Нэршил болон ялгамж чанарын талаар (I хэсэг)

Хэрвээ чи Бурханаар ашиглагдахад тохирсон байхыг хүсвэл Бурханы ажлыг мэдэх ёстой; чи өмнө нь Шинэ болон Хуучин Гэрээнд Түүний хийсэн ажлыг мэдэх ёстой ба цаашлаад чи Түүний өнөөдрийн ажлыг мэдэх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханы 6,000 жилийн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой. Хэрвээ чамаас сайн мэдээг түгээхийг гуйвал Бурханы ажлыг мэдэхгүйгээр чи үүнийг хийж чадахгүй байх болно. Хүмүүс чамаас Библи болон Хуучин Гэрээний талаар, Есүс тэр үед юу хэлж, хийж байсан талаар бүхнийг асуух болно. Тэд “Та нарын Бурхан энэ бүхнийг та нарт хэлээгүй гэж үү? Хэрвээ Бурхан Библид үнэхээр юу байдаг тухай хэлж чадаагүй бол Тэр Бурхан биш; хэрвээ Тэр чадвал бид итгэнэ” хэмээн хэлдэг. Эхэн үедээ Есүс Өөрийн шавь нарт Хуучин Гэрээний талаар маш ихийг ярьсан. Тэдний уншсан бүхэн нь Хуучин Гэрээнийх байсан; Шинэ Гэрээ нь ердөө Есүсийг цовдлогдсоноос хойш хэдэн арван жилийн дараа бичигдсэн. Сайн мэдээг түгээхийн тулд та нар үндсэндээ Библийн дотоод үнэнийг, Израиль дахь Бурханы ажлыг, өөрөөр хэлбэл Еховагийн хийсэн ажлыг ойлгох ёстой. Мөн түүнчлэн та нар Есүсийн хийсэн ажлыг ойлгох учиртай. Эдгээр нь бүх хүмүүсийн хамгийн их санаа зовдог асуудлууд бөгөөд тэдэнд ажлын энэ хоёр үе шатны талаарх ойлголт байдаггүй. Сайн мэдээг түгээхдээ, эхлээд өнөөдрийн Ариун Сүнсний ажлын тухай яриаг хойш тавь. Ажлын энэ үе шат нь тэдний түвшнээс давсан, учир нь та нарын эрж хайдаг зүйл бол хамгийн өндөр дээд зүйл билээ: Бурханы мэдлэг болон Ариун Сүнсний ажлын мэдлэг, энэ хоёроос илүү агуу зүйл гэж үгүй. Хэрвээ чи эхлээд өндөр дээд зүйлийн талаар ярих юм бол энэ нь тэдний хувьд хэтэрхий их байх болно, учир нь тэдний хэн ч Ариун Сүнсний тийм ажлыг мэдэрч байгаагүй; өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй ба үүнийг хүн хүлээн зөвшөөрөхөд амархан биш байдаг. Тэдний дадлага туршлага нь Ариун Сүнсний зарим нэг тохиолдлын ажлыг агуулсан өнгөрсөн үеийн хуучин зүйл байдаг. Тэдний мэдэрч туулсан зүйл нь өнөөдрийн Ариун Сүнсний ажил биш эсвэл өнөөдрийн Бурханы хүсэл биш юм. Тэд ямар ч шинэ гэрэлгүйгээр эсвэл шинэ зүйлгүйгээр хуучин ёс заншлын дагуу үйлдсээр байдаг.

Есүсийн эрин үед Ариун Сүнс Өөрийн ажлыг ихэвчлэн Есүс дотор хийсэн байхад сүмд тахилчийн өмсгөл өмсөн Еховад үйлчилж байсан хүмүүс гуйвшгүй үнэнч сэтгэлтэйгээр үүнийг хийсэн. Тэд мөн Ариун Сүнсний ажлыг авч байсан боловч Бурханы өнөөгийн хүслийг мэдрэх чадваргүй байсан ба хуучин заншлын дагуу, шинэ удирдамжгүйгээр зүгээр л Еховад үнэнч хэвээр үлдсэн. Есүс ирж, шинэ ажлыг авчирсан. Сүм дэх тэдгээр хүмүүст шинэ удирдамж байгаагүй, мөн тэдэнд шинэ ажил ч байгаагүй. Сүмд үйлчлэнгээ тэд зүгээр л хуучин заншлыг хадгалж байсан; сүмийг орхихгүйгээр тэдэнд ямар ч шинэ оролт байгаагүй. Есүс шинэ ажлыг авчирсан ба Есүс Өөрийн ажлыг хийхийн тулд сүм рүү яваагүй. Тэр зөвхөн сүмийн гадна Өөрийн ажлаа хийсэн, учир нь Бурханы ажлын цар хүрээ хэдийнээ өөрчлөгдсөн байсан. Тэр сүм дотор ажиллаагүй ба хүн Түүнд үйлчлэх үедээ аливаа зүйлийг байгаагаар нь байлгаж байсан бөгөөд ямар ч шинэ ажлыг бий болгож чадаагүй. Үүний адилаар, өнөөдрийн шашны хүмүүс одоо ч Библийг шүтдэг. Хэрвээ чи тэдэнд сайн мэдээ түгээвэл тэд Библийн талаар чамтай маргалдах болно; хэрвээ тэднийг Библийн талаар ярихад чи хэлэх үггүй болж, юу ч хэлж чадахгүй байвал тэд та нарыг “өөрсдийн итгэл бишрэлийн хувьд тэнэг бөгөөд Библийг буюу Бурханы үгийг ч мэддэггүй, Бурханд итгэдэг гэж яаж хэлж чадаж байна вэ?” гэж бодно. Тэгээд тэд чамайг үл тоож, та нарын итгэдэг Нэгэн чинь Бурхан юм бол яагаад Тэр та нарт Хуучин болон Шинэ Гэрээний талаар бүгдийг хэлээгүй юм бэ? Нэгэнт Тэр Өөрийн алдрыг Израилиас Зүүн зүгт авчирсан болохоор яагаад Тэр Израильд хийгдсэн ажлыг мэддэггүй юм бэ? Тэр яагаад Есүсийн ажлыг мэддэггүй юм бэ? Хэрвээ та нар мэдэхгүй бол Тэр та нарт хэлээгүй гэдгийг энэ нь баталж байна; Тэр хоёр дахь удаа бие махбодтой болсон Есүс юм бол яагаад эдгээр зүйлийг мэддэггүй юм бэ? Есүс Еховагийн хийсэн ажлыг мэдэж байсан, Тэр яагаад мэддэггүй юм бэ хэмээн асуух болно. Цаг нь ирэх үед тэд чамаас ийм асуултуудыг асуух болно. Тэдний толгой ийм зүйлсээр дүүрэн байдаг; тэд асуухгүй байж яаж чадах юм бэ? Энэ урсгал дотор байгаа хүмүүс Библи дээр төвлөрдөггүй, учир нь та нар өнөөдөр шат дараалан Бурханаар хийгдсэн ажилтай мөр зэрэгцэн явсан, та нар энэ шат дараалсан ажлыг өөрсдийн нүдээр харсан, та нар ажлын гурван үе шатыг тодорхой харсан, иймээс та нар Библийг доош тавьж, үүнийг судлахаа болих хэрэгтэй болсон. Гэхдээ тэд үүнийг судлахгүй байж чадахгүй, учир нь тэдэнд энэхүү шат дараалсан ажлын тухай мэдлэг байхгүй. Зарим хүмүүс, “Бие махбод болсон Бурханаар хийгдсэн ажил болон өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид болон элч нарын хийсэн ажлын хоорондын ялгаа юу вэ?” гэж асуух болно. Давидыг ч мөн Эзэн гэж нэрлэдэг байсан ба Есүс ч бас мөн адил; хэдийгээр тэдний хийсэн ажил ялгаатай байсан ч тэд адилхан нэрлэгдэж байсан. Тэдний ялгамж чанар адилхан биш гэж чи яагаад хэлдэг вэ? Иоханы харсан зүйл нь үзэгдэл байсан, энэ нь мөн Ариун Сүнснээс ирсэн бөгөөд Ариун Сүнсний хэлэхийг зорьсон үгийг тэр хэлэх чадвартай байсан; тэгвэл яагаад Иоханы ялгамж чанар нь Есүсийнхээс өөр вэ? Есүсийн хэлсэн үг нь Бурханыг бүрэн төлөөлж чадаж байсан ба Бурханы ажлыг бүрэн төлөөлсөн. Иоханы харсан зүйл нь үзэгдэл байсан ба тэр Бурханы ажлыг бүрэн дүүрэн төлөөлөх чадваргүй байсан. Иохан, Петр, Паул нар Есүсийн адилаар олон үг хэлсэн хэдий ч тэд яагаад Есүстэй адил ялгамж чанартай байгаагүй вэ? Энэ нь үндсэндээ тэдний хийсэн ажил өөр байсан учраас юм. Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба Бурханы Сүнс шууд ажиллаж байсан. Тэр шинэ эрин үеийн ажлыг, өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн. Тэр шинэ замыг нээсэн, Тэр Еховаг төлөөлж байсан ба Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан. Харин Петр, Паул, Давид нарын хувьд тэд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг төлөөлж байсан эсвэл Есүс буюу Еховагаар илгээгдсэн байсан. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан ба Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байсан. Тэд Бурханы нэрийн дор, эсвэл Бурханаар илгээгдсэнийхээ дараа ажилласан; цаашлаад тэд Есүс, эсвэл Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд тэд өөр ажил хийгээгүй. Эцсийн эцэст тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан. Хуучин Гэрээнд олон эш үзүүлэгчид зөгнөл хэлсэн буюу зөгнөлийн ном бичсэн. Хэн ч өөрийгөө Бурхан гэж хэлээгүй боловч Есүсийг гарч ирэнгүүт Түүнийг ямар нэгэн үг хэлэхээс өмнө Бурханы Сүнс Түүнийг Бурхан гэдгийг гэрчилсэн. Яагаад тэр вэ? Одоо чи аль хэдийн мэдчихсэн байх ёстой! Өмнө нь, элчүүд болон эш үзүүлэгчид олон янзын захидал бичиж, олон зөгнөл хэлсэн. Дараа нь хүмүүс тэдгээрийн заримыг Библид оруулахаар сонгосон ба зарим нь алга болсон. Тэдний хэлсэн бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэж хүмүүс хэлдэг байхад яагаад үүний заримыг сайн гэж үзэж, заримыг нь муу гэж үздэг вэ? Яагаад зарим нь сонгогдоод бусад нь сонгогдоогүй вэ? Хэрвээ тэдгээр нь үнэхээр Ариун Сүнсний хэлсэн үг байсан бол хүмүүс тэдгээрийг шилж сонгох хэрэгтэй байсан гэж үү? Есүсийн хэлсэн үг болон Түүний хийсэн ажлын баримтууд яагаад Дөрвөн Сайн Мэдээ бүрт өөр байдаг вэ? Энэ нь тэдгээрийг бичсэн хүмүүсийн алдаа биш гэж үү? Зарим хүмүүс, “Паул болон Шинэ Гэрээний бусад зохиогчдын бичсэн захидлууд ба тэдний хийсэн ажил нь зарим талаар хүний хүслээс бий болж, хүний үзэлтэй холилдсон, тэгвэл Таны (Бурханы) өнөөдөр хэлж буй үгэнд ямар ч хүний хольц байхгүй гэж үү? Тэдгээр нь үнэхээр хүний ямар ч үзлийг агуулдаггүй юу?” хэмээн асуух болно. Бурханаар хийгдсэн ажлын энэ үе шат нь Паул болон олон элч, эш үзүүлэгчдийн хийснээс шал өөр юм. Ялгамж чанар нь ялгаатайгаар үл барам үндсэндээ хэрэгжүүлсэн ажил нь ч ялгаатай байдаг. Паул цохигдож, Эзэний өмнө унасныхаа дараа ажиллахдаа Ариун Сүнсээр удирдуулсан бөгөөд тэр илгээгдсэн нэгэн болсон. Иймээс тэр чуулгануудад захидал бичсэн бөгөөд эдгээр захидал нь бүгд Есүсийн сургаалыг дагасан. Паул, Эзэн Есүсийн нэрийн дор ажиллахаар Эзэнээр илгээгдсэн боловч Бурхан Өөрөө ирэхдээ Тэр ямар ч нэрийн дор ажиллаагүй ба Өөрийн ажилдаа өөр хэнийг ч биш харин Бурханы Сүнсийг төлөөлж байсан. Бурхан Өөрийн ажлыг шууд хийхээр ирсэн: Тэр хүнээр төгс болгуулах хэрэггүй байсан бөгөөд Түүний ажил ямар ч хүний сургаал дээр тулгуурлан хэрэгжээгүй. Ажлын энэ үе шатанд Бурхан Өөрийн хувийн дадлага туршлагаа ярьснаар удирдаагүй, харин үүний оронд Өөрт нь юу байгаагийн дагуу Өөрийн ажлыг шууд хэрэгжүүлсэн. Жишээлбэл, Тэр үйлчлэл үзүүлэгчийн ажил, гэсгээлтийн цаг үе, үхлийн ажил, Бурханыг хайрлах зэргийг хийсэн. Энэ бүх ажил өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй, хүний дадлага туршлага биш харин энэ нь өнөөгийн эрин үеийн ажил юм. Миний хэлсэн үгнээс аль нь хүний дадлага туршлага вэ? Тэдгээр нь бүгд Сүнснээс шууд ирээгүй, Сүнснээс гараагүй гэж үү? Чиний хэв чанар маш дорд учраас чи үнэнийг нэвт ойлгох чадваргүй байгаа юм! Миний ярьдаг амийн бодитой зам нь замчлахын тулд бөгөөд өмнө нь хэнээр ч яригдаж байгаагүй, мөн хэн ч энэ замыг хэзээ нэгэн цагт туулж байгаагүй, эсвэл энэ бодит байдлын талаар мэдээгүй. Намайг эдгээр үгийг хэлэхээс өмнө хэн ч хэзээ нэгэн цагт үүнийг ярьж байгаагүй. Хэн ч хэзээ нэгэн цагт ийм дадлага туршлагын талаар яриагүй ба тэд хэзээ нэгэн цагт ийм нарийн учрыг яриагүй цаашлаад эдгээр зүйлсийг илчлэхийн тулд хэн ч тийм байдлыг хэзээ нэгэн цагт зааж үзүүлээгүй. Миний өнөөдрийн замчилж байгаа энэ замаар хэн ч, хэзээ ч замчлаагүй ба хэрвээ хүн замчилж байсан бол энэ нь шинэ зам биш байх байсан юм. Жишээлбэл Паул, Петр нарыг аваад үз. Есүсийн түрүүлж явсан энэ замаар алхахаас өмнө тэдэнд өөрсдийн хувийн дадлага туршлага байгаагүй. Зөвхөн Есүс энэ замаар явсны дараа л тэд Есүийн хэлсэн үг болон, Түүний түрүүлэн явсан замыг мэдэрч туулсан; үүнээс тэд олон дадлага туршлагыг олж авсан ба захидлууд бичсэн. Иймээс хүний дадлага туршлага нь Бурханы ажилтай адилгүй бөгөөд Бурханы ажил нь хүний үзэл болон дадлага туршлагаар тодорхойлогдсон мэдлэгтэй адилгүй. Өнөөдөр Би шинэ замаар түрүүлэн явж, шинэ ажил хийж байгаа бөгөөд Миний ажил болон айлдвар Иохан болон бусад бүх эш үзүүлэгчдийнхээс өөр гэж Би дахин дахин хэлсэн. Би хэзээ ч, эхэлж дадлага туршлага олж аваад, дараа нь түүнийгээ та нарт ярьж байгаагүй, хэзээ ч ийм байгаагүй. Хэрвээ ийм байсан бол тэгэх нь та нарыг аль хэдийн удаашруулахгүй гэж үү? Өмнө нь, олон хүний ярьдаг байсан мэдлэг агуу байсан боловч тэдний бүх үг нь зөвхөн сүнслэг хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүсийн үгэн дээр үндэслэн яригдсан. Тэд замд дагуулаагүй, харин энэ нь тэдний дадлага туршлагаас, тэдний харсан зүйлээс, тэдний мэдлэгээс гарч ирсэн. Зарим нь тэдний үзэл байсан, зарим нь тэдний нэгтгэн дүгнэсэн дадлага туршлага байсан. Өнөөдөр Миний ажлын шинж чанар нь тэднийхээс шал өөр. Би бусдаар хөтлүүлэн явж үзээгүй, бас Би бусдаар төгс болгуулахыг хүлээн зөвшөөрөөгүй. Цаашлаад Миний ярьсан, нөхөрлөл бүхэн өөр хэнийхтэй ч адилгүй бөгөөд өөр хэн ч, хэзээ ч ярьж байгаагүй. Өнөөдөр та нар хэн бэ гэдгээс үл хамааран та нарын ажил Миний хэлсэн үгийн үндсэн дээр хэрэгждэг. Эдгээр айлдвар болон ажилгүйгээр хэн эдгээр зүйлсийг (үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн цаг үеийг…) мэдрэх чадвартай байж, хэн тийм мэдлэгийн талаар ярьж чадах вэ? Чи үнэхээр аливааг харах чадваргүй юу? Ажлын аль үе шат байх нь хамаагүй, Намайг үг хэлэнгүүт та нар Миний үгийн дагуу нөхөрлөл хийж эхэлдэг ба тэдгээрийн дагуу ажилладаг, энэ нь та нарын хэний ч бодсон зам биш. Ийм хол ирчихээд чи тийм энгийн, тодорхой асуултыг ойлгох чадваргүй байна уу? Энэ нь хэн нэгний бодож олсон зам биш, мөн энэ нь ямар нэг сүнслэг хүний бодол дээр үндэслэсэн биш. Энэ нь шинэ зам бөгөөд цаашлаад Есүсийн хэлж байсан ихэнх үг ч гэсэн хүчингүй болсон. Миний ярьдаг зүйл бол шинэ зууныг нээх ажил бөгөөд энэ нь биеэ даасан ажил юм; Миний хийдэг ажил болон Миний хэлдэг үг нь бүгд шинэ. Энэ нь өнөөдрийн шинэ ажил биш гэж үү? Есүсийн ажил нь мөн ийм байсан. Түүний ажил нь мөн сүм дэх хүмүүсийнхээс өөр байсан ба энэ нь Фарисайчуудын ажлаас ч бас ялгаатай байсан, мөн Израилийн бүх ард түмний хийсэнтэй огтхон ч адил төстэй байгаагүй. Үүнийг нүдээр харсныхаа дараа хүмүүс шийдэж чадаагүй: Энэ нь үнэхээр Бурханаар хийгдсэн үү? Есүс Еховагийн хуулийг баримтлаагүй; хүмүүст номлохоор ирэх үедээ Түүний хэлсэн бүхэн нь шинэ бөгөөд эртний ариун хүмүүс, Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн хэлснээс өөр байсан, үүний улмаас хүмүүс эргэлзсэн хэвээр үлдсэн. Хүмүүстэй харьцахад маш хэцүү болгосон зүйл нь энэ юм. Ажлын энэ шинэ үе шатыг хүлээн зөвшөөрөхөөс өмнө та нарын дийлэнхийн алхсан зам нь, урьдын сүнслэг хүмүүсийн суурин дээр хэрэгжүүлж орох явдал байсан. Гэхдээ өнөөдөр Миний хийдэг ажил нь ихээхэн ялгаатай ба иймээс та нар энэ нь зөв үү эсвэл буруу юу гэдгийг шийдэж чадахгүй байгаа. Чи өмнө нь ямар замаар явсныг Би анхаарахгүй, мөн чи хэний хоолыг идсэнийг, эсвэл хэнийг өөрсдийн “эцгээ” болгосныг Би сонирхохгүй. Нэгэнт Би ирэхдээ хүнийг удирдах шинэ ажлыг авчирсан учраас Намайг дагадаг бүх хүмүүс Миний хэлсний дагуу үйлдэх ёстой. Чиний төрсөн “гэр бүл” хэчнээн хүч чадалтай байх нь хамаагүй чи Намайг дагах ёстой, чи өөрийн хуучин заншлын дагуу үйлдэх ёсгүй, чамайг “үрчилсэн эцэг” огцрох ёстой ба чи өөрийн хууль ёсны ноогдол хувийг эрж хайхын тулд өөрийн Бурханы өмнө очих ёстой. Чиний бүх юм Миний гарт байгаа ба чи үрчилсэн эцэгтээ хэтэрхий их сохроор итгэх ёсгүй; тэр чамайг бүрэн дүүрэн хянаж чадахгүй. Өнөөдрийн ажил нь биеэ даасан ажил билээ. Өнөөдөр Миний хэлэх бүхэн нь өнгөрсөн үеийн суурин дээр үндэслээгүй нь гарцаагүй; энэ нь шинэ эхлэл бөгөөд хэрвээ чи, энэ нь хүний гараар бүтээгдсэн гэж хэлбэл харалган байдлыг чинь юу ч анагааж чадахгүй юм!

Исаиа, Езекиел, Мосе, Давид, Абрахам, Даниел нар нь Израилийн сонгогдсон хүмүүсийн дундах удирдагчид эсвэл эш үзүүлэгчид байсан. Яагаад тэд Бурхан гэж нэрлэгдээгүй вэ? Яагаад Ариун Сүнс тэдэнд гэрчлэл хийгээгүй вэ? Есүсийг ажлаа эхэлж, Өөрийн үгийг хэлж эхлэнгүүт нь Ариун Сүнс яагаад Есүст гэрчлэл хийсэн бэ? Яагаад Ариун Сүнс бусдад нь гэрчлэл хийгээгүй вэ? Махан биетэй байсан тэдгээр хүмүүс нь бүгд “Эзэн” гэж нэрлэгдэж байсан. Тэд юу гэж нэрлэгдэж байснаас үл хамааран тэдний ажил нь тэдний оршихуй болон мөн чанарыг төлөөлж байсан ба тэдний оршихуй болон мөн чанар нь тэдний ялгамж чанарыг төлөөлж байсан. Тэдний мөн чанар нь тэдний нэршилтэй хамаагүй байсан; үүнийг нь тэдний илэрхийлж байсан зүйл болон тэдний амьдран харуулж байсан зүйл төлөөлдөг байсан. Хуучин Гэрээнд Эзэн гэж дуудуулах нь сонин зүйл огт байгаагүй ба хүн юу ч гэж дуудагдаж болно, гэхдээ түүний мөн чанар болон төрөлхийн ялгамж чанар нь хувиршгүй байсан. Тэдгээр хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид, залилагчдын дунд Бурхан гэж дуудагддаг хүн байгаагүй биз дээ? Яагаад тэд Бурхан биш вэ? Учир нь тэд Бурханы ажлыг хийх чадваргүй юм. Үндсэндээ тэд бол хүн, хүмүүсийг залилагчид, Бурхан биш иймээс тэдэнд Бурханы ялгамж чанар байгаагүй. Давид ч гэсэн арван хоёр овгийн дунд Эзэн гэж нэрлэгддэг байсан биш гэж үү? Есүс ч бас Эзэн гэж нэрлэгддэг байсан; яагаад Есүс ганцаараа бие махбодтой болсон Бурхан гэж нэрлэгдсэн бэ? Иеремиа ч бас хүний Хүү гэж танигдсан биш гэж үү? Есүс ч гэсэн хүний Хүү хэмээн танигдаагүй гэж үү? Яагаад Есүс Бурханы өмнөөс цовдлогдсон бэ? Энэ нь Түүний мөн чанар өөр байснаас болоогүй гэж үү? Түүний хийсэн ажил өөр байснаас болоогүй гэж үү? Алдар цол хамаатай гэж үү? Хэдийгээр Есүс бас хүний Хүү гэж нэрлэгдэж байсан боловч Тэр бол анх удаа бие махбодтой болсон Бурхан байсан, Тэрээр эрх мэдэл эзэмшиж, золин авралын ажлыг гүйцэтгэхийн тулд ирсэн. Есүсийн ялгамж чанар болон мөн чанар нь хүний Хүү хэмээн нэрлэгдэж байсан бусад хүмүүсийнхээс өөр байсан гэдгийг энэ нь баталдаг. Ариун Сүнсээр ашиглагдаж байсан хүмүүсийн хэлсэн бүх үг нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг өнөөдөр та нарын хэн нь хэлж зүрхлэх вэ? Тийм зүйл хэлж зүрхлэх хүн байна уу? Хэрвээ чи тийм зүйл хэлэх юм бол яагаад Езрагийн зөгнөлийн ном хаягдсан бэ, мөн яагаад эртний ариун хүмүүс болон эш үзүүлэгчдийн номнуудад ч мөн адил зүйл тохиолдсон бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад та нар тийм хувирамтгай сонголт хийж зүрхэлж байна вэ? Чи Ариун Сүнсний ажлыг сонгох эрхтэй юу? Израилийн олон түүхүүд мөн хаягдсан. Хэрвээ чи өнгөрсөн үеийн бүх бичвэрүүд нь Ариун Сүнснээс ирсэн гэж итгэдэг бол яагаад зарим ном хаягдсан бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгдийг нь хадгалж, чуулгануудын ах, эгч нарт уншуулахын тулд илгээх ёстой байсан, тэдгээрийг хүний хүслээр сонгож, эсвэл хаях ёсгүй; ингэвэл зөв юм. Паул болон Иохан нарын дадлага туршлага нь тэдний хувийн үзэл бодолтой холилдсон гэж хэлэх нь тэдний дадлага туршлага болон мэдлэг нь Сатанаас ирсэн гэсэн үг биш, харин зөвхөн тэдэнд өөрсдийнх нь дадлага туршлага, үзэл бодлоос гарсан зүйл байсан гэсэн үг юм. Тэдний мэдлэг нь тэр үеийн бодит дадлага туршлагын үндэслэлийн дагуу байсан ба энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг хэн итгэлтэйгээр хэлж чадах юм бэ? Хэрвээ Дөрвөн Сайн Мэдээ нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол яагаад Матай, Марк, Лук, Иохан нар тус бүрдээ Есүсийн ажлын талаар өөр өөр зүйлсийг хэлсэн бэ? Хэрвээ та нар үүнд итгэхгүй бол Петр хэрхэн Есүсийг гурван удаа үгүйсгэсэн баримтыг аваад үз: Тэд бүгд өөр бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн шинж чанартай. Бие махбод болсон Бурхан нь мөн хүн байсан, иймээс Түүний хэлсэн үг нь бүхэлдээ Ариун Сүнснээс ирсэн үү? Хэрвээ Паул болон Иоханы үг нь хүний хүсэлтэй холилдсон байсан юм бол Түүний хэлсэн үг нь үнэхээр хүний хүсэлтэй холилдоогүй юу гэж мэдлэггүй олон хүмүүс асуудаг. Ийм зүйл хэлдэг хүмүүс нь харалган бөгөөд мэдлэггүй юм! Дөрвөн Сайн Мэдээг анхааралтай уншаад үз; Есүсийн хийсэн зүйл болон Түүний хэлсэн үгний талаар тэд юу бичсэнийг унш. Баримт бүр нь нэлээд өөр байдаг ба тус бүрдээ өөрсдийн гэсэн өнцөгтэй байдаг. Хэрвээ эдгээр номнуудын зохиогчдын бичсэн зүйл нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгд адилхан, нэг хэвийн байх ёстой байсан. Тэгвэл яагаад ялгаатай байна вэ? Хүн эдгээрийг тодорхой харж чадахгүй бол туйлын мунхаг биш гэж үү? Хэрвээ чамаас Бурханд гэрчлэл хийхийг хүсвэл, чи ямар гэрчлэл хийж чадах вэ? Бурханыг ингэж мэдэх нь Бурханд гэрчлэл хийж чадах уу? Хэрвээ бусад хүмүүс чамаас, “Иохан, Лук нарын бичлэг нь хүний хүсэлтэй холилдсон юм бол та нарын Бурханы хэлсэн үг хүний хүсэлтэй холилдоогүй гэж үү?” хэмээн асуувал, чи тодорхой хариулт өгч чадах уу? Лук, Матай нар Есүсийн үгийг сонсож, Есүсийн ажлыг харсныхаа дараа, Есүсийн хийсэн зарим зүйлийг дурсамж маягаар тоочин өөрсдийн мэдлэгээсээ ярьсан. Тэдний мэдлэг нь бүхэлдээ Ариун Сүнсээр илчлэгдсэн гэж чи хэлж чадах уу? Библиэс гадна, тэднээс илүү өндөр мэдлэгтэй олон сүнслэг хүмүүс байсан; яагаад тэдний үгсийг дараа үеийнхэн нь авч үзээгүй вэ? Тэд ч бас Ариун Сүнсээр ашиглагдаагүй гэж үү? Өнөөдрийн ажилд Би Есүсийн ажлын суурин дээр үндэслэн Өөрийн үзэл бодлыг яриагүй, мөн Есүсийн ажлын цаад шалтгаантай харьцуулан Өөрийн хувийн мэдлэгийг яриагүй гэдгийг мэдэж ав. Есүс тэр үед ямар ажил хийсэн бэ? Тэгвэл Би өнөөдөр ямар ажил хийж байгаа вэ? Миний хийж, хэлж байгаа зүйл урьд нь тохиолдож байгаагүй. Өнөөдөр Миний алхаж байгаа замаар өмнө нь хэзээ ч хүн явж байгаагүй, өнгөрсөн эрин үеийн хүмүүс хэзээ ч алхаж байгаагүй. Өнөөдөр энэ нь нээгдсэн ба энэ нь Сүнсний ажил биш гэж үү? Хэдий энэ нь Ариун Сүнсний ажил байсан ч, өнгөрсөн үеийн удирдагчид бүгдээрээ бусдын тавьсан суурин дээр өөрсдийн ажлаа биелүүлсэн. Гэхдээ Бурханы Өөрийн ажил өөр байдаг ба Есүсийн ажлын үе шатанд ч тийм байсан: Тэр шинэ замыг нээсэн. Тэр ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлосон ба хүн гэмшиж, улайх ёстой гэж хэлсэн билээ. Есүс Өөрийн ажлыг дуусгасны дараа Петр, Паул болон бусад хүмүүс Есүсийн ажлыг үргэлжлүүлж эхэлсэн. Есүс загалмайд цовдлогдож, тэнгэрт дээш гарсны дараа, цовдлолын замыг түгээхийн тулд Сүнс тэднийг илгээсэн. Хэдийгээр Паулын үг нь өргөмжлөгдөж байсан ч тэдгээр нь мөн л тэвчээр, хайр, зовлон, толгойгоо бүтээх, баптисм эсвэл дагах ёстой бусад номлолууд гэх мэт Есүсийн тавьсан суурин дээр үндэслэж байсан. Энэ бүхэн нь Есүсийн үгний суурин дээр байсан. Тэд шинэ замыг нээх чадваргүй, учир нь тэд бүгдээрээ Бурханаар ашиглагдаж байсан хүмүүс юм.

Тэр үеийн Есүсийн айлдвар болон ажил нь ёс заншилд баригдаагүй ба Тэр Хуучин Гэрээний хуулийн ажлын дагуу Өөрийн ажлыг хэрэгжүүлээгүй. Энэ нь Нигүүлслийн эрин үед хийгдэх ёстой ажлын дагуу байсан. Тэр Өөрийн авчирсан ажлын дагуу, Өөрийн хувийн төлөвлөгөөний дагуу, мөн Өөрийн үйлчлэлийн дагуу хөдөлмөрлөсөн; Тэр Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй. Түүний хийсэн юу ч Хуучин Гэрээний хуулийн дагуу байгаагүй ба Тэр эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд ирээгүй. Бурханы ажлын үе шат болгон нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлэхийн тулд байгаагүй бөгөөд Тэр ёс заншилд баригдаж эсвэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг зориуд биелүүлэхийн тулд ирээгүй. Гэсэн ч Түүний үйлдэл нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг нураагаагүй ба тэдгээр нь өмнө нь Түүний хийсэн ажилд саад учруулаагүй. Түүний ажлын өвөрмөц шинж нь, ямар ч ёс заншилд баригдахгүйгээр Өөрийн хийх ёстой ажлыг хийх явдал байсан. Тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй, харин Өөрийн хийх ёстой ажлыг бодитоор хийхээр ирсэн, Өөрийн шинэ эрин үеийг нээж, Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэхээр ирсэн гүйцэтгэгч байсан. Мэдээж Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхдээ Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн хэлсэн олон үгийг мөн биелүүлсэн. Иймээс өнөөдрийн ажил ч гэсэн Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийг биелүүлсэн. Би зүгээр л “шарласан хуучин хуанлийг” барихаа больсон төдий. Учир нь Миний хийх ёстой ажил илүү их байгаа, Миний та нарт хэлэх ёстой үг олон байгаа, энэхүү ажил болон үг нь Библийн ишлэлүүдийг тайлбарлахаас хамаагүй илүү агуу ач холбогдолтой, учир нь тиймэрхүү ажил нь та нарт ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнэгүй ба та нарт тусалж эсвэл та нарыг өөрчилж чадахгүй юм. Би Библийн ямар нэг ишлэлийг биелүүлэхийн төлөө шинэ ажил хийхээр зориогүй. Хэрвээ Бурхан зөвхөн Библийн эртний эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхээр газар дэлхий дээр ирсэн бол, бие махбодтой болсон Бурхан болон тэдгээр эртний эш үзүүлэгчдийн хэн нь илүү агуу вэ? Эцсийн эцэст эш үзүүлэгчид Бурханыг хариуцдаг уу эсвэл Бурхан эш үзүүлэгчдийг хариуцдаг уу? Чи эдгээр үгийг хэрхэн тайлбарлах вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?