Цор ганц Бурхан Өөрөө VI Бурханы ариун байдал (III) (Гуравдугаар хэсэг)

Одоо олон хүн Бурханы ариун байдал гэж яг юу болох талаар хэлэхийг минь хүлээж байгааг Би мэднэ, гэхдээ Бурханы ариун байдлын талаар ярихдаа Би эхлээд Бурханы хийдэг үйл хэргийн тухай ярина. Та нар бүгд анхааралтай сонсох ёстой. Дараа нь Би та нараас Бурханы ариун байдал гэж яг юу болохыг асууна. Би та нарт шууд хэлэхгүй, харин оронд нь үүнийг бодож олох боломжийг та нарт олгож, үүнийг тунгаан бодох орон зайг та нарт үлдээнэ. Энэ аргыг юу гэж бодож байна вэ? (Сайн арга байна.) Тэгвэл анхааралтай сонсоорой.

Сатан хүнийг завхруулж, эсвэл хүнд харгис хор хөнөөл учруулах болгонд Бурхан гар хумхин суудаггүй, мөн Өөрийн сонгосон хүмүүсийг үл тоомсорлож, хараагүй дүр үзүүлдэг ч үгүй. Сатаны хийдэг бүхнийг Бурхан тов тодорхой ойлгодог. Сатан юу хийх нь хамаагүй, ямар чиг хандлага бий болгох нь хамаагүй, Сатаны хийхээр оролдож байгаа бүхнийг Бурхан мэддэг ба сонгосон хүмүүсээ хаядаггүй. Харин ч Бурхан огт анхаарал таталгүйгээр, нууцаар, чимээгүйхнээр, шаардлагатай бүхнийг хийдэг. Бурхан хэн нэгэн дээр ажиллаж эхлэх үедээ, хэн нэгнийг сонгосон үедээ энэ мэдээг хэнд ч зарладаггүй, Сатанд ч зарладаггүй, тэр ч бүү хэл ямар нэгэн томоохон дохио үзүүлдэггүй. Тэр ердөө тун чимээгүйхнээр, тун ердийн байдлаар шаардлагатай зүйлийг хийдэг. Эхлээд, Тэр чамд зориулсан гэр бүлийг сонгодог; гэр бүлийн чинь нөхцөл байдал, чиний эцэг эх, өвөг дээдэс—энэ бүхнийг Бурхан урьдчилан шийддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан эдгээр шийдвэрийг тэрхэн зуурт гаргадаггүй; харин ч Тэр энэ ажлыг аль эртнээс эхэлсэн. Бурхан чамд зориулсан гэр бүлийг сонгомогцоо төрөх хугацааг чинь сонгодог. Дараа нь Бурхан энэ дэлхийд уйлан төрөхийг чинь хардаг. Тэгээд төрөхийг чинь харж, анхны үгээ хэлэхийг чинь харж, бүдэрч, майжганан анхны алхмаа хийж, алхаж сурахыг чинь хардаг. Чи эхлээд нэг алхам, дараа нь өөр нэг алхмаа хийдэг … одоо чи гүйж, үсэрч харайж, ярьж, мэдрэмжээ илэрхийлж чадна. Хүмүүс өсөхийн хэрээр, бар олзоо ажигладагтай адилаар Сатаны харц хүн нэг бүр дээр тогтсон байдаг. Харин Өөрийн ажлыг хийхдээ Бурхан хүмүүс, үйл явдал, аливаа зүйлс, цаг хугацаа, орон зайн ямар нэгэн хязгаарлалтад хэзээ ч баригддаггүй; Тэр Өөрийн хийх хэрэгтэй, хийх ёстой зүйлийг хийдэг, Өсөх үйл явцдаа чи өвчин, бүтэлгүйтэл гэх мэт өөрт таалагдахгүй олон зүйлтэй тулгарч болох юм. Гэхдээ энэ замаар алхах зуур чиний амь, чиний ирээдүй Бурханы чанд хатуу анхаарал халамжинд байдаг. Бурхан бүх амьдралд чинь хүрэлцэх жинхэнэ баталгааг өгдөг, учир нь Тэр яг чиний хажууд, чамайг хамгаалж, харж хандаж байдаг билээ. Үүнийг мэдэлгүйгээр чи өсдөг. Чи шинэ зүйлстэй харилцаж эхэлдэг ба энэ дэлхий ертөнцийг, энэ хүн төрөлхтнийг мэдэж авч эхэлдэг. Чамд юм бүхэн шинэлэг, шинэ байдаг. Чамд хийх дуртай зүйл гэж бий. Чи хүн чанар дотроо амьдарч, өөрийн гэсэн орон зайд амьдардаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг өчүүхэн төдий ч ухамсарладаггүй. Харин чамайг өсөж байх зуур Бурхан алхам бүрд чамайг харж байдаг бөгөөд урагшлах алхмаа хийх бүрд чинь харж байдаг. Мэдлэгт суралцаж, эсвэл шинжлэх ухааныг судалж байх үед чинь ч гэсэн Бурхан чиний хажуугаас нэг алхам ч холдож байгаагүй. Чи бусад хүмүүсийн л адилаар, дэлхий ертөнцийг танин мэдэж, үүнтэй харилцах явцдаа өөрийн гэсэн туйлын зорилготой болж, өөрийн гэсэн хобби, сонирхолтой болж, бас асар их амбиц өвөрлөдөг. Чи ирээдүйгээ дандаа эргэцүүлж, ирээдүй чинь ямар харагдах ёстой тухай дүр зургийг дандаа зураглаж байдаг. Гэхдээ зам зуурт юу тохиолдох нь хамаагүй, Бурхан энэ бүхнийг тов тодорхой хардаг. Магадгүй чи өөрөө өнгөрсөн үеэ мартчихсан байж болох юм, харин Бурханы хувьд, чамайг Түүнээс илүү сайн ойлгож чадах өөр хэн ч үгүй. Чи Бурханы харцан дор амьдарч, өсөж бойжиж, нас бие гүйцдэг. Энэ хугацаанд Бурханы хийсэн хамгийн чухал зүйл бол хэний ч ухамсарлаж чадахгүй, хэний ч мэдэхгүй зүйл юм. Бурхан энэ талаар хэзээ ч хүмүүст хэлдэггүй нь мэдээж. Тэгвэл энэ хамгийн чухал зүйл юу вэ? Энэ бол Бурхан хүнийг аварна гэдгийн баталгаа гэж хэлж болох юм. Энэ нь, Бурхан энэ хүнийг аврахаар шийдсэн бол үүнийг хийх ёстой гэсэн үг. Энэ нь хүн, Бурхан хоёрын аль алинд амин чухал билээ. Та нар юу болохыг нь мэдэх үү? Та нарт энэ талаар ямар ч мэдрэмж байхгүй, мөн энэ тухай ямар ч ойлголт байхгүй байгаа юм шиг байна, иймээс Би та нарт хэлж өгье. Чамайг төрсөн цагаас эхлээд одоог хүртэл Бурхан чам дээр маш их ажил хийсэн боловч Өөрийн хийсэн бүхнийг Тэр чамд нарийвчлан тайлагнадаггүй. Бурхан чамд үүнийг мэдэх боломж олгоогүй, мөн чамд хэлээгүй. Гэхдээ хүн төрөлхтний хувьд Түүний хийдэг бүхэн чухал. Бурханы тухайд гэвэл, энэ нь Түүний хийх ёстой зүйл юм. Түүний зүрх сэтгэлд байдаг Өөрийнх нь хийх ёстой ямар нэгэн чухал зүйл, энэ бүх зүйлээс хавьгүй илүү давдаг. Өөрөөр хэлбэл, хүнийг төрөхөөс эхлээд одоог хүртэл Бурхан аюулгүй байдлыг нь батлан даах ёстой. Эдгээр үгийг сонссоны дараа та нарт бүрэн ойлгохгүй байгаа мэт санагдаж магадгүй. “Аюулгүй байдал тийм чухал уу?” гэж асууж болох юм. Тэгвэл “аюулгүй байдал” гэдгийн үгчилсэн утга нь юу вэ? Магадгүй та нар үүнийг амар амгалан гэсэн утгатай гэж ойлгож байгаа, эсвэл магадгүй ямар нэгэн аюул, гамшиг хэзээ ч туулалгүйгээр, сайхан амьдарч, хэвийн амьдралаар амьдрах гэсэн утгатай гэж ойлгож байгаа. Гэхдээ зүрх сэтгэлдээ та нар энэ нь тийм ч энгийн биш гэдгийг мэдэж байх ёстой. Тэгвэл Бурханы хийх ёстой гэж Миний яриад байгаа энэ зүйл яг юу юм бэ? Аюулгүй байдал гэдэг нь Бурханы хувьд юу гэсэн үг вэ? Энэ нь үнэхээр “аюулгүй байдлыг” баталгаажуулах явдал уу? Үгүй. Тэгвэл Бурханы хийдэг зүйл юу юм бэ? Энэхүү “аюулгүй байдал” нь чи Сатанд залгиулахгүй гэсэн үг. Энэ нь чухал уу? Сатанд залгиулахгүй байх гэдэг нь чиний аюулгүй байдалтай холбоотой юу, үгүй юу? Тийм ээ, энэ нь хувийн аюулгүй байдалтай чинь холбоотой бөгөөд үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Сатанд залгиулмагц сүнс болон махан бие чинь Бурханд харьяалагдахаа больдог. Бурхан чамайг аврахаа болино. Сатанд залгиулсан сүнснүүд болон хүмүүсийг Бурхан хаядаг. Иймээс Бурханы хийх учиртай хамгийн чухал зүйл бол чиний аюулгүй байдлыг баталгаажуулах, чамайг Сатанд залгиулахгүй байлгах явдал юм гэж Би хэлдэг. Энэ нь маш чухал, тийм биз? Тэгвэл та нар яагаад хариулж чадахгүй байна вэ? Та нар Бурханы агуу нинжин сэтгэлийг мэдэрч чаддаггүй юм шиг байна!

Бурхан хүмүүсийн аюулгүй байдлыг баталгаажуулж, тэднийг Сатанд залгиулахгүй байхаас гадна хавьгүй их ажил хийдэг. Тэр бас хэн нэгнийг сонгож, аврахын өмнө асар их бэлтгэл ажил хийдэг. Юун түрүүнд, чи ямар зан ааштай байх, ямар гэр бүлд төрөх, эцэг эх чинь хэн байх, хэдэн ах эгч, дүүтэй байх, төрсөн гэр бүлийн чинь байдал, эдийн засгийн байдал ямар байх, гэр бүлийн чинь нөхцөл ямар байх талаар Бурхан нягт нямбай бэлтгэл хийдэг. Бурханы сонгосон хүмүүсийн дийлэнх нь ямархуу гэр бүлд төрдгийг та нар мэдэх үү? Тэдгээр нь алдар цуутай гэр бүл байдаг уу? Тийм гэр бүлд төрсөн хүн нэг ч байхгүй гэж бид итгэлтэйгээр хэлж чадахгүй. Байж магадгүй боловч тэр нь тун цөөхөн. Тэрбумтан, олон саяын хөрөнгөтэй хүн гэх мэтийн хосгүй эд хөрөнгөтэй гэр бүлүүдэд тэд төрдөг үү? Үгүй, ийм гэр бүлд бараг хэзээ ч төрдөггүй. Тэгвэл Бурхан энэ хүмүүсийн дийлэнхэд зориулж ямархуу гэр бүлийг зохицуулдаг вэ? (Жирийн гэр бүлүүдийг.) Тэгвэл ямар гэр бүлүүдийг жирийн гэж тооцож болох вэ? Тэдгээрт, амьдрахын тулд цалиндаа түшиглэдэг, мөн үндсэн хэрэгцээгээ хангаж чаддаг ажилчин гэр бүлүүдийг багтаадаг. Тэд ямар ч тохиолдолд чамайг өлсгөлөн, хувцас хунаргүй явуулахгүй боловч материаллаг хэрэгцээг чинь хангах тухайд гэвэл хэтэрхий ихийг хүлээж болохгүй. Мөн тариачин гэр бүлүүд байдаг. Тариаланчид хоол хүнсэндээ зориулж тариа тарихад түшиглэдэг ба идэх тариа будаатай байдаг болохоор юу ч тохиолдсон өлсөхгүй боловч маш сайхан хувцастай байна гэж хүлээх хэрэггүй. Тэгээд бас жижиг бизнес ажиллуулдаг зарим гэр бүл байдаг, заримынх нь эцэг эх сэхээтнүүд байдаг бөгөөд эдгээрийг ч бас жирийн гэр бүл гэж тооцож болно. Түүнчлэн зарим нь албан хаагч, эсвэл доогуур зиндааны төрийн албан хаагч эцэг эхтэй байдаг ба тэднийг бас л алдар цуутай гэр бүл гэж тооцож болохгүй. Ихэнх нь жирийн гэр бүлд төрдөг бөгөөд үүнийг бүгдийг нь Бурхан зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, юуны өмнө амьдарч байгаа энэхүү орчин чинь хүмүүсийн төсөөлдөг хөрөнгө мөнгөтэй чинээлэг гэр бүл биш, харин чиний төлөө Бурханы шийдсэн гэр бүл бөгөөд хүмүүсийн дийлэнх нь ийм гэр бүлийн хязгаар дотор амьдардаг; бид онцгой тохиолдлуудыг энд хэлэлцэхгүй. Тэгвэл нийгмийн байр суурийн хувьд ямар вэ? Дийлэнх эцэг эхийн эдийн засгийн байдал дундаж байдаг бөгөөд тэдэнд нийгмийн өндөр байр суурь байдаггүй—тэдний хувьд ердөө ажилтай байх нь л хангалттай. Тэдэн дунд засаг дарга байдаг уу? Эсвэл улсын ерөнхийлөгч байдаг уу? (Үгүй.) Хамгийн ихдээ л тэд жижиг бизнесийн менежер, эсвэл жижиг бизнесийн эзэд гэх мэтийн хүмүүс байдаг. Тэдний нийгмийн байр суурь дунд зэргийн, эдийн засгийн нөхцөл байдал нь дундаж байдаг. Өөр нэг хүчин зүйл бол гэр бүлийн амьдрах орчин юм. Юун түрүүнд, эдгээр гэр бүлийн дотор, мэргэ төлгө болон заяа төөрөг мэргэлэх замаар алхахад нь хүүхдүүддээ илтэд нөлөөлөх ямар ч эцэг эх байдаггүй; тийм зүйл хийдэг хүмүүс тун цөөхөн байдаг. Ихэнх эцэг эхчүүд нэлээд энгийн байдаг. Бурхан хүмүүсийг сонгохын зэрэгцээ тэдэнд зориулан ийм орчныг бэлддэг нь хүмүүсийг аврах Түүний ажилд асар их ач тустай юм. Гаднаа, хүний төлөө Бурхан тэнгэр газрыг донсолгосон юу ч хийгээгүй мэт харагддаг; Тэрээр Өөрийн хийдэг бүхнийг зүгээр л сэмхэн, нууцаар, даруухнаар, чимээгүйхэн хийдэг. Гэвч үнэн хэрэгтээ, Бурханы хийдэг бүхэн чиний авралын төлөөх суурийг тавьж, урдах замыг чинь бэлдэж, чиний авралд хэрэгтэй бүх нөхцөлийг бэлдэхийн тулд хийгддэг. Дараа нь, тодорхой товлогдсон хугацаанд нь Бурхан хүн бүрийг Өөрийнхөө өмнө авчирдаг—Бурханы дуу хоолойг сонсох цаг чамд ирэх үед, тэр нь Түүний өмнө очих цаг чинь юм. Үүнийг тохиолдох үед зарим хүн өөрсдөө аль хэдийн эцэг эх болсон байдаг байхад бусад нь зүгээр л хэн нэгний хүүхэд хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, зарим хүн гэрлэж, үр хүүхдүүдтэй болсон байхад зарим нь хараахан гэр бүлээ эхлээгүй, ганц бие хэвээр байдаг. Гэхдээ хүний нөхцөл байдлаас үл хамааран, Бурхан сонгогдох цагийг чинь болон Өөрийнх нь сайн мэдээ болон үг чамд хүрэх цагийг аль хэдийн тогтоочихсон. Бурхан чамд үгээ сонсгох гэсэндээ тодорхой орчныг тогтоож, чамд сайн мэдээ дамжуулах тодорхой хүн юм уу тодорхой нөхцөлийг шийддэг. Бурхан чиний төлөө шаардлагатай бүх нөхцөлийг аль хэдийн бэлдсэн. Ийм маягаар хүн өөрийн мэдэлгүй Бурханы өмнө очиж, Бурханы гэрт буцан очдог. Түүнчлэн хүн өөрийн мэдэлгүй Бурханыг дагаж, Түүний ажлын алхам бүрд орж, хүний төлөө бэлдсэн Бурханы ажлын арга барилын алхам бүрд ордог. Энэ хугацаанд хүний төлөө юм хийхдээ Бурхан ямар арга зам ашигладаг вэ? Эхлээд, хамгийн наад зах нь хүний эдэлдэг Бурханы халамж, хамгаалалт юм. Үүнээс гадна, Бурхан янз бүрийн хүмүүс, үйл явдал болон зүйлсийг бэлдэж, тэдгээрээр дамжуулан хүн Түүний оршин тогтнол болон үйл хэргийг хүнд харуулдаг. Жишээ нь, гэр бүлийнх нь хэн нэгэн өвчтэй болохоор Бурханд итгэдэг зарим хүн байдаг. Бусад нь сайн мэдээ түгээхэд тэд Бурханд итгэж эхэлдэг бөгөөд Бурханд итгэх энэхүү итгэл нь нөхцөл байдлын улмаас бий болдог. Тэгвэл энэ нөхцөл байдлыг хэн зохицуулсан бэ? (Бурхан.) Энэ өвчнөөр дамжуулан зарим гэр бүл бүгдээрээ итгэдэг байхад заримд нь тун цөөхөн хүн л итгэдэг. Гаднаа, танай гэр бүлийн нэг нь өвчин эмгэгтэй харагддаг боловч үнэн хэрэгтээ энэ нь чамд өгөгдсөн, Бурханы өмнө ирж болох нөхцөл юм—энэ бол Бурханы нинжин сэтгэл билээ. Зарим хүний хувьд гэр бүлийн амьдрал хүнд хэцүү бөгөөд тэд ямар ч амар амгаланг олж чаддаггүй учраас санаандгүй боломж гарч ирж, хэн нэгэн хүн сайн мэдээ дамжуулан, “Эзэн Есүст итгэ, тэгвэл чи амар амгалан болно” хэмээн хэлдэг. Тиймээс, өөрийн мэдэлгүй тэд тун хэвийн орчин нөхцөлд Бурханд итгэж эхэлдэг, тэгвэл энэ нь нэг төрлийн нөхцөл байдал биш гэж үү? Гэр бүл нь амар тайван биш байх нь Бурханаас хайрласан нигүүлсэл бус уу? Өөр шалтгааны улмаас Бурханд итгэж эхэлдэг зарим хүн ч байдаг. Өөр өөр шалтгаан, өөр өөр маягийн итгэл байдаг боловч ямар шалтгаан чамайг Бурханд итгүүлсэн нь хамаагүй, үүнийг үнэн хэрэгтээ Бурхан зохицуулж, залж чиглүүлж байдаг. Эхлээд Бурхан чамайг сонгож, Өөрийн гэрт авчрахын тулд янз бүрийн арга зам ашигладаг. Энэ бол хүн нэг бүрд Бурханы хайрладаг нигүүлсэл билээ.

Эцсийн өдрүүдийн ажлын одоогийн үе шатанд Бурхан урьдынхтайгаа адилаар хүнд цаашид зөвхөн нигүүлсэл, ерөөл хайрлахгүй, мөн хүнийг урагш явуулахын тулд аргадах ч үгүй. Ажлын энэ үе шатанд өөрийн туулсан Бурханы ажлын бүх талаас хүн юу харсан бэ? Хүн Бурханы хайр, Бурханы шүүлт, гэсгээлтийг харсан. Энэ хугацаанд Бурхан, хүнд аажмаар Өөрийнхөө санаа зорилгыг мэдүүлэхийн тулд, Өөрийнхөө хэлдэг үг болон хүнд өгдөг үнэнийг мэдүүлэхийн тулд хүнийг хангаж, дэмжиж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Хүнийг сул дорой байх үед, сэтгэлээр унасан байх үед, хаашаа ч явах аргагүй байх үед Бурхан хүнд зөвлөж, хүнийг тайтгаруулж, зоригжуулахын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр биеийн хэмжээ багатай хүн аажмаар хүч чадалтай болж, эерэгээр өндийн босож, Бурхантай хамтран ажиллахад бэлэн болдог. Гэхдээ хүн Бурханд дуулгаваргүй хандаж, Түүнийг эсэргүүцэх үед, эсвэл завхралаа илчлэх үед Бурхан ямар ч өршөөл үзүүлэлгүйгээр хүнийг цээрлүүлж, сахилгажуулна. Гэхдээ, Бурхан хүний тэнэглэл, мэдлэггүй, сул дорой, төлөвшөөгүй байдалд хүлээцтэй, тэвчээртэй хандана. Ийм маягаар, хүний төлөө Бурханы хийдэг бүх ажлаар дамжуулан хүн аажмаар төлөвшиж, өсөж, Бурханы санаа зорилгыг мэдэж, тодорхой нэг үнэнийг ойлгож, ямар зүйл эерэг, ямар нь сөрөг болохыг мэдэж, ёрын муу, харанхуй гэж юу болохыг мэдэж авдаг. Бурхан хүнийг үргэлж цээрлүүлж, сахилгажуулах ганцхан хандлага баримталдаггүй, гэхдээ бас үргэлж хүлээцтэй, тэвчээртэй ханддаггүй. Харин үүний оронд Тэр өөр өөр үе шатных нь дагуу, өөр өөр биеийн хэмжээ болон хэв чанарынх нь дагуу хүн нэг бүрийг өөр өөр арга замаар хангадаг. Тэр хүний төлөө олон зүйл хийж, асар их төлөөс төлдөг; хүн эдгээр зүйлийг, эсвэл энэхүү төлөөсийг огт ухамсарладаггүй ч Бурханы хийдэг бүхэн үнэндээ хүн нэг бүр дээр үнэхээр хийгддэг. Бурханы хайр бодитой: Бурханы нигүүлслээр дамжуулан хүн гай гамшгаас ахин дахин зайлсхийдэг, тэр бүх хугацаанд Бурхан хүний сул дорой байдалд ахин дахин хүлээцтэй ханддаг. Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст, хүн төрөлхтний завхрал болон сатанлаг мөн чанарыг аажмаар мэдэж авах боломж олгодог. Бурханы хангадаг зүйлс, хүнийг гэгээрүүлэх Түүний гэгээрэл, удирдамж нь бүгд, үнэний мөн чанарыг улам бүр ойлгож, хүмүүст юу хэрэгтэй, тэд ямар замаар явах ёстой, тэд юуны төлөө амьдардаг, амьдралынх нь утга учир, үнэ цэн болон урдах замаараа хэрхэн алхах зэргийг улам бүр ойлгох боломжийг хүмүүст олгодог. Бурханы хийдэг энэ бүх зүйл Түүний анхдагч нэгэн зорилгоос салшгүй юм. Тэгвэл энэ зорилго нь юу вэ? Бурхан хүн дээр ажлаа хэрэгжүүлэхдээ яагаад эдгээр арга барилыг ашигладаг вэ? Тэр ямар үр дүнд хүрэхийг хүсдэг вэ? Өөрөөр хэлбэл, Тэр хүнээс юу харахыг хүсдэг вэ? Мөн тэднээс юу авахыг хүсдэг вэ? Бурхан, хүний зүрх сэтгэлийг сэргээж болно гэдгийг харахыг хүсдэг. Хүн дээр ажиллахдаа Түүний ашигладаг эдгээр арга барил нь, хүний зүрх сэтгэлийг сэрээж, хүний сүнсийг сэрээж, хаанаас ирснийг нь, хэн тэднийг чиглүүлж, дэмжиж, хангаж байдгийг, мөн хэн тэдэнд өдий хүртэл амьдрах боломж олгосныг хүнд ойлгуулах гэсэн байнгын хүчин чармайлт билээ; тэдгээр нь Бүтээгч хэн болохыг, тэд хэнд шүтэн мөргөх ёстойг, ямар замаар алхах ёстойг болон ямар замаар Бурханы өмнө очих ёстойг хүнд ойлгуулах арга зам юм; тэдгээр нь хүнд Бурханы зүрх сэтгэлийг мэдүүлж, Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулж, хүнийг аврах Түүний ажлын ар дахь асар их халамж, санаа бодлыг ухааруулахын тулд хүний зүрх сэтгэлийг аажмаар сэргээх арга зам юм. Зүрх сэтгэл нь сэргэх үед хүн доройтсон, завхарсан зан чанартайгаар амьдрахыг хүсэхээ больж, харин оронд нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг. Хүний зүрх сэтгэл сэрчихсэн байх үед хүн Сатанаас бүрмөсөн салж чаддаг. Тэрээр Сатанд хорлогдохоо больж, түүнд хянуулж, хууртагдахаа больдог. Харин ч хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд Бурханы ажилд болон Түүний үгэнд идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, улмаар Бурханаас эмээж, муугаас зайлдаг. Энэ бол Бурханы ажлын анхдагч зорилго юм.

Сатаны ёрын муугийн талаар бидний дөнгөж сая ярьсан яриа, хүн асар аз жаргалгүй байдалд амьдардаг ба хүний амьдрал золгүй явдлаар хүрээлэгдсэн байдаг гэж хүн бүрд санагдуулдаг. Харин одоо Намайг Бурханы ариун байдал болон хүн дээр хийдэг ажлынх нь тухай ярих үед та нарт ямар санагдаж байна вэ? (Маш баяртай байна.) Бурханы хийдэг бүхэн, хүний төлөө Түүний уйгагүй зохицуулдаг бүхэн алдаа мадаггүй байдгийг бид одоо харж болно. Бурханы хийдэг бүхэн ямар ч алдаа мадаггүй байдаг, өөрөөр хэлбэл, энэ нь алдаагүй, хэн ч үүнийг засаж, үүнд зөвлөгөө өгч, ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэггүй байдаг. Хүн нэг бүрийн төлөө Бурханы хийдэг бүхэн ямар ч эргэлзээгүй; Тэр хүн бүрийг гараас нь хөтөлж, урсан өнгөрөх хором бүрд чамайг харж хамгаалдаг бөгөөд хажуугаас чинь хэзээ ч холдоогүй. Хүмүүс ийм төрлийн орчинд, ийм нөхцөл байдалд өсдөг тул хүмүүс үнэн хэрэгтээ Бурханы гарт өсдөг гэж хэлж болох уу? (Болно.) Тэгвэл одоо та нарт арга барагдсан мэт санагдсаар л байна уу? Хэн нэгэн сэтгэлээр унасан хэвээр байна уу? Бурхан хүн төрөлхтнийг орхисон мэт хэн нэгэнд санагдаж байна уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан яг юу хийсэн юм бэ? (Тэр хүн төрөлхтнийг хараа хяналтдаа байлгасан.) Бурхан хийдэг бүхэндээ асар их бодол, сэтгэлээ зориулдаг нь маргаангүй. Үүнээс гадна, Бурхан Өөрийн ажлыг хийхдээ үргэлж ямар ч болзолгүйгээр хийсэн. Чамаар Өөртөө гүнээ талархуулахын тулд чиний төлөө төлсөн төлөөсийг нь мэд гэж Тэр та нарын хэнээс ч, хэзээ ч шаардаагүй. Бурхан ингэж ер нь шаардаж байсан уу? (Үгүй.) Хүний амьдралын урт удаан замналд, бараг хүн бүр аюултай олон нөхцөл байдалтай тулгарч, олон уруу таталттай нүүр тулсан. Учир нь Сатан харцаа чам дээр байнга тогтоон, чиний хажууд зогсож байгаа. Чамайг гай зовлон нэрвэхэд Сатан баясдаг; чамд гай гамшиг тохиолдоход, бүх юм чинь бүтэлгүйтэхэд, чамайг Сатаны урхинд орооцолдоход, Сатан эдгээр зүйлээс асар их таашаал авдаг. Бурханы хийж байгаа зүйлийн тухайд бол, Тэр чамайг хором бүрд хамгаалж, нэгээс нөгөө золгүй явдлаас, нэгээс нөгөө гай гамшгаас зайлсхийлгэж байгаа. Ийм учраас хүнд байдаг бүхэн—амар амгалан болон баяр хөөр, ерөөл хийгээд хувийн аюулгүй байдал нь—бүгд үнэндээ Бурханы хяналтан дор байдаг; Тэрээр хүн нэг бүрийн хувь заяаг залж чиглүүлж, шийдэж байдаг гэж Би хэлдэг. Гэхдээ зарим хүний хэлдгээр Өөрийн байр суурийн талаар хэт хөөрөгдсөн үзэл Бурханд байдаг уу? Бурхан чамд “Би бол бүгдээс агуу. Би л та нарыг хариуцдаг. Та нар Надаас өршөөл гуйх ёстой, дуулгаваргүй байвал үхлээр шийтгэнэ” гэж хэлдэг үү? Бурхан хүн төрөлхтнийг ийм маягаар ер нь сүрдүүлж байсан уу? (Үгүй.) “Хүн төрөлхтөн завхарсан, иймээс Би тэдэнд яаж ч хандсан хамаагүй, тэдэнд яаж ч хандаж болно; Би тэдний төлөө сайн зохицуулалт хийх хэрэггүй” гэж Тэр ер нь хэлсэн үү? Бурхан ийм маягаар боддог уу? Бурхан ийм маягаар үйлдсэн үү? (Үгүй.) Эсрэгээрээ, хүн нэг бүрд хандах Бурханы хандлага чин үнэнч агаад хариуцлагатай байдаг. Тэрээр өөртөө ханддагаас чинь ч илүү хариуцлагатайгаар чамд ханддаг. Тийм биш гэж үү? Бурхан дэмий ярьдаггүй, Өөрийнхөө өргөмжлөгдсөн байр сууриар гайхуулдаг ч үгүй, эсвэл хөнгөн хийсвэрээр хүмүүсийг мэхэлдэг ч үгүй. Үүний оронд Тэр үнэнчээр, чимээгүйхнээр Өөрийнхөө хийх хэрэгтэй зүйлийг хийдэг. Эдгээр зүйл нь хүнд ерөөл, амар амгалан, баяр хөөр авчирдаг. Тэдгээр нь хүнийг Бурханы харц руу, Түүний гэр лүү амар амгалан, аз жаргалтайгаар аваачдаг; тэгээд тэд зүй зохистой эрүүл ухаан, сэтгэхүйтэйгээр Бурханы өмнө амьдарч, Бурханы авралыг хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Бурхан ер нь Өөрийнхөө ажилд хүнд хоёр нүүр гаргасан уу? Тэр хэзээ нэгэн цагт хуурамчаар нинжин сэтгэл харуулж, чихэнд чимэгтэй хэдхэн үгээр хүнийг хуураад, дараа нь хүнээс нүүр буруулж байсан уу? (Үгүй.) Бурхан ер нь нэг зүйл хэлчихээд дараа нь өөрийг хийж байсан уу? Бурхан ер нь хоосон амлалт өгч, бардамнаж, тэдний төлөө үүнийг хийнэ, эсвэл түүнийг хийхэд чинь тусална гэж хэлээд дараа нь сураггүй алга болж байсан уу? (Үгүй.) Бурханд ямар ч ов мэх, ямар ч хуурамч байдал байдаггүй. Бурхан бол итгэмжит бөгөөд хийдэг бүхэндээ үнэнч байдаг. Тэр бол хүмүүсийн найдаж болох Нэгэн, мөн өөрсдийн амьдралыг болон өөрсдөдөө байгаа бүхнийг даатгаж болох Бурхан юм. Бурханд ямар ч ов мэх байдаггүй тул Бурхан бол хамгийн чин үнэнч гэж хэлж болох уу? (Болно.) Мэдээж болно! Хэдийгээр “чин үнэнч” гэдэг үгийг Бурханд хэрэглэхэд хэтэрхий өчүүхэн, хэтэрхий хүнлэг байдаг ч бид өөр ямар үг ашиглах юм бэ? Энэ нь хүний хэлний хязгаар юм. Бурханыг “чин үнэнч” гэж хэлэх нь бага зэрэг тохиромжгүй боловч одоохондоо бид ямартай ч энэ үгийг ашиглана. Бурхан бол итгэмжит агаад чин үнэнч. Тэгвэл эдгээр талын тухай ярихдаа бид юуг хэлж байна вэ? Бид Бурхан болон хүний хоорондох ялгаа, мөн Бурхан болон Сатаны хоорондох ялгааг хэлж байна уу? Тийм ээ, тэгж хэлж болно. Яагаад гэвэл, хүн Сатаны завхарсан зан чанарын нэг ч ул мөрийг Бурханаас харж чадахгүй. Ингэж хэлж байгаа минь зөв үү? Амен? (Амен!) Сатаны ёрын муугийн нэг нь ч Бурханд илчлэгдэхийг бид хардаггүй. Бурханы хийдэг, илчилдэг бүхэн хүнд бүхэлдээ ач тустай, нэмэртэй байдаг, мөн бүхэлдээ хүнийг хангахын тулд хийгддэг, амиар дүүрэн байдаг бөгөөд хүнд дагах зам болон явах чиглэлийг өгдөг. Бурхан завхарсан биш, түүнчлэн Бурханы хийдэг бүхнийг одоо хараад Бурхан бол ариун гэж хэлж болох уу? (Болно.) Бурханд хүн төрөлхтний завхралын юу ч байдаггүй, мөн хүн төрөлхтний завхарсан зан чанар, эсвэл Сатаны мөн чанартай адилхан юу ч байдаггүй, Бурханы юу ч эдгээр зүйлтэй төстэй байдаггүй болохоор энэ үзэл бодлын үүднээс бид Бурхан бол ариун гэж хэлж болно. Бурхан ямар ч завхралыг харуулдаггүй ба Түүний ажил дахь хувийн мөн чанарынх нь илчлэл Бурхан Өөрөө ариун гэдгийг хангалттай баталдаг. Та нар үүнийг ойлгож байна уу? Бурханы ариун мөн чанарыг мэдэхийн тулд одоохондоо энэ хоёр талыг харцгаая: 1) Бурханд завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй; 2) хүн дээрх Бурханы ажлын мөн чанар нь, Бурханы Өөрийн мөн чанарыг болон энэхүү мөн чанар нь бүхэлдээ эерэг гэдгийг харах боломжийг хүнд олгодог. Учир нь Бурханы ажлын хэсэг бүрийн хүнд авчирдаг зүйлс нь бүгд эерэг байдаг. Эхлээд Бурхан хүнээс үнэнч байхыг шаарддаг—энэ нь эерэг зүйл биш гэж үү? Бурхан хүнд мэргэн ухаан өгдөг—энэ нь эерэг биш гэж үү? Бурхан хүнийг сайн, мууг ялгах чадвартай болгодог—энэ нь эерэг биш гэж үү? Тэр хүний амьдралын утга учир, үнэ цэнийг ойлгох боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг биш гэж үү? Тэрээр, хүмүүс, үйл явдал болон аливаа зүйлсийн мөн чанарыг үнэний дагуу тодорхой харах боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг бус уу? (Тийм ээ, мөн.) Энэ бүхний үр дүнд хүн Сатанд хууртахаа больж, Сатанд үргэлжлүүлэн хорлогдохоо, эсвэл хянагдахаа больдог. Өөрөөр хэлбэл, эдгээр зүйл нь өөрсдийгөө Сатаны завхралаас бүрмөсөн чөлөөлж, тэгснээрээ Бурханаас эмээж, муугаас зайлах замаар аажмаар алхах боломжийг хүмүүст олгодог. Та нар энэ замаар одоо хэр хол алхсан бэ? Үүнийг хэлэхэд хэцүү, тийм биз? Гэхдээ ядаж л та нар одоо Сатан хүнийг хэрхэн завхруулдаг, ямар зүйлс нь ёрын муу, ямар зүйл нь сөрөг болох тухай анхан шатны ойлголттой болсон уу? Та нар одоо ядаж зөв замаар алхаж байгаа. Тэгж хэлж болох уу? (Болно.)

Энэ хүрээд Бурханы ариун байдлын талаарх яриагаа дуусгая. Одоо, өөрсдийн сонсож, хүлээж авсан бүхнээс Бурханы ариун байдал гэж юу болохыг та нарын хэн чинь хэлж чадах вэ? Миний ярьдаг Бурханы ариун байдал нь юуг хэлдэг вэ? Энэ тухай хэсэг зуур бодоод үз. Бурханы ариун байдал нь Түүний үнэн зөв байдал мөн үү? Бурханы итгэмжит байдал нь Түүний ариун байдал мөн үү? Бурханы аминч бус байдал нь Түүний ариун байдал мөн үү? Бурханы даруу байдал нь Түүний ариун байдал мөн үү? Хүнийг гэсэн Бурханы хайр Түүний ариун байдал мөн үү? Бурхан үнэн болон амийг хүнд чөлөөтэй хайрладаг—энэ нь Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурханы илчилдэг энэ бүхэн цор ганц бөгөөд завхарсан хүмүүсийн дотор оршдоггүй, мөн хүмүүсээс ч харагддаггүй. Үүний өчүүхэн төдий ул мөрийг, хүнийг завхруулах Сатаны үйл явцын үеэр, Сатаны завхарсан зан чанараас ч, Сатаны мөн чанар, уг чанараас ч харж чадахгүй. Бурханд байгаа бүхэн болон Тэр юу болох бүхэн нь цор ганц; Зөвхөн Бурхан Өөрөө л ийм мөн чанартай бөгөөд Тэр л үүнийг эзэмшдэг. Энэ хүртэл ярилцахад, та нараас хэн нэг чинь Миний дөнгөж сая дүрсэлсэн шиг ариун хүнийг хүн төрөлхтний дундаас харж байсан уу? (Үгүй.) Тэгвэл та нарын шүтэн биширдэг, хүн төрөлхтний алдартай, агуу хүмүүс болон шүтээнүүдийн дунд ийм ариун хүн байдаг уу? (Үгүй.) Тэгэхээр Бурханы ариун байдал нь цор ганц гэж хэлэх үед энэ нь хэтрүүлэг мөн үү? (Үгүй.) Үнэндээ тийм биш. Түүнчлэн, Бурханы ариун цор ганц байдалд ч бас бодитой тал бий. Миний одоо ярьж байгаа ариун байдал болон урьд нь та нарын бодож, төсөөлж байсан ариун байдлын хооронд ямар нэгэн зөрүү байна уу? (Байна.) Хэр их зөрүү байна вэ? (Маш их.) Хүмүүс ариун байдлын тухай ярихдаа ихэвчлэн юуг хэлдэг вэ? (Гадаад талын зарим нэг үйлдэл.) Үйлдэл, эсвэл ямар нэгэн зүйлийг ариун гэж хэлэх үедээ хүмүүс үүнийг цэвэрхэн, мэдрэхэд тааламжтай гэж хардаг учраас л ингэж хэлдэг. Гэхдээ эдгээр зүйлд ариун байдлын жинхэнэ мөн чанар үргэлж дутагддаг—энэ бол хоосон сургаалын нэг тал юм. Үүнээс гадна, оюун ухаандаа хүмүүсийн төсөөлдөг “ариун байдлын” бодитой тал гэдгээр юуг хэлдэг вэ? Энэ нь ихэнхдээ тэдний төсөөлдөг, эсвэл мөн гэж үнэлдэг зүйл байдаг бус уу? Жишээ нь, зарим Буддын шашинтан дадлагажих явцдаа нас эцэслэж, суугаагаараа унтаж байх зуураа нас бардаг. Зарим хүн тэднийг ариун болоод, тэнгэр лүү одсон гэж хэлдэг. Энэ нь ч бас төсөөллийн үр дүн юм. Тэгтэл тэнгэрээс доош хөөрөн бууж буй дагина бол ариун гэж боддог зарим хүн бий. Үнэндээ, “ариун” хэмээх үгийн талаарх хүмүүсийн ойлголт зүгээр л нэг төрлийн хий хоосон төсөөлөл, онол төдий байж, үндсэндээ ямар ч бодит мөн чанаргүй, түүнчлэн ариун байдлын мөн чанартай ямар ч хамаагүй байсаар ирсэн. Ариун байдлын мөн чанар нь жинхэнэ хайр юм, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр энэ нь үнэн, зөвт байдал болон гэрлийн мөн чанар билээ. “Ариун” хэмээх үгийг зөвхөн Бурханд хэрэглэх нь л зохистой; бүтээлийн юу ч “ариун” хэмээн нэрлэгдэхүйц биш. Хүн үүнийг ойлгох ёстой. Одооноос эхлээд “ариун” хэмээх үгийг бид зөвхөн Бурханд л хэрэглэнэ. Энэ нь зохистой юу? (Тийм ээ, зохистой.)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих