Бие махбодтой болохын нууц (4) (Нэгдүгээр хэсэг)

Та нар Библийн ар дахь түүх болон туурвилыг мэдэх ёстой. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүст ийм мэдлэг байдаггүй. Тэд мэддэггүй. Хэрвээ чи тэдэнд мөн чанарын эдгээр асуудлын талаар ний нуугүй ярьсан бол тэд Библийг хамгаалан зүтгэхээ болих байсан. Тэд, энэ үг биелсэн үү? Тэр үг биелсэн үү? хэмээн зөгнөгдсөн зүйлсийг байнга ухаж төнхөж байдаг. Тэд Библийн дагуу сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Библийн дагуу сайн мэдээ номлодог. Бурханд итгэх итгэл нь Библийн үгэнд тулгуурладаг; Библигүйгээр тэд Бурханд итгэхгүй. Тэд ийм байдалтай амьдарч, Библийг ухаж төнхөх байдлаар амьдардаг. Тэд дахин нэгэнтээ Библийг ухаж төнхөн, чамаас тайлбар хүсэх үед чи ийнхүү хэлнэ: “Эхлээд үг бүрийг баталгаажуулахгүй байцгаая. Харин Ариун Сүнс хэрхэн ажилладгийг харцгаая. Өөрсдийнхөө алхдаг замыг авч үзээд, энэ зам Ариун Сүнсний ажилтай үнэхээр нийцэж байгаа эсэхийг харахын тулд үнэнтэй харьцуулъя, мөн Ариун Сүнсний ажлыг ашиглаад тийм зам зөв эсэхийг шалгая. Энэ үг, эсвэл тэр үг зөгнөсний дагуу биелсэн эсэхийн тухайд гэвэл хүмүүс бид хошуу дүрэх ёсгүй. Харин ч бид Ариун Сүнсний ажлыг болон Бурханы хийсээр ирсэн сүүлийн үеийн ажлын талаар ярьсан нь дээр.” Библи дэх зөгнөлүүд бол тухайн үед эш үзүүлэгчдийн дамжуулсан Бурханы үг болон Бурханы ашиглаж байсан хүмүүсийн, онгод хүртээд бичсэн үг юм; Бурхан Өөрөө л тэдгээр үгийг тайлбарлаж чадна, Ариун Сүнс л тэдгээр үгийн утга учрыг мэдэгдэж чадна, мөн Бурхан Өөрөө л долоон лацыг эвдэж, хуйлмал номыг нээж чадна. “Чи Бурхан биш, би ч бас биш болохоор хэн Бурханы үгийг хөнгөхнөөр тайлбарлаж зүрхлэх юм бэ? Чи тэдгээр үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Эш үзүүлэгч Иеремиа, Иохан, Елиа нар энд байсан ч гэсэн тэдгээр үгийг тайлбарлаж зүрхлэхгүй, учир нь тэд бол Хурга биш билээ. Гагцхүү Хурга л долоон лацыг эвдэж, хуйлмал номыг нээж чадна, өөр хэн ч Түүний үгийг тайлбарлаж чадахгүй. Би Бурханы нэрийг булаан авч зүрхлэхгүй, Бурханы үгийг тайлбарлахаар оролдож бүр ч зүрхлэхгүй. Би Бурханд дуулгавартай байдаг нэгэн л байж чадна. Чи Бурхан юм уу? Бурханы бүтээлүүдийн нэг нь ч хуйлмал номыг нээж, тэдгээр үгийг тайлбарлаж зүрхлэхгүй, иймээс би ч гэсэн тайлбарлаж зүрхлэхгүй. Чи тэдгээрийг тайлбарлахаар оролдоогүй нь дээр. Хэн ч тэдгээрийг тайлбарлахаар оролдох ёсгүй. Ариун Сүнсний ажлын талаар ярилцацгаая; хүн үүнийг л хийж чадна. Би Ехова, Есүс хоёрын ажлын талаар бага зэрэг мэддэг боловч тийм ажлыг биечлэн туулаагүй болохоор багахан хэмжээнд л энэ талаар ярьж чадна. Тухайн үеийн Исаиа, эсвэл Есүсийн хэлсэн үгийн утгын тухайд гэвэл би ямар ч тайлбар хийхгүй. Би Библийг судалдаггүй, харин Бурханы өнөөгийн ажлыг дагадаг. Чи үнэндээ Библийг бяцхан хуйлмал ном мэт үздэг ч энэ нь Хурганы л нээж чадах зүйл биш гэж үү? Хурганаас өөр хэн үүнийг нээж чадах юм бэ? Чи Хурга биш, би өөрийгөө Бурхан Өөрөө гэж хэлж бүр ч зүрхлэхгүй, иймээс Библийг судалж, ухаж төнхөхгүй байцгаая. Ариун Сүнсний хийсэн ажлыг буюу Бурханы Өөрийн хийсэн өнөөгийн ажлыг хэлэлцсэн нь хавьгүй дээр. Бурханы ажилладаг зарчмууд юу болохыг, Түүний ажлын мөн чанар юу болохыг хараад, өнөөдөр бидний алхаж буй зам зөв эсэхийг магадлахын тулд эдгээрийг ашиглацгаая, ийм маягаар үүнийг тодорхой болгоцгооё” гэж чи хэлнэ. Хэрвээ та нар, ялангуяа шашны ертөнц дэх хүмүүст сайн мэдээ номлохыг хүсвэл Библийг ойлгож, үүний дотоод түүхүүдийг эзэмшсэн байх ёстой; эс бөгөөс, чиний хувьд сайн мэдээ номлох арга үгүй. Чи ерөнхий дүр зургийг эзэмшиж, Библийн үхмэл үгсийг нягтлан шинжлэхээ больж, зөвхөн Бурханы ажил болон амийн үнэний талаар ярьдаг болмогцоо үнэн сэтгэлээсээ эрж хайдаг хүмүүсийг олж авч чадна.

Еховагийн хийсэн ажил, Түүний тогтоосон хуулиуд, хүний амьдралыг залж чиглүүлдэг зарчмууд, Хуулийн эрин үед хийсэн ажлынх нь агуулга, хууль тогтооход өгсөн ач холбогдол, Нигүүлслийн эрин үе дэх ажлынх нь ач холбогдол болон сүүлчийн энэ үе шатанд Бурхан ямар ажил хийдэг: эдгээр нь та нарын ойлгох ёстой зүйл билээ. Эхний үе шат нь Хуулийн эрин үеийн ажил, хоёр дахь нь Нигүүлслийн эрин үеийн ажил бөгөөд гурав дахь нь эцсийн өдрүүдийн ажил юм. Та нар Бурханы ажлын эдгээр үе шатыг тодорхой ойлгох ёстой. Эхнээсээ дуустлаа нийт гурван үе шат байдаг. Ажлын үе шат болгоны мөн чанар юу вэ? Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ажилд хэдэн үе шат хэрэгжсэн бэ? Эдгээр үе шатыг хэрхэн гүйцэтгэсэн, мөн яагаад тус бүрийг нь тодорхой арга замаар гүйцэтгэдэг вэ? Эдгээр нь бүгд амин чухал асуултууд билээ. Эрин үе болгоны ажилд бэлгэдлийн үнэ цэн байдаг. Ехова ямар ажил гүйцэтгэсэн бэ? Яагаад Тэр яг тийм маягаар хийсэн бэ? Яагаад Түүнийг Ехова гэж нэрлэсэн бэ? Бас Нигүүлслийн эрин үед Есүс ямар ажил гүйцэтгэсэн, Тэр ямар байдлаар үүнийг хийсэн бэ? Ажлын үе шат болгон нь, эрин үе бүр нь Бурханы зан чанарын ямар талуудыг төлөөлдөг вэ? Түүний зан чанарын ямар талууд Хуулийн эрин үед илэрхийлэгдсэн бэ? Нигүүлслийн эрин үед аль нь илэрхийлэгдсэн бэ? Тэгээд бас эцсийн эрин үед аль нь илэрхийлэгдсэн бэ? Эдгээр нь та нарын тодорхой ойлгох ёстой мөн чанарын асуултууд юм. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний явцад Бурханы бүх зан чанар илчлэгдсэн. Энэ нь зөвхөн Нигүүлслийн эрин үед ч илчлэгдээгүй, зөвхөн Хуулийн эрин үед ч илчлэгдээгүй, тэр ч бүү хэл зөвхөн эцсийн өдрүүдийн энэ цаг хугацаанд ч илчлэгдээгүй. Эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг ажил нь шүүлт, уур хилэн, гэсгээлтийг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд хийгддэг ажил нь Хуулийн эрин үеийн ажил болон Нигүүлслийн эрин үеийн ажлыг орлож чадахгүй. Гэвч энэ гурван үе шат нь хоорондоо холбогдон нэг болдог бөгөөд бүгдээрээ нэгэн Бурханы ажил юм. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь тусдаа эрин үеүдэд хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийгддэг ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачдаг; Хуулийн эрин үед хийгдсэн нь эхлэлийн ажил байсан; Нигүүлслийн эрин үед хийгдсэн нь золин авралын ажил байсан. Бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын үзэгдлүүдийн тухайд бол хэн ч ухаарч, ойлгож чадахгүй бөгөөд эдгээр үзэгдэл нь оньсого хэвээр үлддэг. Эцсийн өдрүүдэд, Хаанчлалын эрин үеийг эхлүүлэхийн тулд үгийн ажил л хийгддэг боловч энэ нь бүх эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс хэтрэхгүй, Хаанчлалын эрин үеэс хэтрэхгүй бөгөөд Нигүүлслийн эрин үеийг, эсвэл Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүдэд ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх бүх ажил та нарт илчлэгддэг. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм төрлийн нууц нь ямар ч хүний тайлж чадахгүй зүйл юм. Хүн Библийн талаар хэчнээн их ойлгодог байх нь хамаагүй, энэ нь үгээс цаашгүй хэвээр үлддэг, учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Библийг уншихдаа хүн зарим нэг үнэнийг ойлгож, зарим үгийг тайлбарлаж, эсвэл зарим алдартай хэсэг болон бүлгийг багахан ухаж төнхөж болох боловч эдгээр үгэн дотор агуулагддаг утгыг ухан гаргаж хэзээ ч чадахгүй, учир нь хүн Ехова, Есүс хоёрын хийсэн ажлын дүр зургийг биш, үхмэл үгсийг л хардаг бөгөөд энэ ажлын нууцыг тайлах ямар ч аргагүй байдаг. Тиймээс зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн гүн гүнзгий нуугдсан, хамгийн агуу нууц бөгөөд хүний хувьд бүхэлдээ ойлгошгүй юм. Бурхан Өөрөө л хүнд тайлбарлаж, илчлэхгүй бол хэн ч Бурханы хүслийг шууд ухаарч чадахгүй; эс бөгөөс, хүний хувьд эдгээр зүйл үүрд оньсого хэвээр үлдэж, үүрд битүүмжлэгдсэн нууц хэвээр үлдэнэ. Шашны ертөнц дэх хүмүүсийг хэлэхийн ч хэрэггүй; хэрвээ өнөөдөр та нарт хэлээгүй бол та нар ч бас үүнийг ойлгохгүй байх байсан. Зургаан мянган жилийн энэхүү ажил нь эш үзүүлэгчдийн бүх зөгнөлөөс ч илүү нууцлаг. Энэ нь бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх хамгийн агуу нууц бөгөөд эрин үеүдийн туршид байсан эш үзүүлэгчдийн дундаас нэг нь ч үүнийг ухан ойлгож чадаагүй, учир нь энэхүү нууц зөвхөн эцсийн эрин үед л тайлагддаг ба өмнө нь хэзээ ч илчлэгдээгүй билээ. Хэрвээ та нар энэ нууцыг ойлгож чаддаг бол, үүнийг бүхэлд нь хүлээн авч чаддаг бол шашны бүх хүнийг энэ нууц ялан дийлэх болно. Зөвхөн энэ л хамгийн агуу үзэгдэл; энэ нь хүний хамгийн их ойлгохыг хүсэн эрмэлзсэн боловч түүний хувьд бас хамгийн тодорхой бус байсан зүйл юм. Нигүүлслийн эрин үед байх үедээ та нар, Есүсийн хийсэн ажил, Еховагийн хийсэн ажил юу байсныг мэдээгүй. Ехова яагаад хууь тогтоосныг, яагаад Тэр хуулийг мөрдөхийг олон түмнээс шаардсаныг, эсвэл яагаад сүм байгуулах хэрэгтэй байсныг хүмүүс ойлгоогүй бөгөөд израильчуудыг яагаад Египетээс цөл рүү, дараа нь Канаан руу удирдан дагуулсныг хүмүүс бүр ч ойлгоогүй. Өнөөдөр л эдгээр хэрэг явдал илчлэгдсэн юм.

Эцсийн өдрүүд дэх ажил нь гурван үе шатны сүүлчийнх нь юм. Энэ нь өөр нэг шинэ эрин үеийн ажил бөгөөд удирдлагын ажлыг бүхэлд нь төлөөлдөггүй. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь дангаараа гурван эрин үеийн ажлыг төлөөлж чадахгүй, харин нэг хэсгийг нь л төлөөлж чадна. Ехова гэх нэр Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед Өөрийн ажлыг гүйцэтгэсэн гэх баримт нь Бурхан бол хуулийн дор л Бурхан байж чадна гэдгийг баталдаггүй. Ехова хүний төлөө хууль гаргаж, тушаал буулгасан ба сүм болон тахилын ширээ барихыг хүмүүсээс хүссэн; Түүний хийсэн ажил Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан бол хүнээс хууль мөрдөхийг л шаарддаг Бурхан, эсвэл сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэдгийг нотолдоггүй. Ингэж хэлбэл буруу байх болно. Хуулийн доорх ажил нэг эрин үеийг л төлөөлж чадна. Тиймээс хэрвээ Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг л хийсэн бол хүн Бурханыг дараах тодорхойлолт дотор хорьж, “Бурхан бол сүм дэх Бурхан бөгөөд Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөг өмсөж, сүмд орох ёстой” хэмээн хэлэх байв. Хэрвээ Нигүүлслийн эрин үеийн ажил хэзээ ч хийгдээгүй ба Хуулийн эрин үе өнөөг хүртэл үргэлжилсэн бол Бурхан бас өршөөнгүй агаад хайр энэрэлтэй гэдгийг хүн мэдэхгүй байх байлаа. Хэрвээ Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, харин Нигүүлслийн эрин үеийн ажил л хийгдсэн бол Бурхан зөвхөн хүнийг золин аварч, нүглийг нь өршөөж чадна гэдгийг л хүн мэдэх байв. Тэр бол ариун агаад гэм зэмгүй, мөн хүний төлөө Өөрийгөө золиосолж, цовдлогдож чадна гэдгийг л хүн мэдэх байлаа. Хүн эдгээр зүйлийг л мэдэх боловч бусад бүх зүйлийн талаар ямар ч ойлголтгүй байх байсан юм. Тиймээс эрин үе бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлдөг. Бурханы зан чанарын ямар талыг Хуулийн эрин үе, ямрыг нь Нигүүлслийн эрин үе, ямрыг нь өнөөгийн үе шат төлөөлдгийн тухайд бол: гурван үе шатыг бүгдийг нь нэгэн бүхэл болгон нэгтгэсэн цагт л Бурханы зан чанарыг бүхэлд нь илчилж чадна. Хүн гурван үе шатны ажлыг бүгдийг нь мэдэж авсан цагтаа л үүнийг бүрэн ойлгож чадна. Гурван үе шатны алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын энэ гурван үе шатыг мэдэж авсныхаа дараа л Бурханы зан чанарыг бүхэлд нь харах болно. Бурхан Хуулийн эрин үе дэх ажлаа дуусгасан гэх баримт нь Тэр бол зөвхөн хуулийн доорх Бурхан гэдгийг баталдаггүй бөгөөд Тэр золин авралын ажлаа дуусгасан гэх баримт нь Бурхан үүрд хүн төрөлхтнийг золин аварна гэсэн үг биш. Эдгээр нь бүгд хүний гаргасан дүгнэлт юм. Нигүүлслийн эрин үе дууссан болохоор чи, Бурхан зөвхөн загалмайд харьяалагддаг, загалмай ганцаараа Бурханы авралыг төлөөлдөг гэж хэлж болохгүй. Тэгэх нь Бурханыг хязгаарлаж буй хэрэг. Өнөөгийн үе шатанд Бурхан үндсэндээ үгийн ажил хийж байгаа боловч Бурхан хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, гагцхүү гэсгээлт, шүүлт л авчирдаг гэж чи хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар, төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг болон хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Эдгээр нууцын гүнд нь орж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлгох боломжийг хүнд олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг дэлгэх ёстой. Тэр үед л хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу ангилж болно. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхэлд нь ойлгож авна, учир нь Түүний удирдлага тэр үед дуусчихсан байх болно. Одоо та нар эцсийн эрин үе дэх Бурханы ажлыг туулсан, тэгвэл Бурханы зан чанар юу вэ? Бурхан бол үг хэлдэг Бурханаас цаашгүй гэж чи хэлж зүрхлэх үү? Чи ийм дүгнэлт хийж зүрхлэхгүй. Бурхан бол нууцуудыг тайлдаг Бурхан, Бурхан бол Хурга, мөн долоон лацыг эвддэг Нэгэн гэж зарим хүн хэлнэ. Гэхдээ хэн ч ийм дүгнэлт гаргаж зүрхэлдэггүй. Бусад нь Бурхан бол махбод болсон бие гэж хэлж болзошгүй боловч энэ нь мөн л буруу байна. Бас зарим нь бие махбодтой болсон Бурхан зөвхөн үг хэлдэг бөгөөд тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй гэж хэлж магад боловч чи ийм маягаар ярьж бүр ч зүрхлэхгүй, учир нь Есүс махбод болж, тэмдэг гайхамшиг үзүүлсэн, иймээс чи Бурханыг ийм хөнгөхнөөр тодорхойлж зүрхлэхгүй. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний туршид хийгдсэн бүх ажил одоо л төгсгөлдөө ирсэн. Энэ бүх ажлыг хүнд илчилж, хүн төрөлхтний дунд гүйцэтгэсний дараа л тэд Бурханы бүх зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдэх болно. Энэ үе шатны ажил бүрэн дуусахад хүний ойлгодоггүй бүх нууц илчлэгдсэн байх бөгөөд урьд нь ойлгоогүй байсан бүх үнэн ойлгомжтой болж, хүн төрөлхтөнд ирээдүйн зам, хүрэх газрыг нь хэлсэн байх болно. Энэ бол өнөөгийн үе шатанд хийгдэх бүхий л ажил юм. Хэдийгээр хүний өнөөдөр алхдаг зам ч бас загалмайн зам, зовлонгийн зам боловч өнөөдөр хүний хэрэгжүүлж, идэж, ууж, эдэлдэг зүйлс нь хуулийн дор болон Нигүүлслийн эрин үед байсан хүмүүсийнхээс асар өөр билээ. Өнөөдөр хүнээс шаарддаг зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй бөгөөд Хуулийн эрин үед хүнээс шаардаж байсантай бүр ч адилгүй. Тэгвэл Бурханы Израильд ажлаа хийж байхдаа хуулийн дор байгаа хүнээс юу шаардсан бэ? Энэ нь, хүн Амралтын өдрийг болон Еховагийн хуулийг мөрдөх ёстой гэдгээс хэтрээгүй. Хэн ч Амралтын өдрөөр ажиллаж, эсвэл Еховагийн хуулийг зөрчиж болохгүй байв. Гэхдээ одоо тийм биш. Амралтын өдөр хүн ердийнхөөрөө ажиллаж, цугларч, залбирдаг ба хүнд ямар ч хориг хязгаарлалт тавьдаггүй. Нигүүлслийн эрин үеийн хүмүүс баптисм хүртэх хэрэгтэй байсан, улмаар мацаг барьж, талх хугалж, дарс ууж, толгойгоо бүтээж, хөлөө угаахыг тэднээс шаардсан. Одоо энэ дүрмүүд хүчингүй болсон боловч хүнд бүр ч их шаардлага тавьдаг, учир нь Бурханы ажил улам бүр гүнзгийрч, хүний оролт улам өндөрсөж байдаг. Урьд нь Есүс хүн дээр гараа тавин залбирсан, харин одоо бүхнийг хэлсэн болохоор гараа тавихын хэрэг юу байх билээ? Дан ганц үгээр үр дүнд хүрч болно. Урьд нь Тэрээр хүн дээр гараа тавих үед энэ нь хүнийг ерөөж, бас өвчнийг нь эдгээх зорилготой байлаа. Тухайн үед Ариун Сүнс ингэж ажилладаг байсан, гэхдээ одоо тийм биш. Одоо Ариун Сүнс ажиллаж, үр дүнд хүрэхийн тулд үг ашигладаг. Түүний үг та нарт тодорхой болсон бөгөөд та нар хэлсний дагуу хэрэгжүүлэх ёстой. Түүний үг бол Түүний хүсэл; тэдгээр нь Түүний хийхийг хүсдэг ажил. Үгээр нь дамжуулан чи Түүний хүслийг ойлгож, юунд хүрэхийг чамаас шаардаж байгааг ойлгоно, мөн гар тавих ямар ч хэрэггүйгээр Түүний үгийг шууд хэрэгжүүлж болно. Зарим хүн: “Гараа над дээр тавиач! Гараа над дээр тавивал би Таны ерөөлийг хүртэж, Танаас хуваалцаж болох юм” гэж хэлж болзошгүй. Энэ бүхэн нь өнгөрсөн үеийн хоцрогдсон хэрэгжүүлэлт бөгөөд эрин үе солигдсон учраас одоо хэрэглэхээ больсон. Ариун Сүнс санамсаргүй байдлаар ч биш, эсвэл тогтсон дүрмийн дагуу ч биш, харин эрин үед нийцүүлэн ажилладаг. Эрин үе өөрчлөгдсөн бөгөөд шинэ эрин үе шинэ ажлыг зайлшгүй авчирдаг. Ажлын үе шат бүр ийм байдаг тул Түүний ажил хэзээ ч давтагддаггүй. Нигүүлслийн эрин үед Есүс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөх, хүний төлөө залбирахын тулд гараа хүн дээр тавих, хүнийг ерөөх гэх зэрэг ажлыг хангалттай хэмжээнд хийсэн. Гэвч өнөө үед үүнийг дахин хийх нь утга учиргүй байх байв. Ариун Сүнс тухайн үед тийм маягаар ажилласан, учир нь энэ нь Нигүүлслийн эрин үе байсан ба хүний эдлэх нигүүлсэл хангалттай байлаа. Хүнээс ямар ч төлөөс төлөхийг шаардаагүй бөгөөд итгэлтэй байх л юм бол нигүүлсэл хүртэх байв. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан юм. Одоо эрин үе өөрчлөгдсөн бөгөөд Бурханы ажил цааш улам ахисан; гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүний тэрслүү байдлыг болон доторх бохир зүйлсийг нь арилгана. Тэр үе шат золин авралын үе шат байсан болохоор Бурхан тийм маягаар ажиллаж, эдлэх хангалттай нигүүлслийг хүнд харуулах ёстой байв, ингэснээр хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан нүглийг нь уучилж болох байлаа. Өнөөгийн энэ үе шат нь хүмүүсийг дараа нь аврахын тулд гэсгээлт, шүүлт, үгийн цохилт, түүнчлэн үгийн сахилгажуулалт болон илчлэлийн аргаар хүний доторх шударга бус байдлыг ил болгодог. Энэ бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ. Нигүүлслийн эрин үе дэх нигүүлсэл нь хүн эдлэхэд хангалттай байсан; одоо хүн энэ нигүүлслийг аль хэдийн мэдэрсэн болохоор цаашид дахиж эдлэхгүй. Энэ ажил одоо үеэ өнгөрөөсөн ба цаашид дахиж хийгдэхгүй. Одоо хүнийг үгийн шүүлтээр дамжуулан аварна. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлсний дараа зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь бүгд Миний хэлсэн үгээс болдоггүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц дэвшил болон эрин үеийн дагуу хийгддэг. Ажил бүхэлдээ ач холбогдолтой байдаг, энэ бүхэн нь эцсийн авралын төлөө, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын төлөө, эцэст нь хүмүүс төрлөөрөө ангилагдахын төлөө хийгддэг.

Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих