Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” | Эшлэл 35

Бурханы Абрахамд өгсөн амлалт

(Эхлэл 22:16–18) Ехова: “Чи энэ зүйлийг хийсэн ба хүүгээ, ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөрөөрөө тангараглаж байна” хэмээгээд, “Би ерөөлөөрөө чамайг ерөөж, үр хүүхдийг чинь тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт асар олон болгоно, чиний үр удам дайснуудынхаа үүдийг эзлэх болно; Түүнчлэн чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удмаар дамжуулан газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв.

Бурханыг мэддэг болон Түүнийг гэрчлэх чадвартай хүмүүсийг олж авах нь Бурханы хувиршгүй хүсэл юм

Бурхан Өөртэйгөө ярихын зэрэгцээ Абрахамтай ярьсан, гэхдээ өөрт нь өгсөн Бурханы ерөөлийг сонсохоос гадна тэр мөчид Бурханы бүх үгэн дэх Бурханы жинхэнэ хүслийг Абрахам ойлгож чадаж байсан уу? Тэр чадаагүй! Иймээс Бурхан Өөрөөрөө тангараглах тэр мөчид Түүний зүрх сэтгэл ганцаардмал, гунигтай хэвээр байсан. Түүний зорьсон болон төлөвлөсөн зүйлийг ойлгож, ухаарч чадах нэг ч хүн байгаагүй. Тэр мөчид, Абрахамыг оролцуулаад хэн ч Түүнтэй итгэмжлэн ярилцаж чадахгүй байсан, тэр ч бүү хэл Өөрийн хийх ёстой ажлаа хийхэд нь Түүнтэй хамтран ажиллаж чадах хэн ч байгаагүй. Гадна талдаа Бурхан Абрахамыг олж авсан, Түүний үгийг дуулгавартай дагах хүнийг олж авсан. Гэвч үнэндээ Бурханы талаарх энэ хүний мэдлэг нь огт хоосноос бараг ялгаагүй байсан. Хэдийгээр Бурхан Абрахамыг ерөөсөн боловч Бурханы зүрх сэтгэл хангалуун байж чадаагүй. Бурхан сэтгэл хангалуун биш байсан гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, Түүний удирдлагын төлөвлөгөө дөнгөж эхэлсэн гэсэн үг, энэ нь Түүний олж авахыг хүссэн хүмүүс, Түүний харахыг хүсэн хүлээсэн хүмүүс, Түүний хайрласан хүмүүс Түүнээс зайтай хэвээр байсан гэсэн үг; Түүнд цаг хугацаа хэрэгтэй байсан, Тэр хүлээх хэрэгтэй болсон, Тэр тэвчээртэй байх хэрэгтэй болсон. Учир нь, тэр цаг мөчид Бурханаас Өөрөөс нь өөр Түүнд юу хэрэгтэйг, эсвэл Тэр юу олж авахыг хүсэж байгааг, эсвэл Тэр юу хүсэн эрмэлзэж байгааг мэдэх нэг ч хүн байгаагүй. Иймээс маш их сэтгэл хөөрөхийн зэрэгцээ Бурханы зүрх сэтгэлд мөн хэцүү санагдаж байсан. Гэсэн ч Тэр Өөрийн алхааг зогсоогоогүй бөгөөд Өөрийн хийх ёстой зүйлийн дараагийн алхмыг үргэлжлүүлэн төлөвлөсөн.

Абрахамд өгсөн Бурханы амлалтаас та нар юу харж байна вэ? Тэр Бурханы үгийг сонссон учраас л Бурхан Абрахамд агуу ерөөл хайрласан. Хэдийгээр гадна талдаа энэ нь хэвийн, мэдээжийн хэрэг мэт харагддаг боловч үүнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг: Бурхан ялангуяа хүний дуулгавартай байдлыг эрхэмлэдэг бөгөөд Түүнийг ойлгож байгаа хүний ойлголт болон Түүнд хандах чин сэтгэлийг энхрийлэн хайрладаг. Энэ чин сэтгэлийг Бурхан хэр их энхрийлэн хайрладаг вэ? Тэр үүнийг хэр их энхрийлэн хайрладгийг та нар ойлгохгүй байж магадгүй, мөн үүнийг ухаарч ойлгосон нэг ч хүн байхгүй байж болох юм. Бурхан Абрахамд хүү хайрласан ба тэр хүүг өсөж том болсон үед нь хүүгээ Бурханд өргөл болго гэж Бурхан Абрахамаас хүссэн. Абрахам Бурханы тушаалыг үгчлэн дагасан, Тэр Бурханы үгэнд дуулгавартай орсон бөгөөд түүний чин сэтгэл Бурханы сэтгэлийг уярааж, Бурханд үнэлэгдсэн. Бурхан үүнийг хэр их эрхэмлэсэн бэ? Тэр яагаад үүнийг эрхэмлэсэн бэ? Хэн ч Бурханы үгийг ойлгож ухаараагүй, эсвэл Түүний зүрх сэтгэлийг ойлгоогүй тэр үед Абрахам тэнгэр донсолгож, газар доргиосон зүйл хийсэн бөгөөд энэ нь Бурханд урьд өмнө үзээгүй сэтгэлийн ханамжийг мэдрүүлж, Түүний үгийг дуулгавартай дагаж чадах хүнийг олж авахын баяр баясгаланг Бурханд авчирсан юм. Энэхүү сэтгэл ханамж, баяр баясгалан Бурханы өөрийнх нь гараар бүтээгдсэн амьтнаас ирсэн бөгөөд энэ нь хүнээс Бурханд өргөсөн хамгийн анхны “тахил” байсан ба энэ бол хүнийг бүтээснээс хойш Бурханы хамгийн их эрхэмлэсэн нь байв. Бурхан энэхүү тахилыг хүлээн хүнд хэцүү цагийг туулсан ба үүнд Тэр Өөрийн бүтээсэн хүнээс авсан хамгийн чухал анхны бэлэг гэж үзсэн. Энэ нь Түүний хүчин чармайлт болоод Түүний төлсөн төлөөсний анхны үр дүнг Бурханд харуулсан бөгөөд хүн төрөлхтөнд итгэл найдвар бий гэдгийг олж харах боломжийг Түүнд олгосон юм. Дараа нь Бурхан Түүнтэй хамт байж, Түүнд чин сэтгэлээр хандаж, Түүнд чин сэтгэлээсээ анхаарал тавих тийм бүлэг хүмүүсийг бүр ч илүү ихээр хүсэн эрмэлзэх болсон. Тэр ч бүү хэл, Бурхан Абрахамыг амьдарсаар байна гэж найдсан, учир нь Тэр Өөрийн удирдлагыг үргэлжлүүлж байхад тийм зүрх сэтгэл Өөрийг нь дагаж, Өөртэй нь хамт байгаасай гэж хүссэн. Бурхан юу хүссэн нь хамаагүй, энэ бол зүгээр л нэг хүсэл, зүгээр л нэг санаа байсан—учир нь, Абрахам ердөө л Түүнийг дуулгавартай дагаж чадах хүн байсан бөгөөд түүнд Бурханы талаар өчүүхэн төдий ч ойлголт, мэдлэг байгаагүй. Тэр бол Бурханыг мэдэх, Бурханыг гэрчлэх чадвартай байж, Бурхантай нэг сэтгэлтэй байх хэмээн Бурханы хүнээс шаардсан стандартаас хамаагүй хол нэгэн байлаа. Иймээс тэр Бурхантай хамт алхаж чадаагүй. Абрахамын Исаакийн өргөлөөс Бурхан Абрахамын чин сэтгэл болон дуулгавартай байдлыг харсан ба тэр Бурханы шалгалтыг давсан гэдгийг харсан. Бурхан түүний чин сэтгэл, дуулгавартай байдлыг хүлээн зөвшөөрсөн хэдий боловч тэр Бурханы итгэлийг хүлээсэн хүн болох, Бурханыг мэддэг, Бурханыг ойлгодог хүн болох, мөн Бурханы зан чанарын талаар мэдээлэл авахад тохирох хүн бас л байгаагүй; тэр Бурхантай нэг сэтгэлтэй байж, Бурханы хүслийг хэрэгжүүлэхээс хамаагүй хол байсан. Иймээс Бурхан зүрх сэтгэлдээ ганцаардмал, санаа зовсон хэвээр байсан юм. Бурхан ганцаардаж, санаа зовохынхоо хэрээр Өөрийн удирдлагыг аль болох хурдан үргэлжлүүлэх хэрэгтэй байсан ба Түүний удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлж, Түүний хүслийг биелүүлэх бүлэг хүмүүсийг аль болох хурдан сонгож, олж авах нь төдий чинээ их хэрэгтэй болсон. Энэ бол Бурханы хүчтэй хүсэл бөгөөд бүр эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй үлдсэн юм. Бурхан анх хүнийг бүтээснээсээ хойш ялагчдын бүлгийг, Түүнтэй хамт алхаж, Түүний зан чанарыг ойлгож, ухаарч, мэдэж чадах бүлгийг хүсэн эрмэлзсэн билээ. Бурханы энэхүү хүсэл хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэр хэчнээн удаан хүлээх хэрэгтэйг үл харгалзан, өмнөх зам нь хэчнээн хүнд хэцүүг үл харгалзан, Түүний хүсэн эрмэлзсэн зорилтууд нь хэчнээн хол байгааг үл харгалзан, Бурхан хүнд тавьсан хүлээлтээ хэзээ ч өөрчлөөгүй ба хэзээ ч хаяагүй. Одоо Би ярьчихлаа, та нар Бурханы хүслээс зарим нэг зүйлийг ухаарав уу? Та нарын ухаарсан зүйл тийм ч гүн гүнзгий биш байх—гэхдээ ухаарал аажмаар ирэх болно!

“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент