Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 387

2021-08-11

Чуулганы удирдагч, ажилчид ажилдаа хоёр зүйлд анхаарал тавих ёстой: Нэг нь, яг ажлын зохицуулалтад заасан зарчмын дагуу ажлаа хийж, эдгээр зарчмыг хэзээ ч зөрчихгүй, өөрсдийн төсөөлсөн зүйл болон санаа зорилгоор ажиллахгүй байх. Тэд хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ажлын төлөө анхаарал хандуулж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үргэлж эн тэргүүнд тавих ёстой. Өөр нэг гол зүйл нь, хийдэг бүхэндээ Ариун Сүнсний удирдамжийг дагахад анхаарч, Бурханы үгийг чанд баримтлан бүхнийг хийх ёстой. Хэрэв чи Ариун Сүнсний удирдамжийг одоо ч сөрж чадаж, өөрийн санааг гөжүүдлэн дагаж, аливааг өөрийн төсөөллөөр хийдэг бол үйлдэл чинь Бурханы эсрэг хамгийн ноцтой эсэргүүцэлд тооцогдоно. Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжаас байнга нүүр буруулах нь мухардалд л хүргэнэ. Хэрэв чи Ариун Сүнсний ажлыг алдвал ажиллаж чадахгүй бөгөөд яаж ийгээд ажиллаж дөнгөлөө ч гэсэн юунд ч хүрэхгүй. Ажиллах явцдаа баримтлах хоёр гол зарчим энэ юм: Нэг нь, яг Дээрхийн зохицуулалтын дагуу ажлаа хийж, Дээрхийн тогтоосон зарчмын дагуу үйлдэх; нөгөө нь, дотроо Ариун Сүнсний удирдамжийг дагах. Энэ хоёрыг ухаармагц чи тийм ч амархан алдаа гаргахгүй. Энэ тал дээр туршлага хараахан дутмаг байгаа та нарын хувьд санаа бодол чинь ажилд чинь арай их холилддог. Заримдаа, чи Ариун Сүнснээс дотор чинь ирж буй гэгээрэл эсвэл удирдамжийг ойлгохгүй байж магадгүй; зарим үед чи үүнийг ойлгож байгаа мэт харагдавч үл ойшоох магадлалтай байдаг. Чи үргэлж хүний арга барилаар төсөөлөх юм уу дүгнэж, Ариун Сүнсний санаа зорилгыг огт тоолгүйгээр зохистой гэж бодсоноороо үйлддэг. Чи гагцхүү өөрийн санаа бодлын дагуу ажлаа хийж, Ариун Сүнснээс ирсэн аливаа гэгээрлийг хойш тавьдаг. Ийм нөхцөл байдал олонтоо тохиолддог. Ариун Сүнс дотроос залж чиглүүлэх гэдэг огтхон ч ер бусын биш; үнэндээ энэ нь маш хэвийн юм. Өөрөөр хэлбэл, энэ нь үйлдэх зүй ёсны арга зам, хамгийн сайн арга зам гэдгийг чи зүрх сэтгэлийнхээ гүнд мэддэг. Ийм бодол үнэндээ нэлээд тодорхой байдаг; энэ нь эргэцүүллээс чинь үүдэн гараагүй, харин зүрх сэтгэлийн чинь гүнээс төрсөн нэг төрлийн мэдрэмж байсан бөгөөд заримдаа чи юунаас болж ингэснээ бүрэн ойлгодоггүй. Энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрэл л байдаг бөгөөд ихэнх хүнд хамгийн түгээмлээр ингэж тохиолддог. Хүний өөрийнх нь санаа үргэлж бодол эргэцүүллээс үүдэн гардаг бөгөөд бүгдэд нь хувийн хүсэл болон хувийн ашиг хонжоо олж болох ямар талбарууд байгаа, ямар нэгэн зүйл өөрт нь ямар давуу талтай байж болох талаарх санаа холилдсон байдаг; хүн болгоны шийдвэрт ийм зүйлс байдаг. Харин Ариун Сүнсний удирдамжид ийм хольц яавч байдаггүй. Ариун Сүнсний удирдамж, гэгээрэлд сайтар анхаарал хандуулах нь чухал; ялангуяа гол асуудлуудыг ухаж ойлгохын тулд нягт нямбай байх ёстой. Тархиа ашиглаж, өөрийн санаагаар үйлдэх дуртай хүмүүс ийм удирдамж, гэгээрлийг анзаарахгүй өнгөрөх хамгийн өндөр магадлалтай байдаг. Шаардлага хангасан удирдагч, ажилчид Ариун Сүнсний ажилд анхаарал хандуулдаг. Ариун Сүнсийг дуулгавартай дагадаг хүмүүс Бурханаас эмээж, үнэнийг эцэлт цуцалтгүй эрэлхийлдэг. Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Түүнд зохих ёсоор гэрчлэл хийхийн тулд хүн өөрийнх нь ажилд хольц, санаархлын элемент байгаа эсэхийг судлаад, дараа нь ажлын хэр их нь хүний санаанаас сэдэл авдаг, хэр их нь Ариун Сүнсний гэгээрлээс төрдөг, хэр их нь Бурханы үгтэй нийцэж байгааг харахаар хичээх хэрэгтэй. Чи байнга, бүхий л орчин нөхцөлд үг, үйлдлээ шинжлэх ёстой. Байнга ийм маягаар хэрэгжүүлбэл чи Бурханд үйлчлэх зөв замд орно. Санаа зорилгод нь нийцсэн байдлаар Бурханд үйлчилдэг болохын тулд олон үнэнийг эзэмших шаардлагатай. Хүмүүс үнэнийг ойлгосныхоо дараа л ялган таних чадвартай болж, өөрсдийнх нь санаа бодлоос юу гардгийг, өөрсдийг нь юу сэдэлжүүлдгийг илтгэдэг зүйлсийг танин мэдэж чаддаг. Тэд хүний хольцыг төдийгүй үнэний дагуу үйлдэх гэж юу гэсэн үг болохыг танин мэдэж чаддаг. Тэгсэн цагт л тэд яаж илүү цэвэр ариунаар захирагдахаа мэдэж чаддаг. Үнэнгүйгээр хүмүүс ялган таних чадвартай байх боломжгүй. Мунгинуу хүн үнэнийг ойлгодоггүй учраас өөрийнхөө завхарсан чанарыг ил болгох, Бурханыг эсэргүүцэх гэж юу гэсэн үг болохыг мэдэхгүйгээр насан туршдаа Бурханд итгэж магадгүй; тийм бодол бүр санаанд нь ч ордоггүй. Хэтэрхий дорд хэв чанартай хүмүүс үнэнд хүрэхийн аргагүй байдаг; тэдэнтэй энэ талаар яаж ч нөхөрлөсөн гэсэн тэд мөн л ойлгодоггүй. Ийм хүмүүс бол мунгинуу юм. Мунгинуу хүмүүс итгэлээрээ Бурханд гэрчлэл хийж чаддаггүй; тэд ердөө л бага зэргийн үйлчлэл үзүүлж чадна. Бурханы даалгадаг ажлыг биелүүлэхийн тулд энэ хоёр зарчмыг ухаарч ойлгох шаардлагатай. Хүн Дээрхийн ажлын зохицуулалтыг чанд мөрдөж, Ариун Сүнсний аливаа удирдамжийг дуулгавартай дагахад анхаарах ёстой. Энэ хоёр зарчмыг ухаж ойлгосон цагт л хүний ажил үр дүнтэй байж, Бурханы хүслийг хангаж чадна.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах