Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 388

2021-08-11

Петрийн эрж хайсан зүйл бол Бурханы үгийн цэвэршүүлэлтээр дамжуулан, Бурханы өгсөн олон янзын шалгалт дунд өөрийгөө мэдэж авах, өөрөөс нь юу илчлэгддэгийг харах явдал байв. Эцэст Нь өөрийгөө үнэхээр ойлгож авах үедээ Петр, хүн хэчнээн гүн гүнзгий завхарсныг, хэчнээн үнэ цэнгүй, Бурханд үйлчлэхэд зохисгүй болохыг, Бурханы өмнө амьдрах эрхгүй болохыг ухаарчээ. Тэгээд Петр Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөсөн юм. Эцэст нь Петр: “Бурханыг мэдэх нь хамгийн эрхэм нандин зүйл! Хэрвээ би Бурханыг мэдэлгүйгээр үхсэн бол үнэхээр өрөвдөлтэй байх байсан; Бурханыг мэдэх нь хамгийн чухал, хамгийн утга учиртай зүйл гэдгийг би мэдэрч байна. Хэрвээ хүн Бурханыг мэддэггүй бол амьдрах эрхгүй бөгөөд түүнд ямар ч амьдрал үгүй” гэж боджээ. Петрийн туршлага энэ хэмжээнд хүрэх үед тэрээр өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, энэ талаар харьцангуй сайн ойлголттой болсон байлаа. Магадгүй тэр үүнийг өнөөгийн хүмүүс шиг тодорхой тайлбарлаж чадахгүй байсан байж болох ч Петр энэ байр байдалд үнэхээр хүрсэн юм. Тиймээс амийг эрэлхийлж, Бурханаар төгс болгуулах нь Бурханы айлдварууд дотроос өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, түүнчлэн уг чанарынхаа талуудыг ухамсарлаж, үүнийг үгээр үнэн зөв илэрхийлж, тодорхой, илэн далангүй ярихыг шаарддаг. Зөвхөн энэ л өөрийгөө үнэхээр мэдэх явдал бөгөөд чи Бурханы шаарддаг үр дүнд хүрсэн байх болно. Хэрвээ мэдлэг чинь энэ цэгт хүрээгүй атал чи өөрийгөө ойлгодог, амийг олж авсан гэж хэлж байгаа бол ердөө сагсуурч байгаа бус уу? Чи өөрийгөө мэддэггүй, мөн Бурханы өмнө юу болохоо, хүний стандартад үнэхээр нийцсэн эсэхээ, хэчнээн олон сатанлаг элементийг дотроо агуулсаар байгаагаа ч мэддэггүй. Чи хэнд харьяалагддаг тухайгаа одоо ч тодорхой мэддэггүй бөгөөд өөрийгөө огт мэддэггүй, тэгвэл чи яаж Бурханы өмнө эрүүл ухаантай байж чадах юм бэ? Амийг эрэлхийлж байхдаа Петр шалгалтуудын явцад өөрийгөө ойлгож, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлсэн. Тэрээр Бурханыг мэдэхээр чармайсан бөгөөд “Хүмүүс амьдралдаа Бурханыг ойлгохоор эрж хайх ёстой; Түүнийг мэдэх нь хамгийн шийдвэрлэх чухал зүйл. Хэрвээ би Бурханыг мэддэггүй бол үхэх үедээ тайван байж чадахгүй. Өөрийг нь мэдэнгүүт Бурхан намайг үхүүлэх юм бол би ингэхдээ бас л хамгийн их сэтгэл хангалуун байх болно; би өчүүхэн төдий ч гомдоллохгүй ба бүх амьдрал минь ханамжтай байх болно” гэж эцэст нь түүнд санагдсан юм. Петр Бурханд итгэж эхэлсэн даруйдаа ийм түвшний ойлголт олж авч, ийм цэгт хүрч чадаагүй юм; эхлээд тэрээр олон шалгалт туулах хэрэгтэй болсон. Түүний туршлага тодорхой хэмжээнд хүрэх хэрэгтэй болсон бөгөөд өөрийгөө бүрэн ойлгосныхоо дараа л тэрээр Бурханыг мэдэхийн үнэ цэнийг мэдэрч чадсан билээ. Тиймээс Петрийн явсан зам бол амийг олж авах, төгс болгуулах зам байв; түүний онцгой хэрэгжүүлэлт үндсэндээ энэ тал дээр төвлөрч байлаа.

Та нар бүгд одоо ямар замаар алхаж байна вэ? Хэрвээ энэ нь амийг эрж хайж, өөрийгөө ойлгож, Бурханыг мэдэх тухайд Петрийнхтэй ижил түвшинд биш бол та нар Петрийн замаар алхахгүй байна. Өнөө үед ихэнх хүн: “Би ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, төлөөс төлөх ёстой. Ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө бүхнээ орхих ёстой; Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж, үүргээ сайн биелүүлэх ёстой” гэсэн байдалтай байна. Үүнд ерөөл хүртэх санаархал зонхилдог бөгөөд энэ нь гагцхүү Бурханаас шагнал олж авч, титэм хүртэх зорилгоор өөрийгөө зарлагадаж буйн нэг жишээ юм. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд үнэн байдаггүй бөгөөд хаа сайгүй гайхуулдаг хоосон сургаалын үгээс л тэдний ойлголт бүрддэг нь лавтай. Тэдний зам бол Паулын зам юм. Ийм хүмүүсийн итгэл нь байнга хөдөлмөрлөх үйл бөгөөд ихийг хийх тусам Бурханд үнэнчээ төдий чинээ нотолно; бас ихийг хийх тусам нь Бурхан гарцаагүй сэтгэл ханамжтай байна; ихийг хийх тусмаа Бурханы өмнө титэм хүртэх гавьяа байгуулж, Бурханы гэр дэх хамгийн агуу ерөөлийг лавтайяа хүртэнэ гэж зүрх сэтгэлдээ боддог. Христийн төлөө зовлон туулж, номлож, үхэх юм бол, мөн өөрсдийн амийг золиосолж, Бурханы даалгасан бүх үүргийг гүйцэтгэж чадах юм бол Бурханы хамгийн их ерөөгдсөн хүмүүс буюу хамгийн агуу ерөөлийг хүртэх хүмүүсийн нэг болж, гарцаагүй титэм хүртэнэ гэж тэд боддог. Энэ бол яг Паулын төсөөлж, эрж хайж байсан зүйл юм; энэ бол түүний алхсан яг тэр зам бөгөөд тэрээр ийм л бодолд хөтлөгдөж, Бурханд үйлчлэхээр ажилласан. Ийм бодол, санаа зорилго сатанлаг уг чанараас төрөн гардаг бус уу? Газар дэлхий дээр байхдаа мэдлэгээр хөөцөлдөх ёстой, үүнийг олж авсны дараа л олноос онцгойрч, албан тушаалтан болж, байр суурьтай болж чадна гэж итгэдэг хорвоогийн хүмүүсийн адилаар тэд байр суурьтай болмогцоо санаархлаа гүйцэлдүүлж, гэр орон, бизнесээ тодорхой түвшинд хүргэж чадна гэж боддог. Бүх үл итгэгч энэ замаар алхдаг бус уу? Ийм сатанлаг уг чанарт захирагддаг хүмүүс итгэлдээ Паул шиг л байж чадна: “Би Бурханы төлөө өөрийгөө зарлагдахын тулд бүхнийг хаях ёстой; би Түүний өмнө үнэнч байх ёстой бөгөөд эцэст нь хамгийн сүр жавхлантай титэм, хамгийн агуу ерөөлийг хүртэнэ.” Энэ нь дэлхий ертөнцийн зүйлсийг эрэлхийлдэг хорвоогийн хүмүүсийнхтэй адилхан хандлага юм; тэд ямар ч ялгаагүй бөгөөд адилхан уг чанартай байдаг. Хүмүүс ийм төрлийн сатанлаг уг чанартай байх үедээ дэлхий ертөнцөд мэдлэг, байр суурь, эрдэм олж авч, бусдаас ялгарахаар эрэлхийлнэ; Бурханы гэрт тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, итгэлтэй байж, эцэст нь титэм болон агуу ерөөл хүртэхээр эрэлхийлнэ. Хэрэв хүмүүс Бурханд итгэгч болсныхоо дараа үнэнийг эзэмшдэггүй, зан чанарын өөрчлөлт туулаагүй бол энэ замаар явах нь лавтай. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй бодит байдал, Петрийнхээс шал эсрэг зам билээ. Та бүхэн одоогоор аль зам дээр байна вэ? Хэдийгээр чи Паулын замаар явна гэж төлөвлөөгүй байж магадгүй ч уг чанар чинь чамайг энэ замаар явуулахаар шийдсэн бөгөөд чи өөрийн мэдэлгүй энэ замаар явж байгаа. Хэдийгээр чи Петрийн зам дээр хөл тавихыг хүсдэг боловч үүнийг хэрхэн хийхээ сайн мэдэхгүй бол өөрийн эрхгүй Паулын замаар явах болно: Энэ бол бодит нөхцөл байдал билээ.

Өнөө үед хүн Петрийн замаар яг хэрхэн алхах ёстой вэ? Хэрвээ чи Петр, Паул хоёрын замыг ялгаж чаддаггүй бол, эсвэл тэднийг огт мэддэггүй бол Петрийн замаар алхаж байна гэж хэчнээн хэллээ ч гэсэн тэр чинь зүгээр л хоосон үг юм. Чи эхлээд Петрийн зам, Паулын зам гэж юу болохыг тодорхой ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи Петрийн зам бол амийн зам, төгс төгөлдөрт хүрэх цорын ганц зам юм гэдгийг үнэхээр ойлговол, тэр үед л түүний замаар алхах тодорхой арга зам болоод үнэнийг мэдэж, ухаарах чадвартай болно. Хэрвээ чи Петрийн замыг ойлгодоггүй бол чиний явах зам гарцаагүй Паулынх байна, учир нь чиний хувьд өөр ямар ч зам байхгүй; чамд сонголт байхгүй. Үнэн байдаггүй, шийдэмгий биш хүмүүст Петрийн замаар алхахад хэцүү санагдана. Бурхан одоо та нарт аврагдах, төгс болгуулах замыг илчилсэн гэж хэлж болно. Энэ бол Бурханы нигүүлсэл, өргөлт бөгөөд Тэр та нарыг Петрийн зам руу залж чиглүүлдэг. Бурханы удирдамж, гэгээрэл байхгүй бол хэн ч Петрийн замаар явж чадахгүй; цорын ганц сонголт нь Паулын замаар явж, сүйрэл рүү хүргэх Паулын мөрийг дагах явдал юм. Тухайн үед тэр замаар алхах нь буруу гэж Паулд санагдаагүй; энэ нь зөв гэдэгт тэр бүрэн итгэж байсан. Түүнд үнэн байгаагүй, тэр тусмаа зан чанарын өөрчлөлт туулаагүй. Тэрээр өөртөө хэтэрхий их итгэж, тэр замаар явахад өчүүхэн ч асуудалгүй гэж үзсэн. Тэр итгэл дүүрэн, өөртөө туйлын итгэлтэйгээр үргэлжлүүлэн урагшилсан. Эцэст нь тэр хэзээ ч сэхээрээгүй; түүний хувьд амьдрах нь Христ гэж бодсоор байсан. Тийм болохоор Паул бүр эцсээ хүртэл тэр замаар үргэлжлүүлэн явж, эцэст нь шийтгүүлэх цаг болоход түүний хувьд бүх юм дууссан байв. Паулын замд зан чанарын өөрчлөлтийг эрж хайх нь бүү хэл өөрийгөө мэдэж авах явдал ч хамаагүй байсан. Тэрээр уг чанараа хэзээ ч задлан шинжлээгүй, өөрийгөө юу болохыг ч огт мэдэж аваагүй; Есүсийг хяхан хавчсан гол буруутан нь гэдгээ л мэдэж байв. Тэр өөрийн уг чанарыг өчүүхэн төдий ч ойлгоогүй бөгөөд ажлаа дуусгасны дараа Паул үнэндээ өөрийгөө Христ мөн бөгөөд шагнуулах ёстой гэж бодож байсан. Паулын хийсэн ажил ердөө л Бурханы төлөө хийсэн үйлчлэл байсан юм. Паул өөрөө Ариун Сүнснээс зарим илчлэлийг хүлээн авсан хэдий ч түүнд үнэн эсвэл амь огт байгаагүй. Түүнийг Бурхан авраагүй; түүнийг Бурхан шийтгэсэн билээ. Петрийн зам бол төгс төгөлдрийн зам гэж яагаад хэлдэг вэ? Яагаад гэвэл, Петр хэрэгжүүлэхдээ амь, Бурханыг мэдэхээр эрж хайх, өөрийгөө мэдэхэд онцгой ач холбогдол өгсөн юм. Бурханы ажлыг туулснаараа тэр өөрийгөө мэдэж авч, хүний завхарсан байдлын талаар ойлголттой болж, дутагдлаа мэдэж авч, хүмүүсийн эрэлхийлэх ёстой хамгийн үнэ цэнтэй зүйлийг олж илрүүлсэн билээ. Тэрээр Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг, Бурханы хайрыг хариулж сурсан, зарим үнэнийг олж авч, Бурханы шаарддаг бодит байдалтай болсон. Шалгалтынхаа үеэр хэлсэн бүх зүйлээс нь Петр үнэхээр Бурханыг хамгийн сайн ойлгодог нэгэн байсныг харж болно. Бурханы үгээс маш их үнэнийг ойлгож авсан учраас түүний зам улам бүр гэрэлтэй болж, Бурханы хүсэлтэй улам бүр нийцсэн юм. Хэрвээ Петр энэ үнэнийг эзэмшээгүй бол түүний явсан зам тийм ч зөв байж чадахгүй байх байлаа.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах