Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин нэг дэх айлдвар

Хүн Миний гэрлийн дунд унадаг бөгөөд Миний авралын улмаас бат зогсдог. Намайг бүх орчлон ертөнцөд аврал авчрах үед хүн Миний сэргээн босголтын урсгал дунд орох арга замыг олохоор оролддог, гэсэн ч энэхүү сэргээн босголтын хүчтэй урсгалд ул мөргүй угаагдан арилсан олон хүн байдаг; хүчтэй ширүүн усны урсгалд залгигдан живсэн олон хүн бий; мөн хүчтэй ширүүн урсгал дунд бат зогсож, зүг чигийн мэдрэмжээ хэзээ ч алдаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл хүчтэй урсгалыг даган яваа хүмүүс ч бас олон байдаг. Би хүмүүстэй хамт алхам алхмаар урагшлах боловч тэр одоо хүртэл Намайг мэддэггүй хэвээр; тэрээр Миний гадна талын хувцаслалтыг л мэддэг боловч Миний дотор нуугдсан эд баялгийн талаар мэддэггүй. Би өдөр бүр хүнийг хангаж, түүнд өгч байдаг хэдий ч тэр жинхэнээсээ хүлээн зөвшөөрөх чадваргүй бөгөөд Миний өгсөн бүхий л баялгийг хүлээн авч чаддаггүй. Хүний ямар ч ялзрал Надад анзаарагдалгүй өнгөрөхгүй; Миний хувьд түүний дотоод ертөнц бол усанд туссан тэргэл саран мэт байдаг. Би хүнийг аргалдаггүй, мөн түүнд хааш яаш ханддаггүй; хүн зүгээр л өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадваргүй, тиймээс бүх хүн төрөлхтөн үргэлж доройтсоор байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн ийм доройтлоос өөрийгөө бүрэн чөлөөлөх чадваргүй хэвээр байна. Ядуу дорд, өрөвдмөөр хүн төрөлхтөн! Яагаад хүн Намайг хайрладаг ч Миний Сүнсний санаа зорилгыг дагаж чаддаггүй юм бэ? Би үнэхээр Өөрийгөө хүн төрөлхтөнд илчлээгүй гэж үү? Хүн төрөлхтөн үнэхээр Миний царай төрхийг хараагүй гэж үү? Би хүн төрөлхтөнд хэтэрхий бага өршөөл энэрэл үзүүлсэн байж таарах уу? Өө бүх хүн төрөлхтний босогчид оо! Тэд Миний өлмий дор устгагдах ёстой, тэд Миний гэсгээлт дунд замхрах ёстой бөгөөд Миний агуу ажил үйлс бүрэн дуусах өдөр тэд хүн төрөлхтөн дундаас хөөгдсөн байх ёстой, ингэснээр бүх хүн төрөлхтөн тэдний муухай нүүр царайг мэднэ. Хүн Миний царайг ховорхон харж, эсвэл Миний дуу хоолойг ховорхон сонсдогийн учир нь дэлхий тэр даяараа хэтэрхий булингартай, мөн үүний шуугиан хэтэрхий их байна, тиймээс хүн Миний дүр төрхийг эрж хайхдаа, мөн Миний зүрх сэтгэлийг ойлгохоор эрэлхийлэхдээ хэтэрхий залхуу байдаг. Энэ нь хүний ялзралын шалтгаан биш гэж үү? Энэ нь хүний хомсдлоос үүдээгүй гэж үү? Бүх хүн төрөлхтөн үргэлж Миний хангалт дунд байсан; хэрвээ ийм байгаагүй бол, хэрвээ Би өршөөнгүй байгаагүй бол өнөөдрийг хүртэл хэн амьд үлдэж чадна гэж? Надад цаглашгүй их баялаг бий, гэвч бүх гай гамшиг ч бас Миний гар дотор агуулагддаг—хэн гамшгаас хүссэн үедээ зугтаж чадах юм бэ? Хүний залбирал нь түүнд ингэх боломж олгодог гэж үү? Эсвэл хүний зүрх сэтгэл дэх нулимс уу? Хүн хэзээ ч Надад үнэн голоосоо залбирч байгаагүй, тиймээс бүх хүн төрөлхтний дундаас нэг ч хүн бүхий л амьдралдаа үнэний гэрэлд амьдарч байгаагүй, хүмүүс зөвхөн гэрлийн тасалдсан илрэлт дунд амьдардаг. Энэ нь хүн төрөлхтний өнөөдрийн дутагдлыг бий болгосон юм.

Хүн бүр Надаас ямар нэгэн зүйлийг авахын тулд Миний төлөө ихээр ажиллах гэж ханцуй шамлан хүлээж байдаг, иймээс хүний сэтгэлзүйд нийцүүлэн түүн доторх жинхэнэ хайрыг өдөөхийн тулд Би түүнд амлалт өгдөг. Хүнд хүч чадал өгдөг зүйл нь үнэхээр түүний жинхэнэ хайр гэж үү? Тэнгэр дэх Миний Сүнсийг хөдөлгөдөг зүйл нь хүний Надад өгсөн үнэнч зан гэж үү? Хүний үйлдлүүд тэнгэрт өчүүхэн төдий ч нөлөөлж байгаагүй бөгөөд хэрвээ хүнд хандах Миний хандлага түүний үйлдэл болгон дээр суурилдаг байсан бол бүх хүн төрөлхтөн Миний гэсгээлт дунд амьдрах байсан юм. Би нулимс хацрыг нь даган урсах олон хүмүүсийг харсан бөгөөд Миний эд баялгийн хариуд өөрсдийн зүрх сэтгэлийг өргөн барьсан олон хүнийг харсан. Хэдий хүн ийм “үнэн сүсэгтэй” байсан ч Би хүний гэнэтийн хүсэл эрмэлзлийн үр дүнд Өөрийн бүх зүйлийг түүнд хэзээ ч зүгээр өгөөгүй, учир нь хүн Миний өмнө өөрийгөө баяртайгаар зориулахад хэзээ ч бэлэн байгаагүй билээ. Би бүх хүн төрөлхтний багийг хуулсан бөгөөд эдгээр багийг галт нууранд хаясан, үр дүнд нь хүний хэлдэг үнэнч зан болон гуйлт Миний өмнө хэзээ ч бат зогсоогүй. Хүн яг л тэнгэр дэх үүл шиг: Салхи улихад тэр үүний хүч чадлаас нь эмээдэг учраас үүний дараагаар яаран хөвж, өөрийн дуулгаваргүй байдлаас болж бут ниргэгдэх вий хэмээн гүнээ айдаг. Энэ нь хүний муухай нүүр царай биш гэж үү? Энэ нь хүний дуулгавартай байдал гэж нэрлэгддэг зүйл биш гэж үү? Энэ нь хүний “жинхэнэ мэдрэмж” болон хуурамч сайхан санаа биш гэж үү? Олон хүмүүс Миний амнаас гарсан бүх үг хэллэгт үнэмшдэггүй бөгөөд олон хүн Миний үнэлгээг хүлээн зөвшөөрдөггүй, тиймээс тэдний үг болон үйлдлүүд тэрслүү санаа зорилгыг нь илчилдэг. Миний ярьдаг зүйл хүний хуучин уг чанарын эсрэг байдаг уу? Би “байгалийн хуулийн” дагуу зохих тодорхойлолтыг хүнд өгөөгүй гэж үү? Хүн Надад үнэнээсээ дуулгавартай байдаггүй; хэрвээ тэр үнэхээр Намайг эрж хайсан бол Би маш ихийг хэлэхгүй байх байсан. Хүн бол ямар ч үнэ цэнэгүй хог бөгөөд Би түүнийг хүчээр урагшлуулахын тулд Өөрийн гэсгээлтийг ашиглах ёстой; хэрвээ Би ийнхүү хийгээгүй бол Миний түүнд өгсөн амлалт түүний зугаа цэнгэлд хангалттай байсан ч гэсэн түүний зүрх сэтгэл хэрхэн хөдлөх юм бэ? Хүн олон жилийн турш хэцүү тэмцлийн дунд амьдарсан; тэр үргэлж цөхрөл дунд амьдарсан гэж хэлж болно. Үүний үр дүнд тэрээр бухимдалтай үлдсэн бөгөөд ядарч туйлдсан, иймээс тэр Миний түүнд өгдөг бүх эд баялгийг баяртайгаар хүлээн авдаггүй. Өнөөдөр ч гэсэн хэн ч Надаас сүнсний бүх баяр баяслыг хүлээн авах чадваргүй байна. Хүмүүс зөвхөн ядуу хэвээр үлдэж, сүүлийн өдрийг хүлээж л чадна.

Олон хүмүүс Намайг үнэн голоосоо хайрлахыг хүсдэг боловч тэдний зүрх сэтгэл өөрсдийнх нь биш учраас өөрсдийгөө хянах чадваргүй; олон хүмүүс Миний өгсөн шалгалт дунд Намайг үнэхээр хайрладаг ч Намайг үнэхээр оршин байдаг гэдгийг ухаарах чадваргүй байдаг бөгөөд Миний бодит оршин тогтнолын улмаас биш, ердөө л хоосон утгагүй байдал дунд Намайг хайрладаг; өөрсдийн зүрх сэтгэлийг Миний өмнө дэлгэснийхээ дараа олон хүмүүс тэдгээрт ямар ч анхаарал хандуулдаггүй, тиймээс боломж олдонгуут Сатан тэдний зүрх сэтгэлийг булаан авдаг ба үүний дараа тэд Намайг орхидог; Намайг Өөрийн үгсээр хангахад олон хүмүүс үнэн голоосоо Намайг хайрладаг гэвч Миний үгсийг өөрсдийн сүнсэндээ нандигнадаггүй, үүний оронд тэдгээрийг яг л нийтийн өмч шиг хааш яаш ашиглах бөгөөд хүссэн үедээ ирсэн газар луу нь буцаагаад шиддэг. Хүн Намайг зовлон шаналал дунд хайдаг ба шалгалтан дунд Намайг бишрэн хардаг. Амар тайван цаг үед тэр Намайг таашаадаг, аюул осолд тэр Намайг үгүйсгэдэг, завгүй байх үедээ тэр Намайг мартдаг ба завтай үедээ тэр Миний төлөө хийсэн дүр үзүүлдэг—гэсэн ч хэзээ ч, хэн ч Намайг бүх насаараа хайрлаж байгаагүй. Хүн Миний өмнө үнэн сэтгэлээсээ байхыг Би хүсдэг: Би түүнээс ямар нэгэн зүйл Надад өгөхийг гуйдаггүй, харин зөвхөн бүх хүмүүс Намайг ноцтойгоор авч үзэж, Намайг хуурахын оронд хүний чин сэтгэлийг буцаан авчрах боломжийг Надад олгохыг гуйдаг. Миний гэгээрэл, гэрэлтүүлэлт болон Миний хүчин чармайлтын үнэ цэнэ бүх хүмүүсийн дунд нэвтэрдэг, гэвч хүний үйлдэл болгоны үнэн бодит байдал ч бас бүх хүмүүсийн дунд нэвтэрч, Намайг хуурах тэдний хууралт нэвтэрдэг. Энэ нь хүний хууран мэхлэлтийн орц найрлагууд нь эхийн хэвлийд байхаас нь түүнд байсан мэт, тэр төрсөн цагаасаа хойш эдгээр онцгой ов мэхний чадваруудыг эзэмшсэн мэт байдаг. Үүнээс ч илүүтэйгээр тэр хэзээ ч энэ тоглоомд бууж өгөөгүй; эдгээр зальжин ур чадварын эх үүсвэрийг хэн ч, хэзээ ч олж хараагүй. Үүний үр дүнд хүн үүнийг ухааралгүйгээр заль мэхэн дунд амьдардаг ба тэр өөрийгөө уучилдаг юм шиг, тэр Намайг зориуд хуурдаг гэхээс илүү энэ нь Бурханы зохицуулалт юм шиг байдаг. Энэ нь Намайг мэхлэх хүний заль мэхний жинхэнэ эх үүсвэр нь биш гэж үү? Энэ нь түүний зальт арга ухаан биш гэж үү? Би хүний ов заль болон бялдуучлалд хэзээ ч будилаагүй, учир нь Би олон жилийн өмнө түүний мөн чанарыг ойлгож авсан юм. Түүний цусанд хэр их бохир зүйл байдгийг болон түүний чөмгөн дотор Сатаны хор хэр их байгааг хэн мэдэх вэ? Хүн Сатаны шаналгааг мэдрэхээ болих хүртлээ өдөр ирэх тусам үүнд дасдаг, тиймээс “эрүүл оршин тогтнох аргыг” олж мэдэх ямар ч сонирхолгүй байдаг.

Хүн Надаас хол байх үед, Намайг турших үед Би үүлс дунд Өөрийгөө түүнээс нуудаг. Үүний үр дүнд тэр Миний ямар ч ул мөрийг олох боломжгүй байдаг бөгөөд зөвхөн муу хүний гарт, түүний хүссэн бүхнийг хийж амьдардаг. Хүн Надад ойрхон байх үед Би түүнд илрэн харагддаг бөгөөд түүнээс Өөрийн царайг нуудаггүй, энэ үед хүн Миний эелдэг төрх байдлыг хардаг. Тэр гэнэт ухаардаг ба өөрийн мэдэлгүй Намайг гэсэн хайр төрдөг. Зүрх сэтгэлдээ тэр юутай ч зүйрлэшгүй сайхныг мэдэрч, орчлон ертөнц дэх Миний оршин тогтнолыг яаж мэдэхгүй явж байснаа гайхдаг. Тиймээс ч хүн Миний хайр татам байдлын талаар, цаашлаад Миний эрхэм нандин байдлын талаар илүү их мэдрэмжтэй байдаг. Үүний үр дүнд тэр Намайг дахин хэзээ ч орхихгүй байхыг хүсдэг, тэр Намайг өөрийнх нь амьдрах чадварын гэрэл мэт хардаг бөгөөд Би түүнийг орхих вий гэдгээс гүнээ айж, Намайг чанга тэвэрдэг. Хүний урам зоригоос болж Миний сэтгэл хөдөлдөггүй, гэвч түүний хайраас болж Би түүнд өршөөнгүй байдаг. Энэ мөчид хүн байнга Миний шалгалтан дунд амьдардаг. Миний дүр төрх түүний зүрх сэтгэлээс алга болдог ба түүнд амьдрал нь даруй хоосон мэт санагдаж, зугтах талаар боддог. Энэ мөчид хүний зүрх сэтгэл ил болно. Тэр Миний зан чанараас болоод Намайг тэврэхгүй, гэхдээ Өөрийнхөө хайраас болоод өөрийг нь хамгаалахыг Надаас гуйдаг. Гэсэн ч Миний хайр хүнийг буцаан цохих үед тэр бодлоо нэн даруй өөрчилдөг; тэр Надтай байгуулсан гэрээгээ урж хаядаг ба Миний өршөөнгүй царайг дахин хэзээ ч харахыг хүсэхгүйгээр Миний шүүлтээс зугтаадаг, иймээс тэр Миний талаарх өөрийн бодлыг өөрчилж, Намайг хэзээ ч хүнийг аварч байгаагүй хэмээн ярьдаг. Жинхэнэ хайранд үнэхээр өршөөлөөс өөр юу ч байдаггүй гэж үү? Хүн зөвхөн Миний гялалзах гэрэл дор амьдарч байх юм бол Намайг хайрладаг уу? Тэрээр өчигдрийг эргэн бодож өнөөдөртөө амьдардаг—эдгээр нь хүний нөхцөл байдал биш гэж үү? Та нар үнэхээр маргааш ч гэсэн энэ хэвээрээ байх уу? Миний хүсдэг зүйл бол хүн өнгөц байдалд сэтгэл ханах биш харин зүрх сэтгэлийнхээ гүнээс Намайг хүсэн эрмэлздэг байх явдал юм.

1992 оны 3 дугаар сарын 21

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?