Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар

Хүний үйлдэл хэзээ ч Миний зүрх сэтгэлийг хөдөлгөөгүй, мөн Надад хэзээ ч эрхэм нандин гэж санагдаж байгаагүй. Хүний нүдээр бол Би түүнд үргэлж маш хатуу чанга ханддаг ба эрх мэдлээ үргэлж түүн дээр хэрэгжүүлж байдаг. Хүний бүх үйлдэл дунд Миний төлөө хийдэг зүйл бараг үгүй, мөн Миний нүдний өмнө бат зогсдог зүйл бараг үгүй. Эцсийн эцэст хүнтэй хамаатай бүх зүйл Миний өмнө бүгд чимээгүй сүйрдэг бөгөөд дараа нь л Би Өөрийн үйлдлийг харуулж, тэдний бүтэлгүйтлээр дамжуулан хүн бүрд Өөрийгөө мэдүүлдэг. Хүний уг чанар өөрчлөгдөөгүй. Тэдний зүрх сэтгэлд байгаа зүйл Миний хүслийн дагуу байдаггүй—энэ нь Надад хэрэгтэй зүйл биш. Миний хамгийн их жигшдэг зүйл бол хүний өөрчлөгдөшгүй байдал ба хуучнаа давтах явдал боловч Намайг мэдэхдээ үргэлжлүүлэн бүтэлгүйтэж, Намайг үргэлж хол байлгаж, Миний өмнө хүслийн минь дагуу хэзээ ч үйлдэхгүй, харин ч нүдэн далдуур Намайг эсэргүүцэхэд хүмүүсийг хүргэдэг хүч юу вэ? Тэдний үнэнч байдал уу? Намайг хайрладаг тэдний хайр уу? Тэд яагаад гэмшиж, дахин төрж чадахгүй байна вэ? Хүмүүс яагаад шавар шавхайгүй газар амьдрахын оронд үүрд намаг балчиг дотроо амьдрах дуртай байдаг юм бол? Би тэдэнд зохисгүй хандсан юм гэж үү? Би тэдэнд буруу чиглэл заасан юм гэж үү? Би тэднийг там руу хөтөлж байгаа юм гэж үү? Хүн бүр “там”-д амьдрах дуртай байгаа. Тэдний доторх бүх зүйл тамаас ирдэг тул гэрэл ирэхэд тэдний нүд тэр дороо сохордог. Гэвч хүмүүс үүнийг мэдэлгүйгээр зүгээр л “тамын ерөөл”-ийг эдэлж байгаа. Тэр ч бүү хэл, Би өөрсдийг нь “оршин тогтнох эх үүсвэргүй” болгон, тэдгээрийг нь булаах вий хэмээн айсандаа тэд тэдгээр зүйлээ үнэт эрдэнэ мэт цээжиндээ тас тэвэрч байдаг. Хүмүүс Надаас эмээдэг, тийм ч учраас Намайг газар дээр ирэхэд тэд Надаас хол байж, Надад ойртохыг үзэн яддаг, учир нь тэд “өөртөө түвэг удахыг” хүсдэггүй, харин оронд нь гэр бүлийн доторх эв зохицлыг хэвээр хадгалахыг хүсдэг, ингэснээр тэд “газар дээрх аз жаргал”-ыг эдэлж болох юм. Гэхдээ Би хүмүүст хүссэнээрээ хийх боломж олгож чадахгүй, учир нь хүний гэр бүлийг сүйтгэх нь яг Миний энд хийх зүйл юм. Намайг ирэх мөчид тэдний гэр бүлээс амар амгалан байдал арилна. Би бүх үндэстнийг хага цохино, хүний гэр бүлийг дурдахын ч хэрэггүй. Миний барьцнаас хэн зугтаж чадах вэ? Ерөөл хүлээн авдаг хүмүүс дургүй байдлынхаа ачаар зугтаж магад гэж үү? Гэсгээлт амсдаг хүмүүс айдсынхаа ачаар Миний энэрлийг хүлээн авч магадгүй юм гэж үү? Миний бүх үгнээс хүмүүс Миний хүсэл болон Миний үйлдлийг харсан, гэвч хэн ер нь өөрсдийн бодол санааны хүлээснээс ангижирч чадах вэ? Миний үгэн дотроос, эсвэл Миний үггүйгээр хэн ер нь өөр арга замыг олж чадах юм бэ?

Хүмүүс Миний халуун дулаан байдлыг мэдэрч, Надад чин сэтгэлээсээ үйлчилсэн бөгөөд Миний өмнө бүхнийг Миний төлөө хийн, чин сэтгэлээсээ дуулгавартай байсан. Гэвч өнөөдөр хүмүүс ийм байж чаддаггүй ба тэд араатан чононд бариулсан мэт зөвхөн сүнсээрээ л гашууддаг. Тэд ердөө арга мөхөсдөн Намайг харж, тусламж хүсэн тасралтгүйгээр Над руу хашхирдаг боловч эцэст нь тэд бэрхшээлээсээ зугтаж чаддаггүй. Урьд нь хүмүүс Миний сэтгэлийг өөрсдийн хайраар хариулахын тулд тэнгэр, газраар тангараглан Миний өмнө яаж амлалт өгч байсныг Би санаж байна. Тэд Миний өмнө гашуудан уйлсан ба тэдний уйлах чимээ сэтгэл шимшрэм, тэвчихэд бэрх байсан юм. Би шийдвэрийнх нь хүчийг харгалзан хүмүүст дандаа тусламж үзүүлж байлаа. Хүмүүс Надад захирагдахаар Миний өмнө тоо томшгүй олон удаа, мартахын аргагүй өхөөрдөм төрхтэйгээр ирж байсан. Тоо томшгүй олон удаа тэд тууштай үнэнчээр Намайг хайрласан бөгөөд тэдний чин үнэнч сэтгэл хөдлөл нь үнэхээр гайхамшигтай байв. Тоо томшгүй олон тохиолдолд тэд өөрсдийнхөө амийг золиослох хэмжээнд Намайг хайрлаж, Намайг өөрсдөөсөө илүү хайрласан бөгөөд чин сэтгэлийг нь хараад Би тэдний хайрыг хүлээн авсан юм. Тоо томшгүй олон тохиолдолд, Миний төлөө үхэлтэй нүүр тулахыг үл хайхран Миний өмнө өөрсдийгөө өргөсөн ба Би тэдний нүүр царайнаас санаа зовнилыг нь арилгаж, дүр төрхийг нь анхааралтайгаар үнэлж дүгнэсэн. Би тэднийг Өөрийн эрдэнэс мэт хайрлаж байсан тоо томшгүй олон удаа бий, мөн тэднийг Өөрийн дайсан мэт үзэн ядаж байсан тоймгүй олон удаа ч байсан. Би иймийн тул—Миний оюун санаанд юу байгааг хүн хэзээ ч ухан ойлгож чадахгүй. Хүмүүсийг гунигласан үед Би тэднийг тайвшруулахаар ирдэг, тэднийг сул дорой байх үед нь тэдэнд туслахаар ирдэг. Тэднийг төөрөх үед Би тэдэнд чиглэл өгдөг. Тэднийг уйлах үед Би нулимсыг нь арчдаг. Гэсэн ч Намайг гуниглах үед хэн Намайг зүрх сэтгэлээсээ тайвшруулдаг вэ? Намайг асар их түгшиж байх үед хэн Миний мэдрэмжийг анхаардаг вэ? Намайг гашуудах үед зүрх сэтгэл дэх шархыг минь хэн нөхөх вэ? Надад хэн нэгэн хэрэгтэй байх үед хэн сайн дураараа Надтай хамтран ажиллахыг санал болгох вэ? Хүмүүсийн Надад хандаж байсан урьдны хандлага одоо гээгдэж, дахин хэзээ ч ирэхгүй юм гэж үү? Тэдний ой ухаанд яагаад ганц ч юм үлдээгүй байна вэ? Яаж хүмүүс энэ бүх зүйлийг мартаж орхив оо? Энэ нь бүхэлдээ, хүн төрөлхтнийг дайснууд нь ялзруулснаас болоогүй гэж үү?

Тэнгэрэлчүүд Намайг магтан хөгжим тоглох үед энэ нь, өөрийн эрхгүй хүнийг өрөвдөх сэтгэлийг минь өдөөдөг. Хормын зуур Миний зүрх сэтгэл гунигаар дүүрч, энэ зовлонт сэтгэл хөдлөлөөс Өөрийгөө салгах боломжгүй байдаг. Хүнээс хагацаж, дараа нь эргэн нийлэх баяр хөөр, уйтгар гунигаа бид дурсан санагалзаж чаддаггүй. Дээд тэнгэр, доод газарт тусгаарлагдсан хүн бид хоёр тогтмол уулзах боломжгүй. Хэн урьдны мэдрэмжүүдийнхээ төлөө өнгөрснөө дурсахаас ангид байж чадах вэ? Өнгөрсний талаар дурсан санагалзахаа хэн больж чадах юм бэ? Өнгөрсний мэдрэмжүүдийг үргэлжлүүлэхээр найддаггүй хэн байх вэ? Миний эргэн ирэлтийг хүсэмжилдэггүй хэн байх вэ? Хүнтэй эргэн нэгдэхийг минь хүсэн тэмүүлэхгүй хэн байх вэ? Миний зүрх сэтгэл гүнээ шаналж, хүний сүнс гүнээ санаа зовдог. Хэдий бид сүнсээрээ адилхан ч үргэлж хамтдаа байж, бие биеэ дандаа харж чаддаггүй. Хүн үргэлж Намайг хүсэн тэмүүлж байсан тул бүх хүн төрөлхтний амьдрал нь уй гунигаар дүүрсэн агаад эрч хүчээр дутмаг байдаг. Хүмүүс тэнгэрээс цохигдон унасан зүйл мэт байсан; тэд газраас Над руу харцаа өргөн Миний нэрийг дуудан хашхирдаг—гэвч ховдог чонын амнаас хэрхэн зугтаж чадах билээ? Тэд үүний аюул занал, уруу таталтаас өөрсдийгөө хэрхэн чөлөөлж чадах билээ? Хүмүүс Миний төлөвлөгөөний зохицуулалтанд дуулгавартай байх замаар өөрсдийгөө золиослохгүй байж яаж чадах юм бэ? Тэднийг чангаар гуйх үед Би тэднээс нүүр буруулж, үүнийг цаашид харж тэвчдэггүй; гэсэн хэдий ч тэдний нулимс асгаруулсан уйлааныг Би яаж сонсохгүй байж чадах юм бэ? Би хүний ертөнцийн шударга бус явдлыг засна. Сатан Миний хүмүүст дахин хор хөнөөл учруулахаас, дайснууд хүссэн бүхнээ дахин дур мэдэн хийхээс хамгаалж Би дэлхий ертөнц даяар Өөрийн ажлыг гардан хийх болно. Би газар дээр Хаан болох бөгөөд Өөрийн сэнтийг тэнд шилжүүлж, бүх дайснаа газар унаган мөргүүлж, тэдний гэмт хэргийг Өөрийн өмнө улайлгана. Гуниг харуусалд минь уур холилдож, Би дайснуудынхаа зүрх сэтгэлд айдас хуруулж, хэнийг ч өршөөлгүйгээр орчлон ертөнцийг бүхэлд нь няц гишгэлэх болно. Би газар дэлхийг бүхэлд нь үнсэн товрог болгож, дайснуудаа сүйрэлд унагана, тэгснээр үүнээс хойш тэд хүн төрөлхтнийг ахиж ялзруулахаа болих юм. Миний төлөвлөгөө хэдийнээ тогтоогдсон бөгөөд хэн хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Намайг орчлон ертөнц дээгүүр сүр жавхлантайгаар хэрэн явахад бүх хүн шинэ болж, бүх зүйл амь орно. Хүн уйлахаа больж, Надаас тусламж гуйн хашхирахаа болино. Тэгэхэд Миний зүрх сэтгэл баярлан хөөрч, хүмүүс баяр хөөрөө тэмдэглэн Над руу ирнэ. Орчлон ертөнц тэр аяараа дээрээсээ доош хүртэл хөөрөн баясна…

Өнөөдөр Би дэлхийн улс үндэстнүүд дунд Өөрийн хийхээр төлөвлөсөн ажлыг хийсээр байна. Би хүн төрөлхтний дунд явж, Өөрийн төлөвлөгөөн дэх бүх ажлыг хийдэг бөгөөд бүх хүн Миний хүслийн дагуу дэлхийн янз бүрийн үндэстнүүдийг хагалан бутаргаж байгаа. Тэр өдөр ойртож, тэнгэрэлчүүд бүрээгээ дуугаргаж байгаа учраас газар дэлхий дээрх хүмүүс өөрсдийн хүрэх газарт анхаарлаа хандуулсан. Цаашид ямар ч саатал байхгүй ба үүнээс шалтгаалан бүх бүтээл баяр хөөртэйгөөр бүжиглэж эхэлнэ. Хэн өөрийн хүслээр Миний өдрийг уртасгаж чадах вэ? Дэлхийн хүн үү? Эсвэл тэнгэр дэх одод уу? Эсвэл тэнгэрэлчүүд үү? Израилийн ард түмний авралыг эхлүүлэхээр Намайг айлдвар айлдах үед Миний өдөр бүх хүн төрөлхтөнд тулан ирдэг. Хүн бүр Израилийг эргэн ирэхээс эмээдэг. Израиль эргэн ирэх үед тэр нь Миний алдрын өдөр байх бөгөөд энэ нь бас бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэх өдөр байх болно. Зөвт шүүлт бүхий л орчлон ертөнцөд ойртон ирэх үед хүний ертөнц зөвт байдлын талаар сонсож байгаагүй учраас бүх хүн зүрхшээн айдаг. Зөвт байдлын Нар үзэгдэх үедээ Зүүн зүгийг гэрэлтүүлж, дараа нь эргээд орчлон ертөнцийг тэр аяар нь гэрэлтүүлэн хүн бүрд хүрч очно. Хэрвээ хүн үнэхээр Миний зөвт байдлыг үйлддэг бол айх зүйл юу байх юм бэ? Миний ардууд бүгд Миний өдөр хүрэлцэн ирэхийг хүлээдэг, тэд бүгд Миний өдөр ирэхийг хүсэн эрмэлздэг. Намайг Зөвт байдлын Нар болох Өөрийн үүргээр бүх хүн төрөлхтөнд залхаан цээрлүүлэлт авчирч, хүн төрөлхтний хүрэх газрыг зохицуулахыг тэд хүлээдэг. Миний хаанчлал бүх орчлон ертөнцийн дээр хэлбэржиж байгаа ба Миний сэнтий хэдэн их наяд хүний зүрх сэтгэлийг ноёрхдог. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний агуу бүтээн байгуулалт удахгүй үр дүнд хүрэх болно. Миний хөвгүүд болон ардууд бүгд, хэзээ ч дахин салахгүйгээр Надтай эргэн нэгдэхээр амьсгаа даран тэмүүлж, Миний эргэн ирэлтийг хүлээдэг. Миний хаанчлалын үй олон ард түмэн, Намайг өөрсөдтэй нь хамт байгаагаас болж яагаад баяртайгаар тэмдэглэн бие бие рүүгээ гүйлдэхгүй гэж? Энэ нь ямар ч төлөөс төлөх хэрэггүй нэгдэл юм гэж үү? Би бүх хүний нүдэнд хүндтэй бөгөөд бүгдийнх нь үг Намайг тунхагладаг. Би буцаж ирээд дайсны бүх хүчийг байлдан дагуулах болно. Цаг нь ирсэн! Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг гүйцэлдүүлж, хүмүүсийн дунд Хаан болон хаанчлах болно! Би эргэж ирэхийн даваан дээр байна! Мөн Би явах гэж байна! Энэ бол хүн бүрийн найдаж буй зүйл, тэдний хүсэж буй зүйл юм. Миний өдөр ирэхийг Би бүх хүнд харуулж, Өөрийн өдрийн ирэлтийг тэднээр баяр хөөртэйгээр угтуулна!

1992 оны 4 дүгээр сарын 2

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?