Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар

Хүн гэрлийн дунд амьдардаг, гэсэн ч тэр гэрлийн үнэ цэнэтэй байдлыг мэддэггүй. Тэр гэрлийн мөн чанарыг, гэрлийн эх сурвалжийг, түүнчлэн энэ нь хэнд харьяалагддагийг мэддэггүй. Хүмүүсийн дунд гэрлийг өгөхдөө Би тэдний дундах нөхцөл байдлыг нэн даруй шинжилдэг: Гэрлийн улмаас бүх хүн өөрчлөгдөж, өсөж байгаа ба харанхуйг орхисон. Би орчлон ертөнцийн өнцөг булан бүрийг ажиглаж, уулс мананд бүрхэгдсэнийг, ус хүйтнээс болж хөлдсөнийг, мөн гэрэл гарсан тул хүмүүс илүү эрхэм зүйлийг олж мэдэж магад учраас Зүүн зүг рүү харахыг үзсэн—гэсэн ч хүн будан дундаас тодорхой зүг чигийг ялган харж чадахгүй хэвээр үлдсэн юм. Бүхий л дэлхий мананд хучигдсан учраас Намайг үүлсийн дундаас ажиглахад Миний оршин тогтнолыг хүн хэзээ ч нээн илрүүлээгүй; хүн газар дээр ямар нэг зүйлийг эрж хайж байдаг, тэр хоол хүнс хайж байгаа мэт, Миний ирэхийг хүлээж байгаа мэт санагддаг—гэсэн ч тэр Миний өдрийг мэдэхгүй, ердөө Зүүн зүгт сүүмэлзэх гэрэл рүү байн байн хардаг. Бүх хүний дундаас үнэхээр Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг Би эрж хайдаг. Би бүх хүний дунд алхаж, бүх хүний дунд амьдардаг ч хүн газар дээр эсэн мэнд, эрүүл саруул байдаг ба иймээс үнэхээр Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг хэн ч үгүй. Хүмүүс Миний хүслийг хэрхэн анхаарахаа мэддэггүй, тэд Миний үйлдлийг хардаггүй ба гэрлийн дунд алхаж, гэрэл тусгуулж чаддаггүй. Хэдийгээр хүн Миний үгийг хэзээд эрхэмлэдэг ч Сатаны зальжин аргыг таних чадваргүй; хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг учраас зүрх сэтгэлийнхээ хүссэнээр хийж чаддаггүй. Хүн хэзээ ч Намайг чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй. Би түүнийг өргөмжлөх үед тэр өөрийнхөө үнэ цэнэгүйг мэдэрдэг, гэвч энэ нь түүнийг Миний сэтгэлд нийцэхээр хичээхэд хүргэдэггүй. Тэр зүгээр л Миний өгсөн байр суурийг гартаа атгаад нарийн шинжилдэг; Миний хайр татам байдалд мэдрэмжгүй ханддаг ба оронд нь тэр өөрийн байр суурийн ерөөлд шунан ташуурахаар зүтгэдэг. Энэ нь хүний дутагдал биш гэж үү? Уулс нүүх үедээ чиний байр суурийн улмаас тойруу замаар явна гэж үү? Ус урсах үедээ чиний байр суурины өмнө урсахаа болих уу? Тэнгэр газар чиний байр сууринаас болж урвуугаар өөрчлөгдөх үү? Нэгэнтээ Би хүмүүст дахин дахин өршөөнгүй хандаж байсан—гэсэн ч хэн ч үүнийг эрхэмлэн нандигнаагүй, тэд үүнийг зүгээр л түүх шиг сонссон, эсвэл тууж шиг уншсан. Миний үг үнэхээр хүний зүрх сэтгэлийг хөдөлгөдөггүй юу? Миний айлдвар үнэхээр ямар ч үр нөлөөгүй юу? Нэг ч хүн Миний оршин тогтнолд итгэдэггүй юм гэж үү? Хүн өөрийгөө хайрладаггүй: үүний оронд тэр Над руу дайрахын тулд Сатантай нэгддэг ба Сатаныг өөрийн “хөрөнгө” болгож Надад үйлчлэхэд ашигладаг. Би Сатаны бүх зальжин аргыг нэвтэлж, газар дээрх хүмүүс Сатаны хууран мэхлэлтийг хүлээн зөвшөөрдгийг болиулах болно, ингэснээр тэд Сатаны оршин тогтнолоос болж Намайг эсэргүүцэхгүй.

Хаанчлалд Би бол Хаан—гэхдээ Надад Хаан шиг хандахын оронд хүн Надтай тэнгэрээс бууж ирсэн Аврагч шиг харьцдаг. Үүний үр дүнд өөрт нь өргөл барьц өгөхийг тэр Надаас хүсэн хүлээдэг ба Миний талаарх мэдлэгийг эрэлхийлдэггүй. Маш олон хүн Миний өмнө гуйлгачин шиг хашхиран уйлсан; маш олон хүн өөрсдийн “хүүдийг” Надад нээж, амь зуух хоол өгөхийг гуйсан; Намайг ховдоглон идэж гэдсээ дүүргэхийг хүсэж буй өлсгөлөн чонотой адилаар маш олон хүн шунахай харцаа Над дээр тогтоосон; маш олон хүн Надаас уучлал гуйхын төлөө залбирч, эсвэл Миний гэсгээлтийг дуртайяа хүлээн зөвшөөрөөд өөрсдийн гэм буруугаас болж чимээгүйхэн толгой бөхийн ичсэн. Намайг ярих үед хүний янз бүрийн тэнэг зан учир утгагүй гарч ирдэг ба түүний жинхэнэ дүр төрх гэрлийн дунд илчлэгддэг, тэгээд гялалзсан гэрэлд хүн өөрийгөө уучилж чаддаггүй. Тиймээс тэр Миний өмнө яаран ирж, өвдөг сөгдөн өөрийн нүглийг улайдаг. Хүний “шударга зангаас” болж Би түүнийг авралын тэргэн дээр дахин нэг удаа татан гаргасан, тиймээс хүн Надад талархаж, Над руу хайрласан харц чулууддаг. Гэсэн ч тэр үнэхээр Надад найдах дургүй хэвээр байдаг бөгөөд зүрх сэтгэлээ Надад бүрэн дүүрэн өгч байгаагүй. Тэр зүгээр л Надаар бардамнан сайрхдаг ч Намайг үнэхээр хайрладаггүй, учир нь тэр санаа бодлоо Над руу эргүүлээгүй; түүний бие Миний өмнө байсан ч зүрх сэтгэл нь Миний ард байдаг. Дүрэм журмын талаарх хүний ойлголт хэт дутуу дулимаг, мөн тэр Миний өмнө ирэх ямар ч сонирхолгүйн улмаас Би түүнийг зохих дэмжлэгээр хангадаг, ингэснээр тэр өөрийн гөжүүд мэдлэггүй байдлаасаа Над руу эргэж магад юм. Энэ нь Миний хүнд өгдөг яг тэр өршөөл бөгөөд энэ нь хүнийг аврахаар оролддог Миний арга билээ.

Орчлон ертөнц даяарх хүмүүс Миний өдөр ирснийг тэмдэглэж, тэнгэрэлчүүд ард түмний дунд алхдаг. Сатан төвөг учруулах үед, тэнгэр дэх үйлчлэлээсээ болж тэнгэрэлчүүд үргэлж Миний ардуудад тусалдаг. Тэд хүний сул доройгоос болж диаволд хууртахгүй, харин харанхуйн хүчний дайралтын улмаас манан дунд хүний амьдралыг илүү их туулдаг. Бүх ардууд Миний нэрийн дор захирагдаж, Намайг илт эсэргүүцэхээр хэн ч хэзээ ч босдоггүй. Тэнгэрэлчүүдийн ажлын улмаас хүн Миний нэрийг хүлээн зөвшөөрдөг ба бүгд Миний ажлын урсгал дунд байдаг. Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна! Шашны ертөнцийг газар дээрх Миний эрх мэдэл хэрхэн устгахгүй байх юм бэ? Хэн Надад дуулгаваргүй хандаж, эсэргүүцсээр байж зүрхлэх вэ? Хуулийн багш нар уу? Шашны бүх албан тушаалтнууд уу? Газар дээрх захирагчид, эрх мэдэлтнүүд үү? Тэнгэрэлчүүд үү? Миний биеийн төгс байдал, бүрэн бүтэн байдлыг хэн баярлан тэмдэглэдэггүй вэ? Бүх хүний дундаас хэн Миний магтаалыг тасралтгүй дуулж, хэн дуусашгүй аз жаргалтай байхгүй вэ? Би агуу улаан лууны ичээ буй газарт амьдардаг боловч энэ нь Намайг айн чичирч эсвэл зугтахад хүргэхгүй, учир нь өөрийнх нь бүх хүн бүгдээрээ аль хэдийн түүнийг жигшиж эхэлсэн. Лууны өмнө хэзээ ч, юуны ч “үүрэг” биелүүлж байгаагүй; үүний оронд бүх зүйл өөрсдийн ажил хэргийг хөөж, өөрсдөд нь тохирох замыг сонгодог. Газар дээрх улс орнууд хэрхэн мөхөхгүй байж чадах вэ? Газар дээрх улс орнууд хэрхэн нуран унахгүй байж чадах вэ? Миний ардууд хэрхэн баярлан хөөрөхгүй байх вэ? Тэд хэрхэн баяр баясалтайгаар дуулахгүй байх вэ? Энэ нь хүний ажил уу? Энэ нь хүний гараар хийгдсэн зүйл үү? Би хүнд оршин тогтнох үндсийг өгч, түүнийг эд баялгаар хангасан, гэсэн ч хүн өөрийн одоогийн нөхцөл байдалд сэтгэл ханадаггүй бөгөөд Миний хаанчлалд орохыг гуйдаг. Гэвч зохих төлөөс төлөхгүйгээр, өөрийн амь биеэ хайргүй зориулах дургүй байж тэр Миний хаанчлалд яаж амархан орж чадах юм бэ? Хүнээс ямар нэг зүйлийг хатуу нэхэхийн оронд Би түүнд шаардлага тавьдаг, ингэснээр газар дээрх Миний хаанчлал алдраар дүүрч болох юм. Хүн өнөөг хүртэл Надаар газарчлуулсан, тэр ийм байдалтайгаар оршин байдаг ба Миний гэрлийн удирдамж дунд амьдардаг. Хэрвээ ийм байгаагүй бол, газар дээрх хүмүүсээс хэн өөрсдийн хэтийн ирээдүйг мэдэх байсан бэ? Хэн Миний хүслийг ойлгох байсан бэ? Би Өөрийн шаардлагыг хүний шаардлагад нэмсэн; энэ нь байгалийн хуулийн дагуу биш гэж үү?

Өчигдөр та нар салхи, бороон дунд амьдарсан, өнөөдөр та нар Миний хаанчлалд орж, хаанчлалын ардууд болсон бөгөөд маргааш та нар Миний ерөөлийг эдлэх болно. Хэзээ нэгэн цагт хэн ийм зүйлсийг төсөөлж байсан бэ? Та нар амьдралдаа хэчнээн их саад тотгор, зовлон бэрхшээлийг туулах вэ, та нар мэдэх үү? Салхи бороон дунд Би урагшилж, жил бүрийг хүмүүсийн дунд өнгөрөөсөн ба ингээд өнөө үед ирсэн. Эдгээр нь Миний удирдлагын төлөвлөгөөний алхмууд биш гэж үү? Миний төлөвлөгөөнд ер нь хэн нэмэрлэсэн бэ? Миний төлөвлөгөөн дэх алхмуудаас хэн зугтан одож чадах вэ? Би хэдэн зуун сая хүний зүрх сэтгэлд амьдардаг, Би бол хэдэн зуун сая хүний дундах Хаан бөгөөд Би хэдэн зуун сая хүнд гологдож, доромжлуулсаар ирсэн. Миний дүр хүмүүсийн зүрх сэтгэл дотор үнэхээр байхгүй. Хүн Миний үгнээс Миний алдар суутай төрхийг бүүр түүрхэн л мэдэрдэг, гэхдээ өөрийн бодол дахь зөрчилдөөний улмаас тэр мэдрэмжиндээ итгэдэггүй; түүний зүрх сэтгэлд тодорхойгүй Би л байдаг, гэхдээ энэ нь тэнд удаан байдаггүй. Иймээс Намайг хайрлах түүний хайр ч бас ийм байдаг: Миний өмнө түүний хайр тасалдангуй харагддаг, түүнд хүсэл төрөнгүүт тэр Намайг хайрлаж байгаа мэт, бүдэг сарны гэрэл дор түүний хайр сүүмэлзэн ил гарч, далд орж байгаа мэт байдаг. Өнөөдөр зөвхөн Миний хайрын улмаас л хүн үлдэж хоцордог ба амьд үлдэх сайн заяа төөрөгтэй болсон. Хэрвээ тэгээгүй бол, өөрсдийн турж эцсэн биеэс болж хүмүүсийн дотроос хэн лазер гэрлээр хэрчигдэхгүй байх вэ? Хүн одоо ч өөрийгөө мэддэггүй. Тэр Миний өмнө онгирч, Миний нүднээс далдуур өөрийнхөө талаар сайрхдаг, гэхдээ Миний өмнө хэн ч Намайг “эсэргүүцэж” зүрхлэхгүй. Гэсэн хэдий ч, хүн Миний ярьдаг эсэргүүцлийн утга учрыг мэддэггүй; үүний оронд тэр Намайг хуурахаар байнга оролдож, өөрийгөө байнга өргөмжилсөөр байдаг—ингэснээрээ тэр Намайг илт эсэргүүцэж байгаа биш гэж үү? Би хүний сул талуудыг тэвчдэг, гэхдээ Би хүний өөрийнх нь хийсэн эсэргүүцэлд өчүүхэн төдий ч өршөөнгүй хандахгүй. Хэдийгээр тэр үүний утгыг мэдэж байгаа ч, энэ утгын дагуу үйлдэхийг хүсдэггүй ба өөрийн сонголтод тааруулан зүгээр л Намайг хуурдаг. Үгээрээ Би Өөрийн зан чанарыг цаг үргэлжид тодорхой болгодог, гэсэн ч хүн ялагдах дургүй—үүний зэрэгцээ тэр өөрийн зан чанарыг илчилдэг. Миний шүүлтийн дунд хүн бүрэн үнэмших ба Миний гэсгээлтийн дунд тэр эцэстээ Миний дүрийг амьдран харуулж, газар дээрх Миний илрэл болох болно!

1992 оны 3 дугаар сарын 22

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?