Бурханы ажлын үзэгдэл (3)

Бурхан анх махбод болохдоо Ариун Сүнснээс олдсон бөгөөд энэ нь Түүний хийхээр зорьсон ажилтай холбоотой байв. Нигүүлслийн эрин үе Есүсийн нэрээр эхэлсэн юм. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхэд Ариун Сүнс Есүсийн нэрийг гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэрийг ярихаа больсон; үүний оронд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор шинэ ажил хийжээ. Түүнд итгэж байсан хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө хийгдсэн ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байлаа. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байв. Үүнээс хойш Бурханы нэр Ехова байхаа больсон; оронд нь Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс эхлээд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажил эхлүүлжээ. Иймээс өнөөдөр Еховагийн үгийг идэж, уусаар байгаа, мөн Хуулийн эрин үеийн ажлын дагуу бүхнийг хийсээр байгаа хүн болох—чи дүрэм журмыг сохроор мөрдөж байгаа биш гэж үү? Чи өнгөрсөн үед гацчихаагүй гэж үү? Эцсийн өдрүүд ирсэн гэдгийг чи одоо мэднэ. Есүс ирэх үедээ Есүс гэж нэрлэгдсээр л байх юм гэж үү? Ехова Израилийн ард түмэнд Мессиа ирнэ гэж хэлсэн ч ирэх үедээ Тэрээр Мессиа биш, харин Есүс гэж нэрлэгдэж байв. Тэр дахин ирэх болно, мөн явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Эдгээр нь Есүсийн үг боловч Есүс ямар байдлаар явсныг чи харсан уу? Есүс цагаан үүл хөлөглөн явж одсон, гэхдээ Тэр цагаан үүлэн дээр сууж, хүмүүсийн дунд биечлэн ирэх юм гэж үү? Хэрвээ тэгсэн бол Түүнийг Есүс гэж нэрлэсээр байхгүй гэж үү? Есүсийг дахин ирэх үед эрин үе аль хэдийн өөрчлөгдсөн байх болно, иймээс Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж чадах уу? Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л мэдэж болох юм гэж үү? Түүнийг шинэ эрин үед шинэ нэрээр нэрлэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийдэг бөгөөд шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй, мөн нэр болгон тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын эрин үеийн талыг л төлөөлдөг; энэ нь Түүний ажлыг төлөөлж чаддаг л юм бол хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирсон ямар ч нэрийг сонгож болно. Еховагийн эрин үе, эсвэл Есүсийн эрин үе байх нь хамаагүй, эрин үе бүрийг нэр төлөөлдөг. Нигүүлслийн эрин үеийн төгсгөлд эцсийн эрин үе хүрэлцэн ирсэн бөгөөд Есүс аль хэдийн ирчихсэн. Түүнийг яаж Есүс гэж нэрлэсээр байж болох юм бэ? Тэр яаж хүмүүсийн дунд Есүсийн дүртэй хэвээр байж чадах юм бэ? Есүс Назарын дүр төрхтэй төдий байсныг чи мартчихав уу? Есүс ердөө хүн төрөлхтний Аврагч байсныг чи мартчихсан уу? Эцсийн өдрүүдэд хүнийг байлдан дагуулж, төгс болгох ажлыг Тэр яаж хариуцаж чадах юм бэ? Есүс цагаан үүл хөлөглөн явсан—энэ бол баримт—гэхдээ Тэр яаж хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр ирж, Есүс гэж нэрлэгдсээр байж болох юм бэ? Хэрвээ Тэр үнэхээр үүлэн дээр ирсэн бол хүн яаж Түүнийг танихгүй байх юм бэ? Дэлхий дахины хүмүүс Түүнийг танихгүй гэж үү? Тэр тохиолдолд, Есүс ганцаараа Бурхан байхгүй гэж үү? Тэр тохиолдолд Бурханы дүр төрх нь Иудей хүний төрх байх байсан бөгөөд түүнчлэн үүрд өөрчлөгдөхгүй байх байлаа. Явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр энэ бүлэг хүмүүс та нарт хэлсэн байж таарах уу? Тэрээр үүл хөлөглөн явсан шигээ ирэх болно гэдгийг л чи мэддэг, гэхдээ Бурхан Өөрөө ажлаа яг яаж хийдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг бол Есүсийн хэлсэн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэрээр: Эцсийн өдрүүдэд хүний Хүүг ирэхэд Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, бүх хүн мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл, Сүнс л мэднэ гэж хэлсэн юм. Хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй атал чи харж, мэдэж чадна гэж үү? Хэрвээ чи мэдэж, нүдээрээ харах чадвартай юм бол эдгээр үгийг хий дэмий хэлсэн биш үү? Тэгвэл тухайн үед Есүс юу гэж хэлсэн бэ? “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ. Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно… Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй. Хүний Хүү гэдэг нь Бурханы махбод болсон биеийг, хэвийн агаад жирийн хүнийг хэлдэг. Хүний Хүү Өөрөө ч мэддэггүй, тэгвэл чи яаж мэдэж чадах юм бэ? Явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Ирэх үедээ Тэр Өөрөө ч мэдэхгүй, тэгвэл Тэр чамд урьдчилан мэдэгдэж чадах уу? Чи Түүний ирэлтийг харж чадах уу? Тэр нь инээдтэй хэрэг биш гэж үү? Бурхан газар дээр ирэх бүрдээ Өөрийн нэрийг, хүйсийг, дүр төрхийг, мөн Өөрийн ажлыг өөрчилдөг; Тэр ажлаа давтдаггүй. Тэр бол үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин байдаггүй Бурхан билээ. Өмнө нь ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгддэг байв; энэ удаа дахин ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж болох уу? Өмнө нь ирэх үедээ Тэр эрэгтэй байсан; энэ удаа Тэр эрэгтэй байж болох уу? Нигүүлслийн эрин үед ирэхэд Түүний ажил нь загалмайд цовдлогдох явдал байсан; дахин ирэх үедээ Тэр мөн л хүн төрөлхтнийг нүглээс золин аварч болох уу? Тэр дахин загалмайд цовдлогдож болох уу? Тэр нь Өөрийн ажлыг давтаж байгаа хэрэг болохгүй гэж үү? Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэхгүй гэж үү? Бурхан үүрд хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг баталдаггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө Тэр дуусгаж чадах байсан уу? Бурхан үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи мэддэг, гэхдээ Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил өөрчлөгдөшгүй юм бол Тэр хүн төрөлхтнийг өнөөг хүртэл удирдаж чадах байсан гэж үү? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил хэзээ ч урагшлахаа больдоггүй, өөрөөр хэлбэл, Түүний зан чанар хүнд аажмаар илчлэгддэг бөгөөд илчлэгддэг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм. Анх Бурханы зан чанар хүнээс нуугдмал байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч ил тод илчилж байгаагүй бөгөөд хүнд Түүний талаарх мэдлэг ердөө байгаагүй. Үүнээс болж Тэр зан чанараа хүнд аажмаар илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигладаг, гэхдээ ийм маягаар ажиллах нь Бурханы зан чанар эрин үе бүрд өөрчлөгддөг гэсэн үг биш юм. Бурханы хүсэл үргэлж өөрчлөгдөж байгаа учраас зан чанар нь байнга өөрчлөгдөж байдаг юм биш. Харин ч Түүний ажлын эрин үеүд өөр өөр байдгаас болж Бурхан Өөрийн төрөлх зан чанарыг бүхэлд нь авч, үүнийг хүнд алхам алхмаар илчилдэг, ингэснээр хүн Түүнийг мэдэх чадвартай болж болох юм. Гэхдээ энэ нь, Бурхан анх ямар ч тодорхой зан чанаргүй байсан, эсвэл эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Түүний зан чанар аажмаар өөрчлөгдсөн гэдгийн баталгаа яавч биш—ийм ойлголт нь андуу ташаа юм. Өөр өөр эрин үеийн дагуу Бурхан хүнд Өөрийн төрөлхийн болон тодорхой зан чанарыг—Тэр юу болохоо илчилдэг; нэг эрин үеийн ажил нь Бурханы бүх зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймээс “Бурхан үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин биш” хэмээх үг нь Түүний ажлыг хэлдэг бөгөөд “Бурхан хувиршгүй” хэмээх үг нь Бурханд төрөлхөөсөө юу байгаа, Тэр юу болохыг хэлдэг. Ямартай ч чи зургаан мянган жилийн ажлыг ганц зүйлд хамааруулж болохгүй, эсвэл үүнийг үхмэл үгээр дүрсэлж болохгүй. Энэ нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил аль нэг эрин үед саатаж болохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нэр үүрд Бурханы нэрийг орлож болохгүй; Бурхан Өөрийн ажлыг Есүсийн нэрээр ч бас хийж чадна. Энэ бол Бурханы ажил үргэлж урагшилж байдгийн тэмдэг билээ.

Бурхан бол үргэлж Бурхан бөгөөд хэзээ ч Сатан болохгүй; Сатан бол үргэлж Сатан ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт байдал, Бурханы сүр жавхлан хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний ажлын тухайд бол харин энэ нь үргэлж урагшлах зүгт ахиж, үргэлж улам гүнзгийрч байдаг, учир нь Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэр авдаг, эрин үе бүрд Тэр шинэ ажил хийдэг, эрин үе бүрд Тэрээр бүтээлүүддээ Өөрийн шинэ хүсэл, шинэ зан чанарыг харуулдаг. Хэрвээ шинэ эрин үед хүмүүс Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харж чадахгүй бол Түүнийг загалмайд үүрд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг тодорхойлохгүй гэж үү? Хэрвээ Бурхан зөвхөн эрэгтэй болж махбодод ирсэн бол хүмүүс Түүнийг эрэгтэй гэж, эрэгтэй хүмүүсийн Бурхан гэж тодорхойлох байсан бөгөөд Тэр бол эмэгтэйчүүдийн Бурхан гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байв. Эрэгтэйчүүд тэгээд, Бурхан бол эрэгтэй хүмүүстэй адилхан хүйстэй, Бурхан бол эрэгтэй хүмүүсийн тэргүүн гэж үзэх байлаа—тэгвэл эмэгтэйчүүд яах вэ? Энэ бол шударга бус; энэ нь давуу эрхтэй хандлага биш гэж үү? Хэрвээ ийм байсан бол Бурханы аварсан хүмүүс бүгд Түүнтэй адил эрэгтэй байх байсан бөгөөд ганц ч эмэгтэй хүн аврагдахгүй байх байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээхдээ Адамыг бүтээсэн, мөн Еваг бүтээсэн. Тэр зөвхөн Адамыг бүтээгээд зогсохгүй, мөн эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө дүрээр бүтээсэн юм. Бурхан зөвхөн эрэгтэйчүүдийн Бурхан биш—Тэр бас эмэгтэйчүүдийн Бурхан. Бурхан эцсийн өдрүүдэд ажлын шинэ үе шатанд орсон. Тэрээр Өөрийн зан чанарыг бүр ч их илчлэх бөгөөд энэ нь Есүсийн цаг үеийн энэрэл, хайр биш байх болно. Түүнд шинэ ажил байгаа тул энэ шинэ ажлыг шинэ зан чанар дагалдана. Иймээс хэрвээ энэ ажлыг Сүнс хийх байсан бол—хэрвээ Бурхан махбод болоогүй, харин оронд нь Сүнс аянгын дуугаар дамжуулан шууд ярьж, хүн Түүнтэй харилцах ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг мэдэж чадах байсан уу? Хэрвээ ажлыг гагцхүү Сүнс хийсэн бол хүн Бурханы зан чанарыг мэдэж авах ямар ч аргагүй байх байлаа. Бурхан махбод болох үед, Үг махбодоор илрэх үед л хүмүүс Бурханы зан чанарыг нүдээрээ харж чадах бөгөөд Тэр Өөрийн бүх зан чанарыг махбодоор дамжуулан илэрхийлдэг. Бурхан үнэхээр, жинхэнээсээ хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанартай бодитоор харилцаж, Түүнд юу байгаа, Тэр юу болохтой харилцаж чадна; зөвхөн ийм маягаар л хүн үнэхээр Түүнийг мэдэж авч чадна. Үүний зэрэгцээ Бурхан бас “Бурхан бол эрэгтэйчүүдийн Бурхан, мөн эмэгтэйчүүдийн Бурхан” гэх ажлыг гүйцэлдүүлсэн бөгөөд махбод дахь ажлаа бүхэлд нь гүйцэтгэсэн юм. Тэр ямар ч эрин үе дэх ажлыг давхардуулдаггүй. Эцсийн өдрүүд ирчихсэн тул Тэр эцсийн өдрүүдэд хийдэг ажлаа хийх бөгөөд эцсийн өдрүүд дэх Өөрийн бүхий л зан чанараа илчилдэг. Эцсийн өдрүүдийн тухай ярихад нь энэ нь тусдаа эрин үеийг хэлдэг, Есүсийн хэлснээр энэ эрин үед та нарт гарцаагүй гамшиг тулгарч, газар хөдлөлт, өлсгөлөн, тахал тулгарах бөгөөд Нигүүлслийн эрин үе байхаа больсон, харин шинэ эрин үе юм гэдгийг энэ нь харуулна. Хүмүүсийн хэлдгээр Бурхан үүрд өөрчлөгдөшгүй, зан чанар нь үргэлж энэрэнгүй агаад элэгсэг, хүнийг Өөр шигээ хайрладаг, хүн бүрд аврал өгч, хүнийг хэзээ ч үзэн яддаггүй байсан бол Түүний ажил ер нь дуусаж чадах байсан уу? Есүс ирж, загалмайд цовдлогдон, бүх нүгэлтний төлөө Өөрийгөө золиослож, тахилын ширээн дээр Өөрийгөө өргөл болгохдоо золин авралын ажлыг аль хэдийн гүйцэлдүүлсэн бөгөөд Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн юм. Тэгвэл эцсийн өдрүүдэд тэрхүү эрин үеийн ажлыг давтах нь ямар хэрэгтэй юм бэ? Тэгэх нь Есүсийн ажлыг үгүйсгэсэнтэй адил байхгүй гэж үү? Хэрвээ Бурхан энэ үе шатанд ирэхдээ цовдлолын ажил хийгээгүй боловч элэгсэг, энэрэнгүй хэвээр үлдсэн бол эрин үеийг төгсгөж чадах байсан уу? Элэгсэг, энэрэнгүй Бурхан эрин үеийг төгсгөж чадах байсан уу? Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байх бөгөөд Тэр шударга бус бүхнийг илчлэхээр дамжуулан бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээр хайрладаг хүмүүсийг төгс болгодог. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт, шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон олон нийтэд ил болох нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй энэрэл, хайр хайрлаж, түүнд үргэлжлүүлэн элэгсэг хандаж, хүнд зөвт шийтгэл хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байна гэж үзвэл Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах байсан бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж элэгсэг байдаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байсан гэсэн тэдэнд элэгсэг, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдийн үеэр зөвхөн зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг.

Бурханы бүх удирдлага дахь ажил тов тодорхой: Нигүүлслийн эрин үе бол Нигүүлслийн эрин үе бөгөөд эцсийн өдрүүд бол эцсийн өдрүүд юм. Эрин үе бүрийн хооронд тодорхой ялгаа байдаг, учир нь эрин үе бүрд Бурхан, тухайн эрин үеийг төлөөлөх ажлыг хийдэг. Эцсийн өдрүүдийн ажил хийгдэхийн тулд эрин үеийг төгсгөлд нь аваачих шатаалт, шүүлт, гэсгээлт, уур хилэн, сүйрэл байх ёстой. Эцсийн өдрүүд нь сүүлчийн эрин үеийг хэлдэг. Сүүлчийн эрин үед Бурхан эрин үеийг төгсгөхгүй гэж үү? Эрин үеийг төгсгөхийн тулд Бурхан гэсгээлт, шүүлт авчрах ёстой. Зөвхөн ийм маягаар л Тэр эрин үеийг төгсгөж чадна. Есүсийн зорилго нь хүнийг үргэлжлүүлэн амьд үлдээж, амьдруулж, илүү дээр байдлаар оршин тогтнуулахын төлөө байсан юм. Тэр хүнийг нүглээс аварсан, ингэснээр хүн доройтохоо больж, Үхэгсдийн орон болон тамд амьдрахаа больж магад байсан бөгөөд хүнийг Үхэгсдийн орон болон тамаас аварснаараа Тэр үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүнд олгосон билээ. Одоо эцсийн өдрүүд ирчихсэн. Тэр хүнийг устгаж, хүн төрөлхтнийг бүрмөсөн сүйрүүлнэ, өөрөөр хэлбэл, Тэр хүн төрөлхтний тэрслүү байдлыг өөрчилнө. Энэ шалтгааны улмаас, өнгөрсөн үеийн энэрэнгүй, элэгсэг зан чанартайгаар Бурхан, эрин үеийг төгсгөж, эсвэл Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй байх байв. Эрин үе бүрд онцгойлон төлөөлөх Бурханы зан чанар байдаг ба эрин үе бүр Бурханы хийх ёстой ажлыг агуулдаг. Иймээс, эрин үе бүрд Бурханы Өөрийн хийдэг ажил нь Түүний жинхэнэ зан чанарын илэрхийллийг агуулдаг бөгөөд Түүний нэр болон Түүний хийдэг ажил хоёулаа эрин үеийн хамтаар өөрчлөгддөг; тэдгээр нь бүгд шинэ юм. Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг залж чиглүүлэх ажил Еховагийн нэрийн дор хийгдсэн бөгөөд ажлын эхний үе шат газар дээр эхэлсэн. Энэ үе шатанд ажил нь ариун сүм болон тахилын ширээ барих, мөн Израилийн ард түмнийг залж чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хуулийг ашиглах ажлаас бүрддэг. Израилийн ард түмнийг залж чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан юм. Энэ суурин дээрээс Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл, Израилиас эхлэн Тэр Өөрийн ажлыг гадагш нь тэлсэн, ингэснээр хожмын үеийнхэн, Ехова бол Бурхан бөгөөд Ехова тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, мөн Ехова бүх бүтээлийг бүтээсэн гэдгийг мэдэж авсан билээ. Израилийн ард түмнээр дамжуулан Тэр Өөрийн ажлыг тэднээс цааш түгээсэн юм. Израилийн газар нутаг Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Израилийн газар нутагт Бурхан анх ажиллахаар очжээ. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байв. Нигүүлслийн эрин үед Есүс хүнийг аварсан Бурхан байлаа. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь нигүүлсэл, хайр, энэрэл, өршөөл, тэвчээр, даруу төлөв байдал, халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын дийлэнх нь хүнийг золин аврахын төлөө байв. Түүний зан чанар энэрэл, хайрын зан чанар байсан ба Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь өргөл болгож чадах хэмжээнд хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд Бурхан хүний төлөө загалмайд цовдлогдох хэрэгтэй болсон юм. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, өөрөөр хэлбэл, Бурхан бол хүнийг аварсан Бурхан байсан бөгөөд Тэрээр энэрэнгүй, элэгсэг Бурхан байв. Бурхан хүнтэй хамт байлаа. Түүний хайр, Түүний энэрэл, Түүний аврал хүн нэг бүрийг дагалджээ. Есүсийн нэрийг болон Түүнийг байгааг хүлээн зөвшөөрснөөр л хүн амар амгалан, баяр хөөрийг олж авч, Түүний ерөөл болон асар их, хэмжээлшгүй нигүүлслийг нь, авралыг нь хүртэж чадсан юм. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагаж байсан бүх хүн аврал хүртэж, нүглээ уучлуулжээ. Нигүүлслийн эрин үед Есүс гэдэг нь Бурханы нэр байлаа. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил нь үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгджээ. Нигүүлслийн эрин үед Бурханыг Есүс гэж нэрлэж байв. Тэрээр Хуучин Гэрээнээс даван гарсан шинэ ажлын үе шатыг хийсэн бөгөөд цовдлолын хамтаар Түүний ажил дуусчээ. Энэ нь бүхэлдээ Түүний ажил байв. Тиймээс Хуулийн эрин үед Ехова гэдэг нь Бурханы нэр байсан ба Нигүүлслийн эрин үед Есүсийн нэр Бурханыг төлөөлсөн юм. Эцсийн өдрүүдэд Түүний нэр бол Төгс Хүчит Бурхан—хүнийг залж чиглүүлж, байлдан дагуулж, олж авч, эцэст нь эрин үеийг төгсгөхийн тулд Өөрийн хүч чадлыг ашигладаг Төгс Хүчит билээ. Эрин үе бүрд, Түүний ажлын үе шат болгонд Бурханы зан чанар илэрхий байдаг.

Анх Хуучин Гэрээний Хуулийн эрин үед хүнийг залж чиглүүлэх нь хүүхдийн амьдралыг залж чиглүүлэхтэй адилхан байлаа. Эртний хүн төрөлхтөн Еховагаас дөнгөж төрсөн байв; тэд бол израильчууд байсан юм. Тэдэнд Бурханыг хэрхэн хүндлэх тухай, эсвэл газар дээр хэрхэн амьдрах талаар ямар ч ойлголт байсангүй. Өөрөөр хэлбэл, Ехова хүн төрөлхтнийг буюу Адам, Еваг бүтээсэн, гэхдээ Тэр тэдэнд Еховаг хэрхэн хүндэлж, газар дээр Еховагийн хуулийг хэрхэн дагах талаар ойлгох эрхтэн өгөөгүй юм. Еховагийн шууд удирдамжгүйгээр хэн ч үүнийг шууд мэдэж чадаагүй, учир нь анх хүнд тийм эрхтэн байхгүй байв. Ехова бол Бурхан байсан гэдгийг л хүн мэдэж байсан, харин Түүнийг хэрхэн хүндлэх, ямар байдлаар биеэ авч явахыг Түүнийг хүндэлж байгаа гэж хэлж болох, ямар сэтгэлээр Түүнийг хүндлэх ёстой, эсвэл Түүнийг хүндлэхдээ юуг тахил болгох ёстойг хүн огт мэддэггүй байлаа. Еховагийн бүтээсэн бүх зүйлийн дундаас эдэлж болох зүйлийг хэрхэн эдлэхээ л хүн мэддэг байсан боловч газар дээр чухам яаж амьдрах нь Бурханы бүтээлд тохирох талаар огт мэддэггүй байв. Тэдэнд зааварлах хэн ч байхгүй бол, тэднийг биечлэн залж чиглүүлэх хэн ч байхгүй бол энэ хүн төрөлхтөн, хүмүүст тохирох зүй зохистой амьдралаар хэзээ ч амьдрахгүй, харин үл анзаарагдам байдлаар Сатанд олзлогдсоор байх байсан юм. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл, Тэрээр хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Еваг бүтээсэн боловч тэдэнд ямар ч илүү оюун ухаан, эсвэл мэргэн ухаан хайрлаагүй юм. Хэдий тэд аль хэдийн газар дээр амьдарч байсан ч бараг юу ч ойлгоогүй юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээсэн Еховагийн ажлын хагас нь л дууссан бөгөөд бүрэн гүйцэлдээгүй байв. Тэр зөвхөн шорооноос хүний загварыг бүтээгээд үүнд Өөрийн амьсгалыг өгсөн боловч Түүнийг хүндлэх хангалттай хүсэл зоригийг хүнд хайрлаагүй юм. Анх хүнд Түүнийг хүндлэх, эсвэл Түүнээс эмээх оюун санаа байгаагүй. Хүн Түүний үгийг хэрхэн сонсохоо л мэддэг байсан боловч газар дээрх амьдрал болон хүний амьдралын зүй зохистой дүрэм журмын талаарх үндсэн мэдлэгийг мэддэггүй байлаа. Иймээс хэдийгээр Ехова эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээж, долоон өдрийн туурвилаа дуусгасан боловч хүний бүтээлийг яавч бүрэн төгс болгоогүй, учир нь хүн ердөө гадаад бүрхүүл байсан ба хүн байх бодит байдал дутмаг байлаа. Хүн төрөлхтнийг Ехова бүтээсэн гэдгийг л хүн мэддэг байсан боловч Еховагийн үгийг, эсвэл хуулийг хэрхэн мөрдөх тухай өчүүхэн ч мэддэггүй байв. Иймээс хүн төрөлхтөн бий болсны дараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэрээр хүн төрөлхтнийг Өөрийнхөө өмнө ирүүлэхийн тулд бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байлаа, ингэснээр тэд газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндлэх чадвартай болж магад ба ингэснээр тэд Түүний удирдамжтайгаар газар дээрх хэвийн хүний амьдралын зөв замд орж магад байв. Ийм маягаар л үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил бүрэн дууссан; өөрөөр хэлбэл, зөвхөн ийм маягаар л дэлхийг бүтээх Еховагийн ажил бүрэн дууссан юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээсэн болохоор Тэр хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон ба ийнхүү хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг мөрдөж, газар дээрх хэвийн хүний амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Зөвхөн тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан. Хүн төрөлхтнийг бүтээсний дараа Тэр энэ ажлыг хийж, Иаковын эрин хүртэл үүнийг үргэлжлүүлсэн ба тухайн үед Тэрээр Иаковын арван хоёр хүүг Израилийн арван хоёр овог болгосон юм. Тэр цагаас эхлээд Израилийн бүх ард түмэн газар дээр Түүгээр албан ёсоор удирдуулсан хүмүүс болж, Израиль нь газар дээр Өөрийн ажлыг хийж буй Түүний тодорхой байршил болсон билээ. Ехова энэ хүмүүсийг, газар дээрх ажлаа албан ёсоор хийх эхний бүлэг хүмүүс болгосон бөгөөд Израилийн бүх газар нутгийг Өөрийн ажлын эхлэлийн цэг болгож, тэднийг бүр ч илүү агуу ажлын эхлэл болгон ашигласан, ингэснээр газар дээр Түүнээс төрсөн бүх хүн Түүнийг хэрхэн хүндэлж, газар дээр хэрхэн амьдрахаа мэдэх байсан юм. Иймээс израильчуудын үйл хэрэг нь Харь үндэстний хүмүүсийн дагах үлгэр жишээ болсон бөгөөд Израилийн ард түмний дунд хэлсэн зүйл нь Харь үндэстний хүмүүсийн сонсох үг болжээ. Учир нь тэд Еховагийн хууль болон тушаалыг эхлээд хүлээн авах хүмүүс байсан ба иймээс ч тэд бас Еховагийн замыг хэрхэн хүндлэхээ эхлээд мэдэх хүмүүс байсан юм. Тэд бол Еховагийн замыг мэддэг хүн төрөлхтний өвөг дээдэс, түүнчлэн Еховагийн сонгосон хүн төрөлхтний төлөөлөл байлаа. Нигүүлслийн эрин үе ирэхэд Ехова хүнийг ийм маягаар залж чиглүүлэхээ больсон. Хүн нүгэл үйлдэж, өөрийгөө нүгэлд орхисон, иймээс Тэр хүнийг нүглээс аварч эхэлсэн юм. Ийм маягаар Тэр, нүглээс бүрэн гэтэлгэх хүртлээ хүнийг зэмлэжээ. Эцсийн өдрүүдэд хүн ийм түвшинд хүртлээ доройтсон учраас энэ үе шатны ажил зөвхөн шүүлт, гэсгээлтээр л явагдана. Зөвхөн ийм маягаар л ажлыг гүйцэлдүүлж болно. Энэ нь хэд хэдэн эрин үеийн ажил байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, эрин үеийг эрин үеэс зааглаж, тэдгээрийн хооронд шилжилт хийхдээ Бурхан Өөрийн нэр, Өөрийн ажил болон өөр өөр дүрийг ашигладаг; Бурханы нэр болон ажил нь Түүний эрин үеийг төлөөлж, эрин үе бүр дэх Түүний ажлыг төлөөлдөг. Эрин үе бүр дэх Бурханы ажил үргэлж адилхан байдаг ба Түүнийг үргэлж нэг нэрээр нэрлэдэг байлаа гэж үзвэл хүн Түүнийг яаж мэдэх вэ? Бурханыг Ехова гэж нэрлэх ёстой, Бурханыг Ехова гэж нэрлэхээс гадна өөр ямар ч нэрээр нэрлэгддэг нэгэн бол Бурхан биш. Эсвэл Бурхан зөвхөн Есүс байж болох ба Есүсийн нэрээс өөр ямар ч нэрээр Түүнийг нэрлэж болохгүй; Есүсээс өөрөөр, Ехова бол Бурхан биш, Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан биш. Бурхан бол төгс хүчит гэдэг нь үнэн боловч Бурхан бол хүнтэй хамт байдаг Бурхан, Түүнийг Есүс гэж нэрлэх ёстой, учир нь Бурхан хүнтэй хамт байдаг гэж хүн итгэдэг. Ингэх нь хоосон сургаал мөрдөх явдал бөгөөд Бурханыг тодорхой хүрээнд хязгаарлаж байгаа хэрэг юм. Иймээс эрин үе бүрд Бурханы хийдэг ажил, Түүнийг нэрлэдэг нэр, Түүний авдаг дүр төрх—өнөөдрийг хүртэлх үе шат болгонд Тэр ямар ажил хийдэг—эдгээр нь ганц ч дэг журмыг дагадаггүй ба ямар ч хязгаарлалтад баригддаггүй. Тэр бол Ехова, гэхдээ Тэр бас Есүс, түүнчлэн Мессиа, Төгс Хүчит Бурхан юм. Түүний ажил алгуур өөрчлөлтийг туулж, Түүний нэрэнд зохих өөрчлөлт гардаг. Ганц ч нэр Түүнийг бүрэн төлөөлж чадахгүй, гэхдээ Түүнийг нэрлэдэг бүх нэр Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд эрин үе бүрд Түүний хийдэг ажил зан чанарыг нь төлөөлдөг. Эцсийн өдрүүд ирэх үед чиний харах Бурхан Есүс хэвээр бөгөөд түүнчлэн Тэр цагаан үүл хөлөглөн ирж, Есүсийн гадаад төрхтэй хэвээр байж, ярьдаг үг нь “Чи хөршөө өөр шигээ хайрлах ёстой, мацаг барьж, залбирч, өөрийн амийг нандигнадаг шиг дайснаа хайрлаж, бусдад хүлээцтэй хандаж, тэвчээртэй, даруу байх ёстой. Та нар Миний шавь болохоосоо өмнө энэ бүх зүйлийг хийх ёстой. Энэ бүх зүйлийг хийснээр та нар Миний хаанчлалд орж болох юм” хэмээх Есүсийн үг байлаа гэж үзье. Энэ нь мөн л Нигүүлслийн эрин үеийн ажилд харьяалагдахгүй гэж үү? Түүний хэлдэг зүйл Нигүүлслийн эрин үеийн зам байхгүй гэж үү? Хэрвээ эдгээр үгийг сонссон бол та нарт ямар санагдах байсан бэ? Энэ нь мөн л Есүсийн ажил гэж санагдахгүй гэж үү? Энэ нь ажлыг давтаж байгаа хэрэг биш гэж үү? Хүн үүнээс таашаал авч чадах уу? Бурханы ажил зөвхөн энэ хэвээр үлдэх ба цааш ахихгүй. Түүнд ийм л хүч чадал байдаг ба хийх ямар ч шинэ ажил байхгүй, Түүний хүч чадал хязгаартаа хүрчихсэн гэж та нарт санагдах байсан. Одоогоос хоёр мянган жилийн өмнө Нигүүлслийн эрин үе байсан ба хоёр мянган жилийн дараа ч Тэр бас л Нигүүлслийн эрин үеийн замыг номлосоор, хүмүүсийг гэмшүүлсээр байвал хүмүүс, “Бурхан минь, Танд ердөө ийм л хүч чадал байдаг. Та бол маш ухаалаг гэж би итгэж байна, гэтэл Та зөвхөн хүлээцтэй байдлыг л мэддэг ба зөвхөн тэвчээрийг анхаардаг, Та дайснаа хайрлахаас өөрийг мэддэггүй” гэх байлаа. Хүний оюун санаанд Бурхан үүрд Нигүүлслийн эрин үед байсантайгаа адил байх байсан бөгөөд Бурхан бол элэгсэг, энэрэнгүй гэж хүн үргэлж итгэх байв. Бурханы ажил үргэлж хуучин замаараа алхана гэж чи итгэж байна уу? Иймээс Өөрийн ажлын энэ үе шатанд Тэр цовдлогдохгүй бөгөөд хардаг, хүрдэг бүхэн чинь та нарын төсөөлсөн, сонссон юутай ч адилгүй байх болно. Өнөөдөр Бурхан фарисайчуудтай харилцдаггүй, мөн Тэр дэлхий ертөнцөд ч мэдэх боломж олгодоггүй бөгөөд Түүнийг мэддэг хүмүүс бол зөвхөн Түүнийг дагадаг та нар юм, учир нь Тэр дахин цовдлогдохгүй. Нигүүлслийн эрин үед Есүс, Өөрийн сайн мэдээний ажлын төлөө газар нутаг даяар ил тод номлосон. Цовдлолын ажлын төлөө Тэр фарисайчуудтай харилцсан; хэрвээ Тэр фарисайчуудтай харилцаагүй, эрх мэдэлтэй байсан хүмүүс Түүнийг хэзээ ч мэдээгүй байсан бол яаж Түүнийг яллаж, дараа нь Түүнээс урваж, загалмайд цовдолж чадах юм бэ? Иймээс Тэр цовдлолын төлөө фарисайчуудтай харилцсан юм. Өнөөдөр Тэр сорилтоос зайлсхийхийн тулд Өөрийн ажлыг нууцаар хийдэг. Бурхан хоёр удаа бие махбодтой болоход ажил болон ач холбогдол нь өөр, мөн орчин нөхцөл нь ч өөр байдаг, тэгвэл Түүний хийдэг ажил яаж бүхэлдээ адилхан байж чадах юм бэ?

“Бурхан бидэнтэй хамт” гэх Есүсийн нэр Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Бурханыг зөвхөн Есүс гэж нэрлэж болно, Бурхан Өөрийн зан чанарыг өөрчилж болохгүй учраас өөр ямар ч нэртэй байж болохгүй гэж хүн хэрвээ хэлбэл эдгээр үг нь үнэхээр доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр ганцаараа Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэж байна уу? Бурханыг олон нэрээр нэрлэж болно, гэхдээ энэ олон нэрийн дунд Бурханыг бүхэлд нь товчоор илэрхийлж чадах, Бурханыг бүрэн төлөөлж чадах ганц ч нэр байхгүй. Иймээс Бурханд олон нэр байдаг боловч энэ олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн тодорхойлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар маш баялаг болохоор энэ нь Түүнийг мэдэх хүний чадвараас даван гардаг. Хүн төрөлхтний хэлийг ашиглан Бурханыг бүрэн илэрхийлэх ямар ч арга хүнд үгүй. Хүн төрөлхтөнд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Хэтэрхий олон үг! Ийм хязгаарлагдмал үгсийн сан нь Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг ч дүрслэх чадваргүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, өөр олон хүн, өөрсдийнх нь зүрх сэтгэл дэх оргилсон сэтгэлийг илүү сайн дүрсэлж чадна гэж бодсон үгийг нэмсэн: Бурхан хэтэрхий агуу! Бурхан хэтэрхий ариун! Бурхан хэтэрхий хайр татам! Өнөөдөр иймэрхүү хүний үг хэллэг оргилдоо хүрсэн хэдий ч хүн өөрийгөө тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд, Бурхан олон нэртэй атлаа нэг ч нэргүй, яагаад гэвэл Бурханы оршихуй хэтэрхий элбэг арвин агаад хүний хэл хэтэрхий хомс. Тодорхой нэг үг, эсвэл нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй, иймээс Түүний нэр тогтмол байж болно гэж чи бодож байна уу? Бурхан маш агуу, маш ариун атал шинэ эрин үе бүрд Өөрийн нэрийг өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрөхгүй юу? Тиймээс Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бүрдээ Бурхан, хийхээр зорьж буй ажлаа товчоор илэрхийлэхийн тулд тухайн эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тэрээр тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд түр зуурын ач холбогдол бүхий энэ тодорхой нэрийг ашигладаг. Энэ бол Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглаж байгаа хэрэг юм. Тэгсэн ч гэсэн сүнслэг туршлагатай бөгөөд Бурханыг биечлэн харсан олон хүнд, энэхүү тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг—аяа, үүнийг яах ч аргагүй—иймээс хүн Бурханыг ямар нэг нэрээр нэрлэхээ больж, Түүнийг зүгээр л “Бурхан” гэж дууддаг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн атлаа бас зөрчилдөөнд автсан мэт байдаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг, үүнийг ердөө дүрслэх аргагүй юм. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хүн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би түүнд, “Бурхан бол Бурхан!” гэж хэлнэ. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын хамгийн шилдэг товч илэрхийлэл биш гэж үү? Ийм байтал та нар яагаад Бурханы нэрийг эрж хайхад маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ? Нэрний төлөө яагаад тархиа гашилгаж, нойр, хоолоо умартана вэ? Бурханыг Ехова, Есүс, Мессиа гэж нэрлэхгүй өдөр ирнэ—Тэр зүгээр л Бүтээгч байх болно. Тэр үед, газар дээр Түүний авсан бүх нэр төгсгөл болно, учир нь газар дээрх Түүний ажил дуусчихсан байх бөгөөд үүний дараа Түүнд нэр байхаа болино. Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдэл дор очих үед туйлын зохистой атлаа бүрэн бус нэр Түүнд ямар хэрэгтэй байх юм бэ? Чи одоо Бурханыг нэрийг хайсаар байна уу? Бурханыг гагцхүү Ехова гэж нэрлэж болно гэж чи хэлж зүрхэлсээр байх уу? Бурханыг зөвхөн Есүс гэж нэрлэж болно гэж чи хэлж зүрхлэх үү? Бурханыг доромжилсон нүглийг чи үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэх ёстой. Түүнд хийх ажил байсан ба хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй болсон учраас л Тэр нэг, хоёр, эсвэл олон нэртэй болсон юм. Тэр ямар ч нэрээр нэрлэгдсэн бай—үүнийг Өөрөө чөлөөтэйгээр сонгоогүй гэж үү? Өөрийн бүтээлийн нэг болох чамаар Тэр үүнийг шийдүүлэх хэрэгтэй юу? Бурханыг нэрлэдэг нэр нь хүний ойлгож чадах зүйлтэй, мөн хүн төрөлхтний хэлтэй нийцдэг нэр юм, гэхдээ энэ нэр бол хүний дүгнэж чадах зүйл биш юм. Тэнгэрт Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу хүч чадалтай, хэтэрхий ухаалаг, хэтэрхий өргөмжит, хэтэрхий гайхалтай, хэтэрхий нууцлаг, хэтэрхий төгс хүчит Бурхан Өөрөө юм гэж л чи хэлж чадна, өөр юу ч хэлж чадахгүй; энэ жаахан зүйл бол мэддэг бүхэн чинь юм. Ийм болохоор ганцхан Есүсийн нэр Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүд ирэхэд хэдийгээр Бурхан ажлаа хийж байгаа ч Түүний нэр өөрчлөгдөх ёстой, учир нь энэ бол өөр эрин үе билээ.

Бурхан орчлон ертөнц болон дээд ертөнц даяар хамгийн агуу нь болохоор махбодын дүрийг ашиглан Өөрийгөө бүрэн тайлбарлаж чадах уу? Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хийхийн тулд энэ махбодыг өмсдөг. Махбодын энэ дүр төрхөд ямар ч онцгой ач холбогдол байхгүй, энэ нь эрин үе өнгөрөхтэй ямар ч холбоогүй, мөн Бурханы зан чанартай ч холбоогүй. Яагаад Есүс Өөрийн дүр зургийг үлдээхийг зөвшөөрөөгүй вэ? Яагаад Тэр дараагийн үеийнхэнд дамжуулахын тулд хүнээр Өөрийнхөө дүрийг зуруулаагүй вэ? Түүний дүр төрх бол Бурханы дүр төрх гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжийг Тэр яагаад хүмүүст олгоогүй вэ? Хэдийгээр хүний дүр төрх Бурханы дүрээр бүтээгдсэн боловч хүний гадаад төрх нь Бурханы өргөмжит дүрийг төлөөлөх боломжтой гэж үү? Бурхан махбод болохдоо тодорхой нэг махбод руу тэнгэрээс бууж ирдэг төдий юм. Түүний Сүнс махбодод бууж ирдэг ба үүгээр дамжуулан Тэр Сүнсний ажлыг хийдэг. Сүнс махбодоор илэрхийлэгддэг ба Сүнс Өөрийн ажлыг махбодоор хийдэг. Махбодоор хийгддэг ажил нь Сүнсийг бүрэн төлөөлдөг бөгөөд махбод нь ажлын төлөө байдаг боловч махбодын дүр төрх нь Бурханы Өөрийн жинхэнэ дүр төрхийг орлодог гэсэн үг биш; энэ нь Бурхан махбодтой болохын зорилго болон ач холбогдол биш юм. Тэр махбод болсон болохоор л Сүнс Өөрийн ажилд тохирох оршин суух газрыг олж, махбод дахь ажлаа илүү сайн биелүүлж болох бөгөөд ингэснээр хүмүүс Түүний үйл хэргийг харж, Түүний зан чанарыг ойлгож, Түүний үгийг сонсож, Түүний ажлын гайхамшгийг мэдэж чадна. Түүний нэр зан чанарыг нь төлөөлдөг, Түүний ажил ялгамж чанарыг нь төлөөлдөг боловч махбодынх нь гадаад төрх Түүний дүр төрхийг төлөөлдөг гэж Тэр хэзээ ч хэлээгүй; тэр нь ердөө л хүний үзэл юм. Иймээс бие махбодтой болсон Бурханы шийдвэрлэх чухал талууд нь Түүний нэр, Түүний ажил, Түүний зан чанар болон Түүний хүйс билээ. Энэ эрин үе дэх Түүний удирдлагыг төлөөлөхийн тулд эдгээр нь ашиглагддаг. Махбод дахь Түүний гадаад төрх нь Түүний удирдлагад ямар ч хамаагүй бөгөөд зөвхөн тухайн үеийн Түүний ажлын төлөө байдаг. Гэсэн ч бие махбодтой болсон Бурханы хувьд ямар ч тодорхой гадаад төрхгүй байх боломжгүй бөгөөд иймээс Өөрийн гадаад төрхийг тодорхойлохын тулд тохиромжтой гэр бүлийг сонгодог. Хэрвээ Бурханы гадаад төрх нь төлөөллийн ач холбогдолтой бол Түүнтэй төстэй нүүр царайтай бүх хүн бас Бурханыг төлөөлөх байсан. Тэр нь ноцтой алдаа байхгүй гэж үү? Хүнээр шүтэн мөргүүлэхийн тулд Есүсийн хөргийг хүн зурсан. Тухайн үед Ариун Сүнс ямар ч онцгой удирдамж өгөөгүй тул хүн төсөөллийн тэрхүү хөрөг зургийг өнөөдрийг хүртэл дамжуулсан юм. Үнэндээ Бурханы анхдагч санаа зорилгын дагуу хүн ингэх ёсгүй байсан. Хүний хичээл зүтгэл л Есүсийн хөрөг зургийг өнөөдрийг хүртэл үлдэхэд хүргэсэн. Бурхан бол Сүнс бөгөөд Түүний дүр төрх яг ямар болохыг хүн хэзээ ч нэгтгэн дүгнэх чадваргүй байх болно. Түүний дүр төрхийг зөвхөн Түүний зан чанар л төлөөлж чадна. Түүний хамар, ам, нүд, үсний харагдах байдлын тухайд бол энэ нь илэрхийлэх чадвараас чинь даван гардаг. Илчлэл Иоханд ирэх үед тэр хүний Хүүгийн дүрийг харсан: Түүний амнаас хоёр талдаа иртэй хурц сэлэм гарсан, нүд нь галын дөл шиг, толгой болон үс нь ноос шиг цагаан, хөл нь өнгөлсөн хүрэл шиг байсан ба Түүний цээжинд алтлаг тууз байв. Түүний үг хэдийгээр туйлын тодорхой байсан боловч түүний дүрсэлсэн Бурханы дүр төрх нь бүтээгдсэн зүйлийн дүр төрх байгаагүй юм. Түүний харсан зүйл нь ердөө л үзэгдэл байсан ба материаллаг ертөнцийн хүний дүр төрх биш байсан. Иохан үзэгдэл харсан боловч Бурханы жинхэнэ төрхийг хараагүй. Бурханы махбод болсон биеийн дүр төрх нь бүтээгдсэн зүйлийн дүр төрх болохоор Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй юм. Ехова хүн төрөлхтнийг бүтээх үедээ Өөрийн дүрээр бүтээсэн гэж хэлсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн. Тухайн үед Тэр эрэгтэй, эмэгтэй хүнийг Бурханы дүрээр бүтээсэн гэж хэлсэн. Хэдийгээр хүний дүр төрх Бурханы дүртэй төстэй боловч хүний гадаад төрх нь Бурханы дүр гэсэн утгатай гэж тайлбарлаж болохгүй юм. Мөн Бурханы дүр төрхийг бүрэн товчоор илэрхийлэхийн тулд чи хүний хэлийг ашиглаж ч болохгүй, учир нь Бурхан хэтэрхий өндөр дээд, хэтэрхий агуу, хэтэрхий гайхалтай агаад ойлгохын аргагүй билээ!

Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхэд энэ нь Ариун Сүнсний тухайн үеийн заавар дор байсан; Тэрээр Ариун Сүнсний хүссэн зүйлийг хийсэн бөгөөд энэ нь Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн дагуу, эсвэл Еховагийн ажлын дагуу байгаагүй. Хэдийгээр Есүсийн хийхээр ирсэн ажил нь Еховагийн хууль, эсвэл Еховагийн тушаалуудыг мөрдөх явдал биш байсан ч Тэдний эх сурвалж нэг байсан юм. Есүсийн хийсэн ажил Есүсийн нэрийг төлөөлсөн ба Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн; Еховагийн хийсэн ажлын тухайд бол энэ нь Еховаг төлөөлсөн бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлсөн. Тэдний ажил бол хоёр өөр эрин үе дэх нэг Сүнсний ажил байсан юм. Есүсийн хийсэн ажил зөвхөн Нигүүлслийн эрин үеийг төлөөлж чадсан бөгөөд Еховагийн хийсэн ажил нь зөвхөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг төлөөлж байв. Ехова зөвхөн Израиль ба Египетийн ард түмэн болон Израилийн гаднах бүх үндэстний хүмүүсийг удирдан чиглүүлжээ. Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь, Бурхан Есүс хэмээх нэрээр ажиллаж, эрин үеийг залж чиглүүлж байлаа. Хэрвээ чи, Есүсийн ажил нь Еховагийнх дээр суурилсан, Тэр ямар ч шинэ ажил эхлүүлээгүй, Түүний хийсэн бүхэн нь Еховагийн үгийн дагуу, Еховагийн ажлын дагуу, мөн Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж хэлбэл Есүс махбод болсон Бурхан биш байх байв. Хэрвээ Тэр ийм маягаар Өөрийн ажлыг явуулсан бол Хуулийн эрин үеийн элч юм уу ажилчин байх байлаа. Хэрвээ энэ нь чиний хэлдэг шиг байсан бол Есүс эрин үеийг нээж чадахгүй, мөн өөр ямар ч ажил хийж чадахгүй байх байсан юм. Ийм байдлаар, Ариун Сүнс Өөрийн ажлыг үндсэндээ Еховагаар дамжуулан хийх ёстой ба Еховагаар дамжуулахгүйгээр Ариун Сүнс ямар ч шинэ ажил хийж чадахгүй байх байв. Хүн Есүсийн ажлыг ийм маягаар ойлгох нь буруу юм. Есүсийн хийсэн ажил Еховагийн үг болон Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж хүн хэрвээ итгэдэг бол Есүс бие махбодтой болсон Бурхан байх уу, эсвэл эш үзүүлэгчдийн нэг байх уу? Энэ үзэл бодлын дагуу бол Нигүүлслийн эрин үе гэж байхгүй ба Есүс бие махбодтой болсон Бурхан биш байх байв, учир нь Түүний хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг төлөөлж чадахгүй, харин Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг л төлөөлөх байлаа. Есүс шинэ ажил хийхээр ирж, шинэ эрин үеийг эхлүүлж, өмнө нь Израильд хийгдсэн ажлаас халин гарч, Өөрийн ажлыг Еховагийн Израильд хийсэн ажлын дагуу явуулалгүй, Түүний хуучин дүрэм журамд баригдалгүй, ямар ч ёс заншлыг дагалгүй, харин Өөрийн хийх ёстой шинэ ажлыг хийсэн үед л шинэ эрин үе бий болох байсан юм. Эрин үеийг эхлүүлэхийн тулд Бурхан Өөрөө ирдэг ба Бурхан Өөрөө эрин үеийг төгсгөдөг. Хүн эрин үеийг эхлүүлэх болон эрин үеийг төгсгөх ажлыг хийх чадваргүй. Хэрвээ Есүс ирснийхээ дараа Еховагийн ажлыг төгсгөөгүй бол Тэр ердөө хүн байсан ба Бурханыг төлөөлөх чадваргүй байсан гэдгийг энэ нь нотлох байв. Есүс ирж, Еховагийн ажлыг дуусгаж, Еховагийн ажлыг үргэлжлүүлж, улмаар Өөрийнхөө ажлыг буюу шинэ ажлыг гүйцэтгэсэн учраас л энэ бол шинэ эрин үе байсан бөгөөд Есүс бол Бурхан Өөрөө байсан гэдгийг энэ нь нотолдог. Тэд ажлын илт өөр хоёр үе шатыг гүйцэтгэсэн. Нэг үе шат нь сүмд явагдсан ба нөгөө нь сүмийн гадна хийгджээ. Нэг үе шат нь хуулийн дагуу хүний амьдралыг удирдан хөтлөх, харин нөгөө нь нүглийн тахил өргөхийн төлөө байв. Ажлын энэ хоёр үе шат тун өөр байсан; энэ нь шинэ эрин үеийг хуучнаас салгадаг бөгөөд тэдгээр нь хоёр өөр эрин үе юм гэж хэлэх нь туйлын зөв! Тэдний ажлын байршил өөр байсан, ажлын агуулга өөр байсан, мөн ажлынх нь зорилго өөр байсан юм. Иймээс тэдгээрийг хоёр эрин үед хувааж болно: Шинэ ба Хуучин Гэрээ, өөрөөр хэлбэл, шинэ ба хуучин эрин үе. Есүс ирэхдээ сүм рүү очоогүй ба Еховагийн эрин үе төгссөнийг энэ нь баталдаг. Сүм дэх Еховагийн ажил дууссан, дахин хийх хэрэггүй байсан учраас Тэр сүмд ороогүй бөгөөд үүнийг дахин хийх нь давтаж байгаа хэрэг болох байв. Сүмийг орхин явж, сүмийн гадна шинэ ажил эхлүүлж, шинэ замыг нээснээр л Тэр Бурханы ажлыг дээд цэгт нь аваачиж чадах байлаа. Хэрвээ Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд сүмээс гараагүй бол Бурханы ажил сүмийн суурин дээр зогсож, ямар нэг шинэ өөрчлөлт хэзээ ч гарахгүй байх байв. Иймээс Есүс ирэх үедээ сүмд ороогүй ба Өөрийн ажлыг сүмд хийгээгүй юм. Тэр Өөрийн ажлыг сүмийн гадна хийж, шавь нараа дагуулан Өөрийн ажлыг чөлөөтэй хийж эхэлсэн билээ. Бурхан Өөрийн ажлыг хийхээр сүмээс явсан нь Бурханд шинэ төлөвлөгөө байсан гэсэн утгатай байв. Түүний ажил сүмийн гадна явагдах ёстой байсан бөгөөд хэрэгжилтийнхээ байдлаар хязгаарлагдахгүй шинэ ажил байх ёстой байлаа. Есүс ирмэгцээ Хуучин Гэрээний эрин үе дэх Еховагийн ажлыг төгсгөсөн юм. Хэдийгээр Тэднийг хоёр өөр нэрээр нэрлэж байсан боловч ажлын хоёр үе шатыг хоёуланг нь нэг Сүнс хийсэн бөгөөд хийгдсэн ажил нь үргэлжилсэн ажил байв. Нэр өөр байсны адилаар ажлын агуулга өөр байсан, эрин үе ч өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байв. Иймээс ирэх болгондоо Бурхан нэг нэрээр нэрлэгдэж, нэг эрин үеийг төлөөлж, шинэ замыг нээдэг; шинэ зам бүрд Тэрээр шинэ нэр авдаг бөгөөд Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил урагшлах чиглэлд ахихаа хэзээ ч больдоггүй гэдгийг энэ нь харуулдаг. Түүх үргэлж урагшилж байгаа ба Бурханы ажил үргэлж урагшилж байгаа. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, илүү шинэ, агуу ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой. Хором бүрд Бурханы Сүнс үргэлж шинэ ажил хийж байгаа ба хуучин арга зам, дүрэм журамтай хэзээ ч зууралддаггүй. Мөн Түүний ажил хэзээ ч зогсоогүй, харин хором мөч өнгөрөх бүрд хийгдсээр байгаа. Хэрвээ чи, Ариун Сүнсний ажил хэзээ ч хувиршгүй гэж хэлбэл, сүмд Өөрт нь үйлчлэхийг Ехова тахилчдаас шаардсан атал Өөрийг нь ирэх үед хүмүүс Тэр бол тэргүүн тахилч, Тэр бол Давидын гэрийн нэгэн, түүнчлэн тэргүүн тахилч, агуу Хаан гэж хэлж байсан ч Есүс яагаад сүмд ороогүй юм бэ? Яагаад Тэр тахил өргөөгүй вэ? Сүмд орсон ч бай, эсвэл үгүй ч бай—энэ нь бүгд Бурханы Өөрийн ажил биш гэж үү? Хэрвээ хүний төсөөлдгөөр Есүс дахин ирж, эцсийн өдрүүдэд Есүс гэж нэрлэгдсэн хэвээр байж, Есүсийн дүр төрхтэйгээр хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр бууж ирсэн бол тэр нь Түүний ажлын давталт болохгүй гэж үү? Ариун Сүнс хуучин зүйлтэй зууралдаж чадах уу? Хүний итгэдэг бүхэн нь үзэл бөгөөд хүний ойлгодог бүхэн нь шууд утгынхаа дагуу, өөрсдийнх нь төсөөллийн дагуу байдаг; тэр нь Ариун Сүнсний ажлын зарчимтай тохирдоггүй бөгөөд Бурханы санаа зорилгод нийцдэггүй. Бурхан тийм маягаар ажиллахгүй; Бурхан тийм ч мунхаг, тэнэг биш бөгөөд Түүний ажил чиний төсөөлдөг шиг маш энгийн биш. Хүмүүсийн төсөөлдөг бүхэнд үндэслэвэл Есүс үүл хөлөглөн ирж, та нарын дунд буух болно. Үүл хөлөглөсөн Тэрээр Өөрийгөө Есүс мөн гэж хэлэхийг та нар харна. Та нар бас Түүний гар дахь хадаасны сорвийг олж хараад, Есүс мөн гэдгийг нь мэднэ. Тэрээр та нарыг дахин аварч, та нарын хүчит Бурхан байх болно. Тэр та нарыг аварч, та нарт шинэ нэр хайрлаж, та нарт цагаан чулуу өгнө, үүний дараа та нар тэнгэрийн хаанчлалын хаалгаар орох боломжтой болж, тэнгэрт хүргэгдэнэ. Ийм итгэл нь хүний үзэл биш гэж үү? Бурхан хүний үзлийн дагуу ажилладаг уу, эсвэл хүний үзлийн эсрэг ажилладаг уу? Хүний бүх үзэл Сатанаас үүсдэггүй гэж үү? Бүх хүнийг Сатан ялзруулаагүй гэж үү? Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг хүний үзлийн дагуу хийсэн бол Сатан болчихгүй гэж үү? Тэр Өөрийнхөө бүтээлүүдтэй адил төрлийнх байхгүй гэж үү? Түүний бүтээлүүдийг одоо Сатан маш их ялзруулж, хүн Сатаны биелэл болсон тул хэрвээ Бурхан, Сатаны зүйлсэд нийцүүлэн ажилласан бол Тэр Сатантай хуйвалдаж байгаа биш гэж үү? Хүн Бурханы ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Тиймээс Бурхан хэзээ ч хүний үзлийн дагуу ажилладаггүй, хэзээ ч чиний төсөөлсөн шиг ажилладаггүй. Үүлэн дээр ирэх болно гэж Бурхан Өөрөө хэлсэн хэмээдэг хүмүүс бий. Бурхан Өөрөө ингэж хэлсэн нь үнэн боловч Бурханы нууцыг нэг ч хүн ухан ойлгож чадахгүй гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурханы үгийг нэг ч хүн тайлбарлаж чадахгүй гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн гэдэгт чи ямар ч эргэлзээгүйгээр итгэлтэй байна уу? Мэдээж Ариун Сүнс чамд тийм шууд байдлаар харуулаагүй биз дээ? Үүнийг Ариун Сүнс зааварласан уу, эсвэл чиний үзэл чамайг ингэж бодоход хүргэсэн үү? Чи “Үүнийг Бурхан Өөрөө хэлсэн” гэсэн. Гэхдээ Бурханы үгийг хэмжихдээ бид өөрсдийн үзэл ба оюун ухааныг ашиглаж болохгүй. Исаиагийн хэлсэн үгийн тухайд гэвэл, чи түүний үгийг туйлын итгэлтэйгээр тайлбарлаж чадах уу? Чи түүний үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Чи Исаиагийн үгийг тайлбарлаж зүрхлэхгүй юм бол яаж Есүсийн үгийг тайлбарлаж зүрхэлнэ вэ? Есүс, Исаиа хоёрын хэн нь илүү өндөр дээд вэ? Хариулт нь Есүс байтал чи яагаад Есүсийн хэлсэн үгийг тайлбарладаг вэ? Бурхан Өөрийнхөө ажлын талаар чамд урьдчилан хэлэх үү? Ганц ч бүтээгдсэн зүйл мэдэхгүй, тэр ч бүү хэл тэнгэр дэх элчүүд, хүний Хүү ч мэдэхгүй, тэгвэл чи яаж мэдэж чадах юм бэ? Хүн хэтэрхий дутуу дулимаг. Одоо чиний хувьд хамгийн чухал зүйл бол ажлын гурван үе шатыг мэдэх явдал юм. Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь тасралтгүй уялдаатай явагдаж, Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг бүрдүүлдэг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, мөн эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг салгадаг бүх хүн Бурханыг эсэргүүцдэг. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Үүнд эргэлзэх юмгүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?