьдруулж, амьсгалуулдаг юм гэсэн утгатай. Нэг талаар хүн эдгээр үгийг үнэн гэж үздэг. Эдгээр үг хүнд итгэл өгч, Бурханд найдаж болох юм байна, Бурхан бол үнэн юм байна гэдгийг мэдрүүлдэг. Нөгөөтээгүүр эдгээр үгэнд бодитой тал байна уу? Эзэн Есүс дөчин өдөр, дөчин шөнийн турш мацаг барьсныхаа дараа мөн л амьд сэрүүн зогсож байсан бус уу? Энэ бодит жишээ бус уу? Дөчин өдөр, дөчин шөнийн турш ямар ч хоол идээгүй атлаа Тэр амьд мэнд хэвээр байсан. Энэ нь Түүний үг үнэн гэдгийн хүчирхэг нотолгоо юм. Эдгээр үг энгийн байдаг, гэвч Эзэн Есүсийн зүрх сэтгэлээс гарсан эдгээр үгийг өөр хэн нэгэн зааж өгөв үү, эсвэл гагцхүү Сатаны хэлсэн зүйлээс болж Эзэн Есүс ийм үг бодож олсон хэрэг үү? Өөрөөр хэлбэл, Бурхан бол үнэн ба амь боловч Бурханы үнэн ба амь дараа нь нэмэгдсэн хэрэг үү? Хожмын туршлагаас гарсан хэрэг үү? Үгүй, тэдгээр нь Бурханд угаасаа байдаг. Өөрөөр хэлбэл үнэн ба амь нь Бурханы мөн чанар юм. Бурханд юу ч тохиолоо гэсэн Түүний илэрхийлдэг бүхэн үнэн байдаг. Түүний ярианы агуулга урт ч бай, богино ч бай хамаагүй энэхүү үнэн, эдгээр үг хүнд амьдрах боломж олгож, амь өгдөг бөгөөд үнэнийг олж авах, хүний амьдралын зам мөрийн талаар тодорхой ойлголттой болох, Бурханд итгэх боломж олгож чаддаг. Өөрөөр хэлбэл Бурхан эдгээр үгийг хэрэглэдэг нь эерэг эх сурвалжтай. Иймээс бид энэ эерэг зүйлийг ариун гэж хэлж болох уу? (Болно.) Сатаны үг Сатаны уг чанараас үүдэлтэй. Сатан ёрын муу, хорлонт уг чанараа цаг ямагт газар сайгүй илчилдэг. Тэгвэл Сатан эдгээр илчлэлийг аяндаа хийдэг үү? Эсвэл хэн нэгэн түүнийг ингэ гэж удирддаг уу? Түүнд тусалдаг уу? Түүнийг албаддаг уу? (Үгүй.) Энэ бүх илчлэлээ Сатан өөрийн дураар хийдэг. Энэ нь Сатаны ёрын муу уг чанар юм. Бурхан юуг ч, яаж ч хийлээ гэсэн Сатан Түүнийг нэхэн дагадаг. Сатаны хэлж, хийдэг эдгээр зүйлийн мөн чанар, жинхэнэ уг чанар нь Сатаны мөн чанар буюу ёрын муу, хорлонт мөн чанар юм. Тэгвэл цааш уншихад Сатан өөр юу гэж хэлсэн байна вэ? Уншицгаая.

Матай 4:5–7 Тэгээд диавол Түүнийг ариун хот руу аваачиж, сүмийн орой дээр зогсоогоод, Түүнд, “Хэрэв Чи Бурханы Хүү юм бол доошоо үсэр: учир нь, Чиний төлөө Тэр тэнгэрэлч нартаа тушаах болно: Чамайг хөлөө чулуунд цохих вий гэсэндээ тэд Чамайг гар дээрээ өргөх болно гэж бичигдсэн байдаг шүү дээ” гэлээ. Есүс түүнд, “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь гэж бас бичигдсэн байдаг” гэж хэлэв.

Сатаны энд хэлсэн үгийг эхлээд ярилцъя. “Хэрэв Чи Бурханы Хүү юм бол доошоо үсэр” гэж Сатан хэлээд “Чиний төлөө Тэр тэнгэрэлч нартаа тушаах болно: Чамайг хөлөө чулуунд цохих вий гэсэндээ тэд Чамайг гар дээрээ өргөх болно” хэмээн судраас эш татсан байна. Сатаны үгийг сонсоход ямаршуу санагдаж байна? Маш томоогүй байгаа биз? Түүний үг маш томоогүй, утга учиргүй, ой гутам байна. Би яагаад ингэж хэлж байна вэ? Сатан үргэлж мунхаг зүйл хийж, өөрийгөө тун овжин гэж боддог. Судраас байнга эш татаж, тэр ч бүү хэл Бурханы хэлсэн үгийг ч эш татан, Бурханы ажлын төлөвлөгөөг сүйтгэх зорилгоо биелүүлэхийн тулд эдгээр үгийг Бурханы эсрэг эргүүлж, Түүн рүү дайрч давшлах, Түүнийг сорихоор оролддог. Ямартай ч чи Сатаны хэлсэн эдгээр үгээс ямар нэг зүйл харж чадав уу? (Сатан ёрын муу санаа өвөрлөдөг юм байна.) Сатан хийдэг бүхэндээ цаг ямагт хүн төрөлхтнийг сорихоор эрэлхийлж ирсэн юм. Сатан илэн далангүй ярьдаггүй, харин сорьж, толгой эргүүлж, сэтгэл булаах тойруу замаар үг хэлдэг. Сатан сорилтдоо Бурханыг эгэл хүн мэтээр үзэж, Түүнийг мөн л мэдлэггүй, мунхаг, аливаа зүйлийн жинхэнэ дүрийг хүн шиг тодорхой ялгах чадваргүй гэж итгэх хандлагатай байдаг. Бурхан, хүн хоёрын аль аль нь Сатаны мөн чанар, ов мэх, ёрын санаа зорилгыг нэвт харах чадваргүй гэж Сатан боддог. Сатаны мунхаглал гэж энэ бус уу? Түүнчлэн Сатан судраас хэт их эш татаж, үүгээр өөрийгөө үнэмшилтэй болгож байна гэж итгэн, чамайг үгээс нь ямар ч өө сэв олж чадахгүй, мөн хууртахаас зайлсхийж чадахгүй гэж боддог. Сатаны утга учиргүй, томоогүй зан энэ бус уу? Хүмүүс сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийх үетэй энэ нь яг адил: Заримдаа үл итгэгчид Сатаны хэлсэн үгтэй төстэй зүйл хэлэх бус уу? Хүмүүс иймэрхүү зүйл хэлэхийг та нар сонсож байсан уу? Ийм үг сонсоод чамд ямар санагддаг вэ? Ой гутдаг уу? (Тийм.) Ой гутах үедээ чи мөн хорсол, үзэн ядалт мэдэрдэг үү? Ийм мэдрэмж төрөх үед, Сатан болон Сатаны хүнд өгдөг завхарсан зан чанар нь хорон муу гэдгийг чи таньж чаддаг уу? “Сатан дайрч давшлах, сорихын тулд үг хэлдэг юм байна; Сатаны үг утгагүй, хөгийн, томоогүй, ой гутам юм; гэтэл Бурхан хэзээ ч ийм маягаар үг хэлж, ажиллахгүй, Тэр үнэхээр хэзээ ч тэгж байгаагүй” хэмээн зүрх сэтгэлдээ чи ер нь ухаардаг уу? Мэдээж энэ нөхцөлд хүмүүс үүнийг бүдэг бадаг л мэдэрч чаддаг бөгөөд Бурханы ариун байдлыг ухаарах чадваргүй хэвээр үлддэг. Тийм биз дээ? Өнөөгийнхөө биеийн хэмжээгээр та нар гагцхүү ингэж мэдэрдэг: “Бурханы хэлдэг бүхэн үнэн бөгөөд бидэнд ашиг тустай, бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.” Үүнийг чи хүлээн зөвшөөрч чаддаг ч бай, үгүй ч бай ялгаагүй Бурханы үг бол үнэн, Бурхан бол үнэн гэж хэлдэг хэдий ч үнэн өөрөө ариун, Бурхан бол ариун гэдгийг мэддэггүй.

Тэгвэл Сатаны эдгээр үгэнд Есүс юу гэж хариулсан бэ? “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” хэмээсэн. Есүсийн хэлсэн эдгээр үг үнэний ортой юу? (Тийм ээ.) Эдгээр нь үнэний ортой. Гаднаа эдгээр үг нь хүмүүсийн дагаж мөрдөх тушаал, энгийн үг хэллэг боловч хүн, Сатан хоёр хоёулаа эдгээр үгэнд байнга халдаж ирсэн юм. Иймээс Эзэн Есүс, “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” гэж Сатанд хэлсэн, учир нь Сатан үргэлж ийм зүйл хийж, үүндээ их хичээл зүтгэл гаргадаг байсан юм. Сатан ичгүүр сонжуургүйгээр ийм зүйл хийдэг байсан гэж хэлж болно. Бурханаас айхгүй, зүрх сэтгэлдээ Бурханыг хүндлэхгүй байх нь Сатаны салшгүй уг чанар юм. Сатан Бурханы дэргэд зогсож, Түүнийг харж чаддаг байхдаа ч өөрийн эрхгүй Бурханыг сорьсон. Иймээс Эзэн Есүс Сатанд, “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” хэмээжээ. Эдгээр нь Бурханы Сатанд байнга хэлж ирсэн үг юм. Тэгвэл энэ хэллэгийг өнөөдөр хэрэглэхэд тохиромжтой юу? (Тийм ээ, яагаад гэвэл бид ч бас Бурханыг байнга сорьдог.) Яагаад хүмүүс Бурханыг байнга сорьдог юм бэ? Завхарсан сатанлаг зан чанараар дүүрэн байдаг учраас тэгдэг үү? (Тийм ээ.) Тэгвэл Сатаны дээрх үгийг хүмүүс байнга хэлдэг үү? Мөн ямар нөхцөлд ингэж хэлдэг вэ? Хүмүүс цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ийм үг хэлсээр ирсэн гэхэд болно. Хүмүүсийн зан чанар нь Сатаны завхарсан зан чанараас ялгарах юмгүй гэдгийг энэ нотолдог. Эзэн Есүс үнэнийг төлөөлдөг, хүнд хэрэгтэй цөөхөн эгэл жирийн үг хэлсэн. Гэхдээ энэ нөхцөлд Эзэн Есүс Сатантай маргахын тулд ийм маягаар ярьж байсан гэж үү? Түүний Сатанд хэлсэн үгэнд сөргөлдсөн зүйл байсан уу? (Байгаагүй.) Эзэн Есүсийн сэтгэлд Сатаны сорилт ямар санагдсан бэ? Эзэн үүнд ой гутаж, эвгүйцсэн үү? (Тэгсэн.) Эзэн Есүс ой гутаж, эвгүйцсэн атлаа Сатантай маргаагүй бөгөөд аливаа агуу зарчмын талаар бүр ч яриагүй. Яагаад тэр вэ? (Яагаад гэвэл Сатан ямагт ийм байдаг; тэр хэзээ ч өөрчлөгдөх аргагүй.) Сатан учирлахыг сонсдоггүй гэхэд болох уу? (Болно.) Бурхан бол үнэн гэдгийг Сатан хүлээн зөвшөөрч чадах уу? Бурхан бол үнэн гэдгийг Сатан хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, мөн Бурхан бол үнэн гэж хэзээ ч зөвшөөрөхгүй; Сатан ийм уг чанартай. Түүнчлэн Сатаны уг чанар бас нэг ой гутам талтай. Тэр нь юу вэ? Эзэн Есүсийг Сатан сорих гэж чармайхдаа бүтэлгүйтэх байлаа ч хамаагүй оролдоод үзнэ гэж бодсон. Шийтгүүлэх байлаа ч гэсэн оролдоод үзэхээр шийдсэн. Ингэх нь ямар ч ашиггүй байлаа ч Сатан оролдож, тууштай зүтгэл гарган, эцсээ хүртэл Бурханы эсрэг зогсох байсан юм. Энэ ямар гээч уг чанар вэ? Ёрын муу уг чанар бус уу? Бурханыг дурдах үед хилэгнэж, багтартлаа уурладаг хүн Бурханыг харсан уу? Бурхан гэж хэн болохыг мэдэх үү? Тэр хүн Бурхан гэж хэн болохыг мэддэггүй, Түүнд итгэдэггүй бөгөөд Бурхан түүнтэй яриагүй байдаг. Бурхан түүнд хэзээ ч төвөг удаагүй атал юунд уурлана вэ? Энэ хүнийг ёрын муу гэхэд болох уу? Ийм хүн ертөнцийн бусад зүйлд уурладаггүй, түгээмэл хандлага, амралт чөлөөт цагаар хийдэг зүйл, хоол унд, алдартнууд, гоё сайхан хүмүүс гэх зэрэг ертөнцийн бусад зүйлийн алийг ч тээршээдэггүй атлаа “Бурхан” гэх үгийг ганц дурдмагц багтартлаа уурладаг; ёрын муу уг чанартай гэдгийг нь энэ илтгэдэг бус уу? Энэ нь хүний ёрын муу уг чанар гэдгийг үүгээр нотлоход хангалттай. Тэгвэл та нарын хувьд, үнэнийг дурдах юм уу хүн төрөлхтнийг шалгах Бурханы шалгалт, хүнийг шүүх Бурханы шүүлтийн үгийг дурдахаар зэвүүцэх үе байдаг уу? Та нар зэвүүцэж, тийм зүйл сонсохыг хүсдэггүй юу? “Бурхан бол үнэн гэж хүн бүхэн хэлдэг бус уу? Эдгээр үгийн зарим нь худлаа юм байна! Хүнд чиглэсэн Бурханы анхааруулах үг харваас биш байна!” гэж чи сэтгэлдээ бодож магад. Зарим хүн тэр ч бүү хэл зүрх сэтгэлдээ ихэд зэвүүцэж, “Өдөр болгон л Түүний шалгалт, шүүлтийн талаар ярьдгаа хэзээ болих юм бэ? Хэзээ бид сайн хүрэх газартай золгох юм бэ?” гэж бодож магадгүй. Энэхүү үндэслэлгүй уур хаанаас гардаг нь мэдэгддэггүй. Энэ ямар гээч уг чанар вэ? (Ёрын муу уг чанар.) Үүнийг Сатаны ёрын муу уг чанар удирдан чиглүүлдэг. Бурханы зүгээс Сатаны ёрын муу уг чанар, хүний завхарсан зан чанарын тухайд хэзээ ч маргаж, хүмүүсийн эсрэг өс санадаггүй бөгөөд хүмүүсийг мунхаглах үед хэзээ ч сүр бадруулдаггүй. Аливаа зүйлийн тухайд Бурхан хүмүүстэй адилхан бодол баримтлахыг чи хэзээ ч харахгүй, түүнчлэн асуудлыг зохицуулахдаа хүн төрөлхтний үзэл бодол, мэдлэг, шинжлэх ухаан, гүн ухаан, төсөөллийг ашиглаж байхыг нь хэзээ ч үзэхгүй. Харин ч Бурханы хийдэг бүхэн, илчилдэг бүхэн нь үнэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр үнэнтэй уялдаатай байдаг. Энэ үнэн нь үндэслэлгүй уран сэтгэмжээс үүддэггүй; энэ үнэн, эдгээр үгийг Бурхан Өөрийн мөн чанар, амийн үндсэн дээр илэрхийлдэг. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүх зүйлийн мөн чанар нь үнэн байдаг тул Бурханы мөн чанар нь ариун гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл Бурханы хэлдэг бүх үг, хийдэг бүх зүйл хүмүүст амин чанар, гэрэл авчирч, эерэг зүйл болон тэдгээрийн бодит байдлыг харах боломж олгож, хүн төрөлхтөнд замыг заан, зөв замаар алхуулдаг. Эдгээр зүйлийг бүгдийг нь Бурханы мөн чанар болон Түүний ариун байдлын мөн чанар тодорхойлдог. Та нар одоо үүнийг ойлгосон биз дээ? Тэгвэл судрын бас нэгэн хэсгийг цааш уншицгаая.

Матай 4:8–11 Диавол Түүнийг дахин асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон алдар сууг нь үзүүллээ; Тэгээд тэр Түүнд, “Хэрвээ Чи газар унан, надад мөргөвөл би энэ бүхнийг чамд өгнө” гэв. Тэгэхэд Есүс түүнд, “Зайл, Сатан: учир нь ‘Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил’ гэж бичигдсэн байдаг” гэж хэлжээ. Тэгээд диавол Түүнийг орхиход тэнгэрэлчүүд ирж, Түүнд үйлчилж эхлэв.

Өмнөх хоёр явуулга нь бүтэлгүйтэхэд диавол Сатан бас нэгэн явуулга хийхээр оролджээ: Эзэн Есүст ертөнцийн бүх хаант улс, тэдгээрийн алдар сууг үзүүлээд, өөрийг нь шүт гэж хүссэн байна. Энэ нөхцөл байдлаас диаволын үнэн төрхийн тухайд юу харагдаж байна вэ? Диавол Сатан туйлын ичгүүргүй гэдэг нь харагдаж байна уу? (Тийм ээ.) Сатан яагаад ичгүүргүй байна вэ? Бүх зүйлийг Бурхан бүтээсэн атал Сатан эргээд Бурханд бүх зүйлийг үзүүлж, “Энэ бүх хаант улсын эд баялаг, алдар сууг хар. Намайг шүт, тэгвэл энэ бүхнийг Чамд өгье” хэмээсэн. Энэ нь байдлыг орвонгоор нь эргүүлсэн хэрэг бус уу? Сатан ичгүүргүй бус уу? Бурхан бүх зүйлийг бүтээхдээ бүхнийг Өөрийн таашаалд зориулан бүтээсэн гэж үү? Бурхан хүн төрөлхтөнд бүх зүйлийг өгсөн, харин Сатан энэ бүхнийг булаахыг хүссэн бөгөөд бүгдийг нь булаачхаад, “Намайг шүт! Намайг шүтэх юм бол энэ бүхнийг Чамд өгье” гэж Бурханд хэлсэн. Энэ нь ичих нүүрээ элгэндээ наасан Сатаны үзэшгүй муухай царай мөн, тийм биз дээ? Сатан “ичгүүр” гэдэг үг ямар утгатайг ч мэддэггүй. Энэ нь Сатаны ёрын муу байдлын бас нэг наад захын жишээ юм. Ичгүүр гэж юу болохыг ч тэр мэддэггүй. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, мөн Бурхан бүх зүйлийг удирдаж, ноёрхдог гэдгийг Сатан харваас мэддэг. Бүх зүйл Бурханы харьяа байдаг болохоос хүнд харьяалагддаггүй, Сатанд бүр ч харьяалагддаггүй. Гэтэл диавол Сатан бүх зүйлийг Бурханд өгнө гэж ичихгүй хэлсэн. Сатан дахиад л утгагүй, ичгүүргүй аашилж байгаагийн бас нэгэн жишээ энэ бус уу? Үүнээс үүдэн Бурхан Сатаныг улам ч их үзэн яддаг, тийм биз? Гэвч Сатан яаж ч оролдлоо гэсэн Эзэн Есүс хууртсан уу? Эзэн Есүс юу гэж хэлсэн бэ? (“Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил.”) Эдгээр үг нь бодит утгатай юу? (Тийм ээ.) Ямаршуу бодит утгатай вэ? Сатаны ёрын муу, ичгүүргүй байдал ярианаас нь харагддаг. Иймээс хүн Сатаныг шүтвэл ямар үр дүнд хүрэх вэ? Бүх хаант улсын эд баялаг, алдар сууг хүртэх үү? (Үгүй.) Тэгвэл юунд хүрэх вэ? Хүн төрөлхтөн зүгээр л яг Сатан шиг ичгүүргүй, хөгийн болох уу? (Тэгнэ.) Тэгвэл тэд Сатанаас ямар ч ялгаагүй болно. Иймээс Эзэн Есүс, “Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” хэмээсэн нь хүн болгонд чухал юм. Энэ нь Эзэнд, Бурханд Өөрт нь үйлчлэхээс бусдаар өөр нэгэнд үйлчилж, диавол Сатаныг шүтсэн бол чи Сатантай адилхан бузар булайд хөлбөрөх болно гэсэн үг. Тэгвэл Сатан шиг ичгүүргүй, ёрын муу болж, Сатаны яг адилаар Бурханыг сорьж, Бурхан руу дайрч давшилна. Тэгвэл чи ямар үр дүнд хүрэх вэ? Бурханд жигшигдэж, Бурханаар цохиулж унан, сөнөх болно. Эзэн Есүсийг Сатан хэдэнтээ сориод бүтэлгүйтсэнийхээ дараа дахин оролдож үзсэн үү? Дахин оролдож үзэлгүй яваад өгсөн. Энэ нь юуг нотолдог вэ? Бурханы өмнө Сатаны ёрын муу уг чанар, хорлонт зан, утгагүй, дэмий балай байдлыг дурдаад ч хэрэггүй гэдгийг нотолдог. Эзэн Есүсийн гуравхан өгүүлбэрт ялагдчихаад Сатан нүүрээ харуулахаас ч ичиж, сүүлээ хавчуулан гүйж одсон бөгөөд Эзэн Есүсийг дахин хэзээ ч сориогүй. Сатаны энэ сорилтыг Эзэн Есүс давсан тул Өөрийн хийх ёстой ажил, өмнөө байгаа албыг амархан үргэлжлүүлж чадсан юм. Энэ нөхцөлд Эзэн Есүсийн хэлсэн үг, хийсэн бүхнийг өнөө үед ашигласан тохиолдолд хүн болгонд бодит утга учиртай байх уу? (Тийм ээ.) Ямар бодит утгатай байх вэ? Сатаныг ялах амархан хэрэг үү? Сатаны ёрын муу уг чанарын талаар хүмүүс тодорхой ойлголттой байх ёстой юу? Сатаны сорилтын талаар хүмүүс нарийн ойлголттой байх ёстой юу? (Тийм ээ.) Чи өөрийн амьдралд Сатаны сорилтыг туулахдаа ёрын муу уг чанарыг нь нэвт харж чадвал түүнийг ялж чадах бус уу? Хэрэв чи Сатаны утгагүй, дэмий балай байдлын талаар мэдсэн бол мөн л Сатаны талд зогсон Бурхан руу дайрч давшилна гэж үү? Сатаны хорлонтой, ичгүүргүй байдал чамаар дамжин хэрхэн илэрч байгааг ойлгож, эдгээр зүйлийг тодорхой таньж, ухаарсан бол Бурханыг ийм маягаар дайрч давшилж, сорьсоор байх уу? (Үгүй, тэгэхгүй.) Тэгвэл яах вэ? (Бид Сатаны эсрэг тэрсэлж, түүнийг хөсөр хаях байсан.) Ингэх нь амархан хэрэг үү? Ингэх амаргүй. Ингэхийн тулд хүмүүс тогтмол залбирч, Бурханы өмнө байнга очиж, өөрсдийгөө шинжих ёстой. Мөн Бурханаас сахилгажуулалт, шүүлт, гэсгээлт хүртэхийг зөвшөөрөх ёстой. Ийм маягаар л хүмүүс Сатаны ов мэх, хяналтаас аажмаар ангижирна.

Тэгвэл Сатаны хэлсэн энэ бүх үгийг хараад Сатаны мөн чанарыг бүрдүүлдэг зүйлсийг нэгтгэн дүгнэе. Нэгдүгээрт, Бурхан ариун байдгийн эсрэгээр Сатаны мөн чанар ерөнхийдөө ёрын муу байдаг гэж хэлж болно. Яагаад Би Сатаны мөн чанарыг ёрын муу гэж хэлж байна вэ? Энэ асуултад хариулахын тулд Сатаны хүмүүст хийдэг зүйлийн үр дагаврыг шинжих ёстой. Сатан хүнийг завхруулж хянадаг бөгөөд хүн Сатаны завхарсан зан чанарын дор үйлдэж, Сатаны завхруулсан хүний ертөнцөд амьдардаг. Хүн төрөлхтөн өөрийн мэдэлгүй Сатанд эзэмдүүлж, уусдаг; иймээс хүн Сатаны уг чанар болох Сатаны завхарсан зан чанартай байдаг. Сатаны биеэ тоосон занг хэлсэн үг, хийсэн бүхнээс нь харав уу? Заль мэх, хорлонт байдлыг нь харсан уу? Сатаны биеэ тоосон зан гол төлөв хэрхэн харагддаг вэ? Сатан ямагт Бурханы байр суурийг эзлэх хүсэл өвөрлөдөг үү? Бурханы ажил, байр суурийг нурааж, өөртөө булаах, улмаар өөрийгөө хүмүүсээр дагуулж, дэмжүүлж, шүтүүлэхийг хүсдэг; энэ нь Сатаны биеэ тоосон уг чанар юм. Сатан хүмүүсийг завхруулах үедээ тэдэнд яах ёстойг шууд хэлж өгдөг үү? Сатан Бурханыг сорих үедээ гарч ирээд, “Би Чамайг сорьж байна, би чам руу дайрч давшлах гэж байна” гэж хэлдэг үү? Яавч тэгдэггүй. Тэгвэл ямар арга барил хэрэглэдэг вэ? Уруу татаж, сорьж, дайрч давшилж, урхи тавьж, тэр ч бүү хэл судраас эш татдаг. Сатан ёрын зорилгодоо хүрч, санаа зорилгоо биелүүлэхийн тулд янз бүрийн байдлаар үг хэлж, үйлддэг. Ингэснийх нь дараа хүнд илэрдэг зүйлээс юуг харж болох вэ? Хүмүүс бас биеэ тоодог бус уу? Хүн олон мянган жилийн туршид Сатаны завхралд өртсөн тул биеэ тоосон, овжин, хорлонтой, эрүүл ухаангүй болсон юм. Энэ бүх зүйл нь Сатаны уг чанараас үүдэн бий болдог. Сатан ёрын муу уг чанартай тул ийм ёрын муу уг чанарыг хүнд өгч, ийм ёрын муу, завхарсан зан чанарыг хүнд авчирчээ. Иймээс хүн завхарсан сатанлаг зан чанарын дор амьдарч, Сатаны адилаар Бурханыг эсэргүүцэж, дайрч давшилж, сорьдог бөгөөд Бурханыг шүтэн мөргөж чадахгүй, мөн Бурханыг хүндлэх зүрх сэтгэлгүй болохдоо тулдаг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих