Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 88

Зургаа дахь өдөр, Бүтээгчийг үгээ хэлмэгц Түүний оюун санаан дахь төрөл бүрийн амьтад ээлж дараалан гарч ирсэн

Бүх зүйлийг бүтээх Бүтээгчийн ажил таван өдөр анзаарагдалгүй үргэлжилсэн ба үүний дараа Бүтээгч бүх зүйлийг бүтээх зургаа дахь өдрөө даруй угтан авсан. Энэ өдөр нь өөр нэг шинэ эхлэл, бас нэгэн ер бусын өдөр байсан юм. Тэгвэл энэ шинэ өдөр ирэхийн өмнө Бүтээгч ямар төлөвлөгөөтэй байсан бэ? Ямар шинэ бүтээлүүдийг Тэр бий болгож, бүтээх гэж байсан бэ? Сонс, тэр бол Бүтээгчийн дуу хоолой юм…

“Бурхан: ‘Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь бий болгож, мал амьтан, мөлхөгчид, зэрлэг араатан амьтдыг төрөл төрлөөр нь бий болгог’ гэсэнд тэр нь ёсоор болов. Дараа нь газрын араатан амьтад төрөл төрлөөрөө бүтээгдэж, мал адгуус, газар дээр мөлхдөг хорхой шавж төрөл төрлөөрөө бүтээгдэв. Бурханыг харахад энэ нь сайн байлаа” (Эхлэл 1:24–25). Үүнд ямар амьтад багтаж байна вэ? Бичвэрт: төрөл бүрийн мал амьтан, хорхой шавж болон газрын зэрлэг амьтад гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ өдөр газар дээр бүх төрлийн амьтад бий болоод зогсохгүй, тэдгээр нь бүгд төрөл төрлөөрөө ангилагдсан ба бас “Бурханыг харахад энэ нь сайн байлаа.”

Бүтээгч өмнөх таван өдрийнхтэйгөө адил өнгөөр ярьж, Өөрийн хүссэн амьтдыг төрөхийг тушаасан ба тэдгээр нь газар дээр төрөл төрлөөрөө гарч ирсэн. Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлэх үед Түүний хэлсэн ямар ч үг талаар болдоггүй учир зургаа дахь өдөр Түүний бүтээхээр зорьсон амьтан бүр заасан цагт гарч ирсэн юм. Бүтээгчийг “Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь бий болгог” хэмээн хэлэхэд, газар дэлхий тэр дороо амьдралаар дүүрч, газар дээр бүх төрлийн амьтдын амьсгал гэнэт гарч иржээ… Зүлэгт ногоон атар талд тарган үхрүүд сүүлээ шарван ар араасаа гарч ирж, хоньд майлан сүрэглэн бэлчиж, морьд янцгаан давхилдаж эхэлсэн юм… Анир чимээгүй уудам ногоон тал тэр дороо амьдралаар бялхжээ… Эдгээр янз бүрийн мал амьтан гарч ирсэн нь тогтуун хээр тал дээрх үзэсгэлэнт дүр зураг байсан бөгөөд хязгааргүй эрч хүчийг авчирсан юм… Эдгээр нь хээр талын хань, хээр талын эзэн болж, бүгд бие биеэсээ харилцан хамааралтай байна; мөн тэд хээр талын хамгаалагч, сахиул нь болох бөгөөд хээр тал ч тэдний байнгын нутаг болж, тэднийг хэрэгтэй бүхнээр хангаж, оршихуйг нь мөнхөд тэжээн тэтгэх эх үүсвэр нь байх болно…

Эдгээр төрөл бүрийн мал амьтан Бүтээгчийн үгээр бий болсон тэр өдөр үй олон шавж хорхой бас ар араасаа гарч ирсэн. Тэд бүх бүтээлийн дундаас хамгийн жижигхэн амьтад байсан боловч амийн хүч нь мөн л Бүтээгчийн гайхамшигт бүтээл байсан бөгөөд хэт оройтож ирээгүй билээ… Зарим нь жаахан далавчаа дэвж байхад, өөр нэг нь аажмаар мөлхөж байсан; зарим нь дэвхэрч, харайж, нөгөө нь найган ганхаж байлаа; зарим нь урагш шаламгай хөдөлж байхад бусад нь хурднаар ухарч байв; зарим нь хажуу тийш хөдөлж байхад, өөр бусад нь өндөр нам үсэрч байв… Бүгд гэр орноо олох гэж чармайн, завгүй байлаа: Зарим нь өвс рүү шурган орж, зарим нь газар нүхлэхээр зүтгэж, нөгөө хэсэг нь мод руу нисэж, ой шугуйд бүгжээ… Тэд хэдийгээр жижиг ч гэсэн гэдэс хоосон байхын зовлон амсахыг хүсээгүй бөгөөд амьдрах газраа олсныхоо дараа идэх хоол хүнсээ эрж хайхаар яарчээ. Зарим нь зөөлөн навч идэх гэж өвсөнд авирч, зарим нь амаараа дүүрэн шороо үмхэж залгин ходоод руугаа оруулж, тун их дуршил, тааламжтайгаар иджээ (тэдний хувьд шороо хүртэл амттай зоог юм); зарим нь ойд бүгсэн боловч гялалзсан хар ногоон навчны шүүс нь шимтэй хоол болж байсан тул тэд амрах гэж зогссонгүй… Цадсаныхаа дараа ч гэсэн шавжууд хөдөлгөөнөө зогсоогоогүй юм; тэд хэдийгээр биеэр жижиг ч гэсэн асар их эрч хүч, хязгааргүй тамир тэнхээтэй байсан тул бүх бүтээлээс хамгийн идэвхтэй, хамгийн хөдөлмөрч нь юм. Тэд хэзээ ч залхуурч, амрахыг эрхэмлэж байсангүй. Ходоод гэдэс нь цадангуутаа тэд ирээдүйнхээ төлөө мөн л шаргуу хөдөлмөрлөж, маргаашийнхаа төлөө, амьд үлдэхийн төлөө борви бохис хийх чөлөөгүй, яаран зүтгэж байлаа… Тэд өөрсдийгөө шавдуулж, зоригжуулахын тулд олон янзын айзам хэмнэлт эгшгийг намуухан аялж байсан. Түүнчлэн өвс ногоо, ой хөвч, хөрсний ямх бүрд баяр хөөр нэмж, өдөр бүр, жил болгоныг онцгой болгож байсан билээ… Өөрсдийн хэл болон өөрсдийн аргаар тэд газар дээрх бүх амьтанд мэдээлэл дамжуулдаг байсан. Мөн амьдралынхаа онцгой замналыг ашиглан бүх зүйл дээр ул мөрөө үлдээж тэмдэглэсэн юм… Тэд хөрс шороо, өвс ногоо, ой хөвчтэй дотно холбоотой байсан бөгөөд хөрс шороо, өвс ногоо, ой хөвчид эрч хүч, амин чанарыг авчирч, бүх амьтанд Бүтээгчийн захиас, мэндчилгээг хүргэсэн билээ…

Бүтээгчийн харц бүтээсэн бүх зүйлийнхээ дээгүүр хараа бэлчээх энэ мөчид харц нь ой хөвч, уул нурууд дээр саатаж, анхаарлаа хандууллаа. Түүнийг үгээ айлдахад, өтгөн ой шугуй болон уул нуруудад урьд өмнө гарч ирж байгаагүй амьтад гарч ирэв: Тэдгээр нь Бурханы амаар хэлэгдсэн зэрлэг амьтад байлаа. Оройтож гарч ирсэн тэд толгойгоо сэгсэрч, сүүлээ шарвацгааж, дор бүрнээ дахин давтагдашгүй зүстэй байлаа. Зарим нь үслэг арьстай, зарим нь хуягтай, зарим нь ярзайсан соёотой, бас зарим нь ярзайтал инээсэн, зарим нь урт хүзүүтэй, зарим нь оготор сүүлтэй, зарим нь догшин нүдтэй, зарим нь аймхай харцтай, зарим нь өвс идэхээр бөхийж байхад, зарим нь амандаа цустай, зарим нь хоёр хөл дээрээ дэгдэж, зарим нь дөрвөн туурайгаараа алхалж, зарим нь модны оройгоос алсын бараа ширтэж, зарим нь ой модон дотор отон хэвтэж, зарим нь амрах агуй хайж, зарим нь тал газар хөгжилдөн давхиж, зарим нь ойд гэтэж байв…; зарим нь архирч, зарим нь ульж, зарим нь хуцаж, зарим нь орилж байлаа…; зарим нь нарийн, зарим нь баргил хоолойтой, зарим нь цээлхэн, зарим нь тод уянгалаг дуутай байсан…; зарим нь догшин, зарим нь хөөрхөн, зарим нь ой гутам, зарим нь өхөөрдөм, зарим нь аймаар, зарим нь хайр татам гэнэн байсан… Тэд нэг нэгээрээ гарч ирсэн. Тэд ямар сүрлэг бөгөөд хүчирхэг, эрх чөлөөтэй, бие биеэ зүгээр л үл хайхран, нэг нэгнээ зэрвэс ч харахгүй байгааг хараач… Тэд дор бүрнээ Бүтээгчийн онцгойлон хайрласан амийг болон зэрлэг, догшин байдлаа хадгалж, ой шугуй, уул нуруудад гарч ирсэн. Бүхнийг үл ойшоогч, туйлын эзэрхэг тэднийг хэн уул нурууд, ой хөвчийн жинхэнэ эзэд болгосон бэ? Гарч ирэхийг нь Бүтээгч тушаасан мөчөөс эхлээд тэд ой мод, уул нуруудад “эзэн суусан”, учир нь Бүтээгч аль хэдийн тэдний хил хязгаарыг тогтоож, оршихуйнх нь цар хүрээг тодорхойлсон юм. Зөвхөн тэд уул нурууд, ой хөвчийн жинхэнэ эзэд байсан, ийм ч учраас тэд маш зэрлэг, дээрэнгүй байсан юм. Тэднийг “зэрлэг амьтан” хэмээн нэрийдсэн нь ердөө л тэд бүх бүтээлүүдээс үнэхээр зэрлэг, догшин, номхоршгүй байсанд оршино. Тэднийг гаршуулж болдоггүй тул өсгөж үржүүлж болдоггүй, тэд хүн төрөлхтөнтэй эв найртай амьдарч, хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөж чаддаггүй байсан. Тэднийг өсгөж үржүүлж болдоггүй байсан учраас тэд хүн төрөлхтний төлөө ажиллаж чадаагүй бөгөөд хүн төрөлхтнөөс хол амьдрах ёстой болж, хүн тэдэнд ойртож чаддаггүй байсан. Нэгэнт тэд хүн төрөлхтнөөс хол амьдарч, хүмүүс тэдэнд ойртож чаддаггүй байсан учраас Бүтээгчийн хайрласан үүрэг буюу уул нурууд, ой хөвчийг манах үүргээ биелүүлж чадсан. Тэдний зэрлэг байдал уул нуруудыг хамгаалж, ой хөвчийг манаж байсан бөгөөд энэ нь тэдний оршин тогтнол, үржлийн хамгийн сайн хамгаалалт, баталгаа байсан. Үүний зэрэгцээ тэдний зэрлэг байдал нь бүх зүйлийн дундах тэнцвэрийг хадгалж, баталгаажуулсан. Тэд ирсэн нь уул нурууд, ой хөвчид тусламж дэмжлэг, түшиг тулгуур авчирсан; тэд ирсэн нь онгон зэлүүд уул нурууд, ой хөвчийг хязгааргүй их эрч хүч, амин чанараар сэлбэсэн. Энэ үеэс хойш уул нурууд болон ой хөвч тэдний байнгын нутаг болсон бөгөөд уул нурууд болон ой хөвч тэдний төлөө бий болж, оршиж буй тул тэд гэр орноо хэзээ ч алдахгүй болсон; зэрлэг амьтад үүргээ биелүүлж, уул нурууд болон ой хөвчийг сахин хамгаалахын тулд чадах бүхнээ хийдэг. Түүнчлэн газар нутгаа хадгалж үлдэхийн тулд зэрлэг амьтад ч гэсэн Бүтээгчийн сургамжийг чанд сахисан бөгөөд Бүтээгчийн байгуулсан бүх зүйлийн тэнцвэрийг хадгалж, Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг харуулахын тулд араатны уг чанараа цаашид ашигласаар байх болно!

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент