Өдөр тутмын Бурханы үг: Шашны үзлийг илчлэх нь | Эшлэл 288

2020-09-11

Тухайн үед Есүсийн ажлын нэг хэсэг нь Хуучин Гэрээний дагуу, түүнчлэн Хуулийн эрин үеийн Мосегийн хууль, Еховагийн үгийн дагуу байв. Есүс Өөрийн ажлын нэг хэсгийг хийхдээ энэ бүхнийг ашигласан юм. Тэрээр хүмүүст номлож, синагогт тэдэнд зааж сургаж, Өөртэй нь дайсагнадаг фарисайчуудыг зэмлэхийн тулд Хуучин Гэрээн дэх эш үзүүлэгчдийн зөгнөлийг хэрэглэж, тэдний дуулгаваргүй байдлыг илчилж, улмаар тэднийг яллахын тулд Бичвэрийн үгийг ашигласан. Учир нь тэд Есүсийн хийсэн зүйлийг үзэн ядсан; ялангуяа Есүсийн ажлын ихэнх нь Бичвэр дэх хуулийн дагуу байгаагүй, түүнчлэн Түүний зааж сургасан зүйл тэдний өөрсдийнх нь үгээс илүү өндөр, Бичвэр дэх эш үзүүлэгчдийн зөгнөсөн зүйлээс ч илүү дээгүүр байсан учраас тэд үзэн яджээ. Есүсийн ажил зөвхөн хүний золин аврал болон цовдлолын төлөө л байсан тул ямар нэгэн хүнийг байлдан дагуулахын тулд илүү их үг хэлэх хэрэггүй байсан юм. Хүмүүст Түүний заасан зүйлийн ихэнх нь Бичвэрийн үгээс гарсан бөгөөд Түүний ажил Бичвэрээс хэтрээгүй ч гэсэн, Тэрээр цовдлолын ажлыг гүйцэлдүүлж мөн л чадсан юм. Түүний ажил үгийн ажил байгаагүй, хүн төрөлхтнийг байлдан дагуулахын төлөө ч хийгдээгүй, харин хүн төрөлхтнийг золин аврахын төлөө хийгдсэн ажил билээ. Тэр зөвхөн хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болсон бөгөөд хүн төрөлхтний төлөөх үгийн эх сурвалж болоогүй. Тэрээр хүнийг байлдан дагуулах ажил болох Харь үндэстний ажлыг хийгээгүй, харин Бурхан байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн дунд хийгдсэн цовдлолын ажлыг хийсэн юм. Хэдийгээр ажил нь Бичвэрийн суурин дээр хийгдэж, Тэрээр фарисайчуудыг яллахын тулд эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашигласан боловч энэ нь цовдлолын ажлыг гүйцэлдүүлэхэд хангалттай байв. Хэрвээ өнөөдрийн ажил мөн л Бичвэр дэх эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийн суурин дээр хийгдсэн бол та нарыг байлдан дагуулах боломжгүй байх байсан, учир нь Хуучин Гэрээнд Хятадын ард түмэн та нарын дуулгаваргүй байдал болон нүглийг тэмдэглээгүй байдаг ба та нарын нүглийн тухай ямар ч түүх байдаггүй. Иймээс хэрвээ энэ ажил мөн л Библид тулгуурласан бол та нар хэзээ ч буулт хийхгүй байсан. Библи нь израильчуудын хязгаарлагдмал түүхийг л тэмдэглэсэн байдаг бөгөөд сайн муу эсэхийг чинь тогтоох юм уу та нарыг шүүх чадваргүй. Би та нарыг израильчуудын түүхийн дагуу шүүх байлаа гээд төсөөлөөд үз—та нар Намайг өнөөдрийнх шигээ дагасаар байх байсан уу? Та нар хэчнээн хэцүү гэдгээ мэдэх үү? Энэ үе шатанд ямар ч үг хэлээгүй бол байлдан дагуулах ажлыг гүйцэлдүүлэх боломжгүй байх байв. Би загалмайд цовдлуулах гэж ирээгүй учраас та нарыг байлдан дагуулахын тулд Библиэс тусдаа үгийг хэлэх ёстой. Есүсийн хийсэн ажил Хуучин Гэрээнээс ердөө нэг үе шатаар өндөр байв; энэ нь эрин үеийг эхлүүлж, тэрхүү эрин үеийг удирдахад ашиглагдсан. Яагаад Тэр: “Би хуулийг хэрэгсэхгүй болгохын тулд биш, харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн” гэж хэлсэн бэ? Гэсэн ч Хуучин гэрээний израильчуудын хэрэгжүүлж байсан хууль болон даган мөрдөж байсан тушаалуудаас ялгаатай зүйл Түүний ажилд их байсан, учир нь Тэр хуулийг дуулгавартай дагахаар биш, харин гүйцэлдүүлэхээр ирсэн билээ. Үүнийг гүйцэлдүүлэх үйл явц нь олон бодитой зүйлсийг агуулж байсан: Түүний ажил илүү жинхэнэ, бодитой байсан, цаашлаад энэ нь илүү амьд агаад дүрэм журмыг сохроор баримтлах явдал биш байсан. Израильчууд Амралтын өдрийг сахиагүй гэж үү? Есүс ирэхдээ Амралтын өдрийг чанд мөрдөөгүй, учир нь Тэрээр, хүний Хүү бол Амралтын өдрийн Эзэн бөгөөд Амралтын өдрийн Эзэн ирэх үедээ хүссэнээрээ хийнэ гэж хэлсэн юм. Тэрээр Хуучин гэрээний хуулиудыг гүйцэлдүүлж, хуулийг өөрчлөхийн тулд ирсэн билээ. Өнөөдөр хийгддэг бүхэн өнөө үед үндэслэдэг ч Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын суурин дээр тулгуурладаг бөгөөд энэ цар хүрээг давдаггүй. Жишээлбэл, хэлэх үгээ хянах, садар самуун үйлдэхгүй байх зэрэг нь Хуучин Гэрээний хууль биш гэж үү? Өнөөдөр та нараас шаарддаг зүйл зөвхөн Арван Тушаалаар хязгаарлагддаггүй, харин урьд байснаас илүү өндөр зэрэглэлийн тушаал болон хуулиас бүрддэг. Гэхдээ энэ нь урьдын зүйлсийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг биш, учир нь Бурханы ажлын үе шат бүр урьд нь явагдсан үе шатны суурин дээр хийгддэг. Тахил өргөх, эцэг эхээ хүндлэх, хуурамч шүтээн шүтэхгүй байх, бусдыг дайрч доромжлохгүй, эсвэл хараахгүй байх, садар самуун үйлдэхгүй байх, тамхи татахгүй, архи уухгүй байх, үхсэн юм идэхгүй, цус уухгүй байх гэх мэт Еховагийн Израильд хийсэн зүйлсийн тухайд бол, өнөөдөр ч гэсэн энэ нь хэрэгжүүлэлтийн чинь суурийг бүрдүүлдэггүй гэж үү? Өнгөрсөн үеийн суурин дээр л өнөөдрийг хүртэл ажил хийгдсээр ирсэн. Хэдийгээр өнгөрсөн үеийн хуулиудыг дурдахаа больж, чамд шинэ шаардлага тавьсан боловч эдгээр хууль хүчингүй болоогүйгээр үл барам, харин ч илүү өндөр байр сууринд өргөгдсөн юм. Тэдгээрийг хүчингүй болгосон гэж хэлбэл өмнөх эрин үе хуучирсан гэсэн үг, гэхдээ зарим тушаалыг чи мөн л үүрд мөнхөд баримтлах ёстой. Өнгөрсөн үеийн тушаалууд аль хэдийн хэрэгжиж, аль хэдийн хүний оршихуй болсон бөгөөд “тамхи татаж болохгүй”, “архи ууж болохгүй” гэх мэт тушаалуудыг онцлон тэмдэглэх хэрэггүй. Энэ суурин дээр, өнөөдрийн хэрэгцээний чинь дагуу, биеийн хэмжээний чинь дагуу, өнөөдрийн ажлын дагуу шинэ тушаалуудыг гаргадаг. Шинэ эрин үеийн тушаалуудыг тунхаглах нь хуучин эрин үеийн тушаалуудыг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг биш, харин хүний үйлдлийг илүү бүрэн гүйцэд болгож, бодит байдалтай илүү зохицолтой болгохын тулд энэ суурин дээр тэдгээрийг илүү өндөрт өргөх явдал юм. Хэрвээ өнөөдөр та нараас израильчуудын адилаар зөвхөн Хуучин Гэрээний тушаалыг дагаж, хуулийг мөрдөхийг л шаардсан бол, тэр ч бүү хэл Еховагийн тогтоосон хуулийг цээжлэхийг шаардсан бол та нар өөрчлөгдөх ямар ч боломжгүй байх байлаа. Хэрвээ та нар тэр хэдхэн хязгаарлагдмал тушаалуудыг дагаж, эсвэл тоо томшгүй олон хууль цээжилсэн бол хуучин уг чанар чинь гүнзгий шингэсэн хэвээр үлдэх байсан бөгөөд үүнийг үндсээр нь арилгах ямар ч аргагүй байх байв. Тиймээс та нар улам бүр доройтох байсан бөгөөд та нарын нэг нь ч дуулгавартай болохгүй байх байсан юм. Өөрөөр хэлбэл, хэдхэн энгийн тушаал, эсвэл тоймгүй олон хууль Еховагийн үйл хэргийг мэдэхэд чинь туслах чадваргүй. Та нар израильчуудтай адилхан биш: Хуулийг дагаж, тушаалыг цээжилснээр тэд Еховагийн үйл хэргийг нүдээр харж, өөрсдийн чин үнэнч байдлыг ганцхан Түүнд өгч чаддаг байсан. Харин та нар үүнд хүрч чадахгүй бөгөөд Хуучин Гэрээний эрин үеийн хэдхэн тушаал нь та нарыг зүрх сэтгэлээ өгөхөд хүргэх, эсвэл та нарыг хамгаалах чадваргүйгээр үл барам, харин ч та нарыг цалгар болгож, Үхэгсдийн орон руу унагана. Учир нь Миний ажил байлдан дагуулалтын ажил бөгөөд энэ нь та нарын дуулгаваргүй байдал болон хуучин уг чанар луу чиглэдэг. Ехова, Есүс хоёрын эелдэг үг өнөөгийн шүүлтийн хатуу үгээс хавьгүй дутмаг байдаг. Тийм хатуу үггүйгээр, хэдэн мянган жилийн турш дуулгаваргүй байсаар ирсэн “мэргэжилтнүүд” та нарыг байлдан дагуулах боломжгүй юм. Хуучин Гэрээний хуулиуд нь та нарт нөлөөлөх хүчээ аль хэдийн алдсан ба өнөөдрийн шүүлт хуучин хуулиас хавьгүй илүү хатуу. Та нарт хамгийн тохиромжтой зүйл бол хуулийн шалихгүй хязгаарлалтууд биш, харин шүүлт юм, учир нь та нар хамгийн анхны хүн төрөлхтөн биш, харин хэдэн мянган жилийн турш ялзруулагдсан хүн төрөлхтөн билээ. Хүний одоо хүрэх ёстой зүйл өнөөдрийн хүний бодит байр байдлын дагуу, өнөө цагийн хүний хэв чанар болон бодит биеийн хэмжээний дагуу байдаг бөгөөд дүрэм журам баримтлахыг чамаас шаарддаггүй. Ингэснээр хуучин уг чанарт чинь өөрчлөлт гарч, чи өөрийн үзлийг хаяж болох юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 1

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах